Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр өвлийн спортын ордны барилгын явцтай танилцав

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр баасан гарагт Хан-Уул дүүргийн VIII хороонд барьж буй өвлийн спортын “Steppa Arena” ордны барилгын ажлын явцтай танилцлаа.

“Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.

Өвлийн спортын ордон 5700 метр кв ашиглалтын талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны стандарт хэмжээ болох 60х30 м мөсөн гулгуурын талбайтай байх аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай, Хойд Америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй байх юм байна. Түүнээс гадна, танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойн баярт оролцсон 50-60 хүн хоолны хордлогод орж, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн бөгөөд хоёр хүн эрчимт эмчилгээ хийлгэж Байна

Байгууллагынхаа ойг тэмдэглэж байгаа хоолны хордлогот халдвар авсан дуудлага өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д ирсэн байна. Ойн баярт оролцсон 50-60 хүн хоолны хордлогод орж, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн бөгөөд хоёр хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэглэмийг сахихгүй, ХӨСҮТ-өөс өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байгаагийн нэг нь хурим найр, байгууллагын ойн арга хэмжээ болоод байгааг тэрбээр хэлээд “Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалтаа зүүх хэрэгтэйг бид байнга зөвлөж байгаа. Гэвч наймдугаар сайрын 28-ны өдөр байгууллагын ой тэмдэглэж, 50-60 хүн хоолны хордлогот халдвар авч, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдэн эмч нарын маань ачаалал улам ихэслээ.

Одоо хүртэл хүмүүс ирсээр байна. Бөөлжих, суулгах, халуурах зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа дахиад хэдэн хүн нэмж ирэхийг хэлж мэдэхгүй байна.

Коронавируст халдвар бүрэн судлагдаагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах эрсдэл байгааг гаднын улс оронд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд, мэдээллүүд хэлсээр байгаа. Тиймээс хоол, хүнсний энэ асуудалтай холбоотойгоор коронавирусийн дэгдэлт гарахыг ч үгүйсгэхгүй.

Тиймээс иргэд маань олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хоолны хордлогот энэ халдварын эхний шинж тэмдгээс харахад сальмонелийн халдвар байж болзошгүй байна. Тахианы мах, янз бүрийн ногооны салат идсэн гэж байгаа. Нууц үе 7-10 хоног байдаг. Ямар ч байсан 7 хоног биеийн байдлаа ажиглаж, эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. Сальмонелийн нянгийн халдварыг бүрэн гүйцэт эмчлэхгүй бол эрүүл нян тээгч болох, цаашдаа нууц үеийн хугацаа ихсэж, хүндрэх эрсдэл байдаг.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд хөнгөн балархай хэлбэрээр өвчилж бусад хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 24 сая 455 мянган хүн коронавирусийн халдвар авч 841 мянган хүн эндсэн бол 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 281 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндсэн байна.

Манай хөрш улсуудын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4829 шинэ тохиолдол бүртгэгдэж 110 хүн нас бараад байна. БНХАУ-д 22 тохиолдол бүртгэгдсэний 9-ийг гадаад улс орноос зөөвөрлөгдсөн гэж үзэж байна.

БНСУ-ын эрдэмтэд бага насны хүүхэд хөнгөн балархай хэлбэрээр өвчилж 14-21 хоногийн хугацаанд бусад хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байгааг тогтоосон байна.

Харин манай улсын хувьд халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн 3 лаборатори болон Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын батлагдсан тохиолдол 301, үүнээс 291 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс гэрийн ажиглалтад 40, сувилалын ажиглалтад 25, тандалт судалгаа, ажиглалт дууссан 226 хүн байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. Үүнээс 9 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв

Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

Сонгуулийн ерөнхий хороо(СЕХ)-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг тус тус томилов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Пүрвээгийн Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томиуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжээ.

Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.

Боловсрол:

  • 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
  • 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
  • 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх
  • 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
  • 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
  • 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
  • 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
  • 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа ийнхүү СЕХ-ны даргаар ажиллахаар томилогдож байна.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг мөн УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 89.7% нь дэмжжээ.

Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг, 2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж, УИХ дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөж байна.

Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Түүнчлэн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн ойрын 5 хүртэлх жилийн үзэл баримтлал, бодлого, чиглэлийг тодорхойлон тогтоолоо.

Хоёр 7 хоногийн хугацаанд цагийг сайн баримталж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцон, хууль тогтоомжуудыг амжилттай баталсан УИХ-ын Эрхэм гишүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье.

Улсын Их Хурал Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримталсан.

Төсөв, санхүүгийн чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2020 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгож, халамжийн тэтгэвэр авагч 60.0 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 13.3 мянган хүүхдэд олгох тэтгэмжийг тус бүр 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн энэ онд олгохоор боллоо.

Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105.0 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн 2020 ондоо багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, 4 спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

“COVID-19” цар тахлын улмаас дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал, үүнээс үүдэн Монгол Улсын дотоодод үүсэн бий болсон хүндрэл бэрхшээл, төсөвт үүссэн алдагдал, ирэх он жилүүдэд төлөх өр, зээлийн үлдэгдэл зэргийг тооцож үзвэл ойрын 2-3 жил амаргүй сорилтын үе байх нь тодорхой.

Дэлхий даяар эдийн засаг хямарч, төсвийнх нь алдагдал нэмэгдэж байна. Манай улсын хувьд цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн шат дараалсан арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага руу чиглэсэн дэмжлэг, тусламж, нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийт 1.9 их наяд төгрөг зарцуулаад байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудыг ягштал мөрдөх, төсвийн сахилгыг хэлбэрэлтгүй сахих нь нэн чухал болоод байна. Төрийн байгууллагын бүх шатанд хэмнэлтийг эрхэмлэж, захиргааны шинжтэй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлээ дорвитой дэмжих замаар эдийн засгаа тэтгэх шаардлагатай боллоо.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө зардал шаардагдах нь мэдээж. Асуудал амаргүй байна гээд халирч шантралгүйгээр ирээдүйгээ харж, идэвх чармайлт гарган, бүтээлчээр хандвал хэрэгжих бүрэн боломжтой. Хүндрэлийг даван туулах, боломжийг бодит ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг ард түмнээсээ бид авсан, амласнаа хэрэгжүүлж байж ардынхаа итгэлийг олно гэдгээ хэрхэвч мартаж болохгүй.

Ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг бууруулах 4 стратегийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг тодорхойлон баталлаа. Зээлийн хүүг багасгах ёстой гэдэгт ард иргэд, банкны салбарынхан, төр засаг ч санал нэгдэж байгаа. Иргэдийн хийгээд аж ахуйн нэгжийн хувьд тулгамдсан, хүсэн хүлээсэн банкны тогтолцоог шинэчлэх, банкны зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд зээлийн хүүг бууруулах Стратегиа цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна.

Намрын чуулган эхлэх үед зээлийн хүү бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авсан байхыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгож байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгож, бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ажил Та бидний томоохон зорилтын нэг юм. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2-р тогтоолыг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх ажил хийгдэж эхэлсэн ч илүү хурдтай ажиллах, хугацаа алдахгүй байх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Тиймээс жагсаалтад багтсан хууль тогтоомжуудын төслийг намрын чуулганд багтаан боловсруулж дуусгах, хэлэлцэн батлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, Ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бэлэн болгох хэрэгтэй байна. Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг эрх зүйн хүрээнд хийх олон шинэтгэлүүд биднийг хүлээж байгаа.

Үүний хамт Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдол, агуулгыг тайлбарлан таниулах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүдээс эхлээд үүрэг хүлээсэн Засгийн газар, бусад байгууллагууд идэвх чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй байна.

Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг санаатай, санамсаргүйгээр гуйвуулах, олон нийтийг төөрөгдүүлж, улс төрийн ашиг хонжоо хайх явдал гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг мушгиж, эх орныхоо газар шороо, байгалийн баялгийг төр, ард түмний өмчлөл, хяналтаас гаргаж, гаднынханд худалдах, өмчлүүлэх боломж бүрдүүлсэн мэтээр зориудын, зохион байгуулалттай үйлдлийг зарим улс төрийн нам, хэсэг бүлэг хүмүүс хийж байгааг эрс буруушааж байна.

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн эцэг өвгөдийн сургаалын мөн чанар Үндсэн хуульд хатуу чанд мөрдөгдөж байгаа. Үндсэн хуулийн 6-р зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол эх орны маань газар нутаг, байгалийн баялаг нь төрийн хамгаалалт, ард түмнийхээ мэдэлд байж, зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, эзэмших-ашиглах үйл ажиллагаанд хяналт тогтоож, ард түмнийхээ мэдэх эрхийг баталгаатай хангах, стратегийн ордыг ашигласнаас олох орлогын өгөөжийн дийлэнх хэсэг нь Үндэсний баялгийн санд хуримтлагдаж, хөгжлийн зорилтод зарцуулагдах, ард түмэнд тэгш, шударга хүртэж байх зарчмыг тунхагласан юм.

Энэ зарчим дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн заалтаас илүү юү гэхээс дутуугүй чухал агуулгаар манай Үндсэн хуульд туссан гэж эрдэмтэн судлаачид санал нэгтэй үзэж, дүгнэж байхад ийнхүү гуйвуулах нь Үндсэн хуульт байгуулалд халдахыг оролдсон гэмт үйлдэл гэж үзэх ч үндэстэй.

Энэ 6-р зүйлтэй холбогдон, дагаж гарах Ашигт малтмалын тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай, Газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын өөрчлөлтийг нэн даруй хийх, Ажлын хэсэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулан, нухацтай хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “COVID-19” цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонссон.

Иргэнээ дээдлэх нь төрийн үүрэг. Хорио цээрийн улмаас гадаадад гацаж, хөрөнгө санхүү, амьдрах орон байр гээд олон төрлийн гачигдалд өртөж, эх орондоо ирэх, оршин суух Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа иргэдээ авчрах ажлыг эрчимжүүлэх, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санаачилга гаргаж, илүү идэвхтэй ажиллахыг Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисст даалгаж байна.

Чингэхдээ дотооддоо халдвар тархаахгүй байх бүх талын арга хэмжээ авч, боломж нөөцөө бүрэн дайчилж ажиллах шаардлагатай.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ.

Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, энэ удаагийн ээлжит бус чуулганаар цаг үеийн шаардлагаар яаралтай шийдэх цөөн асуудлуудыг хэлэлцэн баталсан. Ирэх намрын чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй асуудлууд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” чухал ач холбогдолтой томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

Өөрөөр хэлбэл ачаалал ихтэй, үр дүн шаардсан, шинээр бүрдсэн Улсын Их Хурал, гишүүд бидний оюун ухаан, мэдлэг чадварыг сорьсон чуулган болно.

Иймээс ээлжит чуулганы бэлтгэлийг сайтар хангах нь чухал юм. Түүнчлэн орон нутгийн сонгууль, хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн, шил шилээ дарсан олон чухал ажлуудыг мэргэжил, удирдлагын өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад чиглэл болгож байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа өндөрлөж байгааг мэдэгдье.

Categories
мэдээ цаг-үе

​Ш.Эрдэнэжаргал: Цэцэрлэгийн багш мэргэжил бол миний энэ насны бахархал


“Ховор мэргэжил” буландаа нэгэн ховор зочныг урилаа. Ш.Эрдэнэжаргал Цэцэрлэгийн анхны эрэгтэй багш бөгөөд Цэцэрлэгийн багшийн текникумыг 1990 онд энэ мэргэжлээр төгсжээ. Одоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна.


-Тухайн үеийн Багшийн дээдийг төгссөн гэсэн үг үү?

-Багшийн техникум. 1988 онд элсэн орж байлаа. Тэр үед Багшийн техникум, Цэцэрлэгийн техникум, Соёлын техникум гэж байсан юм. Дунд шатны боловсрол олгодог техникумууд анх удаа аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлж авч байлаа, тухайн жилд. Би 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Цэцэрлэгийн техникумын багш, хүмүүжүүлэгчийн ангид элсэн орж сурсан. Цэцэрлэгийн анхны эрэгтэй багш.

-Танай техникиумд хичнээн эрэгтэй оюутан суралцдаг байв?

-Багшийн дээдийн Кино драмын ангид хошин урлагийн жүжигчин, гавьяат Д.Хүрэлхүүгийн хамт шалгалт өгөөд сүүлийн шалгаруулалт хүртэл шалгалт өгөөд би хасагдаад Хүрлээ тэр ангидаа элсэн орж билээ. Дараа нь би Цэцэрлэгийн техникумын хөгжмийн ангид шалгалт өгөөд тэнцсэн ч хөгжмийн багшийн ангид биш, хүмүүжүүлэгчийн ангид нь орсон л доо. Намайг төгстөл Цэцэрлэгийн техникум 11 эрэгтэй оюутантай байснаа долоо нь үлдээд, анхны төгсөлтөөс хоёрхон эрэгтэй үлдсэний нэг нь би. Нөгөөх нь нэг казах залуу байсан юм.

-Тэр казах залуу мэргэжлээрээ ажилласан болов уу?

-Манай тэр найз бараг ажиллаагүй.

Цэцэрлэгийн багшийн техникум. Гэргийн хамт. 1990 он

-Цэцэрлэгийн багшаар төгсөөд очиход нутаг орон тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Би чинь ангийн охинтойгоо нэг гэрт орсон юм. Дорноговь аймгийн Хатанбулагийн сумын хүүхэд л дээ, манай эхнэр. Нэрийг нь Б.Арвинбуян гэдэг юм. Сургуулиа төгсөнгүүт нь нутаг руугаа хүчээр аваад явчихсан хүн шүү дээ. Оюутан ахуйдаа хамтдаа авахуулсан зургаа, захидлын хамт дугтуйнд хийгээд Хатанбулаг руу, хадмууд руугаа шуудангаар явуулчихаад л охиныг нь дагуулаад Өмнөговь руу нисчихсэн юм (инээв). Бид хоёрыг аймагт очиход их, дээд сургууль төгсөгчдийг хуваарилчихсан байсан. Би чинь зүгээр очихгүй, хажуудаа бас нэг боловсон хүчин дагуулаад очиж байгаа юм. Тэр үед нутагтаа боловсон хүчин нэмнэ гэдэг чинь чухал ажил байлаа. Өмнөговь аймгийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Осортогоо багш хүлээж аваад “Чи Монголын анхны цэцэрлэгийн эрэгтэй багш болж байна. Сүүлийн үеийн мэргэжилтэн боллоо. Тиймээс чамайг аймгийн төвд Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн болгоно” гэлээ. Би тэрийг зөвшөөрөөгүй. “Би эхнэртэйгээ Ханбогд суманд ажиллаж амьдарна. Тэглээ ч миний төрсөн нутаг” гэж өөрийнхөө саналыг хэллээ. Намайг очлоо ч Ханбогдод орон тоо байхгүй, хоёр бүлэгтэй ганцхан цэцэрлэгтэй байсан үе. Ханбогдод миний эмээ, бас бие нь тааруу нагац ах минь байдаг байлаа. Тэднийгээ асрах, халамжлах үүрэг над дээр ирсэн юм. Энэ бүгд учир шалтгаанаа хэллээ. Тэгтэл хоёр хоногийн дараа хэлтсийн дарга Цоодол дуудаад “Чамайг Ханбогд руу чинь явуулъя” гээд дугтуй өглөө. Дугтуйнд юу байсныг бүү мэд. Тэгээд Ханбогдод очоод сум нэгдлийн даргад өнөөх дугтуйгаа өглөө. Задалтал “Ш.Эрдэнэжаргалыг Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томиллоо. Б.Арвинбуяныг багшаар томиллоо” гэсэн тушаал байсан. Хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь өөр тийш нь шилжүүлээд намайг цэцэрлэгийн анхны эрэгтэй багш гэдэг утгаар минь тийм том боломж олгосон байх гэж боддог. Ингэж л Ханбогддоо эргэн очиж байлаа. Улс орон даяар цагийн байдал хүнд, картын бараатай байсан үе шүү дээ. Тийм үед хоёр бүлэгтэй цэцэрлэгийг хүлээж авч байлаа. Ханбогдын цэцэрлэг 1964 онд байгуулагдсан, чулуун цэцэрлэг байсан. 50 орчим хүүхэд, арав хүрэхгүй багш, ажилчидтай цэцэрлэг байсныг дөрвөн бүлэгтэй болгож ажиллаж байсан түүх бий. Эхнэр маань Ханбогдод сургуулийн өмнөх боловсролын салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. Багш, аргазүйч байснаа сүүлийн жилүүдэд эрхлэгчээр нь ажиллаж байна.

-Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш, эрхлэгч байх ер нь ховор доо?

-Цэцэрлэгийн багш, эрхлэгч гэхээр эмэгтэй хүнээр л төсөөлдөг. Цэцэрлэгийн анги танхимд яваад орохоор хүүхдүүд их хөөрхөн шүү дээ. Цэцэрлэг аавтай болчихсон ч юм шиг. Миний хувьд сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын анхны эрэгтэй мэргэжилтний хувьд, багшийн хувьд их олон зүйлийг анзаарсан. Энэ мэргэжил бол миний амьдралын суурь. Тэр дундаа цэцэрлэгийн эрэгтэй багш гэгддэг минь миний бахархал. Түүнээс хойш МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академи зэрэг сургуулийг төгссөн боловчиг Цэцэрлэгийн багш гэдэг мэргэжил минь хамгийн үнэ цэнэтэй, энэ насны минь бахархал.

-Цэцэрлэгт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдтэй ажиллахад хэр вэ?

-Олон хүүхэн байгаа газарт хэл ам ихтэй, хов живтэй гэцгээдэг. Манай цэцэрлэгт тийм юм байдаггүй. Хүний амьдралд алдах онох янз бүрийн юм бий. Ажилчидтайгаа хурал хуй хийж, хариуцлага тооцож, зэмлэх барих юм гарна. Гэхдээ олон хүүхэнтэй ажиллахад эрэгтэй хүнд нарийн арга барил хэрэгтэй шүү. Төрийн үйлчилгээний байгууллагууд дундаас хамгийн хүнд ажил бол цэцэрлэгийн багшийн ажил. Хүний нялх балчир хүүхдүүдийг нүд салгалгүй хардаг. Цэцэрлэгийн хүртээмж муу, багтаамж бага байгаа энэ үед нэг багшид ногдох хүүхдийн тоо 2-3 дахин хэтэрчихсэн байна. Нийслэлийн 128 дугаар цэцэрлэгт очиход ангид нь хөл гишгэх зай байхгүй байсан. Нэг ангид 70 хүүхэд гэдэг чинь юу гэсэн үг вэ. 70 хүүхдийг хоёрхон багшийн дөрөвхөн нүд харна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд, гэр бүлийн хүнээ, хамт олноо харахад цэцэрлэгийн багш, багшийн туслахуудын эрүүл мэндийн асуудал маш хүнд. Олон жилийн мэдрэлийн ядаргаанаас болоод эрүүл мэнд нь мууддаг. Үүгээрээ хүнд мэргэжил. Цэцэрлэгийн багш бол тэр олон хүүхдэд дадал хэвшил олгох л ажилтай. Сургууль бол өөр. Цэцэрлэгийн багшийн мэргэжил бол үнэ цэнэтэй ч, хамгийн хүнд мэргэжил байдаг.

-Цэцэрлэгийн анги, бүлэг рүү эрэгтэй багш ороод ирэхээр хүүхдүүд яаж хүлээж авдаг вэ?

-Хүүхдүүд их сонирхоно. Зарим нь аавыгаа ч юм уу, ахыгаа гэж бодоод дагаж уйлна. Хүүхдүүдийн дунд коридорт явж байхад гараас ирж хөтөлнө, энд тэндээс ирээд чаргууцалдана. Их хөөрхөн хөөрхөн юм тохиолдоно оо.

-Оросын “Алтан дуулганы эзэн” гэж инээдмийн кино бий. Цэцэрлэгийн эрэгтэй багш, эрхлэгчийн тухай гардаг шүү дээ?

-(Инээв).

-Тэр эрхлэгч хүүхдүүдтэй тоглож, төгөлдөр хуур дарж, багт наадмыг нь бэлдүүлдэг. Хажуугаар нь эрхлэгчийн ажлаа хийдэг?

-Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад сургуульд дуу хөгжмийн багшаар тав, зургаан жил ажиллаад, дараа нь Соёлын төвдөө дуу хөгжмийн багшаар мөн тав зургаан жил ажилласан. Нэг хэсэг хувийн хэвшилд ажиллаж байгаад эргээд цэцэрлэгийн эрхлэгчээ хийсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 10 жил хийлээ. Цэцэрлэгт ажиллахдаа эрхлэгчээ ч хийнэ, хүүхдэдээ хөгжмөө тоглож өгөөд хамт дуулна. Хүүхдүүдээ хөгжөөнө. Тэгэхээр эцэг эхчүүд их анхаарч харна. Эрэгтэй багш цэцэрлэгт ажиллах нь байгууллагын дотоод уур амьсгалаас гадна хүүхдүүдэд аавын оронд аав, ээжийн оронд ээж болно. Хүүхдүүд намайг “Аав аа, ах аа” гэнэ.

Есдүгээр сард хичээл эхлэхээр 2-5 насныхан чинь цэцэрлэгт ирээд багаар бодоход долоо хоног уйлаан майлаан болно. Уйлж байгаа хүүхдүүдийн анги руу ороход намайг таних ч бай, танихгүй ч бай хүрч ирээд тэврүүлэх гээд зүтгэчихнэ дээ. Тэгэхээр аав гэдэг хүн гэр бүлдээ, хүүхдүүдийнхээ хувьд ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биз.


Цэцэрлэгийн хамт олонтойгоо. 2009 он

-Хүний ажил мэргэжил тухайн хүний ааш зан, харилцаанд нөлөөлдөг шүү дээ. Ингэж ярилцаж суухад та сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүүхэд шиг зантай байж мэдэхээр юм байна шүү?

-Би чинь энгийн хүн. Энгийн борог амьдрал дундаас гарсан. Миний ажил, амьдрал ч энгийн. Хүмүүс хэлдэг л дээ, хүүхэд шиг гэнэн, амархан баярладаг, амархан гомддог гэж. Тэр бол надад байдаг л зан ааш даа. Амархан гомдоно, жаахан юманд баярлана. Янз бүр болно шүү дээ (инээв).

