Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна. Өчигдөр 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсны улмаас Шарын голын гүүр гараад 26-263 км-ийн хооронд гурван хэсэгт замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн байна. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.
Month: August 2020
“Өлзийт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3864 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн O нь зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй 50 кг говийн өнгөт чулуу тээвэрлэн явж байсан зөрчлийг илрүүлжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хүүхэд, багачуудад галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхан шатны сургалт зохион байгуулжээ. Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа тус зусланд гуравдугаар ээлжийн 260 хүүхэд амарч байна. Зуслангийн аюулгүй байдалд хяналт тавьж Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ. Харин элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 17:00 цагт хаагдахыг албаныхан мэдээлсэн байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-нд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар буюу сургууль дээр нь очиж бүртгүүлнэ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Онон, Туул голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо иржээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН АРГА БАРИЛ БИШ-
Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийг зодож шийтгэж болохгүй. Гэвч хааяа шавхуурдаад авахгүй бол болдоггүй тохиолдол эцэг эхчүүдэд тулгардаг шүү дээ?
-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал гэр бүлийн төдийгүй бүх нийтийн асуудал болоод байна. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар эцэг эхийн ойлголт хандлага ч янз бүр байна. Хүүхдийг Ивээх Сангаас 2020 оны долдугаар сараас эхлэн эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргуудыг заан сургах, сурталчлах зорилгоор “Хайраар үлгэрлэе” хэмээх нөлөөллийн аяныг зохион байгуулахдаа, урьдчилан 820 эцэг эхээс судалгаа авч, тэдний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаар судалж үзсэн байна. Тус судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн 35 хувь хүүхдийг зодож шийтгэх нь зөв гэдэгтэй ямар нэг байдлаар санал нийлж байна, 41 хувь нь хүүхдэдээ ямар нэг байдлаар гар хүрч байсан гэж хариулсан байна. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орсноор аль хэдийнэ 30 жил өнгөрчээ. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг шийтгэл хэрэглэхийг хориглосон бөгөөд тус хуулиар эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэнэ хэмээн зааж өгсөн. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь зөв гэж үзэх нь, шийтгэл хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэтэл бодит байдал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж байна.
-Хүүхдийг бие махбодийн шийтгэл хүлээлгэж шийтгэх нь ямар хор уршигтай вэ?
-Хүүхдийг зодож шийтгэх нь тун буруу. Нэгдүгээрт, хүүхдийн тархийг гэмтээж, амжилттай хүн болон төлөвших ирээдүйг нь балладаг. Хүүхдийн биед хүрч, өвтгөх бүрд түүний тархины айдсын төв идэвхжиж стрессийн даавар ялгарч байдаг. Стрессийн даавар нь тархины чухал хэсэг болох духны урд хэсгийн үйл ажиллагааг доголдуулдаг нь тогтоогдсон. Духны урд хэсэгт бидний амжилттай ажиллаж, амьдрахад шаардлагатай анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө удирдах, шийдвэр гаргах зэрэг ур чадваруудыг хариуцдаг хэсгүүд байрладаг байна. Тэгвэл та хүүхдээ зодож шийтгэх бүрдээ түүний зөвхөн биеийг өвтгөж байгаа бус тархийг нь гэмтээж байдаг.
Хоёрдугаарт, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Хүн бүр хүүхдээ амжилттай хүн болоосой, өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Гэтэл хүүхэд зодуулж шийтгүүлэх бүрдээ “Би үнэ цэнэгүй, ээж аав надад дургүй” гэсэн бодол, мэдрэмж төрдөг, суудаг байна. Ийм хүн өөртөө итгэх итгэл багатай байхаас гадна бусдад ч итгэх итгэлгүй болдог. Хүнд итгэх итгэл хүүхдийг дөнгөж төрснөөс эхлээд эхний зургаан сард бий болдог гэдгийг судлаачид тогтоосон. Хүн эхлээд ээж аавдаа итгэснээр, дараагаар нь нийт хүн төрөлхтөнд итгэж болох юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл ээж аавдаа итгэдэггүй хүн бусад хүнд итгэж чадахгүй. Бусдад итгэдэггүй хүн ойр дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл учирдаг. Та хүүхдэдээ гар хүрдэг бол тэр бүрийдээ хүүхдийнхээ танд итгэх итгэл болоод бусдад итгэх итгэлийг үгүй хийж, түүнийг өөрөөсөө холдуулж байна гэж ойлгоорой. Та хожим хичнээн сайхан харилцсан ч тэр танд эргэлзэх болно, мөн танд итгэж нууцаа, асуудлаа ярихгүй хүн болно.
