Categories
мэдээ цаг-үе

Б.УУГАНЦЭЦЭГ: Одооны 50-60 настнууд 1990-ээд оны үед залуу сайхан насаа ч мэдрэлгүй өнгөрсөн “Алдагдсан үеийнхэн”

Автобусанд 75 настай ахмад настан ач зээ шигээ охинтой “Суудал тавьж өгсөнгүй” гэдэг шалтгаанаар хэрэлдэж, хэл амаар доромжилж буй бичлэг сошиалаар тарсан. Хүмүүсийн хувьд ахмад настанд суудал тавьж өгөөгүй охиныг буруутгахаасаа илүүтэй, зүй бус үгээр хүнийг хэл амаар доромжилсон ахмад настныг илүүтэй буруутай гэж үзэж байна. Харин энэ талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг дараах тайлбарыг хийлээ. “Энэ бол “Алдагдсан үеийнхэн” ба автобусны суудалтай холбоотой асуудал. Манайхан ахмадуудтайгаа хэрэлдэж уралдахаа түр азная. Одооны 50-60 настангууд маань ид сайхан залуу үе нь 1990 оноос эхэлсэн бөгөөд залуу насаа ч мэдрэх сөхөөгүй өнгөрсөн алдагдсан үеийнхэн. Юуг хийх, хэрхэн хийх, ер нь цаашид яах тал дээр байнга тулгамдаж, сэтгэлзүйн асар их хямралтай үеийг даван туулж ирсэн байх гэж би боддог. Үүнийг ойлгож ядаад байх зүйлгүй. Эргэн тойрны энэ насныхныг хараарай. Таны ээж, аав, хамаатан садан, бүр тантай зөрөн өнгөрч буй энэ насныхан. Тиймээс энэ насныхныг хайрла. Тэд бусдаар хүндлүүлэх хэрэгцээгээ хангаж чадаагүй байх, тэд өөрийгөө ойлгуулахдаа ойлгомжгүй байгаа байх, тэд өөрийгөө ямар үлгэр дуурайлал үзүүлдгээ ойлгоогүй байх,

тэд залуу насаа хэцүү цагт гээж алдаж орхижээ. Тиймээс заавал ахмад настангуудтайгаа бүү барьцаач ээ. Юм өөр болж, залуус ухаантай болсон гэх хандлага, үйлдлээ үзүүлээч ээ гэж хүсмээр байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Хуралдааныг Хотын дарга Д.Сумъяабазар даргалж байна. Нийтийн тээвэр, КОВИД19-өөс урьдчилан сэргийлж ажиллах зэрэг олон асуудлаар хуралдаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Хүний эрх, тэгш байдал гэдгийг хэзээ улстөрчид ойлгох вэ

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Ирэх жилийн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Таны хувьд төсвийг тэгш бус хуваарилсан хэмээн ихээхэн шүүмжилж байгаа шүү дээ. Үүнээс яриагаа эхэлье?

-Үндсэн хуулиар иргэний эрх, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг тэгш хангахыг хуульчилсан. Тэгвэл төсвийн төсөл дэх тэгш бус хөрөнгө оруулалтын хуваарилалт нь иргэний эрх тэгш байх эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн 23.1-т УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан.Гэтэл зарим гишүүд Засгийн газрыг тэргүүлэх, түүний гишүүнээр ажиллахдаа сонгогдсон тойрогтоо илүү их хөрөнгө оруулалтыг татах гэж оролдсон байна. Энэ нь бусад тойргийн иргэдийн эрхийг хөндөж байна. Угтаа Засгийн газар, УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо бус улсын бүх иргэдийн эрхийг тэгш хангахын төлөө ажиллах ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ялгамжгүй хангах ёстой. Ийм ялгамжтай төсөв хуваарилах нь иргэд төрд итгэх итгэлийг алдагдуулна. Энэ итгэл алдагдсанаар үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашигт хортой. Мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 2 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйл тэр чигтээ иргэний эрхийг тэгш хангах талаар заасан байгаа.

-Та энэ асуудлаарҮХЦ-д баасан гаригт хандана гэсэн. ҮХЦ-д хандсанаар төсвийн эрх тэгш байдал яаж шийдэгдэх юм бэ?

-Үндсэн хуулийн 66.2.3-т заасны дагуу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ хянана. Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлдэг бөгөөд Засгийн газрынхаа аливаа асуудлыг хариуцах зарчимтай. Өөрийн сонгогдсон тойрогтоо бусад тойргоос илүү хөрөнгө оруулах энэ үйлдлийг ҮХЦ-ийн харьяалалд байна. Хуульчид төсвийн төслийг биш, өөртөө давуу байдал бий болгохыг оролдсон үйлдэлд нь хамаатуулж, субьектийг Цэцэд өгөх болно.Арваннэгдүгээр сарын 15 гэхэд Төсвийн тухай хуулийг баталсан байх ёстой. Хэрэв энэ янзаар хууль батлагдвал, ҮХЦ-ийн харьяалалд хууль орно. УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал хэмээн ҮХЦ-ээс буцаах магадлалтай.

УИХ-ын онцгой бүрэн эрхэд нь халдах биш, харин онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн зөрчил гаргасан байна гэдэг талаас нь харж байгаа юм.

-Улсын төсвийн төсөл гаргах чинь Засгийн газарт олгосон бүрэн эрх биш үү?

-Тийм. Үүнийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиа дагах ёстой. Нэгдүгээр үеийн эрх, хоёрдугаар үеийн эрх гэж байдаг. Хүний эрхийг тэгш хангуулах ёстой. Учир нь Үндсэн хуулийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 2.1-т Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, холбооны улсуудын мужууд шиг өөр өөрийн гэсэн төсөв, бодлого баримтлахгүй гэсэн үг. Нэг л бодлоготой байна. Гэхдээ тэр бодлого нь иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангахад бүгд тэгш үйлчилнэ гэсэн санаа. “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж Үндсэн хуулийн 5.4-т заасан байдаг.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж байгаа юм. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулсан байдаг. Тухайлбал, амьд явах, сурч боловсрох эрхтэй.

-Төсвийн тухай хуульд иргэд санал хүсэлтээ хүргүүлэх боломжтой юу?

