ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “VIII сарын 1-ний өдөр гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд Афганистанаас ирсэн цэргийн алба хаагчид. Ингээд нийт батлагдсан тохиолдол 293 боллоо” гэв.
Month: August 2020
1. Хойд Калифорнийн их сургуулийн эрдэмтдээр ахлуулсан баг коронавирусийн хүн амын сэтгэлзүйд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор АНУ-н 1500 хүнийг хамруулсан судалгааг онлайнаар зохион байгуулжээ. Судалгааны дүнгээр 18-аас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэдгүй эцэг, эхчүүдээс илүү их депрессд орж байгааг илрүүлжээ. Мөн 50-иас доош насны хүмүүс өндөр настай хүмүүстэй харьцуулахад илүү их стрессийн нөлөөнд өртсөнийг мэдээлжээ.
2. Хятадын Ухань хотын шинжлэх, ухаан технологийн их сургуулийн эрдэмтэд ам-залгиураас ялгарч буй шүүрэлд коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийх нь хуурамч-сөрөг хариуг багасгах ач холбогдолтой гэж мэдээлжээ. Учир нь хамар-залгиурын арчдасын шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүсийн ам- залгиурын шүүрлээс сорьц авч шинжлэхэд коронавирус илэрсэн байна.
3. Паркинсоны өвчтэй 2000 хүн, тэдгээрийн гэр бүлийг оролцуулсан судалгаагаар оролцогчдын гуравны нэг нь хөл хорионы үеэр өвчний шинж тэмдгүүд гүнзгийрч, нэмэгдсэн болохыг тогтоожээ. Ланкастрын их сургуулийн эрдэмтдийн хийсэн уг судалгааны дүнгээр паркинсоны өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар хүнд өвдөх өндөр эрсдэлтэй тул цар тахлын үед эдгээр хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээнд анхаарал хандуулах хэрэгтэйг зөвлөжээ.
4. Коронавирусийн G614 болон D614 гэсэн 2 хэлбэр хүн амын дунд орчилд байгааг мэдээлж байгаа бөгөөд эдгээр нь байнга жижиг хувирал өөрчлөлтөд орж байдаг байна. Харин хүний дархлааны эсрэгбие мутацид орсон G614 хувилбарыг амархан таньж, устгаж байгааг судалгаа харуулжээ.
5. Их Британийн судлаачид амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих нь Ковид-19-н халдварын эрсдэлийг бууруулна гэж үзжээ. Учир нь амны хөндийд байх олон төрлийн бичил биет нь зүрх судас, даралт ихсэх, сахарын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар Ковид-19-н үед эдгээр өвчний эрсдэл нэмэгдсэнээр өвчтөн коронавируст халдвараар хүндээр өвдөх эрсдэлийг бий болгоно гэжээ.
6. Испанид 61 000 хүнийг оролцуулж хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлаа хэдхэн 7 хоногийн дараа буурч байгааг илрүүлсэн бөгөөд судлаачид халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.
7. Хятадын Хелионжанг аймагт гадны улсад аялаад ирэхдээ коронавирусийн шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүн 70 гаруй хүнд халдварыг тарааж, өвчин голомтлон тархсан болохыг судалгаагаар илрүүлжээ.
8. Жирэмсний сүүлийн сард коронавирусийн халдвар авсан эхийн эхэсээр халдвар дамжин ураг халдвар авсан болохыг Францын эрдэмтэд судалгаагаар илрүүлжээ. Халдвар авснаас 11 хоногийн дараа хүүхдийн тархины MRI шинжилгээнд өөрчлөлттэй гарсныг судлаачид мэдээлжээ. Харин 2 сарын дараа хүүхдийн биеийн байдал бүрэн хэвийн байдалдаа орсон байна. Цаашид вирус хэрхэн урагт халдварласныг нарийвчлан судлах шаардлагатайг анхааруулжээ.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 17,404,000 хүн өвчилж, 677 мянган хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
24 цагийн дотор дэлхий дахинд 282 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь нэгдүгээр сараас хойш буюу цар тахал эхэлснээс хойших хамгийн олон шинээр халдвар авсан өдөр болоод байна. Шинэ халдварын гол хэсэг нь АНУ, Энэтхэг, Бразил улсууд байна.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,482 хүн шинээр халдвар авч, 161 хүн эндсэн байна.
Харин БНХАУ-д 168 тохиолдол шинээр бүртгэгдсэний зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна.
