Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СССР-Хятадын харилцаа сайжрах нь та нарт хамаагүй

Аль нэг коммунист намын шинээр “сонгогдсон” ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон даруйдаа Москвад айлчилдаг нь “социалист хамтын нөхөрлөлийн орнууд“-ын улс төрийн амьдралын нэгэн уламжлалт ёслол байв. Тиймээс Ж.Батмөнх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар “сонгогдоод“ тун удалгүй 1984 оны арван сарын 25-нд Москваг зорьжээ. Тэнд Черненко, Тихонов нартай уулзаж тодорхой асуудлуудаар ярилцсан байна.

Хэлэлцээний үеэр Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгох асуудал хөндөгдлөө. Энэ үед Зөвлөлтийн тал дэлхийд тал бүрээсээ шахаанд ороод байв. Өндөр, дээд хэмжээнд болдог Америк-Хятадын айлчлалын давтамж ихэд эрчимжих хэрээр тэдний харилцааны өрнөл Москваг маш их түгшээх аж. Зөвлөлтийн Алс Дорнодын бүс нутаг, Хятадын Хэйлонжиан мужийн хооронд хилийн худалдаа эхлүүлэх, Киргизийн Хятадтай хиллэсэн хилийг нээх зэргээр харилцаагаа сайжруулах гэсэн хүчин чармайлт нь бодит үр дүнд хүрэхгүй байлаа. СССР байн байн Хятадыг “социалист их гүрэн“ гэж томьёолох болсон ч! Тэгэхээр Зөвлөлтийн тал Хятадад сэтгэгдэл төрүүлэхүйц хүчтэй эерэг дохио өгөх ёстой болжээ. Афганистанаас цэргээ татна гэж тэр үед санахын ч хэрэггүй байв. Геополитикийн талаас нь цэгнэж үзэхүл тэр үед Энэтхэг-Хятадын хойгт Зөвлөлтийн нөлөөг багасгаж бас л болохооргүй. Харин Монголоос Зөвлөлтийн цэргийг татах нь боломжтой хувилбар. Монгол нь Москвагийн найдвартай дагуул улс.

Москвад хэлэлцээ өндөрлөхөд Черненко эмнэлгээс чүү чамай түр гарч ирэн Батмөнхийг хүндэтгэн Кремльд зоог барьжээ. Тэрээр хундага өргөж хэлсэн үгэндээ:

СССР, Хятад Ард Улсын харилцаа хэвийн болох нь Ази тивийн байдал сайжрахад тус дөхөм болохсон билээ. Ингэх нь империалистууд социализмын эсрэг хүчээ бөөгнөрүүлж, дэлхий дахины байдал хурцдан, дайн гарах аюул нэмэгдэж байгаа одоо үед онц чухал байна. Ийн нөхцөлд социалист орнууд олон улсын үйл явдалд тов тодорхой ангич байр суурь баримтлахгүй байж болохгүй. СССР-ийн бодлогын тухай ярих юм бол бид ЗХУКН-ын XXVI их хурлын зарчимч чиг шугамыг тууштай хэрэгжүүлэн, БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг хэлбэрэлтгүй эрмэлзэж энэ чиглэлд зохих алхмууд хийж байна. Хятадтай үр бүтээлтэй хэлэлцээ хийх үүд хаалгыг бид ямагт нээлтэй байлгаж байна.[i]

Өтөл өвгөнөөр үүнийг л хэлүүлж монголчуудад ойлгуулан, Цэдэнбалын алдааг давтахгүй байхыг анхааруулах гэсэн бололтой. Харин Батмөнхийн хариу хэлсэн үг нь урьд нь бэлдсэн үгээ уншчихав уу, эсвэл зориуд хариугаа ингэж өгөв үү?

Нэг талаас ЗХУ, социалист бусад орон, нөгөө талаас БНХАУ-ын хооронд харилцаагаа хэвийн болгох нь Ази тивийн байдалд нааштай нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй… Харин гурав дахь орнууд, тухайлбал БНМАУ-ын ашиг сонирхлыг хөндсөн Хятадын шаардлагын хувьд гэвэл манай Засгийн газар энэ асуудлаар зарчимт байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн. Манай Засгийн газрын хүсэлтээр БНМАУ-ын нутагт түр байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-аас гаргах гэсэн шаардлага бол Зөвлөлт-Хятадын хэлэлцээн дээр яригдах зүйл огт биш, яригдаж ч таарахгүй.[ii]