-Иргэд өөрсдийнхөө төлөөллийг буюу УИХ-ын гишүүнийг сонгодог. Иргэдийн сонгосон гишүүдийн олонх болсон намаас Засгийн газар байгуулагддаг шүү дээ. Ерөнхий сайд нь өөрийнхөө багийг бүрдүүлдэг. Ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд жишээ нь Хэрэг эрхлэх газрын төсөвт дөрвөн суманд “Иргэдэд үйлчлэх төв”-ийг 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барина хэмээн суулгасан байна. Дөрвөн суманд тус бүр 1.4 тэрбум төгрөгөөр ийм барилга барина хэмээн тооцохоор нийт 5.6 тэрбум төгрөг болж байна. Өөр аймгуудад ийм барилга барихаар тусгагдаагүй байгаа юм. Мөн тус аймгийн хэмжээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлахаар боловсролын салбарт 30 тэрбум төгрөгийг төсөлд тусгуулсан байна. Гэтэл Булган аймагт нэг тэрбум төгрөгийг боловсролын салбарт төсөвлөсөн байна. Энэ хоёр аймгийн хүн ам, нийслэлээс алслагдсан зай нь ойролцоо. Засгийн газраас эдийн засгийн хүрээнд аль нэг аймагт улс орны чанартай үйлдвэр, төмөр зам барьж, аялал жуулчлалын онцгой бүс байгуулж болно. Энэ тохиолдолд Засгийн газрын бодлого гээд дэмжээд явах боломжтой. Гэтэл тийм зүйл дээр биш, зүгээр л хоёр аймгийн боловсролын салбарт төсөвлөсөн төсөв дээр жишээ татахад маш ялгамжтай байна. Нэгэнд нь 30, нөгөөд 1 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн зөвхөн Бэрх тосгонд л гэхэд олон улсын сургалттай сургууль барьж байна гэжээ. Засгийн газар, УИХ-ын гишүүд бүх ард түмний эрх ашгийг хангах ёстой. Иргэдээ гадуурхсан, өөрийнхөө сонгогдсон тойрогт давуу байдал олгохыг эрмэлзсэн эсэхийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх, хянах ёстой. Хэрэв хянахгүй гэвэл Цэц өөрөө ийм дур зоргыг хүлээн зөвшөөрч, цааш цаашдын Ерөнхий сайд, сайд нар өөрсдийн тойрог руугаа энэ мэт ялгавартайгаар зоригтойгоор төсвөө төсөвлөж, зарцуулсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд маань хаана, аль аймагт амьдарч байгаагаас үл шалтгаалж сурч боловсрох эрх нь тэгш олгогдож байна уу, мөн нэгдүгээр үеийн эрх нь хангагдаж уу гэдгийг шалгах ёстой. Нэгдүгээр үеийн эрх гэдэг маань Иргэний ба улс төрийн эрхийн пактад заасан эрхүүд, түүнийг заавал хангах ёстой. Төрөөс эдийн засгийн эрхийн баталгаагаар заавал тэгш хүртээмжтэй хандах ёстой. Үүнээс гадна, хоёрдугаар үеийн эрх буюу Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактад заасан эрхүүдийг ч мөн заавал тэгш хангах ёстой. Жишээлбэл, говийн сумдын ундны ус чанарын шаардлага хангадаггүй. Иргэд малын устайгаа адилхан амны ус хэрэглэдэг. Энэ ус хатуулагтай учраас тэдгээр сумдын иргэдийн ходоод, гэдсэнд сөргөөр нөлөөлж, дундаж насжилт бага байдаг. Энэ бол амьд явах эрхтэй хамаатай. Тэгвэл Хэнтийн дөрвөн суманд 5,6 тэрбум төгрөгөөр “Иргэдэд үйлчлэх төв”-ийг барих уу, говийн суманд чанарын шаардлага хангасан гүний худаг байгуулах уу, аль нь нэн шаардлагатай байна гэдгийг харгалзах ёстой. Нөгөө талаас ирэх жилээс өрөө төлөх гэж байж, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах ёстой юм. Тиймээс энэ мэтээр УИХ төсөв батлахдаа үүнийг харах ёстой юм. Хүний эрх, тэгш байдал гэдгийг хэзээ улстөрчид ойлгох вэ? Үүнийг ойлгуулах гэr, нөлөөлөл үзүүлэх үүднээс хуульчид, эдийн засагчид санаа зовоод байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Ли Ё Хун: Монгол Улсад зочлохыг, аялахыг хүсдэг солонгос иргэдийн тоо тасралтгүй өсч байна

Монгол, Солонгос улсын дипломат харилцаа хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд өчигдөр “Миний мэдэх Солонгос орон” хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунmай ярилцлаа.


-Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдаж буй хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэнг сонирхоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Монголын хүүхэд залуучууд Солонгос улсын тухай олон сонирхолтой зургууд зурж явуулжээ?

-Энэхүү үзэсгэлэнд нийтдээ 1200 гаруй бүтээлийг Монгол Улсын өнцөг булан бүрээс ирүүлсэн. Тооноос нь харахад л Монголын хүүхэд залуучууд Солонгос улсын талаар ямар их мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг нь харагдаж байна. Энэ бүтээлүүдээс 300 бүтээлийг сонгон шалгаруулаад үзэсгэлэнд дэлгэн харуулсан байгаа. Бүтээлүүдийг хараад үнэхээр сэтгэл өндөр байна. Би солонгос хүн хэрнээ мэдрээгүй байсан, өмнө нь анзаарч байгаагүй Солонгосын түүх соёл, урлаг уран сайхны тухай маш нарийн мэдрэмжтэй сайн бүтээлүүдийг Монголын хүүхдүүд ирүүлжээ. Эдгээр хүүхэд залуучууд бол ирээдүйд Монгол, Солонгос хоёр улсын хамтын харилцааны хамгийн чухал түлхүүр багана нь болох байх гэж харж байна. Тэгэхээр, миний хувьд хоёр улсын хамтын ажиллагаа нэвт гэрэлтэй байна гэж найдаж байна.

Нөгөө талаар, Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хамтын ажиллагааны маш чухал ач холбогдолтой жил юм. Тийм учраас ойн хүрээнд маш олон арга хэмжээг зохион байгуулахаар анх төлөвлөсөн байсан хэдий ч “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор төлөвлөсөн арга хэмжээнүүдээ зохион байгуулж чадахгүй хэмжээнд хүрээд байсан. Харин сая завшаантай нь өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол Улсын засгийн газар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн ачаар өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгуулж чадлаа.

Хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар салбар дээр илүү өргөжиж ирсэн гэж та харж байна. Цаашид аль салбарт хамтын ажиллагаа илүү бат бөх хөгжих байх гэж бодож байна вэ?

-1990 оноос хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт хөгжлийн томоохон үр дүн гарсан гэж харж байгаа. Үүний тод жишээ нь хоёр улсын хоорондын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ анх хамтын ажиллагаа эхэлж байсан үетэй харьцуулахад 120 гаруй дахин өссөн. Үүнээс гадна томоохон хөгжиж ирсэн салбар бол иргэд хоорондын харилцаа юм. Одоо жилд хоёр улсын хооронд 220 мянган хүн харилцан зорчих хэмжээнд өргөжин хөгжжээ. Хоёр орны хооронд ижил төстэй олон талууд бий. Үүн дээрээ түшиглээд цаашид хамтын ажиллагаа соёлын харилцаан дээр илүү хөгжих болов уу гэж харж байгаа.

-Хоёр орны дунд визгүй зорчих тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөөр ирсэн. Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх бол?

-Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих энэ асуудал бол манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал асуудлын нэг гэж тооцогддог. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Солонгос улсад оршин сууж байгаа нийт иргэдийн 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж, Солонгос улсын хууль дүрмийг зөрчиж байгаа нь асуудал дагуулж байна. Тиймээс хоёр улсын хооронд визгүй зорчих тухай асуудлыг одоогийн нөхцөлд нэгэн зэрэг шууд шийднэ гэдэг хүндрэлтэй байна. Иймд цаашид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг шат дараатай хийж хэрэгжүүлэх ёстой юм байна гэдэг ийм бодлого явж байгаа. Эхний ээлжинд Монгол Улсад зочилж ирэхийг хүсдэг, аялахыг хүсдэг солонгос иргэдийн тоо тасралтгүй өсч байна. Эдгээр солонгос хүмүүсийг визгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэсний дараа, мөн Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо яваандаа багасаад ирэх тэр үед монгол иргэдийг Солонгос улс руу визгүй зорчуулах шат дараатай арга хэмжээг авах боломжтой гэж харж байна. Эхлээд Солонгосыг визгүй болгоод дараа нь Монголыг визгүй болгох ийм шат дараатайгаар шийдвэрлэх боломжтой юм болов уу гэж харж байна.

-Солонгос улсад визний хугацаа нь дууссан монгол иргэдийн асуудалд Солонгосын Засгийн газраас цаашид ямар бодлого баримтлах вэ?

