“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч А.Мөнхбаттай ярилцлаа.
-Оюу толгой тойрсон улстөржилт ид яваа энэ үед тантай ярилцах гол сэдэв мэдээж Оюу толгой төсөл. УИХ болгонд Оюу толгойг шүүмжилж эх оронч дүр эсгэдэг, тэгснийхээ хүчинд дахиад сонгогддог цөөн гишүүн бий. Энэ УИХ-д С.Ганбаатар гишүүн ороод ирлээ, Ц.Даваасүрэн гэх мэт Оюу толгойг байнга шүүмжилдэг улстөрчид бас бий, тэд дахиад л Оюу толгойг ярьж бужигнуулах байх даа…?
-Юуны өмнө 2020-2024 онд Монголын эдийн засаг олон бэрхшээлтэй нүүр тулна гэдгийг хэлмээр байна. Хямралыг давж гарах нэг л бодитой гарц бий. Тэр нь улс төрийн тогтвортой байдал. Улстөрч бүрт барьж гүйх, тойрч ярих нэг сэдэв хэрэгтэй байдаг. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гэх мэт нөхөд Оюу толгойг тойрч ярьсаар хэлд орж түүгээр тогтохгүй сайд хүртэл болж амжсан. Гэхдээ сайд болсон атлаа яриад байсан зүйлээ ажил болгож чадаагүй. Яг л Фортуна Н.Батбаяр, “Бридж”-ийн Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нар өмнө яриад байсан зүйлээ 2012-2016 онд Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болоод ч хийж чадаагүйтэй агаар нэг зүйл. Таны хэлдэг үнэн л дээ. Одоо С.Ганбаатар ч бас Оюу толгойн талаар ярьж их үймүүлэх байх. Сая болсон сонгуулиас авах юм нь энэ удаагийн УИХ-д өндөр боловсролтой, дэвшилт үзэлтэй гэхээр хүмүүс сонгогдлоо.
-Та нэрлэ дээ.
-Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням гэх мэт залуус сонгогдсон. Тэдний хувьд ард түмэн, сонгогчид өндөр хүлээлттэй суугаа байх. Бас өөрсдийгөө өндөр боловсролтой, мэдлэгтэй хэмээн үзэж шинийг хийх амбицаа зарлаад байгаа залуучуудын төлөөлөл болж Т.Доржханд нар орж ирсэн. Ядуурлыг бууруулах, төвлөрлийг бууруулж орон нутгийг хөгжүүлэх ажлыг уг нь тэр залууст даалгаад үзвэл шинэлэг, нааштай үр дүн гарч магадгүй л юм. Ялангуяа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөвхөн Эрдэнэттэй харьцуулж биш, олон улсын хэмжээнд харьцуулсан судалгаа хийж өрсөлдөх чадварыг нь тодорхойлох ажлыг даалгаад үзвэл арай бодитой дүгнэлт гаргаж ирээдүйд өөрсдөө ч тодрох ажил болж магадгүй гэж бодож байна.
-Сая таны хэлсэн шиг бодлогын, макро түвшний асуудал дээр Засгийн газар, Сангийн яам нухацтай суугаад, ирээдүйгээ аль хэдийнэ харчихсан, төлөвлөчихсөн сууж байх ёстой л доо. Засаг, Сангийн яаманд тийм чадамж алга уу, эсвэл чадамж байлаа ч улс төр нь хөдөлгөхгүй байна уу?
-Сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн төсөөлөл, ирээдүйг гаргаад зураад өг гэвэл төсвийн орлого, зардлынхаа хэмжээнд л сэтгэж гаргаж ирнэ. Монгол Улсын эдийн засаг 12 тэрбум доллар. Гэтэл улсын төсөв 5-6 тэрбум доллар. Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Булгантуяагийн УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа өгсөн нэг ярилцлагыг саявтар сонирхож харлаа. Хайрцаглагдаад төсвийн хэмжээнд л ярьсан байна билээ. Гэтэл зах зээлийн эдийн засаг гэдэг илүү өргөн ойлголт. Хувийн хэвшил нь тэргүүлэх, бүр манлайлах үүрэгтэй байж эдийн засгийн хөгжил түргэсдэг. Үүнийг л улс даяараа ойлгомоор байна.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эрин үе эхэлснээс хойш гарын арван хуруунд багтахгүй олон Ерөнхий сайдтай байж үзлээ. Хийсэн бүтээснээр нь авч үзвэл гуравхан Ерөнхий сайд л түүхэнд дурдагдахуйц ажил хийсэн гэж би хувьдаа үздэг. Мянганы замыг эхлүүлсэн, ЗХУ-ын үеийн их өрийг барагдуулсан гавьяагаараа Н.Энхбаяр, 2007-2008 оны хямралыг даван туулж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж дэвшингүй хөгжлийн хаалгыг нээсэн С.Баяр, утааг дарж, шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн У.Хүрэлсүх нар л одоогоор жин дарж байгаа. У.Хүрэлсүхийн хувьд эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх эрх мандатаа авчихсан. Одоо урсгалаараа явалгүй бодлого гаргаж зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Бодлогын хувьд зөв бодлогууд өмнө нь гарч байсан. 1996 онд М.Энхсайханы тариф тэглэх, С.Баярын төгөлдөршил, Ч.Сайханбилэгийн Мэдээлэл харилцаа холбооны дарга байхдаа хийсэн хаягжуулалт гэх мэт зөв бодлогуудыг тууштай хэрэгжүүлсэн бол Монгол Улс үсрэнгүй хөгжих боломжтой л байсан байх гэж би хувьдаа харамсдаг.
