Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.10.07/ хуралдаан 10 цаг 24 минутад 61.1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэхийг танилцуулав.
Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулав.
Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, П.Анужин, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын дэд хэсгийн гишүүн Соёлын сайд С.Чулуун хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг ямар бодлогоор хэрхэн авч явж байгаа талаар болон тус санд төвлөрүүлэхээр тусгасан 10 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар тодруулж асуусан бол Улсын Их хурлын гишүүн П.Анужин цирк, кино үйлдвэр, кино театруудын менежментийн хувьчлалыг дагаад үйл ажиллагаа нь доголдсон учир эргүүлж сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж ажилладгийг тодрууллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино хийгдэхгүй байна гээд өв соёл, түүхийг таниулсан киног захиалж хийлгэх, Кино урлагийг дэмжих санг хөндлөнгийн удирдлагатай болгох талаар болон тус сангийн менежменттэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар тодруулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат уран бүтээлчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл киноны дэд бүтцийн асуудал байдгийг дурьдаад төрийн сан хөмрөгийг кинонд ашиглах зэрэг кино үйлдвэрлэлийн шатанд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж асуув.
Гишүүдийн асуултад Соёлын сайд С.Чулуун хариулахдаа, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу авч явдаг талаар, цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нь шинэ яамны чухалчилж тавьж байгаа бодлогын асуудал болох талаар, мөн Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг хөндлөнгийн төлөөлөл, мэргэжлийн зөвлөлд хариуцуулж, шийдвэр гаргуулах талаар хариулж, тус Санг хөрөнгөжүүлэхэд анхаарч байна гэв.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, П.Анужин, Г.Мөнхцэцэг нар үг хэллээ. Гишүүд кино урлагийг хөгжүүлэх бодлогын асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатай талаар хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Ийнхүү хэлэлцээд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
Хуралдааны төгсгөлд мөн Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.