Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х. Баттулга төрийн дээд одон медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр салбартаа амжилт, бүтээлээрээ тэргүүлсэн зарим хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Эндээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнууд төрөн гарах аж.

Мөн өнөөдөр Төв, Говьсүмбэр аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Чулуун: Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно

Соёлын сайд С.Чулуунтай ярилцлаа.


-Соёлын яам шинээр байгуулагдаад удаагүй байна. Яамны зүгээс соёлын салбарт ямар бодлого барьж ажиллах чигтэй байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Шинээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газрыг байгуулахдаа Соёлын яамыг шинээр байгууллаа. Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын үед Соёлын яамыг байгуулах бүхий л ажлыг хангасан байсан. Соёлын яам үндсэндээ 24 жилийн дараа бие дааж байгуулагдлаа. Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаа, өв соёл, соён гэгээрэл урлаг уран бүтээлийг төрийн бодлогын түвшинд бодлого болгон тодорхойлж хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчлэх зорилго бүхий төрийн төв байгууллага.

Манай яамны үндсэн бодлого бол эрх зүйн орчнуудыг баримтлах, эрх зүйн орчныг бий болгох шинээр хууль журам дүрмүүдийг цэгцлэх ажил хийгдэж байна. Намрын чуулганаар гурван хууль хэлэлцэгдэнэ. Соёлын талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэхээр ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагуудын томоохон бүтээн байгуулалт болох Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сангийн ажлыг өрнүүлж байна. Энэ жилдээ багтаж 11 давхар Үндэсний номын сангийн барилга ашиглалтад орно. Одоогийн улсын номын сангийн чадамжаас гурав дахин том, олон улсын стандартад нийцсэн номын сан байгуулагдах юм. Ирэх жил Монголын хаад язгууртнуудын музей байгуулагдана. Энэ музей 100 жил Монгол Улсын түүхэнд хийгдээгүй томоохон соёл урлагийн бүтээн байгуулалтын нэг илэрхийлэл. Чингис хааны музей байгуулагдсанаар олон асуудлыг шийдвэрлэнэ.

Нэгдүгээрт, аялал жуулчлалын том төв болно. Хоёрдугаарт, шаардлага хангасан нөхцөлд байдаггүй олон соёлын өвийг стандарт нөхцөлд хадгалах боломж бий болж байгаа. Гуравдугаарт, монголчуудын өв соёл, үүх түүхээрээ бахархаж үндэсний үзлийг төлөвшүүлэх том төв болно. Дөрөвдүгээрт, Чингис хааны музей олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн, үйл ажиллагаа явуулах боломжтой газар болно. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх жилийн хавраас үйл ажиллагаа нь эхэлнэ. Монгол Улс байгаль, түүхийн гайхамшигтай өвт газар. Энэ бүхнийг үзүүлэх боломж Байгалийн түүхийн музейг байгуулснаар бүрдэнэ. Хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх нэг том газар болохоос гадна соён гэгээрлийн төв болох боломжтой. Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдэж, 10 га газрыг чөлөөлж өгсөн.

Зураг төсөл нь хийгдээд дуусчихсан. Зарим тоног төхөөрөмж олон улсын дэмжлэг туслалцаа нь шийдвэрлэгдсэн. Барилгын ажил ирэх хавраас эхлэх төлөвлөгөөтэй. Дөрвөн их бүтээн байгуулалт дуусахаас гадна Төв аймагт археологи угсаатны зүй үндэсний музей лаборатори байгуулагдана. Хөвсгөл нуур дээр Хөвсгөл нуур музей байгуулагдана. Аялал жуулчлалын томоохон төвүүдийг дагасан өв соёлт газруудад энэ ажлууд хийгдэнэ. Мөн урлаг уран бүтээлийн хувьд бид дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно. Соёл, урлагийн байгууллагуудын боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх ажлууд дээр голлож анхаарна. Түүнчлэн хүүхэд багачуудад зориулсан хүүхэлдэйн театр барих, циркээ засах, хүүхдийн үндэсний номын сан байгуулах зэрэг ажил шат дараатайгаар хэрэгжих юм.

-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар хүндхэн байна. Бусад улс орнууд цар тахлын аюул намжаад ирэхээр өөр өөрийн улс руугаа аялагчдыг татах арга хэмжээ авч эхэлж байна. Бидний хувьд өв, соёл түүхээ дэлхийд таниулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Бид зөвхөн аялал жуулчлалын нүдээр өв соёлоо харахгүй байна. Монгол Улс оршин тогтнох дархлаа болгож харж байгаа юм. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг бий болгож болно. Эдийн засгийг солонгоруулахад манай яам оролцох ёстой. Соёл урлаг гэдэг заавал бүтээгдэхүүн, үр дүн гэхээсээ илүү оюун санааны соён гэгээрлийн гол цэнэг нь байдаг. Дэлхийд болон бүс нутаг дээр бид өв соёлоо хэрхэн таниулах вэ гэхээр эхлээд өөрийн хадгалалт, хамгаалалтыг бий болгох хэрэгтэй. Өв соёлынхоо бүрэн бүртгэлжүүлэлтийг хийж цахимжуулах хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очоод гар утсандаа татсан аппликэйшнээсээ хайлт хийхэд тэр нутагт байгаа бүх дурсгал таны гар утсан дээр гарч ирэх юм. Монгол Улсын бүх дурсгалуудыг системд оруулна. Бид цахим соёлын өв гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн. Emongolia хөтөлбөрийн хүрээнд цахим соёлын өв хэрэгжинэ. Түүнчлэн соёл урлагийн бүх байгууллагуудыг цахимжуулна. Гэртээ байхдаа цахимаар урлагийн тоглолт үзэх, тасалбар захиалах системийг бий болгож өгнө. Музей, уран зургийн галерей бусад зүйлсийг виртуал музейгээр олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа системийг ашиглана. Мэдээж бид олон улсын томоохон нөлөө бүхий газруудад түүх соёлын дурсгалаараа үзэсгэлэн гаргах хэрэгтэй. Ингэснээр Монгол Улсаа сурталчилж байна. Нөгөө талаас дэлхийд өв соёлоо таниулахаас гадна үүнийг дагаад хөрөнгө санхүү босгох бусад сэргээн засварлалт, боловсон хүчнээ бэлтгэх бололцоо бий болж байгаа. Бид дэлхийд урлаг уран бүтээлчдээ, өв соёлын үнэт зүйлээ гаргах хэрэгтэй. Монгол нутагтаа энэ бүх дата бааз сан хөмрөг үндсэн сууриа системтэй тавьж өгөх нь зүйтэй. Өмнө нь би хүрээлэнгийн захирал байхдаа соёлын өвийн бүртгэл, дата баазын тухай 70,80 хувьтай хийчихсэн ажил бий. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн явуулна гэж бодож байна.

-Та түүхч хүн. Ер нь Чингисийн үеийн биет соёлоос манайд байдаг юм уу?

