Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Арванхоёр боть эмхэтгэлийн өмнөх үг

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Эрх чөлөөтэй бичиж, түүнээ мэдээллийн янз бүрийн хэрэгслээр дамжуулан хэнээс ч айж ичихгүй хэвлэн нийтэлж эхэлснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ийм их юм бичсэндээ өөрөө ч гайхлаа. 2000 он хүртэлх хугацаанд бичсэнээ олж цуглуулах гэж нэлээд зүдэрлээ. Тэгээд ч бүрэн олж чадсангүй. 2000 оноос хойш “Өдрийн сонин”-той хамтарч ажилласан учир тэрнээс цааших нь харин гайгүй. Ялангуяа 2007 оноос долоо хоног бүр baabar.mn сайт дээр бичсэн өгүүллүүдээ тогтмол тавьж байсан болохоор сүүлийн 13 жилийн хугацаанд алгасал эндэгдэл бараг гараагүй байх.

Би далаад оноос хойш маш олон юм бичсэн ч, хэвлэлийн эрх чөлөө хориотой нийгэмд амьдарч байсан болохоор түгээх, нийтлэх бололцоогүй байсан. Бичиж тараасан маань ховчдын гараар дамжин зохих газарт хүрснээс болж хэрэгт холбогдон баларч ч байсан. “Утга зохиол урлаг”, “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр, Шинжлэх ухаан, амьдрал” гэх мэтийн ганц нэг сонинд өөр нэрээр бичиж хэвлүүлсэн юм бий, гэхдээ тэр нь орчуулгын богино өгүүллэг, сонирхолтой баримт сэлт л байлаа. 1974 онд “Москва” гэх бичгийн машинтай болоод хортой цаас хэрэглэн 3-4 хувь олшруулаад голдуу найз нөхдөдөө тараан уншуулдаг байсан. Өөртөө хадгалах ухаан байсангүй, бушуухан бусдад уншуулахыг хорхойсон үрэн таран хийжээ. Зарим нь олдсон болон танил нөхдийн хадгалж үлдсэнийг хожим ном болгон хэвлэсэн. Орчуулгын Дараа нь чиний ээлж, Гаршсан гүйцэтгэгч, Шувууд юу шулганав гэх мэт.

Ерэн оноос сонин хэвлэлд бичсэн зүйлсээ эмхтгэл болгож гаргаач гэж Элбэгдорж надад санал болгосон юм. Нээрэн байз тэгье гэж шийдээд хамаг л авдар сав, компютер, номын сангаа онгичиж гарсан. Үнэндээ ийм нүсэр юм болно гэж бодсонгүй. Хөөцөлдөн цуглуулж, түүнээ эргэж ангилж арай гэж захыг нь харахад хэдийнээ зургаан сар өнгөрсөн байв. Ном болгохоор өрөхөд 7-8 мянган хуудас юм болжээ. Энд зөвхөн 1990 оноос хойш сонин хэвлэл сайтад тавьсан зүйлээ л цуглуулж эмхтгэсэн болно. Энэ завсар орчуулсан нэлээд өгүүлэл нийтлэл байгаа ч энд оруулсангүй. Харин 1990 оноос өмнө бичсэн цөөн тооны өгүүлэл нийтлэл байгаа, энэ нь 1990 оноос хойш сонин хэвлэлд тавигдсан гэсэн шалтгаанаар энд багтсан болно.

Тухайлбал, аль 1985 онд бичсэн боловч 1991 онд Цог сэтгүүлд хэвлүүлсэн “Чи хаан шалдан байна гэж хашгирч чадах уу” гэсэн нэлээд том шүүмж байх жишээтэй. Эсвэл 1988 онд бичсэн ч 1990 онд тусгай боршур болон 80 гаруй мянган хувь борлогдсон “Бүү март!” байна. “Хувийн санаачилга”, “Ардчилал”, “Төр” зэрэг 1987, 1988 бичсэн өгүүлэл хожим Үг сонинд, далаад оны үед бичсэн ч 1992 онд Ил товчоо сонинд, тавигдсан богино өгүүллэгүүд гэх мэт.

Олон улсын хурал зөвлөлгөөн болон гадаадын их дээд сургуулиудад уншсан лекц зэргээс Монголдоо хэвлэл сонинд тавигдсаныг нь түүж энэ эмхтгэлд оруулсан болно. Харин гадаадын хэвлэлд гарсан тэр болгон нь олдсонгүй. Нэлээд олон ярилцлага бий. Ихэнх ярилцлага нь миний бичлэгийн зохиомж юм. Асуулт хариулт маягаар зохиомжлон бичих нь бичлэгийн бас нэг хэлбэр мөн билээ.