-Солонгол улсад хууль бусаар оршин сууж байгаа монгол иргэд болон бусад гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөгдөх хугацаа өгдөг. Хууль бусаар оршин сууж байгаа ч энэ хугацаандаа нутаг руугаа буцвал эргээд Солонгос улс руу нэвтрэх виз олгох зэрэг тодорхой хэмжээний боломжтой нөхцөлүүдийг олгодог. Хууль бусаар оршин сууж байна гэдэг бол хууль дүрэм зөрчиж байна гэсэн үг. Тийм учраас Солонгосын талаас тэр хүмүүст хяналт тавихаас өөр арга байхгүй. Мэдээж визийг мэдүүлэх шатанд тэр хүмүүс хуурамч материал бүрдүүлж өгөхгүйгээр, үнэн зөвөөр материалаа мөрдөөд, хугацаандаа эргээд ирдэг байлгахын тулд Монгол Улсын зүгээс хамтарч ажиллах, зохих арга хэрэгслийг нэвтрүүлж ажиллах нь хоёр орны үүрэг болов уу. Тэгэхээр цаашид энэ тал дээр хамтарч ажиллах байх аа гэж найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхийн жишгийн дагуу 2.4 жилээр бөхчүүдийн эрхийг хасах ёстой

МҮБХ-ны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Магалжавтай ярилцлаа.


-Саяхан бөхийн салбар хорооны гаргасан шийдвэр сүүлийн өдрүүдэд нэлээн асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нарын шийтгэлийн талаар тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, мөн өмнө жилийн улсын аварга Э.Оюунболд гэдэг хувь хүний талаас нь авч үзэж болохгүй юм. Салбар комиссын долоон гишүүн олонхын саналаар дээрх хоёр бөхөд 11 сарын хугацаа буюу 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Үүнийгээ одоо мөрдөж байгаа хуулийн дагуу мөн Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан авсан арга хэмжээ гэж тайлбарлаж санал хураалгасан. Энэ нь тийм биш юм. Хурлын өмнө Допингийн эсрэг байгууллагын мэргэжилтэн ирж бөхчүүдийн хэрэглэсэн хориотой эм, тариа түүний найрлага мөн хариуцлагын талаар маш тодорхойгоор тайлбарлахдаа “Дээрх хориотой бодисууд орсон эм тариаг хэрэглэвэл Олон улсын допингийн эсрэг байгууллага, тамирчныг хоёр ба дөрвөн жил, давтан бол бүх насаар нь уралдаан тэмцээнд орохыг хориглосон журам 2018 оноос мөрдөгдөж эхэлсэн. Үүнийг Допингийн эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орон бүр дагаж мөрдөнө” гэж хэлсэн. Хорооны гишүүд одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэлээ гэх тайлбарыг гаргасан. Тэд хууль мэдэх хүмүүс л бол үүн шиг мэдэн будилж андуурсан зүйл хиймээргүй юм. Өөрөөр хэлбэл, баяр наадмын хуулийн 14 дүгээр зүйлд Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн заалтын 14.1.3-т баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах хэмээн цагаан дээр хараар бичсэн байгаа. Энэ нь энгийн үгээр хэлбэл наадам жилд нэг удаа болно, тэгэхээр нэг эсвэл хоёр жил гэсэн хариуцлагын тогтолцоог хэлж байгааг хэн ч ойлгоно. Үүнийг санаатайгаар гуйвуулж, хуульд заасны дагуу л шийтгэл оноолоо гээд байгаа юм.

-Тэгэхээр 11 сар шийтгэсэн нь шийтгэл мөн үү. Энэ хугацаанд наадам болох уу?

-Би эдгээр бөхчүүдийн мууг үзэх гээд байгаа зүйл огтоос биш юм. Монгол бөхөд допингид хариуцлага тооцдоггүй, толгойг нь илсэн жишиг өмнө нь байсан, дахиад үүнийг сэргээж байгаад харамсаж байна. Сүүлийн хоёр жилд өмнө нь байсан бөхийн салбар хороо допингийн асуудлыг овоо цэгцлэх маягтай байсан бол энэ удаагийн салбар хорооны нөхдүүд зүгээр л “алж” байгаа юм. Ардын хувьсгалын 100 жилийн наадмын дараа ийм сул байхаар олон бөх допингийн асуудалд орно.

-Үүнд ямар хариуцлага ногдуулах вэ. Зургаан сар, эсвэл нэг сар болгох уу?

-Дэлхий нийт допингийн эсрэг тэмцэж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэж байна. Энгийн бодгаль бие махбодиор цэвэр өрсөлдөх гэсэн уриаг гаргаж байгаа. Үүний нөгөө талд шинжлэх ухаан хөгжиж зохиомлоор хүч оруулах, ажиллах чадварыг нэмэгдүүлэх тариа бэлдмэлүүд гарч байна. Тэдгээр бодисыг хэрэглэсний дараа мэдээж нуун далдлах үйл ажиллагааг өндөр түвшинд явуулж байгаа нь ойлгомжтой. Эдгээр бөхчүүд, дүү нар ийм зүйлд орооцолдсонд маш харамсалтай байна. Би бүгдийг нь 12-17 настай хүүхэд байх үеэс нь мэднэ. Бусад бөхчүүдэд сургамж болох, монгол бөхийг допингтой хутгаж улам даамжруулах, үүнээс улбаалж наадмаас бөхийг хасах, үндэсний бөх мөхөх зэрэг зүйлийн эхлэл болгохгүйн тулд хатуу хариуцлага тооц гээд байгаа юм. Хэт нутгархаг үзлээр хэсэг хүмүүс нийлж олон нийтийн сүлжээгээр намайг адалж л байна лээ. Тэгэх тусам МҮБХ-г тэргүүлж байгаагийн хувьд монгол бөхөө цэвэр ариун байлгахын төлөө тууштай тэмцэх болно. Сайн бөхчүүд, үзэгч олон тэднийг хүндэлдэг хайрладаг, нутаг усныхан нь өмөөрнө. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Ардын хувьсгалын түүхт ой болох гэж байгаа тул 11 сараар эрхийг нь хасъя гэж бөхийн салбар хорооны зарим гишүүд хэлж, санал хураасан нь цаашид монгол бөхөд учруулах их хор хөнөөлийг бий болгосон үйлдэл боллоо. Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхий нийтийн журам 2,4 жил гэдгээ дагаад хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Харин Ардын хувьсгалын 100 жилд нэг тохиох ой юм гээд наадмын өмнө ёс зүйтэй байвал эдгээр бөхчүүдэд өршөөл үзүүлээд барилдуулахад болох юмгүй л байсан. Үүний дараа 101, 102 жил болоход дүрэм журмын дагуу хатуу мөрдөнө. Дараагийн өршөөл тун ч холдсон гэдгийг бөхчүүд ойлгоно. Ийм учраас монгол үндэсний бөхийг мөхөөх цаашдын будлианы эхлэлийг тавьж байгаа Хууль зүйн яам дээр байгуулагдсан энэ бөхийн салбар хороог даруй Наадмын төв комиссоос татан буулгаж, жалга довны үзэлгүй, допингийн хор хөнөөл, муу үр дагаврыг ойлгох хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. “Ер нь би ч бөх мэдэхгүй л дээ” гэж ярьж суудаг нөхдүүд бөхийн салбар комисст байна гэдэг өөрөө тун утгагүй зүйл. Тийм мөртлөө бөхийн эсрэг хортой шийдвэр гаргадаг нь бүр гутамшиг.

-Э.Оюунболдын асуудал юу болж байгаа вэ?

