Categories
мэдээ нийгэм

Японд ажилгүйдлийн түвшин өсжээ

Коронавирусний цар тахал бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаатай холбоотойгоор наймдугаар сард Япон улсад ажилгүйдлийн түвшин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа 3 хувьд хүрсэн тухай тус улсын Засгийн газар мэдээлжээ.

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдэгдсэнээр, ажилгүйдлийн түвшин тус улсад долдугаар сард 2.9 хувь байснаас өсөж 3 хувьд хүрснээр 2017 оны тавдугаар сард бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Ажилгүйчүүдийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 490 мянгаар өсөж, 2.06 саяд хүрчээ. Тийнхүү 2017 оны 5 дугаар сараас хойш анх удаа 2 саяыг давсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Б.УУГАНБАЯР ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяраар ахлуусан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 8 дугаарсарын 24-ний өдрийн 89 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Коронавируст халдвар /КОВИД-19/ын цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штаб зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоо рхоёр өдрийн сургалтыг 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулахаар 08 цаг 30 минутанд эхэллээ. Сургалтын арга хэмжээнд аймгийн онцгой комиссын дарга Э.Батзориг, Шадар Сайдын Албаны ахлах зөвлөх Л.Саянаа, УОК-Шуурхай штаб, ОБЕГ, ХӨСҮТ, ДЭМБ болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид бүрэн хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

А.Бурмаа: Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар түгээмэл байна

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа 3Амьсгалын замыг цочмог халдварт өвчин дэлхий дахин болон Монголд эмнэлэгт хэвтэлтийн ихэнхийг эзэлдэг. Томуугийн тархалт өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 4.2 хувьд томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуугийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна. Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар түгээмэл байна.
Вакциныг 6 сартайгаас 2 насны хүүхэд сард нэг удаа хийдэг. Вакцин бол өвөрмөц сэргийлэлт. Амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа энэ үед амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Дулаан хувцас өмсөж, илчлэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Томуугийн шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд тариа ногоо цасанд дарагдаж, зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Оршуулгын үйлчилгээ стандарттай боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841 : 2020 стандартын сургалтыг хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж
албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оноос хойш өнөөг хүртэл оршуулгын үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхээр олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа ажлуудын нэг нь өнөөдрийн танилцуулж байгаа стандарт бөгөөд уг стандарт нь эрх зүйн баримт бичгийг гол суурь болох юм.

Энэхүү стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлын юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгсөн.

Сүүлийн үед зөвшөөрөөөгүй газарт оршуулга хийх, иргэдэд чанаргүй оршуулгын үйлчилгээ үзүүлэх байдал ихэссэн. Энэ нь үйлчилгээний стандарт байхгүй байсантай холбоотой юм.

Иймээс оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй оршуулгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 1455 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

TМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “2020 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-н хүртэл хоёр хоногийн хугацаанд 1455 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулвал,

-Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 262 хүний давтан,

-Есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 270 хүний шинжилгээ,

-Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 254 хүний давтан,

-Есдүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 255 хүний давтан,

-Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 15 хүний шинжилгээ,

-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 2,

-Сайн дурын 1 хүн,

-Тандалтын зорилгоор хийгдсэн 12 хүний шинжилгээ

-Дундговь аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ

-Дорноговь аймагт тусгаарлагдсан 139 хүний шинжилгээ,

-Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ,

-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 183 хүний шинжилгээ,

-Үүрэг гүйцэтгэсэн ажилласан 16 эмч, ажилтны шинжилгээнүүд багтаж байна.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд нийт Монгол Улсад батлагдсан тохиолдол 313, үүнээс 307 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байна. Дөрөв нь хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна.

Энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс томуугийн вакцин хийх ажил улс орон даяар өрнөж байна. Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн гол нь орц найрлага нь яг ижилхэн бөгөөд батламжтай вакцинууд бий. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан вакциныг оруулж ирсэн тул та бүхэн эргэлзэхгүй зүйлгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэй.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр явуулж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүнийг нөөцийг хөгжүүлэхэд анхааран ажилласаар ирсэн байна.

