УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Орлогыг яагаад бага тооцоод байна вэ. Үнийн өсөлтөөрөө орлогоо нөхөөд явах юм биш үү. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд байдаг. Гэтэл алдагдалтай ажиллуулаад байлгаад байгааг би ойлгодоггүй. Алдагдалтай бол хувьчлах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийн захирлууд том том машин унаад, санхүү нь хүрэлцэхгүй бол төрийн өмч барьцаалж зээл авдаг юм билээ. Сангийн яам яаж хураах вэ гэж бодохоос эдийн засгаа тэлэх бодлого барихгүй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Бид эдийн засгаа тэлмээр байна. Эдийн засгаа тэлж байж төсөв алдагдалгүй болно. Үр ашиггүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах хэрэгтэй. Алдагдалтай болгохгүйн тулд богино хугацаанд үе үе зээл авдгийг зогсоох хэрэгтэй. Орлогыг бодитой тооцсон гэж бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нэг уурхайн өмч нь 60 тэрбум өр нь 120 тэрбум төгрөг байна. Бодит байдал дээрээ энэ нь дампуурсан байна. Үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчилж цэгцлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Цар тахлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалт бусад асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон барилга, объектуудын санхүүжүүлж, гүйцэтгэгч нь тодорсон бол төсөвт суутгадаг. 2020 онд нэг тэрбум төгрөг төсөвт суулгачихаад найман жил дараалан төсөвт өртөг нэмээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төсөв дээр тавигдсан хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөг жил дамнахаар нэмэгдээд байдаг. Зураг төсөвгүй байхад нь төсвөө суулгадаг, эсвэл зураг төсөл нь бүр өмнө хямд өртгөөр хийгдсэн байдаг зэрэг шалтгаануудаар төсөвт өртөг нэмэгддэг. Энэ 2021 оноос эхлэн зураг төсөвгүй хөрөнгө оруулалт тавихгүй, газаргүй бол төсөв тавихгүй байна гэсэн бодлого барьж явмаар байгаа юм. Засгийн газар зөвхөн Барилга, хот байгуулалтын яам дээрээ зураг төсвөө гаргадаг байя гэсэн шийдвэрээ гаргачихсан.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Бид төсөвтэй холбоотой олон бодлогын бичиг баталдаг. Үр дүн нь хөгжил рүү л хурдтай явах гээд зүтгэдэг. Бид хөгжил рүү явахын тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ёстой гэж боддог юм. Гэтэл төсөв ярихад орон нутгаас танаж, төвлөрсөн газар руу нэмдэг. Төрийн аудитын байгууллага нь иргэдийн тулах цэг байх ёстой юм. Аудитын байгууллага зөвлөмж хүргүүлсэн л гэх юм. Үр дүн байдаггүй. Төрийн аудитын байгууллагын хариулт, гишүүдэд өгч байгаа мэдээлэл маш дутмаг байна. Хэмнэлтийг хөрөнгө оруулалтаас бус урсгал зардал, төрийн данхар бүтцээс танадаг баймаар байгаа юм. Урсгал зардлыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. Өнгөрсөн жил Засгийн газар ковидтой гээд маш олон зардлуудыг танах ёстой гэсэн чиглэлтэй ажилласан ч үр дүн гараагүй. Ирэх жилүүдэд урсгал зардлуудыг хэдэн хувиар бодитоор буулган тооцоолол байна вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын 118 тэрбум, хөрөнгө оруулалт дээр 520 орчим тэрбум төгрөгийг хасч оруулж ирсэн. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, эрүүл мэндэд анхаарах зэрэг арга хэмжээтэй холбоотой урсгал зардлууд бол нэмэгдсэн. Ер нь бол зардлыг бууруулж чадахгүй гэхэд нэммээргүй байна. Гишүүд ч гэсэн ийм зардал нэммээр байна л гэсэн санал гаргаж байгаагаас хасна гэсэн санал лав гарахгүй байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 13 дахин өсч, төсөв тэр хэрээ өссөн. Энэ өсөлт буурахад зардлаа дагаж бууруулахгүй явсаар ирсэн нь өнөөдрийн төсвийн хүнд нөхцөл байдалтай болгосон. Төсвийн алдагдал өсч байна, төсвийн орлогыг тэлж болохгүй. Ирэх жилийн бондуудын төлөлтийг хийхийн тулд төсвийн үзүүлэлт, тоонууд нь маш сайн байх ёстой. Ирэх жилээс үзүүлэлтүүд сайжирна гэсэн өөдрөг зүйл яриад байхаар гишүүд зардлаа илүү их нэмж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.