-Өмнөх бөхийн салбар хороо Э.Оюунболдыг наадамд барилдах эрхийг хоёр жил хасах, цолыг хураах шийдвэрийг гаргасан тухай наадмын комисс хүлээн зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргасан. Үүнийг би зөв шийдвэр гэж үздэг. Буруутай зүйл хийсэн хэн ч бай аль нутаг, хэний шавь, хэний хүүхэд байсан ч хариуцлагаа хүлээж байж эрүүл тогтолцоо бий болно. Бас л Э.Оюунболд гэдэг хүндээ биш ээ, хариуцлага байх ёстой гэж хэлээд байгаа. Э.Оюунболд бөхийн хувьд тун сайн бөх, хүн чанар сайтай хүүхэд. Гэхдээ тэр буруу зүйлд холбогдсон. Тэр шүүхэд хандсан. Одоогоор шүүхийн шатанд асуудал нь яваа юм билээ. Шүүх алдаатай шийдвэр гаргавал тун маргаантай асуудал энэ гурван бөхийн асуудалтай зэрэгцээд үүсэх нь ойлгомжтой. Допингийн асуудлаараа тамирчин зөвхөн “Спортын арбитрийн шүүхэд” л хандах эрхтэй бусад ямар ч шүүх үүнийг хүлээж авахгүй байхыг конвенцид нэгдсэн бүх улс дагаж мөрдөж байгаа. Харин манай шүүх энэ асуудлыг нь хүлээн авч, шийдвэр гаргадаг. Гэтэл үүнийг хэлэлцэх Спортын арбитрийн шүүх манай улсад байгуулагдаад гурван жил болсон.

-АТГ сүүлийн 10 жилийн наадамд допингтой холбогдсон 38 бөхийн асуудлыг шалгаж байгаа гэдгийг бөхчүүд хурдан шалгаж дуусгаач гээд уриалга гаргаж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ асуудлаар МҮБХ АТГ-т 2020 он гарсаар нэг, гурав, аравдугаар сард хандсан. АТГ-аас “Хэргийг шалгаж байгаа” гэсэн хариуг мөн л аравдугаар сарын 19-нд дахин өгсөн болохоор хэрэг хаагдаагүй юм байна гэж бодож байгаа. Нэр бүхий бөхчүүд, зарим сэтгүүлч энэ хэргийн мэдээллийг олсон, удахгүй задарна гэж нийтээрээ ярьж байгааг үнэний ортой гэж бодож байна.

-Сая Цэцдийн зөвлөл буюу танай бага хурал хуралдсан гэсэн, үүнийг тодруулахгүй юу?

-МҮБХ-ны маргаан 2002 оноос эхлэлтэйг хүн бүр мэдэж байгаа, хоёр талдаа олон удаа хурал хийсэн. Маргалдагч талууд нөгөө талынхаа гаргасан шийдвэрт нь гомдол шүүхэд гаргадаг. Үүнийг нь шүүхээс хүчингүйд тооцсоор 17 жил үргэлжилсэн хууль шүүхийн асуудал байсан. 2019 оны есдүгээр сард маргалдагч хоёр талын төлөөлөл дархан аварга Б.Бат-Эрдэнэ, хөдөлмөрийн баатар Л.Чинбат нар олон жилийн маргааныг үүгээр дуусгая гээд хууль, шүүхийн байгууллагад хандсан байсан бүх гомдлуудаа татаж маргааныг эцэслэсэн. Л.Чинбат захирал өөрт байсан гэрчилгээ тамгыг Б.Бат-Эрдэнэ аваргад өгч нэгдсэн нэг холбоо бий болох эхлэлийг тавьж өгсөн юм. Тэд 2002 оноос албан ёсоор бүх бөхчүүд нь нэгдэн хуралдаж чадаагүй “Их Эе” хурлыг хийх санал санаачилга гарган ажиллах үүргийг бидэнд үлдээсэн. Иймд дархан аварга Г.Өсөхбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гэсэн дарга нартай хоёр талын бага хурал буюу Цэцийн хурал хамтарч 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Их хурлыг есдүгээр сарын 19-нд хийхээр тогтож ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Х.Баянмөнх аварга болох санал гаргахад нь бид дэмжин ажилласан. Нэр бүхий бөхчүүдээс есдүгээр сарын 19-ний өдөр болох “Их Эе” хуралд намрын ажил, орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бөхчүүдийн ирц бага, зарим зүтгэлтэнгүүд оролцох боломжгүй байна, товыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирснийг хүлээн авсан. Цэцдийн зөвлөлийн хурал нь “Их Эе” хурлын товыг тогтоох үүрэгтэйг бид бүгд хүлээн зөвшөөрч хийхийг эрмэлзсэн.

Нөгөө тал буюу Ү.Хүрэлбаатар даргатай Цэцдийн зөвлөл дангаар хуралдаж “Их Эе” хурлын товыг тогтоох, хуралд бэлтгэх ажлын хэсгийг ч тэд өөрсдөө байгуулъя гэсэн. Энэ саналын зарим бөхчүүд, одоо ажил хариуцаж байгаа бид ч мөн бүрэн дэмжсэн. Ингээд 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурал болохыг есдүгээр сарын 25-ны өдөр зарласан. Цэцийн хурал 67 гишүүнтэй, түүний олонх буюу 35 гишүүн нь оролцож хурал хүчинтэй болно. Аравдугаар сарын 24-ний өдрийн хуралд миний бие ажил хариуцаж байгаагийн хувьд оролцсон. Энэ өдөр 29 гишүүн ирж, ирц хүрээгүй. Тэд маргааш нь буюу 25-ны өдөр нэмж зургаан гишүүнээ олж ирж хурлаа хийхээр тарсан. Харин маргааш нь 14 гишүүн ирсэн. Ингээд тус хурал болоогүй. Миний хувьд 17 жилийн турш хоёр тал болж хуваагдаад байгааг нийлүүлээд хурал хийх зорилготой бөгөөд үүний тулд нөгөө талын бүх л саналыг хүлээн авч ажилласан. Одоо “Их Эе” хурал хийх тун чухал шаардлагатай байгаа. 2002 оны дүрэм журам гээд бүх зүйл нь хоцрогдоод, хүнд байдалд ороод байгаа. Их хурлыг хийх нь хамгийн чухал зүйл. Тиймээс нөгөө талдаа бууж болох бүх нөхцөлөөр бууж өглөө. Одоо боллоо эрхэм ах нар аа гэж хэлэх л байна. Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурлын ирц нь товлосон өдрөө 29 хүн, маргааш нь 14 хүн болж байна. Энэ нь өөрөө өөрсдийгөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг шууд илэрхийлж байна. Ер нь бидний хуралдсан 2018 оны наймдугаар “Их Эе” хурлыг аль ч шүүх хүчингүй гэсэн захирамж, тогтоол гаргаагүй. Энгийн үгээр тайлбарлавал, 2017 онд хурал болсон гэж үзэхэд түүнээс сонгогдсон Л.Чинбат захирал 2018 оныхоо 200 төлөөлөгчтэй хуралдсан “Их Эе” хурлыг хүлээн зөвшөөрч, түүнээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ аваргад сонгуульт ажлаа шилжүүлсэн гэсэн дүгнэлт гарах нь маш ойлгомжтой зүйл. Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн тул шинэ хуулиар ТББ-ыг удирдах боломжгүйгээс ажлаа өгсөн. Бид бөхчүүдээс сонгогдсон учир энэ ажлыг орхиж болохгүй, хийхээс аргагүй байна.

-Тэгэхээр “Их Эе” хурал хэзээ болох вэ?

-Бүх улсын цолтой бөхчүүд нь аймаг сумын цолтны төлөөлөл нь оролцохоор энэ ондоо багтаж хийнэ. Харин монгол бөхөд хамааралтай хэн ч бай энэ хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэн атгаг санаагаар, урьд жилүүдийнх шиг шүүхэд хандаж гацаан, үндэсний бөхөө ийм зогсонги ухралтад оруулах үйлдэл битгий хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ хурлаар олон асуудлыг шийднэ. Дараагийн залуу үедээ зөв холбоог хүлээлгэж өгөх нь бидний үүрэг болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбажаргал: Их сургууль нүүлгэнэ гэдэг Ганданг нүүлгэнэ гэдэгтэй адилхан сонсогдож байна

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. Эхний ээлжинд ирэх жилээс ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх юм байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна. Нүүлгэх нь зөв шийдэл мөн үү?

