Categories
мэдээ нийгэм цаг-үе

И.Батчулуун: НҮБ-ын Цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

НҮБ-ын шалгуурт тэнцэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ дахь энхийг сахиулах UN­MISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албаны Монгол Улсын багийн ахлагч, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.


-Юуны түрүүнд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын өнөөгийн нөхцөл байдал, бодит амьдрал ямар байгааг сонирхуулахгүй юу?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улс нь 2011 онд Бүгд Найрамдах Судан улсаас тус улсын өмнөд хэсгийн 10 мужийг хамааруулан, хуучин мужийн төв байсан Жуба хотыг нийслэлээ болгон тусгаар тогтносон. Албан бусаар нийтдээ 22 сая хүн амтай гэгддэгч олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас 10 сая хүн нь хөрш зэргэлдээ Судан, Этиоп, Уганда, Кени, Руанда зэрэг улсууд руу дүрвэн гарсан гэдэг. Хүн ам нь нийтдээ 64 омгоос бүрддэг ба эдгээр омгууд нь бүгд тус тусын хэл, соёл, ёс заншил, газар нутагтай. Хүн амын өргөн хэрэглэдэг ярианы хэл нь араб, албан ёсны хэл нь англи хэл. Энэ нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, омог хоорондын сөргөлдөөн, засгийн эрхийн төлөөх хүчтэй тэмцлийн гол шалтгаан болдог гэж үздэг юм байна.

Хэдий улс төрийн түвшинд зөвшилцөн ажиллаж байгаа ч орон нутаг, мужуудад босогчид, зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд хууль бус үйл ажиллагаа явуулах, хүний амь нас хохироох, хомроглон устгах, тосгодыг галдан шатаах, хүн хулгайлах, барьцаалах, эд хөрөнгөд нь халдах, хүчирхийлэл үйлдэх, дээрэм тонуул хийх зэргээр гэмт хэрэг, зөрчил тасралтгүй гарсаар байна.

-Манай энхийг сахиулагчид тус улсыг их зорьдог. Харин НҮБ-ын Цагдаагийн алба гэхээр онцлог нь юу байна. Манай алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-НҮБ-ын БНӨСУ дахь Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд энгийн, цэргийн, цагдаагийн, гэрээт зэрэг нийт 20 орчим мянган ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 45 орны 665 цагдаагийн алба хаагч(IPO), мөн Непал, Гана, Руанда зэрэг улсын зэвсэгт цагдаагийн 1148 (FPU), цагдан хорих байр хариуцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 орны 75 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс баталсан мандатын дагуу БНӨСУ дахь UNMISS ажиллагаа нь дотоодын дүрвэгсэд, энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн байдалд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах, хүмүүнлэгийн тусламж хүргэх таатай орчин бүрдүүлэх, энхтайвны гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг дөрвөн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн энэ алба нь дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын баазын дотор, гадна орчинд үүрэг гүйцэтгэж, тэнд ажиллаж буй олон улсын зэвсэгт хүчин, зэвсэгт цагдаагийн алба хаагчид, орон нутгийн хамгаалалтын албаны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, дүрвэгсдийн хуарангийн орц, гарц, ачаа тээшийн үзлэг шалгалт хийнэ. Шинээр шилжин ирж буй дүрвэгсдийн бүртгэлжүүлэлтийн ажилд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах, зааж зөвлөх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдэл, мэдээллийг хүлээн авч, баримтжуулан холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн зэвсэгт цагдаагийн хэсгийг ахалж хотын төв болон НҮБ-ын бааз, дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна орчинд машинт болон явган эргүүл хийх, шаардлагатай тохиолдолд үзлэг, нэгжлэг хийх үүрэгтэй.

-Товчхондоо энгийн иргэдийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг гэж хэлж болох уу?

-Тийм. НҮБ-ын Цагдаагийн алба нь дээр дурдсан ажил, үүргийг хийж гүйцэтгэхээс гадна хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн иргэдийг аливаа хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд хүмүүнлэгийн ажилтнууд, хүний эрхийн байгууллагын ажилтнуудын хамт эргүүл хийж урьдчилан сэргийлэх, зөрчилдөөн их үүсдэг, эрсдэл ихтэй, энгийн иргэдийн эсрэг халдлага их гардаг цэгүүд, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох зорилготой. Ер нь НҮБ-ын байр байгууламж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах гэх зэргээр ард иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангахад чиглэсэн гээд нэлээд өргөн хүрээг хамарсан ажил, үүргийг хийж гүйцэтгэдэг байгаа.

-НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаатай хамтран ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Манай ажлын зайлшгүй, нэг чухал хэсэг бол орон нутгийн цагдаагийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм. НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаагийн байгууллага, аюулгүй байдлын институт, иргэний нийгмийн байгууллага, бусад оролцогчидтой хамтран гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг.

-Цаг агаарын нөхцөл байдал нь ямар байна вэ?

-БНӨСУ нь Африк тивийн төв экваторын бүсэд байрладаг тул цаг агаарын хувьд хэт халуун уур амьсгалтай, хуурай халуун болон борооны гэсэн хоёр улиралтай. Хуурай халууны улирал нь арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд өдөртөө нэмэх 38-45 хэм, шөнөдөө нэмэх 30-35 хэм хүртэл халдаг. Энэ үеэр ялаа, шумуул, хорхой шавьж харьцангуй багасдаг боловч тоосжилт ихэсч заримдаа шороогоор шуурахаас гадна модноос бусад өвс, ургамал хатаж шарлан, хээрийн түймрийн гаралт ихэсдэг.

Харин борооны улирал нь тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд хүчтэй, усархаг, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж, шавар шавхай үүсч, гол мөрний усны түвшин нэмэгддэг тул маляри, эбола, зика вирус болон бусад гоц халдварт өвчин, халдвар тараагч ялаа, шумуул, хорхой, шавьж ихэсдэг онцлогтой. Тийм учраас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицоход л хүнд байдаг. Дүрэмт хувцсыг улирлын нөхцөл байдалд тохируулан өмсөж хэрэглэх, нар, шавьжнаас хамгаалах тос, түрхлэг, цацлага зэргийг байнга хэрэглэж хэвших шаардлагатай болдог.

-Тэгэхээр одоогийн цаг агаар нь “COVID-19”-ийн тархалтыг ихэсгэх боломжтой байх нь ээ. БНӨСУ-д тус өвчний нөхцөл байдал ямар байна вэ?

-Тус улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сарын 5-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш халдвар ард иргэдийн дунд асар хурдацтай тархаж эхэлсэн. Энэ сарын 16-ны байдлаар 2171 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 1175 хүн эдгэрч, 41 хүн нас бараад байна.

БНӨСУ-ын хувьд “COVID-19” өвчний гаралттай тэмцэх, тархалтыг зогсоох зорилгоор Ерөнхийлөгч Сальва Кийр, Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Мачаар нараар ахлуулсан “Дээд түвшний ажлын хэсэг”-ийг байгуулж, улсын хэмжээнд өвчний халдвартай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

Улмаар гуравдугаар сарын 24-ний өдрөөс олон улсын болон орон нутгийн бүх нислэг, агаарын харилцааг бүрэн зогсоож, бүх шатны их, дээд, дунд сургууль, хүнснээс бусад бараа, үйлчилгээний зах, дэлгүүр, төвүүд зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн тээврийн хөдөлгөөнийг хаасан. Дөрөвдүгээр сарын 9-нөөс орон даяар 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн хөл хорионы цаг тогтоож, хэрэгжилтэд нь цэрэг арми, цагдаагийн албаны хүчээр хяналт тавьж байна.

-Арга хэмжээ авснаар тархалт буурах, хумигдах хандлага байна уу?

-Засгийн газрын зүгээс дээр дурдсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин, орон байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу зэрэг нь халдвар газар авахад нөлөөлсөөр байна. Дээр нь ард иргэдийн амьдрал туйлын ядуу, дотоодын тэмцэл, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, гэмт хэрэг, зөрчил ихтэй. Ард иргэдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа, мэдээ, мэдээлэл муу, зурагт, радио гэх мэт үндэсний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг байхгүй. Иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн ихтэй, хяналт сул, дүрвэгсдийн хуарангуудад олон тооны хүн нэг дор хэт ихээр бөөгнөрсөн, эрүүл ахуйн наад захын шаардлага хангалтгүй байна. Мөн олон эхнэртэй учраас гэр бүлийн гишүүдийн тоо их, амны хаалтны хүрэлцээгүй улмаас дийлэнх иргэд амны хаалт хэрэглэдэггүй. Дээрх асуудлуудаас болоод хүн амын дунд халдвар эрчимтэй тархаж байгаа.

