Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2,700 орчим иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан.

Шийдвэрийн дагуу өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-9, өндөр настан-8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Энхбаяр: Хотыг дүрэмтэй болгож, төрийн үйлчилгээг стандартчилах хэрэгтэй

Хуульч, өмгөөлөгч Т.Энхбаяртай ярилцлаа. Хотыг стандартчилж хөгжүүлэх, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгах талаар санаачилга өрнүүлж буй гэдгээр нь түүнийг уншигчид мэднэ. Мөн Лениний музейг төрд авч, соёлын үнэт олдворуудыг Монголд буцаан авч ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан билээ.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар та ихээхэн шүүмжлэлтэй дуугарч байсан. Учир юу байв?

-Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Хуулийн өөрчлөлтөд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог байхаар оруулсан. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Учир нь аймаг, нийслэлийн Засаг дарга гэдэг нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж буй байгууллагаас сонгогдож гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж хэрэгжүүлдэг субьект. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжин, нэг намын төвлөрсөн тогтолцоог халсан. Мөн нийгэмд олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрөөд бид 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой зүйл олон байсан ч илүү иргэншсэн нийгэм рүү, төвлөрлийг сааруулах чиглэлд ихээхэн ахиц гаргасан. Гэвч энэ хуулийн өөрчлөлтөд тусгасан санал нь өмнөх хүрсэн үр дүнгээсээ илт ухарсан өөрчлөлт болох нь гэж би харж байна. Учрыг нь тайлбарлая. Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайд өөрөө аймаг, нийслэлийн Засаг даргаа томилох зохицуулалт нь нөгөө л урд өмнө байсан, ардчилсан өөрчлөлтийн дүнд халагдсан, төвлөрсөн босоо тогтолцоо руу оруулж байгаа хэрэг. Гэтэл иргэншсэн нийгэм нь орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог аль болох нэмэгдүүлэхийг зорьдог. Иргэдийн оролцоо бол ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг. Өөрөөр хэлбэл, иргэдийг шийдвэр гаргах үйл хэрэгт илүүтэй оролцуулснаар илүү иргэншсэн, иргэндээ хүртээмжтэй, хүнийхээ төлөө шийдвэр гарна гэсэн үг. Иргэнээсээ холдсон шийдвэрээс л өнөөгийн Улаанбаатар хотын эмх замбараагүй төлөвлөлт, хэт төвлөрөл, замын түгжрэл, агаар хөрсний бохирдол үүдэлтэй. Тиймээс аль болох хороо, сум, багийн оршин суугчдыг шийдвэр гаргахад илүүтэй оролцуулсан, иргэдээ чагнасан, тэдний саналыг харгалзсан тогтолцоо руу явах ёстой. Бүр цаашилбал аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарыг тухайн орон нутаг, баг хорооны иргэд нь шууд сонгодог байх ёстой.

-Нийслэлийг яаж хөгжүүлэх ёстой вэ. Улаанбаатар хотын хөгжлийг та юу гэж харж байна?

Зөв төлөвлөлт. Манай нийслэл шиг томоохон хотын хөгжлийн гол үндэс нь зөв төлөвлөлт. Хотуудын хөгжлийн түүх, хөгжсөн сайн туршлагуудыг харахад тухайн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх байдаг. Өөрсдөд нь хамааралтай шийдвэр гаргахад иргэдийн саналыг маш сайн тусгуулж, шат шатны түвшинд өргөн хэлэлцүүлгүүдийг хийж байж зөв шийдвэр гаргадаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.

-Хот өөрийн дүрэмтэй байх ёстой гэж та ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

Хотын стандарт тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, хот өөрийн гэсэн дүрэмтэй болох ёстой. Үүний үндэс нь уг нь тавигдчихсан. Улаанбаатар хотод нэг сая 500 мянган хүн амьдарч байна. Бүртгэлтэй 500 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Хүн амын нягтрал ихтэй, буруу төлөвлөлттэй, маш их түгжрэлтэй энэ хотод стандарт, дүрэм тогтоох ёстой. Дэлхийн томоохон хотууд бүгд өөрсдийн дүрэмтэй, иргэд нь дүрмээ хуульчлан биелүүлж байна. Энэ нь хот хөгжихөд, мөн хотын соёлд ч ихээхэн үүрэг нөлөөтэй. Илүү хөгжсөн, соёлжсон, илүү хүнлэг хотын иргэд баймаар байна.

-Ямар стандарт тогтоох ёстой гэж?

Төр, хувийн хэвшлийн үйлчилгээ болоод байшин барилга, зам талбай зэрэг бүгд тогтсон стандарттай байх ёстой. Аливаа хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг. Тиймээс иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж, тэдгээрийн эрх ашгийг хөндөхгүйгээр аливаа шийдвэрийг гаргадаг байх ёстой. Энгийнээр тайлбарлахад, барилга барихад эргэн тойрныхонтойгоо зөвшилцдөг, эрхийг нь зөрчдөггүй байх хэрэгтэй гэсэн үг. Тодруулж хэлбэл “Манайх энд ийм барилга, бүтээн байгуулалт хийлээ, энэ орчмын өнгө үзэмж ингэж сайжирна. Үүний энэ хэсэгт ногоон байгууламж бий болгоно. Нөгөө хэсэгт авто зогсоол хийнэ. Орчин суугч иргэд, аж ахуйн нэгжүүд энэ талаас нь хамтарч ажиллаж болно. Та нарт ийм давуу талтай” гээд харилцан зөвшилцөж, шийдэлд хүрэх ёстой. Үүний дараа барилга барих зөвшөөрлийг авдаг, төрөөс ч зөвшөөрлийг олгохдоо энэ байдлыг харгалздаг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг газрыг хашиж аваад тухайн газартаа миний өмч юм чинь юуг ч яаж ч барьсан миний дур гэсэн байдлаар хандаж байна. Ямар ч төлөвлөлтгүй, авто зогсоолгүй шахуу, ногоон байгууламжгүй барилгууд энд тэнд баригдаад л байгаа биз дээ. Үүний балгаар хотын удирдлагууд замын түгжрэлийг яаж шийдэх учраа ч сүүлдээ олохоо больсон.

Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар нийслэл нь дүүрэг, хороонд хуваагддаг. Харин орон нутаг бол аймаг, сум, багт хуваагддаг. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийг нэг, сум, дүүргийг ч нэг шатанд авч үзэж байна. Баг, хороог ч ялгаагүй. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд сум дүүрэг хоёрыг харьцуулж болох уу үгүй юү. Нэг багт багцаагаар 400-500 хүн амьдардаг. Харин нэг хороонд 20-30 мянган хүн амьдардаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын орон сууцнуудад 27 мянган хүн амьдарч байна. Гэтэл энэ хороонд нэг ч ширхэг улсын цэцэрлэг, сургууль алга байгаа нь дэндүү гэмээр. Нэг хорооны 27 мянган оршин суугч гэдэг чинь баг битгий хэл сумын иргэдийн тооноос хэд дахин илүү, зарим аймгуудын төвөөс ч илүү байгаа биз дээ. Энэ бол хот төлөвлөлтийн бодлогогүй байгаагийн нэг жишээ. Энэ байдлыг даруй халж, бид төлөвлөлттэй, хөгжлийн зөв бодлоготой болох хэрэгтэй. Ингэхийн тулд шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Хороонд ямар байгууламж барих вэ гэдгийг хорооны иргэд нь ярилцаж шийдсэний дараа зөвшөөрөл олгодог болох ёстой.

-Иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх юм бэ?

-Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах ёстой.

-Яаж?

-Иргэдийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Төр нь иргэд рүүгээ хүрч ажиллах хэрэгтэй. Энгийн жишээ авъя, Сонгинохайрхан дүүрэг 330 мянган хүн амтай, 43 хороотой. Харин Баянзүрх дүүрэг 360 мянган хүн амтай, 28 хороотой. Эндээс хот ямарч стандарт, бодлогогүй байгаа нь харагдана. Адилхан хоёр дүүрэгт хороодын зохион байгуулалт ямар ялгавартай байгаа нь эндээс харагдана. Яагаад ийм байдаг нь тодорхойгүй. Нэг хорооны 30 мянган хүнд үйлчилж байгаа өрхийн эмч ямар хүртээмжтэй ажиллах вэ? Ачаалал нь ямар зөрүүтэй байх вэ? Мөн 2-3 мянган хүн амтай сумын эмч, үүнээс 10 дахин их хүн амтай хорооны эмчийн ачааллыг харьцуулаад үз дээ? Иймээс л хотыг стандарттай, дүрэмтэй болгох ёстой гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлж буй нэг төрийн албан хаагчийн ачаалалд стандарт тогтоож өгөх ёстой. Дээрх эрс ялгаатай байдлаас үүдэж төрийн үйлчилгээг иргэд тэгш, жигд хүртэж чадахгүй байна. Тиймээс хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэг ажилтан хэдэн иргэнд хүрч үйлчлэх, нэг ажилтны ажлын ачаалал даах чадвар ямар байх вэ гэдгийг гаргаж, стандарт тогтоох ёстой. Сумын хөдөлмөр халамжийн үйлчилгээний ажилтан гэж нэг хүн байдаг. Хорооны ч мөн адил нэг. Авч байгаа ачаалал нь тэнгэр газар шиг өөр. Стандарт тогтоочихвол төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно.

-Лениний музейг төрд авахад та хуульчаар ажиллаж, өмгөөлж байсан байх аа. Ер нь төрд хэдэн жил ажилласан юм бэ?

-Би говь нутгийн хүү. Дундговь аймагт төрж, өссөн. Би төрийн захиргааны удирлага, эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. Төрийн албанд 14 жил ажилласан. Анхан шатнаас нь эхлээд ажилласаар л явна. Үүнээс хөдөлмөр хамгааллын үйлчилгээний хэлтэст найман жил гаруй ажилласан. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх хуульчаар ажиллаж байгаад дараа нь Аж үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын албыг хашиж байлаа.