-Хоёулаа төр засгийн бодлого шийдлийн тухай ярина аа, ярилцлагынхаа төгсгөлд. Оюу толгой ярьсных сонирхохгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Оюу толгойг луйврын төсөл гэж итгүүлэх улстөржилт, хувийн өмчийг хураа гэх хандлага хүчээ авч байгаагийн сөрөг нөлөө нь яаж илрэх бол?
-Хамгийн гол нь эрх зүйт төрийг л жинхэнэ ёсоор төлөвшүүлж хуулийг дээдлэх тогтолцоог бэхжүүлж шүүх, хууль хяналтын байгууллагыг авлигаас ангижруулах хэрэгтэй байна. Бусдын хөрөнгийг экспроприац хийхэд боловсролгүй, бас үгээгүй ард түмэнд таалагдаад байгаа юм. Гэтэл due process- гүй хийхээр буцаад коммунизм рүү л явж байгаа харагдаж байна. С.Баярцогт, Да.Ганболд Б.Бямбасайхан нарыг Оюу толгой ХХК-тай холбоод ял оноочихлоо. Сөрөг нөлөө нь ойлгомжтой шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээргүй болж байна.
-Гэхдээ нөгөө талд “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Оюу толгойгоос болж зогсоно гэж байхгүй” гэсэн үзэлтэй хүмүүс цөөнгүй бий…?
-Монголын түүхэнд байгаагүй хамгийн том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлсэн болон хэрэгжих замыг нээсэн Засгийн газрын тэргүүнүүдээ шоронд хийчихсэн,эсвэл хорихоор бэлдчихсэн ийм улсад ямар гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч тоож ирэх вэ дээ. Би хувьдаа дараагийн сонгуульд ялахын тулд улс орны ирээдүйг харанхуй ангал руу оруулж байгааг шийдвэр гаргагчид нь ухаарч ойлгохгүй байна уу даа гэж харж, дүгнэж сууна.
-Оюу толгой тойрсон улстөржилт эдийн засгийн бодлогын хувьд том алдаа гэж үзэх хүн олон байна. Ингэхэд эдийн засгийн бодлогын хувьд бид өмнө нь ингэж тэгж алдаж байсан гэх барим тавим жишээ байна уу?
-Эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд манай улс цөөнгүй алдаа гаргаж байсан. Хорьдугаар тогтоол гэж байлаа. Девальваци хийх гэсэн утгатай юм билээ. Гэтэл үнийг л хөөрөгдсөн болохоос уг нь доллартай харьцуулаад хийсэн бол үр дүнтэй болох байсан. Гэтэл зүгээр инфляци хөөрөгдөөд үгүйрүүлсэн байдаг. 2009 онд би С.Баярцогтыг Сангийн сайдаар очсоны дараа Оюу толгойн гэрээ хэлэлцээ эхлэхээс өмнө уулзаж байсан юм. Тэгэхэд С.Баярцогт “Бүхэл бутэн улс орон дампуурна гэж байдаггүй юм” гэж маргаж байсан. Гэтэл тун удалгүй Грек,Исланд дампуураад С.Баярцогт алдаагаа хүлээж байж билээ. 2012 онд АНУ-ын “Патриот коал” гэдэг нүүрсний компани дампуурснаар хямрал эхэлсэн байдаг. Тэгэхэд манай улс Оюу толгой ашиглалтад орсноор босгосон Чингис бонд гэж гараад бараг 2-3 төсөвтэй болчихсон, Фортуна Н.Батбаяр нар дураараа дургиж байхад Н.Алтанхуяг нь унахаасаа айгаад дуугарч чаддаггүй байсан. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Өнөөгийн их бухимдлын гол учир нь баян, хоосны ялгаа нэмэгдээд байгаатай холбоотой. Баян хоосны ялгаа ихэссэн нь ард түмний ирээдүйдээ итгэх итгэлийг бууруулж популизмыг гааруулаад байна. Эндээс дундаж давхаргыг бий болгох, дэмжих бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна л даа. Оффшорчид, ЖДҮ-чид, Оюу толгойг эсэргүүцэгчид гээд эдийн засгийг элгээр хэвтүүлэх гэсэн популистуудад 15 минутын алдар нэрээр улс төрд орох сэдэв хэрэгтэй. Саяхан гэхэд нэг нөхөр 2009 онд байгуулсан Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг барьчихсан нээлт хийсэн юм шиг лайв хийгээд явж байна лээ.