-Халдварын анхны тохиолдлууд НҮБ-ын ажилтнууд байсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор энхийг дэмжих ажиллагааны дотоод зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Өвчний шинж тэмдэг илэрсэн эхний дөрвөн өвчтөн нь НҮБ-ын ажилтан, алба хаагчид байсан. Үүнээс үүдэн орон нутгийн иргэдийн дунд “НҮБ-ын ажилтнуудыг санаатайгаар манай улсад өвчин тараасан байна”, “ газраа НҮБ-ын ажилтнуудыг алъя”, “зэвсэг хэрэгслээ аваад гарцгаая” гэх зэргээр НҮБ-ыг шууд буруутгасан, бусдыг үймээн самуун, хүчирхийлэл, гэмт хэрэгт уруу татсан, турхирсан шинжтэй мэдээллүүд сошиал мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархаж эхэлсэн. Тиймээс НҮБ-ын дотоод аюулгүй байдлын албанаас Жуба хот дахь НҮБ-ын Томпинг, ЮН Хаус баазуудын орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн хааж, алба хаагчдыг орон байр, баазын байршлаас гадагш гарахгүй байж, хамгаалах хувцас, хэрэглэлээ байнга өмсч, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөмж өгч байсан.

UNMISS ажиллагааны удирдлагаас “COVID-19” өвчний тархалттай холбогдуулан НҮБ-ын нийт бие бүрэлдэхүүн, түүний бүх объектуудын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, цагийн байдалд уялдуулан олон тооны хязгаарлалт, үйл ажиллагааны дүрэм, журмуудыг баталж, алба хаагчдын ажлын чиг үүрэг, ажил үүргийн хуваарь, ажлын цагт өөрчлөлт оруулах гэх зэргээр НҮБ-ын ажилтан, алба хаагчдыг өвчин, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон тооны ажил, арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргасан шийдвэрийн дагуу БНӨСУ-д явуулж буй UNMISS ажиллагааны бүх дотоод, гадаадын нислэг, боловсон хүчний хөдөлгөөн, хангалт, ээлж солилцоо, томилгоо, сургалт, бусад нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байгаа.

-Ингэхэд UNMISS ажиллагаанд манай улсаас хэчнээн цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Одоогийн байдлаар манай улсаас цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэхишиг, цагдаагийн ахлагч П.Баянзул болон миний бие зэрэг таван алба хаагч UNMISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албанд Цагдаагийн зөвлөх албан тушаалд бие даан үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдаас гурав нь НҮБ-ын Цагдаагийг албаны төв штабт, хоёр нь Жуба муж дахь НҮБ-ын Цагдаагийн албанд томилогдон тус тусын албан тушаалд ажил, үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай алба хаагчид нийслэл Жуба хотод томилогдон хамтдаа нэг дороо үүрэг гүйцэтгэж байгаа нь нэг талаас бидэнд ажил, үүргээ гүйцэтгэхэд их дөхөмтэй байгаа.

-Манай улсаас үүрэг гүйцэтгэж буй бусад алба хаагчидтай холбоотой байдаг уу?

-Бид Монгол Улсын Батлан хамгаалах яамны шугамаар UNMISS ажиллагаанд ирж үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальон, түүний удирдлага, бусад бие даан үүрэг гүйцэтгэж байгаа штабын болон цэргийн холбогч офицер, ахлагч нартай ч байнгын холбоо харилцаатай байдаг.

-Та бүхний ажлын цагийн хуваарийг сонирхож болох уу?