Цаашдын үйл явцаас харж дүгнэхэд Кремль яагаад Цэдэнбалыг гэнэт эгүүлэн татаж авав гэдгийг Монголын шинэ удирдлага өдий болтол ойлгоогүй явсан бололтой. Хэлээд байхад Кремлиэс зөрүүдлэх шалтаг шалтгаан түүнд байгаагүй. Харин СССР-ийн тал Монголын удирдлагын ийнхүү ер бусын шургуу илэрхийлсэн байр суурийг ялимгүй самгардан хүлээж авчээ. Зөвлөлтийнхөн нэг талаар монголчууд өөрсдөөс нь тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх санаатай байгаа юм болов уу гэж эргэцүүлэхийн дээр нөгөө талаар хариу тус хүргэхгүй бол Монголын удирдлага Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргахыг зөвшөөрөхөд бэлэн биш байгааг ойлголоо. Гэхдээ нөгөө талаас Монголын хувьд энэ нь нэн цогц асуудал байв. Зөвлөлтийн цэргийг гарсны дараа Монголыг хамгаалах асуудал хэрхэх вэ? Монгол, Хятадын харилцаа урьдын адил төвөгтэй, тусдаа асуудал болж байв, иймээс хоёр хөршийн харилцаа хэвийн болбол Монгол дахь Зөвлөлтийн эдийн засгийн дэмжлэг хэрхэх вэ?

1985 оны гуравдугаар сард Черненког үхсэний дараа монголчуудын ойлгохгүй байсан асуултуудын хариулт эхнээсээ илэрлээ. Түүний халааг авсан Горбачёв Москвад цугларсан Варшавын гэрээний орнуудын нам, төрийн тэргүүнүүдийн явцуу хүрээнд илтгэхдээ ЗХУ-ын “социалист хамтын нөхөрлөлийн орнууд”-тай тогтоосон харилцааг шинээр журамлах тухай ярьсан байна. Тэрээр “холбоотнуудынхаа дотоод хэрэгт байнга хутгалдан оролцдог“ дадал заншлаасаа салахад бэлэн байгаагаа илэрхийлэв. “Бид улс орон бүртэй эрх тэгш харилцаж, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байна“[iii]. Дараахан нь 1986 оны тавдугаар сарын 28-нд СССР-ийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлгөөнд тэр онцлохдоо

Социалист ах дүү орнуудтай харилцах харилцаа түүхэн шинэ шатанд гарлаа (…). Энэ харилцааг бүрмөсөн шинэчлэх шаардлагатай байна. Эдгээр анд нөхдөдөө, тэдний хэрэгцээ шаардлагад дээд зэргээр анхаарлаа хандуулах нь чухал. Гэхдээ найрамдлыг зарлан тунхаглах, харилцааг жинхнээсээ ухаарч ухамсарлахын хооронд ялгаа бий. Холбоотнууд, юуны өмнө жижиг холбоотнуудын бүрэн эрхт байдал, нэр хүндийг хүлээн зөвшөөрч, бүтэшгүй хоосон санаанаас татгалзах нь зүйтэй.

Үүнийг дагаад ГЯЯ-ы хэлтсийн ажилтан К.Н.Брутенц[iv] дотоодын нэгэн тайландаа “Зүүн Европын орнуудтай тогтоосон харилцаандаа бид олон зүйлийг өөрчлөх ёстой, юуны өмнө ялих шалихгүй юман дээр зааж зааварлаж, асуудалд нь ихэвчлэн ажил хэрэгч бусаар байнга хутгалдан оролцдогоо болих ёстой” гэж бүр ч тодруулан ярьжээ.[v] Хятадын талаар Горбачёв бүр ингэж хэлжээ.

Бид сэтгэл хөдлөлөө хойш тавих ёстой, 80-аад оны Хятадыг 60-аад оны призмээр дамжуулан харж болохгүй. Гэхдээ гурав дахь орнуудын эрх ашгийг хохироон байж Хятадтай харилцаагаа сайжруулах асуудал бидэнд байхгүй гэдэг ч бас тодорхой байх ёстой. Тэрчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаагаа сайжруулах зэрэг ийм чухал зорилтод маань саад учруулахыг бусдад ч бас зөвшөөрөхгүй. Удирдамж ийм байна.[vi]

Энэ бол ялангуяа Монголын удирдлагад өгсөн хатуу анхааруулга байлаа. Хятадтай харилцаагаа сайжруулахад та нарт хажуугаас нь саад хийх гэж оролдох хэрэггүй гэсэн үг.