-Чингис хааны музей баригдахад олон хүн энэ асуудал дээр эргэлзэж байгаа юм. Монгол Улс бол Чингис хааны өлгий нутаг. Чингис хааны унасан газар, угаасан ус Монгол нутагт байна. Бурхан халдун уул гэх өв соёл бидэнд байна. Эзэнт гүрний үеийн хаад язгууртны үеийн булш илрээгүй. Би битгий илрээсэй гэж боддог хүн. Энэ цаг үед илэрч алдагдах вий дээ гэж бодож байна. Эцэг өвгөд маань нээх цагийг нь хүлээлгэж байгаа. Судлаачид язгууртнуудын булш хаана байгааг бараг барагцаална. Янз бүрийн судалгаа явуулаад хадгалж хамгаалж чадахгүй болж магадгүй. Дээрээс нь хууль бус археологийн малтлага судалгаа хийж хулгайчдын гарт алдах аюултай. Эзэнт гүрэн Юань улс, Монголын Чингис хааны үе болон түүний дараах удам хойчийнх нь дурсгал хангалттай бий. Бид дурсгалуудаасаа дөнгөж 30-хан хувийг нь тавина. Чингис болон Монголын эзэнт гүрний үеийн 5000 орчим дурсгал бодитой биетээр тавигдана. Одоо фонд зориулалтын бус газар асар олон Монголын архелогичдын хагас зуун жил малтаж судалсан судалгаанууд ч бий. Бидний олж цуглуулсан, сэргээн засварласан дурсгалууд ч байна. Тэр бүх зүйл маань ард түмний нүдэн дээр тавигдах нь зүйтэй. Чингис хаан Монголын төдийгүй дэлхийн хаан. Дэлхийн улс орнуудын номын санд хадгалагдаж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй зүйлсийг ч Монголд тавих хэрэгтэй. Энэ бол нийт музейн үзмэрийн 16 хувьд багтаж байна. Монгол Улсын газар нутаг анхны төрт улсаасаа хойш бидний өвөг дээдэс бидэнд үлдээхдээ ямар замаар, ямар хаад язгууртнуудын үйл хэргээр өнөөдөр Монголд ирснийг харуулж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник технологийн контентуудыг хэрэглэнэ. Музейд хүүхдэд зориулсан 250 хүний суудалтай кино театр баригдана. Энэ музейд хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, ахмад настнууд бүгд чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болно. Тийм ч учраас би есдүгээр сарын 1-нд бүх музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон. Өв соёлдоо чөлөөтэй орж гардаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг,танин мэддэг газар байх ёстой. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Музей гэдэг хадгалдаг газар биш. Танин мэдүүлдэг, сургадаг, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар байх ёстой. Хүүхдийнхээ тархинд бид хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж хожим өнөөгийн гэмтсэн сэтгэлгээтэй хүмүүсээс тэс өөр хүмүүс болно.

-Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хотыг нээн илрүүлсэн. Соёлын өвд Луут хот хамаарна биз дээ.Энэ хот бидний дэлхийд гайхуулах өв соёл болох уу?

-Монгол олон эзэнт гүрэнг байгуулсан улс. Хүннү, Сяньби, Жужан зэрэг дандаа эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж, газар нутаг, үлдээсэн түүхэн ач холбогдол зэргээрээ Монголын эзэнт гүрэн дотор Хүннү, Монголын эзэнт гүрэн хоёр хамгийн хүчтэй. Хүннүг монголчуудын дээдэс гэж үзэж байгаа. 2000 жилийн тэртээ хүннүчүүд энэ газар нутаг дээр төрт улсаа эмхэлж, тэр төрт улс тасралтгүй явсаар эзэн Чингис хааны үед хүрсэн. Чингис хаан Хүннүгийн үеэс төрт улсаа авч яваа гэдгээ хэлсэн байдаг. Хүннүг зөвхөн нүүдэллэдэг ард түмэн байсан гэж үзэхээсээ илүү төрт улсынхаа хэв шинжийг бүрэн хадгалсан байсан гэдгийг илэрхийлж байгаа нь нийслэл хотууд байгаа юм. Хүннүгийн хотууд шинээр олдож байгаа юу гэвэл үгүй. Өмнө нь олон хот олдсон. Хэрлэн голын савд өвөл, хавар,намар, зуны хотууд илрээд малтаад судлаад явчихсан. Луут хот Орхон Хануйн хөндийн цогцолборт байна. Энд хүннүгийн олон дурсгал байна. Язгууртнуудаас эхлээд жирийн иргэдийн булш, тахилгын газар, одоо хот нь олдож байгаа юм. Энэ хотын онцлог эхний туршиц судалгаагаар хотоос олдсон барилгын материал дээр Тэнгэрийн хүү Шаньюй гэсэн үг байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон чиглэлд сав нутгийг түшиглэсэн Төв Азийн нүүдэлчдийн голомт цогцолборуудыг байгуулна гэж байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Бид асар олон зүйлийг судалдаг. Судлаад харин дараагийн ажлаа хийдэггүй. Тэгэхээр энэ бүх зүйлээ амьд харилцаанд оруулах ёстой. Саяхан бид түүхэн дурсгалт газруудтай танилцлаа. Судлаачдын үр дүн ч гарлаа. Харин хэрхэн инноваци бүтээгдэхүүн аялал жуулчлалын цогцолбор байгуулах вэ гэдэг манай яамны нэг л чиглэл. Урлаг, соёл, түүх гэдэг салшгүй уялдаатай.

Хэрвээ монгол хүн энэ бүхнийг бүрэн ойлгож, танин мэдэж эхлэх юм бол оюун санааны хувьд бүрэн дархлаатай болно. Оюун санааны хувьд дархлаатай хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Үндэстний оршин тогтнох цөм нь Соёлын яамтай бодлого болж явна.

-Соёлын яам соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудал гэсэн үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллана гэсэн. Соён гэгээрлийн нэгээхэн хэсэг нь үндэсний контент болов уу. Үнэн зөв үндэсний контент хиймээр байна гэж байна.Сүүлийн үеийн контентууд дээр шүүмжлэл их анзаарагддаг. Манай сүүлийн үеийн контентуудыг та хэрхэн үнэлж дүгнэж сууна вэ?

-Хэвлэл мэдээллийн яам нь манай яам гэж боддог. Та бүхний үндсэн зорилго бол хэвлэл мэдээллийн гол контентууд өв соёл өөрсдийн онцлог амьдралын хэв маяг өөрсдийн урлаг соёлоо сурталчилах. Үндэсний контентуудыг их системтэйгээр явуулмаар байгаа юм. Солонгос, Хятад шиг яагаад нэгдсэн системтэй явахгүй байна гэхээр нэгдсэн бодлого байхгүй. Одоо контентууд дээр тусгай бие даасан мэргэжилтэн гаргаад нүүдлийн соёл иргэншил дээр ямар контентууд явуулах юм, ардын урлаг өв соёл дээр ямар контент явуулах юм гэдгээ системтэй болгох ёстой. Тэр контентуудаа Монголдоо цацах, бүс нутагт цацах, дэлхийд цацах гээд өөр өөр байна. Япон, Солонгос, Польш улсууд дэлхийд чиглэсэн үндэсний контентуудыг маш сайн явуулдаг. Узбекүүд пловоо ЮНЕСКО-д бүртгүүлээд тэр нь дэлхийд брэнд болж харагдаж байгаа биз дээ.

-Манайх үүнтэй адил дэлхийд брэндтэй болох хэрэгтэй юм биш үү?

-Манайх дэлхийн брэндтэй болох ёстой. Түүнийгээ бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээд орхидог үхмэл байдлаасаа салах ёстой. Бүртгүүлснийхээ дараа жинхэнэ ажил хийх ёстой юм. Бурхан халдун, Орхоны хөндий, Алтай хадны зургийг ЮНЕСКО-д бүртгүүлчихээд одоо л захиргаагаа байгуулж байна гэхээр харамсалтай. Хадгалах, хамгаалах, танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, үр дүнг нь хүртэх гээд бүхэл бүтэн системээр нь явах ёстой. Судлах бол нэг асуудал. Хамгийн гол нь түгээн дэлгэрүүлж хүмүүст хүргэх шаардлагатай.

-Манай улс 2025 оноос монгол бичигийг хос бичиг болгож хэрэглэж эхэлнэ. Өмнөд Монголд болж байгаа эх хэлний төлөөх тэмцлийн талаарх байр суурийг тань сонирхмоор байна?

-Монгол бичиг үндэстний нэгдлийн толь. Монгол бичгийн талаар манай яаманд хариуцсан тусгай мэргэжилтэн ажиллаж байна.Бид үндэсний хэлний зөвлөлтэй хамтарч ажиллана. Монголчууд бичиг үсгээ сэргээх, монгол бичиг рүүгээ орох, хос бичигтэн болох зам руу явна. Монгол бичгийг хэрэглээ болгох шаардлага үүссэн. Хэрэглээ болгож чадахгүй байгаа учраас бид их хол хөндий байгаа юм.

-“Монголын нууц товчоо”-ны эх хувь хаана байдаг вэ?