Явуулын сэтгүүлчдэд өгсөн ярилцлага бараг бүгд миний өөрийн засвар нэмэлт хасалттайгаар хэвлэгдсэн. Ийм ийм шалтгаанаар уншсан лекц, өгсөн ярилцлагынхаа асуусан сэтгүүлч, оролцсон, лекц уншсан газар орныхоо нэр усыг тавьсангүйг уучилж ойлгоно биз ээ.

Гэхдээ огноог ихэнхийг яс тавьсан болохоор цаад ориг хэвлэл дээрээс үзвэл энэ бүх хаяг нэрс газар орон тодорхой байгаа. Үнэхээр харилцан ярилцаж (дараа нь өөрөө найруулж бага сага өөрчилсөн) хэд хэдэн ярилцлага бий. Үүнд үнэхээр манайд ярилцлагын мастерууд, авьяаслаг сэтгүүлч Цэнддоо, Ганчимэг, Отгонбаяр, Мөнхбаясгалангийн нэрсийг онцгойлон дурдах нь зүйтэй, гэхдээ тухайн ярилцлагад нэрсийг оноож тавиагүйг ойлгоно гэж найдан хүлцэл өчиж байна.

Эмхэтгэлээ шүүн уншиж янзалж байхад энэхүү бүхий л бичлэгүүд маань манай орны сүүлийн 30 жилд туулсан замын хроник тэмдэглэл бараг болохоор юм байна гэж бодлоо. Олон үйл явдал цагийн эрхээр мартагддаг, удах тусмаа гуйвж, нэг л мэдэхэд шал өөр түүх цадиг домог үлгэр болон хувирдаг. Гэтэл тухайн үйл болсон тэр цаг үед нь бичиж анализ хийж байсан болохоор эргэж санахад хялбар болох болов уу. Гүтгэх, худал зохиох, хаа хамаагүй таамаглах зэргээс миний бие үргэлж тойрдог, энэ бол миний амьдралын баримталдаг зарчим. Мөн хэзээ ч бусдын шахалт шаардлага, шан хөлсөөр нэг ч удаа бичиж байгаагүй, энэ бол бас миний хатуу баримталдаг зарчим. Иймээс алдсан ч оносон ч бичсэн зүйлийнхээ цэг таслалын төлөө ч хариуцлагаа хүлээнэ гэж боддог.

Ихэнх өгүүлэл тухайн цаг үедээ бичигдсэн болохоор “санаанаасаа зохиолоо”, “сайхан залж байна” гэх мэтийн хэрүүл шуугиан хэрэг төвөг гарч байсангүй. Мэдээж, зарим анализ дүгнэлттэй санал нийлэхгүйгээ илэрхийлсэн зүйлс бий, гээд эсэргүүцэл гомдолд тухай бүрд нь няцаалт өгөхгүй бол тэвчишгүй, нэр төрөө хамгаалахаас өөр аргагүй тохиолдолд хариу бичсэн тэмдэглэл нийтлэл энд бас багтсан байгаа.

Тухайн нийтлэл өгүүлэл, ялангуяа ярилцлагад сонин хэвлэлүүд анхаарал татахын тулд цаад бичвэртэйгээ авцалдаагүй, заримдаа этгээд гажууд гарчиг өгсөн байсныг энд өөрчлөн зассан тохиолдол бий. Тийм элбэг биш ээ. Харин дотор талд нь үг үсгийн алдааг зассанаас өөрөөр гар хүрээгүй. Нийт бичлэгээ сэдвээр нь 12 ангилаад дотрох өгүүллэгүүдийг бичсэн огноогоор нь жагсаав.

Эцэст нь ийм эмхэтгэл бүтээл хэвлэн гаргах санаа өгөн тусалж дэмжсэн Элбэгээдээ, хуучны элэгдэж гаргагдахаа больсон сонинг сэргээн шинээр цохисон, боломжтой нэгийг нь ксэрокдсон Цэрэндуламд, үг үсгийн алдаа төдийгүй утгын эндэгдлийг илрүүлэн зассан Нэргүй, Уянга нарт, сураг нь тасраад олдохоо больсон бичсэн зүйлийг маань олж илрүүлэн цуглуулалцсан Цэнддоо нарт туйлын ихээр талархаж байна. Бямбацогт номонд минь хачин сайхан хавтас урлажээ.

2000 оноос хойш хэвлэлд гарсан болгоныг минь нямбай гэгч нь цуглуулан хавтаслаж эмх замбараанд оруулан хадгалсан хайрт эхнэртээ бүр их баярлаж байгаа шүү.

2020.4.5

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун: Иргэдийн төгрөгт итгэх итгэл суларсан нь Засгийн газар, Төв банкны бодлогод итгэхгүй байгаагийн нэг илрэл

Валютын ханш тасралтгүй чангарсаар байна. Ингэснээр төгрөгийн худалдан авах чадвар суларч, иргэдийн цалин, тэтгэврийн үнэ цэнэ буурсаар байгаа юм. Өнөөгийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн оны мөн үед 2660 орчим төгрөгийн ханштай байв. Ханшийн өсөлтийн талаар МУИС-ийн доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ам.долларын эрэлт буурч ханш сулрах болов уу гэсэн хүлээлт байсан ч ханш өссөөр байна. Одоогийн ханшийн өсөлтийн суурь шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?