Цэцэрлэгийн багш бол бурхадтай ажилладаг хүн гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн шүү дээ. Энэ үг миний сэтгэлд хоногшсон. Бурхадтай ажилладаг учир цэцэрлэгийн багш нарт маш их хариуцлага ирдэг. Би багш, ажилчдадаа юу гэж анхааруулдаг вэ гэхээр энэ олон нялх балчир хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амь нас бол нэгдүгээрх ажил гэж. Хүүхдэд бүх төрлийн хоол өгөхдөө махыг нь машиндаж өгөх ёстой. Олон төрлийн амтлагч, элдэв юм хольж болохгүй. Хурц үзүүртэй, элдэв юмнаас хамгаалах ёстой.


-Есдүгээр сарын нэгэн бол сурагч, багш, сургууль, цэцэрлэгийн баяр байдаг. Багшийн мэргэжил хэдий хүнд хүчир ч гэлээ багш нар бяцхан шавь нараа хараад баярын нулимс унагадаг. Та ч бас есдүгээр сарын нэгнийг догдлон хүлээдэг байх?

-Хурдан хүлэг наадам дөхөхөөр уяандаа дүүхэлзээд яаж тогтож ядан байдаг билээ. Яаж хөөрч хагсдаг билээ дээ. Тэрэн шиг миний хоолой зангираад байдаг юм. ИТХ-ын дарга, сумын Засаг дарга болоод есдүгээр сарын нэгэнд сургууль гэхээсээ цэцэрлэгийн нээлтэд очиход илүү дотно санагдаж, сумынхаа цэцэрлэгүүдээр явж нээлтэд нь оролцож үг хэлж, амжилт ерөөж, хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулдаг юм. Есдүгээр сарын нэгний өглөө надад урилга заллага ерөөсөө хэрэггүй. Есдүгээр сарын нэгэн дөхөхөөр Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан тэмдгээ зүүгээд, өмсөх хувцасаа сонгоод бэлтгээд эхэлдэг. Хэдэн жил сургууль, цэцэрлэгт ажиллахгүй хувийн хэвшилд байхдаа есдүгээр сарын нэгэн болонгуут өөрийн мэдэлгүй өглөө эрт босоод сэтгэл гэгэлзээд орж гараад л, пиджак минь хаана байгаа билээ дээ гэсэншүү юм бодогдож байсан үе бий шүү. Тийм л болчихдог юм билээ.

-Та хэзээнээс Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна вэ?

-2016 оноос 2018 оны тавдугаар сар хүртэл сумын ИТХ-ын даргаар ажилласан. 2018 оноос Ханбогд сумынхаа Засаг даргаар ажиллаж байна.

-Таныг хурал, наадмын нээлтэд үг хэлчихээд л залгуулаад төгөлдөр хуур дарж, дуулж уран сайхан үзүүлдэг гэж сумынхан тань ярьдаг юм билээ. Бөмбөг баривал тамирчин, микрофон баривал дуучин гэдэг шиг?

-Багш хүний л чадвар шүү дээ. Багш хүн бүгдийг хийж чаддаг, оролцдог. Миний эзэмшсэн өнөө л хүмүүжүүлэгч багш мэргэжлийн давуу тал. Одоо би сум орноо удирдаад, Засаг даргын ажил хийж яваа ч хөгжим, дуу хуур бол миний амьдралын мөнхийн дагуул. Яасан ч би үүнээс салж чаддаггүй. 90 гаруй дууны үг, ая зохиочихоод байна. 2011 онд бие даасан цомгоо гаргалаа. Ханбогд сумын сургуулийн сүлд дууг зохиолоо. Говийн хүүхдүүд, говийн багш нарын сүлд дуу хийх гээд явж байна. Манай найзууд хэлдэг юм, Эрдэнэжаргал баяр наадмаар индэр дээрээс үг хэлж наадмаа нээж байснаа нэг харахад стадионыхоо голд оччихсон дуугаа дуулаад баяр наадмын хөтөлбөртөө оролцоод явж байдаг гэж. Дарга хүн гэхээр л заавал тэр индрийн ард зогсож, микрофон, ширээний ард сууж байх ёсгүй. Миний хувьд үүнийг ерөөсөө огт ойшоодоггүй. Би ард иргэдийнхээ дунд чөлөөтэй, энгийн байх ёстой. Дуулах газарт нь дуулаад, хуурдах газарт нь хуурдаад, инээлдэх газарт нь инээлдээд л явна. Ийм л байх ёстой гэж бодож явдаг. Ханбогд сумын наадмын нээлтэд “Ханбогдын дуулал” гэж хамтлагтайгаа, хэдэн шавьтайгаа дуулдаг юм.

-Та хамтлагтай гэсэн байх аа?

-Хамтлагтай. “ХЭБн Галба” гэж хамтлагтай.

-Ямар Галба гэнэ ээ. ХЭБн гэж юу вэ?

-Энэ яахав, бидний нэрний эхний үсгүүд л дээ. “Хүдэрбат, Эрдэнэжаргал, Болд нар Галба” гэсэн утгатай. Ханбогдын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Нарангэрэл ах маань “ХЭБн Галба” хамтлагийг анх Соёлын төвийнхөө дэргэд байгуулж байлаа. Би хоёр шавьтайгаа нийлж хамтлагаа бүрдүүлсэн. Шавь нар минь хоёулаа тэмээчин. Б.Хүдэрбат Ханбогд сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Миний гарын гурван шавь бий. Гурвуулаа СТА болоод байна. Б.Хүдэрбат, Б.Болдбаатар гэсэн энэ хоёр шавьтайгаа хамтлагаа байгуулаад 29 жил болжээ. И.Нарангэрэл ах маань бурхан болохоосоо өмнө “ХЭБн Галба”-ын ойг тэмдэглэнэ гэж ярьдаг байсан юм. Бид хамтлагаараа Өмнөговь аймгийн бүх сумыг гурван удаа тойрлоо. Зүүн аймгуудаар явж аялан тоглолт хийлээ. Өмнөговьд манай хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сарны гэрэл

МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Битогтохын Цогнэмэх өгүүлллэг, ойллого, баримтат өгүүлэл, эссээ, чөлөөт сэтгэмж, туужийн “Сарны гэрэл” номоо уншигч олноо толилуулаад байна. Түүний номыг эх барьж авсан Азийн тэргүүн найрагч өргөмжлөлт, Нобелийн шагналт нэр дэвшигч, зохиолч, сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай шавийнхаа номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

НОМ ХУДАЛДАН АВАГЧ УНШИГЧ БОЛ БАРАА ХУДАЛДАН АВАГЧ БИШ, ТЭД ӨӨРСДӨӨ МЭДЭХ ХЭРЭГ

Хуучин үгэнд, “Шавийн эрдэм багшаас” гэдэг үг бий нь бий ч энэ үг үнэн байх тохиол ч амьдралд олон байдаг, худлаа байх тохиол ч олон байдаг. Гол нь, ямар тохиолд үнэн, ямар тохиолд худал байхыг суралцагч хүний идэвх, чармайлт тодорхойлдог.

Битогтохын Цогнэмэх надад шавьлаад олон он улирч, бид Багш, Шавийн барилдлагаар “гинжлэгдсэн” ч заримдаа хэн нь багшийн эрх эдлэх байр суурь солигддог.

Шавь Б.Цогнэмэх надад гурван ч эрдмээрээ, үүнд, Монголын түүхийн мэдлэг; Монголын сонин, сэтгүүлийн түүчээ сэтгүүлчийн мэргэжилтний авьяас, чадвар; нийгэм-улс төрийн үйл явцын гярхай ажиглалт; хэтдээ зөв нь дандаа батлагддаг дүгнэлтүүдээрээ Багш болдог.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын тайзанд жил жил дараалан тавигдаж “хаан” суусан, манай Драмын театр руу үзэгчдийг олон жил ташуурдан хөөж авчирсаар буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээс эхлээд олон он хүлээлгэлгүй лавтай тоглогдох нь магад “Хаадын хаан”, “Үнэний хаан Будда” тэргүүт жүжгүүдээрээ Монголын “Жүжгийн зохиолчид”-ын магнайд цахилах болсноороо ганц надад ч бус бусад “мэргэжлийн жүжгийн “зохиолчид”-од ч багшлахуйц алдарт дэвшжээ.