Үүнээс харахад өвчнийг хяналтдаа авсан улс орнуудад гаднаас зөөвөрлөгдөх магадлал өндөр байгааг харуулж байна.
Манай улсын хувьд тусгаарлалт, ажиглалтад шинээр 32 хүн орж, 258 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2,435 хүн тусгаарлалтад байна. Үүнд 58 их эмч, 99 дадлагжигч эмч, 73 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасагтай хамтран 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд зохих зөвшөөрөлгүй, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт суурьшсан малчин өрх, мал худалдаж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаартай “Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглосон бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоолын хүрээнд гүү барьж байгаа 5 өрх айл, мал худалдаж буй 8 иргэнд хориглосон бүсээс малаа тогтоосон хугацаанд гаргах, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]
Энэ жил дэлхийн хөгжингүй болон шинээр сэргэж буй томоохон эдийн засгууд бүгд хасахтай гарч байгаа бөгөөд ганцхан улсын эдийн засаг нэмэх өсөлттэй байгаа нь Хятад аж. Хятадын эдийн засаг 2020 онд 1 хувиар өсөх төлөвтэй гэж Олон улсын валютын сан 6 дугаар сард гаргасан тайландаа дурджээ (Хүснэгт 1-ийг үзнэ үү).
Эх сурвалж: Олон улсын валютын сан
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян энэ оны 5 дугаар сард тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ энэ жил ковид-19 гарсантай холбоотой нийгэм эдийн засгийн тодорхой бус хүчин зүйлс их байгаа тул улсынхаа эдийн засгийн өсөлтийг тоон хувиар илэрхийлэх зорилт тавихгүй гэдгээ зарласан юм. Өнгөрсөн жил буюу 2019 онд Хятадын ДНБ 6.1 хувиар өссөн, ажилгүйдэл 5.3 хувьтай, инфляц 2.9 хувьтай, олон улс дахь орлого зарлага тэнцвэртэй, эдийн засгийн ерөнхий дүн нуруу тогтвортой байжээ. Харин 2021 онд дэлхий даяар эдийн засаг аажмаар сэргэнэ гэж таамаглаж байгаа ба Хятадын эдийн засгийг хамгийн өндөр буюу 8.2 хувиар өснө гэсэн таамаг ОУВС гаргасан.
Ковид-19-ийн эсрэг Хятадын авч буй арга хэмжээ
2020 оны цар тахал улс орнуудад асар хүнд цохилт учруулж байгаа ч Хятад улс эдийн засгийн аливаа сорилтод бусад орныг бодвол харьцангуй сайн бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Учир нь 2018 оноос эхэлсэн Хятад, АНУ-ын худалдааны дайн аль хэдийн Хятадын эдийн засагт ковид 19-өөс өмнө сорилт учруулаад байсан юм. Үүний хариу арга хэмжээ болгож Хятадын засгийн газар 2018 оны 7 дугаар сард “Зургаан тогтворжилт”-ийн бодлого дэвшүүлсэн. Үүнд: ажлын байр, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөт ажлууд гэсэн зургаан зүйлийг тогтвортой хадгалан барих бодлого хэрэгжүүлэв. Уг бодлогын үр дүнд худалдааны дайнтай байсан ч 2019 онд эдийн засгаа 6.1 хувиар өсгөж чаджээ.
Гэвч хоёр дахь том цохилт 2020 онд ковид 19-ийн нөлөөнөөс ирж Хятадын эдийн засаг нэлээд хүндрэн агшиснаар эхний улиралд гэхэд ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар буурсан аж.[2] Ингээд эдийн засагт авах дараагийн арга хэмжээг төлөвлөж, энэ оны 4 дүгээр сард “Зургаан хадгалалт”-ын бодлого дэвшүүлэв. Үүнд: ажлын байрыг, иргэдийн амьжиргааг, зах зээлийн гол голдирлыг, хүнс эрчим хүчний аюулгүй байдлыг, үйлдвэрлэлийн тогтвортой гинжин хэлхээг, суурь шатны дотоод эргэлтийг тус тус тогтвортой хадгалах явдал бөгөөд энэ хүрээнд арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр болжээ.