-Барааны эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар үнэ бий болдог зүй тогтлоор өнөөдөр ам.долларын ханшид түүний нийлүүлэлт, эрэлтийн аль аль нь нөлөөлж байна. Нэгдүгээрт, ам.долларын дотогшлох урсгал буурсантай холбоотой долларын нийлүүлэлт багасаж байгаа. Ам.долларын нийлүүлэлтэд экспортын хэмжээ, гадны хөрөнгө оруулалтын бууралт зэрэг нь шууд нөлөөлнө. Хоёрдугаарт, хүмүүс ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд төгрөгөө доллар болгож эрэлтийг нь өсгөж байна. Энэ хоёр шалтгаан хэвээр байсаар байвал долларын ханш чангараад, төгрөг цаашид сулраад байх болно. Гурав буюу нэмэлт нэг шалтгаан бол төгрөгт итгэхгүй байна гэдэг нь нөгөө талаас Засгийн газар, Төв банкны бодлогод итгэхгүй байгаагийн л нэг илрэл юм.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тайланд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж нэг хүрэхгүй, харин ам.долларын хадгаламж 40 гаруй хувиар өссөн байсан. Хүмүүс төгрөгт итгэхээ больж, ам.доллараар хадгалж байгаа нь хэр хор уршигтай вэ. Ер нь иргэдийн байнга ам.доллар өснө гэсэн хэт туйлширсан хандлага ханшийн өсөлтийг улам дэврээгээд байна уу?

-Сүүлийн асуултаас хариулаад эхэлье. Иргэдийн туйлшрал ам.долларын ханшид нөлөөлж байсан. Нөлөөлсөөр байх болно. Үүнийг ам.долларын ханшийн хөөсрөл, бодит бус ханш гэж нэрлэдэг. Хүмүүс төгрөгт итгэхээ больж, ам.доллараар хадгалж байвал хэр хор уршигтай вэ гэдгийн хувьд мэдээж хор уршиг их. Тэр хүмүүс өөрөө өөрсдөө хор учруулж байна гэсэн үг. Ам.долларын ханш өсөөд байвал импортын барааны үнэ өсч хүмүүс өөрсдийнхөө халааснаас төлнө. Манай улсын хэрэглээний барааны 90 хувь нь импортынх байдаг. Энэ нь иргэдийн ахуй амьжиргаанд хор уршигтай байх нь ойлгомжтой. Долларын ханш тогтвортой байх нь л гол юм. Яагаад гэвэл гэнэтийн шок орохгүй, амьдрал тогтвортой байна гэсэн үг. Ер нь энд зөвлөж хэлэхэд хүмүүс маань нийтээрээ эх оронч байж төгрөгтөө итгэвэл хохирол харьцангуй бага амсана. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих болно.

Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль гарсан. Энэ хуулиар ам.долларын шийлжүүлэг хийж болохгүй, ам.долларын хадгаламжийг даатгахгүй, харилцах, хадгаламж барьцаалсан зээл олгохгүй, долларын хадгаламж нээсэн тохиолдолд банк хүү тооцохгүй байхаар болсон. Эдгээр нь ам.долларын хөөс, үндэслэлгүй эрэлтийг бууруулах арга хэмжээ юм. Энэ хууль нь цагаа олсон. Ер нь бол олон оронд үндэсний валютын ханшаа хамгаалах хууль үйлчилдэг.

-Валютын ханш өссөөр байх нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ?

-Төгрөгийн ханш сулрах нь аж ахуйн нэгж, ялангуяа экспортлогчдод ашигтай, импортлогчдод алдагдалтай байдаг. Учир нь экспортлогч хямдхан төгрөгөөр бараагаа үйлдвэрлээд, үнэтэй доллараар зарах учир ашигтай. Харин эсрэгээрээ импортлогч үнэтэй доллараар бараа аваад хямдхан төгрөгөөр зарна. Тэгээд алдагдалд орохгүйн тулд импортын барааны үнэ өсдөг. Иймээс төгрөг суларсаар байвал хоёр дүгнэлт хийж болж байна. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл цар тахал удаан үргэлжилбэл экспорт буурах магадлал өндөр байна. Гэхдээ энэ биднээс хамаарна. Бид дэлхийн стандартад нийцсэн, эко бараа (хүнс) үйлдвэрлэж чадаж байвал доллар олно. Хоёрдугаарт, импортлогч аж ахуйн нэгж өндөр үнэтэй бараа оруулж ирэх болно. Энэ нь түүнийг хэрэглэгчдэд, тухайлбал хэрэглээний зүйл байвал хүн амын амьдралын түвшин буурна. Аж ахуйн нэгж байвал үнэтэй бараа худалдан авч үйлдвэрээс гарах эцсийн бараа өндөр үнэтэй болно. Иймээс цар тахлаас болоод импорт буураасай гээд суух хэрэг гарна. Импортыг бууруулахын тулд түүнийг орлох бараа үйлдвэрлэх оролдлого гарч үндэсний үйлдвэр хөгжих боломжтой. Тэгэхээр ханш өсч байгаа ч түүнийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг асуудал бас байна.