Гуравдугаарт, хүүхдэд асуудлыг хүчирхийллээр шийдэж болдог гэдэг буруу хүмүүжил өгдөг. Тэр хожим уурлаж бухимдсан үед, аливаа асуудал үүссэн үед ярилцаж асуудлыг шийдвэрлэхийг оролдохоос өмнө түрүүлээд түрэмгийлэл үйлддэг нэгэн болж болно. Өөрөөр хэлбэл, асуудал гарахад тархиа ажиллуулахын оронд нударгаараа асуудлыг шийдэх хандлагатай болно.
Калифорни, Жиоржиа, Иовагийн их сургуулийн гэр бүл судлаачид хамтран нэг айлын гурван үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг 22 жилийн турш судлан, үр дүнгээ 2013 онд танилцуулсан байна. Судалгааны үр дүнд хэрвээ та хүүхдээ зодвол тэр ч мөн хүүхдээ зодох хандлагатай болно гэж дүгнэсэн. Манайхны дунд яригддаг “Би зодуулж өссөн, муу зүйл болоогүй, тиймээс би хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлнэ” гэж зүтгэдэг зарим нэгэн хүмүүсийн хандлага нь дээрх судалгааны үр дүнтэй ч холбоотой байж болох юм.
-Судалгааны дүнгээс зодож шийтгэх нь буруу гэдгийг дийлэнх эцэг эх мэддэг ч хэрэгжүүлэхдээ сул байна гэж ойлголоо. Зарим хүүхдэд эвээр тайлбарлаж хэлээд ч ойлгохгүй байх тохиолдол байдаг даа?
-Ойлголцох боломжгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийнхээ ааш зан, хэрэгцээ, онцлогийг ойлгох нь ээж аавуудын үүрэг юм. Ээж аавууд товчхондоо хэлж, ярьж, учирлаж, ухааруулж харилцахаасаа “залхуурсандаа”, зодож шийтгэх аргыг хэрэглэхээр яараад байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь хүүхдээ сонсож, ойлгож, тайлбарлаж, тохиролцоход их цаг хугацаа, тэвчээр, эрч хүч шаардана. Хүүхдэдээ эдгээрийг өгч чадахгүй байгаа үед л ойлголцоход хүндрэлтэй байдаг. Зодож шийтгэх нь богино хугацаанд үр дүнтэй мэт харагдаж болох ч тэр нь түр зуурын, бүрэн ойлгосон биш, таны хажууд зодуулахаасаа айсандаа л ойлгосон, ухаарсан дүр байдлыг үзүүлдэг байна. Дүүтэйгээ муудалцлаа, зодолдлоо гээд ахыг нь зодвол тухайн хүүхдэд бид юу сургах вэ гэж бодоорой. Хүүхдэдээ чанартай цагийг гаргаж, амьдралын ухааныг зааж сургах, ухааруулах нь таны хүүхдэдээ өгч байгаа том хөрөнгө оруулалт болно. Танд хүүхдээ хүмүүжүүлэхэд 18 жил байна. Хэрэв 18 жилийг та хангалттай ашиглаж, үр дүнтэй аргаар хүүхдээ хүмүүжүүлж, зөв сайн хүн бий болгон хүмүүжүүлсэн бол хүүхэд чинь цаашдаа өөрийн амьдралаа амжилттай удирдаж, чиглүүлж таны санаа сэтгэлийг амар тайван байлгах болно.
Хүүхдээ том болоод ухаантай, хариуцлагатай, зөв, сайн хүн болгохыг хүсвэл та тийм л үйлдэл хийж үлгэрлэн харуулж, хүмүүжүүлээрэй. Хүүхэд чинь өдөр бүр таныг харж өсөн хүмүүжиж байгаа. Таны үг, үйлдэл бүхэн үр хүүхдэд чинь хичээл болж байдаг. Тиймээс хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, тийм хүн нь байж хүүхдэдээ үлгэр дуурайллыг үзүүлээрэй.
-Огт гар хүрч, түрэмгий авираар хүүхэдтэйгээ харьцаж болохгүй нь. Гэтэл зарим эцэг эх ажлаасаа стресстэй, ууртай орж ирээд хүүхдүүд рүүгээ хашгирдаг дүр зураг манай нийгэмд түгээмэл?