Эдгээр бодлоготой уялдаж буй гол субьект нь жижиг дунд ААН-үүд болж байна. Учир нь ДНБ-ий өсөлтийн 60 хувийг жижиг дунд ААН-үүд бий болгодог, ажлын байрны 80-аас илүү хувийг тэд бүтээдэг. Гэтэл цар тахлын үеийн нийгмийн тусгаарлалт зэрэг нь жижиг дунд ААН-үүдэд хамгийн хүндээр тусаж, орлого тасалдан хаалгаа барихад хүргэж байгаа тул үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нь дээрх “зургаан тогтворжилт”, “зургаан хадгалалт” бодлогоос харагдаж байна.
Хятадын эдийн засгийн талаарх цаашдын таамаг
Ковид 19-ийн үед явуулж буй дээрх бодлогын нөлөөгөөр Хятадын эдийн засаг аажим өсөх хандлагатай байгаа гэж эдийн засгийн шинжээчид үзжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Хятадын эдийн засгийн талаарх таамаг Олон улсын валютын сангийнхыг бодвол илүү өөдрөг дүр зурагтай байна. 2020 онд Хятадын эдийн засаг ковид 19-ийн улмаас унаж 2.3 хувиар л өсөх боловч 2021 онд буцан сэргэж 7.3 хувиар өснө гэж таамаглажээ.[3] Үүнтэй ойролцоо гарсан бас нэг таамаг нь Ройтерс агентлагийн судалгаа бөгөөд Хятадын эдийн засаг сая хоёрдугаар улиралд 2.2 хувиар өссөн, гуравдугаар улиралд 5.2 хувь, дөрөвдүгээр улиралд 6.1 хувиар өсөж магадгүй гэжээ.[4] Гэхдээ энэ нь Хятад АНУ-ын консулын газруудын хэрэг дэгдэхээс өмнө хийсэн судалгаа аж. Ер нь эдүгээ олон улсын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, тодорхойгүй хүчин зүйлсийн нөлөө хэтэрхий их байгаа нь аливаа судалгаа таамаг дэвшүүлэхэд бэрхшээлтэй, эсвэл таамгууд хоорондоо зөрөхөд хүргэж байна. Гэсэн ч аль ч судалгаагаар Хятадын эдийн засаг 1 хувиас дээш өсөлттэй байж ирэх жил сэргэнэ гэсэн нийтлэг дүр төрхтэй байна.
Эрсдэл: Хятадын эдийн засаг дахь хамгийн том эрсдлийг мэдээж ковид-19 цар тахлын дахин дэгдэлт гэж үзэж байна. Түүнчлэн Хятад, АНУ-ын харилцаа хурцдах, ААН-үүдийн ашиг буурах зэрэг хүчин зүйлс нь ААН-үүдийн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлснээр худалдаа, үйлдвэрлэлд дарамт урчуулж болзошгүй гэж эдийн засагчид үзжээ.[5] 2020 оны сүүлийн хагас жилд таагүй хүчин зүйлсийн нөлөө ар араасаа гарч ирснээр Хятадын эдийн засаг сэргэх явц удааширж ч магадгүй. Үүнд цар тахлын тусгаарлалт нь зах зээл дэх эрэлт сэргэхэд таагүй нөлөөлнө. Эдийн засаг буцаж сэргэх явцыг удаашруулж буй өөр нэг гол шалтгаан нь экспортыг сэргээхэд асар хүндрэлтэй байх болно, өмнөх жилүүдийнх шиг эдийн засаг сэргэхэд дагаад экспорт шууд өсдөг шиг байдал бий болохгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнх шиг өндөр байхгүй гэж Бээжингийн их сургуулийн профессор Хуан Үйпин дүгнэжээ.[6]
Цаашид Хятадын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлж болох хоёр зүйл байгаа нь нэгд дотооддоо эрэлтийг сайтар бий болгосноор өсөлтийг дэмжих гол хүч болно, хоёрт дижитал эдийн засаг цаашид ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай, энэ нь магадгүй хөгжлийн шинэ түлхэх хүч болох болно гэжээ.