Зохиолч хүний сэтгэлгээний тэлэлт, хөгжил, ур чадварын төгс боловсролтод оюун билигийн орь залуу Манзшир, Эгшиг төгөлдөр охин тэнгэр Янжинлхамын тааллыг олж ивээлд нь бүрэн багтах нэн чухал. “Өөртөө тусалсан хүнд л Бурхан тусалдаг” гэдэг, хэзээний үг юм, хаанахын үг юм, бүү мэд, миний хувьд айхавтар үнэн санагддаг үг цээжинд минь хадагджээ.

Б.Цогнэмэх уран сайхны сэтгэлгээнийхээ цар хүрээг жүжиг, дуурь, кино, тууж, өгүүллэг, эссээ, яруу найргаар тун хурдтай, идэвхтэй тэлж, ур чадварынхаа түвшинг ахиулсаар байгаа нь уншигчдын амнаас байнга сонсогддог. Таны өмнө дэлгэрч буй эл номд шавийн минь дунд сургуулийн арван зургаан наснаас Драмын театрын тайзнаа хана дугуйлах хүртэлх уран бүтээлийн сэтгэлгээний эрэл, оюуны шим буй.

“Сайн нэрийг хүсвээс, муу нэрийг хусваас!” гэдэг. Сайн нэрийг нэгэнт олсон шавьд, үгний илүүд эс эмзэглэн нэмэхэд, сайн алдраа зузаалах, мууг үл халдаахад ямагт хичээлтэй нэг бодол заавал цээжинд хавтаслагдах ёстойг хэн ч бай үргэлж санууштай байдаг нь, “Номыг минь уншихаар худалдан авч буй уншигч бол бараа таваар худалдан авагч биш!” гэх үзэл санааг алдрын ямар ч өндөрт хүрсэн бай, өөртөө хатуу хуульчлах хэрэгтэйг “Сурсан нь бага ч турсан нь их”-ийн эрхээр захьсу!

Улаан ямаат Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ

2020.01.21

Алтан тэвшийн хөндий


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Наймдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Үүнд:

  • Наймдугаар сайрын 9-нд УБ-Франкфуртийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 91
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5
  • Сувиллын ажиглалтад байгаа 4
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 30
  • Дорноговь аймгийн Хангимандалын боомтоор ирсэн авто тээврийн 13 жолооч
  • Алтанбулаг боомтоор ирсэн 17 жолооч
  • Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт 301 тохиолдлоос 291 нь эмчлэгдсэн буюу 96.6% нь эдгэсэн.

Одоогийн байдлаар

  • сувиллын ажиглалтад 25
  • гэрийн ажиглалтад 40
  • ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
  • ХӨСҮТ-ийн клиникт 10 хүн коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Categories
мэдээ цаг-үе

Х.Ууганбаяр: Зүүдний ертөнцийн жаран жил байгаа гэж бодвол хүний амьдралд зуун хорин жил байна шүү дээ

– ЯМАР Ч НИЙГЭМ БАЙСАН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙХГҮЙ –

“Зөөлөн цогт”

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Х.Ууганбаяртай ярилцлаа.


-Монголчууд өөрсдийгөө шинжлэх ухаан, бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй урлаг бүр шашнаар хэт амьсгалаад байна гэж шүүмжлэх нь бий?

-Монголчууд угаасаа өөрийн гэсэн онцлогтой ард түмэн шүү дээ. Соёл нь ч тэр, ёс уламжлал, амьдралын хэв маяг нь ч тэр. Бид чинь хүн төрөлхтний суурин иргэншилтэй танилцаад дээд тал нь 100 жил болж байна. Ингээд бодохоор яг хүн бүхэн урлаглаг байдаггүй. Шашны хувьд мэдээж их шашинлаг ард түмэн. Хэт шашинлаг, заримдаа мухар сүсэгтэй ч гэх юм уу янз янзын л яриа байдаг. Монголчууд урлагийг их аятайхан хүлээж авдаг юм шиг санагддаг. Мэдэхгүй нь мэдэхгүйгээрээ хүлээж авна, мэдэж мэдэрч байгаа нь хандлага сайтай байдаг гэж бодож байна. Харин урлагийн бүтээлийг гоё сайхан гээд худалдан авч цуглуулдаг хүмүүс хуруу дарам цөөн байна л даа. Яг урлаг хөөгөөд явъя гэхээр амьдралын түвшин, цаг заваасаа шалтгаалаад тийм ч боломжтой биш юм шиг санагддаг. Харин шашин бол биднийг үргэлж дагаж явдаг.

-Гэтэл шинжлэх ухаан, техник технологио дээд зэргээр хөгжүүлж, сансар огторгуйд хөлгөө илгээгээд байгаа улс орнууд харин ч их шашинлаг, сүсэг бишрэлтэй, урлагтаа ойр. Тэдний хувьд урлаг, мөргөл хоёр нь амьдралын нэг хэсэг нь болсон байдаг шүү дээ. Тэнд урлаг, шинжлэх ухааныг хослуулдаг. Харин манайд эсрэгцүүлж, мөргөлдүүлдэг хандлага бий?

-Бид бүхэн шинжлэх ухаанаараа дэлхий дахинтай өрсөлдөх нь мэдээж зөв. Боловсролтой мэдлэгтэй оюунлаг залуучууд дэлхийн нэртэй компаниудад цөөнгүй ажиллаж байна. Гэхдээ аливаа юмыг манайхан эсрэгцүүлж тавьж байгаад нэг рүү нь үсэрч хөгжих гээд байдаг нь надад таалагддаггүй. Зүгээр л урлаг бол урлагаараа, шинжлэх ухаан бол шинжлэх ухаанаараа л байх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр хараад байхад юмыг шүүмжлээд, түүнийгээ давж алхаад хөгжих ёстой байдаг юм уу, эсвэл дэмжээд хамт хөгжих ёстой юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль нь бат бөх, аз жаргалтай байдаг талаар бодох ёстой болсон. Сүүлийн үед би бас шүүмжлэгч болчихоод байгаа. Гэхдээ заримдаа би үүнийг шүүмжилж бичлээ гээд ч яах юм гэж боддог. Бүр болохгүй зүйл дээр бол шүүмж бичнэ шүү дээ. Энэ эсрэгцүүлдэг, шүүж шүүмжилдэг зан чанар монголчуудын цусанд нь байдаг шинж чанар юм уу, эсвэл тавилттай юм байдаг юм уу, тархи угаалт хамт явагддаг юм уу мэдэхгүй байна. Эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэл дээр овооролдож шавдаг.

-Таны бүтээлүүдийг анзаарахад бэлгэдэл, зөн билгийн дүрслэл зонхилдог бололтой?