-Ээж аавууд өөрөө сэтгэл зүйн асуудалтай, стресстэй байгаа үедээ хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй байх нь бий. Гэвч энэ нь та стресстэж, бухимдсан бол хүүхдээ зодож болно гэсэн үг биш. Та стресстсэн бол стрессээ тайлах үйлдэл хийх нь таны үүрэг. Бид өөртөө, өөрийнхөө сэтгэл санаанд цаг гаргаж, сэтгэлээ сэргээж, асуудлаа шийдэж байгаа нь хүүхдэдээ цаг гаргаж байгаатай адил. Харвардын их сургуулийн сэтгэл судлаачдын судалгаагаар хүүхэд ээж, аавынхаа буюу эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг дагаж дуурайж байдаг. Ээж нь дандаа л гунигтай царайтай байдаг бол хүүхэд гунигтай нүүрний хувирлыг сурдаг. Ээж нь баярлаж, инээж хөөрч байгаа үед хүүхэд аз жаргалтай болдог. Танд стресс, невроз, мэдрэлийн ядаргаа байгаа бол та цаг гаргаж, эмчилгээ хийлгэж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, өөртөө амралт өгч болох юм. Ядарч, бухимдсандаа хүүхдээ яг өөрийнхөөрөө байлгах гээд, хэт өндөр шаардлага тавиад, үгэнд нь орохгүй бол уурлаж цохиод авч ч магадгүй, бүр муугаар бодоход хүүхдээ гэмтээж ч мэднэ. Тиймээс та ядарч байгаа бол, бухимдаж байгаа бол түүнийгээ ойлгож, өөртөө анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ганцхан та ядарч байгаа биш, бага насны хүүхэдтэй эцэг эх бүр ийм асуудалтай тулгардаг бөгөөд түүнийгээ харин зохистой байдлаар шийдвэрлээд явдаг. Хүүхэд уйлах, чанга инээж хөхрөх, тоглож гүйх, үгэнд орохгүй байх энэ бүгд хэвийн л зүйл. Харин ч эсрэгээрээ таны хүүхэд уйлахгүй, инээхгүй, гүйхгүй, үймүүлэхгүй байвал асуудал байна гэж ойлгож, мэргэжилтнүүдэд үзүүлэх шаардлагатай юм. Та хүүхдээсээ насанд хүрсэн хүн шиг биеэ авч явахыг бүү шаардаарай. Хүүхэд бол хүүхэд. Бие физиологийн хувьд ч хүүхдийн тархи нь насанд хүрэгчийнхээс өөр. Хүүхдийнхээ сониуч байх, зөрүүдлэх, уйлах нь түүний ажил, үндсэн шинж чанар гээд хүлээгээд авчихвал арай хөнгөн санагдах болов уу. Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхэд эцэг эхээсээ ялгаатай үзэл бодолтой байх эрхтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Хүүхэд хэлд орсон цагаасаа л үзэл бодлоо илэрхийлж эхэлдэг. Тэр заавал таны өмс гэсэн цамцыг өмсөж, тогло гэсэн тоглоомоор тоглох албагүй. Хүүхдээ өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрөөрэй.
-Аавууд хөвгүүддээ хатуу хандах гээд байдаг юм шиг ажиглагддаг. Хөвгүүдийг хатуу гараар хүмүүжүүлэх нь зөв ч гэж ярьдаг. Энэ ойлголт зөв үү?
-Хүүхэд бол хүүхэд. Хөвгүүдийг онцлон, хатуу хандах нь тэднийг илүү түрэмгий бас илүү стресстэй болгоно. Прокурорын Ерөнхий Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай улсад амиа хорлолтын 10 тохиолдол тутмын найм нь эрчүүд байна. Энэ нь эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайханд бид анхаарах хэрэгтэйн том дохио юм. Эрчүүдийн сэтгэл зүй асуудалтай байгаа нь эцэг эх нь тэдэнтэй илүү ширүүн харилцдаг, хайр халамж бага авсантай холбоотой байж болно. Түүнчлэн өмнө дурдсан судалгаагаар өөрөө зодуулсан хүн бусдыг зодох гээд байдаг. Хөвгүүдээ зодож шийтгэж хүмүүжүүлэх нь гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаагийн гол шалтгаан ч байж болно.
-Хүүхдийг зодож шийтгэснээр сэтгэцийн эмгэгт хүргэж болох уу?
-Болно. Зодож шийтгэх нь сэтгэл түгшүүрийн бүх төрлийн эмгэг, хар дарах эмгэг, мансууруулах бодист донтох, сэтгэл гутрал, бүр шизофренитэй ч холбогддог. Учир нь дээр дурдсанаар хүүхэд айх үед стрессийн даавар ялгарч тэр нь тархины эсүүдийн холбоосыг гэмтээж, тархийг ширгээдэг. Бүр өсөлтийн дааврыг хүртэл дарангуйлж хүүхэд хүрэх ёстой байсан өндөртөө хүрч чадахгүй байх тохиолдлууд ч байна. Тархины хамгийн их гэмтдэг хэсэг нь духны урд хэсэг, ой тогтоолтыг хариуцдаг гипогампус байна. Тийм учраас айдастай, стресстэй хүмүүс мартамхай болдог. Эсрэгээрээ тархины айдсын төв улам идэвхжиж, томордог байна. Тархинд явагдах эдгээр өөрчлөлтөөс шалтгаалж дээрх сэтгэцийн асуудлууд үүсч байна гэж хэлж болно. Ер нь хүүхдийн сэтгэл зүй гэдэг тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай.
