Categories
мэдээ нийгэм

E-Mongolia-гаас авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих зэрэг долоон төрлийн үйлчилгээг авах боломж бүрдээд байна

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээ нэгдээд байна. Энэ талаар өнгөрөгч Лхагва гарагт Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд цахимжуулах, дижитал шилжилт хийх чиглэлд олон тогтоол, хөтөлбөр гарсны дагуу ажлууд хийгдээд явж байна. Зам тээврийн салбар нийт 90 гаруй үйлчилгээгээ цахимжуулах шаардлагатай байгаагаас 49 үйлчилгээ нь цахимжсан гэж үзэж байна. Бусад үйлчилгээнүүдийг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд буюу 2020-2024 он гэхэд цахимжуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зам тээврийн салбарын долоон үйлчилгээ E-Mongolia-д нэгдээд байна. Цаашид салбарын үйлчилгээг E-Mongolia систем рүү холбох ажлыг ойрын хугацаандаа хийнэ. Цахим шилжилтийн хүрээнд тээврийн ухаалаг системийг боловсронгуй болгох мастер төлөвлөгөө боловсруулсан. Мөн тээврийн ухаалаг системийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад явж байна.

Үүний зэрэгцээ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр хэрэгжиж буй “Ухаалаг Засаг” төсөлд хамрагдаж буй төрийн байгууллагуудын нэг нь Зам, тээврийн хөгжлийн яам. Энэ хүрээнд бид төрийн үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох, хэрхэн уялдаатай болгох вэ гэдэг тал дээр ажиллаж байна”.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем аравдугаар сарын 1-нд нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 61 мянга 829 иргэн гар утсандаа аппликейшн суулгаж, 138 мянга 891 иргэн үйлчилгээ авч, 166 мянга 590 иргэн E-Mongolia-д ханджээ. Нэг сар хүрэхгүй хугацаанд иргэд маш идэвхтэй ашиглаж, санал шүүмжээ өгч байна. Иргэний үнэмлэх, гадаад паспортоо захиалсан иргэд эхнээсээ баримт бичгээ аваад эхэлсэн байна.

Аравдугаар сарын 27-ноос E-Mongolia чатботтой болсон. Иймээс иргэд чатботоор дамжуулан 24 цагийн хугацаанд санал хүсэлтээ өгч, бүх мэдээллийг авах боломжтой. E-Mongolia –д шинэ үйлчилгээ өдөр бүр нээгдэж, хөгжүүлэлт хийгдэж байна. Тухайлбал, бид яриаг хиймэл оюун ухааны тусламжтайгаар цаасан дээр буулгадаг chimege системийг нэвтрүүлж байна. Ингэснээр иргэд chimege-г ашиглан E-Mongolia гар утасны аппликейшнээрээ яриагаараа команд өгч, үйлчилгээгээ шууд авах боломжтой болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээгээ сонсоод төрийнхөө үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

E-Mongolia –д зам тээврийн салбарын долоон үйлчилгээ буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээ ороод байгаа ажээ. Үүнд:

  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах үйлчилгээнүүд багтаж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүн эдгэрч, 1242 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1242 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

Сайн мэдээ нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Тухайн иргэн нь 53 настай, эмэгтэй хүн байгаа.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Нийт эдгэрээд гарсан 313 хүний 3 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 9 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 301 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 27 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 19 хүн хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Онцгой байдлын албанд “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Б хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл 2020.10.30-ны өдрийн 05:11 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан 05:25 цагт очиж, иргэн Б/31 настай, эрэгтэй/ амиа хорлох сэдэлтэй байсныг 3 давхрын цонхоор орж хаалгыг онгойлгож тус дүүргийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨРАЖЛЫН ХЭСЭГ, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 30-ны Баасан гарагт:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 350 тоот өрөөнд.

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 30-ны Баасангарагт:

1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ нийгэм

Самарт явсан 11 иргэн автомашинтайгаа хавцал руу унаж нэг хүн амиа алджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас баржээ.

Ослын тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газрын жижүүр 2020.10.29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсчээ

“Петровис” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ.

Тэрээр хүнд өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байгаад өчигдөр амьсгал хураасан байна.

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөн 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос өнөөдрийг хүртэл “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

Categories
мэдээ цаг-үе

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралд: Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах талд яриа хэлэлцээр хийхэд “Рио тинто” хэзээд бэлэн

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралдтай ярилцлаа.


-“Рио Тинто” Монголд яг ямар чиглэлд анхаарч ажиллаж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монголд ирээд арван сар орчмын нүүр үзээд байна. Сорилт ихтэй хэдий ч миний хувьд үр бүтээлтэй цаг хугацаа болж өнгөрсөн. Би “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашихаас гадна “Рио Тинто Монгол” гэдэг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манайх таван гол чиглэлийг барьж ажиллаж яваа. Эхний хоёр чиглэл бол Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт. Цар тахлын үед ч гэсэн ил уурхайн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт одоогийн зураг төслийн хүрээнд 60 хувьтай өрнөж байна. “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас зарим ажил удааширч, гурав болон дөрөвдүгээр агааржуулалтын босоо амны ажлыг түр зогсоож, арчлалт, засварын горимд шилжүүлсэн. Гуравдугаарт, хайгуулын үйл ажиллагаанд анхаарч байгаа. Хайгуулын лиценз олголтыг зогсоосныг та мэднэ. Энэ үйл ажиллагааг сэргээсэн тохиолдолд хайгуулын ажил хийх сонирхол бий. Дөрөвт, онцлох зүйл бол манай оффис дээр “Монголиа деливери центр” ажилладаг. IT-гийн 75 залуу мэдээлэл технологийн үйлчилгээг “Рио тинто”-гийн дэлхий даяарх салбаруудад үзүүлэх юм. Монгол залууст дэмжлэг үзүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжиж байгаа нэг хэлбэр л дээ. Удахгүй хүнээ нэмж 100 болгоно. Тав дахь нь Засгийн газар болон иргэний нийгэм, орон нутаг, бизнесүүдтэй хийх хамтын ажиллагаа. Энэ таван чиглэлд анхаарч ажиллаж байна.

-“Рио Тинто”-гийн удирдлагууд Оюу толгойтой холбоотойгоор АНУ-ын шүүхэд дуудагдсан гэсэн мэдээлэл олны анхааралд байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Таны сонирхсон асуултын тухайд хуулийн процесс эхэлчихсэн яваа учраас олон зүйл ярих боломжгүй. “Рио Тинто”-гийн хувьд тухайн асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дурдагдсан асуудлуудын тухайд “Бэйкер Маккензи” гэдэг хуулийн фирмээр дотоод хяналт шалгалт хийлгүүлсэн юм. Шалгалтын үр дүнгээр тухайн гомдолд дурдагдсан асуудлууд үндэслэлгүй гэсэн хуулийн дүгнэлт гарсан. Америкт нэг хүн зарга үүсгэж, үүсгэсэн тэр зарганд нь бусад хүмүүс нэгдэж болдог хэлбэр бий. Нээлттэй маргаан үүсгэх хэлбэр л дээ. Энэ дагуу “Рио Тинто”, “Туркойз хилл”- компаниудыг “Оюу толгой”-н гүний уурхайн төслийн зардал, хуваарийн талаар буруу ташаа мэдээлэл гаргасан гэдэг үндэслэлээр зарга үүсгэсэн гэж ойлгож байгаа.

Энэхүү асуудлаар бид сая танд хэлсэнчлэн хөндлөнгийн, бие даасан этгээдээр хяналт шалгалт хийлгэж, тухайн байгууллагаас ямар ч үндэслэлгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 хувьтай яваа юм байна. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь бий гэгддэг гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хэзээ гэж харж байгаа бол?