Ленинийн музейн барилгыг төрийн өмч байх ёстой гэдэг асуудал Ц.Оюунгэрэл сайдын үед хөндөгдөж, багагүй бэрхшээл саад даван туулж байж төрийн өмчид авч байсан. Тухайн үед МАН Лениний музейг эзэмшиж, ашиглаж байсан ч барилгын өмчлөх эрх нь төрийнх байсан юм. Тухайн үед уг барилгыг “Оросын Холбооны Улсаас МАН-д бэлэглэсэн. Намын өмч” гэгдэж байлаа. Харин манай багийнхан архивтай л их зууралдсан даа. МАН үнэхээр энэ барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан эсэхийг архиваас шүүн судалж, Лениний музейг МАН өөрийн хөрөнгөөр бариагүй, бүр ОХУ ч намд нь бэлэглээгүй гэдэг нь архивын баримтаар тодорхой болсон. БНМАУ-ын төсвөөс 1974-1980 оны хооронд бүтэн долоон жилийн хугацаанд музейг барих санхүүжүүлтийг жил бүр өгдөг байсан талаарх архивын баримт олдсон. Ингээд тухайн үеийн Төрийн өмчийн хороотой хамтран шүүхэд нэхэмжлэл гаргаж хоёр жил гаруй хугацаанд гурван шатны шүүхээр орж ялалт байгуулж, төрийн өмчийг төрд нь авсан. Мөн тухайн үед хилээр хууль бусаар гаргачихсан байсан эртний үлэг гүрвэлүүдийн яснууд болон бусад соёлын үнэт олдворуудыг эх орондоо буцаан авч ирэх ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эхлүүлж олон тооны яриа хэлэлцээрүүд, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд алдагдсан соёлын үнэт өв, олдворуудыг эх орондоо буцаан авчралцаж байлаа. Тухайн үеийн сайд маань ч энэ үйлсэд жинхэнэ манлайлал үзүүлж байсан. Дараа нь Засгийн газрын тогтоол гарч Үлэг гүрвэлийн музейг байгуулж байлаа. Энэ ажлыг гардаж хийж төрд болон соёлын салбарт чухал хөрөнгө оруулалт хийсэн бидний баг хамт олон болон Ц.Оюунгэрэл сайдаар бахархаж явдаг даа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнгөншагай: Дэд бүтцийн ажлыг яаралтай шинэчлэх, өргөтгөх шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагайтай ярилцлаа.


-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл ямархуу хэрэгжилттэй үргэлжилсэн бэ. Энэ ажлын үр дүнгээс ярилцлагаа эхэлье?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос эхэлж, долоон жилийн турш хэрэгжээд явж байна. Анх энэ төслийг тухайн үеийн хотын удирдлагууд гэр хорооллыг орон сууцжуулах, утаагүй Улаанбаатар болгохын тулд санаачилж эхлүүлсэн. Энэ төслийн ажил эхлээд хэрэгжиж явахдаа учир дутагдалтай хэд хэдэн зүйлс гарсан л даа. Үүний нэг жишээ нь компаниудын сонгон шалгаруулалтад маш хариуцлагагүй хандсан. Нийт 37, 38 компани шалгаруулсан юм билээ. Үүний дийлэнх нь туршлага муутай, барилгын ажил хийж байгаагүй, зарим нь шинээр байгуулагдсан компаниуд орж ажилласан байдаг. Энэ бүхнээс шалтгаалж төслийн ажил хангалттай хийгдэж чадаагүй. Тэр олон компани янз бүрийн зорилгоор орж ирсэн байдаг. Тендер зарлалгүй, шууд гэрээ хийсэн байдаг. 26 байршилд сонгон шалгаруулт зарлаад туршлагагүй, шинээр байгуулагдсан, хөрөнгө мөнгөний хувьд бэхжээгүй компаниудад дэд бүтцийн ажлыг шууд гэрээгээр өгчихсөн. Зарим нь маш хангалтгүй хийсэн байдаг. Зарим нь бүр огт ажил хийгээгүй. Авсан мөнгөө өөр чиглэлээр зарцуулчихсан. Эхнээсээ шүүх цагдаа дээр дуудагдаад явж байна. Ихэнх компанитай хийсэн гэрээ цуцлагдсан. Хамгийн гол нь сонгон шалгаруулалтаа маш дутуу дулимаг хийсэн. Гэрээ хийхэд баримталдаг журам тун хангалтгүй байсан л даа. Хариуцлагын механизмыг нарийн суулгаагүйгээс эргээд хариуцлага тооцох бараг боломжгүй. Энэ бүхнээс шалтгаалж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширсан.

Миний хувьд энэ ажлыг аваад жил гаруй болж байна. Ажлаа аваад ороод ирэхэд эхний өдрөөс гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн цуваа үүссэн. Ингээд тухайн үед төсөл хэрэгжүүлж байсан 34 компанийн захирлыг бүгдийг нь нэг нэгээр нь дуудаж уулзсан. Дараа нь 34 компанийн захирлууд болоод Барилга байгууламжтай холбогдох бүх байгууллагын дарга, ерөнхий инженерүүдтэй хамтын уулзалт зохион байгуулсан. Нийслэл хяналт тавьж ажиллахаас илүү дэмжиж ажиллах нь чухал байсан. Ингээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гацаагаад байсан журмыг шинэчилж баталсан. Журманд хугацааг маш нарийн зааж өгснөөс гадна төлөвлөгөөний дагуу ажиллахгүй бол гэрэгээ цуцална гэж заасан. Гэрээгээ цуцлах болвол тухайн компанийн зарсан хөрөнгө мөнгө улсын орлого болоод үлдэнэ гэсэн гэрээний заалт оруулж өгсөн. Ингээд ирэхээр үнэхээр хариуцлагатай, барилгын ажлын туршлагатай компаниуд ажиллаж эхэлж байгаа юм. 2013 оноос хойш 11265 орон сууц баригдсан. 2013-2016 онд 2600 орон сууц ашиглалтад орсон бол 2016-2020 оны хооронд 8665 орон сууц ашиглалтад орсон. Нийт энэ төсөлд 170 гаруй тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарсан. 2013-2016 онд 120 гаруй тэрбум, 2016-2020 онд 50 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан тоо баримт байна. Мэдээж энэ төсөл цаашаа үргэлжлэх ёстой.

-Шинэ дэд төвийн төсөл ямар шатанд явж байна вэ?