-“Монголын нууц товчоо”-ны эх хувь нь Тайваньд байдаг. Монголын нууц товчооны 280 зүйлийн 200 гаруй зүйлийг нь багтаасан алдарт “Алтан тов”ч Монгол Улсад байгаа. “Алтан товч” илэрч олдсоноор “Монголын нууц товчоо” монголоор байсан нь тодорхой болсон. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнд зориулж томоохон арга хэмжээнүүд хийхээр төлөвлөсөн. “Монголын нууц товчоо” дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдлээ. Ер нь Монголын нууц товчоо бол Монголын дэлхий дахинд түгээсэн библь гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөлд саналаа нэгтгэх юм.

-Энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудал-

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцах.

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “Их Засаг” танхимд;
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцах.

ГУРАВ. НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт Төсвийн байнгын хороо, Дэлхийн банктай хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хээрийн хууль (II)


Түрүүч нь 186(6552), 192(6558) дугаарт

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ТАВ. БОЛНО, ГЭХДЭЭ БОЛОХГҮЙ

Хошин урлагийн “Х түц” хамтлагийнхны нэг хөөрхөн шог байдаг юм. Төрийн байгууллагаар дамжин жижигхээн юм хөөцөлдөж буй өвгөн (жүжигчин Аглуу) гарна. Төрийн албан хаагч хүүхэн (жүжигчин Бархүү эмэгтэй дүрд тоглодог) уулзах тоолонд нь шинэ шинэ шалтгаан зааж буцаана. Үүнийг мэдсэн хашир өвгөн шаардаж магадгүй олон юмыг нь давхар бэлдээд ирэх боловч ажилтан заавал нэг юм олно доо. Төр иргэн хоёрын хооронд дараахь яриа өрнөнө.

-Та энэ төрсний гэрчилгээндээ баталгаа аваад ир!

-Аваад ирсээн. Миний төрсөн сумын захиргааны бичиг энэ байна аа.

-Наадах чинь хүчингүй ээ. Сумын иргэд нь таныг тэнд төрснийг батлах ёстой.

-Батлуулаад ирсээн. Манай сумын бүх хүний гарын үсэг энэ байна аа.

-Бас л биш байна. Таныг төрөх үед байсан бүх хүний гарын үсэг хэрэгтэй.

-Тэдний ихэнх нь нас барсан шүү дээ, яах вэ?

-Тэднийгээ “Нас барсан” гэсэн бичиг аваад ирэхэд тийм хэцүү байна уу?

Энэ мэтээр албан хаагчийн шинээр шаардах баримт бичиг, боох, саатуулах санаа дуусна гэж үгүй.

Хошин шог бол бодит амьдралын толин тусгал учраас хүмүүс инээдэг. Огт байхгүй зүйлийг шоолох аргагүй. Дээр шоглолын ажилтан (Бархүү) бол өөрийгөө “би бол хууль” гэдгийг харуулж, тэндээсээ нүүдэлчний таашаал авч буй хэв шинжит дүр. Хуулийн дээгүүр гарч, доогуур шургахаас гадна, өөрийгөө хуулин дээр нэмж өөрийгөө илэрхийлэх хэлбэр. Хүнд суртал хэмээх сонгодог ойлголтоос өөр юм ярьж байна шүү.

Үнэхээр, манай дунд шатанд ажилладаг, ялангуяа зөвшөөрөл олгох, шалгах эрх бүхий ажилтнуудын иймэрхүү“боолт” нийгмийг маш их бачимдуулдаг. Үүнийг, авлига нэхэж буй хэлбэр гэж үздэг нь үнэний хувьтай ч өөр шалтгаан нь өөр. Авлигаас илүүтэйгээ өгч байгаа таашаал нь нүүдэлчний өөрийгөө илэрхийлэх, престижээ харуулах явдал. Хууль тогтоогчид “Хууль ямар хамаатай юм бэ” гээд дээгүүр нь алхаж өөрийгөө бататгадаг бол дунд шатны албан хаагчид “Би бол хууль дээр нэмэгдсэн дүрэм” гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг. Тэрнээс биш цөмөөрөө л авлига нэхээд, гар хараад байгаа юм биш.

Монгол төрийн зарим албан хаагчийн хувьд иргэний хэргийг шууд шийдээд өгөх нь нэг гомдолтой, албан тушаалаа ч хүндлээгүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Иргэнийг ч нэг удаа буцаахгүйгээр, нэг ч юм нэмж шаардахгүйгээр хэргийг нь бүтээгээд явуулбал төрийн албыг хэтэрхий хөнгөнд оруулж байгаа мэт гоморхолтой. Төр бол хүнд суртал мөн, төрийг ч хүнд суртлаар дамжуулан илэрхийлдэг ч үнэн. Гэхдээ төр дээр албан хаагчийн өөрийн илэрхийлэл,оршин буйн баталгааг нэмэхээр хэцүү болоод байгаа юм. Энэ бүхэнтэй тулж бачимдсан иргэн гүйж гараад, урсгал сөрөн улаан гэрлээр сэм гарч “өөрийгөө бататгаад” дотор цэлмэн цааш одно.

ЗУРГАА. БОЛОХГҮЙ, ГЭХДЭЭ БОЛНО

1983 оны намар оюутны амралт дуусгаад хот руу буцах гэтэл онгоцны билет олддоггүй долоо хонолоо. Сургуульдаа буцаж буй олон зуун оюутан дээр ажил хэргээр Улаанбаатар орох хүмүүс нэмэгдээд тэр. Хуваарь ёсоор 50 хүний суудалтай Ан-24 онгоц өдөр бүр нисэх боловч нэмэгдэл рейс гарвал газар дээр нь билет бичээд суулгана гэх тул бүгд онгоцны буудал дээр өнжинө.

Аа тийм, иргэдийн орон нутгаас гарах зөвшөөрөл, албан томилолтыг шалгаж байж тийз бичнэ.

Харин оюутнууд бол “Оюутны үнэмлэх” нь түүнийг орлох боловч хүн бүр нэг шуудайгаас доошгүй өвс түүж тушаасан бичиг заавал авчрах ёстой болов. Аймгийн захиргааны шийдвэр гэнэ. Бүх хүн, нэгдлийн мал сүргийг өсгөхөд хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмэр оруулж байгаагаа өвс зулгаан нотлох үүрэгтэй.

Манай голынхон л гэхэд Завхан голын Цагаан булан, тэр хавийн жижигхэн арал, Уртын хавцал гэсэн хоёр гуравхан газраас л хадлан авдаг. Өөр хадаад авчихаар өвс ургасан газар үгүй тул энд тэнд ургасан уртхан өвсийг зулгаан шуудайлна. Ийм учраас “өвс түүх”, “өвс зулгаах” гэж их ярина.

Өвс зулгаах ч яахав, гол нь онгоц буудлаас тийм шийдвэр гарахыг мэдээгүй учраас бичиг бэлдсэнгүй. Ер нь, амарч яваа оюутнууд нэг их өвс зулгаадаг ч юм биш. Сумын нарийн бичгийн дарга, эсвэл бригадын дарга дээр очоод нэг тийм бичиг хэрэгтэй байна гэхэд,

-Уг нь бол хууль номд харш шүү. Гэхдээ яахав, чамайг бодоод хийгээд өгье л гэнэ. Ном сайн сураад, эх орондоо ихийг бүтээн, энэ мэт бичгээ харамлаагүй нам төрийн ачийг хариулаарай хэмээн захих нь ч бий.

Залуучуудын эвлэл, Улаан загалмайн хорооны бичиг байсан ч болно. Учир нь бүгдээрээ хадлан бэлдэхэд оролцох үүрэгтэй, хэн нэгэн түүсэн өвсөө тэдний шугамаар тушаагаа л биз.

Энэ удаад манай сумын баахан оюутан өвсний бичиггүйгээс онгоцонд сууж чадахаа болиод ар гэр лүүгээ хэл өглөө. Удсан ч үгүй, замын хүнээр дайж явуулсан дугтуйтай зүйл бидэнд ирлээ. Бэлэн бичиг биш ээ. Нэгдлийн болон мал аж ахуйн бригадын даргын тамгатай баахан хоосон бланк хуудас ирсэн дээр бид өөрснөө бичиг зохион үйлдээд тийзээ бичүүллээ. Би ч гэсэн “Тодорхойлолт: МУИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Цэнддоо нь хоёр шуудай өвс зулгаан тушаасан нь үнэн” гээд гарын үсэгний оронд сараачлаа. Ер нь сайн гарын үсэг бол сараачмал байдаг биз дээ.