-Хаана ч орчны соёл гэж том юм бий. Улаанбаатарчууд дөнгөн данган энэ соёлд суралцаж яваа улс. Түүн дотор Их, дээд сургуулиудын соёл, дэглэм ч багтана. Яахав, Их, дээд сургуулиудын салбар сургуулиуд Дархан, Эрдэнэтэд байгаа. Налайхад ч Герман Монголын хамтарсан коллеж бий. Гэхдээ хүүхэд залуус минь хотын соёлд суралцах хэрэгтэй. Энэ хамгийн үнэтэй зүйл байхгүй юу. Байшин буулгаад өөр байшин барих шиг амархан зүйл байхгүй. Ухаандаа тухайн байшин байсан байрандаа байх нь л чухал.

-Хотын эдийн засгийг Их, дээд сургуулиудад суралцдаг оюутнууд тодорхой хэмжээнд эргэлдүүлж байгаа. Энэ эдийн засгийн нөлөөллийг тооцож үзэж байгаа болов уу?

-Эдийн засгийн хувьд Их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх нь эерэг сайн талтай. Орон нутагт байгаа сургууль тухайн нутгийнхаа эдийн засгийг тэлнэ гэж бодож байна. Хамгийн гол нь оюун ухаан, эрдэм мэдлэг. Би одоо ч мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд ШУТИС руу ороод л суудаг. Эрдэм мэдлэг гэдэг зүйл нүүдэггүй юм. Үнэхээр төр ухаалаг байсан бол яагаад Эрдэнэтийн хажууд байгаа Инженерийн сургууль, Дарханд байгаа Ургамал газар тариалангийн хүрээлэн хөгжихгүй байна. Заавал нураах ёстой юм уу. Ер нь Монгол Улсын их сургуулийн байрыг л булаацалдаад байгаа юм байна гэж бодсон. Эсрэгээрээ хувийн дээд сургуулиудыг дэмжих гэж байгаа юм байна. Ичих нүүрэндээ Монгол Улсын их сургуулийг арай хөөж гаргаж чадахгүй. Монгол Улсын их сургуулийн барилга 1946 онд баригдсан шүү дээ. Олон түмэн оюутан суралцаж төгссөн. Сүүлийн үед хуучны барилга байгууламжуудыг их нураадаг боллоо.

-Таныг хөдөө их, сургуульд очиж багшил гэвэл явах уу?

-Би Ховдын багшийн дээд сургуульд томилолтоор ажиллаж байсан. Тухайн үед намайг томилоод явуулж байсан. Одоо яв гэвэл би үгүй гэнэ. Амь амьдралаа боддог юм байгаа биз дээ.Ерөөс мөнгө олох гэж байгаа бол боловсролоор оролдох хэрэггүй. Өөр зүйлээр мөнгө ол гэж хатуу хэлмээр байна.

-Улсын сургуулиудыг хөдөө шилжүүлснээр хотод хувийн сургуулиуд л үлдэх нь ойлгомжтой. Хэн ч гэсэн ээж ааваасаа хол хөдөө очиж амьдарч сурахыг хүсэхгүй байх. Ингээд хувийн сургуулиудад сурах нь бүр ойлгомжтой. Тэгэхээр өнөө улсын сургуулиуд нь дампуурах юм биш үү?

-Улсын сургуулиудыг хөдөө орон нутаг руу шилжүүлэхээр хувийн сургуулиуд үлдэх нь ойлгомжтой. Улсаас цаанаас нь тийм бодлого яваад байна шүү дээ. Одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүд ихэнх нь өөрийгөө аваад явж байна. Дотуур байранд амьдраад л цагийн ажил хийдэг. Эдгээр оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулахаар тэнд нь ядаж дотуур байр байна уу.Ажлын байр бий юү.

-Хувийн сургуультай УИХ-ын гишүүд олон бий.Тэгэхээр улстөрчдийн лобби яваад байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна…

-Хувийн сургуультай Их хурлын гишүүдэд хандаж хэлэхэд та нар одоо болно оо. Монгол Улсын их сургуулийг нураагаад үзээрэй. Хувийн сургуулиудаа том болгох гээд л ийм арга хэрэглэж байна шүү дээ.Энэ Их, дээд сургуулиуд чинь Монгол Улсын оюун санаа. Хамаагүй оролдож болдоггүй юм.

-Олон улсын туршлагаас судлахад шинжлэх ухааны бүх сургуулиуд нь нийслэл хотдоо байдаг юм байна. Гэтэл манайхан ШУТИС, ХААИС зэрэг шинжлэх ухааны сургуулиудаа хөдөө нүүлгэнэ гэдэг нь ямар учиртай юм бол?

-Энэ чинь л уруудан доройтож байгаагийн шинж. Аль ч улсын бодлогод“шинжлэх ухаан технологид минь л битгий гар хүрээрэй” гэдэг зарчим бий. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг арвин зүйл. Ухаандаа мэдлэг гэдэг чинь хэдэн үеэрээ дамждаг. Хотын төвд өндөр байшин барьж болохгүй гэж яриад байхад л манайхан нураачихаад л барина гээд байдаг. Ямарваа нэгэн зүйлийг буруу хийснийхээ дараа ухаарах цаг хугацаа гэж байдаг даа уг нь. Асуудлын гол нь хүн өөрөө. Хүүхдээ өндөр үнэтэй сургуульд сургаж, машинаар ирж очин хүргэж өгч, авч түгжрэл үүсгэнэ. Хөдөөнөөс хотод ирж байгаа хүмүүсийг ерөөс ад үзээд байх шаардлага байхгүй. Шинжлэх ухаан технологийг нүүлгэнэ гэдэг чинь Ганданг нүүлгэнэ гэсэнтэй адилхан. Монголын ард түмэн картын будаатай байхдаа алтан бурхан бүтээж байсан. Ёс суртахууны өр гэж байдаг юм, аливаа зүйлд. Энэ Засгийн газар дураараа нураагаад, бүтээгээд, байгуулаад байдаг юм биш.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Худал” үгүй социалист худалдаа

186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574), 213(6579) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ХХ зуунд “дамын үнэ” гэдэг хэллэг үүслээ. Энэ бол нэгдүгээрт, улсын худалдаанаас гадуур борлосон барааны үнэ, хоёрдугаарт, эрэлт хэрэгцээнээс үүдэн зөвшилцдөг үнэ юм. Яагаад ч юм бэ, “иргэд хувийн хэрэгцээнээс илүү гарсан зүйлсээ борлуулах” нөхцөлтэйгөөр, барааны зах хотод нэг байхыг төрөөс зөвшөөрчээ. Тэдний үнэлгээг “хар зах”ын үнэ гэх. Улсын дэлгүүр бол “цагаан зах” болж байгаа хэрэг шүү дээ.

Хар зах дээр наймаа хийх битгий хэл түүгээр явах нь нам, эвлэлийн ажилтнуудад зохимжгүй. Намайг оюутан байхад МУИС-ийн хуулийн ангийн нэг оюутан зах дээр мөнгөн аяга зарах гэж яваад баригдаж, сургуулиасаа бараг л хөөгдсөн санагдана. Үзэн ядах цуглаан маягийн юм болж байсныг л санаж байна.

Намгүй, эвлэлгүйнүүд ч нэг их чөлөөтэй наймаа үсэргэсэн юм байхгүй. Захын байцаагч ирээд тасалбар шалгаад, юмыг нь хураах энүүхэнд. Тасалбар авах мөнгөө харамласан биш, бараг л бараа олсон эх үүсвэрээс эхлээд иргэний мэдээллээ мэдүүлэх тул зайлсхийж байгаа юм.