-Гүний уурхайн хэмжээ нэлээд том, зүйрлэж хэлбэл Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэмжээний, 1.3 километр гүнд байрлах маш том хүдрийн биетийг ашиглах тухай яригдаж байгаа. Одоогийн зураг төслийн хүрээнд барилга бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй яваа. Таны сая хэлсэнчлэн гүний уурхайд нийт баялгийн маань дийлэнх хэсэг агуулагддаг. Одоогийн байдлаар бид гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхэлнэ гэж тооцоолж байна. Гэхдээ ирэх арванхоёрдугаар сард нарийвчилсан тооцоолол гарах юм. Нарийвчилсан тооцооллоор зардал болон хугацаа эцсийн байдлаар тодорхой болно. Өөрөөр хэлбэл, сая таны асуусан асуултын хариу арванхоёрдугаар сард буюу энэ оны эцэст илүү тодорхой болно. Одоогийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хооронд байгаа. Арванхоёрдугаар сард бэлэн болох тооцооллоор яг аль тоо нь эцсийнх, аль хугацаа нь илүү бодитой гэдэг нь тодорхой болно. Өнөөдөр надад байгаа урьдчилсан мэдээллээр бол 2022 оны аравдугаар сар гэсэн хуваарь руу илүү дөхүү хугацаанд багтаж үйлдвэрлэлийг эхлүүлэх боломж бүрдэх магадлалтай байна.

-Гүний уурхай ашиглалтад ороход засгаас шалтгаалах ямар нэгэн асуудал байна уу?

-Бид улаар таслах гэж ид нэрлээд байгаа л даа. Өөрөөр хэлбэл, энэ нь түрүүн танд хэмжээг нь дүрсэлж хэлсэн маш том хэмжээний хүдрийн биетийг доогуур нь тасалж нурааж эхлэх үйл явц юм. Энэ үйл ажиллагааг эхлэхээс өмнө Засгийн газраас шаардлагатай, ойрын хугацаанд шийдвэрлэх гурван зүйл бий. Засгийн газар Оюу толгой төсөл дээр 34 хувийн хувь эзэмшигч. Мөн бүх дүрэм, журам, хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын зүгээс хүлээж буй зүйлийн эхнийх нь эрчим хүчний хангамж болон тогтвортой байдал. Засгийн газар төрийн өмчийн цахилгаан станц байгуулна гэдгээ зарласан. Тэр станцаас цахилгаан авах хүртэл одоо цахилгаан импортолж буй Өмнөд Монголын цахилгаан эрчим хүчний гэрээг сунгах баталгаа хэрэгтэй байгаа. Хоёрт, гүний уурхайн зураг төсөл дизайн, нөөцийн шинэчилсэн тайланг батлах хэрэгцээ бий. Гуравт, санхүүжилттэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Засгийн газраас энэ гурван асуудлыг шийдэж байж дараагийн алхам хийгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг Монголын талаас гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ер нь одоогийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын баталсан 92 дугаар тогтоолын дагуу “Рио Тинто”-той тодорхой хэлэлцээр хийх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу ажлууд өрнөж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлуудыг богино хугацаанд шийдэгдэх шаардлагатай болон урт хугацаандаа хэлэлцээд явах боломжтой асуудлууд гэж ангилж харж болох байх. Ойрын хугацаанд шийдэх шаардлагатай асуудлууд гэвэл миний сая дурдсан гурван асуудал. Урт хугацаандаа шийдэх боломжтой нь 92 дугаар тогтоолд дурдагдсан бусад асуудлууд гэж би хувьдаа харж байна. Эдгээр асуудлуудыг Монгол Улсын Засгийн газартай төслийн хувьцаа эзэмшигч, урт хугацааны итгэлт түншүүдийн хувиар ярилцахдаа “Рио Тинто”-гийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Засгийн газартай хэлэлцээрт орохдоо бэлэн байна. Өнөөдрийн тухайд би зөвхөн хөрөнгө оруулагч талыг төлөөлж буй учраас ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Оюун-Эрдэнэ ямар бодолтой байгааг өмнөөс нь хэлэх боломжгүй байна. Засгийн газар мэдээж хатуу байр суурьтай, хэлэлцээ хийхэд хэзээд амаргүй байдаг.

-Сүүлийн үед Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан уу?

-Дөнгөж өнөө өглөө ( 2020 оны 10 дугаар сарын 23) гэхэд л ЗГХЭГ-ын албан хүмүүстэй уулзсан.

-Таван толгойн цахилгаан станцыг төр өөрөө мөнгөө гаргаад барина гэсэн шийдвэрээ гаргачихсан. Саявтар “Ньюком” компани сэргээгдэх эрчим хүчний станц барьж өгөх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. “Рио Тинто”- дэлхийн зарим улс дахь уул уурхайн ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа. “Оюу толгой” төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах боломж хэр бол, энэ тал дээр “Рио Тинто” ямар байр суурь, хандлагатай байгаа вэ?

-Рио Тинто олон улсад үйл ажиллагаа явуулдаг корпорацийн хувьд илүү цэвэр энергийн эх үүсвэр сонгох талд анхаарч байна. 2030, 2050 онд хүлэмжийн хийг бууруулах, тэглэх том зорилтуудаа зарласан. 2050 онд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьсан яваа. Энэ зорилтдоо нэг тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс гадны бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд цэвэр энергийн эх үүсвэрийг бий болгоход хувь нэмрээ оруулах бүтээгдэхүүнүүд. Мөн бид уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө бууруулах чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлууд хийж буйг дурдах нь зүйтэй. Монголын Засгийн газрын зүгээс нүүрсний цахилгаан станц барихаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Өнгөрсөн зургадугаар сард бид Засгийн газартай Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлтэд гарын үсэг зурсан. Засгийн газрын байр суурь, шийдвэрийг хүндэтгэж энэ хувилбарыг тэргүүн ээлжинд авч үзнэ. Энэ төслийн хувьд хоёр талын хүлээсэн үүрэг бий. Засгийн газар төслөө урагшлуулаад явж байгаа гэж харж байна.

-“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлыг солих болсон шалтгааныг танаас давтан тодруулмаар байна. Шинэ захиралд манай улсын иргэн Б.Болдын нэр дуулдаж байна. “Рио Тинто”-г хэн удирдах бол гэсэн асуулт монголчуудын анхааралд байгаа энэ үед томилгооны талаар шинэ мэдээ байвал хуваалцаач?

-“Рио Тинто”-гийн тухайд гүйцэтгэх захирал болон нийтдээ гурван өндөр албан тушаалтан ажлаа өгөхөөр болсон байгаа. Тэр гурван хүний нэг нь миний шууд удирдлага болох хүн бий. Тэдгээр хүмүүс ажлаа өгөх болсон гол шалтгаан нь тавдугаар сард баруун Австралийн Жукан гээд хавцал дээр болсон үйл явдал. Тийм үйл явдал болсонд компанийн хувьд гүнээ харамсаж байгаа. Тийм үйл явдал хэзээ ч болох ёсгүй байсан. Бидний хувьд энэ үйл явдлаас сургамж авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. ТУЗ-аас шалгалт явуулж, дүгнэлт гаргасан. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлнэ. Шинэ захирлаар хэн томилогдох талаар миний зүгээс таамаг дэвшүүлэх боломжгүй. Гадны болон дотоодын удирдлагын түвшинд шинэ хүнийг олж тодруулах ажил өрнөж байгаа. Б.Болд захиралтай олон удаа уулзаж байсан. Хүндэтгэл хүлээсэн, шилдэг удирдагчдын нэг.

-Оюу толгой төсөл Рио Тинто-гийн бизнест ямар орон зайтай вэ?