Иймэрхүү “Уг нь хууль номд таарахгүй зүйл. Гэхдээ чамайг бодоод зөвшөөрч байна” гэдэг бол тал нутгийн хуулийн зарчим. Зарчимгүй, хүн муутай этгээд л нүүдэлчний оршихуйд харштай, гадаад гүрний тулган батлуулж, албадан мөрдүүлсэн хуулийг яг таг хэрэгжүүлдэг аж.

ДОЛОО. “ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮН

Монгол “хэлний хэрэгт дуртай хүн” хэмээх томьёлол өөрт хамаагүй юманд ороолдож явдаг, ер нь л өөдгүй этгээдийн нэр юм. Гэхдээ авгай хүүхний хэрүүлд хутгалдаад явчихдаг хэмжээний хүнийг ч хэлдэггүй. Хууль дүрэм зөрчигдөж байгааг сайн дураараа мэдээлдэг, хуулийн хүрээнд бусдыгаа амьдруулахыг хичээдэг л хүний хоч байгаа юм. Эрүүл, иргэншсэн нийгмийн бол хэв шинжит дүр л дээ, уг нь бол.

Малчин ардууд, “хэрэгт дуртай” хүнээс их цэрвэж, хэрэгт дурладаггүй этгээдийг бол машид хүндэлнэ ээ. Хууль биелүүлэхийг шаарддаггүй, дүрэм зөрчигдөж байгааг хараад нүдээ анидаг бол олны хайрыг хүлээнэ гэсэн санаа.

Миний багад, малчид наадмаар өөр өөр зорилготойгоор гурав хуваагдан хэргээ бүтээдэг байв. Хамгийн эхэнд сайн морио унаж, сайхан дээлээ өмсөөд наадам үзэж цэнгэх хүмүүс. Энд залуус охид голлоно. Харин дараагийн хоёр нь сумын дарга нар, нам эвлэлийн хариуцлагатан нар болоод Нийгмийг аюулаас хамгаалах Яамны аймаг дахь хэлтсээс суманд суудаг төлөөлөгч нарыг наадамдаад, хээр талд “хууль эзгүйрэх”-ийг анасан хүмүүс.

Долдугаар сарын аравдаар тарвага тарга авч, анчдын ярьдгаар “элэг нь цайх” тул боодог хийхэд яг таардаг үе. Тарвага алахыг хориглодог байсан юм биш. Тухайн үед олон мянган тарвага агнаж, арьсыг нь Зөвлөлтөд гаргах ба хатуу төлөвлөгөөг гүйцээхийн тулд насанд хүрээгүй хүүхдийг ч ан агнуурт татан оруулдаг байсан цаг. Гэхдээ, тарвагагыг арьс үс нь ургаж гүйцэхээс өмнө агнахыг буюу 8 сарын 15-наас өмнө агнах, мөн Зөвлөлтөд гаргадаг үнэт түүхий эд болох арьс үсийг нь түлж устгах нь гэмт хэрэг байв.

Иймээс тарваганы хорхойтнууд наадам үзэж бөх морь харсанд орвол уулын хярд гарч боодог хийхийг илүүд үзнэ. Боодог хийж байгаа этгээдүүд уулын хяр дагадаг нь бас учиртай. Тэднийг түүдэг галын утаагаар нь илрүүлэхээс сэргийлж байгаа арга. Энэ аргыг мэдэхгүй хүн бол нөмөр газар гал асааж, бөөн утаа май тавиад өөрийгөө илчилж мэднэ. Хяр газар түлсэн гал унгасах гэж баагихгүй, салхинд үлээгдэн агшин зуур дүрэлзэх тул утаа гардаггүй юм.

Хууль эзгүйрсэн зайг ашигладаг өөр нэг шалтгаан бол цэвэр аж төрөл, ахуй амьдралын хэрэгцээнээс урган гарсан зүйл. Улсын төлөвлөгөөнөөс давсан ноосоо атга чимхээр жоорлосоор байгаад сэмхэн эсгий хийж, гэрийн бүрээсэндээ “хууль бус”-аар нэмэрлэх малчид энд орно. Яалт ч үгүй, социалист хууль ёс, коммунист хүмүүжлийн таван зарчмыг хөсөрдүүлэн гэрээ дулаалсан явдал.

Нам засгаас малын бүхий л ноосыг улсад тушаах үүрэг тавьдаг байлаа. Ноос, ноолуур, сүү, үс хялгасны гарцыг дундажлан гаргаад, түүнийгээ заавал улсад тушаахыг үүрэг болгоно. Хариуцан маллаж байгаа нэгдлийн сүргээс гадна аминд байх лимиттэй хэдэн малд ч энэ үүрэг тэгш ногдоно. Ухаандаа, таны монголсох зан гэнэт гижигдээд хурдан морь худалдаж авлаа гэхэд жил бүр, түүнийхээ хөөврийг самнаж, дэл сүүлнээс хярган тушаах үүрэг хүлээх ба эс биелүүлбэл торгохоос эхлээд хуулийн хариуцлагад татагдана гээд ойлгочих.

1960 онд бүх өмчийг улсад хураахаас өмнө хувийн малынхаа ноосыг дутаасан хүнийг 10 жил хүртэл шоронд хорьдог байсныг бодоход “хүнлэг энэрэнгүй” социализм болоод байсан цаг шүү дээ, ХХ зууны далаад он бол.

Өгсөн төлөвлөгөөнөөс илүү ноос хяргавал яах вэ гэж үү? Авч үлдэж болохгүй, нэмж тушаагаад “баярын бичиг”-ээр шагнуулах үүрэгтэй. Ийм учраас малчид төлөвлөгөөнөөс илүү гарсан ноосоо хадгалах, хувиараа эсгий хийж гэрээ бүрэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орж байсан юм. Хэрвээ чи эсгий хийж байгаа бол ноосоо бүгдийг нь улсад тушаагаагүй гэсэн үг.

Гэвч, улсын үйлдвэрт хийдэг “Комбинат эсгий” буюу бор эсгий нь ховроос гадна, юуны ч юм бэ хялгасаар дүүрэн, маш хүнд жинтэй. Сумын худалдаанд өдрийн од шиг ховор ирдэг бор эсгийг жаатай нэг нь авна. Ийм болохоор малчид аргагүйдэн эсгий хийдэг байжээ.

Тэр жил Өвөр Хөндлөнд зусч байсан арваад айл наадмын хоёр өдрийг таширалдуулан эсгий хийхээр явлаа. Дээд тал нь туурганы, уруудаад өрхний, арга ядахад тохомны эсгий хийх ноосоо нийлүүлээд замаас зайдуу Мянган хэмээх том уулын хяр өөд, Хярын зуслан гэдэг газар луу явлаа. Хуулийн ойлголтоор бол бүлэглэн үйлдэж буй гэмт хэрэг юм даа. Хоёр өдрийн дараагаар уулнаас буухдаа баяртай бас айдастай ирцгээлээ, манай голын “гэмт хэрэгтэн” нар.

Эсгий сайхан болсон нь баяр хөөрийн шалтгаан аж. Харамсалтай нь, Дүгэрсүрэн дарга яг ороод ирж гэнэ. Бөөн айдас байвч, “Дүгэрсүрэн дарга хүн сайтай”, “хэрэгт дуртай хүн биш” гэсэн хоёрхон тодорхойлолтоор сэтгэлээ зогоосон улс.

Дүгэрсүрэн гуай бол манай голынхныг нэгтгэсэн Соёл бригадын дарга юм. Миний анх харсан, ер нь тэр үед сумандаа ганц байсан авагддаг хиймэл шүдтэй хүн. Олон хүүхэдтэй, тэднийх нь заримтай би найзалдаг, гэм халгүй байрын л хүн л дээ, уг нь.