Горбачёвын улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч нь СССР-ийн шинэ гадаад бодлогын гол удирдлага боллоо. Хүн төрөлхтөн нийтээрээ капитализмаас коммунизм руу шилжихгүй, Капиталист бус хөгжлийн зам гэж байхгүй, Коммунист ажилчны хөдөлгөөн гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны коммунист удирдагч боллоо, Горбачёв! Энэхүү шинэ чиг баримжаа, хандлага Монголд шууд тусав.

Монгол, Куба зэрэг оронд стратегийн зорилгоор хөрөнгө хүч хаяж, асар олон мэргэжилтэн суулгаж байгаагаа эргэж харахыг шаардсан яриа хөөрөө Кремльд гарах болжээ[vii]. Стратегийн энэхүү тусгай зорилго нь үгүй болвол Монголыг орхино, харин гадаад бодлого дахь шинэ сэтгэлгээ нь стратегийн зорилгыг нь нурааж өөрийн эрхгүй АНУ, Европ, Хятад руу хандан буулт хийж таараа.

СССР, Хятад хоёр хэзээ ч эвлэрэхгүй гэсэн гүн бат итгэл, “Хятадын милитаризм бол онцгой маягийн империализм мөн” гэсэн Цэдэнбалын тунхаглалаар баримжаа хийж Хятадын эсрэг болзошгүй дайнд бэлдсэн Монгол орон дэлхийн хамгийн милитарижсан орны нэг болсон байлаа. Улсын нэгдсэн төсвийн гуравны нэгийг цэрэгжилд зарцуулах болсноор Дэлхийн II дайны үеийн хэмжээндээ очжээ. Үүний дээр нэмэгдээд Зөвлөлтийн 100 мянга гаруй цэрэг бүхий хээрийн том арми, дээр нь Зөвлөлтийн барилга болон төмөр замын цэрэг гээд нэмэхээр Монгол Улсад цэргийн асар их хүч төвлөрөөд байв.

СССР, Хятад хоёр эвлэрвэл бид яах вэ гэсэн ямар ч бэлтгэл байсангүй. Гэтэл Владивосток, Красноярск, НҮБ-ын индрээс Горбачёв Монголоос цэргээ гаргах болсноо гэнэт удаа дараалан мэдэгдэх нь тэр. Ж.Батмөнх Улаанбаатарт суух СССР-ийн Элчин сайд К.Фомиченког[viii] урьж уулзаад, “Монголын талтай зөвшилцөлгүйгээр цэргээ яагаад гаргах болов” хэмээн эмзэглэн асуужээ[ix]. Тэр юу ч ойлгосонгүй. ХХ зуунд Улаан арми Монголд гурван удаа орж ирэхдээ хэзээ ч Монголын удирдлагатай зөвшилцөж байгаагүй. 1921 онд орж ирэхдээ Хүрээний албан ёсны Засгийн газартай тоож зөвшилцөөгүй, 1936 онд орж ирэхдээ Монголын удирдлагыг шахаад зөвшөөрөхгүй болохоор нь баривчилсан, өөрсдийн шинээр тавьсан удирдлагад болохоор нэгэнт цэргээ оруулчихсан хойно хэлж, урилга нөхөн хийлгэж байсан, 1966 онд үүнийг ганцхан Цэдэнбалтай л “зөвшилцсөн”.

СССР-ийн удирдагч Горбачёв Хятадад хийх айлчлалынхаа өмнө мэдэгдэл хийлээ: Зөвлөлтийн тал нутаг дэвсгэрийнхээ дорнод хэсэгт цэргээ 200 мянгаар, СССР-ийн Дундат Азид буй цэргээ 60 мянгаар хорогдуулж, БНМАУ-д байрлаж буй цэргийнхээ 75 хувийг хоёр жилийн дотор гаргана. Энэ алхмыг нь Дэн Сяопин үнэлэн “Одоо Хятад-СССР-ийн харилцаа сайжрахад саад болох зүйл алга” гэжээ. Хятадын хувьд Монголд байрлах Зөвлөлтийн цэрэг олон жилийн турш хамгийн их айдас дагуулж байлаа. Газрын зураг дээр Монгол бол Хятадын нутаг руу хамгийн гүн хонхойж орсон газар нутаг юм. Монголын өмнөд хилд байршсан Зөвлөлтийн цэргийн байрлалаас Бээжин хүртэл ердөө 600-700 километр алслалттай аж. Зөвлөлтийн цэргийг гаргах үед Монголд 85 мянган цэрэг, 10 мянган цэргийн мэргэжилтнүүд, 1816 танк, 2531 хуягт, 1461 их буу, 190 онгоц, 130 нисдэг тэрэг байжээ[x].