-“Рио Тинто” 36 улсад үйл ажиллагаа явуулдаг, 47,000 ажилтантай олон улсын компани. Дөрвөн том бүтээгдэхүүний групптэй. Төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс очир эрдэнэ, эрчим хүч эрдсийн группүүд бий. Оюу толгой төсөл зэс, очир эрдэнийн группт багтана. Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа төслүүдийн маань нэг бол Оюу толгой. Төслөө амжилттай үргэлжлүүлж, өнөө тулгамдаад буй асуудлуудаа шийдэж, Монголын Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллахын төлөө байгаа. Оюу толгой төсөл дан ганц “Рио Тинто”-д биш, Монгол Улсад ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Оюу толгой төсөлд арав гаруй мянган хүн ажиллаж байна. Үүнээс гадна Оюу толгой бол үндэсний хэмжээний төсөл. Тэр утгаараа үндэсний хэмжээнд 45 мянга гаруй хүнийг туслан гүйцэтгэгч гэх мэт хэлбэрээр ажлын байраар хангаж яваа. Эдийн засгийн ийм том үр нөлөөтэй төслийн тухай та бид хоёр ярьж байна. Түрүүн хэлсэн ойрын хугацаанд шийдэх гурван асуудлаа шийдээд, гүний уурхай ашиглалтад ороод явбал Монголын ДНБ-ий 20-25 хувийг дангаараа хангах боломжтой том төсөл.

-Монголын гадаадын хөрөнгө оруулалтын маш том хувийг Оюу толгой эзэлж байгаа, тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын барометр гэсэн том нөлөө бас бий. Яг хичнээн хувийг эзэлж байгаа гэдэг дээр тодорхой тоо хэлээч?

-Оюу толгой төсөл Монголын гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байгаа. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа гадаадын томоохон компаниуд Оюу толгойг л харж үнэлж байж Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх нь зүй ёсны хэрэг л дээ.

-Зэсийн зах зээлийн ирээдүйг та яаж харж байна вэ. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн зах зээл огцом сэргэнэ гэсэн таамаглал хэр ортой бол?

-Том түвшинд яривал сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Олон хүн ядуурлаас гарч дундаж давхарга руу шилжих таамаг зураг бий. Дундаж давхаргынхны хувь хэмжээ өсөх тусам байр сууц, цахилгаан тоног төхөөрөмж гэх мэт олон чигийн эрэлт хэрэгцээ огцом өснө. Энэ мэтээр харвал эрэлт хэрэгцээ өсөх эерэг зүйлс ажиглагдаж байгаа. Нийлүүлэлт талаас нь харахад ковидтой холбоотойгоор ялангуяа өмнөд Америкийн зах зээл дээр өмнөх шигээ түвшний үйлдвэрлэл явагдахгүй байна. Сүүлийн үеийн мэдээллүүдээс анзаарахад Хятадын зах зээл эргээд сэргэж буй хандлага ажиглагдаж байгаа. Урт хугацаандаа зэсийн эрэлт сайн байх суурь нөхцөлүүд байна гэж хэлж болохоор байна. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа яг хэдийд гэдгийг бидний зүгээс шууд хэлэх боломжгүй. Засгийн газраас хамаарах зүйлс байгаа учраас гүний яг тэдэн онд ашиглалтад орж, тэр үед нь зэсийн зах зээл ийм тийм байна гэж хэлэхэд эрт. Бидний төлөвлөж буй хугацаанд гүний уурхай ашиглалтад орвол зэсийн эрэлт их, үнэ өндөр байх таамаг бий.

-Оюу толгой төсөлд ашиглаж буй шинэ техник технологиор ярилцлагаа үргэлжлүүлье?

-Таны асуултад хоёр чиглэлээр хариулт өгөх нь зүйтэй байх. Нэгдүгээрт нь Оюу толгой, хоёрдугаарт нь “Монголиа деливери центр” гээд манай IT-гийн компани. Оюу толгойн хувьд гэхэд л аюулгүй ажиллагаа, ус дахин ашиглах гэх мэт үйл ажиллагаа “Рио Тинто”-гийн хийж буй менежмэнтийн үр дүнд дэлхийн түвшинд хүрсэн. Блокчлон олборлох гэх мэт дэлхийн хэмжээний маш олон шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. “Рио Тинто”-гийн хувьд Монголд хийж буй бизнесийн үйл ажиллагаа зөвхөн Оюу толгойгоор хязгаарлагддаггүй. Миний бахархдаг нэг зүйл бол “Монголиа деливери центр”. Монгол залуусыг сургаж дадлагажуулсны үр дүнд зэс, алтны баяжмалын экспортоос гадна Монголын залуусын оюуны хөдөлмөрийг дэлхийн зах зээлд гаргаж үнэлүүлж байна. Энэ бол Монголын хувьд маш том давуу тал.

-Оюу толгой төсөлд ажиллаж буй монголчуудын талаар асуух зүйл байна. Нарийн мэргэжлийн, удирдах түвшний өндөр цалинтай албанд эзлэх монголчуудын хувь хэр байгаа бол?

-Оюу толгойн нийт ажиллагсдын 94 хувь нь монголчууд. Нийт ханган нийлүүлэгчдийн хувьд 75 хувийн хангамж нь Монголын бизнес эрхлэгчдэд хамаардаг. Би хоёр долоо хоногийн өмнө Оюу толгойн удирдлагын багтай уулзсан. Тэр үед ерөнхий менежерүүдийнх нь хэд хэдэн хүн нь монголчууд байгааг хараад бахархсан шүү. Ковидтой холбоотой хязгаарлалт гарч, зарим гадаад менежер ирж чадахгүй байгаа ийм цаг үед монгол залуус тэдний ажил үүргийг маш өндөр ур чадвар, манлайлалтайгаар орлон хийж яваа. “Рио Тинто” Монголын хувьд “Монголиа деливери центр”-т ажилладаг бүх ажилтан монголчууд. Менежерүүд, удирдлагын баг нь ч 100 хувь монголчууд.

-Уул уурхайн, тэр дундаа гүний уурхайн мэргэжилтнүүдээ экспортлох хэмжээний боломжийг Оюу толгой төсөл бүрдүүлж өгсөн гэж уул уурхайн салбарынхан онцолдог. Дэлхийн гүний уурхайн бүтээн байгуулалтад монголчууд оролцох бүрэн чадвар, боломжтой болсон гэж та боддог уу?

-Монголчууд аль хэдийнэ “Рио Тинто”-д ажиллаад эхэлчихсэн. Өмнөд Америк, Хойд Америк, Өмнөд Африк, Австрали гээд олон улсад ажиллаж байна. “Монголиа деливери центр”-ийн жишээнээс харахад олон улсад ажиллана гэдэг заавал биечлэн очиж ажиллах шаардлагагүй болсон. Эх орондоо ажиллаад, хөдөлмөрөө дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломжтой. “Оюу толгой”-н ажиллагсдын хувьд гүний уурхайд ажиллаад, ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалтад гадны улсуудад ажиллахад бэлтгэгдээд явж байгаа гэж хэлж болно. Мөн ханган нийлүүлэгч дотоодын компаниуд олон улсад ханган нийлүүлэлт хийх боломжтой гэж үзэж байгаа.