Дүгээ дарга юугаа хийж явсан юм бүү мэд, аягүй бол хэн нэг нь түүнд “Өвөр хөндлөнгийн хэдэн айл эсгий хийх гээд байх шиг” хэмээн халуун хошуу өргөсөн ч байж мэднэ. Халуун хошуу өргөх гэдэг нь хошуугаа хүний чихэнд ойртуулан, халуун амьсгаагаар төөнөн байж хов зөөхийн нэр юм. Эсвэл, мань шал өөр юм бодсон ч байж магад.

Дүгэрсүрэн дарга тэдэн дээр ирээд мэнд ус мэдэлцсэнээ, баахан хүрлийж байгаад,

-Ноосны төлөвлөгөө биелсэн үү гэж асууж, нөгөөдүүл нь,

-Биелсээн, дарга аа хэмээн хоороор хариулж.

Дарга мөн л хүрлийж байснаа,

-Энэ жилийн ноос бэлтгэх төлөвлөгөө давахаар байгаа юу,

-Давуулна аа дарга аа хэмээн хоолой нийлүүлж. Дарга нэмж үг хэлэлгүй, хүрлийсээр яваад өгчээ.

Манайхан тэр явдлаас хойш даргыгаа “Хэрэгт дурладаггүй сайн хүн” хэмээн магтаж, үгэнд нь орно гэж жигтэйхэн болов. “Ноосны төлөвлөгөө давуулна биз дээ” гэхэд нь хонь таргалаагүй, ноос хөөрөөгүй гэхчлэн шалтаг заахын оронд “Давуулна аа дарга аа” гэлцэнэ. Ер нь арга, баширтай Дүгэрсүрэн гуай, эсгий хийх сураг дуулаад, үгэнд ордоггүй хэсэг нөхдийн чихийг зөөлөн болгох гэж хийсэн ажил ч байж мэднэ. Энд хэрэглэсэн “Зөөлөн чих” бол ямар нэгэн юманд буруутаж, чихээ мушгиулах шийтгэл хүлээсээр байгаад өнөө муу нь элдүүр аваад зөөлөрсөн гэсэн үг юм. Байн байн шийтгүүлсээр хаширсан нэгэн ажгуу.

Дүгээ дарга шиг хэрэгт дурлаад явдаггүй хүн ч олон, эсрэгээрээ хэрэг олж дурлаад болдоггүй нь ч байх, манай тэнд.

Далаад онд манай суманд малын бага эмч ажилтай нэгэн шилжиж ирлээ. Улаан доктор гэж хүмүүс дуудах. Улаан доктор хатуу ундаанд дуртай, халамцуухан үедээ мал нь өвдөх байтугай, өвдөх малгүй айлаар хэсч явах нь элбэг. Тэр үед суугаад уух газар ч, тэгдэг соёл нь ч хаа байлаа. Хэнбугай ч болов жаахан халамцахаараа л “Тэднийд ганц шил юм байж магадгүй”, “Эднийх ч надад ганц юм гаргавал гаргах л айл даа” гээд бие биенээ хэсүүчлэх тул гайхах ч юм биш.

Харин Улаан доктор зүгээр айл хэсэхгүй, үзэл суртал сахиулах ажил хийж, хөгшчүүлийн бурхан шүтээн, зул хүжээр оролдож зовооно. Далаад онд социалист үзэл санаа ерөнхийдөө ялаад одоо коммунизмд шилжих цаг болсон гэж үзэж байсан юм. Ийм учраас нугалаа завхрал гайгүй, Соёлын довтолгооны эхэн үе шиг настайчуудын бурхан шүтээнтай дайтах нь багасаад байсан цаг. Хуучны хоцрогдсон нэг эмгэн хоймортоо Буддагийн сувенир тавьсан мэт л хараад өнгөрчихдөг байж. Гэтэл, Улаан доктор манай эмээг маань оролдож зовоогоод байх болов. Хувьсгалчдаас ч илүү сонор сэрэмжтэйгээр шашин шүтсээр ирсэн эмээ маань, “улаан” докторын айсуй бараанаас бурхнаа нуучих боловч зулаа яаж ч чаддаггүй байжээ. Асч байгаа зулаа үлээх нь бүү хэл сэвж далдичуулахын нүгэл гэж үзнэ. Ингээд өөдсөн чинээ бяцхан зул Бурхан нь эзгүй хойморт сүүмэлзэн үлдээд эзнийгээ хэрэгт хийн алдана даа.

Мөнөөх согтуу маркист чинь зүгээр явчихгүй.

-Содномдамба гуай та зул өргөж болохгүй. Зул өргөж байгаа хайран шар тосоо өөрөө уух хэрэгтэй гэхчлэн дүрэмдэн, бараг л миний нүдэн дээр уугаадах гэх нь холгүй.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Төгрөгийн ханш яагаад сулраад байна вэ?

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш аажимдаа суларсаар байгаа. Найман шарга валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2853 төгрөгөөр авч 2856 төгрөгөөр зарж байв. Бонд гаргасан, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй, алтны үнэ огцом өсөлттэй яваа, Оюу толгой төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа гэх мэт эерэг шалтгаанууд бий ч цар тахлын хөл хорионоос болж эрс татарсан гадаадын хөрөнгө оруулалт сэргэх найдлага лав л ойрын нэг жилдээ байхгүй гэж шинжээчид хэлж буй. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүйгээр ам.долларын ханшийг удаан хугацаанд хазаарлах боломжгүй гэж эдийн засагчид онцолж байна. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлоод дажгүй доллар олж байгаа ч цар тахлын хөл хорионоос шалтгаалж ноолуур гэх мэт экспортын бусад бараа бүтээгдэхүүний ашиг орлого татарсан зурагтай байгаа. Төгрөгийн ханшийн сулралын шалтгааныг эдийн засагчид хэрхэн харж буйг хүргэе.

Ч.ОТГОЧУЛУУ: ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОСОНГУУЛЬД ЗОРИУЛАГДААД ЯВААГ ЗАХ ЗЭЭЛ МЭДРЭЭД БАЙНА

Эдийн засагч Ч.Отгочулуу: Ханшийн сулралыг гурван үндсэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг маш өндөр хэмжээтэйгээр баталсан. Төгрөгийн ханшийн сулралд нөлөөлөхөөс аргагүй шалтгаан. Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал муудсан учраас төлбөрийн тэнцэл тааруу байгаа нь тодорхой. Гуравдугаарт, иргэдийн төгрөгт итгэх итгэл суларчихлаа. Төсөв, мөнгөний бодлого сонгуульд зориулагдаад явааг зах зээл мэдрээд байна. Тийм учир төгрөгөөс илүү гадаад валютаар хадгаламж үүсгэх сонирхол их анзаарагдаж байна.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ХАНШ СУЛРАХ ШАЛТГААНЫ НЭГ НЬ БОДЛОГЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төгрөгийн ханш суларч байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Эдийн засгийг хөгжүүлэх тогтвортой бодлого алдагдсаны улмаас уул уурхайгаас хэт хараат олон тулгуурт бус эмзэг бүтэцтэй болсон явдал төгрөгийн ханшийн сулралд нөлөөлж байна. Сая хэлсэн бодит байдал валютын тогтвортой урсгалыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгаа. Нөгөө талаас тогтвортой бодлого байхгүйгээс болж өнөөгийн эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хязгаарлаж байна л даа. Өөрөөр хэлбэл, энэ байдалд валютын орох урсгалд сөргөөр нөлөөлөх үндсэн нөхцөл болчихоод байгаа юм. Иймээс урт хугацаанд валютын ханш аажим нэмэгдэж, үндэсний валютын ханш буурсаар байх нь хатуу ч гэлээ үнэн. Богино хугацаанд гадаад өрийн дарамт нэмэгдсэн асуудал бас бий. Зээл төлбөрөө эргэж төлөх цар тахалтай холбоотой эдийн засаг, гадаад худалдааны байдал дордсон нь валютын ханшийн өсөлтийг бий болгож байна.