Тус байгууллагаас Засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага өндрийг дурдаад цаашид гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдаж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан мэдээлэл солилцох боломжтой гэдгээ илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Самар түүхээр яваад амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны Богдхан уулын Төр хурхын аманд самар түүж явсан 37 настай эрэгтэй П, 44 настай эрэгтэй М нар өчигдөр /2020.10.01/ төөрчээ.Тэдний дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учраас Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдаар хүч нэмэгдүүлэн хайжээ. Улмаар 18:13 цагт Богдхан уулын Төр хурхын амны баруун энгэрээс 44 настай эрэгтэй М-ийг эсэн мэнд олсон бол 37 настай эрэгтэй П-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ТҮР ХААСАН ХУГАЦААГ СУНГАЛАА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20.00 цаг хүртэл түр хаасан хугацааг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар сунгаж 2020 оны 10 дугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү сунгажээ.

Мөн Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумдаас иргэд Дарханаар дамжин Улаанбаатарыг зорьж, халтиргаа гулгаа ихтэй замын даваанууд дээр бөөгнөрөл үүсгэж байгаа тул авто замын хөдөлгөөнийг хаасан шийдвэрийг хүндэтгэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюулаас сэргийлэхийг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөрвөн ойрд


БААБАР ИНГЭЖ
ӨГҮҮЛЭВ

Ойрд гэсэн нэр анхлан 1202 онд үзэгдсэн байдаг. Уг онд Найманы вангийн дүү Буйраг, Мэргидийн тэргүүн Тогтайбэх, Ойрдын тэргүүн Хутугбэх нар хавсран Чингис хааныг цэрэглэн дайрсан боловч чадалгүй гэдрэг буцжээ. Дараа жил нь Хангайн ууланд дахин тулалдсан боловч ялагдсан. 1208 онд Чингис хаан Эрчис мөрөн зүг цэрэглэхэд Ойрдын Хутугбэх цэрэг гарган тусалж итгэлийг олсон байна.[i] Ойрдууд Шишгэд гол болон өнөөгийн Тувагийн нутаг дахь Енисей мөрний эхээр амьдардаг байжээ. Рашид ад-Диний өгүүлснээр ойрдуудын хэл нь монгол боловч аялга нь баахан зөрүүтэй аж.

Чингисийн үед байсан 40 түмнээс Юань гүрний дараа Баруун гарын гурав, Зүүн гарын гурван түмэн үлдсэн ба үүний гадна Ойрдын Дөрвөн түмэн байлаа. Иймээс чухамдаа Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрд гэх үг гарсан ба мөн хуучин заншлаар бүх Монголыг Ойрдын хамтаар Дөчин дөрвөн хоёр гэх ч бий. Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагджээ. Баруун Монгол нь Дөрвөн түмэн ойрд, эсвэл товчоор Дөрвөн ойрд гэсэн нэртэй болов.

Ойрд гэсэн нэрийн гарал эдүгээ болтол тодорхой биш. Ойн иргэд, ойн ард гэснээс гаралтай гэж нэг хэсэг нь батлахад нөгөө хэсэг нь ойр төрөл гэдгээс гэж мэтгэдэг. Хятад хэлэнд “р” авиа дуудагддаггүй учир “өөлд” гэсэн нэршил үүссэн ба тэндээс орос хэлээр “олёт” гэх болжээ. Өдгөө өөлд гэж Зүүн гарын хамгийн хүчирхэг аймаг нь болох цорос овгийнхны удмыг нэрлэх ба Монголд 15 мянга орчим, Хятадын Хөлөнбуйр болон Шинжаанд цөөн хэдэн мянган өөлдүүд бий. Одоо Ойрд гэсэн ерөнхий нэрийн дор захчин (33 мянга), торгууд (10 мянга), мянгад (7 мянга), баяд (50 мянга), дөрвөд (67 мянга), өөлд зэрэг угсаатны бүлгүүд Монгол Улсад амьдран суугаа.[ii] Үүнээс гадна 170 мянган халимаг Орост, 150 мянган торгууд Хятадад буй нь мөн ойрдууд юм.