-Оюу толгойн гэрээ мэдээж хоёр талд ашигтай. Гэхдээ Монголд үүнээс илүү ашигтай байх боломжийг л улстөрчид яриад байдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө гэсэн гурван бичиг баримт “Рио Тинто”-гийн хувьд гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтыг Монголд хийх болсон шийдвэрийнх нь хамгийн том үндэс суурь. Эдгээрийн үр дүнд 11 тэрбум ам.доллар, 2.7 тэрбум гаруй ам.долларын татвар, 12 мянган ажлын байр, 45 мянган шууд бус ажлын байр, орон нутагт зарцуулж буй хөрөнгө оруулалтууд, ил уурхайн үйл ажиллагаанаас худалдан авалт санхүүжилт хэлбэрээр нийгэмд хийж буй хөрөнгө оруулалт, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад Монголд орж ирж байгаа мөнгө гэх мэт энэ бүх үр өгөөж түрүүн дурдсан гурван бичиг баримтын үндсэн дээр бий болсон. Үүний зэрэгцээ Рио Тинто компани Оюу толгойн зэрэгцээ бусад бизнесийн үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэн явуулж байна. Хөрөнгө оруулагчид Оюу толгойг харж хөрөнгө оруулалтаа Монгол руу чиглүүлж байна. Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах чиглэлээр УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу яриа хэлэлцээр хийхэд “Рио Тинто” хэзээд бэлэн.

-Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрч шоронд орлоо. Ер нь Дубайн төлөвлөгөө Монголчуудад ямар давуу тал өгсөн гэж та боддог вэ?

-Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөгүйгээр гүний уурхайн төсөл хэрэгжих боломжгүй. Оюу толгойн ихэнх баялгийг гүний уурхайг ашиглалтад оруулснаар олборлох боломжтой тухай та бид хоёр ярилцлагынхаа эхэнд хөндсөн. Оюу толгой гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байгаа нь ч гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой. Ковид дэгдэхээс өмнө гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд сард 100 сая ам.доллар орж ирж байсан. Гүний уурхайн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ашиглалтад орсноор ДНБ-ий 20-25 хувийг эзлэх боломжтой. Олон мянган ажлын байр, эдийн засгийн үр өгөөжийг мөн би түрүүн дурдсан. Техник технологи, туршлага, ноу хау гээд энэ бүхэн гүний уурхайн төлөвлөгөөнд үндэслэж Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд юм. Засгийн газар Монголын ард түмний нэрийн өмнөөс Оюу толгойн 34 хувийг эзэмшээд явж байгаа. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг 18 сарын турш үйл ажиллагаа явуулаад тогтоол баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаар гүний уурхайг хөгжүүлэх Засгийн газрын үүрэг амлалтыг дахин баталгаажуулсан.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн барилдаанд Улсын заан М.Бадарч түрүүллээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжалт барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорилоо. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар СХ, Монтед констракшн, Рэд Вулкан ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат, Сүлд СХ, “ТЭЦ-4” ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд у.н Б.Ганхуяг а.х.а Ө.Сүхбат, а.а О.Наранбаатар, а.з М.Лхагвагэрэл нар үлдсэн юм.

Улсын шинэ цолтнуудаас аварга П.Бүрэнтөгс, заан М.Бадарч, харцага Ц.Одбаяр, начин Д.Хүдэрбулга, Т.Дүгэрдорж нар зодогложээ.
Барилдааны төгсгөлд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын аварга Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.
Улсын начин Б.Чимэдвандан допингийн эсрэг нэгэн уриалга гаргаж, түүнийгээ барилдааны турш хажуудаа тавьж суун бөхчүүд болон үзэгч олонд хүргэсэн юм. Энэ бол бөхчүүдийн зүгээс гаргаж байгаа зөв, зүйтэй уриалга байлаа.
Categories
мэдээ цаг-үе

Ц.Сэргэлэн: Манай улс хилээ дан ганц хүний хүчээр хамгаалах боломжгүй, технологийн дэвшил ашиглах шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Таныг Хил хамгаалах ерөнхий газрын дарга байсны хувьд асууж байна л даа. Хилийн аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байна. Мөн хилийн цэргүүд хэр технологижсон бэ. Морьт цэргүүд хилээ эргэж байна уу, эсвэл бусад улс шиг камержуулж, дрон нисгэж эхэлсэн үү?

-Энэ талаар арай өргөн хүрээнд ярья. Үндсэн хуулийн 4.1-т Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж заасан байдаг. Мөн “Монгол Улсын хилийг хуулиар бататгана”, хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно хэмээн тус тус заасан. Энэ суурь асуудлаасаа эхэлж яривал илүү ойлгомжтой болох байх. Тиймээс улсын хил халдашгүй дархан байна гэж юуг хэлээд байна гэдэг талаар ярья. Халдашгүй дархан гэдэг нь халдашгүй, ариун нандин, эмзэг асуудлын тухай ойлголт. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2002 онд УИХ-аар баталсан. Уг баримт бичигт “Улсын хилийн халдашгүй дархан байдал нь хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөөгүй хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр зөрчигдөхгүй байх явдлаар хангагдана” гэж заасан. Монгол Улсын хил халдашгүй дархан байхын тулд нэгдүгээрт, улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй байх ёстой. Хоёрдугаарт, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээнүүд зөрчигдөхгүй байх учиртай гэсэн үг.

Монгол Улсын хил халдашгүй дархан байх асуудал бол үндэсний язгуур, ашиг сонирхол. Язгуур ашиг сонирхлоо хангаснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хангагддаг. Тэгвэл Үндэсний аюулгүй байдал гэж юуг хэлдэг вэ гэхээр Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ гэж үздэг. Улсын хил халдашгүй дархан байх язгуур ашиг сонирхлыг хангах нөхцөл бүрдсэн тохиолдолд Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал хангагдана. Ийм л зүй тогтолтой асуудал.

Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах нь төрийн үүрэг. Төрөөс маш олон талт үйл ажиллагаа явуулж байж улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангадаг. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг нь улсын хил хамгаалалт юм. Ямар үйл ажиллагаа явуулах талаар төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тодорхойлж өгсөн. Тиймээс таны асуусан асуулт улсын хил хамгаалах тухай асуудал.

-Ахмадууд урьд нийгмийн үед энэ уулан дээр гараад гулгадаг байлаа” гэж ярьдаг. Гэтэл одоо тэр уул нь хилийн цаана байдаг. Ер нь энэ ортой юу, эсвэл худал яриа ам дамжаад яваад байна уу. 1990 оноос хойш хилийн шугам, зурвасыг яаж хуульчилсан бэ?

-Манай улс 1962 онд БНХАУ-тай хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ НҮБ-д бүртгэгдсэн. Хойд хөрш буюу тухайн үеийн ЗХУ-тай 1958 онд хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг Монгол Улсын болон хөрш орнуудын төрийн эрх барих дээд байгууллагууд соёрхон баталсан. Ийн хилийн асуудлыг хуулиар баталгаажуулсан цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улс хоёр хөрштэйгөө хилийн асуудлаар сөөм газрын маргаан байхгүй. ОХУ-тай нэг удаа, БНХАУ-тай хоёр удаа хилээ хамтран шалгаад байна.