Б.ЛАКШМИ: ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨЖ БАЙЖ ХАНШИЙН СУЛРАЛААС СЭРГИЙЛНЭ

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Төгрөгийн ханш судларч байгаагийн наад захын шалтгаан гэхэд л экспортын бууралт, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт эрс татралт. Мэдээж цар тахлын хөл хорио маш том нөлөө үзүүлж байгаа. Шинэ төслүүд эхлэхгүй байна. Уг нь ийм үед эхлэх боломжтой, эрхлэхэд бэлэн шинэ төслүүдийг засаг төрөөс бодлогоор дэмжиж эхлүүлбэл төгрөгийн ханшийн сулрал санаа зовох асуудал биш болно. Том төслүүд зогсчихсон, том компаниудын үйл ажиллагаа хэцүүдсэн гэх мэт олон шалтгаан төгрөгийн ханшийн сулралд нөлөөлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сэргэлэн: Найруулагчийн тавьсан шаардлага, үзэгчдийн хүлээлтэд хүрэх нь миний хувьд хийх ёстой ажил, давах ёстой даваа

Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан Анна Каренина жүжиг аравдугаар сарын 3-наас тоглогдож эхлэх аж. Жүжгийн нээлтэн дээр эх жүжгийг бүрэн эхээр нь толилуулсан юм. Нээлтийн дараа их зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийн гол дүр буюу Алексей Вронскийгийн дүрд тоглож буй залуу жүжигчин Т.Сэргэлэнтэй ярилцлаа.


-150 жилийн түүхтэй “Анна Каренина” зохиол Монголын театрын тайзнаа анх удаа тоглогдож байна. Төлөвлөгдсөн хугацаанаасаа долоон сарын дараа өнөөдөр анх удаа урьдчилсан байдлаар тоглоход ямар байв?

-Сэтгэл их догдолж байна. Үзэгчид ч мөн өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа байх. Уран бүтээлч бидний хувьд төлөвлөсөн хугацаанаасаа олон сарын дараа ингээд үзэгчдийн халуун алга ташилтан дунд жүжгээ нээх энэ мэдрэмжийг юутай ч зүйрлэмгүй сайхан байна.

-“Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тэнгэрийн хүү” зэрэг олон сайхан тайзны бүтээлд ажиллаж байсан гэсэн. Алексей Вронский таны хэд дэх гол дүр вэ?

-Би СУИС-ийг 2014 онд Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Багшаараа маш их бахархдаг. “Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тэнгэрийн хүү” зэрэг тайзны арваад уран бүтээлд тоглосон. Харин Алексей Вронский бол миний гурав дахь гол дүр.

-Энэ том зохиолын гол дүрд олон залуу жүжигчдээс шигшигдэн тоглох хүндтэй үүргийг хүлээсний хувьд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Залуу уран бүтээлчид, тэр тусмаа ид насанд жагсах эрэгтэй жүжигчин бүрийн сонирхох дүр болов уу гэж бодож байгаа. Тиймээс Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байгаа үе тэнгийн залуусынхаа ур чадварын түвшинд хүрч, дүрээ гаргахыг хичээсэн. Найруулагч маань надад итгэсэн учраас энэ дүрийг өгсөн байх гэж боддог.

-Таны хувьд “Анна Каренина” зохиолын дурлалт залуу Алексей Вронскийтой зан чанарын хувьд адил төстэй зүйл бий юү. Вронскийг буруутгах хүн олон байдаг бол хайрламаар зүйл нь таныхаар юу байв?

-Алексей Вронскийгийн юуг нь хайрлаж байна гэдгийг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ээж болон гэр бүлийнхээ нэр төр , үнэт зүйлстэй зөрчилдөн байж хайртай бүсгүйгээ өөрийн болгох гэж тэмцсэн хэрнээ эргүүлээд тэр бүгдийнхээ ард гарч чадаагүй нь хайран бас хайрламаар юм болов уу. Харин өөртэй минь төстэй зан чанар нь шулуун шударга байдал. Энэ зан чанараараа төстэй учраас ажиллахад амар байна.

-Үзэгчдэд хүлээлт үүсэхийн хэрээр жүжигчинд их хариуцлага ирж таарна. Дүрээ өөрийн болгохын тулд хүндрэл бэрхшээлүүдтэй их тулгарсан болов уу?

-Ер нь зохиолыг уншсан хүн бүхэн өөрийнхөө дотор Алексей Вронскийг бүтээчихсэн байгаа. Анна Каренина гэдэг гэр бүлтэй, ёс журамтай эмэгтэйг өөртөө дурлуулах хангалттай хэмжээний дотортой жүжиглэлтийг гаргана гэдэг маш өндөр хариуцлага шүү дээ. Тэгэхээр найруулагчийн тавьсан шаардлага, үзэгчдийн хүлээлтэд хүрэх нь миний хувьд хийх ёстой ажил, давах ёстой даваа. Харин үзэгчдийг сэтгэл дундуур үлдээчих вий дээ гэсэн л багахан айдас төрж байна. Эр хүн бүр эмэгтэй хүнийг өөртөө татах онцгой чанартай. Энэ дүр эрэгтэй хүн байх бүх чанарыг надаас хүсч байгаа.

-“Энэ зохиол хүний амьдралын үе шат, нас насанд өөрөөр уншигддаг” гэж найруулагч Н.Наранбаатар хэлж байсан. Таны хувьд зохиолоо анх уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би “ямар өрөвдмөөр юм бэ?” гэж бодож байсан. Жүжиг “Хожмын тавилан таарвал хоёулаа уулзъя” гэсэн өгүүлбэрээр төгсдөг. Үүнээс харахад хүн амьдралыг босгох гэж тэмцэж явсны эцэст хайр гэдэг зүйлд бүхнээ алдаж болдог. Хайрыг онохын тулд маш их хүч хэрэгтэй юм байна. Гэтэл тэр их хүчийг гаргасан хэдий ч онож чадаагүй болохоор Анна Каренинаг өрөвдөж, хайрламаар л санагдсан.

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хайрыг нэг төрлийн өвчин гэж нэрлэсэн. Мөн дурлал бол ядуусын өвчин ч гэдэг. Тэгвэл энэ уран бүтээлд тоглосноор таны хайр дурлалын талаарх бодол өөрчлөгдсөн үү?

-Би зүрх сэтгэл, хайр дурлал, нэгнийгээ хүсэх хүсэл, гэр бүл энэ бүгдийн талаар огт яримааргүй байна.

-Яагаад?

-Хэн ч хайр дурлалын тухай хэчнээн уран сайхнаар тайлбарлаад ярьж болно л доо. Харин түүнийг үйлдлээрээ илэрхийлэх нь илүү бодитой болов уу. Анна Каренина гэх эмэгтэйг ойлгох тусам гоё сайхан үг, үнэтэй бэлэг, нэг нэгнийгээ хүсэх хүсэл бүгд онц биш санагддаг болчихсон шүү. \инээв\

-Т.Сэргэлэн гэдэг хувь хүн Алексей Вронский болж өөрчлөгдөхөд хэр их хүч хөдөлмөр шаардагдаж байна?

-Сурах юм маш их. “Чи сайхан залуу байх ёстой, чи сайн жүжиглэх ёстой” гээд олон хийх ёстой зүйлсийнхээ дунд маш их юмыг сурч байна. Сонгодог жүжигт тоглоно гэдэг бол нэг ёсны сорилт. Хэрвээ би энэ сорилтыг давж чадахгүй бол жүжигчний хувьд карьер минь дуусна. Яг ангалын ирмэг дээр байгаа л гэсэн үг. Тиймээс бүх зүрх сэтгэлээрээ би Алексей Вронскийг танихыг хичээсэн.

-“Бусдын хувийн амьдралд нийгмээрээ хошуу дүрж эцэст нь тухайн хүнийг ангал руу түлхдэг одоогийн энэ гажуудлыг агуу зохиолч Л.Н.Толстой тэртээд олж харсан байгаа юм” гэж найруулагч Н.Наранбаатар хэлсэн. “Анна Каренина” жүжгээс үзэгчид ямар санаа аваасай гэж бодож байна?

-Найруулагчийн хэлсэн шиг үзэгчид маань бие биенийхээ амьдралыг битгий дүгнээсэй, шүүгээсэй л гэж хүсч байна. Дашрамд хэлэхэд, аравдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл манай жүжиг тоглогдоно. Ирж үзээд, өөр өөрсдийнхөө Анна Каренина, Алексей Вронскийг олж хараарай гэж хэлмээр байна.