-НҮБ-ын Цагдаагийн албаны ажлын онцлог гэвэл UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бусад энгийн, цэргийн байгууллагын алба хаагчдыг бодвол долоо хоногт амралтын өдөргүйгээр, ажлын долоон өдрөөр үүрэг гүйцэтгэж байгаа нь онцлог юм уу даа. Өдөр бүр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа учраас алба хаагчдаас тэсвэр, тэвчээр шаардахаас гадна дасгал сургууль хийх, хоол, хүнсээ цуглуулах, бэлдэх, хувцас хунараа угаах гэх зэргээр хувийн бэлтгэлээ хангаж, ажил, амралтаа зөв зохицуулж сурах шаардлага тулгардаг. Ажлын цагийн тухайд төв штабт ажиллаж байгаа алба хаагчид өдрийн найман цагаар, дүрвэгсдийн хуаранд ажиллаж байгаа алба хаагчид долоо хоног тутам гурван ээлжээр, өглөө 07:00-13:00, өдөр 13:00-18:00, орой 18:00-07:00 цагийн хооронд ажиллаж үүрэг гүйцэтгэж байна. Мөн НҮБ-аас UNMISS ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, “COVID-19” өвчний тархалтын явц байдал, ажлын шаардлга зэргийг харгалзан одоогийн байдлаар гурван алба хаагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг нэмж зургаан сараар сунгаад байгаа.И.Батчулуун: НҮБ-ын Цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Categories
мэдээ цаг-үе

М.Сугармаа: Манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь эрүүл мэндийн салбартаа ажиллаж байна

Ихэнх хүмүүс АШУҮИС-д зөвхөн эмч нар бэлтгэдэг гэж ойлгодог. Гэтэл эмчээс гадна 19 төрлийн мэргэжлээр бэлтгэдэг юм байна. Өнөөдөр тэдгээрийн нэг болох Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийн талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор М.Сугармаатай ярилцав.


-Яриагаа эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх хэн болох, хэзээнээс бэлтгэж эхэлсэн талаар эхэлье.

-Эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд нь эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг нийгмийн ажилтнууд юм. Гэхдээ эмч, сувилагчдаас ялгаатай нь өвчин эмгэгтэй холбоотой нийгмийн харилцаа, сэтгэл санааны асуудал, бэрхшээлийг даван туулах, зөв шийдвэр гаргахад тусалдаг хүн гэж ойлгож болно. Хүн нэг өвчин туслаа гэхэд дагалдаад амьдралд зохицуулахад хүндрэлтэй олон асуудал гардаг шүү дээ. Жишээ нь, оношоо сонсоод хямрах, үгүй байлгүй дээ гэж үгүйсгэх, ямар нэгэн ярилцах хүн дутах, эсвэл ар гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ бүүр дотогшоо хямрах, мөн эмнэлгээс гарсны дараа бие даахын тулд хаашаа хандахаа мэдэхгүй байх, ялангуяа халамж, даатгалаа яаж зохицуулахаа мэдэхгүй байх гэх мэт олон асуудлууд бий. Ийм үед шийдвэр гаргахад туслах, тохирох байгууллага, үйлчилгээтэй холбож өгөх, мэдээлэл өгөх, түүний эрхийг хамгаалах зэргээр мэргэжлийн тусламж үзүүлдэг нийгмийн ажилтан юм. Эрүүл мэндийн нийгмийн ажилтныг бид бакалаврын түвшинд 2003 оноос бэлтгэж, 2007 оноос эхлэн анхны төгсөгчид маань ажиллаж эхэлсэн. 2020 оны байдлаар бид 240 гаруй эрүүл мэндийн нийгмийн ажилтныг төгсгөөд байна.

-Тэгвэл эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд эмнэлэг бүрт бий гэсэн үг үү?

-Хараахан бүрэн биш байна. Манайхаас жил бүр 20-25 оюутан төгсөж байна. Төгсөгчдийн 80 гаруй хувь нь эрүүл мэндийн салбартаа буюу өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн төв, клиникийн төв эмнэлэг зэрэгт ажиллаж байна. Мөн олон улсын байгууллага, судалгааны байгууллага, хүүхэд хамгаалал, төрийн бус байгууллагад ажиллаж байна.

-Хөрвөх чадвар гэж бид ярьдаг. Энэ талаар дурдвал?

-Мэргэжлийн хөрвөх чадварын хувьд эрүүл мэндийн салбартаа нийгмийн эрүүл мэндийн тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээний аль ч хүрээнд ажиллахаас гадна нийгмийн ажлын аль ч талбарт ажиллах боломжтой. Тухайлбал, хүүхэд хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээ гэх мэт нийгмийн ажилтны ажиллах талбарт ажиллах боломжтой гэсэн үг.

-Эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд гадаадад ямар ажил үүрэг гүйцэтгдэг вэ. Манайхтай ижил үү?