Хилийн асуудлаар хойд, өмнөд хөрштэйгөө байгуулсан 62 гэрээ бий. Үүнээс гадна дэлхийн бусад улс орнуудтай иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай 61 гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг хэрэгжүүлэх үүргийг хуулиар Хил хамгаалах байгууллагад хүлээлгэсэн. Хилийн шугамыг хууль бусаар өөрчлүүлэхгүй байх хэмээн тусгасан. Энэ чиг үүрэг нь олон улсын гэрээг хэрэгжүүлснээр хангагддаг учиртай. Хилийн шугам буюу Монгол Улсын хил бол хэн нэгний, аль нэг байгууллагын хүсэл сонирхлоор наашилж, цаашилж өөрчлөгдөж байдаг зүйл биш. Хоёр улсын хил буюу Монгол Улс-БНХАУ, Монгол Улс- ОХУ-ын хоорондын хил юм. Нэг улсын асуудал биш, хоёр улсын хоорондын асуудал гэдэг нь харагдана. Хилийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хоёр хөрштэйгөө байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хөрш орнуудтайгаа заавал хамтарч шийддэг. Хил дээр маш олон асуудал гардаг. Тухайлбал, хил зөрчих, мал хил давах, мал хулгайлах зэрэг олон асуудлыг хэлж болно. Энэ бүхнийг шийдвэрлэхдээ аль нэг тал нь дангаар шийддэггүй. Заавал нөгөө талтайгаа хамтран шийддэг. Үүнийг шийддэг субьект нь Монгол Улс-ОХУ болон Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх хоёрын улсын хилийн төлөөлөгч нар өөр өөрсдийн хариуцсан хэсэгт асуудлыг гэрээ хэлэлцээрүүдийн дагуу шийдэж, хэрэгжүүлдэг. Хаана хилийн төлөөлөгч байх вэ гэдгийг олон улсын гэрээгээр зохицуулдаг. Тухайлбал, БНХАУ-Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр Монгол Улсад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийн хилийн төлөөлөгч байна гэж олон улсын гэрээнд заасан. Мөн хятадын талд Амгалан, Цонж, Хамийн, Далай Хөвийн, Эрээн, Улиастай гэх мэтээр харалдаа харалдаа байх хилийн төлөөлөгчдийг зааж өгсөн. Хилийн төлөөлөгч нар Улсын хилийн аль баганаас аль хүртэл хариуцахыг нарийн тогтоосон. Багана гэж ердийн ярианы түвшинд хэлчихлээ. Мэргэжлийн хэллэг нь хилийн тэмдэг. Энэ хариуцсан хэсэгт хилийн төлөөлөгч нар хилийн асуудлыг шийддэг. Хилийн төлөөлөгчийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжгүй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Ер нь ховор гардаг. Гарсан тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг.

Хөрш орнуудын Засгийн газрын түвшинд байгуулсан хилийн дэглэмийн гэрээнүүдийг өдөр тутам хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг. Хилийн дэглэмийн гэрээ нь хил дээр гарсан асуудлыг зохицуулахын тулд хоёр талаас ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Энэ гэрээг хэрэгжүүлж хүндэтгэн сахиулж байгаа нь Монгол Улс БНХАУ-ын хил дээр ямар нэгэн асуудалгүй гэсэн үг.

ОХУ-тай ч мөн адил. Энэ бол олон улсын жишиг. Хил судлалын шинжлэх ухаанаар зааж, тогтоож өгсөн онолын асуудал. Тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон хилээ баталгаажуулсан нь манай ахмад үеийн бидэнд үлдээсэн бахархал юм. Бид олон улсын хэмжээнд тогтоосон энэ гэрээг цааш нь улам баталгаажуулаад явах үүрэгтэй.

Хилийн маргаанаас болж Азербайжан Армени хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч байгааг дэлхий даяар харж байна.Ер нь хилийн асуудал гэдэг маш эмзэг. Үүнийг дипломат шугамаар юм уу улс төрийн түвшинд шийдэж чадахгүй л бол үл ойлголцол үүсч, бие биенийхээ эсрэг хүч хэрэглэх байдалд хүрдэг. Өнөөдөр хилийн маргаантай олон улс бий. Харин манай улсын хил халдашгүй дархан байдлаараа өнөөг хүртэл явж ирсэн, цаашид ч ийм байх ёстой. Хилийн асуудлаар маргаан үүсвэл юу болохыг бодит жишээгээр хэллээ.

-Дорнодын Нөмрөг, Сэлэнгийн Минжинхангай заставуудын нөхцөл байдал ямархуу байна?

-Монгол Улсын хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлыг ярихын тулд нэг дүгнэлт хэлье. Монгол Улс 1990 онд нийгмийн хөгжлийн цоо шинэ замыг сонгосон. Дэлхийд нээлттэй чөлөөт зах зээлд шилжиж ардчилсан улс орон болсон. Тэгвэл 1990 оноос өмнө Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар ярья. Тухайн үед дэлхий социалист, капиталист хэмээн үзэл суртлын хоёр лагерьт хуваагдчихсан байлаа. Энэ үед Монгол Улс социалист системийн бүрэлдэхүүн улс болохын хувьд өмнөд хилдээ маш их хүч хаяж, цэрэгжүүлэн хамгаалж байлаа. Учир нь тухайн үед өмнөд хөрштэй харилцаа сайнгүй байсныг хүн бүр мэднэ. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын дарга байхдаа тэр үеийн хил дээр гарч байсан зөрчлийн талаарх судалгааг 2010 онд хийсэн. Ингэхдээ хил судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид, хилийн цэргийн мэргэжлийн албан хаагчдыг оролцуулж томоохон баг бүрдүүлэн архивын материалыг сайн ухаж, судалсан. Ингэхдээ 1990 оноос өмнөх 23 жил, 1990 оноос хойших 22 жилийн хооронд Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар харьцуулсан судалгаа хийсэн юм л даа. 1967 оноос эхэлсэн учир нь хилийн цэрэг энэ үед дахин байгуулагдсан.

1950иад оны үед хилийн цэргийг татан буулгасан байсан. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрштэй харилцаа сайжирсан, одоо бидэнд дайсан байхгүй учраас хилийг цэргийн хүчээр хамгаалах шаардлагагүй гэж үзэж хилийн цэргийг татан буулгасан түүхтэй. Тэгж байтал өмнөд хөрштэйгөө харилцаа муудаж зайлшгүй мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах шаардлагатай хэмээн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, 1967 онд хилийн цэргийг дахин байгуулсан.

-Тухайн үед хилийн зөрчлийн дийлэнх хувийг ямар төрлийн хэрэг эзэлж байв?

-Тэр үеийн хилийн зөрчлийн 50 гаруй хувь нь ахуйн шинжтэй,ахуйн шинжтэй хилийн зөрчил гэдэг нь хил давсан малаа авах, мал хил давах, янз бүрийн ургамал, байгалийн баялаг түүхийн тулд хил зөрчих, төөрсөн хүн хил зөрчиж орж ирэх зэрэг улс төрийн зорилго агуулаагүй зөрчлүүд, үлдсэн 40 гаруй хувь нь улс төрийн шинжтэй гэж үздэг, мэдээлэл цуглуулах, өдөөн хатгах хэлбэрийн зөрчлүүд гарч байжээ. Тэгвэл 1990 оноос хойш хилийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.Шинэ төрлийн агуулга, зорилготой зөрчил бий болсон. Дорнод, Дорноговь, Өмнөговийн чиглэлээр 19902005 хүртэл автомашин хил давуулж наймаалах хэлбэрийн хилийн зөрчил гардаг болсон. 1990 оноос өмнө ийм зөрчил гарч байгаагүй. Хориглосон болон хязгаарласан, хилийн боомтоор хууль ёсоор хил давуулах боломжгүй эд зүйлийг хил давуулж наймаалах зөрчил гарч эхэлсэн. Тухайлбал, хурдан удмын адуу гаднаас оруулж ирэх, эд бараа, спиртийг хил дамнан оруулж ирэх гэх мэт. Ашиг олохын тулд хоёр улсын иргэд хоорондоо үгсэн хуйвалдаж, урьдчилан бэлдэж зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэрэг болж хувирсан. Өөрөөр хэлбэл, хил дамнасан гэмт хэрэг гарах болсон.

1990 оноос өмнө Монгол Улсын хил хамгаалалт тухайн нөхцөл байдалдаа тохирсон, байлдааны бэлэн байдлыг нэгдүгээр зэрэгт тавьсан байдалтай байлаа. Тухайн үед манай улсад ЗХУын арми байрлаж, Монгол ардын арми хүчирхэг байсан үе. Түрэмгийллийн эхний цохилтыг хилийн цэрэг тодорхой хугацаанд саатуулж тогтоон ах, дүү Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин хүчээ задалж байлдаанд орох нөхцөлийг хангах гэсэн үндсэн концепцтой байсан гэж хэлж болно. 1990 оноос хойших хугацаанд манай улс хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд хүртэл улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрлээ. Сайн хөршийн найрсаг харилцаа хөгжиж байна. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хилийн нөхцөл байдалд тохируулж хил хамгаалалтыг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр үеэс өнөөг хүртэл Улсын хил хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна.