Чингисийн үед ойрдууд Байгал нуурын баруугаар их хөвчид амьдардаг байжээ. Тэд малчин нүүдэлчин биш харин хөвчийн ангаар амь зуулгаа хангадаг байв. Персийн сурвалжид ойрд нарын тухай бичихдээ:

Бусад монголчууд эсгий гэрт амьдарч мал малладаг байхад тэд балар хөвчид зөвхөн ан хийж амьдрах ба малчин нүүдэлчдийн амьдралаас эрс тэс ялгаатай. Тэдэнд ангийн арьсаар хучсан шовгор урцнаас өөр сууц үгүй. Өвөл болохоор тэд цасан дундуур тэнүүчлэн, гартаа барьсан саваагаар цас хатган урагшилж ан хоморго үйлдэнэ.[iii]

Хэдийгээр ойн анч ойрдууд талын нүүдэлчдэд аюул учруулж барахгүй боловч тусалж чадах байлаа. Хутугбэх хүн ардаа дагуулан шинээр тодорч буй талын их баатарт дагаар оржээ.

Японы эрдэмтэн Мияваки Жунко Халх-Ойрдын муудалцааны анхлан шалтгааныг ингэж тайлбарласан байдаг: 1394 онд сууринд суусан Элбэг хаан Ойрдын Хохай тайвангийн ятгалгаар Хархүчлүг хунтайжийн үзэсгэлэнт эхнэр Зунждунгоог булаан авчээ. Тэгэхдээ нөхрийг нь алсан байна. Хүүхэн өшөө авахын тулд Хохайд архи өгч согтоогоод өөрийг нь хүчирхийлсэн болгож их хаанд матжээ. Хохайг хаантан алсан төдийгүй хүүг нь болон өөр нэг ойрд хүн болох Угчхашахын бас цаазалж. Энэ нь Монгол, Ойрд хоёрын арцалдах эхний шалтаг болсон гэх. Муудалцаан улам даамжирсаар Эсэн тайшийн үед ойрдууд Хубилайн удмыг таслахдаа хүрсэн гэнэ.[iv]

Халх-Ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ. Юань гүрний үеэс эхлэн муудалцаж, Юанийн дараагаас бүр ширүүссээр Манж Чин гүрний эрхшээлд орох хүртэл үргэлжилсэн юм. Ихэнх тохиолдолд ойрдууд зүүн Монгол руу довтолдог, зүүн монголчууд эргүүлж цохидог дараалалтай байв. Гол шалтгаан нь малын билчээрийн төлөөх дайн юм. Ойрдууд эртнээс Алтай болон Соёоны нуруугаар нутаглаж ирсэн. Тэнд мод ургамал тарчиг, хад асга ихтэй шовх залуу уулстай. Ийм газар олон малд хүрэлцэх билчээр хомс, байгаль цаг уур ч илүү ширүүн догшин. Ийм болохоор ойрдуудын амьдрал зүүн монголчуудаа бодвол илүү зүдүү байжээ. Гэтэл Хэнтий, Хангай, Хянганы нуруугаар нутаглах зүүн монголчуудад бэлчээр хангалттай. Тэдэнд илүү нам дор газрын өргөн уудам уулс, тал, говь заяажээ. Цаг уур илүү тааламжтай, малын бэлчээр тэнүүн учир мал сүрэг амархан өсч үрждэг болохоор илүү чинээлэг амьдралтай.

Ид зөрчилдөөний үеэр ойрдууд довтолгооны “Дөрвөн ойрд” хэмээх холбоо байгуулсан бол талын монголчууд “Халх” хэмээх хамгаалалтын фронт шинээр сөргүүлэн буй болгосон гэлтэй. Зарим эрдэмтний баталж буйгаар цорос, хошуут, торгууд гэсэн гурван аймаг дээр ХVI зууны үед дөрвөд аймаг нэмэгдээд Дөрвөн ойрдын холбоо үүссэн ч гэдэг. Чингисийн шууд удмын монголчууд болох халх болон цахарууд түүхийн ихэнх хугацаанд нэгдсэн удирдлагатай байсан бол ойрдууд дотроо тийм хэлхээгүй байжээ. Иймээс дөрвөн ойрд гэдэг нь биенээсээ хамааралгүй дөрвөн гишүүний холбоо юм. Гэхдээ ихэнх түүхийн баримтаас үзэхэд Дөрвөн Ойрдод цорос, торгууд, хошууд бас хойдууд байсан ба дөрвөдүүд нэлээд хожим энэ холбоонд нэгджээ.