Ингээд л ховор зэвэр хувцас, бараа мөрөн дээрээ тохсон хүнээс “үнэ” асуувал хэлэхгүй. Харин “Зарахгүй ээ, өөртөө авсан чинь томдчихлоо (өмсөж үзэж авах нь ч яасан юм бэ). Ижилхэн мөртлөө арай жижиг өмсгөлтэйгөөр солих (ижил л тэр зах дээр байтугай манай улсад харагдаагүй бараа байх) санаатай” хэмээн дүйвүүлнэ.

Үнэхээр авах гэж байгаа хүнийг ч тэд андахгүй, нэлээн шалуулсны эцэст “Үгүй ээ, одоо ижил нь олдохгүй бол зарчихаад өөрийг авсан нь дээр ч юм уу” хэмээн эргэлзсэн царай гаргана. Тэгээд чиний ятгалганд арга буюу авсан, тэгээгүй бол ижлийг нь хайсаар насаа барах байсан дүртэй болоод наймаалцана даа.

Захын үнэ ханш ямар ч нүүдэлчний зэвүүг хүргэмээр л дээ. Улсын худалдаанд байтугай, улсын хил дотор дахиад байхгүй өмд цамц, цахилгаан бараа барьсан этгээд ч санаанд орсон үнээ хэлнэ л дээ. Хоолойных өнгө, нүүрнийх нь хэлэмжид, дээр өгүүлсэнчлэн “Үүнээс хямдханыг байтугай үүнтэй ижлийг олоод авахыг чинь харах юмсан” гэсэн тохуу шингээстэй.

Социалист худалдаа хомсдлоор дүүрэн ч тэр нь ихээхэн ардчилсан байдалтай нь хүмүүсийг тайтгаруулна. Хүмүүс улсын хоршооны хоосон лангуунд гомдохын оронд “Хэрвээ Худалдаа, бэлтгэлийн Яам байгаагүй бол яана” гэхээр айдас төрнө. Тэгвэл хамаг л юмаа хар захаас дамын үнээр авах байсан гэж бодохоос жихүүцэм.

Жам ёсны зах зээлгүй байснаас болоод жам ёсны зах зээлээс айх айдас, зөв үү? Эндээс болоод хар захын бараа илүү өндөр “худал үнэтэй”, харин дэлгүүр хямд “үнэн үнэтэй” гэж бид бүгдээрээ л итгэж байв.

1991 онд номын зохиогч Их Британийг үзэж, Лондон оров оо, чиминь. Анх удаа Зөвлөлтийг алгасч, алгасах алгасахдаа хөрөнгөт оронд хөл гишгэж байгаа минь энэ. Тэр үеийн дүрэм ёсоор Монголбанк надад 7.5 паунд сольж өгөв. Валютын чөлөөт арилжааг зөвшөөрдөггүй байсан тогтоц хараахан халагдаагүй үе. Гадаад явах хүмүүст Монголбанкнаас хязгаарлагдмал хэмжээний валют сольж өгдөг, хамгийн ихдээ 30 рублийг Зөвлөлт явах хүн авч болно.

Тэр үед нийслэлд гадаадын буюу гуравдагч орны хүмүүст зориулсан “Валютын дэлгүүр” хэд хэд байлаа. Тусгай үнэмлэх гэж байхгүй ч “үнэхээр юм авах” гэж байгаагаа нотлон доллар ч юмуу харуулах ёстой. Жирийн хүн тийшээ ороод байвал кока колагаас эхлээд хөрөнгөтний бараагаар нүдээ хужирлаж, барууны юманд татагдвал яана гэж тэр.

Ороод юм авлаа гэхэд таныг Аюулаас хамгаалахын төлөөлөгч “хөрөнгөтөн орны, ангийн дайсан этгээдтэй холбоотой байж болох этгээдийн жагсаалт”д бүртгэж авна. Ганц нэг доллараас хэтэрсэн юм авах, эсвэл дахин дахин үйлчлүүлбэл, байцаалтын өрөө рүү алхаад марш!

Валют гэснээс, ДЭМБ болон олон улсын байгууллагад томилолтоор ажилласан хүмүүс валютын орлогоо бараг бүхлээр нь хайрт нам засагтаа тушаах үүрэгтэй. Тэгэхээр жирийн хүн хуулийн хүрээнд валют олж авна ч гэж юу байх вэ. Хулгайгаар валют наймаалбал, олж авбал шоронд ордог, хэрэгт холбогддог байсан юм. Зөвлөлтөд Ян Рокотов нарын гурван хүнийг 1961 онд гадаадын иргэнээс валют авч зарсан хэргээр шууд буудчихаж байлаа. Зөвлөлтийн удирдагч Н.Хрушев тэднийг бусдад сургамж болохуйцаар яллах хэрэгтэй гэж хэлснээс шүүхийнхэн ямар нэгэн зүйл ангийг тэдэнд тааруулан найруулаад яллажээ.

Зөвлөлтийн туршлага бол БНМАУын дагаж мөрдөх заавар байсан тул, манай төр засгийн тэргүүн нар анхны гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч “Чонон” хэмээх Борисыг цаазалжээ. Тэрээр, хумсны хутгаар хүний гуяыг зүссэн хэрэг үйлдсэн ба тэр үедээ насанд хүрээгүй байсан гэдэг.

Өнөөдөр, валютын зах дээр чөлөөтэй наймаа хийж суугаа хүмүүс, цагтаа тэдний ажил мэргэжил нь цаазын ялтай байсныг төсөөлөх ч үгүй.

Миний валютын эрэл ч бас бөөн драма боллоо. Тэр үед Монголбанкны ерөнхийлөгч Жаргалсайхан дээр, сургуулийн найз бөгөөд шинэхэн байгуулагдсан ардчилсан хүчний төлөөлөл МСДНыг удирдагч нарын нэг А.Ганбаатарыг дагуулж орж гуйгаад ч солих валютын хэмжээг нэмж өгсөнгүй. Өөрийнхөө мөнгөөр худалдаж авах юм шүү дээ.

Ингээд яаж ийгээд олсон 10 доллар, Монголбанкаар солиулсан 7.5 паундтай этгээд хөрөнгөтний газрыг үзэхээр одлоо. Социализм байгуулж явсан надад бол анхны гадаад валютын яндашгүй хуримтлал тэр байлаа.

Лондоны Империал коллежид гэр бүлээрээ ажиллаж байсан Баабарынх Элчин дээрээ байр хөлслөн амьдарна. Намайг гэртээ суулгаж “Английг үзнэ үү” хэмээн урьсан билээ. Тэрнээс биш 8 паундаар Лондоны гудамжинд ч ганц хонохгүй биз дээ.

Британий музей, Вестмэнстрийн сүм, Трафелгерийн талбай, Парламентын ордон гоё ч гэсэн төсөөллөөс гадуур биш. Хол явсан монгол хүн хоосон харьж болохгүй учраас дэлгүүр хэссэн маань төсөөллөөс давсан юм. Баабарынхан эхлээд намайг “Сайнсбуурис” гэхчлэнгийн их дэлгүүрт оруулж, хорвоогийн дэлгүүр байдгийг харуулж алмайрууллаа. Бурхан минь, энэ хорвоо ямар баян юм бэ л гэж бодлоо. Гэхдээ төсөөллөөс давсангүй л.