Хил хамгаалалтын шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Энэ хэрээрээ Монголын нутгийг эмжсэн улсын хилийн шугам төдий чинээ урт буюу 8252.6 км. Нэг хүнд оногдох улсын хилийн шугамын уртаараа дэлхийд 19 дүгээр байрт ордог гэсэн судалгаа бий. Монгол Улс хилээ хамгаалахдаа хүний хүчин зүйлээр хамгаалах боломжгүй онцлогтой. Улсын хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, найдвартай байдал, чадавхыг дээшлүүлэхийн тулд техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Хил хамгаалалтын техник технологи олон улсын хэмжээнд маш өндөр түвшинд хөгжсөн. Хяналтын, дохиоллын, радарын гэх мэт техник хэрэгслүүд өндөр технологид суурилан бий болжээ.

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг шалгаж нэвтрүүлэх асуудлыг цахим болгох талаар хөндөж байсан. Технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлуудын нэг нь энэ байх?

-Монгол Улсад 26 хилийн боомт ажиллаж байна. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай гадаадын 61 улстай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу иргэдийг хилээр нэвтрүүлдэг. Чуулганаар хэлэлцэж байгаа энэ хуульд гадаадын иргэд манай улсын хилээр нэвтрэх үед нь биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, нүдний торолгон бүрхэвч, царай таних төхөөрөмж гэх мэт био метрийн өгөгдлөөр бүртгэх асуудал орсон. Энэ бол технологийн дэвшил. Манай Улсын иргэд хилээр нэвтрэх үед шуурхай хүнд сурталгүй, нэвтрүүлэх ёстой. Үүний тулд техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. e-get буюу цахим гарцыг хэрэгжүүлье гэсэн асуудал юм. Энэ технологи Буянт-Ухаагийн боомт дээр цөөхөн байдаг. Үүнийг бүх хилийн боомт дээр нэвтрүүлье гэдэг асуудлыг миний бие хөндөөд байгаа. Энэ технологи нь иргэдийнхээ паспорт дээр чийп нааж, цахим гарц дээр очиж хурууны хээгээ уншуулаад хил нэвтэрдэг технологи. Энд хүний оролцоо байхгүй болно. Ингэхээр хурдан шуурхай, хүнд сурталгүй болох юм.

-Улс орны эдийн засгийн аюулгүй байдлын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс эдийн засгийн асуудлаар бусдаас хараат бус байхыг хэлж байгаа гэж ойлгодог. Одоохондоо манай улсын экспорт, импортын харилцаа ямархуу байгаа билээ. Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч улс биш. Манайх ихэвчлэн импортолдог. Тиймээс улсын эдийн засгийн аюулгүй байдлаа улам баталгаажуулахын тулд стратегийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Газрын тосны боловсруулах үйлдвэр” барьж байна. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангах том баталгаа болно.Энэ үйлдвэр удахгүй ашиглалтад орж Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат бус болно гэдэг итгэлтэй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ийм нэгэн залуу

Одоогоос хориод жилийн өмнө миний бие “Аугаа үндэстэн” хэмээх сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хэмээх албанд томилогдон орохуй дор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын сэтгүүлчийн гурав билүү дөрөвдүгээр курсийн Л.Мөнхзул, С.Эрдэнэбаяр, Б.Лхамсүрэн зэрэг залуус аль хэдийнэ сэтгүүлч болох зам мөрөө энэ сониноор эхэлчихсэн байлаа. Эдгээр залуусыг ил цагаан магтах гэсэн хэрэг биш л дээ, Д.Цэмбэл, До.Цэнджав зэрэг манай монгол хэл зүй, сэтгүүл зүй, уран зохиол яруу найргийн томоохон нөхдийн гарын шавь байсан нь бичсэн жижигхэн сурвалжлага, нийтлэл, ярилцлага зэргээс нь ажиглагдаж байв.

Эдний дотор Дорнод аймгаас ирсэн Дамдинсүрэнгийн Дамдинжав гэх бор хүү байлаа. Ганц хуушуур авч идэхээсээ илүүтэй бохийг илүү хүсэмжлэх тэрээр чихнийхээ ард наасан бохио аваад зажилж байснаа гаргаж ирээд хуруугаараа нухна, сунгана, хэдэн хэсэг тасдаад дахин нийлүүлж зажилна. Энэ үйлдлийг хэдэн арав дахин хийнэ. Хажуугаас нь хараад тэсвэр алдаж, наад бохио хая, юмаа бичээч гэвээс ил цагаан инээж л суудагсан тэр. Түүний бичлэг маш өвөрмөц сэтгэлгээний гүн цартай, үгийн онч сайтай байдагсан. “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн судар номын ботид хүмүүсийн бүдэгхэн дүрийг маш сайнаар дүрслэн бичдэг байв. Ер нь хүний тухай, хувь хүний мөн чанарыг хөндлөнгийн сэтгүүлч хүний нүдээр бичих чадварыг До.Цэнджав багш нь сайтар суулгаж өгсөн юм билээ л дээ.

Д.Дамдинжав сонинд ирээд удаагүй байтал нэг өдөр “Би номоо гаргах гэж байгаа, та номыг минь шүүж, өмнөтгөл бичиж өгнө үү” гэдэг байгаа. Пээ та минь миний үед оюутан байхдаа юун ном гаргах, багшийгаа бараадаж явсаар төгсөж ажлын баттай мөртэй болоод л сая өөрийн юмаа нухдагсан. Гэтэл… гэж бодсоор номны эхийг авч билээ. Бэсрэгхэн шүлгийн номын гарчигнаас нь л Дамдинжавын хэтийн үзэл бодол харагдаж байсан.

“БУСДЫН СҮМ ДЭХ МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ” номондоо:

…Дандаа надад баяр баясгалан болдог шалтгаа би одоо харааж байна

Даанч энэ шалтаг надаас урваж өгөхгүй хачиг шиг наалдана

Дарвих цагийн минь нөхөр-эрх чөлөө чи

Даруй надаас урваж, гуних шалтаг минь болооч

Дасал болсон нөхдийнхөө нармайг нээмээр байна

Дарс хундагалуулж, тохойг минь бүү түшүүл, тэднээр…

гээд халуухан онгодтой ширүүхэн хурц шүлгүүд нь хаа холын Орос орны Есенин, эсвэл Блок зэрэг алдартангуудын шүлэг мэт санагдуулж байлаа.

“Аугаа үндэстэн” сонин долоо хоногт нэг удаа А2-ийн найман нүүрээр гардаг чамгүй захиалагчтай “УламжлалШинэчлэлХөгжил буюу Өнгөрснөөс өвлөж, Өнөөдрийг бүтээж, Ирээдүйг дагуулна” гэсэн нэлээд ангич намч уриатай, дугаар бүрээрээ нийгмийн нэгэн томоохон сэдвийг хөндөн олон талаас нь сурвалжлага, нийтлэл, ярилцлага зэргээр бичдэг байлаа. Харамсалтай нь эрхлэгч маань гадаадад амьдрах болсноор сонин хаагдсан юмдаг.