Халимагт торгууд, хойдууд, дөрвөд, хошууд ястан гаралтай ойрдууд амьдардаг. Тэдний хоорондын антропологийн ялгааг олохоор Чебоксаров (1935), Левин, Трофимова нар (1937), Ашилова (1976) антропометрийн судалгаа тус тус хийсэн байдаг. 1997 онд Оросын Шинжлэх ухааны академиас мөн ийм зорилготойгоор халимаг хүмүүст генетик судалгаа явуулжээ. Тэд зарим генетик маркерийн уургийн системийн аллелийн давтамжийг зэрэгцүүлэн гаргаж ирэх популяцийн генетик судалгаа хийсэн юм. Ийм төрлийн судалгааг Европын бүх үндэстнүүдэд хийснээр гарал үүсэл, хэн нь хэнтэйгээ холилдсон болох, нүүдэл суудлын хандлагыг тодорхойлдог.[v] Тэр судалгааны хүрээнд Европын монголчуудыг бас хамааруулсан аж. Судалгааны дүнг харьцуулан дүн шинжилгээ хийж болно. Торгуудууд нь Чингис хааны хамгаалалтад явж байсан хишигтэн цэргүүдийн удам аж. Тэд хорчин угсаатнаас салан нүүж ойрд угсаатанд хамрах болсон аж. Тэдний гений давтамж нь нийт монголчууд, түүний дотор халх, буриад хүмүүсийнхтэй таарч байв. Хошууд, хойтууд ч мөн адил үр дүн үзүүлсэн байна. Харин дөрвөдүүдийн генийн давтамж нь түрэг хүмүүсийнхтэй таарсан байна.[vi]

Мөнх нүүж явдаг, газартай холбогдох шүтэлцээ нь сул монголчуудын тодорхой овог, отог, ястныг тэнд эндээс гаралтай гэж мэтгэх нь утга учраар бага юм. Тухайн бүлэг тодорхой газар орчмоор, тодорхой хугацаанд нутаглан нүүх боловч тун элбэг үзэгдэл болох дайн байлдаан, байгалийн гамшгаас болон хэдэн зуун километр хол нүүн холдож өөр газар овог, отог, аймгаараа нутаглана. Магадгүй Ойрдын олон отог, овог Сибирийн ойгоос ирсэн байж болох боловч мөн олон нь Хөх нуур, Байдрагаас нүүн иржээ. Эдүгээ Увс нуурын баруун эргээр амьдрах дөрвөд нар ХVII зуунд Зайсан нуурын орчмоос Хөх нуур руу нүүдэллэсэн ба тэндээ зуун жил амьдарсны дараанаас зарим нь Далай нуур, зарим нь Увс нуур руу дахин нүүдэллэсэн аж. Зарим нь торгууд нарыг даган Ижил мөрөн нүүсэн, Одоо ч Халимагт нэлээд дөрвөд бий. Өнөөгийн буриадын ч олон отог Хөх нуур, Долон нуур зэргээс умар тийш нүүн Байгал орчимд ирж нутагшсан гэдэг.

1393 онд үхсэн Мөнхтөмөр хэмээгч ойрд ноёны гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Элбэг хааныг үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүйгээ зарласан байна. Ингээд Монгол орон үндсэн хоёр хэсэгт хуваагджээ. Газарзүйн байршлын хувьд Ойрдынх илүү ашигтай байлаа. Учир нь, баруун тийш худалдааны гол замтай ойрхон, үүнээсээ болж Хятадын хойгуур хийх худалдааны замыг дангаар эзэгнэхийн тулд Халхтай байнга дайтаж байлаа. Мин династийн хятадууд үүнийг нь дорхноо өлгөн авч ойрдуудад янз бүрээр туслах болжээ. 1409 онд Эзэн хаан Юнлэ ойрдын гурван толгойлогчдод цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан байна. Ойрдууд Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд эргээд Халхыг дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч хавсарч Ойрдыг цохижээ. Халх-Ойрдын зөрчил ч энэ үеэс эхтэй, хятадууд ч ээлжилж бие биенд нь туслан монголчуудын хүчийг нь туйлдуулдаг аргаа энэ үеэс олон жил хэрэглэсэн юм.