-Оюу толгой тойрсон улстөржилт, үл ойлголцол, сөрөг байр сууриудын нэг шалтгаан нь та бид хоёрын яриад суугаа популизм гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ хөрөнгө оруулагч талд ч алдаа, гэм байх шиг, тодруулж хэлбэл “Рио Тинто”-д?
-“Рио Тинто”-гийн хувьд 2007 оноос хойш газар дээр нь үйл ажиллагаа явуулчихаад 2020 онд алдаа хийжээ гээд сууж байдаг бол маш хариуцлагагүй зүйл. Анх Кийт Маршал гэж уурхайн инженер хүн Оюу толгой ХХК-ийн захирлаар ирээд уурхайн зургаа зураад сууж байдаг байсан. Гэтэл дараа нь ирсэн Камерон Макрей гээд Австрали нөхөр цаг нь болоогүй байхад Оюу толгойг дэлхийн хэмжээний уурхай болгоно гээд орлого олж эхлээгүй компанийн зардлыг нэмэгдүүлсэн. Нийгмийн лицензээ ч авч чаддаггүй, хөлсний этгээдүүдийг л ажиллуулдаг компани болсон. Англи,Австралийн компани мөртлөө одоо удирдлагаа Француудад алдчихсан. Да.Ганболд гэхэд л “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлыг Наполеоны комплекстой нөхөр гэж тодорхойлж байна лээ.
-Шүүхээс Оюу толгойтой холбоотой гэх буруутгалаар хэд хэдэн хүнийг хэрэгт татаж, эцэст нь хорих шийдвэр гаргачихлаа. Мэдээж шүүхийн шийдвэрийг хэн ч хүндэтгэнэ. Гэхдээ илт улстөржсөн шийдвэр боллоо гэж шүүмжлэх бодитой шалтгаан хэтэрхий олон байна. Ингээд харахаар хамгийн том, суурь асуудал нь засаглалдаа байгаа юм биш үү?
-Сая Үндсэн хуулинд хийсэн өөрчлөлтийн хүрээнд засаглалын асуудлыг бүрэн шийдэж чадсангүй гэж би хувьдаа харж байгаа. Ирэх жил гэхэд, Ерөнхийлөгчийн сонгууль гээд одоо оршин тогтнож байгаа энх тайвнаар зэрэгцэн орших байдал буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо учраа ололцох байдал үгүй болно. 2021-2023 онд л эртнээс бэлдэж байгаад эдийн засгийн шинэчлэл хийж улс төрийн хамаарлыг бууруулах хэрэгтэй байгаа юм. Казино гэхэд л зөвхөн гадныханд зориулсан байдлаар хийж болно. Хятадууд дургүйцнэ гэж улстөрчид ярьдаг. Ганц хятад биш орос, солонгос, япончуудад зориулж хийх хэрэгтэй. Юуны төлөө ийм үнэтэй нисэх онгоцны буудал барьсан билээ. Аж ахуйн асуудалд түлхүү оръё гэсэн бодолтой Ерөнхийлөгчтэй байгаа дээрээ тэр асуудлыг шийдвэрлээд явах нь зөв. Харин тэр хүн хувийн ашиг сонирхлын асуудал гаргахгүй биз гэж найдъя. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа бол Марриот, Хилтон гэх мэт зочид буудлуудын сүлжээг орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Зочдын тоогоор нь сүлжээний шимтгэлд төлсөн хэмжээнд нь урамшуулал нэг хэсэгтээ олгох арга хэмжээ авбал өөрөө л хэрэгжээд явчихна. Бүтээмж нэмэгдүүлэх гэдэг үг үндсэндээ монгол хэлний үгийн сангаас хасагдсан. Технологийн дэвшил тууштай хэрэгжүүлэхгүйгээр хажууд байгаа, дэлхийн аж үйлдвэрийн төв болсон Хятадтай яаж өрсөлдөх вэ дээ. Даяаршлын эрин үед хагас дутуу орно гэж байдаггүй. Гадаадынханд юмаа экспортолдог байж импортыг хаана, тариф нэмэгдүүлнэ гэсэн асуудал байхгүй. Тунгаа л тааруулах хэрэгтэй.