-Төв банк интервенц бага хэмжээгээр хийж байна. Энэ нь валютын нөөцөө хамгаалж, 2021 оноос төлөх томоохон өр төлбөрт бэлэн байх зорилготой холбоотой. Ер нь төв банкнаас хэрэгжүүлж буй алхмыг хэрхэн харж байна вэ?

-Интервенц бол түр зуурын арга хэмжээ. Төгрөгийн ханшийг тогтворжуулах бодит шалтгааныг нь засах арга хэмжээ зэрэгцүүлэн авахгүй бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Бодит шалтгаан нь үндэсний үйлдвэр, тэр дотроо экспортод бараа гаргах, импортыг орлох барааны үйлдвэрлэл, бүхэлдээ үндэсний үйлдвэрийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Үүний тулд гадаад худалдааны бүтцийг нарийвчлан судлаад ямар үйлдвэрийг дэмжих вэ гэдгээ тодорхойлоход л болно.

-Тэгэхээр төгрөгийн ханшийн уналтыг зөв бодлогоор удирдаж чадвал дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашигтай, харин удирдаж чадахгүй урсгалаар нь орхивол эдийн засагт хор хохирол тариад өнгөрөх нь ээ?

-Өөрийн үндэсний валютын ханшаа зориуд унагах бодлого явуулж эдийн засгаа хөгжүүлдэг жишээ олон байна. Үүнд БНХАУ-ын юанийн ханшийн бодлогыг дурдаж болно. АНУ ба БНХАУ хоёрын хооронд гадаад худалдааны маргаан гарч байдгийн үндэс нь энэ шүү дээ. Юанийн ханшийг бодлогоор сул байлгаснаас болоод Хятадад ашигтай, гол импортлогч АНУ-д алдагдалтай байна гэсэн үг. Японы иенийн ханшийн бодлого байна. Иенийн ханш долларын эсрэг тогтвортой бага байдаг. Тэгэхээр манайхан ойлгосон байх. Уг нь төгрөгийн ханш унах нь аюул биш. Гагцхүү бодлогоор унагаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих алхам хэрэгжүүлж байна уу гэдгээс гол зүйл хамаарна. Хэрэв бодлогогүй бол аюул болно. Өөрийн үндэсний валютын ханшийг зориуд унагах бодлогын арга хэмжээг девальваци хийх гэж хэлдэг. Төв банкнаас үндэсний валютын ханшийг зах дээр нийлүүлэлт хийх замаар зориуд өгсөж байгааг ханшийн ревальваци гэдэг. Тэгэхээр интервенц гэдэг нь үндэсний валютын ханштай холбоотой авч байгаа арга хэмжээний ерөнхий нэр юм. Манайхан энд зөв ярьж, зөв ойлгох хэрэгтэй.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Б.Халиун: Нийслэлчүүдийг бүжгээр идэвхжүүлж, дархлааг нь сайжруулах зорилготой бүжгийн челленж эхлүүлсэн

-ИРЭХ
САРД “УРЛАГИЙН УЛААНБААТАР ХОТ”
ЧЕЛЛЕНЖИЙГ ТӨВ ТАЛБАЙГААС
ЭХЛҮҮЛНЭ-


Хэдхэн хоногийн өмнөөс Dance chance нэртэй монгол бүжгийн челленж цахим орчинд хандалт авч олон залуус нэгдсэн билээ. Тэгвэл бид их хотын иргэдийг хөдөлгөөн, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалаад буй Dance chance бүжгийн челленжийг эхлүүлсэн Moon Dance хамтлагийн бүжигчин, Royal dance бүжгийн хамтлагийн багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Халиунтай ярилцлаа.


-Таны ажил амьдралын гараа Moon Dance хамтлагаас эхэлж байсан шүү дээ. 2014 оноос хойш тасралтгүй бүжгийн аваргын тэмцээнд оролцлоо. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явна гэдэг их амжилт шүү?