Эдийн засгийн байдал ба Хятадын нүүрсний импорт
Эдийн засгийн өсөлт эрс саарсныг дагаад Хятадын нүүрсний хэрэглээ эхний дөрвөн сарын байдлаар 6.8 хувиар буурчээ. Ингээд Хятадын нүүрсний том компаниуд үйлдвэрлэлээ 4 сая тонноор бууруулсан байна. Хятадын Нүүрсний нийгэмлэгээс гаргасан “2019 оны нүүрсний салбарын жилийн тайлан”-д 2020 оны төлөвийн талаар таван зүйлийг тодотгожээ. Нэгд нүүрсний эрэлт буурч байна, хоёрт нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байна, гуравт нүүрсний нөөцлөлт нэмэгдэж байна, нүүрсний үнэ буурч байна, нүүрсний эдийн засгийн үр ашиг буурч байна гэсэн таван хандлагыг 2020 оны онцлогоор тодорхойлсон байна.[7]
Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурч байгаа хэдий ч гадаадаас авах импорт буураагүй аж. 2020 оны эхийн хагас жилд нүүрсний импорт өсөж, 174 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн дүн бөгөөд голлон Индонез, Австратли, ОХУ, Монгол, Филлипин зэрэг улсаас импортлосон байна. 2019 оныхтой харьцуулахад импорт хийсэн орнуудын бүтэцэд ОХУ Монголыг гүйцэж гурвдугаарт орох болсон өөрчлөлт гарчээ.
Эхний хагас жилийг бодвол энэ оны сүүлийн хагас жилд аж үйлдвэр, эдийн засгийн аажим сэргэх дээрх таамгийн дагуу нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна Хятадын нүүрсний нийгэмлэг.[8]
Гэвч энд анхаарууштай нь эдийн засаг хэвийн өсөлттэй байсан 2019 онд 300 сая тонн нүүрс импортлосон гэдгийг тооцвол энэ жил хэдийнээ 174 сая тонныг импортлочихоод байгаа. Тэгэхээр сүүлийн хагас жилд импортыг 100 гаруй сая тонноос хэтрүүлэхгүй, мөн нүүрс импортолж буй боомтуудын хяналт нэвтрэлтийг сулруулах найдвар бага гэж үзэж болно. Цаашид Хятад улс нэмэгдэж буй нүүрсний эрэлтээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бололтой.
Эдгээрийг нэгтгээд харвал хэдийгээр цар тахал дэгдэж эдийн засаг агшиж байсан ч Хятадын нүүрсний импорт нэмэгдсэн шалтгаан нь үнэ хямдарсантай холбоотой бөгөөд сүүлийн хагас жилд эдийн засаг сэргэж нүүрсний үнэ нэмэгдэх үеэр дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэх гэсэн бодлого барьж байж магадгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгалаа.
Чөлөөлсөн талбайд нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, тохижилт болон цахилгаан автобус цэнэглэх байгууламжийн ажил хийгдэх юм байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны авто зам, замын байгууламжийн доогуур Улаанбаатар хотын төв магистраль цэвэр, бохир усны 600 мм-ийн шугам хоолой явдаг хамгаалалтын бүс оршдог. Энэхүү магистраль шугам нь 1985 онд баригдсан, насжилт өндөртэй. Эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ хийх талбайгүй учраас нүүлгэн шилжүүлэхийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах ОНӨААТҮГ-ийн газраас удаа дараа шаардах бичиг ирсний дагуу газар чөлөөлөлт хийгдлээ.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг танилцуулж байна.
Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Аж ахуйн нэгжийн хүсэлт; /бэлтгэх махны хэмжээг тусгах/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээ;
- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ;
- Үйлдвэрийн танилцуулга;
- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт;
- “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага. MNS 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх; /Фото зураг хавсаргах/
- Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/
- Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр VII сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна. Өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-нд Онон, Туул голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шөнө
Бурхны аврал гэж байдаг уу. Хэрэвзээ байдаг ахул тэвчиж эс чадах тарчлаан, өлсгөлөн үгээр хэлэхэд ч үг үл хүрэх тийм аймшигт тамаас байж болох бүр л чадлаа шавхан амьд үлдэх нь мөнөөх бурхны аврал мөн үү. Зарим нь “Тийм ээ, аврал мөн” гэх бол зарим нь “Зүгээр л аз”, нөгөө хэсэг нь “Ёстой л хувь тавилан юм. Ус уух хувьтай” гэж хариулах байх. Тэгвэл эрхэм уншигч та бүхэнд энэ удаагийн “Ном ярьж өгье” булангаар 1986 оны Нобелийн энх тайвны шагналт, 1955 онд хэвлэгдсэн цагаасаа хойш даруй 30 гаруй хэлээр орчуулагдан гарч, 10 сая хувь борлогдоод байгаа Эли Визелийн дуулиан тарьсан намтарчилсан бүтээл болох “Шөнө” хэмээх номын тухай товчхон өгүүлье. Дэлхийн II дайны төгсгөл хэсэгт Аушвиц, Бухенвальд, Буна гэх хорих лагераар аавынхаа хамт хоригдож байсан Эли Визелийн амьд үлдэхийн төлөөх тэмцэл, тэр аймшиг дунд хүнээрээ байхыг хичээсэн тэмцлийн талаар эл номонд өгүүлэх болно. Уг номыг Б.Батзаяа орчуулан, “Арвис паблишинг” уншигч танд хүргэж байгаа юм.