-Шинэ дэд төвийн төсөл Засгийн газар, Улаанбаатар хот, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хамтарсан төсөл. Олон жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээтэй холбох юм. Утааг багасгахын тулд нэн тэргүүнд орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэх юм. Дэд бүтэцгүйгээр баахан барилга байшин бариад нэмэргүй. Дэд бүтцийн шинэчлэл хотын хувьд тулгамдсан асуудал болсоор ирлээ. Манай үндсэн хотын төвөөр явж байгаа магистрал шугам сүлжээнүүд бүгд социализмын үед хийгдсэн. Энэ суурь бүтцээ өнгөрсөн 30 жилд бид шинэчилж чадаагүй. Тодорхой хэмжээнд өргөтгөл хийгээд явж ирсэн. Иргэдийн хамгийн их бухимддаг асуудал хотын төвийн төвлөрөл, түгжрэл. Барилга байшингууд дэд бүтцээ дагаад баригддаг. Бид гэр хороолол руугаа хангалттай дэд бүтцээ татчихвал төвлөрөл нэг цэгт үүсэхгүй. Гэр хороолол хотын төвөөсөө нэг км хүрэхгүй зайнд байгаа биз дээ. Дэд бүтэц байхгүй учраас барилгын компаниуд сонирхохгүй байна. Яармаг руу байшин барилга баригдаж байгаагийн гол шалтгаан дэд бүтэц татчихсан учраас л тийшээ хуйларч байгаа юм. Дэд бүтцийн ажлаа нэн яаралтай шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Ингэж байж хотын төвлөрөл саарна. Баянхошуу дэд төв, сэлбэ дэд төв, Дэнжийн 1000 дэд төв, Дамбадаржаа дэд төв, шархад дэд төвийг барьж байна. Эдгээр дэд төвийн ажил нэлээд урагштай явж байгаа. Баянхошуу дэд төв ажлын явц 90 гаруй хувьтай, цэвэр бохир ус дулааны төв нь баригдчихсан. Ойролцоогоор 12 мянга гаруй өрхийн асуудал шийдэгдэж байна.

Дэд бүтцийн ажлаас гадна сургууль, цэцэрлэг барих ажлыг удаашруулдаг гол зүйл газар чөлөөлөлт байдаг. Гэр хороололд сургууль, цэцэрлэг барьж өгөхийг улсаас шаарддаг. Төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаад өгөхөөр газар байдаггүй. Газраа чөлөөлхийн тулд айлуудтай ярьж тохирох болдог. Дор хаяж 35-40 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай байдаг. Энэ ажил хэдэн жилээр үргэлжилдэг. 40 айлтай тохиролцоонд хүрнэ гэдэг маш хүнд. Зарим айл нь газраа барьцаанд тавьчихсан байдаг. Жилийн дотор амждаггүй. Тэгж байж байтал хуулиараа ажлаа эхлүүлээгүй гээд суулгасан төсвөө татаад аваад явчихдаг.

-Нийслэлийн хөгжлийг хэрхэн харж байна. Түгжрэлийг бууруулах тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Төвлөрлийг багасгахын тулд дэд бүтцийн ажлаа л хийх хэрэгтэй. Түгжрэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна төлбөртэй зогсоол, нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Европын орнууд түгжрэлээ метро, төлбөртэй зогсоолуудаар ихэвчлэн шийддэг. Хотын төвөө бүсчилчихдэг. Төврүүгээ орж ирэх тусам нь үнэтэй татвар төлдөг. Төлбөртэй зогсоолыг нийслэлд маш их анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд энэ тал дээр нэлээд судалгаа хийсэн.

Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжуулж байна. Ингэснээр иргэд хороон дээрээсээ бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Саяхан бид хоёр хороон дээр туршсан, маш амжилттай болсон. Төрийн үйлчилгээ иргэн рүүгээ ойртож байна. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ.

-Өнгөрсөн жилүүдэд тойрогтоо ямар ажлууд хийсэн бэ?

-Би Сүхбаатар дүүргийн 11,12,13 дугаар хорооноос сонгогдсон. Энэ гурван хороонд гэр хорооллын бүс хамаардаг. Тухайн үед сонгуульд өрсөлдөөд явж байхад сургууль цэцэрлэгийн хүртээмж, үерийн далангийн асуудал, гэрэлтүүлэг камерыг нэмэгдүүлэх шаардлагатайг иргэд онцолж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ядууралтай дам утгаараа холбогдчихдог. Түүнчлэн ядуурал, гэмт хэргийн гаралт ихтэй. Нам дор газар байрладаг учраас борооны ус бохиртой холилдож хальдаг зэрэг асуудлууд их байлаа. Ний нуугүй хэлэхэд тэр үеийн судалгаагаар СБД-ийн 13 хороонд хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд нэгт байсан. Энэ бүгдийг шийдэхийг хичээж зорьж ажилласан. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнтэйгээ ч хамтарч ажиллалаа. Хамгийн өндөр хөрөнгө оруулалт тойрогтоо хийсэн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, бид хоёр байдаг. 24 тэрбум төгрөг тойрогтоо зарцуулсан. Амлалтаа биелүүлсэн гэсэн үг. 11 дүгээр хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барьсан. 12 дугаар хороонд 720 хүүхдийн сургуулийн ажил одоо үргэлжилж байна. 13 дугаар хороонд 780 хүүхдийн сургуулийн ажлын газар нь чөлөөлөгдөөд, тендер нь шалгараад барилгын ажил нь дундаа ороод явж байна. Үерийн далан барихад улсын төсвөөс хоёр тэрбум, Азийн хөгжлийн банкнаас дөрвөн тэрбум нийт зургаан тэрбум төгрөгөөр далангийн ажлыг шийдсэн. Гэрэлтүүлэг камерт 2.1 тэрбум төгрөг зарцуулж нэмэгдүүллээ. Сүхбаатар дүүргийнхний гол үйлчлүүлдэг хүүхдийн хоёрдугаар эмнэлэг байсан. Энэ эмнэлгийг 400 сая төгрөгөөр заслаа. Тойрогтоо амласан ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэж байгаа.