-Мега төслүүд дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Мега төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхдээ олон улсын зах зээл дээр бонд гаргах, IPO гаргах талаар өмнө хийсэн ажлуудаа тууштай үргэлжлүүлээд явах нь зөв. Таван толгой, Оюу толгойд төр хувь эзэмшлээс татгалзахгүй гэвэл барьцаалаад IPO гаргах гэх мэт ажлыг хийх боломж байгаа гэдгийг судлах хэрэгтэй. Нэгэнт шинэ Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулахгүй бол Үндэсний хөгжлийн газар гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй агентлаг байлгах уу, эсвэл чадваржуулах, статусыг нэмэгдүүлэх үү гэх мэт асуудлыг судлах шаардлагатай. Үгүй бол орон тоо төсвийг нь ЗГХЭГ-т өгөөд идэвхжүүлэх нь зөв. Тэгж байж уул уурхай, хөдөө аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэр, барилга, дэд бүтэц гээд олон салбарын хөгжлийн замыг нээж нөхцөлийг тодорхойлох, том зургаар нь харах боломжтой болно.
-Уул уурхай хүссэн хүсээгүй эдийн засгийг чирч явах нь тодорхой салбар. Уул уурхайн дараа өндийлгөчих ёстой, тэгэхээс ч аргагүй салбар гэвэл хүнс хөдөө аж ахуй. Гэтэл нэг л явж өгөхгүй юм. Шалтгаан нь юундаа байна гэж та хардаг вэ?
-Оршил болгоод хэлэхэд, Монгол Улс 60-70 сая малтай гээд байдаг, ард иргэд нь маш үнэтэй мах идэж байна. Сүү, цагаан идээ гэхэд нийслэлийн иргэд бараг л Оросоос импортолсон хүнс хэрэглэж байгаа шүү дээ. Гол асуудал бол хангамжийн сүлжээний асуудлыг л шийдвэрлэх явдал. Мал аж ахуй, газар тариаланг эрчимтэй болгож бүтээмж гарцыг сайжруулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол малын мах органик боловч маш хатуу, хар өнгөтэй байдаг. Гэтэл олон улсад зөөлөн, мах өөх нь алагласан булчин багатай мах илүү үнэд хүрдэг. Тусгай аргаар борддог, тэжээдэг, гурав хүртэл жил тэжээсэн мах л үнэ хүрдэг. Гурван жилээс удаан хугацаагаар тэжээвэл мах нь хатуурдаг гэж үздэг юм билээ. Хот суурингийн оршин суугчид хэдхэн ченжээр л ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдүүлж байна.Тийм учраас махны үнэ хэтэрхий өндөр хэвээр байгаа юм. Худалдааны яам байгуулах хэрэгтэй хэмээн хуучны хэдэн ахмад яриад байдаг. Энэ бол нэг талдаа зөв яриа, зөв хандлага. Гэхдээ заавал яам байгуулахгүйгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэж болно. Үнийн тогтолцоог зах зээлд зөвхөн найдаад орхихоор ченж давхиж ороод мах, хүнсний үнэ өндөр хөгжилтэй орныхоос өндөр гараад явчихсан. Үүнийг засах арга хэмжээ авахгүй бол болохгүй. Дахиад хэлэхэд хангамжийн тогтолцоо бүтэц нь байхгүй болсон учраас энэ асуудал шийдэгдэхгүй яваа юм. Төр өөрөө оролцоод замыг нь засаад өгвөл тун амархан шийдэж болно. Утааны асуудлыг бол бараг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ганцаараа зургийг нь гаргаад бусад зөвлөхүүдтэйгээ хамт гарцыг олоод шийдчих шиг болсон. Схем зургийг нь гаргаад сайн гүйцэтгэгч томилчиход л болдог зүйл.
-Дэд бүтцээ анхаарахгүйгээр эдийн засгийн хөгжил яриад нэмэргүй шиг санагддаг. Жишээ нь зам байна. Замаа барьж сураагүй энэ тэр гээд зовлон байна шүү …?
-Дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийг идэвхжүүлдэг арга байдаг.Зам барина гэхэд л бараг сум бүр лүү зам тавихаар бодоод байх юм. 330 сумаас ганц нийслэлд хангамж нийлүүлнэ гэж байхгүй, тиймээс сум бүрийг бус аймгийн төвүүдийг хотын статустай болгоод малчдын хүүхэд Улаанбаатар хот руу биш, аймгийн төв рүү нүүж суурьшдаг хэмжээнд дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Хаана ямар ачааг хаашаа хэрэглэгчид нь хүргэж өгөх шаардлага,хэрэгцээгээ эхэлж гаргаад замын чиглэлээ гаргадаг болмоор байна. Сум бүрийг хөгжүүлнэ гээд хөрөнгө мөнгөө тарамдаад байх юм. Эхлээд аймгуудын төвийг хөгжүүлж хотын түвшинд хүргэмээр байна. Тэгж байж төв рүү, нийслэл рүү тэмүүлэх хөдөлгөөний эрчийг сааруулна.Төмөр замыг ч бас тэгж тооцолгүй тавьж байна. УИХ шийдвэр гаргасан гэдэг үгээр л халхавч хийдэг. Гэтэл тэр шийдвэрийг 2010 онд буруу мэдээлэл, үндэслэл гаргаж тайлбарлаад улс төрийн буруу шийдвэр гаргуулсан. 10 жил өнгөрчихөөд байхад засахгүй л яваад байдаг.
-Ингээд хөгжлийн гарц шийдэл ярихаар гадаадын хөрөнгө оруулалт руу орохоос аргагүй болчихдог л доо. Түрүүчийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтад халтай хандсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн хөгжлийг хурдасгахгүй гэдгийг би хоёр жилийн өмнө хальт тааралдахдаа Ерөнхий сайдад хэлсэн, уулзана гээд зав нь гарахгүй байгаа бололтой. Эсвэл тэргүүн эгнээнд авч үзэх асуудал нь биш байх л даа. Харин ч УИХ-ын даргатайгаа нийлээд гадны хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгийг хурааж авах үйлдэл хийсэн. Бодлогын хэмжээнд авч буй арга хэмжээ биш байгаасай л гэж найдаж байна. Сонгуульд ялахын тулд, хар масст таалагдахын тулд шоу маягаар хийсэн алхам л байх. Төсвийн хөрөнгөөр нээсэн ордуудад л тэгж хандаж болох байх. Харин хувийн хэвшил, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуулын ажлын үр дүнд нээсэн ордуудад тэгж хандаж болохгүй.
-Уул уурхай хайгуулгүйгээр хөгжихгүй. Гэтэл нөгөө талд төр засгаас лицензийг нь хураагаад байхаар эдийн засгийг авч явна гэж найдаад яваа уул уурхайн салбар хөгжих суурь бүрдэх үү?
-Хайгуулын бизнес гэдэг бол амар ажил биш. Их эрсдэлтэй, өндөр өртөгтэй ажил. Гэтэл арай гэж нээсэн ордыг ард түмний хөрөнгө юм аа, стратегийн ач холбогдолтой юм гээд хураагаад авчихдаг бол хэн ч мөнгөө гаргаж хайгуул хийхгүй. Хөдөө аж ахуйн сайд байхад нь би Р.Бурмаатай таарсан юм. Аймгуудын Засаг дарга нарт хайгуулын лиценз бүү олго гэсэн чиглэл өгсөн гэхээр нь би дуугүй байгаагүй. Эдийн засагт уул уурхай жин дардаг байхад тэгж хандаж байгаа тухайд нь хэдэн үг хэлсэн. Эцэст нь бодож санаж явдаг нэг зүйлээ хэлмээр байна. Эдийн засгийн шинжлэх ухаанд Convergence буюу түвшин жигдрэх гэсэн онол байдаг юм. Даяаршлын өнөө үед Монголын хөгжил хөрш орнуудынхаа эдийн засагтай уялдаа холбоотойгоор социализмын үеийнхээр бол СЭВ-ийн Интеграцийн бодлоготой адил чиг шугам баривал илүү үр дүнд хүрнэ. Энэ ч үүднээс ШХАБ, Хятадын Бөгж,бүсийн санаачилгуудад идэвхтэй оролцоод явах нь зүйтэй. Сая 2020 онд Хятадын тухайд давхар нүүдэл хийсэн, маш сайн нүүдэл хийсэн Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарт, бас Ерөнхийлөгчид баяр хүргэмээр байгаа юм.