Нэгэнт бүх шийдвэр гарсны дараа 1989 оны эхээр СССР-ийн ГЯЯ-ы орлогч сайд И.Рогачёв[xi] “зөвшилцөхөөр” Улаанбаатарт ирлээ. “Бусдын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байхтай холбогдсон СССР-ийн зарчмын байр суурь гэвэл, аливаа цэрэг гагцхүү үндэснийхээ хил хязгаар дотор байх ёстой гэдэгт оршиж байна. Бидний ам, ажил зөрдөггүй” гэж тэрээр мэдэгдэв.

Ингээд Монголын ардын армын хүрээнд цомхотгол эхэлжээ. Зэвсэгт хүчнийхээ хүн хүчийг 1989-1990 онд 13 мянган хүнээр хорогдуулж, байлдааны автомашин мянга, гинжит болон хуягт машин 90, байлдааны нисэх онгоц 18-ыг зэвсэглэлээс хасч, цэргийн зардлыг 11 хувиар хорогдуулав[xii].

Эцэст нь 1987 оны зургаадугаар сарын 7-нд Зөвлөлтийн Батлан хамгаалах яам цэрэг гаргах эхний үе шатны ажиллагаа дууссаныг мэдэгдэв. Зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагааны энэхүү эхний үе шат Монголын хувьд Хятадтай харилцах харилцаанд нь тодорхой үр дүн авчирсан. Хоёр талын төлөөлөгчид 1987 оны гурван сард Бээжинд Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулах тухай Засгийн газар хоорондын гэрээний талаарх анхны хэлэлцээг хийж, уг гэрээнд 1988 оны арваннэгдүгээр сарын 28-нд Бээжинд гарын үсэг зурсан. Дараа нь 1989 оны гуравдугаар сарын 30-нд Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын харилцаа жинхнээсээ хэвийн болохоос хамаагүй өмнө хилийг нээлттэй болгох, иргэд харилцан зорчих гол үндэс суурь тавигдсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй тус хэргийн талаар болон улс төрд өрнөж байгаа үйл явдлын талаар ярилцлаа. Тэрээр “30-тай байхдаа цаазлах ялаас айгаагүй намайг 60 хүрсэн хойно шоронгоор айлгах гэж байгаа бол бүтэхгүй” хэмээв.

“Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Д.Дашпүрэв: Зарим намууд амьдралын хүнд бэрхшээлтэй байдлыг ашиглаж гишүүн элсүүлж байна” гэлээ.

Баримт, үзэл бодлын нүүрт “Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр” хэмээлээ.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны консулын зөвлөх Н.Эрдэнэбаатартай хийсэн ярилцлага багтлаа.

“Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр: Эмийн компаниудын зүгээс эмч нарт жор бичсэний төлөө хувь олгохыг хориглох ёстой” гэлээ. Ярилцлагыг “Эрүүл мэнд” нүүрнээс уншаарай.

“Унаган хайр”, “Амьдралын анхны хонх” жүжгийн дуу, “Цэцэгчний хүслэн”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”, “Дуунд дуртай болов оо, би” тэргүүт олон шилдэг дууны эзэн, нэрт хөгжмийн зохиолч Гаадангийн Алтанхуягийн тухай ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн хөрөг таталбарыг хүргэж байна.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Нийгмийг эмчлэх үйлсэд манлайлан зүтгэж буй нэг ангийнхан оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Хятад улс үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлж, хиймэл оюуны салбарыг дэмжихэд онцгой анхаарал хандуулна

Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал Бээжин хотноо энэ сарын 26-нд эхэлсэн. Хаалттай болж буй уг хурал гурван хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө бүхий төслөө танилцуулжээ. Энэ удаагийн хурал хэд, хэдэн онцлогтой юм. Юуны өмнө таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа тоон үзүүлэлт бус, ямар асуудлыг голлох, хэрхэн шийдэх гэдэгт анхаарал хандуулах гэнэ.