Тун удалгүй “Нийгмийн толь” хэмээх шинэхэн сонинд Д.Дамдинжав улс төр нийгмийн сэдвээр УИХ-ын гишүүд болоод намаар дамжин төрд шургалсан хэсэг бусаг нөхдийн тухай баримтат нийтлэл бичиж эхэлсэн нь олны анхаарлыг татаад зогсохгүй элдэв дарамт шахалтад орж билээ. Хэдийгээр тус сонин ард түмний нэрийн өмнөөс төрийг хянагч, чөлөөтэй шүүмжлэх эрх чөлөөний индэр, олон ургалч үзэл бодлын талбар байсан ч сурсан мэргэжил, шударга зан хоёртоо үнэнч Д.Дамдинжавыг редакцын хаалгыг хааж гарахад тогтоож чадаагүй юм.

2007 оны өвлийн нэгэн өдөр өнөөх Дамдинжав маань, “Би өнгөт сэтгүүл гаргахаар хөөцөлдөж байна, та надтай хамтарч ажлаач” гэдэг юм байна. Хариуд нь би, “За даа, муусайн сэтгүүлүүд долоо хоног, гуч хоног, гурван сараар ч гарч л байна. Хэрэггүй юм биш үү гэвээс, УБ хэвлэх үйлдвэртэй яриад гэрээгээ хийчихсэн,”ЭНЭ таны сонголт” нэртэй, өдөр тутмын өнгөт сэтгүүл, үнэ нь 500 төгрөг, би сэтгүүлийнхээ төлөвлөгөө, график, зардал, хэтийн зорилт зэргийг дэлгэрэнгүй бичээд сумо-гийн их аварга Батбаяр ахтай уулзсан чинь Монголд сэтгүүл зүйн шинэлэг санаа гаргаж байгаа юм байна, ах нь дэмжиж санхүүгээр тусална гэсэн гэлээ.

Удаа ч үгүй Их аварга хэлсэндээ хүрч шинэхэн байрныхаа хэдэн том өрөө, сүүлийн үеийн компьютер, ширээ сандал гээд л бүх зүйлээр тусалсан юмдаг. Ингээд л “ЭНЭ” таны сонголт нэртэй Монголын анхны өдөр тутмын өнгөт сэтгүүлийг хорь гаруй үе тэнгийн залуухан сэтгүүлчдийн хамтаар Дамдинжав гаргаж эхэлсэн дээ.

Том том квор зурагтай, 62 нүүр бүхий дөрвөн өнгөт А4ийн 5000 ширхэг сэтгүүлийг хэвлэж, өглөө бүр бэлэн болгох нь “УБ принт” хэвлэх үйлдвэрт түвэгтэй байсан ч үүргээ цагт нь биелүүлдэг байлаа. Бас болоогүй ээ, “Өдрийн сонин”, “Зууны Мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын сонины томоохон нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээллийг багцалсан А3-ийн найман нүүр “ЭНЭ СОНИН” хэмээх сэтгүүлийн хавсралт сонин гаргасан нь Монголдоо анхны мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний эхийг тавьсан юм шүү дээ.

Дашрамд хэлэхэд, хотын хэмжээнд захиалагч нарыг бүсчлэн хувааж сэтгүүл, сонин түгээлтийн шуурхай хэсэг байгуулж хориод түгээгч оюутан залууст дугуй авч өгсөн юм даг. Ингэснээр сэтгүүлийг өглөөний есөн цагаас өмнө уншигчийн гарт хүргэж чаддаг байлаа.

Д.Дамдинжав ингэж хэвлэл мэдээллийн салбарт шинэлэг шинэ зүйлийг гаргаж ирснээр бядан явагч нөхдийн дургүйг хүргэдэг байлаа. Нэгэн шөнө редакцын бүх өрөөнд хулгай орж толгой компьютерийн хард диск болоод мөнгө төгрөг гээд элдэв зүйлийг нь аваад талийжээ. Баянголын цагдаагийнхан хэдэн өдөр ажил хэрэг болгосон ч олигтой юм болсонгүй өнгөрлөө. Хулгай хар мөртэй гэж настангууд ярьдаг даа, атаа жөтөө гэнэн цагаахан хэнийг ч хорлодог л юм билээ.

Намрын нэгэн жихүүхэн өглөө редакцын хэдэн залуус уйтайхан гунигтайхан угтлаа, манай ажлын хоёр том өрөө тэр чигтээ галд шатжээ. Баянголын галын алба, цагдаа гээд нэлээд олон нөхдүүд ирж тал бүрээс нь шинжээд эзэн холбогдогчийг тогтоож чадаагүй л юм даа. Эл байдлыг үзээд их аварга Батбаяр: “Пээ бурхан минь бүхэл бүтэн байшин (13 давхар) шатаагүй нь яамай даа, Дамдинжав минь бүтэн юм байвал аваад гар даа” гэхэд нь нүд харанхуйлаад…

Дундаа дамждаг хоёр том өрөөнд байсан том жижиг олон тооны ширээ, сандал мөн тооны компьютер шүүгээ элдэв аж ахуйн хэрэглэл, баримт бичиг, хорь гаруй сэтгүүлчийн хувцас хунар, баримт навтарга, үзэг харандаа бүгд хөө тортог, үнс хярвас. Эцэст нь цагдаагийн дүгнэлтээр дотроосоо гал гарчээ гэсэн юм даа.

Би мэтийн юмс сэтгэл санаагаар унаж нэг хэсэгтээ нар харалгүй гэлдэрч явахад, толгой хорогдох орон гэргүй Дамдинжав маань өнөөх л гэгээн цагаан инээмсэглэсээр “Би маш сонин санаа оллоо, тантай л хамтарч хийнэ гэсээр манайд ирдэг юм байна. Би ч айсан, бас залхсан л даа, Гэхдээ л яриаг нь сонсоод өөрийн эрхгүй хамтарч “Панз Юндэн”-г хийсэн дээ.

“Панз Юндэн” гэдэг сонин содон нэртэй телевизийн худалдааны нэвтрүүлэг нь үзэгч гэрээсээ хүссэн бараагаа дундын ченжийн нэмэгдэл үнэгүйгээр суурь үнийг буулгаж авах боломжийг олгох зорилттой байв.

Эхлээд ТВ9тэй хамтарч хийх гэсэн боловч телевизийн нөхөд сайтар ойлгож чадаагүй юм. С-1 телевизийн “Унагалдай”тай уулзаж ярилцлаа. Тэрээр дуртай нь аргагүй зөвшөөрч эфирийн цаг тасалж болохгүй, улс төртэй зууралдахгүй зөвхөн наад сонирхолтой нэвтрүүлгээ хий гэж урам өгсөнсөн. Баярласан гэж юүхэв.

Ингээд телевизээр бараа бүтээгдэхүүнээ үнэ хямдруулан хурдан борлуулах сонирхолтой хувь хүн, компанийн эрэлд Дамдинжав бид хоёр нэлээд өдрийг зарцуулж чамгүй бараатай боллоо. Бидэнд хамгийн түрүүнд GIM компани итгэж бараагаа өгснийг мартдаггүй юм. АПУ ус ундаа, СУМАН ГҮН хүнсний кампани хэвийн боов, “Үндсэн хүнс” компани амтлаг хар талх, хувцас хунар, хөргөгч зурагт, гэр ахуйн хэрэгсэл гээд л тасралтгүй бараатай болсон л доо. Үүний хажуугаар телевизээр дуудлага худалдааг хийх аятайхан яриа хөөрөөтэй, царайлаг хөтлөгч олохын тулд аминдаа сонгон шалгаруулалт хийсэн ухаантай. Соёл урлагийн их сургуулийн төгсөх ангийн Даваа,… нарыг шилж авлаа. Бидний нэвтрүүлэг олны анхааралд түргэн хүрч С1 телевизийнхэнд ч ачаалал ихэсч билээ. Бидний ажил нэмэгдэж хамтарч ажиллах нөхөд, бараа таваар ирдэг боллоо.