-Тэгэлгүй яахав. Би 2012 онд СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуульд ороод хоёрдугаар курсдээ “Moon­dance” хамтлагт гишүүнээр орж байсан. Анх “Мoon Dance” хамтлагийн нэг гишүүн намайг хосын тэмцээнд оръё гэж урьсан юм. Тэр өдрөөс хойш “Моon Dance” хамтлагтайгаа долоон жил болжээ. Бид 2014 оноос хойш тасралтгүй Монголын болоод дэлхийн уралдаан тэмцээнүүдэд оролцсоор байна. Тухайн үед төрсөн эгч минь ч их дэмждэг байсан. Ингээд л би бүжгийн спортоос ерөөсөө л салж болохгүй юм байна. Чадахгүй байсан ч шантарч болохгүй юм байна гэсэн сэтгэлээр хандсаар ирсэн.

-Найз залуу тань мөн Moon Dance хамтлагийн бүжигчин шүү дээ. Гэр бүлийн хоёр хоёулаа бүжигчин байх ямар бол?

-Анх хосын тэмцээнд орох бэлтгэлээ хийхээр “Моon Dance” хамтлагийн зааланд очиж байсан. Заал руу орж байхад манай хүн намайг анх харсан гэсэн. Би ч тухайн үед анзаарч байсангүй. Бид “Moon Dance” хамтлагийн гишүүн. Мөн “Royal dance” бүжгийн клубээ нээгээд гурван жил болж байна. Надаас ах учраас Эрдэнээ ах гээд л явдаг байсан. Ингээд 2014 онд дэлхийн аваргын тэмцээнд явсан өдөр сэтгэлээ илчилж байсан. Тэр өдрөөс хойш л хамтдаа бүжгийн спортод хүч сорьж байна.

-Коронавирусээс шалтгаалан дэлхийн бүжгийн аваргын тэмцээн хойшлогдсон шүү дээ. Онлайнаар ямар нэгэн тэмцээн болов уу?

-Хамтлаг төрөлд онлайн тэмцээн болоогүй. Хосын тэмцээний хувьд бол байж магадгүй. Ер нь “Moon Dance” хамтлагийн тухайд 2016 онд тавдугаар байранд ороод финальд шалгарч байсан. Тэр үед гайхалтай сайхан байсан шүү. Тэгэхээр медальт байранд яагаад шалгарч болохгүй гэж тийм ээ. Медаль аван автлаа тэмцээнд оролцсоор л байна.

-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Dance chance бүжгийн контент өнгөрсөн хугацаанд таван дугаар гаргалаа шүү дээ. Энэхүү контент бүжигчдийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой гэж сонссон?

-“Dance chance” нэвтрүүлэг нь бүжгээр дамжуулж ямар боломжийг авч болох вэ гэсэн санаа сэдэлтэй. Жишээ нь, бид эхний дугаарыг энгийн нэг кофе шопт очоод “та бүхэн биднийг үнэгүй кофегоор дайлаач ээ, хариуд нь бид бүжгээрээ дамжуулж танайхыг үнэгүй сурталчилж өгье” гэсэн. Тэгсэн маш гоёор хүлээж аваад эхний дугаараа гаргасан. Хүмүүст ч их хүрсэн. Ингээд илүү урам зориг авч, олон боломжуудыг нээе гэсэн зорилготойгоор ажилласан хэрэг. Дараа нь найзуудтайгаа хөдөө нутгаар аялахдаа нэг челленж хийе гэсэн санаа орж ирсэн. Тэр санаа нь Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэний дараа бодогдсон л доо. Наадмын нээлтийн дуунууд ямар гайхалтай юм бэ. Үзээд их омогшсон. Тэр олон үндэстэн ястны дуун дээр монгол үндэстнийхээ бүжиг бүжиглэсэн челленж хийвэл хүмүүст их хүрэх юм байна гэж бодсон. Ингээд хөдөө явж байхдаа найз залуутайгаа бичлэгээ хийгээд фэйсбүүкт тавьсан юм. Бичлэгээ хийгээд л сүлжээгүй болчихсон. Тэгээд сүлжээтэй газар ирсэн чинь маш их хандалт авсан байсан. Тийм их хандалт авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их урам авсан. Хамгийн гоё нь ганц ч сөрөг сэтгэгдэл байгаагүй.

-Сайхан сэтгэгдлүүд ирэхээс гадна Dance chance контент нэгэн хэсэг шаркабарка монгол бүжгийн челленжид гадаадад байгаа монголчууд ч их нэгдэж бичлэг явуулсан байсан?

-Тэгсэн шүү. Монголд байгаа хүмүүс байтугай гадаадад суугаа монголчууд маань нэгдэж маш их бичлэг явуулсан. Найман настай балчираас наян настай буурай хүртэл манай челленжид нэгдсэн.

-Дараагийнхаа челленжээ Хотон ардын дуу Журай гэлдэн дууны аян дээр бүжиглэсэн байсан?

– Маш олон үндэстэн ястны дуу байдаг шүү дээ. Түүн дээр цуврал контент хийвэл зүгээр юм байна гэж бодоод дараагийнхаа челленжийг Хотон ардын дуу “Журай гэлдэн” дуун дээр бүжгээ дэглэсэн. Дэглээд бичлэгээ хийсэн дахиад л маш олон хүнд хүрсэн. Энэ челленжүүдээ цааш үргэлжлүүлээд таван цуврал хийнэ гэж бодож байгаа. Өнөөдөр гурав дахь челленж маань цацагдана. Мөн Экологийн цагдаагийн албатай хамтран “Ирлээ, явлаа, цэвэр” гэсэн уриан дор хоггүй аялах челленж эхэлнэ.

-Челленж гэдэг нь угтаа бусдыг ямар нэгэн сайн зүйлсэд уриалан дуудахыг хэлдэг дээ. Гэтэл манайхан ашиггүй байдлаар өөрсдийгөө зугаацуулсан зүйл хийж харагддаг. Харин та бүхэн үндэсний урлагаа дээдэлж олон түмнийг бүжгийн спортод уриалж байгаа учраас хүмүүс их нааштай эерэг байна?

-Биднийг эхлэхээс өмнө хөөнд толгойгоо дүрэх, шаварт унж бороонд хэвтээд л, хөмсөгөө хусаад л байсан. Эдгээр нь ашиггүй челленж шүү дээ. Тэгэхээр тэр сөрөг челленжүүдийг эвдээд хүмүүсийг эрүүл зөв амьдралын хэв маяг, хөдөлгөөн хийхийг уриалсан хэрэг. Монголчууд ардын урлагаараа их омогшдог шүү дээ. Тэгэхээр монгол бүжиг бүжиглээд, хажуугаар нь дархлаагаа сайжруулчихаж байгаа юм. Ганц хөдөлгөөн хийхэд л стрессээс салдаг шүү дээ.

-Челленжид нэгдэх сонирхолтой залуус бүжиг заалгуулж байна гэсэн. Ихэвчлэн хэдэн насны хүмүүс хандаж байна?

– Хүмүүс челленжид нэгдэхийн тулд манай бүжгийн клубт “энэ бүжгүүдийг зааж өгөөч ээ” гэж их ирсэн. Бид хэд бүжгийг нь зааж өгөөд тэр байтугай бүжгийнх нь бичлэгийг хийхэд нь хүртэл тусалсан. Залуучууд их ирсэн шүү.

-Таван челленж гаргана гэсэн шүү дээ. Үлдсэн хоёр челленжийн уриалах утга санаа юу байх бол?

-Ямартаа ч дөрөв дэх челленжээ бид Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат гээд дуучин ах эгч нартайгаа хамтарч нэлээн сонирхолтой байдлаар хийхээр төлөвлөөд байна. “Заллага” гэсэн сайхан Монгол дуун дээр монгол бүжиг бүжиглэнэ гэсэн үг. Харин тав дахь челленжээ нууц хэвээр үлдээе/инээв/.

-Удахгүй төв талбайд бүх нийтэд зориулж бүжиг заана гэсэн. Яг хэзээ вэ?

-Челленжид нэгдэх сонирхолтой маш олон хүн байгаа. Тэгэхээр бид дахин “Урлагийн Улаанбаатар хот” гэсэн таван челленж хийх гэж байгаа. Нийслэлийн Соёл Урлагийн газартай хамтран ажиллана. Төв талбайгаас эхлэх гэж байгаа. Дараагаар нь бусад талбайгаар явна. Бүжиг сурахыг хүссэн, манай челленжид нэгдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. “Урлагийн Улаанбаатар хот” челленж нь монгол бүжгээр хотынхоо иргэдийг дархлааг нь сайжруулъя гэсэн л зорилготой. Хугацаа нь ойролцоогоор найман сарын эхний долоон хоногт багтах байх.

-Челленжүүд дараагийн хүмүүсээ нэгдээрэй гэж урьдаг шүү дээ. Талбай дээр бүжиглэх челленждээ хүн урих уу?

-Оновчтой гоё асуулт байна. Олны танил хүмүүсийг челленждээ урина. Хамгийн эхэнд хотын даргыг урья гэсэн бодолтой байгаа. Хотын дарга төв талбай дээр ирсэн хүмүүстэйгээ хамт бүжгээ сураад хамт бүжиглэнэ гэсэн үг. Хотын дарга дараагийн хүнээ урина гэх маягаар явна. Дараагийн хүн хэн байх вэ гэдэг сонирхолтой байгаа биз. Энд манай багийнхан буюу О.Эрдэнэ-Очир бид хоёр багшлаад явна. Мөн энэ контентод “Royal dance” хамтлагийн олон хүүхдүүд бий. Тэр хүүхдүүд маань иргэддээ бүжгээ заагаад хамт бүжиглэх юм.

-Өөрийн тань ярианаас энэ челленж нэлээн удаан хугацаагаар үргэлжлэх юм байна гэж ойлголоо. Ер нь цаашлаад төсөл хөтөлбөр болгох төлөвлөгөө бий юү?

– Бидний гол зорилтууд бол нэгдүгээрт бүжгийн урлагаар хичээллэснээр чамд ямар боломжууд нээгдэх вэ. Түүнийг олж харах. Хоёрдугаарт, монгол бүжгийг хүмүүст таниулъя гэсэн маш том давлагаа. Гуравдугаарт, нийслэлчүүпийг бүжгээр идэвхжүүлж, дархлааг нь сайжруулах юм л даа. Ингээд үргэлжлүүлээд контентуудаа хийх зорилготой. Цаашдаа хөгжүүлээд төсөл болгох бодол бий. Маш олон газартай хамтран ажиллах санал ирсэн. Коронавирус гарсан энэ үед цахим орчноор контентуудаа цацаж байгаа хэдий ч хажуугаар нь “Roy­al Dance Mongolia” насанд хүрэгчдийн ангиллаа дараа жилээс дэлхийн аваргын тэмцээнд оруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа шүү. Түүгээр барахгүй “Roy­al Dance” гэсэн бүжгийн сургууль нээнэ гэсэн мөрөөдөлтэй яваа.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдтой ярилцлаа. Тэрээр “Монголын ардчилсан бүх хүчин нэгдэж, хуучны элдэв түүх, гомдол, тооцоогоо мартах хэрэгтэй” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч А.Мөнхбаттай ярилцлаа. Ярилцлагыг I-IV нүүрнээс уншаарай.

Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч, доктор Ц.Цэлмэгтэй ярилцсанаа хүргэж байна.

Өдрийн сонинд “У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?” хэмээлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “Хорих ял авсан хүн гадуур явах боломжгүй” гэв.

Танин мэдэхүй буланд “Алтайн уулсын Монголын уламжлалт ан агнуур ба хээрийн зоог” хэмээлээ.

Манай сонины “Хүүхдийн ертөнц” булангын энэ удаагийн зочиноор Дундговь аймгийн “Мандал” сургуулийн 3 “А”ангийн сурагч М.Цогтбаяр оролцлоо.

Хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн нийт 1806 мориноос 58.1 хувь нь буюу 853 хүлэг хасагдсан аж. Энэ талаар уяадын байр суурийг сонирхов.

“Финанс Холдинг” ХХК-ийн захирал, Жижиг дунд бизнес эрхлэгч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Өргөн өмдөөр гангарч, “Modern Talking”-ийн дууг шимтэж явсан 10 “А” ангийнхантай уулзлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Б.Батдорж: Асрамжийн газрын дүү нар минь их баяртай байгаа

Өнгөрөгч хичээлийн жилд буюу 2019-2020 онд асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрсэн 75 хүүхэд амьдралд хөл тавьж, асрамжийн төвөөсөө гарчээ. Харин тэднээс хоёр хүүхэд боломжгүйн улмаас асрамжийн төвдөө үлдээд байсан нь. Л.Төрболд, Б.Батдорж нар юм.

Өнөөдөр “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран санамж бичиг байгуулсны хүрээнд 18 нас хүрсэн ч асрамжаасаа гарах боломжгүй байсан Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээслээд өмчлөх боломжтой байрны батламжийг гардууллаа. Тэд нүдэндээ нулимстайгаар батламжаа гардан авч “Бидэнд ийм боломж олгоно гэж төсөөлж байсангүй. Тусалж дэмжсэн хүн бүрд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж байв.

Б.Батдорж, Өнөөдөр бид хоёрт алтан боломж олгосонд баяртай байна. Бидэнд өгсөн энэ боломжийг алдахгүй байрныхаа эзэн болох хүртлээ сайн ажиллана. Маш их баярлалаа гэдэг үгийг дахин, дахин хэлмээр байна. Бидний араас олон хүүхэд, залуус байртай болоосой гэж хүсэж байна.

Би бага байхаасаа асрамжийн газарт хүмүүжсэн. Саяхан цэргийн албаа хаагаад ирсэн. ОБЕГ-т ажилд орохоор бүртгүүлсэн байгаа. Хэрвээ тэнцвэл намайг дуудна гэсэн. Би гурван мэргэжилтэй гэлээ.

Түүнээс хамт амьдардаг “Манай гэр” асрамжийн газрынх нь хүүхдүүд байранд орох гэж байгааг нь мэдээд хэрхэн хүлээж авсан талаар асуухад “Бүгд маш их баяртай байгаа. Асрамжийн газрын дүү нар маань танайх руу очно шүү л гээд байсан” хэмээсэн юм.

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм

Чехэд байгаа монгол иргэдийг наймдугаар сарын 10-нд авчирна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав. Элчин сайд И.Бродский Чех Улсын Гадаад хэргийн сайд Т.Петржичекээс илгээсэн баярын захидлыг Н.Энхтайван сайдад гардуулан өглөө.

Чехэд байгаа монгол иргэдийг Чех Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 8 дугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч байгаад Гадаад харилцааны сайд талархал илэрхийлээд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжүүлэн ажиллах талаар ярилцав.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулах болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсон юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл болон мөсний хоккейн спортын битүү дээвэртэй ордон барих төслийн талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

НОБГ, МХЕГ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар мэдээлэл өглөө

Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт могойны, хоёр нь начин шонхор шувууны нисгэл ангаахайнх.

Бамбай хоншоорт могой нь хортой могой. Иймээс иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохойлдолд мэргэжлийн байгууллагаруу яаралтай хандахыг зөвлөж байна.

Энэ сарын 20-ны өдрөөс хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн зуслангууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж ажиллах үүрэг хүлээсэн. Иймд НМХГ-аас зуслангуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон байна.

ТАРВАГАНЫ 10 ШИРХЭГ ТУЛ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

НМХГ-ын мэдээлснээр сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд нийслэл рүү тарваганы 10 тулам нэвтрүүлэхийг завджээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт ойролцоо газруудад тарваганы 7 тулам байсныг ЗӨСҮТ рүү шилжүүлж, тухайн газрыг ариутгаж халдваргүйжүүлжээ.

ГУРВАН ДҮҮРГИЙН ТАВАН ХОРООНД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОВ

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг өнгөрсөн жилээс хориглосонтой холбогдуулан гурван дүүргийн таван хороонд энэ жилээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглов. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод тус бүр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшээр хангахаар болжээ. Өнгөрсөн жил нийслэлийн 150 гаруй хороо түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан түлш хэрэглэсэн билээ.

АВРАГЧИД 260 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖЭЭ

НОБГ-ын мэдээлснээр, онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн хугацаанд 260 хүний амь насыг авран хамгаалсан байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэв. Тэрбээр “Усны ослоор бага насны хүүхэд эрсдэх магадлал өндөр байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Бага насны хүүхдийг усанд эндэхээс урьдчилан сэргийлэхэд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэлээ.

ГЭРИЙН АЖИГЛАЛТААС 6981 ИРГЭН ГАРЧЭЭ

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн 291 тохиолдол батлагдаад байна. Сүүлийн долоон сарын хугацаанд 15469 хүн эмнэлгийн ажиглалтад оржээ. Гуравдугаар сараас хойш нийт 8346 хүн гэрийн тусгаарлалтад гарсан аж. Тэдний 6981 нь гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 204 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Үүнээс гадна тарваган тахлын өвчлөл гарах өндөр магадлалтайг НЭМГ-аас мэдээллээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2491 хүн тарваган тахлын эсрэг вакцинд хамрагджээ.

АЙЛЫН ХАШААНД ТАРВАГА ОРЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн жилүүдэд тарвага айлын хашаа руу орж ирэх тохиолдол нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлэх болсноор тарваганы тархац бүс нутаг хумигдсантай холбоотой гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэв. Иймд ЗӨСҮТ-өөс нийслэлд тарваган тахал гарах өндөр магадлалтай болохыг анхааруулжээ. Иргэдийн тухайд хотын бүс нутагт хууль бусаар тарвага агнах тохиолдол гарч байгаа нь халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулав. Мөн Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага ирснээс дөрөв нь бамбай хоншоорт могой, хоёр нь начин шонхор шувууны нислэг ангаахай байжээ. Бамбай хоншоорт могой нь хортой тул тааралдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагыг дуудахыг зөвлөлөө.

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм улс-төр

М.Энхсайханд оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээв

М.Энхсайхан: Samsung компани луйвраар илүү алдаршсан. Шалгах ёстой ...

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдрийн /2020.07.30/ хуралдаанаар М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-30-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж байгаа хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгахыг үүрэг болголоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр эмнэлгийн удирдлагуудад хандаж ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үүсдэг төвөг чирэгдлийг арилгаж, түргэн шуурхай хүндрэл багатай үйлчлүүлэх дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг хэллээ. Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө эрт ирээд дараалалд зогсдог. Тухайн өдөртөө үзүүлэх цаг нь дуусчихвал маргааш нь ахиад ирж дараалалд зогсдог.
Ийм төвөгтэй байдлыг арилгахын тулд эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаар авдаг болсноор маш олон иргэдийн цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Тиймээс эхний ээлжид үүнийг яаралтай ажил хэрэг болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн цаашид эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэх ажлыг ч яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Ингэхдээ хөрөнгө мөнгө дутагдалтай гэх мэт шалтгаан тоочих биш сэтгэл гаргаж ажиллах, зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг гаргахад анхаарлаа хандуулж ажил гэдгийг Т.Мөнхсайхан сайд эмнэлгүүдийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.