Д.ГЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сүх-Эрдэнэ: Инженерийн мэргэжлийг хосолсон байдлаар сурах шаардлагатай

“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, хэл болон компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилгоор “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Монголын залуу инженерийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэтэй ярилцаа.


-Та “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-уудтай хамтран ахлах ангийн сурагчид, оюутан залуус болон хөдөө орон нутгийн сурагчдын дунд “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг зохион байгуулсан. Тус хөтөлбөрийг Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх инженер академиас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд залуучуудыг хувь хүний хөгжил, англи хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм.

-Эхний ээлжинд хэчнээн хүүхдийг хамруулах вэ?

-Энэхүү хөтөлбөртөө бид Улаанбаатар хотын Баяннгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон зургаан аймгийн оюутан залуучуудыг хамруулна. Хөтөлбөрийн хүрээнд сургалт, үйл ажиллагаа бүхэн үнэ төлбөргүй. Нийт 1000 гаруй хүүхдүүдийг үнэгүй хамруулна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт иж бүрэн тоноглогдсон ангид сургалтаа зохион байгуулна. Мөн өөрийн мэргэжлийг сурталчлах, инженерийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад таниулах бүрэн боломжтой. Ер нь эрчим хүч хэрхэн үйлдвэрлэх, авто зам, уул уурхай гээд нарийн мэргэжлүүдийн онцлогийг мэдэж болох юм. Үүнийг бид ирэх сарын нэгнээс эхлэн гурван сарын хугацаанд зохион байгуулна.

-Хүүхдийг багаас нь инженер сэтгэхүйтэй болгохын тулд яах ёстой вэ?

– Их, дээд сургуульд элсэж буй элсэгчдийн 15 хувийг инженер мэргэжил эзэлдэг гэсэн тоо бий. Харин бусад хөгжингүй орнуудад 40 хувьтай байдаг. Тэгэхээр энэ тоог нэмж, хамгийн багадаа л 30 хувьд хүргэх шаардлага ч бас байгаа. Манай улс цаашдын хөгжлөө эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Суурь дэд бүтэц болох эрчим хүчний салбарт инженер залуусыг бэлтгэхэд анхаарах нь чухал. Мөн энэ чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн төгсгөж байгаа сургуулийн сургалтын орчныг сайжруулах шаардлагатай. Хүүхдийг багаас нь энэхүү мэргэжилд дурлуулж, сургахын тулд бид төсөл хөтөлбөр боловсруулсан. Энэ нь эргээд оюутан залуус маань дараа дараагийн үедээ үлгэрлэн, сурталчлах гол дэгээ болж байгаа юм.

– Залуучуудыг дэмжин ажиллах хэчнээн төв үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

– Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухаан технологийн иновацийн газартай хамтран ажилладаг. Үүнд арван дэд төв залуучуудаа дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашлаад энэхүү үйл ажиллагааг нийслэлээс дэмжвэл дэд төвүүд дээрээ энэ үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжийг нээж өгөх юм.

-Ер нь залуучууддаа хандаж хэлэхэд инженерийн ямар чиглэл нь ашигтай байдаг юм бэ?

-Монголын залуу инженерийн холбооны дэргэд уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо мэдээллийн технологи, хүнс хөдөө аж ахуй гэх мэт мэргэжлийн салбар хороод байдаг. Тус хороодод ажиллаж буй залуу инженерүүд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан, мэргэжлээрээ бахархсан, дараагийн залуу үедээ мэргэжлээ уламжлуулах зэрэг дараа дараагийн боловсон хүчнээ бэлдэхэд түлхэц болж өгөх зорилготой. Одоо инженерийн мэргэжлийг хосолсон байдлаар сурах шаардлагатай. Шинэ технологиуд нэвтрэн гарахын хэрээр хүнд төдий чинээ мэдээлэл хэрэгтэй болдог. Ингэхдээ шинэ технологийн бүх зүйл мэдээллийн технологид суурилдаг. Тухайлбал, Цахилгааны инженер юмуу барилгын инженер нь давхар IT суурьтай хосолсон мэргэжил эзэмшихгүй бол бид мэдээллээс хоцрогдох талтай. Магадгүй 10 жилийн дараа автотээврийн салбарт жолоочгүй машин явах жишээний. Тэгэхээр IT суурьтай инженерүүд маань ажлын байран дээр үлдэх өндөр магадлалтай. Цаашид бид энэ асуудлаар залуу багш нартайгаа хамтран сургалт хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байгаа.

-Өнөөгийн залуусын мэргэжил сонгох байдал, тэдний хөдөлмөр эрхлэх орон зай хэр хангалттай байна вэ?

-Нэг талаас их, дээд сургуулиуд сурах орчныг сайн бүрдүүлээд, оюутан өөрөө суралцах хугацаандаа үндсэн мэдлэгээ өндөр түвшинд олж авч чадвал дараа нь ямар ч байгууллагад орсон бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тэгэхээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй юм.

-Залуу инженерүүд хэчнээн бүтээл хийсэн бэ?

-Манай холбоо энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр 5-ны өдөр Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-ийг зохион байгуулсан. Ер нь инженерүүдийн холбооны залуучуудын бүтээж байгаа бүтээлүүдийг нийгэмд таниулах, сурталчлах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүгээрээ дамжуулан залуусын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх юм.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Парис хотноо хүний эрхийн жагсаал боллоо

Парис хотын Эйффелийн цамхагийн ойролцоох Хүний эрхийн талбайд БНХАУ-ын төр засгаас монгол, уйгар, төвөд зэрэг үндэсний цөөнхийн эсрэг болон Хонгконгод явуулж буй арга хэмжээг эсэргүүцсэн тайван цуглаан аравдугаар сарын 1-ний өдөр болжээ.

Цуглаанд Францад суралцаж, оршин сууж буй өвөр монголчуудын төлөөлөл оролцож, БНХАУ-ын Засгийн газар Өвөр Монголын өөртөө засах орны сургуулиудад хятад хэлийг нэгдүгээр ангиас нь заах шийдвэр гарган, есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Өвөр Монголд нэгдүгээр ангидаа монгол хэлээ үзэж, хоёрдугаар ангиас хятад хэл үзэж байсныг ийнхүү өөрчилж, хос хэлний бодлого гэсэн өөрчлөлт хийх болсон нь унаган монгол хэлтнүүдийн хувьд үндэс угсаагаа язгуураар авч үлдэх хүсэлтэй нь зөрчилдөж байгааг жагсаалд оролцсон өвөрмонголчууд онцолж дэлхий нийтийн анхааралд хүргэх үүднээс энэ цуглаанд нэгдсэнээ ярьжээ.

Цуглаан болсон талбайд хүний эрх, эрх чөлөөний төлөө арга хэмжээ тогтмол байнга болдгоороо алдартай бөгөөд 1985 онд БНФУ-ын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттераны санаачилгаар Хүний эрхийн /Parvis desdroits de L’Homme / хэмээн тодотгон нэрлэдэг.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын өрнийн зурхай

Ажил хэрэг: Бизнес эрхлэгчид сард ашигтай ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Сарын дунд үед ийм боломж тохиож болзошгүй. Санхүүгийн хувьд зарлагатаа анхаарахгүй бол нэг л мэдэхэд хоосорсон байж мэднэ. Энэ сард таны ашиг орлого тодорхой хэмжээнд өсөн нэмэгднэ.

Хайр дурлал: Энэ сард хайрттайгаа ихээхэн маргалдаж болзошгүй. Гэсэн хэдий ч тэдэнтэй ярилцаж тэднийг сонсох хэрэгтэй. Ерөнхийдөө энэ сар хонины ордныхны хайр дурлалд ээлтэй.

Эрүүл мэнд: Хүнд өвчин энэ сард тусахгүй. Харин халдварт өвчнөөс сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна.

Үхэр

Ажил хэрэг: Таны орлого нэмэгдэж, тун удалгүй гайхалтай ашигтай гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Ажлын ачаалал мэдэгдэхүйц нэмэгдэх ч түүнийгээ дагаад орлогын хэмжээ бас өснө. Орлогын үндсэн эх үүсвэрээс гадна мөнгө олох хэд хэдэн арга гарч ирж магадгүй.

Хайр дурлал: Энэ сар таны хайр дурлалын амьдрал маш аз жаргалтай байх бололтой. Ганц бие үхрийн ордныхон шинэхэн хөрштэйгөө дурлалцаж магадгүй. Хэд хэдэн удаагийн чин сэтгэлийн яриа, болзоо та хоёрыг халуухан дурлалд хөтлөх болно. Харин гэрлэсэн хосууд, гэр бүлүүд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх гэнэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд энэ сар ноцтой асуудал үүсэхгүй. Гэхдээ биеийн эсэргүүцлээ дэмжин дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох нь хэзээд илүүдэхгүй гэдгийг санаарай.

Ихэр

Ажил хэрэг: Бизнес эрхлэгчдийн хувьд энэ сар тийм ч таатай байхгүй. Хамаг хүчээрээ шаргуу хөдөлмөрлөлөө ч санаснаар болохгүй байж болно. Гэсэн хэдий ч амар хялбар аргаар мөнгө олж болохгүй. Санхүүгийн хувьд томоохон шийдвэр гаргахдаа сайтар тунгаах шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд төлөвлөөгүй зардлууд гарч болзошгүй. Иймд ирээдүйд зориулан мөнгө хадгалах шаардлагатай.

Хайр дурлал: Ганц бие ихрийн ордныхон харж явдаг хүнтэйгээ болзож цаашлаад үерхэж магадгүй. Хосуудын хувьд бие биедээ дарамт болох, муудалцах асуудлууд энэ сард тулгарна. Хостойгоо ойлголцож шийдэх нь чухал.

Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнддээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Түргэн хоол зэргээс хордлого авч болзошгүй тул татгалзах хэрэгтэй. Энэ сард ходоодондоо анхаарах шаардлагатай.

Мэлхий

Ажил хэрэг: Бизнесмэнүүд өөртөө хэт итгэхээ хязгаарлах нь тустай байж мэднэ. Харин ажилтан мэлхийнүүдэд энэ сарын турш ажлын байр нь нэг л тухгүй, хөндий санагдаж магадгүй. Том зарлага гарахгүй боловч мөнгөө үрэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Ажиллах эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, зорилгодоо хүрэхэд тус болно.

Хайр дурлал: Ганц бие мэлхийн ордныхон ажлын газраасаа, эсвэл ойрхоноос амьдралын ханиа олж магадгүй. Хостой мэлхийнүүд ч гэсэн гайхалтай мөчүүдийн эзэн болох гэнэ.

Эрүүл мэнд: Ноцтой асуудал үүсч зовоохгүй ч энгийн ханиад гэх мэт жижиг өвчин тусч магадгүй тул дархлаагаа эртнээс дэмжих хэрэгтэй шүү.

Арслан

Ажил хэрэг: Санхүү, мөнгөний асуудал энэ сард тун тогтвортой байх бололтой. Гэр бүл, орон байрны зардал өсөх бололтой. Бизнесийн хувьд хүнд боловч амжилттай цаг үе ирж байна.

Хайр дурлал: Ганц бие арслангийн ордныхон энэ сард хүнд дурлах бололтой. Харин гэрлэсэн хосууд хамтдаа аз жаргалтай байх болно.

Эрүүл мэнд: Энэ сард дасгал хөдөлгөөн хийж, биеийн дархлаагаа өвөлд бэлдэхэд тун тохиромжтой. Элдэв өвчин зовлонгоос хол байх боловч түргэн хоолноос татгалзаж, бялдаржуулах төвд бүртгүүлээрэй.

Охин

Ажил хэрэг: Санхүүгийн хувьд энэ сард таны орлого өсч нэмэгднэ. Үйл ажиллагаа, хэрэгцээгүй зүйлсэд дэмий зарлага гаргахаас зайлсхий. Ингэснээр ирээдүйд хэрэглэх мөнгөгүй болж болзошгүй. Мөнгө хадгалахыг охины ордныхонд зөвлөж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ сарын турш сэтгэл хөдлөлөө барьж тогтвортой байхыг анхааруулж байна. Шаргуу хөдөлмөрлөж чадвал сарын сүүлд санасандаа хүрнэ.

Хайр дурлал: Ганц бие охины ордныхон хайр дурлалтай учирна. Гэрлэсэн хосууд энэ сард муудалцаж маргалдах боловч болзоонд явж хамтдаа цагийг сайхан өнгөрөөнө.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал тогтвортой сайн байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Жинлүүр

Ажил хэрэг: Ажлын хамт олныхоо дунд шаргуу хөдөлмөр зүтгэлээрээ таны нэр хүнд энэ сард өснө. Бусдаас тусламж хүсэхэд буруу зүйл байхгүйг санаж, хамт олонтойгоо хамтарч ажиллах нь энэ сарын ажилд тустай. Ажлын цагаа хэтрүүлэн ажиллах нь бүтээмжийг өсгөхгүй тул илүү цагаар ажиллаж өөрийгөө зовоох хэрэггүй.

Хайр дурлал: Энэ сард таны анхаарлыг олон хүн татаж болзошгүй тул бүгдэд нь татагдаж цагаа дэмий үрэлгүй зүүд, зөн совиндоо найдахыг зөвлөж байна. Хостой жинлүүрийн ордныхон хостойгоо хамт аяллаар явах, агаар салхинд гарах нь та хоёрын дунд үүсээд байгаа асуудлыг хурдан шийдэхэд тус болно.

Эрүүл мэнд: Жинлүүрийн ордныхон энэ сардаа эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал байна. Фитнессээр хичээллэх, дэглэм барих, хооллолтдоо анхаарах зэрэг эрүүл амьдралын хэв маягт хүйтний улирал ирж буй учир шилжих шаардлагатай болж байна. Ханиад болон бусад халдварт өвчнүүдээс сэргийлэхийг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц

Ажил хэрэг: Хилэнцийн ордныхон энэ сард санхүүгийн байдалдаа хянамгай байхыг од эрхэс анхааруулж байна. Энэ сард төлөвлөгөөгүй зардлууд их гарах тул сайн төлөвлөгөөтэй хандаж байж сүүлийн хоёр долоо хоногтоо санхүүгийн хүндрэлд орохгүй байж чадна. Энэ сард боловсролдоо оруулах хөрөнгө оруулалт нь танд үр өгөөжөө хурдан өгөх болно.

Хайр дурлал: Ганц бие хилэнцийнхний хувьд од эрхэс 8-ны өдөр гайхалтай учрал тохиож магадгүйг зөгнөжээ. Боломж тохиовол битгий алдаарай.

Эрүүл мэнд: Ажилдаа хэт их цаг зарцуулснаас болж эрүүл мэнд муудан, хууч өвчин сэдэрч болзошгүй тул хэт их ажиллалгүй эрүүл мэнддээ анхаараарай.

Нум

Ажил хэрэг: Нумын ордныхон энэ сард их зөнч, мэдрэмтгий байх нь. Энэ сард олон зөнтэй зүүд зүүдлэх тул зүүдэндээ сэрэмжтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Энэ сард бусдын тусламжид тэгтлээ найдалгүй өөрөө шаргуу хөдөлмөрлөхгүй бол эцэст нь юу ч үгүй болж магадгүй. Энэ сарын 27-ны өдөр танд Санчир гарагийн нөлөөллөөр хэрэгтэй энерги тань нэмэгдэх тул тэр хүртэл бага стресстэж, тайван байхыг анхааруулж байна.

Хайр дурлал: Хайр дурлалын амьдрал тань энэ сард нэг шат ахих тул 19-20-ны өдрүүдэд анхааралтай байж боломжийг алдаж болохгүй.

Эрүүл мэнд: Ажил болон эрүүл мэнддээ цаг зарцуулж, шинэчлэл хийснээр нөхцөл байдал сайжирна.

Матар

Ажил хэрэг: Матрын ордныхон энэ сард томоохон өөрчлөлтөд бэлэн байснаар тэдэнд сайхан зүйлс хаалгаа нээх болно. Сарын эхний 17 хоногт танд “Алладины дэнлүү” шиг том олз тохиох тул энэ боломжийг битгий алдаарай. Аравдугаар сар таны хувьд адал явдал ихтэй завгүй ажлын өдрүүдээр дүүрэн байх бололтой. Олон нийтэд илтгэл тавих, зөвлөгөө өгөх зэрэг ярилцлагад уригдаж үзэл бодлоо илэрхийлэх боломж тохиож магадгүй. Энэ сард таны оюун ухаан хамгийн сэргэг дээрээ байгаа тул энэ боломжийг зөвөөр ашиглаж хийж бүтээн шинийг эрэлхийлэх хэрэгтэй.

Хайр дурлал: Энэ сарын 16,17-ны өдөр таны энэ сарын онцлох чухал өдрүүд байх тул хостойгоо хоёулхнаа агаар салхинд гарах зэргээр амарч өнгөрүүлээрэй. Мөн гэртээ байгаа хэрэггүй зүйлсээсээ ангижрахыг зөвлөж байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал энэ сард тогтуун тайван байх хэдий ч өнгөрсөн сарын анхаарал халамжаа битгий багасгаарай.

Хумх

Ажил хэрэг: Хумхын ордныхон энэ сард өнгөрсөн сарынхаа стрессээс ангижирч шинэ сайхан зүйлстэй учрахад өөрсдийгөө бэлдэж болох нь. Зуны
турш таныг зовоож байсан асуудлууд цэгцэрч, эрч хүч нэмэгдэх гайхалтай шинэ сар таныг хүлээж байна. Эцэг эхдээ цаг зарцуулах шаардлагатайг од эрхэс танд сануулж байна.

Хайр дурлал: Энэ сард аялалд гарахаар төлөвлөсөн бол хойшлуулбал буруудахгүй. Хумхын ордныхон тэмдэглэлт өдрүүдийг сайхан өнгөрөөх төлөвтэй байгааг од эрхэс дамжуулж байна.

Эрүүл мэнд: Бархасбадь гарагийн байрлал таны эрүүл мэндэд нөлөөлөх тул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Мөн хуучны муу зуршлууддаа дахин автаж болзошгүй тул цэвэр агаарт гарч, аль болох бага стресстэх нь зүйтэй.

Загас

Ажил хэрэг: Ангараг гарагийн байрлал энэ сард таны ажил үйлстэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна.

Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж энэ сардаа их байх төлөвтэй байна. Түүнээс том зүйл гуйхаар төлөвлөж байгаа бол сарын дунд үеэр асуувал од эрхэс танд тусална.

Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэм барих, эмчид үзүүлэх зэргээр өөрийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Гэдэс тань энэ сард эмзэг байх хандлагатай тул түүнийг сайн асарч тойглон, хамаагүй хоол идэхгүй байхад анхаарууштай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 600 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 600 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийд 315 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 256 мянган хүн эдгэрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс “Саарал жагсаал”-аасудахгүй гарна гэдэгт итгэлтэй байна

Саарал жагсаалт”-аас гарах эсэхийг шийдэх шалгалт өчигдөр орой дууссан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Тэрээр “Саарал жагсаалт”-аас гарах газар дээрх шалгалт өчигдөр орой дууслаа. Шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзлаа. ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарлаж, тодруулгад хариу өгсөн төрийн байгууллагын төлөөлөл, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан

  • Байгууллагууд: Шүүх, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтэй тэмцэх зөвлөл, СЯ, ХЗДХЯ, ГХЯ, ТЕГ, АТГ, ЦЕГ, ГЕГ, Татварын ЕГ, ХХЕГ, УБЕГ, МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, ИНЕГ, УОКШШ, Их Тэнгэр цогцолбор,
  • Мэргэжлийн холбоодын төлөөлөл: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Хуульчдын холбоо, Нотариатын танхим, Алт арилжаалагчдын холбоо,
  • Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл: Голомт банк, Хаан банк, Тээвэр хөгжлийн банк, Лэндмн ББСБ, Транскапитал ББСБ, Нэйшнл лайф даатгал, Тэнгэр даатгал, Би ди сэк ҮЦК, Ти ди би капитал ҮЦК, Монум ХЗХ, Кредит юнион Монгол ХЗХ, Платин сити ХХК, Юу Ай Пи ХХК, Исэнсо дэлгүүр, Diamond house дэлгүүр, Deloitte аудит, Мүүрь аудит, Минтэр Эллисон хуулийн нөхөрлөл, Төв consulting болон бизнес эрхлэгч н.Болдбаатар, нотариатч н.Батцэцэг, н.Алтанзул нартаа баярлалаа. Удахгүй Монгол Улс “Саарал жагсаал”-аас гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзан, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилгын талаар мэдээлэл хийн, дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. Хүүхэд бүрийг эрүүл чийрэг, монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллах.
  2. Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг шинээр барьж, өргөтгөн, хамран сургалтын хувийг ахиулсан бол ирэх дөрвөн жилд сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах.
  3. Багшийн ур чадварыг хөгжүүлж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  4. Тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн сурах эрхийг хангаж ажиллах. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжих, сурах онцлогийн талаарх мэдлэг, ойлголт, эерэг хандлагыг бүх багш, эцэг эхэд төлөвшүүлэх
  5. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар нь хөгжлийн зүтгэх хүч, чиглүүлэгч байх ёстой. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм шинжилгээний санхүүжилтийг 4 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэд Монгол орныхоо хөгжилд бодит үр дүн үзүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлэхийг та бүхэнд үүрэг болгож байна.

Оюун боловсролтой, эрдэм мэдлэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэх нь Монгол төрийн бодлого, анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ сурч мэдэх, тасралтгүй хөгжих зүй ёсны тэмүүллийг дэмжин, ажиллахыг хүсье гээд амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

81,062 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 25,840,259.08 төгрөгийн үнийн дүн бүхий 81,062 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК” ХК (BUK +6.19%) болон “Хөвсгөл алтан дуулга ” ХК (ADU +4.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол савхи ” ХК (UYN-6.25%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -3.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.3 хувиар өсөж 17589.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,607,576,461,196.49 төгрөг боллоо

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.