Ингэж Монголд анх удаа ТВээр үнэ унагах дуудлага худалдааг Д.Дамдинжав сэтгүүлч л хийж чадсан юм даа. Олон ч телевиз бидний санааг хуулсаан хуулсан. Бүүр хамтарч ажилъя гээд гуйж явсан Э.Магнайбаяр гэгч (Сонгинохайрхан дүүрэгт намаас сольдог) нөхөр өөр телевизэд бидний санааг мөнгөөр худалдчихсан байж билээ. Өнөөдөр Монголын бүх телевиз өмд гуталнаас эхлээд зарж болох бүхнийг үнэ хөөрөгдөн зардаг болжээ. Үүнийгээ ТВтохиролцоо гэж нэрлэсэн нь хачирхалтай.

Д.Дамдинжав ингэж үнэ “унагасан” сонирхолтой нэвтрүүлэг хийж явахдаа, “Зүрхний хэл” хэмээх яруу найргийн 12 хэвлэлийн хуудас бүхий номоо гаргаж амжлаа. Хэн нэгэн цол гуншинтай эрхэмсэг гуайгаар өмнөтгөл, эсвэл мялаалгын үг бичүүлээгүй өөрөө оршилдоо “Миний өчүүхэн төсөөллөөр бол яруу найраг бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг хэлээр өгүүлэгддэггүй. Бидний мэдэх цагаан толгойн үсэг, үг,өгүүлбэр зүйн холбоосоор яруу найргийг илэрхийлдэг л болохоос бүтээдэггүй. Яруу найраг бол өөр хэл зүй.Яруу найрагчдыг мөхөс би тэр хэлний гайхамшигт орчуулагчид гэж боддог юм. Түүнийг мэдрэмжийн хэл, сэтгэлийн хэл, эсвэл зүрхний хэл ч хэмээн нэрлэж болох юм аа…”гэж бичжээ.

“ЧАМДАА ЗОРИУЛЪЯ” шүлэгтээ:

Үүлсээр хучиж, сүүдрээр өлгийдье, би чамайг

Үгүйг чинь орчлон гэрэл мэт санагалздаг.

Үндсээр бөхөлж, өвс мэт ургуулъя, би чамайг

Үнэр чинь борооны дараах шиг тал дүүрэн ханхлаг.

Үлгэр зохиож, шүлэг хэлж өгье, би чамд

Хүмүүс зүрхний хэлийг сураад

Хорвоод хайрын цэцэгс тариг ээ гэж тээр хол аниргүйн алсад одсон хэн нэгэнд зориулсан “зүрхний хэл”ээр бичсэн олон сайхан шүлэг байж байх юм.

Монголд 1980аад оны сүүлчээр Варьете-чуулгад Лонжид, Баяр зэрэг урлагийн их авьяастнууд анх удаа кабаре хэмээх дуут бүжгийн цэнгээнийг тайзнаа тавьж байсан бол мань Дамдинжав 2013 онд УБ паласд шөнийн дуубүжгийн кабаре цэнгээнийг бас зохион байгуулж чадсан юм даа. УБ паласын бага танхимд анхны тоглолтыг хийхэд 500 гаруй үзэгч дуут бүжиг үзэнгээ шар айраг шимж, зууш амталж гурван цаг тухлан суусныг санаж байна.

Кабаредуут бүжиг тавихдаа мэргэжлийн бүжигчин, дуучин сонголгүй, хотын их дээд сургуулийн охидоос зүс царай, бие бялдарын тэгш хэмийг харгалзан авч бүжгийн багшаар бүжиг хэмнэлийг заалгасныг мартдаггүй юм. Дуу шуугиантай эхэлсэн кабаре хэмээх шөнийн дуут бүжгийн тоглолтыг Баянголын цагдаагийн нөхөд эхнээс нь таашаагаагүй, оройн тоглолт бүрт бөөн цагдаа ирж “аюулгүй байдлыг” сахин хамгаалж даруй тараахыг шаарддаг байлаа.

“Гүйх нохойд шээх нохой саад” гэдэг шиг шинэлэг зүйл хийх гэсэн Д.Дамдинжавын их хүсэл бүхэн хяслантай байсныг санахад түүнийг улам хурцалж өдөөж байжээ гэж боддог юм даа. Утга зохиол, сэтгүүл зүйн сайн багш нарын гараас гарсан түүнийг хэд хэдэн сонин сэтгүүлийн газар ажиллахыг урьсан ч аль нэгэн нам, эсвэл баян нөхрийн хараат сонин сэтгүүлийн тогоо өнгийж суухыг хүссэнгүй нэгэн хэсэгтээ чимээгүй суусан юмдаг.

Чимээ аниргүй нам суусан нь учиртай байж. Тэр сэтгүүл зүйн нэлээд хүнд жанр ПАМФЛЕТ төрлөөр цуврал ном бүтээжээ. Памфлет гэдэг нь баримт түшсэн шүүмжлэл, ёгтлол, зүйрлэл ихтэй голдуу улстөрчдийн хөрөг нийтлэл багтдаг бичигчээс ихээхэн эр зориг, тэсвэр, судалгаа шаарддаг уншигч олны анхаарлыг онцгой татдаг сэтгүүл зүйн нэгэн төрөл юм л даа.

Зохиолч Д.Дамдинжав нь памфлет төрлөөр “ГОЛ ТОГЛОГЧ” нэртэй хоёр боть номыг гаргасан нь олны анхаарлыг онцгой татаж байна.

Жишээ нь: …”Улстөрч гэдэг ихэнх тохиолдолд улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг хүнийг хэлдэг. Тэгвэл Сү. Батболдын хувьд тэгж хэлэхэд эндүүрэл болж мэднэ, эсвэл хэт дэгстэж мэднэ. Учир нь өнгөрсөн хугацаанд уг хүн маань улсын ажлыг өөд нь татсан гэхээсээ илүүтэй хувийн бизнесийг өөд нь татсан гэж хэлэгддэг…” гэж УИХын гишүүн Сү. Батболдын тухай “Хүйтэн цуст капиталист” гэж бичжээ.

“Манай үеийн мангас” нийтлэлдээ: …”Улстөрчийн хувьд хэдийнэ “үхдэл” болчихлоо доо гэж бодтол эргээд л босоод ирэв. Тэр толгойг нь тасдсан ч дахиад л толгой ургаж ирээд байдаг мангас аятай л аашилж байна. Н.Энхбаяр бол аюул занал, “хадны мангаа”… хэмээн бичсэн бол, … “Ц.Элбэгдоржийн үгэнд итгэх хэрэггүй шиг нөхөр, эсвэл дайсанд нь үнэмших хэрэггүй. Тэр нэг өдөр нөхрөө зүхэж, дайснаа магтаж мэднэ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбогдуулан шалгаж байх үеэр “Би БатҮүлийг Улсын баатар болтол нь дэмжсэн” гэх хуншгүй үгийг унагаж зогссон удаатай”… хэмээн Монгол Улсын хэмжээний улстөрчдийг бодит үйл явдлыг гаргалгаатай бичсэн байдаг.

Шулуухан хэлэхэд, зохиогчийн амь насанд халгайтай памфлет төрлөөр Монголдоо анхлан бичиж байгаа Д.Дамдинжавын бүтээлийг сэтгүүл зүй, уран зохиол, ном зүйн талаас нь шүүмж судлал бичих хэн нэг нь үгүйлэгдэж байна.

Наран мандах Дорнодын Гурванзагал сумаас өндийсөн ийм нэгэн залуу өнөөдөр Монголын шинэ үеийн яруу найрагч, зохиолчдын гал голомтод дөл нэмж хүч түрэн орж ирлээ. Түүний уран бүтээлийн эцэс төгсгөлгүй жим өргөн байгаасай гэж ерөөе.

Сэтгүүлч Мунаагийн БАТМӨНХ