-Зураач болох гээд явахдаа урлагийн түүхийг эхлээд судална. Тэгээд сюрреализм, реализм, модернизм, авангард гээд бүхий л төрөл жанрыг үзэж судална. Энэ дундаас цаашид бүтээлээ туурвих өөрийн сонголт гэж гарч ирнэ. Эдгээрээс надад хамгийн ойр байсан нь сюрреализм, симболизм байсан. Энэ чиглэлээрээ ч дипломын ажлаа хамгаалсан. Энэ бол ерөөсөө ухамсаргүй сонголт байсан. Одоо бодоод байхад нийгмээсээ уйдсан гэх нь ч хаашаа юм. Бурхны шашныг илүү гүнзгий судлахаасаа өмнө энэ нийгмийн байр байдлыг ёгт утгаар илэрхийлж, түүнийгээ сюрреализм, симболизмтой холбож бүтээл туурвихыг оролдож байсан. Сүүлдээ энэ маань жаахан явцгүй болоод ирж байгаа юм. Сайн сайхан зүйл хиймээр байдаг. Сүүлийн үед нийгмээсээ сайн сайхныг хараад, урагшлах шалтгаан болгоод явчих зүйл баригдахаа больж байгаа юм. Ингээд ирэхээр уран бүтээлч хүн өөрийн эрэл хайгуулаа хийгээд эхэлнэ шүү дээ. Бурхны шашин бол өөрөө их гүн гүнзгий. Түүний урлахуйн ухаан, дүрслэл, үлгэр домог гээд бүхий л зүйлээс нь санаа сэдэл, урам зориг авч, итгэл үнэмшил төрүүлэх нь бий.

-“Элсэн цаг” үзэсгэлэн таны анхны үзэсгэлэн бил үү?

-Миний анхны үзэсгэлэн. 1999 онд “Элсэн цаг” хэмээх хамгийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Яг нарийн тоог нь сайн санахгүй байна аа. Одоогоор хорь орчим бие даасан үзэсгэлэн гаргаад байна уу даа. Хамтарсан үзэсгэлэн бас нэлээд бий.


“Хайрын орон”

-Таны “Зоригдлын орон” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг ажиглаад таныг аглагт суух дуртай, нийгмээс хол байх сонирхолтой, байгаль руу тэмүүлдэг хүн болов уу гэж таамагласан?

-Зураач хүн бүрийн мөрөөдөл бол өөрийн гэсэн урлантай болох. Урлан гэдэг бол зураачдын сүм л гэсэн үг л дээ. Би ч мөн адил өөрийн урлантай болохоор шийдээд тав зургаан жилийн өмнө Шарга морьтод урлангаа барьсан. Дараа нь мэдээж уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хоёр жил орчим урландаа сууж, ертөнцөөс тасарсан гэж хэлж болно. Өвөл зунгүй Шарга морьтод уулын мухарт суусан. Зурж байх үедээ унших хэцүү учраас янз бүрийн бурхны ном, хичээлүүд их сонссон. Зургууд маань ч эхнээсээ тэр тал руугаа болж эхэлсэн. Хуучин бол миний зурганд бурхан шашны зүйл деталь маягаар, туслах дүр ч юм шиг явдаг байсан бол сүүлийн таван жил тэд нар маань томроод гол сэдэв нь болж гарч ирсэн. Бүтээлээ туурвихын тулд Бурхан шашныг өөрийнхөө үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөөр зурж илэрхийлээд байж болохгүй. Нэгэнт л цаг хугацаа, амь амьдралаа зориулж бүтээлээ туурвиж байгаа учраас үнэн зөв, үзэл онол нь боловсорчихсон сургаал номлол олж авч, түүгээрээ дамжуулан урагшлах ёстой болж байгаа юм.

Тэгэхээр мэдээж бурхны шашин бууж ирж байгаа юм. Угаасаа бурхны шашин бидэнд байсан зүйл. Бид үүнийгээ алдаж, гажуудуулсан тохиолдол байгаа боловч өөрсдөө тэрийг голж шилэхгүй, муулахгүйгээр эргэж ухаж, түүнээсээ юм олох хэрэгтэй. Манайд соёлын хоёр чухал зүйл гарч ирээд байгаа. Нэг нь эзэнт гүрэн рүү яваад өгнө. Хүннү, бөө мөргөл, тэнгэр үзэл гээд явчихна. Энэ өөрөө маш судлууштай том сэдэв мөн. Харин бурхны шашин бол бидний амьдралаас хичнээн хусаад ч арилахгүй бидэнд ойрхон үеийн түүх. Үүнд харьцуулалт хийхээс илүүтэй хоёуланг нь сайтар судлаж, дээдлэх ёстой гэж боддог. Манай үндэсний үзэлтэй хүмүүсийн дунд ялгаа зөрчил харагдаад байдаг. Энэ нь биднийг хагаралдуулж талцуулах нэг хүчин зүйл болох аюултай. Миний хувьд бол бурханы шашныг нэн тэргүүндээ тавьдаг. Тиймээс бурхны ном үзэж өөрийгөө тодорхой хэмжээнд мэдлэгтэй болгож байгаа. Хий хоосон сэтгэлгээгээр биш сайн судалж байгаад барьцтай юм хийе гэж зорьдог. Гэхдээ ганцхан бурхан шашнаар өөрийгөө хязгаарлахгүйгээр хийх зүйл олон байна. Монголын туульс гэж асар том судлагдахуун байна. Туульс бол бөөгийн шашнаас өмнөх шахуу зүйл юм. Туульсын өөрийнх нь мөн чанар бол бас их мундаг юм бий. Үүнийг ярих юм бол зөндөө зүйл байгаа. Үүнийг багцаар нь судлах хэрэгтэй.

-Ялангуяа урлагийн хүмүүс өөрсдийгөө онгодын зараал, зарц гэх мэтээр тодорхойлдог. Хүн бүр энэ амьдралд ямар нэгэн даалгавартай ирсэн гэцгээх нь бий. Таны хувьд?

-Бид бол бага насаа өнгөрөөсөн тэр нийгмийнхээ бүтээгдэхүүн. Өнөөгийн нийгэм ч гэсэн яг адилхан, нэр нь л ондоо болохоос биш. Энгийн жишээ ярья л даа. Эхлээд бид сургуульд орно. Тэгээд л онц сурах ёстой, пионер болох ёстой гээд л. Дараа нь оюутан болно, бүгд яг ижилхэн. Эхнэр авах ёстой, хүүхэдтэй болох ёстой гээд л. Би яг энэ зарчмаар явсан. Энэ бол нийгмийн захиалга. Би амьдралыг ийм л гэж бодож явсан. Бусад хүмүүс ч адилхан байх. Гэтэл хүн гэдэг ямар супер амьтан бэ гэдгийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн байдаг шүү дээ. Бид эрх чөлөөтэй болсноороо өөрийгөө олж нээх, үнэ цэнээ илүүтэй мэдрэх болсон. Гэхдээ нийгэмд байгаа бүх хүмүүс ингэж чадахгүй байна л даа. Уран бүтээлчид бол заавал бурхны шашинтай учирсан ч бай, үгүй ч бай үнэ цэнээ илүү мэдэрч, арай өөрөөр явдаг.

-Та “Энэ амьдрал бол миний уран бүтээл хийхэд зориулагдсан нэг талбар. Харин миний жинхэнэ амьдрал бол уран бүтээл хийж байгаа тэр агшин, үйл явц” хэмээн ярьсан байна билээ?