-Жишээ нь, АНУ-д 1905 оноос эмнэлэгт анх нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн гэж үздэг. Тухайн үед эмчид онош тавихад эмчлүүлэгчийн нийгмийн талаас буюу гэр бүл, ажил төрөл, амьдарч байгаа орчныг нь таньж мэдээд мэдээлэл өгч, хамтарч ажилладаг, эмч, эмчлүүлэгч хоёрын гүүр болж ажиллаж байсан гэдэг. Одоогийн байдлаар АНУ-д нийгмийн ажилтнуудын гуравны нэг нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна . Ер нь төстэй шүү дээ. Бид хүний биеийн өвчин эмгэгийг эмчилчихээд сэтгэлийн гэмтлийг эмчлэх тал дээр дутагдалтай байна. Тиймээс энэ хэсэгт хүрч ажилласаар л байдаг гэхүү дээ. Тэгээд ч хүн амын нас баралт өвчлөлийн тэргүүлж байгаа төрөл амьдралын хэв маяг, дадал зуршил, сэтгэл санаатай холбоотой хавдар, зүрх судас, үе мөч гээд л байдаг даа. Мөн төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүд байна. Тэрнээс гадна, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, эмнэлгийн тусламж авч чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй, эрүүл мэндийн боловсрол багатай, ойр дотны хүмүүсийн дэмжлэг туслалцаа багатай, хүчирхийлэлд өртсөн гэх олон асуудалтай хүмүүс нь эмнэлгийн тусламж авч чадахгүй, мэдээлэлгүй, өөрт хэрэгтэй үйлчилгээг олж авч чадахгүй, өөрийгөө эмчид ойлгуулж чадахгүй явдал байдаг. Энэ тохиолдолд эмнэлгийн нийгмийн ажилтнууд өмнөөс нь төлөөлөн бичиг баримт бүрдүүлэх, эмчтэй ойлголцох, ар гэрт нь мэдээлэл өгөх ажлуудыг ч хийнэ.

-Тэгэхээр сэтгэл зүйчээс юугаар ялгаатай вэ?

-Тийм ээ, нэг талаар сэтгэл зүйчтэй ижил, гэхдээ сэтгэл зүйч бол илүү хувь хүний дотоод сэтгэл зүйн асуудалтай ажилладаг бол нийгмийн ажилтны хувьд тухайн хүний амьдарч байгаа орчин, гэр бүл, нийгмийн харилцаа, үйл ажиллагааны орчинтой холбоотойгоор асуудлыг шийдвэрлэж ажилладаг учраас ялгаатай юм.

-АШУҮИС-т ЭМНА мэргэжлээр хэн суралцах боломжтой вэ. Ямар шалгууртай байдаг юм бол?

-Хэн ч суралцаж болно. Элсэлтийн шалгалтын нийт босго оноо 480, Биологи, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгнө. Одоогоор бид өдрийн ангитай, бакалаврт дөрвөн жилээр бэлтгэж байна. Манай сургуулийн www.burt­gel.mnums.edu.mn цахим бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлнэ. Сонирхож байгаа залуус фэйсбүүкийн АШҮУИС-д элсэлт гэх хуудаснаас ч мэдээлэл авч болно.

-Дөрвөн жил бэлтгэгдэхдээ юу юу сурдаг вэ?

-Дээд боловсролын стандартын дагуу дөрвөн жил суралцдаг. Манай сургуульд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн нийгмийн ажилтны хөтөлбөр нь энэ чиглэлээрх Монгол Улсын анхны хөтөлбөр бөгөөд 2018 онд дээд боловсролын магадлан итгэмжлэл хийгдсэн.