Дараа нь намайг хар захаар дагуулж явлаа. Англи дамчдыг үзсэн хэрэг. Гэтэл, үзээгүй юмаа тэнд л үзэв. Юуны өмнө захын бараа дэлгүүрийнхээс хямд байхыг хоёр нүдээрээ үзэж мэл хөхрөв. Бас үнээ хэд хэдээр байтугай хэд дахин хямдруулж байхыг харж цэл гайхав. Бүүр хачин нь, эрзээнэн бохь мохихныг “Ах аа, эгч ээ наадахаа зарчих л даа” гээд аргадан гуйж өссөн миний араас нэг баривгар энэтхэг хүн салахгүй дагаж, юмаа авчих гэж шалсаар жижиг магнитофоныг бараг сул өгөхөд “Үгүй бас амьд явсных, ийм юм үзэх гэж байх аа” гэсэн шүү бодогдон итгэж ядлаа.

-Манайд ийм байдаг бол мөн гоёо хэмээн хүсэмжлэн бодох зуур, яаж ийгээд авчихмаар байсан жинсний үнийг буулгаж өгөөгүй хэд хэдэн дамчдын дүрс санаанд бууж “ Тал үнээр нь авчих л даа” хэмээн царайчлан дагаснаар төсөөлөгдөж ч байх шиг.

Баабар “баталгаагүй бараа зарж байгаа учраас хямд байдаг” гэж тайлбарлав. Юун баталгаа? Олдохгүй ховор юм олж өгчихөөд, араас нь батална гэж юу байсан юм бэ?

“Алтан сайхан үрийг авчихаад, юун мөнгө нэхэх” гэдэг онигоо ч санаанд орох шиг.

Тэр нь ийм учиртай онигоо. 1970аад онд, Засгийн газар, Гэр бүлээс гадуурх жирэмслэлттэй тэмцэх хүрээнд “Хүүхдийн эцэг тогтоох” кампанит ажил зохиосон юм. Нөхөргүй атлаа хүүхэдтэй эмэгэйчүүдийг байцаан, хэнтэй унтаж жирэмсэлснийг тогтооно. Төвөөс ирсэн болон сум орны хариуцлагатнууд ирээд хөөрхийсийг улалзтал байцаана шүү дээ.

Гэтэл олон хүүхэдтэй нэг авгай бэлгийн хамтрагчаа тас нуугаад хэлж өгдөггүй гэнэ. Аргаа барсан дарга нь сэнхрүүлэх санаатай “Таны мууг үзэх гэсэн хүн алга. Хүүхдийн чинь эцгээс тэтгэмж гаргуулж танд өгөх гэж байгаа юм. За, даргадаа үнэнээ хэлчих, хэнтэй унтсан гэлээ” хэмээн аргаджээ.

Мөнөөх авгай арга авах байтугай, дүрсхийн уурлаж:

-Алтан сайхан үрийг нь авчихаад, араас нь мөнгө нэхэх хүн, би биш ээ гээд гүрийсээр дуусчээ…

ОдОО авахгүй бОл хэзээ ч авахгүй

… Энэ түүхийг хуучлах шалтгаан, хуучин “Айпод”-оо олсноос эхэлсэн юм. Урьд намар нь далд хийсэн зуны малгайгаа хаврын сүүлчээр эрж байгаад түүнийг олсон хэрэг. Тэгэхээр, зуны малгайнаас, эсвэл намраас, байчихаад хавраас шалтгаацсан түүх гэсэн ч болно.

Хуучин Айподын цэнэглэгч олдоогүй учраас утасны зах оров. Хуучны хэрэгтэй, хэрэггүй утас, залгуур, зай хураагуур овоолсон лангууны дороос хайсан юмаа олох нь ч оллоо. Хэн ч билээ, нэг мэргэн хүн “хэрэгтэй юмаа хэрэггүй зүйлсээс хайж бай” гэж хэлсэн ч билүү, тэгж бодогдсон ч бил үү?

Харин яг гарах гэж байтал, чанх ард нэг эмэгтэй утсаар ярьж анхаарал сарниуллаа. Хүний яриа чагнаад явдаггүй ч гэсэн, чихэн дээр хашгичаад эхлэхээр яалт ч үгүй сонсов доо. Иймээс нэг эмэгтэй чанга ярьснаас сэдэвлэсэн түүх гэсэн бас болох юм байна.

Цаад хүний яриа бүдэг дуулдаад эхлэхээр наанаас хашгичдаг нь утсаар яригч бүх хүний шинж учраас гайхсангүй. Тантай утсаар ярьж буй этгээд дуугаа гэнэт өндөрсгөөд унавал чиний яриа бүдгэрснийх юм шүү.

Чанга дуутай бүсгүйн ярианаас танхим дүүрэн хүмүүс нэг зүйлийг мэдэв. Тэднийх машин авах гэж байгаа юм байна. Улмаар, авах машинаа олоод, эзэнтэй нь тохиролцсон болохыг мэдэж авав. Бараг л аятайхан серийн дугаар, мугаар ч зохицуулсан бололтой.

Эцэст нь нэг л юман дээр гацжээ. Тэр нь мөнгө. Авах машин бэлэн болсон ч машин авах мөнгө нь байгаагүй аж. Ингээд, амьтан ах дүүс рүүгээ утасдаад, зээлж хуйлан цуглуулсаар овоо барагласан бололтой. Одоо ганц хоёр сая төгрөг л сох дутаад, нэг хамаатнаа л шаналгаж байгаа нь тэр аж. Тунирхах, айлгах хосолсон яриандаа “Одоо л чиний тусыг авдаг цаг”, “өмнө нь чамаас юм гуйж байл уу, айн” гэхчлэнгийн дарамттай хэллэг дайгаастай. Ярьж ярьж, эцэст нь дансны дугаараа зарлаж, арай л пасс коодоо хэлчихээгүйг бодоход тэднийх гэдэг айл машинтай болох нь болжээ. Амжилт юм даа, тээ?

Тэнд байсан монголчууд бүгдээрээ л ингэж бодлоо. Хэн ч үйл явдалд гайхсангүй. Хэрвээ, япон ч юмуу, герман хүн тэнд байсан бол “Эхлээд мөнгөө бэлдээд, дараа нь машинаа хайдаггүй юм уу” хэмээн асуух биз ээ? Харин бид “яагаад болохгүй гэж” хэмээн өөдөөс нь асуух байх аа.

Зах зээлээс хол, үеийн үед бараа үйлчилгээний хомсдол дунд амьдарч ирсэн нүүдэлчдэд нэг онцлог байдаг юм. Энэ бол хэрэгцээт бараагаа мөнгө бэлдсэний дараа авах биш, бараагаа олдмогц мөнгөө бэлддэг зан юм.

Та өөрийгөө тал нутгийн малчин айлаар төсөөлөөд үз дээ. Нэг сайхан өдөр, танайх шинэ эмээл авна гэж төлөвлөөгүй сууж байтал, аян замын хос морьтой хүн танайд бууна. Хөтөлгөө мориныхоо “самбуу” эмээлийг зарвал ч зарчих бодолтой яваагаа яриан дундуураа дуулгаж. Их аятайхан шинэвтэр эмээл. Танай хүү эрийн цээнд хүрч, өрх тусгаарлах цаг ойртож байгааг энэ завшаанд санана. Ийм эмээл тэгж санаан зоргоор тааралдахгүй шүү дээ. Тааралдахгүйгээр барахгүй, хуучны сайн эмээлчингүүд үхээд дууссан, шинэ цагийн залуус эмээл урлахын оронд туйпуу цохиж сурч байгаа цаг. Ингэж бодохоор “Одоо, эсвэл хэзээ ч үгүй” гэдэг сонголт л урд байх аж.

Иймээс, байгаа мөнгөө шавхаад, дээрээс нь айл саахалтынхнаас зээлээд эмээлийн өртөг босгохос өөр замгүй. Айл аймгийнхан ч гайхахгүй, байгаагаараа тусална. Хожмын өдөр ийм сонголт өөр дээр нь ч ирж мэдэх учраас, боломжоо шавхана.

