Categories
мэдээ цаг-үе

Хоёр хоногт 3112 хүн вакцинжуулалтад хамрагджээ

Монгол Улс “Covid-19”-ийн эсрэг АстраЗенека вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна.

Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 3112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж байгаа аж.

Хамрагдсан хүнд дараах шинж тэмдгүүд илэрдэг.

-Халуурах

-Булчин өвдөх

-Толгой өвдөх

-Чичрүүдэс хүрэх

-Даарах

-Бүх бие, үе мөч өвдөх

-Ядрах

Хамар битүүрэх

-Хэсэг газарт улайх, хавдах, өвдөх

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл:

Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий бие махбодийн хамарсан хариу урвал өгч болно.

Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай хавдах зэргийг хэлнэ.

Халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшилын урвалыг ерөнхий бие махбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болно.

Вакцины эхний үр дүн:

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Бразил, Өмнөд Африк, Их Британид хийгдсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар:

– Астразенека вакцины 2 тун хийлгэсний дараа шинжилгээгээр Ковид-19 эерэг гарах түвшин буюу амьсгалын замд вирус илрэх байдал 67%-иар буурсан.

ДЭМБ: Дэлхийд Covid-19-ийн тохиолдлын тоо сүүлийн 6 долоон хоног дараалан буурч байгааг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 21-ний долоо хоногт тохиолдлын тоо 11%-иар буурсан байна. Нас баралт өмнөх 7 хоногоос 20%-иар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ханх суманд 175 удаа 3.5 магнитудаас дээш газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 23:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. Газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш бол иргэдэд мэдрэгддэг түүнээс доош бол зөвхөн зориулалтын төхөөрөмжөөр л мэдэх боломжтой.

Одоогоор тус суманд 3.5 магнитудаас дээш хүчтэй 175 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд хамгийн хүчтэй нь буюу 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяаг томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо. Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.

– 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга

– 2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор

– 2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор

– 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь урвал илэрсэн

Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаалжуулалтын ажил эхлээд гурав дахь хоногтоо явагдаж байна.

Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл дараах мэдээлэл өглөө.

Тэрээр, “Бид эхлээд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн салбарын ажиллагсадыг вакцинд хамруулж байна. Тэд хоёр дахь шатанд ард иргэдээ вакцинд хамруулна.

Өнөөдрийн байдлаар 16 салбарын 3112 иргэн Астразенека вакциныг хийлгээд байна. Энэ нь нийт төлөвлөсөн хүний 22 хувь юм.

Вакцин хийлгэсэн хүнд: халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах, бүх бие үе мөч өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг гардаг. Энэ шинж тэмдэг бүх төрлийн вакцины үед гардаг. 2-3 хоногийн дараа уг шинж тэмдэг алга болох ёстой. Хэрэв үргэлжлээд байвал 119 дугаарт хандаарай. Мөн өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно. 

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь урвал илэрч байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт ямар нэгэн урвал илрээгүй.

Вакцин хийлгэсэн хүн ковидын халдвар авч болно. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвдөнө. Харин халдвар тараах эрсдэл нь харьцангуй бага болдог. 

Дэлхийн олон оронд өвчлөлийн байдалд өөрчлөлт орж байна. 99 улсад 210 сая тун вакцин буюу 6,2 сая хүн вакцин хийлгэжээ. Анх удаа манай дэлхийн улс орнууд нэг дор ийм өргөн хүрээнд вакцинд хамрагдаж байна. Сүүлийн гурван долоо хоногт ковидын халдвар огцом буурч байгаа сайн мэдээ байна.

Манай улс дөрвөн төрлийн дархлаажуулалт хийдэг. Нэгдүгээрт, Заавал хийлгэх дархлаажуулалт буюу товлолын дархлаажуулалт /0-15 насы хүүхдийг 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг/ Хоёрдугаарт, Нөхөн дархлаажуулалт. Ямар нэг хэмжээгээр дархлаажуулалтад хамрагдаагүй үлдсэн хүмүүст хийдэг. Гуравдугаарт, Нэмэлт дархлаажуулалт. Ямар нэг халдварт өвчний эсрэг дархлаа тогтоох, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Дөрөвдүгээрт, Сайн дурын дархлаажуулалт. Коронавирусийн эсрэг дархлаажуулалт нь иргэний сайн дурын үндсэн дээр хийгдэх төрөлд хамаарна. Монгол Улс вакцин хийхдээ хоёр төрлийн шалгуур тавьдаг. Хэрэглэж буй вакцин, био бэлдмэл өөрийн болон гадаад улсын албан ёсны үйлдвэр үйлдвэрлэгдсэн, зөвшөөрөгдсөн байх ёстой. Мөн эрсдэлт бүлэг сайн дураараа хамрагдах ёстой гэсэн шалгуурууд юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо.

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Загдаа болон түүний эхнэрт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад 6,2 жил, эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүчингийн хэрэг, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Таван богд группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Манай улсын эдийн засгийн 20 хувь нь аялал жуулчлалаас хамааралтай байх боломжтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

Хурлын үеэр Таван богд группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Зөндөө тулгамдаж байгаа асуудал бий. Гэхдээ нэг дор шийдэх боломжгүй. Аялал жуулчлалын салбар “Ковид”-оос шалтгаалж хямралтай байгааг маш том боломж гэж харж байгаа. Алсын хараа 2050-ийн эхний 10 жилийн дотор Монгол Улс гурван сая жуулчин хүлээж авах боломж байгаа гэдгийг хэлье.
Манай хоёр хөрш орон, БНСУ, ЯПОН, Хонконг гээд дөрвөн улсаас аялдаг жуулчдын тоо жилд 341 сая байна. Харин хүн ам нь 1,7 тэрбум байна. Эдгээр таван улсын 341 сая жуулчны 0,9 хувийг хүлээн авахад 2029 онд 3069000 жуулчин авах боломжтой гэсэн үг.
Бидэнтэй соёл, ёс заншил, үндэсний өв адилхан Өвөрмонгол жилд 2019 онд 197.5 сая жуулчин хүлээж аваад 69 тэрбум ам.доллар олжээ. Гэтэл манай эдийн засаг 13 тэрбум ам.доллар байгаа. Өвөрмонголчууд яагаад ингэж хийж чадаж байгаа гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй цаг болжээ.
Нийт асуудлаас хамгийн чухал асуудал бол агаарын тээвэр гэж хэлнэ. Нийт асуудлын 99.9 хувь нь агаарын тээврээс хамаарна. 2024 онд 2019 оны түвшинд буцаад очоосой. Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 онд нийт 7.5 сая хүн тээвэрлээд МИАТ-ийн зах зээл 50 хувь байгаад энд 30 хувь буурсан ч манай улс 3,2 сая жуулчин хүлээж авах боломж байгаа.
Монгол банкны гарсан судалгаагаар бол 2019 онд 300 мянган жуулчин хүлээж авч 450 сая ам.доллар олж байсан бол 2029 онд 4,7 тэрбум ам.доллар олох боломжтой. Манай улсын эдийн засгийн 20 хувь нь аялал жуулчлалаас хамааралтай байх боломжтой” гэлээ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ

Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакцинаар дархлаажуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Батлан хамгаалах салбараас дархлаажуулалт эхэллээ гэж Засгийн газрын хэвлэлийн газраас мэдээллээ.

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 191 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна.

Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

– Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

-Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм.