Categories
мэдээ улс-төр

Хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээлгэн өглөө

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан ажлаа хүлээлгэн өглөө. Өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд тамга, бодлогын баримт бичгээ шилжүүлэн өгсөн юм. Хотын дараагийн даргыг сонгох хүртэл Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

Х.ЕСҮ

Categories
мэдээ спорт

“Үндэсний дээд лиг”-ийн нээлтийг SP Falcons болон Дэрэн багууд хийнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны энэ улирлын “Үндэсний дээд лиг” өнөөдөр /2020.07.01/ эргэн ирж хөлбөмбөг сонирхогчдынхоо хүсэн хүлээсэн тоглолтуудаа үзүүлэхэд болжээ.

МХБХ-ны 2020 оны улирлын гадаа талбайн нээлтийн тоглолтонд SP Falcons болон Дэрэн баг тоглоно. Өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Монголын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ буюу 20 сая төгрөг хүрч SP Falcons багтай нэгдсэн М.Жансерик өөрийн 11 жил хүчин зүтгэсэн Дэрэн багийнхаа эсрэг шинэ багтайгаа тоглоно. Эдүгээ 21 настай М.Жансерик 7 дугаартай талбайд гарна.

SP Falcons баг солилцоонд тун идэвхитэй оролцож Эрчим багаас 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөрийг болон Дэрэн багаас 2019 оны Алтан бөмбөгийн эзэн Х.Цэнд-Аюуш нарыг эгнээндээ нэгтгэн хүчээ зузаатгасан байна. Энэ 2 багийн тоглолт МХБХ-ны ногоон талбайд 14.00 цагаас эхлэнэ.

Харин 18.00 цагаас Супер цомын тоглолт 2019 оны “Мазала Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны “МХБХ-ны Цом”-ын аварга Хаан Хүнс Эрчим багууд халз тулна. Эрчим багийн хувьд 2020 онд “Хаан Хүнс” багтай нэгдэж “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор дээд лигт өрсөлдөх бол “Улаанбаатар Сити” баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн арвин түүхтэй багийн эсрэг хийх юм.

Тус 2 багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байгаа. Тэр “Улаанбаатар Сити” багтай 2019 оны лигт түрүүлсэн бөгөөд энэ жилээс буурь сэлгэн “Хаан Хүнс Эрчим” багтай нэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Иймээс ЭМЯ-наас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж байна.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам :

• Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
• Агаар дусал
• Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
• Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :
• Арьсны хэлбэр
• Булчирхайн хэлбэр
• Уушгины хэлбэр
• Үжил хэлбэр
• Гэдэсний хэлбэр
• Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг :
• 38-40 хэм хүрч халуурах

• Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
• Бүх бие булчингаар шархирч өвдөх
• Толгой өвдөх
• Ханиалгах
• Цустай цэр гарах
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Бөөлжих
• Хэвлийгээр өвдөх
• Суулгах

Урьдчилан сэргийлэх :

• Тарвага агнахгүй байх
• Тарваганы мах идэхгүй байх
• Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
• Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
• Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
• Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
• Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
• Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
• Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
• Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
• Нохойг байнга уяатай байлгах
• Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
• Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
• Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Categories
мэдээ нийгэм

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 14-ны өдөр хүртэл хойшлуулав

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ ажилтнуудад болох холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.01/ 09.00 цагт товлогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орж өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа ажээ. Иймээс өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан гаргасан тул шүүх хурлыг 2020 оны есдүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Хэргийг сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Categories
гадаад мэдээ спорт

NBA-ийн нийт 19 тамирчин коронавирусын халдвар авчээ

NBA 2019-2020 оны улирлаа ирэх долдугаар сарын 30-наас Флорида мужийн Уолт Дисней амралтын газарт 22 багийн бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт тус холбооны зүгээс цааш улирлаа үргэлжлүүлэх болсон багуудын тамирчдын дунд шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд 16 тамирчин халдвар авсан нь ил болсон билээ. Тэгвэл зургаадугаар сарын 30-ны өдөр Нью Орлеанс Пеликанс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Гриффин багийнх нь гурван тоглогч халдвар авсан хэмээн мэдэгдлээ. Гэвч тэрбээр халдвар авсан гурван тамирчны нэрсийг мэдэгдээгүй аж.

Мөн Бруклин Нетс багийн төвийн тоглогч Деандре Жордан шинэ коронавирусийн халдвар авч улирлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-01-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс улсын хэмжээнд “Яараад яахав дээ” хоёрдугаар аяныг эхлүүллээ

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлэлхийлээ. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж , 338 хүн гэмтсэн гэдгийг мэдээллээ. Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8 хувь, нас барсан хүн 11.7 хувь, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9 хувь, нас барсан хүн 21.7 хувь, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Уг арга хэмжээг долдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулах бөгөөд орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулна. Энэ удаагийн аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжин оролцож байгаа аж.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал юм.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

38 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт 38 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 8 мэдүүлгээс зөрчилтэй 1, зөрчилгүй 6, зөрчилд тооцохгүй анхааруулсан 1 байв.

Одоогоор ажиллагаанд 30 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

УОК: Маргааш БНСУ улс руу тусгай үүргийн хоёр онгоц нисгэнэ

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр:“Бид тусгаарлах байртай холбоотой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Шадар сайд тусгаарлах байрны дэг журмыг өчигдөр болсон хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулаад байна. Энэ хугацаанд

  • Агаараар 5,916
  • Авто зам болон явганаар 5,588 иргэнийг татан авсан.