С.ЛХАМСҮРЭН

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Халиун: Хүүхдийн нэр төр, эрх ашгийг эн тэргүүнд тавихгүйгээр мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай ярилцлаа.


-Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой цочирдом мэдээлэл сошиал орчинд түгэх боллоо. Ер нь хүүхэдтэй холбоотой мэдээлэлд хэрхэн хандах ёстой юм бэ?

-Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэсэн байдаг. Ялангуяа, бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн мэдээллийг сошиал орчинд төдийгүй тухайн хүүхдийн амьдарч байгаа орчинд, сургууль дээр задруулснаар хүүхдэд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, бусад эрхийг зөрчдөг. Үүнээс гадна олон нийтийн зарим хэсэг нь айдаст автах, нөгөө талдаа бага насны хүүхдийг хүчирхийлж болох юм байна гэсэн сэдэл төрөх эрсдэлтэй. ЦЕГ-аас сүүлийн гурван жилийн байдлаар бага насны 672 хохирогч бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээлэл гаргасан. Үүнээс энэ оны хагас жилийн байдлаар 162 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд ихсээд байна уу гэсэн эргэцүүлэл олон нийтийн дунд бий болж буй. Иргэдийн зүгээс ч энэ асуудлын өмнүүр дуугүй өнгөрч болохгүй юм байна гэсэн хандлага сүүлийн хоёр жилд өөрчлөгдөж эхэллээ. Урьд нь айл гэрийн маргаанд оролцоод яахав, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэх мэт хандлагаар дуугүй өнгөрдөг үзэгдэл байсан шүү дээ. Харин одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй гэдгийг харьцангуй ухамсарласан. Хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, багш, нийгмийн ажилтан төдийгүй иргэн, айл хөршийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг холбогдох байгууллагад нь мэдээлж, таслан зогсоохгүй бол үүний цаана нэг хүний амь нас аюулд орох эрсдэлтэйг ойлгож, хариуцлагатай хандах байдал ажиглагдаж байна.

-Өмгөөлөгч Р.Булгамаа ковидын үеэр таван настай охиныг таван сарын турш өвөө нь хүчирхийлсэн гэж мэдээлсэн. Энэ хэргийн талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээллүүд хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд нэлээд цацагдаад байна. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэхдээ болгоомжтой, ёс зүйтэй, цензуртэй хандах ёстой. Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын нийгмийн ажилтан, эсвэл сэтгэл зүйч мэдэж байгаа юу, мэдээллийг цацах болсон шалтгаан, зорилго нь юу вэ гэх мэтээр бид асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хүүхдийн нэр төр, дээд эрх ашгийг эн тэргүүнд тавихгүйгээр мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж болно. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нас, оршин суугаа хаягийг зарлах нь хүний эрх зөрчиж буй явдал.

-Тэгвэл хүүхэд хамгааллын тогтолцоог илүү боловсронгуй болгож, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд ямар бодлого дутагдаж байна вэ ?

-Бид хамтарч ажиллах ёстой. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хангахад төрийн бүх шатны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилж өгсөн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд “хүүхэд хамгааллын тогтолцоо нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан оролцогч талуудаас авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, цогц үйлчилгээ, статистик мэдээлэл, санхүү, төсөв, мэргэшсэн хүний нөөцөөс бүрдэнэ” гэж заасан байгаа. Манай байгууллага гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, ялангуяа, хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ашиглах чадавхыг бий болгох, хүний нөөцөө чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт урьд нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд үйлчилгээ авахын тулд оочер дараалал хүлээгээд л зогсдог байлаа. Орон нутагт эмч нар нь “хөөе тэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг дууд” гээд л коридорт зарладаг тохиолдол байсан. Харин одоо эрүүл мэндийн салбарт энэ хандлага өөрчлөгдсөн. Ер нь хохирогчийг буруутгах хандлага аль ч салбарт ажиглагддаг. Хүүхэд бол бусдын хайр халамж, дэмжлэг шаардлагатай онцгой субьект юм шүү дээ. Хүүхдийн болоод мэдээллийн нууцлалыг хамгаалах, хадгалах асуудлыг онцгойлон анхаарах ёстой. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн дуудлагын дагуу хэргийн газар дээр очиж ажиллаж байгаа цагдаагийн ажилтан энгийн хувцастай, дуут дохиотой техникийн хэрэгсэлгүйгээр очих хэрэгтэй байна. Учир нь сум, орон нутагт цагдаа очоод ажиллагаа явуулахад эргэн тойрны айл хөршүүд юу болов гэж сонирхож эхэлдэг, олж мэдсэн мэдээллээ цааш нь ам дамжуулан ярьдаг, мэдээлэл тархаж, хүүхдийн бусад эрх зөрчигддөг, хохирогчоо хохироох эрсдэл үүсч болзошгүй гэх мэт асуудлыг анхаарч хүүхдийн асуудалд мэдрэмжтэй хандмаар байна.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд танай төвд хандаж байна уу. Өнөөдөр ямар ч хүүхэд гар утсаараа 108 руу залгаад мэдээлэл өгөх боломжтой болсон шүү дээ?

-Сүүлийн гурван жилийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утас руу хүүхэд өөрөө хандаж цахим орчны зохистой хэрэглээний талаар зөвлөгөө авах, цахим орчны дарамт, дээрэлхэлттэй холбоотой дуудлага, мэдээлэл өгөх хандалт тогтмол өсч байгаа.

Манай Улсын нийт хүн амын 99.9 хувь нь гар утасны хэрэглэгч гэсэн судалгаа бий. Эндээс дүгнэхэд гар утас, интернэт хэрэглээ өндөртэй гэдэг нь харагдаж байна. Манай байгууллагаас 2018 онд хийсэн “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудыг хамруулан хийсэн. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн дийлэнх буюу 92 хувь нь интернэт хэрэглэдэг. Харин 2-3 аккаунттай хэрэглэгч 87 хувь бөгөөд хамгийн түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээ нь фэйсбүүк байсан. Хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан суралцсан гэсэн үр дүн гарсан.

Эцэг эхийн 67 хувь, багш, сурган хүмүүжүүлэгчдийн 79 орчим хувь нь цахим орчны зохистой хэрэглээний талаар өөрсдөө мэдлэг, мэдээлэл багатай, хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавьж, зөвлөдөг эцэг эх 42 хувь, огт хяналт тавьдаггүй 16 хувь байсан. Энэхүү судалгааны үр дүнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагатай хуваалцаж, 2018 оноос хэд хэдэн ажлыг байгууллага бүр чиг үүргийн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, цахим орчны зохистой хэрэглээний талаар хүүхэд, өсвөр үе, эцэг эх, олон нийтэд ойлголт өгөх, цахим орчны дарамт, дээрэлхэлт, хүчирхийллийг таньж мэдэх, мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаас гадна Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэглэгчийн шүүлтүүрийн программыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ буруутгах хандлагаас татгалзаж, цахим орчны зохистой хэрэглээний талаар уншиж судлах, хамтдаа суралцах, хүүхдэд тулгамдаж байгаа асуудлын талаар нухацтай ярилцаж мэргэжлийн байгууллагад хандах зэргээр хариуцлагатай байх хэрэгтэй.

-Ерөөс бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн бүдэг ойлголт л иргэдэд бий. Тэгвэл хүчирхийллийн төрөл хэлбэрийг хэд хуваадаг юм бол?

-Хүүхэд хамгааллын тухай хуулиар “хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж санаатай, эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамтыг хэлнэ” гэсэн байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар хүчирхийлэлд өртөж хохирсон нийт хүүхдийн 58 орчим хувь нь үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд, 30 гаруй хувь нь бие махбодын болон сэтгэл санааны хүүчирхийлэлд, 10 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байдаг. Хүчирхийлэл үйлдэгчдийн 80 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагч, эмээ өвөө, ах эгчийн зүгээс хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдсэн байдаг. Орчноор нь авч үзвэл 69,9 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж хохирч байна.

-Мэдээж түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн засал зэрэг арга хэмжээ авдаг байх?

-Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн бүтэц, нэгжийг 2017 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны найман сарын байдлаар 1240 гаруй хүүхэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан. Үүнээс 715 хүүхэд манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн ба нийт ачааллын 57,3 хувийг эзлээд байна.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэгтэй ажилладгаараа онцлогтой.