1418 онд Тогоон тайш хэмээх ер бусын эр зоригтой, ухаалаг ноён Ойрдыг удирдлаа. Тэрээр Монголыг нэгтгэх зорилго тавин Зүүн Монголын тархай бутархай ноёдыг ээлж дараалан цохисоор бүх Монголыг нэгтгээд Тайсуныг хаан ширээнд залан өөрөө шадар сайд буюу тайши нь болжээ. Түүнийг үхсэний дараа хүү Эсэн тайши эцгийнхээ үйл хэргийг залгамжилсан төдийгүй Монголын үе үеийн хаадын хамгийн гол зорилго болох Хятадыг эзлэх дайнд морджээ. Тэрээр нэгэн удаагийн тулалдаанд Хятадын Эзэн хаан Ин Зун-г олзолж авсан гэдэг. Хааныг хятадуудад ашигтайгаар наймаалцах гэтэл цаадуул нь Эзэн хааны дүүг шинэ хаан болгочихоод Ин Зун-г буцааж авах хүсэлгүй тул эцэст нь зүгээр буцаажээ.[vii]

Гэтэл Эсэн засгийн эрхийн төлөө Тайсун хаантай муудалцсан тул бушуухан Хятадтай сайдаад юун түрүүн дотоод асуудлаа зохицуулах боллоо. Зөрчил юунд байв гэхээр Тайсун хааны дараа Монголын хаан ширээг хэн залгамжлах вэ гэдэг дээр маргасан хэрэг. Тайсуны нэг эхнэр нь Эсэнгийн эгч, өөрөөр хэлбэл ойрд хатан. Хатнаас гарсан хүүг Тайсун угсаа залгамжлагч гэсэнгүй, өөр хатны хүүг нэрлэжээ. Тулалдаанд Тайсун хаан ялагдаж, зугтаж яваад хорлогдсон гэх. 1451 онд Тайсун алагдсаны дараа Эсэн Чингисийн угсааны бүх язгууртнуудыг алж зөвхөн ойрд гаралтай эмэгтэйчүүдийг үлдээв. Ингэж Хубилайн удмыг таслаад өөрийгөө бүх Монголын хаанаар зарлав.[viii] Манжуураас Шиньжаан хүртэл, Байгал далайгаас Цагаан хэрэм хүртэл монголчуудын өлгий нутгийг Эсэн ийнхүү нэгтгэж чадлаа.

Эсэн улам цаашилж энэ үед Эрчис мөрнөөс Тэнгэр уул хүртэл, Бэркүлээс Балхаш хүртэл нутагт тогтнож байсан Моголистан улсыг байнга довтолж ихэд зовоов. Моголистан гэдэг нь Цагадайн хаант улсын зүүн хэсэгт нүүдэлчид төвлөрөн амьдарч байсан газар. Моголистан гэдэгт өнөөгийн Исык-кул нуурын орчим нутаг хамруулан үздэг. Зөвхөн 1418-1429 онд Моголистан ойрдуудтай 61 удаа байлдаж ганц удаад нь ялж үзжээ.[ix] Эсэн хаан өөрийн үед Моголистаныг байнга довтолж байтал 1455 онд бослого гаргагчдад алагдлаа. Ингээд Монгол орон дахиад л биендээ үл захирагдах том толгой ноёдын дунд хуваагдан бутрах нь тэр.

[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-82 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[ii] Хүн ам орон сууцны тооллого 2010

[iii] Juvani, Ata Malik The History of the World Conquieror

[iv] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014)[Miyawaki Junko Last Empire of nomads]

[v]Manco, Jean. Ancestral Journeys: The Peopling of Europe from the Venturers to the Viking (Thames&Hudson, 2013)

[vi] Генетическая структура европейских ойратских групп по локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A( Проблемы этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009.) с. 146-183.

[vii] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-96, 97 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[viii] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х- 97 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[ix] Бартольд, В. В. Двенадцать лекции по истории тюрских народов Средней Азии (Соч. Том Y, Москва 1968)