Барууны орнууд Хятад улсын стратегийн технологид нэвтрэх боломжийг хязгаарлаад буй. Тиймээс тус улсын эрх баригчид импортын барааг юугаар орлуулах болон дотоод хэрэгцээнд гол анхаарлаа хандуулж байна. Гадны ажиглагчид БНХАУ-ыг ирэх арван жилд дэлхийн хүчирхэг эдийн засаг болгох Си Жиньпины зорилтууд улам бүр гүнзгий тусгагдана гэж харж байгаа аж. Нөгөө талаас Хятадын Коммунист намын нэгдмэл байдлыг харуулах зорилгоор энэ удаагийн хурлын үйл явцыг сэтгүүлчдэд хаалттайгаар явуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын Төв хорооны дөрөвдүгээр бүгд хуралд төв хорооны 202 гишүүнээс гадна 169 нэр дэвшигч оролцсон гэдэг.

Хятадын эрх баригчид Хятадыг дэлхийн бүх бүс нутагтай дэд бүтцээр холбох “Бүс ба зам санаачилга”, өндөр технологи, үйлдвэрлэлийн гол чиглэлүүдэд дэлхийд тэргүүлэх зорилготой “Made in China 2025”, технологийн салбарт дэлхийд тэргүүлэх “Хятадын стандарт 2035” зэрэг стратеги болон хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн ирэх таван жилийн төлөвлөгөөндөө урт хугацааны эдийн засгийн стратеги төлөвлөлт, хөгжлийн бодлого болон гадаад харилцааны бодлогыг жолоодох томоохон зохицуулалтуудыг хийх гэнэ. Тухайлбал, АНУ-тай үүсээд байгаа улс төрийн үл ойлголцолтой холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн технологи тэр дундаа орчин үеийн хагас дамжуулагч болон хиймэл оюуны салбарыг дэмжихэд онцгой анхаарал хандуулахаар болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн дөрвөн жилийн турш Хятадын эрх баригчдын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлээд буй. Тухайлбал, Хятадын технологийн дэвшлийг сааруулах зорилгоор “Hua­wei”, “ZTE” болон “Hikvision” зэрэг тус улсын технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд хориг тавьсан. Тиймээс Хятадын тал технологийн салбар дахь энэхүү тодорхойгүй байдлыг өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан шийдвэрлэх зохицуулалтууд хийх нь гарцаагүй гэж ажиглагчид өмнө нь онцолж байв.

БНХАУ 2016-2020 оны буюу 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу эдийн засгийн бүтцийн хувьд экспортоос илүү дотоодын хэрэглээний өсөлтөд найдах чиглэлд шилжсэн. Тус улс сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын хэрэглээ, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж ирсэн юм. Харин ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд дотоодын зах зээлд үргэлжлүүлэн анхаарал хандуулж, тэр дундаа нийгмийн эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл болон аялал жуулчлалыг түлхүү дэмжих бодлого барих гэнэ. Хятадын Коммунист намын Төв хорооны дээрх хурлаар хэлэлцсэн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг ирэх оны гуравдугаар сард болох Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар эцэслэн батлах юм байна.

Дашрамд хэлэхэд, Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ой ирэх онд тохионо. Харин 2022 онд Коммунист намын XX Их хурал болох юм. Уг хурлаар Си Жиньпины эрин үе болон түүний удирдлагын ирээдүйг хэлэлцэх аж. Тиймээс ажиглагчид энэхүү үйл явдалд Хятадын Коммунист намын 100 жилийн ойгоос илүү өндөр ач холбогдол өгч байна. Эрдэмтдийн үзэж буйгаар Си Жиньпин ХКН-ын XХ бүгд хурлаар өөрийн эрх мэдлээ тэлж, БНХАУ-ыг удирдах хугацаагаа дор хаяж дахин найман жилээр сунгах боломжтой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэврийн хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх хуулийн орчинг бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн товч танилцуулгыг хийв. Тэрбээр, өнөөдөр манай улсад өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай, шийдлээ хүлээж хүлээж буй олон асуудал байна. Түүний нэг нь тэтгэврийн систем юм. Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэв.

Тэрбээр мөн хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй 2 дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлал үр хүүхдүүдэд нь өвлөгдөх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Тэтгэврийн шинэчлэл бол иргэдийн хамгийн их сонирхдог сэдэв. Одоо Монгол хувийн тэтгэврийн чиглэлээр ажиллаж буй хувийн компаниуд бий. Тиймээс бид хуульд энэ асуудлыг тусгах нь зөв” хэмээсэн юм.