Нийт дүнгээрээ 11,504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор татан аваад байна. Зургаадугаар сард 10 удаагийн нислэгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, 2,358 иргэн эх орондоо ирсэн. Ийнхүү УОК-оос гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 27 байршилд 2,316 хүн , орон нутагт гурван цэгт 242 хүн байгаа. Нийт дүнгээрээ 2,558 иргэн тусгаарлах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 664 хүн шилжээд байна. Гэрийн ажиглалт 14 хоног үргэлжлээд тухайн хүн энгийн амьдралын хэмнэлдээ шилжиж байгаа.

Тэрбээр энэ талаар “Тусгаарлах хоногийг ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байгаа. Тусгаарлах байрны хувьд Шуурхай штабаас нөхцөл байдалтай уялдуулан шийдээд явж байна. Хүндрэлтэй нөхцөл байгаа. Тусгаарлах байрны дэг журмын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Энэ асуудлыг өчигдрийн УОК-ын хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Ярих асуудлууд байгаа” гэв.

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: “Нислэгүүдийг тоог нэмсэн. Цаашдаа ч нэмнэ. Энэ сард хийх нислэгийн хуваарь гарсан. Эхний нислэгийг БНСУ руу маргааш үйлдэнэ. Маргааш тус улс руухоёр онгоц ниснэ.

  • Долдугаар сарын 2нд Сөүл рүү 2 онгоц
  • Долдугаар сарын 4нд Токио руу
  • Долдугаар сарын 7нд Сөүл рүү
  • Долдугаар сарын 9нд Станбул руу “Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна”
  • Долдугаар сарын 15нд Сөүл рүү транзит нислэг
  • Долдугаар сарын 20нд Сөүл рүү
  • Долдугаар сарын 21-нд Токио руу
  • Долдугаар сарын 26-нд Франкфурт хот руу транзит нислэг үйлдэнэ.

Нислэгийн огноог тогтохдоо тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан үзсэн. Хэрэв байрны хүрэлцээ нэмэгдвэл дээрх дурдсан нислэг нэмэгдэнэ. Мөн бид хилийн боомтоор иргэдээ татан авч байна. 5-6ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ дахь оюутнуудаа татан авна. Мөн БНХУ дахь иргэдийг 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор дамжуулан хэрэгжүүлнэ. 308иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тэдний дунд оюутнууд, албадан саатуулагдсан, эмнэлгийн тусламж аваад нутагтаа эргэж ирсэн гэх мэт иргэд багтсан.

Иргэдийг татан авч буй байдал өмнөхөөс ихээхэн өссөн. Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна. Гэвч зарим элчин сайдын яаман дээр зохион байгуулалттайгаар үймээн самуун үүсгэж байна. Тухайн газартаа эмх замбараагүй байдал үүсгэснээр бид тэдгээр иргэдийг түрүүлж авна гэсэн үг биш. Урдны адил хүндэтгэн үзэх таван шалгуурындагуу иргэдээ татна. Дараагийн нислэгүүдээр дээрх таван шалгуурт багтаагүй ч удаан хугацаанд хүлээсэн иргэдээ авахыг хичээж байна. Иймд гадаад дахь манай иргэд тухайн улсынхаа хуулийг хүндэтгэн үзэж, хууль дүрмийг нь битгий зөрчөөрэй гэж хүсэж байна. Иргэд хилээ нээ гэж маш их хүсэж байна. Бид үүнийг ойлгож байна. Бусад улсууд богино хугацаанд зорчих, аялал жуулчлалаар зорчиж буй иргэдийг хил нэвтрүүлэхгүй байна. Мөн манай хоёр хөршид халдварын тохиолдол огт буураагүй. Япон, БНСУ-д дахин халдвар дэгдлээ. Бид эдгээр улсын халдварын талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, нэгтгэн боловсруулдаг.”

Нэг иргэн 20-30 удаа цахим шуудан явуулсан тотхиолдлууд бий. Үүнээс бид тухай хүн эх орондоо маш яаралтай ирэх хэрэгтэйг харж ойлгож байна. Гадаад улсууд дахь манай ЭСЯ-ны ажилтны тоо цөөн гэдгийг ойлгоорой. Маш олон иргэн рүү бүгдэн рүү нь утсаар ярьж холбоглох боломжгүй юм. Мөн иргэд өргөдөл гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдсэнгүй гэж их гомдол мэдүүлсэн. Бид онцгой цаг үед ажиллаж байгааг ойлгоорой. “

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Триатлоны тэмцээний хуваарийг шинэчлэн баталжээ

Канадын Монреальд явуулах триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 3-4-нд зохион байгуулахаар хойшлуулжээ. Мөн пара триатлоны цувралыг ч ижил хугацаанд зохион байгуулах юм. Олон улсын триатлоны холбоо (ITU)-ны Удирдах зөвлөл энэхүү шийдвэрийг баталгаажуулсан байна.

Анх төлөвлөснөөр зургадугаар сарын сүүлчээр эдгээр тэмцээнийг зохион байгуулах ёстой ч “covid-19” цар тахлын халдвараас шалтгаалан ийм шийдвэр гаргасан ажээ. Түүнчлэн тавдугаар сард товлосон байсан Арзаченагийн Дэлхийн цом, Алхандрагийн паратриатлоны Дэлхийн цомыг аравдугаар сарын 10-нд болгон өөрчлөв. Олон улсын триатлоны холбоо цар тахлын дэгдэлтээс шалтгаалж гуравдугаар сараас хойш нэг ч тэмцээн зохион явуулж чадаагүй бөгөөд оны сүүлчийн хагаст уралдаан тэмцээнүүдээр нилээн шахагдах бололтой. “Covid-19”-ын уршгаар ITU 2020 оны санхүүгийн жилд 1,4 сая орчим ам.долларын алдагдал хүлээх болсноо мөн мэдэгджээ.