Гэтэл өнөө муу аянчин чинь бараг хоёр эмээлийн үнэ хэлдэг байгаа. Дээр нь мал идээ сонирхохгүй, бие мөнгөөр наймаалцаад, замаа хөөх бодолтой. Үнийг нь буулгах гэтэл хөдөлсөнгүй. Гийчин цайлж дуусаад “За, холын хүн, эртхэн замаа хөөдөг юм уу” гэсээр үүд рүү харах нь “авбал ав, байвал бай” гэдэг тулгалт. Ингээд ёстой “худал+даа”-ны үнээр л мөнөөх эмээлийг авна даа.

Муусайн дамчдын хажууд социалист худалдаа хичнээн шударга вэ? Олдох юм байхгүй ч гэсэн бүх юм ижил үнэтэй!

1988 онд Төв аймгийн театрт миний цомнолоор бүтээсэн хөгжимт драмын жүжгийг тоглов оо. Миний сайных ч биш Соёлын Яамын жүжиг, кино хариуцсан мэргэжилтэн Д.Батбаяр гуай санаачлан, залуу зохиолчдоор шинэлэг өнгө аястай жүжиг бичүүлэн орон нутагт тоглуулах ажил зохиосон юм. Өнөө “Цахилж яваа гөрөөс” зэрэг бүтээлээрээ алдаршсан, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай шүү дээ.

Жүжиг маань гайгүй үнэлэгдэж, 5000 төгрөгийн шагнал авлаа. Их мөнгө л дөө. Нэг мянгыг нэмээд орос мотоцикль авч болно. Ингээд шинэхэн айл болсон ч дутагдаад байсан, хөргөгч, зурагт радио, диван гурвыг хайлаа. Гэвч, мөнгө байвч БНМАУын хэмжээгээр хөргөгч, зурагт олдсонгүй. Хааяа нэг ирдэг нь ар, өврийн хаалгаар алга болох тул жирийн хүнд хүртээлгүй.

Харин диваныг бол мебелийн үйлдвэрийн дарга дээр биечлэн орж байж, нэгийг цохуулан авлаа. Ингээд нэг айлын хөргөгчинд жаахан мах гуйж хадгалуулдаг, нөгөө нэг айлд орой орж зурагт үздэг залуу хос хэвээрээ хэсэг явлаа. Мөнгө бол байгаа л байгаа шүү дээ. Өвөг дээдсийн туршлагаар, мөнгөнөөсөө өмнө авах юмаа олоогүйн л үйл лай юм даа.

Гэтэл аз болж, хамт ажиллаж байсан яруу найрагч С.Батмөнх маань дэвшиж Намын хянан шалгах хорооны дарга Ламжавын туслах болчихлоо. Болоод зогссонгүй, зөвхөн дарга сайд нар ордог 10 дугаар дэлгүүрээр үйлчлүүлдэг болтлоо дэвшив. Улс орныг удирдах баг болсон Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний туслахын алба бол тийм өндөр зиндааных ажээ.

Ингээд л өнөө муу найзыгаа шаналгалаа даа. Яг л өнөө гар утасны зах дээр чанга ярьж, хэн нэгнийг мөнгө өгөхөөс өөр аргагүй болгодог эмэгтэй шиг.

Найз маань уриалгахан тусалж, одоо энэ гэрэл зурагчин С.Цацралтыг дагуулаад хамтдаа гарлаа. Цацаа бид хоёр Сайд нарын 10 дугаар дэлгүүрийн хашааных нь гадаа зогсож үлдэв. Энгийн хүнийг хашаанд оруулахгүй дүрэмтэй. Удсан ч үгүй Батмөнх маань дуудаж байна аа. Цагдаад нь “энэ хүнээр авсан юмаа хүргүүлэх учиртай” гээд дотогш оруулсан байдаг. Зөвхөн Сайд нар ордог тусгай дэлгүүрээс Зөвлөлтийн үйлдвэрийн “Рекорд” хэмээх хар цагаан зурагт дамжлан гарч буй фотог С.Цацралт дарсан нь манай альбомд бий.

Энүүхэндээ ярихад, Их Монгол гүрний үеэс Манжийг дамнаад, Зөвлөлтийн эринг залган үргэлжилсэн “нийлүүлэлтийн хомсдол”, “одоо л авахгүй бол хэзээ ч авч чадахгүй” гэсэн эрэлтийн дүрэм биднийг одоо болтол дагасаар байгаа юм.

Чөлөөт зах зээлд шилжсэний дараа манайд, зарим эрэлттэй бараа, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн үнэ хэтэрхий өндөр байгаа тухай гомдол, шүүмжлэл их гарах болсон. Ялангуяа орон сууц, хуучин машины үнэ хэрээс хэтэрсэн тухайд.

Ямар сайндаа л “Энд хоёр өрөө байр авах мөнгөөрөө Италид хаус авсан нь дээр юм байна. Ажлаас л жаахан хол юм даа” гэсэн онигоо хүртэл гарч байх вэ? Үнэхээр ч Америкийн зах зээл дээр зарагдаж буй сингл хаусаас давсан үнэтэй жирийн таунхаус цөөнгүй зарагдаж байлаа.

Нууц нь энгийн. Нүүдэлч удмынхны сэтгэлгээнд байгаа худалдааны тэнгэр Меркури “Одоо л авахгүй бол өөр хүн авчихна. Дахиад олдохгүй. Зээлээд ч болсон хамаагүй ав” гэж чихэнд шивэгнээд байгаа юм. Машин олчихоод, дараа нь машин авах мөнгөө цуглуулж яваа мөнөөх чанга дуутай хатагтайд ч бас тэгээд шивнэсэн хэрэг…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин “Цаасан дээр тарьсан “тариа”-гаа цас руу чихээд өнгөрдөг жишиг тогтох нь ээ” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Танайд өнжье” булангаараа Г.Дунбүрээгийн урлангийн нэг өдөртэй хамт байлаа.

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр “Кембрижийн боловсролыг нэвтрүүлэхийн гол зорилго бол Монголын боловсролыг дэлхийд үнэлүүлдэг болгох юм” гэлээ.

“НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: Д.Сумъяабазар нийслэлийг Сонгинохайрхан шиг “хөгжүүлнэ” гэвэл яана даа” гэв.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “Цаасан дээр тарьсан “тариа”-гаа цас руу чихээд өнгөрдөг жишиг тогтох нь ээ” хэмээлээ.

Коронавирус тусаад эдгэсэн иргэн Д-тэй ярилцлаа. Тэрээр “Халдвар авсны дараа толгой, хоолой өвдөж, дотор муухайрч, халуурч эхэлсэн” гэлээ.

“Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: Иргэд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах боломжтой” ярилцлагыг XI дүгээр нүүрнээс уншаарай.

Хуульч С.Баянмөнх: Компанийн үндсэн цалин авдаг орон тооны ажил хийх нь өөрөө шүүх төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болно гэв.

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Ярилцлагыг XIV-XV нүүрнээс сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

ХЭҮК-оос мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгоо, сонгон шалгаруулалттай холбогдуулан нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах, Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг захиалгаар, зохион байгуулалттайгаар цацаж байгаад харамсч байна.

Дээрх сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гараагүй, Ажлын хэсэг нэгдсэн дүнгээ танилцуулаагүй байгаа болно.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс тэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ.

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:

  • Аюулгүй байдлаа хангаж өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон, стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглолд суурилуулсан байна.
  • Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолуур суурилуулсан байна.
  • Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.

Хөнгөлөлтийн хамрах хүрээ:

  • Аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.

Хүчдэлийн түвшингээс хамаарч:

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчдийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь тус тус хөнгөлнө.