-Тэгвэл хүмүүжлийн ямар эерэг аргууд байдаг вэ. Яаж хүүхдээ хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөхгүй юү?
-Хүүхдийг ивээх сангаас эцэг эхчүүдэд зориулан хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийг гаргаж, олон эцэг эхэд зааж сургасан. Энэхүү хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх хөтөлбөр нь олон улсад хэрэглэгдэж, дэлхийн 40 гаруй улсын эцэг эхийн боловсролд зориулан боловсруулсан хөтөлбөр юм. Хүүхдээ зөв сайн болгон хүмүүжүүлэх нь дэлхийн хаана, ямар улсад оршин суугаагаас үл хамааран ээж, аав бүрийн хүсэл билээ. Хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлэхдээ та хүүхдээ ямар хүн болж төлөвшүүлэхийг хүсэж байна вэ энэхүү асуултаас бүх зүйл эхлэх юм. Хоёрдугаарт, та холын зорилгодоо нийцсэн үйлдлүүдийг өдөр тутамдаа хийх шаардлагатай. Нийцсэн үйлдлүүд гэдэг нь хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандахыг хэлж байгаа бөгөөд ингэхдээ тухайн хүүхдийнхээ насанд тохируулж харилцахыг хэлж байгаа юм. Хүүхдээ хайрлаж, элэгсэг дотноор хандахад түүний уураг тархины хөгжилд эергээр нөлөөлдөг. Түүнчлэн хүүхэд тантай ижил эрхтэй, үнэ цэнэтэй хүн гэдэг талаас түүнтэй харилцах хэрэгтэй. Хүчирхийллийг зогсоох гол үндэс нь хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгоход оршдог. Алдарт сэтгэл судлаач Жан Пиажегийн хэлснээр “Хүүхэд биднээс огт дутуу, муу биш. Тэд зүгээр л биднээс өөр” гэсэн байдаг. Энэхүү итгэл үнэмшилд эцэг эхчүүд суралцах шаардлагатай байна. Гуравдугаарт, хүүхдэд аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхэд их сониуч учир аяндаа танаас асууна, эсвэл таныг тайлбарлахад анхааралтай сонсоно. Тайлбарлаж ойлгуулалгүй байх, эсвэл яагаад хийснийг нь асуулгүйгээр болохгүй гэх, танин мэдэх гэсний төлөө шийтгэх нь хүмүүжүүлж буй хэрэг биш. Дөрөвдүгээрт, хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Бид ямар нэг мэргэжил эзэмшихийн тулд хамгийн багадаа дөрвөн жил суралцдаг бол эцэг эх байх талаар нэг ч сургалтад суудаггүй. Ихэнх ээж аав зөн совингоороо эсвэл өөрийг нь яаж хүмүүжүүлж байсан тэр загвараар хүүхдээ хүмүүжүүлэх хандлагатай байна. Гэтэл хүүхдийн хөгжил, сэтгэл зүй гэдэг бол маш нарийн ойлголт бөгөөд том шинжлэх ухаан юм. “Та хүүхэд хүмүүжлийн талаар ямар ном, гарын авлага уншсан бэ”, “Та хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар хэр сайн мэдэх вэ”. Хэрвээ энэ асуултад хариулахад төвөгтэй байгаа бол та сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх ном, гарын авлагыг уншиж судлахыг хүсэж байна. Хамгийн сүүлд буюу тавдугаарт хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг.
Эцэг эх бүрийн холын зорилго нь адилхан байх албагүй ч хүүхэд бүр асуудал шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь түүнд байх ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Та хүүхдээ ямар ч асуудалгүй аз жаргалтай байгаасай гэж хүсэхээс илүү, ямар ч асуудал тулгарсан түүнээс айдаггүй, шийдэж чадна гэдэгтээ итгэдэг хүн байгаасай гэж хүсээрэй. Үүнд таны үүрэг, оролцоо тун чухал. Та өөрөө асуудалд яаж ханддаг вэ. Уурлаж бухимддаг уу, эсвэл тайвнаар шийдэхийг оролддог уу. Та хүүхдэдээ тулгарсан жижигхэн асуудлыг урдуур нь ороод шийдчихдэг үү. Эсвэл хамтдаа ярилцаж, яаж шийдэж болохыг тайлбарладаг уу. Та түүнд алдаа гаргаж түүнээсээ суралцах, алдаагаа засах боломж олгодог уу гэдэг тухай юм. Мөн хүүхдийн наснаас хамаарч ээж аавуудад ялгаатай асуудлууд тохиолдоно. Хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр насны онцлог, зан араншингийн онцлогийг ойлгож, элэгсэг хандаж, аливааг тайлбарлаж таниулж харилцдаг бол та хүмүүжлийн эерэг арга хэрэглэж байна гэсэн үг.