-Түр хамгаалах байр нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд байрны байршил нууцлалтай байх ёстой. Манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өдөрт дунджаар 34-41 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, 1,5-2 дахин их ачаалалтай ажилладаг. Энэ он гарсаар 715 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Түр хамгаалах байранд ирсэн үйлчлүүлэгчийг сэтгэл зүйч тайвшруулж, айдас түгшүүр, хямралын түвшинг бууруулах, тодорхойлох, нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд холбон зуучилж ажилладаг. Тухайлбал,үйлчлүүлэгч хүүхдээ яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулж, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж оношлуулах, улмаар тухайн хүүхдийн ханиад томуу нь хүндэрсэн, уушгины хатгалгаа болчихсон, эсвэл харшил нь хүндэрчихсэн,бэртэж гэмтсэн оноштой, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бага насны хүүхдийг туслах нийгмийн ажилтан сахиж эмчлүүлж байна. Түр хамгаалах байранд байх хугацаанд боловсролын үйлчилгээг тасалдуулалгүй хүргэхийн тулд Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах, хөгжлийн хөтөлбөр зохион байгуулах, нярай болон бага насны хүүхдээ асрах, сувилах, хооллох, усанд оруулах гэх мэтээр ажлын ачаалал ихтэй, хүн хүч ч дутмаг байна. Энэ оны зургадугаар сард Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шинээр түр хамгаалах байр байгуулсан, удахгүй үйл ажиллагааг эхлүүлнэ. Ирэх онд Сонгинохайрхан, Багануур дүүрэгт түр хамгаалах байр ашиглалтад орно.

-Тэгвэл түр хамгаалах байранд хамгийн дээд талдаа хэдэн сар байрлах боломжтой вэ?

-Тухайлбал, манай агентлагийн харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны дүрэмд 72 цагаас 168 цагийн хугацаанд хохирогчид аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр заасан. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилд үйлчилгээ авсан нийт хүүхдийн 90 орчим хувь нь долоо хоногоос зургаан сарын хугацаанд байрласан, 10 орчим хувь нь долоон сараас 1,3 жил болсон байдаг. Учир нь хамтарсан баг, аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсээс тухайн хүүхдийн гэр бүлтэй ажиллаж, гэр бүлийн орчинд эрсдэл буурсан, гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтой гэсэн сум, хорооны Хамтарсан багийн дүгнэлт, хурлын шийдвэр гарсны дагуу эргэн нэгтгэл хийгддэг. Зарим тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зан үйлд эерэг өөрчлөлт гараагүй, хүүхдийн эрхийг удаа дараа зөрчсөн бол хамтарсан багийн дүгнэлт, аймаг, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдийн асрамж, халамжийн төв рүү холбон зуучилж шилжүүлж байна. Мөн Шүүхийн шийдвэрээр эцэг эх байх эрхийг хасч, хүүхдийг асрамж халамжийн төвд асарч хүмүүжүүлэх шийдвэр гарсан бол шийдвэрийн дагуу холбон зуучлал хийгддэг.

-Хүүхдийн хөгжил төлөвшилд орчин нөхцөл хамгийн ихээр нөлөөлдөг гэдэг?

-2018 онд зохион байгуулсан Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнд оролцогчдоос гарсан хамгийн чухал гэж эрэмбэлсэн асуудал бол төрөөс “Бидэнд ээлтэй хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал байна”. Нэн ялангуяа хүүхдүүд бидэнд чөлөөт цагаа цахим тоглоомын газарт биш хүүхдийн хөгжлийн ордон, төвд өнгөрүүлж, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөч гэсэн байдаг. Мөн шинээр баригдаж буй гэр хороолол, орон сууцны дахин төлөвлөлтөд хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн хөгжлийн ордон, спорт танхим гэх мэт бүхий л зүйлийг цогцоор шийдэж байх саналыг хүүхдүүд маань дэвшүүлсэн.

-Цаашдаа цоожтой хаалганы ард үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Гэтэл өрх бүртэй тулж ажиллана гэдэг хэцүү болов уу?

– Анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг маань айл өрх бүрээр явж судалгаа мэдээллээ сар болгон шинэчлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгаж, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийж, үйлчилгээний төлөвлөлт гаргаж ажиллах ёстой. Эрсдэл өндөртэй дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, аюулын зэргийн үнэлгээ хийж, хүчирхийллийг таслан зогсоох ёстой.

Манай агентлагийн дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт дунджаар 250-400 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Нийт дуудлагын 20,1 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлдэг. 63 дуудлага тутамд нэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага ирж байна. Хүчирхийлэл, зөрчлийн дуудлагыг 21 аймаг, нийслэлийн ГБХЗХГ-т программаар шилжүүлж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үйлчилгээ үзүүлж байна. Төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн хүрээнд үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа хэдий ч анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоо үнэхээр дутагдалтай, хороон дээр 10 мянган хүн амд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Бид анхан шатанд ажиллаж байгаа хүний нөөцөө нэмэгдүүлж, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах шаардлагатай байгаа юм. Олон улсын жишгээр нийгмийн ажилтан жилд хамгийн дээд тал нь 20 кейстэй л /хэргийн тохиолдол/ ажиллаж байна. Одоогийн байдлаар манай аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтсийн хүүхэд хамгааллын нэг мэргэжилтэн дунджаар 63 кейс /хэргийн тохиолдол/ дээр хувийн хэрэг нээн ажиллаж байна. Энэ нь мэргэжлийн нийгмийн ажилтны бүтэц орон тоо дутагдалтай гэдгийг харуулж байгаа юм. Мөн нэг сэтгэл зүйчид 25 мянган хүн ам оногдож байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Урсгал ус шиг орлого биш, үерийн ус шиг орлого Монголыг босгож ирнэ” хэмээн өгүүллээ​​​ ​ ​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Хан-Уул дүүргийн
аравдугаар дунд сургуулийн бага ангийн багш С.Эрдэнэцэцэгийнд өнжлөө.

Ерөнхийлч асан Ц. Элбэгдорж “Монгол
бичиг шигээ босоод
ирнэ гэж болгоомжлоод
байгаа юм болов уу”
хэмээв I- IV, V нүүрнээс уншаарай.

Монгол улсын Ерөнхий
сайд асан М.Энхсайханы хүү
Э.Батзул “Улсынхаа төлөө зүтгэж ирсэн аавыг
минь жижиг ашиг хайгч мэт харуулах
гээд байгаад эмзэглэж байна” гэв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт ” “Урсгал ус шиг орлого биш, үерийн ус шиг орлого Монголыг босгож ирнэ” хэмээн өгүүллээ.

ИЗНН-ын
дэд дарга Б.Батбаатар “С.Зориг агсны хэргийг улс төрийн зорилгоор
ашиглаж байгаа нь хэргийн бодит үнэний ойлголтыг
“нэг мөр” өгөхгүй байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 320 мянган хүн шинээр халдвар авч, 8 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 482 мянган хүн эдгэрчээ.

Дэлхийн хоногийн мэдээ:

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болжээ

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж өчигдөр нээлтийн арга хэмжээ болжээ.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 140 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн жилд тус эмнэлэгт 20 мянган иргэн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтэл, мэс заслын 30 ортой тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нэгдсэн эмнэлгийн дарга, докторант, АУ –ны магистр, Монгол Улсын хүний гавъяат эмч М.Чимгээ, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцсон байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2006 оноос дүүргийн нэгдсэн эмнэлгүүд архаг хууч өвчлөл эмчилдэг байсан. Нийслэлийн зүгээс нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээний нэр төрлүүдийг нэмэгдүүлэх зорилт тавьж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасаг нээж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Цаашид Баянзүрх дүүргйин Нэгдсэн эмнэлэгт мөн тасгийг нээх болно. Энэ мэтчилэн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд яаралтай түргэн тусламжийг хүлээн авдаг болно. 2021 оноос 12 нэгдсэн эмнэлэг ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолжээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн газруудын парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашинтай болсон юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мөн гардуулан өгсөн байна.