-Хувь хүн өөрийгөө олоод эхлэхээр амьдрал их олон талтай болоод ирдэг. Зүгээр нэг ажлаа хийгээд л амьдрах биш уран бүтээлч хүний ертөнц нь илүү томроод эхэлдэг. Зүүдний тухай жаахан ярья л даа. Хүн дунджаар жаран жил амьдарлаа гэж бодоход өглөө босоод унтах хүртэлх зөвхөн нарны амьдралаа л тооцоод байдаг. Ямар гунигтай, ямар богинохон гэж санана. Гэтэл зүүдэн доторх амьдрал цаг хугацаа, орон зай хязгааргүй. Нэг их өргөнөөр сэтгэхгүйгээр зүүдний ертөнцийн жаран жил байгаа гэж бодвол хүний амьдралд зуун хорин жил байна шүү дээ. Их баялаг байгаа биз дээ. Дээрээс нь, уран бүтээл гэдэг бол өөрөө нэг ертөнц гэсэн үг. Би тэр ертөнцийг босгож байна, тэр ертөнцдөө амьдарч байна. Уран бүтээлийн ертөнцөө босгохын тулд амьдарч буй энэ ертөнцийнхөө шимийг нь авч, сайн сайхан гэсэн зүйлсээ гаргаж хүмүүст үзүүлдэг. Энэ л уран бүтээлчийн чин хүсэл. Зүүд ч бай, амьдрал ч бай хоорондоо нэг их ялгаа байхгүй. Харин уран бүтээлийн амьдрал илүү гүн гүнзгий болоод явна. Үүн дотор цаг хугацаа гэж байхгүй. Материаллаг чанараар нь авч үзье л дээ. Рембрандтын зураг зургаан зуун жил болсон ч байж л байна, цаашид хэдийг хүртэл байхыг мэдэхгүй.

Микеланжелогийн гантиг баримал цаашид хэдэн мянган жил байхыг бид мэдэхгүй. Эзнээсээ илүү мөнхөрчихсөн. Өөрөөр хэлбэл, суначихсан, эцэс төгсгөлгүй цаг хугацааны импульс дотор амьдраад байгаа юм л даа. Бидний хойд, урьд насанд итгэдэг итгэлтэй адилхан. Би хойд, урьд насанд итгэдэг болсноосоо хойш миний амьдрал тавь, жархан жилээр тооцогдохгүй юм байна гэдгийг ойлгосон. Миний амьдрал суначихсан хүчтэй эргүүлэг дотор, мөнхийн хөдөлгөөнд орж байгаа юм л даа. Тэр нь төгсгөл байхгүй, асар том орон зайтай. Ингэж бодохоор сэтгэлгээ нь арай өөрөөр явагдаж эхэлнэ. Гэхдээ ийм нарийн зүйл ярьж байгаа ч гэсэн мэдээж бидний амьдрал ямар билээ. Энэ ертөнц, энэ бие, энэ нийгэмдээ л баригдаж явна. Гэхдээ эрх чөлөө бол оюун санаанд байгаа гэсэн үг.

-Монголчууд яавал сэтгэлийн боловсролыг олж, энэ саарал бүдэг үеэ давах бол. Яаж шүү нэг шат ахицгаах вэ?

-Энэ бас их сонин л асуулт байна. Бараг л өөрөөсөө асуудаг асуулт юм уу даа. Яавал би аятайхан болчих бол гэдэг хувь хүний асуудал гэмээр. Ер нь асуудал бол хэзээ ч дуусахгүй шүү дээ. Амьдрал бол зовлонгийн мөн чанартай байдаг. Энэ асуудлын тал дээр харьцангуй гайгүй шүү. Манайхан их муулаад л байдаг. Би бас өөдрөгөөр харахыг хичээдэг. Яагаад гэхээр, хүн орчноосоо л болдог байх л даа. Би уран бүтээлийн нэг найзтайгаа уулзана, дараа нь хэн нэгэн зураачтай очоод уулзана уу гэхээс хаа хамаагүй хүнтэй уулзахгүй шүү дээ. Өөрийнхөө ертөнцийг бүтээчихсэн учраас тэгээд байж магадгүй. Өнөөгийн нийгмийг муулж болмооргүй санагддаг. Бүх л нийгэмд асуудал байгаа. Аль ч нийгэмд хүн эрх чөлөөгүй. Хүний эрх чөлөө бол оюун санаанд нь байгаа. Бид коммунизмын үед эрх чөлөөгүй байлаа. Өнөөдөр бодож сэтгэх эрх чөлөөтэй боллоо. Гэтэл одоо бид физик эрх чөлөөгөө алдаж эхэлж байгаа юм. Нэг мөнгөтэй нөхөр гарч ирээд л бидний эрх чөлөөг залгиж байна. Цаашид ямар ч нийгэм байсан бүгд л ялгаагүй. Европ л гэхэд социал демократ маш гоё нийгэмтэй гэж байгаа ч хүмүүс нь ихэнхдээ гутранги үзэлтэй болчихсон байдаг. Би тэнд олон жил амьдарсан. Ямар ч нийгэм байсан эрх чөлөө гэж байхгүй. Эрх чөлөө гэж худлаа лоозон барьж явах хэрэггүй ээ. Миний хувьд коммунизм байсан ч ялгаагүй, ардчилал байсан ч ялгаагүй, фашизм байсан ч ялгаагүй. Яагаад гэхээр эд нар бүгд л тэнэг хүнийг нь тэнэг гэж ашиглаад л, ухаантайг нь ухаантай гэж ашиглаад л, ялгаа байхгүй. Жинхэнэ эрх чөлөө бидний оюун санаанд л байгаа. Бидний сүнс эрх чөлөөтэй. Үүнийгээ хөгжүүлээд байвал бид арай баялаг амьдарч болох юм. Ийм боломж Монголд байна. Түүхч Д.Өлзийбаатар гуайн хэлснээр, бид дэлхийн хаана ч байхгүй хязгааргүй эрх чөлөөтэй ард түмэн шүү дээ.

Н.БҮЖИНЛХАМ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярмаа: Хүүхдүүд хоорондоо тоглож байгааг анзаараад үзээрэй, бие бие рүүгээ дунд хуруу гаргах нь энгийн үзэгдэл боллоо

Монголын “Телевиз Үзэлтийн Судалгаа”-ны мэдээллээр Улаанбаатар хотод нэг хүүхэд өдөрт дунджаар 3 цаг 16 минутыг зурагтын өмнө өнгөрүүлж байна гэсэн судалгаа бий. Багачууд гадаадын олон ангит хүүхэлдэйн киног өнгөрсөн оны байдлаар 59 хувьтай үзэж байгааг Максима Консалтинг судалгааны байгууллага тогтоожээ. Тэгвэл сургуулийн өмнөх насны хүүхдийн зурагт үзэх цаг 203 минут, сургуулийн бага насны хүүхэд 249 минут байгаа юм.Энэ нь хүүхдүүд зурагтын өмнө хэт их цагийг зарцуулж байгааг харуулж буй юм.


Энэ талаар Максма Консалтинг сургалт судалгааны компанийн телевиз үзэлтийн тайланд дүн шинжилгээ хийсэн МУБИС-ийн Сэтгэл судлал, заах арга зүйн тэнхимийн доктор, дэд профессор Ц.Баярмаатай ярилцлаа.

-Та 2016-2019 оны телевиз үзэлтийн тайлан, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд хүүхэдтэй холбоотой чухам юу анзаарагдав?

-Сургуулийн өмнөх болон сургуулийн бага насны хүүхдүүдийн телевиз үзэлтэд анхаарлаа хандуулж, албан ёсны тоо баримтад дүгнэлт хийж, хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ тоглохдоо гаргаж буй зан үйлдэл, үг хэллэгийг ажигласан. Судалгаанаас үзэхэд 4-6 насны хүүхдүүдийн телевиз үзэлт жил ирэх тусам ахисан үзүүлэлттэй байгаа бол 6-11 насныхан зурагтыг тогтмол ахицтай үзэж байна. Харин 11-18 насны хүүхдүүдийн телевиз үзэлтийн минут багасаад эхэлсэн. Миний бодлоор тэд зурагт гэхээс илүү гар утас ашигладаг болсонтой холбоотой байх. Тодруулбал, дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар (15-20 минут), таван нас (35-40 минут), 6-7 настай хүүхэд өдөрт (15 минутаас нэг цаг) хүртэл зурагт үзэх хугацаатай байдаг. Мөн хүүхдэд зориулсан контентын хугацаа жил ирэх тусам минут, секундээр уртсаж байгаа ч агуулгын хувьд гадаадын хүүхэлдэйн кино ихэссэн.