-Хүүхэд хүмүүжүүлэхэд хайр нь гаднаа ч, дотроо ч байх ёстой юм байна. “Хайраар үлгэрлэе” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ аяныг Хүүхдийг ивээх сангаас санаачлан, 2020 оны долдугаар сарын 10-наас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, зодож шийтгэхийн хор уршгийг эцэг эхчүүдэд ойлгуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Манай сэтгэл судлалын үндэсний Төвийн сэтгэл судлаачид энэхүү аянд нэгдэж, эцэг эхчүүдийнхээ сэтгэл зүйн боловсролд зориулан мэдээлэл хүргэж байгаадаа тун их баяртай байгаа. Бид өдөр тутамдаа зөвлөгөө, сургалт, оношилгооны шугамаар үйлчлүүлэгчидтэй харилцахад, тэдний бага насны туршлага ямар чухал юм бэ, хүүхдээ зодож шийтгэх ямар сөрөг үр дагавартай байдаг вэ, хүүхдээ айлгаж, түгшээхгүй эерэг аргаар хүмүүжүүлэх нь ямар чухал болох талаар ойлгож мэдэрдэг. Зөвхөн нэг удаа уншаад ойлгох биш, өнөөдөр л хүүхэдтэйгээ сайхан харилцаж, хайрлаж өрөвдөх бус, харин өдөр бүр хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг аргуудыг хэрэглэдэг, хэвшил болгоосой гэж хүсэж байна. Үүний тулд эцэг эхчүүд маань цаг заваа зарцуулж үргэлжлүүлж уншиж судлаасай, судалсан зүйлсээ амьдралдаа бага багаар хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Кристинэ Рафаэл
ЭЦГИЙНХЭЭ БҮТЭЭЛИЙГ АМИЛУУЛСАН КРИСТИНЭРАФАЭЛ
Кристинэ Рафаэл Германы Мэйнингэн хотноо Гүнтэр Рафаэлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Хийл хөгжмийг албан ёсоор арван гурван наснаасаа сурч эхэлсэн боловч бараг мэдээ орох цагаасаа сонирхон дурлаж өссөн гэдэг.Гэвч өвчин зовлон, дайн тулаан, хардлага хавчлага гээд эцэг эх хоёрт нь охиныхоо сонирхлыг багаас нь дэмжих боломж гарахгүй л байж. Хожмоо харин Гүнтэр охиныхоо хөгжмийн боловсролыг хождуулсандаа харамсан, аль чадах бүхнээрээ дэмжсэн, охин нь ч гаргууд хөгжимчин болсон бөлгөө. Гүнтэр өөрийн шавь-анд нь болох Күрт Хэссэнбэргт охиноо захиж бичсэн захидалдаа “Хийлээр бол үнэхээр төрөлхийн гаргууд авьяастай охин юм шүү” хэмээн тодорхойлсон нь бий.
Эцгийнх нь үхэл залуу охины амьдралд хүнд цохилт болжээ. Хатуу хахир санагдах тэр цагт хөгжмөөрөө л хань хийсээр хөгжмийн олон алдартай сургуулийн бүхий л зэрэг шатыг дан тэтгэлэг шагналтайгаар төгссөөр алдартай хөгжимчин болсон юм.
Тэрбээр оркестрын гоцлол хийлчээр Европын бараг бүх улс, Канад, Америк, Өмнөд Африк, Баруун Африк, Японд айлчлан тогложээ. Германд болон гадаад улсад олон бичлэг хийлгэсэн, ингэхдээ ихэвчлэн эцгийнхээ хөгжмөөс тоглодог байв. Чухам тийн бичүүлж байхдаа Кристинэ эцгийнхээ “Явна аа” хэмээх чуулбарыг төгөлдөр хуурч Эрнст Грөшэл-тэй хамтран бичүүлсэн, тэр бичлэгийг нь хийлийн бусад бүтээлтэй нь нийлүүлэн бүр хожуу буюу 2010 онд, Кристинэ Рафаэлыг нас барснаас хоёр жилийн дараа “Гүнтэр Рафаэлын хийлийн концерт №2” нэрээр хөгжмийн ялтас болгон гаргасан байна. Худалдаанд гарсан энэ ялтаснаас та бид Германы оркестртой эгшиглэсэн монгол аялгууг сонсох боломжтой, энд харин одоо хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаярын чуулбарыг сонсоод төрсөн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.