Засгийн газраас тэтгэврийн шинэчлэл хийх багц хуулийн төслийг өргөн бариад хамт хэлэлцүүлэх нь зөв гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол одоо байгаа тогтолцоондоо сөргөөр нөлөөлөх магадлалтай тул Засгийн газрын төсөлтэй хамт явуулах ёстой гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээлээ

Өнөөдөр Төв аймгийн шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал боллоо. Давж заалдах шатны шүүхээс Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргалаа.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн байсан юм. Харин шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн төлбөрийг тэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-ийн өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.Гэр хорооллын айл өрхийн оройны 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээ хөнгөлтөд тооцогдох бөгөөд100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Харинцахилгааны үнийн хөнгөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчид хамрагдахгүй. Хөнгөлтөнд хамрагдах айл өрхүүдэд баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх, хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх болон цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байх шаардлагыг тавьж байгаа юм.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Аврагч, гал сөнөөгчид болон энхийг сахиулагчдыг шагналаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.

Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд алба хаагчдыг өнөөдөр хүлээн авч, шагнаж урамшуулсан юм.

  • Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны 121 дүгээр тушаалаар “Тэргүүний ажилтан” тэмдгээр НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батдоржийг, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Лхагвасүрэнг,
  • ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1094 дүгээр тушаалаар “Ахмад” цолоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Батсуурийг,
  • ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүх, УУАА-ийн аврагч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, НОБГ-ын НАА-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбаа, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батсайхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Умбазар, Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганзориг, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Энх-Амарыг,
  • “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Галбадрахыг,
  • “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболд, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхболд, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батсуурь нарыг,
  • “Ахлах ахлагч” цолоор Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, ахлагч Б.Энхтайваныг, Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагай нарыг шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Categories
    мэдээ нийгэм

    Зүүний үзүүр дээр тогтох ганц будааг хайрлахуй буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж байсан уу

    Хөвсгөл аймгийн харьяат Б нь нэгэн гэр бүлийн хоёр хүнийг будаж хөнөөн хэргийн газраас оргон явах замдаа өөрийгөө буудан хөнөөсөн гэмт хэрэг 9 сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйлдэгдэв.

    Монгол Улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор нэгт ордог Хөвсгөл аймаг 134,500хүн амтай. 2018 онд аймгийн хэмжээнд жилийн эцсийн байдлаар 787 гэмт хэрэг үйлдэгдэн, 455 хүн хэрэгт холбогдож, хэргийн улмаас 791 иргэн хохирсон байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдын 38 хүн нь нас барж, 213 хүн гэмтсэн статистик тоо байна.

    Гэмт хэрэг үйлдсэн Б нь, хохирогч 51 настай эрэгтэй Б, хохирогч 51 настай эмэгтэй Б нарыг толгой, цээжин хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироон зугтах замдаа өөрийгөө мөн л буудан хөнөөсөн байна.

    Сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргийн тухай мэдээллээд өнгөрөх бус хэрэг юунаас үүдсэн болох нөхцөл шалтгааныг анхааран үзэж, дахин давтагдахгүй байлгах нөхцөл үгүйлэгдэнэ?

    Хохирогч Б-ийн төрсөн дүү Д-ийн мэдүүлгээс: “Би хэрэг гарах үеэр байгаагүй. Манай ах, бэр эгч хоёр бэртэйгээ хамт хонины бэлчээрт явж байсан юм билээ. Гэтэл өнөөх залуу ирээд буудчихсан гэсэн. Бэрийнх нь хэлж байгаагаар маргалдаж, хэрэлдсэн зүйл байгаагүй гэнэ. Ахынхтай олон жил нэг дор өвөлжиж, зуссан айлууд, бэлчээрээ булаацалдсанаас болж ийм хэрэг гарсан байж магадгүй” хэмээн үгүйлжээ.