Оюутнууд маань олон улс, үндэсний хэмжээнд нийгмийн ажлын боловсролын стандартын дагуу ерөнхий нийгмийн ажлын мэргэжлийн суурь хичээлүүдийг эхний хоёр жилд судална. Энэ агуулгаараа төгсөгчид маань бүх төрлийн нийгмийн ажлын болон нийгмийн халамж үйлчилгээ, хүүхэд хамгаалал зэрэг чиглэлээрээ ажиллах боломжтой. Харин гурав дахь жилээс илүү эрүүл мэндийн агуулгатай хичээлийг судалдаг учраас эрүүл мэндийн салбарт ажиллахад дөхөм болдог. Тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэнд, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, халдварт бус өвчин гэх мэт төрөлжсөн хичээлүүдийг судалдаг. Мөн нийт гурван үе шатат байгууллагад кредитийн багтаамжтай дадлагыг өрх, дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгүүд, нийгмийн үйлчилгээний байгууллага дээр хийдэг. Бид жилдээ 22-30 оюутан элсүүлдэг. Харин энэ жилээс ажлын байрны эрэлт хэрэгцээнээс шалтгаалж тоог нь нэмж байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Хэрвээ хүнд туслах дуртай, бусдын асуудал бэрхшээлийг шийдвэрлэхдээ сайн, эсвэл дуртай хүүхдүүд нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаад байгаа харагддаг. Энэ мэргэжил нь яг нэг сэтгэл зүйч шиг хувь хүн, гэр бүлийн дотоод сэтгэл санааны эмгэг асуудлыг шийдэхээсээ илүү эрхээ, өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж ч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүн ам, тэдний төлөөх эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж буй холбоос болж ажилладаг. Товчхондоо гараас гарах бүтээгдэхүүн нь хүний сэтгэл санааны сайжирсан байдал, шийдвэр, зан үйл, дадал зуршлын өөрчлөлтүүд байдаг. Хэрвээ ийм ажил хийх хүсэлтэй, хүнтэй ажиллах дуртай бол эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар сураарай гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гурван Ерөнхий сайд ял эдэлж байна

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр өчигдөр шүүхээс таван жилийн ял сонслоо. Түүнийг Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трэдинг” ХХК, “Айвонхоу Майнз Монголиа Инк” компанитай 2009 оны 9-р сарын 1-ний Шатах, тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трэдинг” ХХК 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгасан.

Тиймээс хууль бусаар олсон гэх 418.3 тэрбум төгрөгийг хураах шийтгэл оногдууллаа. Мөн түүний найз Ч.Даваанямд 2 жилийн хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улс ардчиллын замыг сонгосон 30 жилд шүүхээр таслан шийдвэрлэгдэж ял сонссон дөрөв дэх Ерөнхий сайд С.Баяр боллоо. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан гурван хүн эрх мэдлээ хасуулан өргөст торны цаана ял эдэлж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Энхбаяр шоронгоос суллагдаад буй юм.

Улсын баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 6-ны өдөр 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс зургаан жил хорих ял оноосон. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед цагдан хоригдож, хорих ангиас УИХ-д өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрч.

Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдын хамгийн олон буюу 22635 санал авсан Ж.Эрдэнэбатыг шүүхээс улс төр дэх нөлөөгөө ашиглан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон. хэмээн шийтгэсэн.

Мөн түүний хамтрагч Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ял ногдууллаа.

Харин Д.Түвшинжаргал нарыг бусадтай хамтран эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жилийн хорих ял,  Д.Ганбатыг мөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан юм.

Эрхээ хасуулан хоригдож буй гурав дахь Ерөнхий сайд бол Мэндсайханы Энхсайхан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд түүнийг эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, 4 жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.

Ерөнхий сайд асан тэрбээр 2020 оны долоодугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна” хэмээсэн.

Ерөнхий  сайдын сэнтийд заларч албан тушаалынхаа эрэмбээр туйлж явсан эрхмүүд өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Албан тушаал, авлигын гэмт хэрэгт гагцхүү төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд холбогддог ч хууль хяналтын байгууллагынхан жараахай барихаас хэтрэхгүй байгааг нийтээрээ шүүмжилсээр өнөөг хүрсэн. Тэгвэл “тул” барьж эхэлснээ өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорих ял оноосноор “зарласнаас” хойш гурав дахь Ерөнхий сайд өчигдөр хорих ялын тогтоол сонслоо.

УИХ-ын ээлжит сонгууль давхацсан энэ жил Ерөнхий сайдуудаас гадна УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр болон жил тойрон үргэлжилсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц нар хорих ял авлаа. Хэдэн жил яригдаж, хойшлогдсоор асан эрх мэдэлтнүүдийн холбогдсон дуулиант хэргүүд УИХ-ын сонгуулийн өмнө, хойно ар араасаа шийдэгдэж, ялтан болгосоор байгааг нийгэмд хоёр талтай хүлээн авч байна. Нэг хэсэг нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүд улсыг хохироосон бол шийтгэлээ хүртэх нь зүйн хэрэг гэж үзэж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

О.Зоригт: Албан ёсны лицензтэй хэрэглээний программ хангамжтай болсноор мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл буурсан

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа.