ЕВРОПЫН ХӨГЖМИЙН УРЛАГТ ДУУРССАН МОНГОЛ АЯЛГУУГ СОНСОХУЙ
Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хэннинг Хаслунд-Кристенсен Монголоор аялж, аж төрж байх хугацаандаа Монгол ардын олон арван дууг цуглуулан тэмдэглэж үлдээсний зарим нь дэлхийн хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж өнөөг хүртэл Монголын маань нэрийг тодолсоор…Түүхэн талаас нь М. Саруул- Эрдэнэ доктор өгүүлсэн тул би зөвхөн хөгжмийн илэрхийлэл талаас нь, олон нийтэд хүртээмжтэй, энгийнээр товчхон өгүүлсү! Цаашид хөгжмийн түүх судлаачид нарийвчлан авч үзэх буй за.
Хөгжмийн зохиолчийн бүтээл нь зургаан монгол дууг ашигласан дөрвөн хэсгээс бүрдэлтэй юм. Хийл, төгөлдөр хуурт зориулсан тодорхой сэдэвт агуулгын дор энгийн хоёр ангит хэлбэрээр бичсэн байх бөгөөд сэдвийн нэр бүрд тохирсон дөрвөн өөр шинж төрх илэрхийлэлтэй байгаа нь Хаслундын “Явна аа” хэмээх номын агуулгыг хөтөлбөр болгон ажилласныг нь батлах мэт.
1-р хэсэг: “ДЭЭРЭМЧИН ГҮНЖ” “Улаан гүнж” (Сарт-Узбекийн ардын дуу) гэж номд тэмдэглэгдсэн боловч яах аргагүй монгол аялгуу бол мөн байна. Үүнийг бүжгийн хэмнэлд оруулж, монгол нутгийн“ДУУТ БҮЖИГ”-ийн аялгуутай хоршуулан найруулж хэрэглэсэн нь хөнгөн, сэргэлэн, цоглог шинж төрхийг илэрхийлэхийн сацуу таван өнгөт дэвсгэр хөг нь агуулгыг тодотгоход хүчтэй нөлөөлсөн байх юм. Нөгөө талаас авч үзвэл дээрх дуунууд нь хөгжмийн зохиолчийн хувьд хувилбар болгож хөгжүүлэн ашиглахад бүрэн боломжтой баялаг, тансаг аялгуу болох нь харагдаж байна.
2-р хэсэг: “МӨРГӨЛЧИН”, “ХАЙРЫН ДУУ”(Монгол ардын дуу)-г ашиглаж энгийн давталттай хоёр ангит хэлбэрийн бүтээл болгон зохиомжилжээ. Эхний аялгууны уянгалаг байдлыг ашиглан төгөлдөр хуурын доод чалхны өнгө, хэмнэлээр дүнсгэр, бодролын шинж төрхийг илэрхийлсэн ба түүний хойноос залгуулан өнөө хүртэл Шинжаан нутгийн монголчуудын дунд дуулагдсаар байгаа хөгжилтэй, цоглог аялгуутай “БӨМБӨРЖАН” дууг хийл хөгжмөөр эгшиглүүлж, сэтгэлийн догдлолыг үзүүлээд зогсохгүй тайлал хэсэгт төгөлдөр хуурын аялгуу явж байхад хийл хөгжмөөр нэгэн хэмнэл аялгыг давтан давтан эгшиглүүлсэн нь хүний амьдрал, бодол санаа хязгааргүйг илтгэх мэт сонирхолтой юм.
3-р хэсэг: “Жингийн цуваа” гэж нэрлэмээр энэ хэсгийг Монгол ардын дуу “ЖААХАН ХАРЛАГ МОРЬ” гэдэг дуунаас сэдэв авсан бөгөөд төгөлдөр хуурын аялгуу, хэмнэлээр бага зэрэг сэтгэлийн зовнил түгшүүрт байдлын илэрхийлэл явж байтал хийл хөгжмийн аялгууг хөндлөнгөөс оруулж ирснээр сэтгэл зүйн зөрчлийг харуулж чадсан төдийгүй хэмнэл нь дуудлага аястай болж өрнөнө. Эргээд сэтгэлийн зовнил үргэлжилж байгаа нь тухайн нийгмийн байдлын тусгал гэлтэй.