-Хүүхдийн зурагт үзэлтийг яагаад судлах болсон бэ?

-Хүүхдийн гаргаж буй зан үйл, үе тэнгийхэнтэйгээ харилцаж байгаа харилцаа, үг хэллэг, тоглож байгаа тоглоом өөрчлөгдсөн байдал сүүлийн жилүүдэд ажиглагдсан, хүмүүс ч их ярилцдаг болоод байгаа. Хүүхдийнхээ гаргаж байгаа хачин сонин үйлдлийг эцэг эхчүүд өөрсдөө тайлбарлахад төвөгтэй. Тиймээс үүнийг үзсэн кинотой нь холбож тайлбарласан байгаа нь сонирхол татсан юм.

-Багачуудад зориулсан контент гэдэгт ямар нэвтрүүлгийг хамруулан авч үздэг юм бол?

-Хүүхдэд зориулсан контент гэдэгт хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн олон ангит кино багтдаг. Энэ дотроос гадаадын олон ангит хүүхэлдэйн кино хамгийн их байр суурийг эзэлж буй. Гадаадын олон ангит хүүхэлдэйн киноны цацалт их болж,үүнийг хүүхдүүд түлхүү үздэг гэсэн үг.

-Телевизүүд дотоодын контент, нэвтрүүлгүүд бэлтгэдэг ч монгол хүүхдүүд яагаад гадаад киног түлхүү үзээд байгаа шалтгааныг олж харав уу?

-Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй 70 гаруй монгол телевиз байна. Эндээс “Dream” телевиз л хүүхдэд зориулсан контент бэлтгэдэг. Ерөөс 5-6 настай хүүхдийн харааны ой тогтоолт илүү хөгжсөн байдаг. Тиймээс ч мэдээллийн 90 хувийг нүдээрээ авдаг. Ингэснээр тухайн контентыг маш хурдан тогтоож аваад байгаа гэсэн үг. Хүний зан төлөвийн бүрдэл үед өдөр болгоны тогтмол цагт нөлөөлөл үзүүлээд байвал тэр нь хурдан төлөвшинө. Өөрөөр хэлбэл, гадаадын этгээд үг хэллэгийг өдөр болгон сонсоод байвал ой тойнд нь хоногшиж үлдэхээс өөр аргагүй. Хүүхэлдэйн киног хэтэрхий орчуулж хүргэдэгт санаа зовдог. Хүүхдүүд хоорондоо тоглож байгааг анзаараад үзээрэй, бие бие рүүгээ дунд хуруу гаргах нь энгийн үзэгдэл боллоо.Өмнө нь чоно тарвага болоод л нааддаг байсан бол одоо “зомби”болж тоглоцгоож байна шүү дээ. Орчин үеийн хүүхдүүдийн үг хэллэг, зурсан зураг, тоглох тоглоом, харилцан ярианд монгол уламжлал нь орхигдсонд эмзэглэсэн.

-Монгол хүүхдүүд өдөрт дунджаар 3 цаг 16 минутыг зурагт үзэж өнгөрөөдөг гэсэн мэдээлэл байна. Тэдний үзэж буй контентын ихэнх хувь нь гадаад кино учраас багачуудын хэл, сэтгэлгээнд өөрчлөлт орсон байх нь ээ?

-Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг нэмэгдүүлэхийн тулд гадаадаас шууд орчуулан хүргэж байгаа байдал өнгөрсөн онд 73,7 хувь болж нэмэгдсэн байна. Гадаадын зарим хүүхэлдэй багачуудын зан төлөв, харилцаа хандлага, аливаа асуудалд хурдан шийд гаргахад нь тустай. Гэвч Монголоо гэх үзэл, өв уламжлал, зан заншлыг багасгаж байгаа нь ажиглалт судалгааны явцад анзаарагдсан.Жишээ нь, “Хором” сайт дээр бага насанд нь хүүхдэд үзүүлбэл асар сургамжтай 20 хүүхэлдэйн киноны жагсаалт гарсан байна лээ. Гэвч тэр дотор ганц ч монгол хүүхэлдэй байгаагүй. Тэгэхээр бид хэнийг хүмүүжүүлээд байна вэ, бодох л асуудал.

-Эндээс киноны орчуулга хүүхдийн хөгжил төлөвшилд ихээхэн нөлөөлдөг гэсэн ойлголт үүсч байна?

-Ерөнхийдөө бол тийм. Гадаад үг хэллэгээр хараадаг болоход хүүхэлдэйн киноны орчуулга маш их нөлөөлж байна. Бид хэзээ “чи наад бөгсөө аваад зайл”, “чамд ажилладаг, надад ажилладаг” гэж ярьж байлаа даа. Ингэж алдаатай орчуулж хүргэснээр хүүхдүүдийн хэл сэтгэлгээ эрлийзжиж дууслаа. Өөрөөр хэлбэл, хүүхэлдэйн киног хэтэрхий муу орчуулж хүргэж байгаад санаа зовнидог. Эцэг эхчүүд сонирхолдоо хөтлөгдөж хүүхдэдээ 3D кино үзүүлээд сургачихдаг. Анхнаас нь ийм өндөр нягтралтай үзүүлэхээр дотоодын контентыг нь хүүхдүүд тоож үзэх үү гэдэг асуулт үүсч буй. Мэдээж гадаадын юм бүхнийг буруутгаж байгаа юм биш. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл аюултай шүү дээ.

-Тэгвэл эцэг эхийн зүгээс ч хүүхдийнхээ зурагт үзэлтийг хянах хэрэгтэй юм байна?

-Хүүхдүүдэд монгол үлгэрээ ярьж өгвөл мэдээж дуртай сонсоно шүү дээ. Тэд уламжлалт болон оньсон тоглоомыг сонирхоод оролдоно. Гэвч Монголын уламжлалт наадгай зүгээр л музейн үзмэр болж байгаа нь харамсалтай. Бид өөрсдөө хүүхдүүдээ хөгжүүлнэ гэдэг нэрийдлээр хэл сэтгэлгээг нь эрлийз болгож байна. Зурагт үзэх хэмжээ хязгаарыг тогтоох, ямар нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино үзэж байна гэдгийг анхаарах цаг нь боллоо. Томчууд бид хүүхдийнхээ зурагт үзэх, гар утас оролдох, компьютер дээр удаан суух нь хор хөнөөлтэй гэдгийг мэддэг ч анхаарч амждаггүй. Зарим нь хүүхдээ өөрөө уруу татан зурагт үзэж, утас оролдож байгаа. Тиймээс эцэг эхчүүд ч хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Зүгээр л хүүхдээ ажигла, сонс, энгийн ажилд туслалцуулаарай.

-Багачуудын зурагт үзэхтэй холбоотой хууль тогтоомжид тодорхой заалт байдаг уу?

-Харилцаа Холбоог Зохицуулах Хорооноос баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д дурдсанаар, “Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн бэлтгэн дамжуулж байгаа соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлэг нэг сарын хөтөлбөрийн нийт цагийн 15 хувиас багагүй байна” гэж заасан байдаг. Харин Соёлын тухай хуулийн 19.5 зүйлд, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна” гэсэн нь бий. Энэ заалт, шаардлагын дагуу телевизүүд хүүхдэд зориулсан контентоо бэлтгэн хүргэсээр байгаа.

П.САЙНЖАРГАЛ