-Алба байгуулагдсанаас хойш ямар үр дүнтэй ажиллав?

-Олон улсын түвшинд “Мэдээлэлд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” гэсэн ойлголт бий болж, дэлхийн зарим улс орнуудын цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд явж байна. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Техник, технологийн ололт, шинжлэх ухааны дэвшилтэт арга, аргачлал, шийдлийг нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх цагдаагийн анхан шатны ажил, үйлчилгээний шуурхай байдал, хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь манай албаны үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиглэлээр цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүллээ. Манай албаны харьяа Лавлагааны сангаас иргэд, цагдаагийн алба нэгжүүд болон төрийн бусад байгууллагуудад лавлагаа, тодорхойлолтыг улсын хэмжээнд нэг цэгээс олгож, үүнд хугацаа их орж, хүлээлт үүсч чирэгдэл гардаг байсныг аймаг, дүүргийн цагдаагийн газар хэлтсээс болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгодог болгосноор үйлчилгээний шуурхай байдал сайжирсан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй бүх компьютерийг “Micro­soft” компанийн албан ёсны лицензтэй үйлдлийн систем, хэрэглээний программ хангамжтай болгосноор цахим мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл буурсан.

-Бүтэц, зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн үү?

-Орон тоо, төсөв нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийж,тус албыг байгуулсан. Нэмж мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан нэгжтэй болгох зайлшгүй шаардлага бий.

-Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлсийг бодитой тодорхойлж иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг эрчимжүүлэхэд мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний ажил гол үүрэг гүйцэтгэдэг. Тус хэлтсийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ?

-Мэдээллийн ухаалаг тогтолцоо бүрдүүлж, эрэлтэд нийцсэн судалгаа, дүн шинжилгээ хийх, оновчтой дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, цагдаагийн байгууллагын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох чиглэлээр удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бидний бодлого, үйл ажиллагааны нэг хэсэг. Судалгаа, дүн шинжилгээний ажлын төрөл, тоог нэмэгдүүлэх,шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, онол, практикийг ойртуулахыг зорьж байгаа.

Энэ оны эхний хагас жилд Хууль зүй, дотоод хэргийн яамны ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хууль зүйн салбарт анх удаа системийн динамикийн загварчлалыг ашиглаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2009-2019 оны гэмт хэрэг, зөрчлийн төлөв байдлын судалгааг хийлээ. Энэхүү загвараар гэмт хэрэг, зөрчлийн дунд болон урт хугацааны таамаглалыг дэвшүүлж, туршилт симуляциар шалгах, цаашдын хандлага, төлөв, хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус тодорхойлох боломжтой юм.

-Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын ажил бол цагдаагийн байгууллагын онцгой ажил. Бид төв штаб гэж нэрлэдэг. Энэ штабын үйл ажиллагааны ач холбогдол юу вэ. Энд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлагатай технологийн дэвшил, хүн хүч, ажиллах боломж бүрдсэн үү?

-Бид цаг үеийн мэдээ, мэдээлэл, нөхцөл байдлын талаарх үнэлгээг цаг алдалгүй авах, удирдлагыг мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ажлыг техник, технологи, арга ажиллагаатай хослуулан зохион байгуулж байна. Техник хэрэгслийн хувьд бусад улс орны жишгээс нэг их хол хоцроогүй боловч шинэчлэх, сайжруулах шаардлага, хэрэгцээ бий. Энэ нэгжийн алба хаагчид ажлын цагаар нэгж алба хаагчдын ажлыг уялдуулж холбон зохицуулах, удирдлага, алба хаагчдыг нөхцөл байдлын мэдээллээр хангах, иргэдтэй харьцаж гомдол мэдээллийг нь хүлээн авах, тэдгээрийн мөрөөр шуурхай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, байгууллагын дотоод журмыг мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гэх мэт олон чиглэлийн маш их ажилтай байдгаас гадна ажлын бус цагаар тухайн нэгж байгууллагынхаа бүх л ажлыг хариуцан үлддэг. Тиймээс ч дээр үеэс “жирийн хүн биш, жижүүр хүн” гэсэн хэлц үг гарсан байх. Амаргүй, хариуцлага, мэдрэмж, мэдлэг, чадвар, хурд бүгдийг шаарддаг ажил. Цагдаагийн төв байгууллагын Шуурхай удирдлагын штабын үйл ажиллагаа нь үүрэг, хариуцлага нь маш тодорхой, дотоод үйл ажиллагаа нь нарийн зохион байгуулалттай, хамгийн богино хугацаанд мэдээ, мэдээллийг цуглуулж, үнэлж дүгнэн, хууль тогтоомжийн хүрээнд оновчтой шийдвэр гаргаж, үйл ажиллагааг зөв зохион байгуулахад чиглэгдсэн байдаг юм.