4-р хэсэг: Өнөө хүртэл өвлөгдөж ирсэн бидний сайн мэдэх “АРВАН ХОЁР ЖИЛИЙН МАГТААЛ” дууны аялгууг ашиглан хийл, төгөлдөр хуур хөгжмийн дуугарахуйн онцлог шинж төрхийг харьцуулан харуулахын зэрэгцээ аялгууны төгс, бадрангуй чанарт тулгуурлан харилцан яриа хүүрнэл хэлбэрээр утга санааг илэрхийлсэн ба энэ дуугаар хөгжмийн зохиолч дээрх дуунуудыг ашиглаж анх бичсэн симфони чуулбарын зангилаа төгсгөл буюу тайлал болгосон мэт санагдана. Монгол дуу ийнхүү Европын хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг уншигч та бүхэн мэдээд авахад илүүдэх юу?
“БӨМБӨРЖАН”-Ы “ТОХОЙ ЗАНДАН МОДОНДОО” ХЭМЭЭХ ХУВИЛБАР
Гүнтэр Рафаэлын чуулбартаа ашигласан, Хаслундын бичиж авсан зургаан монгол дуунаас лавтайяа хоёр нь бидний үед дуулагдсаар ирж. “Арван хоёр жилийн магтаал”-ын хувьд нийт Монгол даяар хүүхэд шуухад, хөгшин хөвөөгүй дуулж буй. Харин хоёрдугаар хэсэгт тоглож буй “Хайрын дуу” гэдэг нь та бидний мэдэх “Бөмбөр минь” хэмээх дуу мөн байна. Гэвч энэ нь сүүлийн үед төв монголчуудын дуулаад байгаа “Бөмбөр минь дээ хө” хэмээн дуусгаж буй тэр хувилбар нь биш юм. Төв Монголоор тархсан тэр аялгууг нь та бид “Мөнгөн буйл” кинон дээр жүжигчин Дорлигжавын “Азын тэнгэр байвал даа, Гочоо минь ээ хө” гэсэн аялгуугаар мэдэх билээ.
Харин Хаслундын бичиж аваад, Гүнтэрийн бүтээлдээ ашигласан тэр хувилбар нь бол өдгөө Баруун Монголд дуулагдаж байгаа хувилбар, яг энэ хувилбарыг монголчууд “Сүхбаатар” кинон дээр “ховдог” хэмээх Гомбын дуулж буйгаар мэдэх билээ. Энэ хувилбарт “Бөмбөр минь ЭЭ ХӨ” гэж уртаар уянгалуулан сунжруулдаггүй, харин “Бөмбөр минь…” хэмээн огцом дуусгадгийн үгийг толилуулбал:
Тохой зандан модондоо, Бөмбөр минь
Толгойн сүүдэр дайрна даа, Бөмбөр минь
Тоотой хоногийн болзоондоо, Бөмбөр минь
Тоогүй муухай даслаа даа, Бөмбөр минь
Тэгвэл Шинжааны монголчууд өдгөө хүртэл яг энэ сүүлд дурдсан Гомбын дуулдаг хувилбараар, “Бөмбөржан”хэмээх нэрээр дуулсаар байгаа юм. Хаслунд номдоо “Бөмбөржаа” хэмээн тэмдэглэн аваад Бөмбөржаа хэмээх эрийн хайрын түүхийг товч дурджээ(Хаслунд “Явна аа”, 228-р тал). Шинжааны монголчуудын орчин цагийн хувилбарын үгийг толилуулбал:
“Бөмбөржан”
Манай нохой хэцүү шүү, Бөмбөржан
Манхар гэж дуудаарай, Бөмбөржан
Манай аав хэцүү шүү, Бөмбөржан
Дүнсэн тамхиар хуураарай, Бөмбөржан
Манай ээж хэцүү шүү, Бөмбөржан
Манзын цайгаар хуураарай, Бөмбөржан
Манай дүү нар хэцүү шүү, Бөмбөржан
Чихэр жимсээр хуураарай, Бөмбөржан
Нэгдүгээр хэсэгт ашигласан “Дээрэмчин гүнж” хэмээх дууны тухайд, чухам энэ дууны эх сурвалж гэж дурдаагүй боловч Хаслунд Зүүн Сөнидийн засаг ноёны охин, дээрэмчин нэгэн гүнжтэй говь нутагт таарсан тухайгаа бичин үлдээжээ (Хаслунд “Явна аа”, 64-67-р тал).
Энд Тогтох тайжийн дууны хамгийн анхны хувилбарыг 1912 онд Финландын монгол судлаач Рамстедт бичиж авсны эхний хоёр бадаг нь:
Да-лоо яа, да-лоо яа, Тогтох тайжий, хө
Тогтох тайжийн Ванлин-хуар
Наймаанд азтай хө
Гээ-лоо яа, гээ-лоо яа, гэрэлтэй тайжий, хө
Гэрэлтэй тайжийн Ванлин-хуар
Дээрэмд мордоно оо, хө. хэмээсэн байдагтай (М.Саруул-Эрдэнэ, http://www.baabar.mn/article/togtokh-taijiin-tukha…uu)харьцуулан судалбал сонирхолтой үр дүн гарч болох мэт. Заавал энэ хоёр дууг холбож үзэх гэсэндээ ч биш, ерөөс Монгол ардын дуун дахь дээрэмчин эмэгтэйчүүдийн тухай өгүүлэмжийг сайн эрийн тухай дуутай харьцуулан үзэхэд ч сонин зүйл тодорч болохыг дуу судлаач нарт захин үлдээе.
ТӨГСГӨЛ
Данийн нэрт аялагч, судлаач Хэннинг Хаслунд-Кристэнсэн хориод онд Монгол Улсад аж төрж, гучаад онд Монгол нутгаар аялж, монгол дуу хуур цуглуулан судалсан, судалгаагаа 1943 онд ном болгон хэвлүүлсэн,
тэр цуглуулга судалгааг Данийн төгөлдөр хуурч бүсгүй Паулинэ Ессэн Германы Мэйнингэн хотноо багшилж байхдаа ихэд сонирхон сонссон,
сонссон тэр сонин сайхан аялгуугаа өөрийн багш болоод хань нөхөр болох нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэлд илтгэн өгүүлсэн,
гэргийнхээ тэр илтгэн сонсгосон монгол аялгууг Гүнтэр ихэд таашаан, эхлээд ханьтайгаа хоршин тоглох хос төгөлдөр хуурын чуулбар, дараа нь төгөлдөр хуур-хийлийн аяз болгон 12 минутын оркестрын бүтээл болгон бичсэн,
Гүнтэр Рафаэлийн зохиосон тэр аялгууг хожим хийлч охин Кристинэ Рафаэл нь амилуулан, төгөлдөр хуурч Эрнст Грөшэлтэй хамтран тоглосныг Westdeutscher Rundfunk Köln буюу Көлн хот дахь Баруун Германы Радио Телевиз ялтас болгон бичиж олон нийтэд түгээсэн,
2010 онд олноо түгээсэн тэрхүү ялтас хийгээд 1952 онд гарсан Гүнтэрийн монгол аялгууны “Явна аа” хэмээх клавиер, аль аль нь өдгөө Конгрессын Номын Санд хадгалагдаж буйг “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ, Ховд аймгийн хөгжмийн зохиолч Х.Эрхэмбаяр нар олж, хорионд хамт суух зуураа сурвалжлан судалж, сонирхон сонссоноо та бүхэнд толилуулсан нь энэ бөлгөө.
Дэлхийн хөгжмийн түүхэн дэх Монгол аялгуу дууны нэгэн сонин жишээ болон үлдэх болтугай.
Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ, Х.ЭРХЭМБАЯР
Таних үгүй нь хамаагүй таарсан хүн бүхэндээ инээмсэглэл бэлэглэдэг ийм орчноос стресс үргэдэг. Чин сэтгэлээсээ инээхэд стресс тайлагдаж элдэв өвчнөөс хамгаалдгийг нотолсон судалгаа ч өчнөөн дуулддаг.
Таван минут инээхэд 30-40 минут амарсантай тэнцдэг гэх нь ч байна. Инээд элгийг цэвэрлэдэг, ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ дасгалжуулдаг гэж анагаахынхан онцолдог. Ингээд зогсохгүй инээд уушгины цусан хангамжийг сайжруулдаг гэнэ. Статистикаас харахад хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол насанд хүрэгчид 15-20 удаа л үнэн сэтгэлээсээ инээдэг аж. Инээд аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. Энэхүү гормон нь бидний сэтгэл санааг сайжруулахын дээр өвдөлт намдаадаг ид шидтэй юм байна. Инээд бас арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлдэг. Инээдийг “дотоод” аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг.
Япончуудын дунд “Инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг хүртэл байдаг юм билээ. Хальт зөрсөн нэгэн инээмсэглээд өнгөрөхөд өөрийн эрхгүй инээмсэглэдэг дээ. Инээд ийм л таатай халдвар.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “VIII сарын 1-ний өдөр гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд Афганистанаас ирсэн цэргийн алба хаагчид. Ингээд нийт батлагдсан тохиолдол 293 боллоо” гэв.