1944 оны хавар фашистууд ялагдах нь тодорхой болоод байсан цаг үе авч дайн сунжирсаар. Гэвч нацист армийн цэрэг Унгарын нутагт орж иржээ. Еврейчүүдийн долоо хоног үргэлжилдэг баяр болох Песахын сүүлийн өдөр бүх зүйл эхлэх болно. Яг л тэр өдрөөс эхлэн үйл явдал яг л хурдлуулсан зураг адил хурдан өрнөж эхэлжээ. Эхлээд еврейчүүдийг гурав хоногийн турш гэрээсээ ямар ч нөхцөлд гарч болохгүй байх тушаал буув. Зөрчих аваас үхэл. Тэр өдөртөө л цагдаа нар еврей айлуудын хаалгыг эвдэн орж үнэтэй цайтай бүхнийг нь хуу хамж эхэлсэн бөгөөд гагцхүү “Бүгдийг эрх баригчдад тушаа” гэх хууль үйлчилнэ. Ямар нэгэн аргаар үнэтэй байж болох юуг ч авч үлдсэн бас үхэх ял хүлээнэ. Гурав дахь хоногоос тэднийг шар өнгийн од бүхий тэмдэг энгэртээ зүүж явах ёстой гэсэн дүрэм үйлчилж эхлэв. Эцэст нь еврейчүүдийг хотоос тусгаарлана…
Нэгэнт тусгаарлагдсан тэднийг нэг л өдөр байгаа байгаа газраас нь хайр найргүй хөөн гаргаад цуваагаар хаашаа ч юм бэ авч явлаа. Хэсэг хэсгээр нь хуваан жагсааж хүмүүсийг хаашаа ч юм явуулсаар. Нэг л өглөө сүүлийн хэсэг хүмүүсийн ээлж ирэхэд тэднийг галт тэрэгний чингэлэгт суулгасан юм. Нэг чингэлэгт 80 орчим хүн суулгаад, хэрэв зугтах оролдлого хийвэл мөн л үхэх ялыг сануулан, шүгэлийн дуу тасхийхтэй зэрэгцэн галт тэрэгний дугуй чихран хөдөллөө. Тэгж олноор чихсэн чингэлэгт хэвтэх боломж байхгүй. Мэдээж тэнд тэвчин байна гэдэг туйлын хүнд. Ингэж явсаар нэгэн өртөөн дээр зогссон нь “Аушвиц” байлаа. Харин энэ чухам ямар газар болохыг тэдний хэн нь үл мэдэх ажээ. Тэднийг Биркенау буюу Аушвиц хорих ангид авчирчээ. Галт тэрэгнээс буулгасны дараа жагсан алхах тэднийг хүлээн авсан CC-ийн офицер “Эрчүүд нь зүүн талд жагс, эмэгтэйчүүд нь баруун талд жагс” гэж тушааснаар тэд хаашаа ч гарах гарцгүйгээр хорих ангийн хоригдлууд боллоо. Эндээс тэдний урт удаан тарчлаант өдөр хоногуудын эхлэл тавигдлаа. Шатаах зуухны өтгөн утаа, энд тэнд гарах буун дуу. Амьд үлдэхийн төлөөний аймшигт тэмцэл. Энэ ном уран зохиолынх огт биш. Харин яг бодит болсон үйл явдлыг л энэ аймшигт тамд байсан хүн өөрөө бичсэнд уг номын амин судас нь оршиж байгаа юм. Эл бүтээлийг “Бүх хүн төрөлхтний заавал унших ёстой ном” хэмээн Опра Уинфри тодорхойлсон нь нэгийг хэлээд байгаа юм. Мөн “ийм цөөхөн хуудсанд ийм их хүч агуулагдана гэж төсөөлж байсангүй” хэмээн “Нью Йорк таймс” тодотгожээ. Уншигч та “Шөнө” гэх бүтээлийг заавал авч уншаарай. Танд нэгийг бодуулах нь гарцаагүй. Уншсаныхаа дараа та магадгүй “Ээ бурхан минь” хэмээн дуу алдах ч магад.