-Таны хувьд энэ том албаны анхны даргын хувьд ирээдүйг нь хэрхэн төсөөлдөг вэ. Тухайлбал, танай албанд нэн шаардлагатай, тулгамдсан ямар асуудлууд байдаг, хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинэ технологи, дэвшлийг нэвтрүүлэх ажилд чин сэтгэлээсээ “шунан дурлаж” байгаа. “Үйл ажиллагааны автоматчилал”, “Дахин инженерчлэл”-ийг хийчих юмсан, үгүй юмаа гэхэд зөв эхлэлийг нь тавьчих юмсан, технологийн хөгжлийн энэ олон боломжуудаас аль болох олныг нэвтрүүлэх юмсан,цагдаагийн байгууллагад мэдээллийн ухаалаг тогтолцоог жинхэнэ утгаар нь бий болгож үндсэндээ мэдээлэлтэй сайн ажиллаж байж үр дүн нь гардаг гэмт хэрэг илрүүлэх, хэв журам сахиулах ажилд зарцуулдаг хүч хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж хөнгөвчлөх юмсан, ингэснээрээ иргэдийн амар тайван аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэх юмсан,цагдаагийн нийт алба хаагчдын ажлыг “ухаалаг”, “мэдээлэлд бүрэн суурилсан өргөн боломжтой”шуурхай, орчин үеийн болгох юмсан, удирдаж буй хамт олноо зөв чиглүүлж, зохион байгуулж, өөрөө үлгэрлэж, бас суралцаж, хамтын нэгдмэл хүчээр энэ зорилго, зорилтуудаа биелүүлэх юмсан гэж хүсч төсөөлж явдаг даа.

Эцэст нь мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахмадууд, алба хаагч, ажилтнууддаа Цагдаагийн байгууллагын 99 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Батлагдсан 288 тохиолдлын 218 нь эдгэсэн

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 176 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16 хүний давтан, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Ажиглах хянах ажлыг бид дэг журамтай үргэлжлүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Завхан аймгийн Улиастай сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна

Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Улиастай сумын иргэн 39 настай Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн гэх өгүүлэмжтэй, халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй байна. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
  • Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
  • Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа. Сэжигтэй тохиолдлоос өчигдөр 15:00 цагт шинжилгээ авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарах аж.
Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын эхээр хичээл эхлэх эсэх асуудлаар БШУЯ-наас албан ёсны мэдээлэл өгнө

Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны IX сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 20-ний өдрийн А/930 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан хүүхэд хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд “Нарлаг” зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийж, “Жавхлант” зуслангийн ундны усны дээжийг шинжилгээнд хамруулж, “Коронавируст халдварын /КОВИД-19/ цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын талаар ажлын байран дээрх сургалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төмөрбетон гүүр барих ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өчигдөр 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ. Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршдаг. Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өчигдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК, хяналтын зөвлөх “Тавантолгой төмөр зам” ХХК, доод бүтцийн гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн болон бусад аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Бат-Ялалтыг хоёр сая 800 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Х.Бат-Ялалт УИХ гишүүн болж хууль өөрчлөхөөр санаархаж эхлэв – tac.mn

Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж, түүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, 2.8 сая төгрөгийн торгууль оногдууллаа. Тэрбээр VI сарын 17-ны өдрөөс эхлэн 1 сар долоо хоног цагдан хоригдсон юм. Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 149.1-р зүйл ангиар 15 сая 360 мянган төгрөгийн ял оногдуулж, нийт хоригдсон 65 хоногийг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хасаж тооцоод 2 сая 800 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.