    Хөвсгөл аймгийн нийт хүн амын 42,5% малчид бөгөөд 2017 онд 5,3 сая тоо толгой мал тоолуулсан. Аймаг нийт 100,600 км кв талбайтайгаас 43,800 км кв талбайг бэлчээр эзлэдэг. Харин нийт бэлчээрийн 78 хувь байгалийн унаган төрхөө алдаж, 1,0-10,5 дахин бэлчээрийн даац хэтэрсэн судалгааг Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооноос гаргасан. Бэлчээрийн доройтол нь бэлчээрийн ургац, тэжээлийн шимт чанар буурах, ургацад малын тэжээлийн ургамлын эзлэх хувь багасах, газарт хортон шавьж, мэрэгчид тархах, хог хаягдлаар бохирдох зэргээс үүсч даац хэтэрсэнээс бэлчээрийн талхлалтанд нэрвэгдэх нь улам бүр нэмэгдэж байгаа юм.

    Байгаль орчин аялал жуулчлалын яамны сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Бэлчээр талхлагдаад эхэлбэл хөрсний, усны ууршилт нэмэгддэг. Тиймээс яг л хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийн адил малын тоо толгойг тодорхой хэмжээнд баривал зохистой гэж хэлмээр байна” хэмээн сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

    Хэрэг үйлдсэн, талийгаач Б нь 23 настай бөгөөд ачлалт аав, элбэрэлт ээжийн энхрий үр, хөдөлмөрлөжхийж бүтээх, идэрхэн залуу, Монгол Улсын өрх гэрийн гал голомтыг нэгээр нэмэх тоонот гэрийн ноён нуруу ч болох байсан байх.

    Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр иргэний ухамсар соёлыг дээшлүүлэх нь чухал гэж хэлэх хожимдсон мэт боловч яг энэ цагт, цаашид ч үүнийг ярих нь чухал бөгөөд гашуун түүх дахин бүү давтагдаг гэж залуу үеэдээ сануулах нь зүйтэй.

    Иргэний ухамсар соёлыг дээшлүүлэх нь гэмт хэргийн гаралтыг багасгах хөшүүрэг болох талтай. Ухамсар бол хүний зан үйлийн үндэслэл, нөхцөл, шалтгаан нь болдог. Мөн түүнчлэн тодорхой харилцааны хүрээнд бүрэлдсэн нийгмийн бүхий л тогтолцоонд нөлөөлнө. Нийгэм дэх ухамсарлагдсан байдал нь хүн төрөлхтний хөгжлийн болоод соёл иргэншилийн үнэ цэнэтэй зүйл билээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

    Гэмт хэрэг нь хаана ч, хэнд ч тохиолдож болно. Та болоод таны гэр бvлийн хайртай гишvvд чинь ч гэмт хэргийн хохирогч болж болно. Гэхдээ үүнээс сэргийлэх боломжой. Мэдээ, мэдээллийг түгээгээд өнгөрөх бус учир шалтгаан, гэмт хэрэг үүсэх нөхцөл шалтгааныг арилгах, гарч болох эрсдэлээс хамгаалах, соён гэгээрүүлэх арга замыг түгээх нь зөв ажээ.

    Сайн жишээг дурьдахад: Манай улсад 2019 онд “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг ЦЕГ, “Оюу толгой” компани санаачлан, хамтран хэрэгжүүлсэн. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад 2019 онд орон даяар зам тээврийн ослын тоо 2018 онтойхарьцуулахад 14.2 хувиар буурсан байна. Олон улсын жишгээс үзэхэд жолооч бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэвшүүлэхэд нийгмийн нөлөөллийн аян болон зам тээврийн зохицуулалтын хосолсон арга хэмжээ илүү үр дүн өгдөг байна.

    Үүнтэй нэгэн адил “Залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх”дараагийн нөлөөллийн аяныг эрхэм хүмүүн та түүчээлнэм.

    Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг

    Зүйрлэшгүй ховор тохиолоор хүмүүнийг биеийг олчихоод

    Өөрт заяасан амиа бусдынх мэт хайрлаж яваарай

    Өрөөл бусдын амийг өөрийнх юм шиг хайрлаж яваарай.

    Хөвсгөл аймаг, Мөрөн сум.

    Г.Чимгээ

    Categories
    мэдээ нийгэм

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг 3.6 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэгвэлөнөөдөр болсон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.

    Categories
    мэдээ улс-төр

    УИХ-ын гишүүн Н.Учрал: Нэг зэрэг таван тэтгэврийн сан ажиллах учраас босго, шаардлагыг нь өндөр тавих шаардлагатай байгаа

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байдаг. Тэгсэн хэр нь тэтгэвэрт гарах нас уртасаад, тэтгэврийн хэмжээ нэмэгддэггүй зовлонтой. Үүнийг шийдэхийн тулд НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, дээрээс нь тэтгэвэрт гарах насыг хойшлуулах арга хэмжээ авч байгаа.

    Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээдэг, тэтгэврээ нэмж чадахгүй байгаа энэ асуудлыг шийдэх зорилгоор олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бий болгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг оруулж ирж байгаа юм байна. Энэ хууль батлагдвал одоо авч байгаа НДШ нэмэгдэх үү. Сайн дураарай төлөх үү, албадан төлөх үү.

    Хоёрдугаарт, НДС-гийн алдагдлыг нөхөхийн тулд тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн. Энэ хууль батлагдвал тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой юу.

    2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд НДШ-ээ нэг удаа төлөөд тэтгэвэрт гарах боломжтой байгаа. Гэвч хэсэг хугацааны дараа дахиад л төлж чадахаа больдог. Эдгээр иргэдийг хувийн тэтгэврийн тогтолцоонд яаж хамрагдах вэ.

    Энэ хуулийн үзэл баримтлалыг Засгийн газар дэмжсэн үү гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас асууя.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудал Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод орсон байгаа. Үүн дотор “Нийгэм, эдийн засгийн боломж бүрдсэн үед иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр хамрагдаж, нэмэлт тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан байгаа.

    Засгийн газрын зүгээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг юм. Гэхдээ Засгийн газрын зүгээс дэмжихгүй хоёр зүйл бий. Энэ нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн харилцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бүтээгдэхүүн болж Монголын зах зээлд хэрэгжээд 10 жил болж байна. Жишээ нь, “Голомт” банк, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг компаниуд энэ үйл ажиллагааг эрхлээд явж байгаа. Иргэн, ААН-үүд хамтдаа тэтгэврийн сан үүсгээд, дор хаяж таван жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, түүнээс цааш үр шимийг нь хүртэх зэргээр энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэдгээр компаниуд татгаврын дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлт тавьдаг. Татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй байгаа. Ийм хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байна.

    Энэ хуулийн төсөл нь НДС-д сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл одоогийн байгаа 17 хувиас ажил олгогчийн 2 хувь, ажилтны 2 хувийг албан журмаар хувийн сангууд руу татаж авах гээд байгаа юм. Тэр сангууд хэзээ, хэнд, яаж үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь хууль дээр тодорхой биш байгаа.

    Тиймээс сайн дурын үндсэн байх нь зүйтэй гэдгийг хэлэлцээд хамт өргөн барих нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрсэн.

    УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа Засгийн газартай уулзсан. Зарчмын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Бид богино хугацаанд үр дүн гаргахын тулд л дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх боломжийг олговол яасан юм бэ гэсэн. Нэг зэрэг таван тэтгэврийн сан ажиллах учраас босго, шаардлагыг нь өндөр тавих шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн статустайгаар иргэдийн шимтгэлийг аваад 20, 30 жилийн дараа таньд ийм хуримтлал үүснэ гэдэг байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа олон байгууллага байна. Тиймээс иргэдийн хохироохгүй үүднээс хуульчилж өгөхгүй бол болохгүй байгаа юм.

    Өнөөдрийн ТББ байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэврийн сангууд энэ хуулийн дагуу бүгд шинээр тусгай зөвшөөрөлтэй болох шаардлага үүснэ. СЗХ хяналтаа тавина. Ингэж эрсдлээс хамгаалах шаардлагатай байгаа.

    Өнөөдөр хуулийн төсөл дэмжигдээд, мөн Засгийн газар хуулийн төслөө өргөн баривал бид ажлын хэсгийн түвшинд гол гол заалтууд дээрээ тохиролцоод цааш нь явуулна.

    Олон жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаад сүүлийн хэдэн жилд нь өндөр шимтгэл төлсөн хүн, насаараа өндөр шударгаар төлсөн хүн хоёр адил хэмжээний тэтгэвэр аваад байна. Үүнд л иргэд бухимдаад байгаа юм. Эсвэл шимтгэл нөхөн төлүүлэх хууль гаргачихдаг. Насаараа шимтгэл төлөөд байсан нь хохироод, бага эсвэл бүр төлөхгүй байсанд нь илүү боломж олдоод байна.

    Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр бидэнд нэг том давуу тал бий болно. Юу гэхээр хүн болгон хуримтлалтай болно. Тэгэхгүй бол 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуучууд өнөөдөр хохироод байна. 90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэврийг төлж байна. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ.

    Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя.