Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулахаар зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнөөдөр /2020.06.30/ гаргасан зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлав.

Анхдугаар чуулганд УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Categories
мэдээ нийгэм

Улсын заан цол хүртсэн бөхийг “Сүзүки” машинаар байлна

“Бридж” корпораци Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж заан цолны болзол хангасан хүчит бөхөд “Сүзүки Жимни” автомашиныг бай шагнал болгон өгөх тухай санамж бичгийг Монголын үндэсний бөхийн холбоотой байгуулжээ.

Тус санамж бичигт “Бридж” корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд хурд хүч, авхаалж самбаагаараа тунан үлдсэн залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, цэц бяраа үздэг тул Монгол түмний таалан үздэг даваа байдаг нь дамжиггүй. “Бридж” корпораци нь Бөхийг өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлсний дээр “Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 14 жил ивээн тэтгэж зохион байгуулсан, үндэсний бөхийг дэмжигч байгууллага билээ.

Categories
мэдээ нийгэм

​Туул голд живсэн гурван настай хүүг үргэлжлүүлэн хайж байна

“Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлага 2020. 06.29-ний өдрийн 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат А гэх гурван настай хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:00 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сум руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дугаар 6 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.

Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

​СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийд аялж явсан 12 хүний гурав нь голын усанд живж, энджээ


Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр /06.29/ 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олжээ.

Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гүндалай: Тусгаарлалтад байгаагүй бол би нэгээр биш юмаа гэхэд гурваар гарах нь тодорхой харагдлаа

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.Тэрээр Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн билээ.


-Сонгуулийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Таны хувьд гарахад нэлээд ойрхон байлаа шүү?

-Хамгийн түрүүнд намайг дэмжиж надад саналаа өгсөн Хөвсгөл аймгийн 19 мянган сонгогчдодоо маш их баярлалаа. Сонгуульд бульхай луйвар орсон байх гэж бодож байна. МАН эртнээс маш их мөнгө тараалаа гэж хардаж байна.

-Зарим нэр дэвшигчид санал хураалтын ирц хэсэг зогссон. МАН-ын нэр дэвшигчдээс бусад хүний санал нэмэгдэхгүй байсан гэх яриа гараад байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Тэр үнэний ортой. Манайх гэхэд л санал хураалтын ирц яг 70 хувь дээр очоод зогсчихсон. Бусад тойргууд 80, 90 хувийн саналын ирц ирчихээд байхад манай тойргийнх 70 хувийн ирц дээрээ цаг гаруй зогсчихсон. Увс, Ховд гээд бүр алслагдсан аймгуудыг бодвол шугам, сүлжээ, харилцаа холбоо сайн ш дээ. Тэгсэн хэрнээ цаг гаруй зогссон нь хардлага төрүүлж байгаа. Би үүнд гайхсан. Сонгуулийн штабт ажилласан хүмүүс маань намайг нэгээр гарна, бүр хойшиллоо гэхэд гурваар гараад ирэх магадлал маш өндөр байна гэж ярьж байсан. Хүн болгон л таны төлөө өгнө гээд байсан. Одоо сонгуулийн дараа бид хоорондоо ярьж байна л даа. Нөгөө саналаа өгнө гээд байсан хүмүүс өгсөнгүй юү, өгснийг нь луйвардчихав уу гээд гайхацгааж байна.

-Тэгэхээр сонгуулийн санал тоолох хар машиныг хакердсан гэж хардаж байна уу?

-Тийм л юм болсон байх. Хар машин чинь ингэдэг гэсэн. Хяналтын тооллогыг цаанаас нь тэр хэсгүүдэд хий гээд үүрэгдчихдэг. Яг хяналтын тооллого хийхгүй хэсгүүд дээрээ хакерддаг гэж хүн ярихыг сонссон.

-Та өөрийгөө гарна гэдэгт итгэлтэй байсан уу. Эсвэл эргэлзэж байв уу?

-Сонгуулийн үдээс өмнө би бараг тойрогтоо нэгээр гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Бүр буурлаа гэхэд хангалттай гуравт гараад ирнэ гэж итгэж байсан. Тэгэх итгэлийг штабын хүмүүс ч тэр, нутгийн хүмүүс ч тэр төрүүлж байсан. Тийм учраас би их тайван, итгэл дүүрэн байсан л даа.

-Нутгийн хүмүүс итгэл төрүүлсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Өдөр зарим таньдаг нутгийн ах дүү нар яриад “За манай гэрийнхэн танд саналаа өгчихлөө. Танд амжилт хүсье”, “Таныг л дэмжиж байгаа шүү” гэхчилэн утсаар ярьж урам өгч байсан. Тэгсэн санал тоолох үед орой 15 мянга хүрээд зогсчихсон. Тэгээд хоёр цаг орчим хэртэй санал нэмэгдэхгүй зогссон. Тэгж байгаад нэмэгдсэн ч гүйцэхээргүй нь тодорхой болсон. Хөвсгөлийн хойд талын сум манай аавын нутаг. Аавынхаа нутгаас би нэгээр гарах учиртай хүн чинь сайхан ялагдсан. Бүр гайхаад намайгаа хэдэн төгрөгөөр зарчихаж байгаа юм байх даа гэж бодоод сууж байна. Нутгийнхан маань намайгаа овоо үнэтэй зарсан бол ч яахав. Би тэдэнд хэдэн төгрөгтэй болох хөшүүрэг болсон бол болоо, хүнд буян л болж гээд бодоод байна ш дээ.

-Мөнгө тараасан гэдэг нь баттай юм уу?

-Оны өмнөөс л тарааж эхэлсэн юм байна лээ, сонсох нь. МАН оюутнуудыг ихээр ажиллуулсан. Хөвсгөлд гэхэд л 2000 гаруй оюутан ажилласан сураг байна. Оюутнуудыг ажиллуулаад цалин гээд 1-2 сая төгрөг өгчихдөг. Нэг оюутны цаана гэр бүлийнх нь гээд долоо, найман хүн бий. Оюутнаар дамжуулаад л гэрийнхэнд нь мөнгө өгчихөж байгаа байхгүй юу. Ингэхээр дор хаяж 14 мянган хүний саналыг худалдаад авчихаж байгаа юм. Тэгээд өөрсдийнх нь намын хүмүүс. Дэмжигчид нь байна. Хүмүүс чинь орой болтол гэр бүлээрээ олуулаа саналаа өгөхгүй суучихдаг юм байна. Тэгээд цаг дөхөөд ирэхээр утасдаад за тэдэн хүн байна бид саналаа өгөх гэж байна гээд шууд хэлдэг болж. Над руу ч гэсэн хүмүүс утасдсан. “За ах бид наймуулаа байна. Саналаа өглөө явж. Та яах юм. Бензиний мөнгө төгрөг өгөх юм уу” гээд. Тэгэхээр бензиний мөнгө гээд 50 мянган төгрөг шилжүүлэлтэй биш. Цаана нь олон хүн байна гээд байхад. Тэгээд ч хууль зөрчсөн болоод явчихна. Болохгүй гээд хэлэнгүүт за за энэ Гүндалай юм өгөхгүй юм байна гээд утсаа салгачих жишээтэй. Манай хүмүүс чинь амьдрал ядуугаас болж аргатай болчихсон. Мөнгө тараах арга нарийсчихсан. Авах нь хүртэл нарийсчихсан байна.

-Таны хувьд тусгаарлалтад байгаа хэрнээ өндөр санал авсан нь олны анхаарлыг их татсан. Хэрэв тусгаарлалтад бус биечлэн орон нутагтаа очиж ажилласан бол арай өөр дүн сонсох байсан болов уу?

-Хүн бүхэн л тэгж ярьж байна. Та өөрөө ирээд хүмүүстээ гар бариад биечлэн уулзалт хийгээд явсан бол шууд гарах байлаа гээд л байна. Магадгүй. Учир нь хичнээн хөгжсөн ч гэсэн суурин сумаас цааш гараад баг, зусландаа интернэт сүлжээгүй, смарт утасгүй байгаа болохоор би энэ байрнаас хичнээн лайв хийж, өөрийгөө сурталчлаад амьд харилцаа үүсэхгүй зовлонтой юм. Ялангуяа гадаадаас цахимаар сурталчилгаагаа хийнэ гэдэг төвөгтэй байсан.

-Сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн хийсэн бэ?

-Нэг суманд 6-8 хүнтэй баг ажиллуулсан. Тэд маань миний тухай сэтгүүл, зурагт хуудас тараах ажлыг хийсэн. Тэгээд л тэр хүмүүстэйгээ лайваар холбогдож байсан. Намайг сонгуульд оролцуулахгүй гээд эрх баригчид чинь онгоцондоо суудал тавьж өгөхгүй зөндөө л хүлээлгэсэн. Зөндөө л намайг уясан. Сонгуульд гаргахгүй байх бүх л арга хэмжээг авлаа даа. Тэр онгоцонд чинь би байтугай гэр бүлгүй, эрүүл саруул 20 орчим настай ганцаараа яваа зөндөө л залуучууд ирдэг юм байна лээ. Зөвхөн ахмад настай, жирэмсэн, өвчтэй хүн ирдэг гэдэг худлаа л юм билээ. Би хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр яваад хоёр хүүхэд, эхнэртэйгээ хүний нутагт гацсан. Эхнэрийг минь явуулаад намайг ганцааранг маань үлдээсэн. Олон сар хүний нутагт, хөл хориотой байна гэдэг амаргүй даваа. Яахав, үнэхээр мөнгө төгрөггүй болчихсон хүнд байдалтай залуусыг харахаар сэтгэл өвдөөд 100 ам.доллар аваад өгөх үе ч байсан.

-Та сонгуулийн өмнө зуу татангаа уйлж лайв хийсэн нь нөлөөлсөн ч гэх яриа байна. Зориуд өрөвдүүлэх гэсэн төлөвлөгөөт пиар уу, үгүй юү…?

-Ерөөсөө тийм юм бодоогүй. Би морин цаг хүлээгээд лайв хийж эх орондоо ирсэн байдлаа хүмүүст хэлээд, 10 мянган монголчууд хүний нутагт хорионд орж яаж зовж зүдэрч байгааг харсан хүн байна сэтгэгдлээ хуваалцъя гэж бодсон юм. Хэлэх барих зүйлээ ганц хоёр минут бодоод сууж байсан. Лайваа эхлүүлээд ярьж байтал намайг яагаад эх оронд минь ирүүлэхгүй хавчсан нь бодогдоод, дээрээс нь гадаадад олон мянган монголчуудыг хэрхэн амьдралын төлөө зүтгэж зовж байгааг хэдэн сар нүдээрээ харж сэтгэл өвдөж дунд нь байсан хүн чинь жаахан юм уусан халуундаа сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй өөрийн эрхгүй хазайгаад орчихсон. Уг нь дурдаад өнгөрөх байсан. Тэгсэн юун төлөвлөснөөрөө явах уйлаад нус нулимстайгаа холилдоод дууссан. Би чинь тэгж ч уйлж унжаад байдаг аавын хүү биш. Тэгээд ч лайв хийхдээ төлөвлөгөөтэйгөөр уйлна ч гэж юу байхав.

-АН-аас нэр дэвшсэн бол шууд сонгогдох шаанс байсан ч юм шиг?

-АН-аас би нэр дэвшсэн бол шууд нэгээр гарах байсан. АН-аас дэвших боломж байсан л байх л даа. Би өөрөө хичээгээгүй. АН-аас надтай холбогдоогүй. АН нэгэнт л сөрөг хүчин л байсан юм чинь үүргээ олигтойхон биелүүлэх байсан. Энэ олон суудал хуваасан жижиг намуудыг яаж ийж байгаад өөр дээрээ нэгтгээд суудал өгөөд зохион байгуулалт хийсэн бол сөрөг хүчин болох бүрэн боломж байсан. Сөрөг хүчнүүд хүчээ нэгтгэхгүй бол урагшаа гарахгүй.

Олон жил ингэж явж байна. Тиймээс орон нутгийн сонгуульд, дараагийн сонгуульд АН амбицаа дараад намуудыг нэгтгээд манлайлж оролцоод явахгүй бол хэзээ ч сонгуульд амжилт үзүүлэхгүй. Дээр нь нэр дэвшигчид нь сайн байх ёстой. МАН эсрэг талд нь хүчээ нэгтгэе гээд сонгуульд орж байхад АН тарж бутарсан байдалтай орчихоор яаж олон суудал авах юм.

-Хүмүүс шинээр бүрдсэн МАН-ын Засгийн газрыг улс орноо хөгжүүлнэ гэдэгт итгэл муутайхан байгаа нь үзэл бодлоос нь илт харагдаж байна. Таны хувьд ирэх Засгийн өнгө ямаршуухан байх бол гэж харж байна?

-Одоо коронавирус гээд дотооддоо хөл хориогоо тогтоогоод хүмүүс ажилгүй, эдийн засаг нь уначихсан байдалтай байна. Энэ эдийн засгийг босгох гэж нэлээд удна даа.

Төр байсан мөнгийг сая ноолуур энэ тэрээ гээд тараагаад өгчихлөө. Өр зээл нэхэгдэж байна. Дэлхийн эдийн засаг унаж байгаа. Ийм үед улс эх орноо авч явахад энэ Засгийн газарт хэцүү л байх байх даа. Энэ янзаараа 30 жил явсан замаараа л явна биз.

30 жилийн хугацаанд нэг л үр дүн харагдаж байгаа. Баян хоосны ялгаа газар тэнгэр шиг ялгаатай болж. Баян нь дийлдэхгүй баян. Ядуу нь бүр туйлын ядуу болсныг бид харж байна. Энэ бол МАН-ын явуулдаг л зам. Энд нэг тийм зам, тийм барилга барилаа гэдгээс хэтрэхгүй. Тэр бол яахав, дэд бүтцийнхээ хүрээнд л хийгдэх ёстой л ажил. Яг ард түмний төлөө дорвитой юм хийхгүй л болов уу. Нөгөө л нэг аргацаасан хэвээрээ л үлдэнэ. Хуучиндаа л үлдэж байгаа юм л даа. Уг нь ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тийм шинэчлэл хийхийг хүсдэггүй. Өөрсдөө л идэж, ард түмнийг ядуу байрандаа байлгаж өдөр хоногийг аргаацах байх даа.

Categories
мэдээ нийгэм

УОК хуралдана

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдана.

Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх аж.

Тавдугаар сарын 25-ны өдөр болсон УОК-ын 22-р хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ийм амбиц гаргахаас өөр аргагүй боллоо

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та Ардчилсан намын даргад өөрийн нэрээ дэвшүүллээ. Яагаад ийм шийдэмгий байдлаар байр сууриа илэрхийлэхээр болов?

-Миний хувьд том амбицаас хол олон жил явсан. Ер нь улстөрд байх үедээ өөрийгөө дандаа хоёр, гуравдугаар эгнээнд тавьж, мундаг эрчүүдийг гаргахад зориулагдсан мэт л ажиллаж ирсэн. Улс төрийн гал тогооны бүх л үйл ажиллагаанд оролцож байсан хэрнээ нэгдүгээр эгнээнд оръё гэсэн амбицыг төдийлөн гаргаж байгаагүй. Гэхдээ өнөөдөр ийм амбиц гаргахаас өөр аргагүй боллоо. Учир нь манай нэгдүгээр эгнээнд байгаа эрчүүд намаа удирдахдаа хоёр сонгууль дараалан хүлээн зөвшөөрөхийн аргагүй том ялагдлыг авчирлаа. Үүнээс болж намын гишүүд сэтгэл санааны маш хүнд байдалд орж байна. Яагаад ч юм. АН-ын ялагдал ардчилалд хайртай, дэмждэг хүн бүрийн ялагдал болчихдог. Энэ ч утгаараа намд итгэх итгэлээс гадна ардчилалд итгэх итгэл ихээр бүдгэрч байна. Энэ нь тун хортой үр дагавартай. Тэр ч утгаараа ардчилалд итгэх итгэлийг сэргээе гэвэл ямар нэгэн байдлаар АН-д итгэх итгэлийг сэргээх ёстой. Монголын ардчилалтай Ардчилсан нам хүйн холбоотой юм. Бид хүүхэд, залууст илүү сайхан боломжтой нийгмийг авчирч өгдөг улс төрийн хүчнийг босголцох ёстой. Одоо хоёр, гуравдугаар эгнээ рүү суугаад байх цаг биш юм байна. Зүгээр л эхний эгнээний өрсөлдөөнд оролцъё. Бид харсаар, мэдсээр байж оролцохгүй юм бол хэн, хэзээ оролцох вэ. Энэ ч утгаар өөрийгөө намын даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлалаа. Энэ өрсөлдөөнд олон хүн оролцох боломжтой. Би хаалгыг нь л нээлцэж байгаа юм. Мэдээж энэ өрсөлдөөнд хүмүүс ялъя гэж оролцоно. Тиймээс бусад нөхдийгөө амбицаа илэрхийл, Ардчилсан намаа яаж босголцохоо ярилцъя, оюун бодлоо уралдуулцгаая гэж уриалмаар байна. АН-д байгаа ардчилсан бус дүрмийн заалт, элдэв зүйлсээсээ салъя, намынхан, ард түмнийхээ нурууг хэзээ ч даахгүйгээр бөхийлгөх элдэв татварын системээ эргэж харъя, дараа үеийн залуусын авч явах ардчиллын суурийг зөв тавилцъя, хийсэн алдаануудаа цэгцэлье. Бид Ардчилсан намын гишүүд мөн л юм бол дараагийн сонгуульд намаа ялуулах ажлыг өнөөдрөөс эхлээд хийх ёстой. Манай намын гишүүдээс ч “Намынхныхаа алдааг гишүүдээсээ тэвчээртэй сонс. Дээгүүрээ мөнгөтэй хэд нь ярьж байгаад асуудлаа шийддэгээ боль. Олноо сонсож өөрчлөлтөө хий” гэх зэрэг захиа даалгаврууд ирж эхэлж байна.

-Ардчилсан намын ялагдлыг дотоод эв нэгдэл муу, ямар нэгэн лидер гаргаж ирээгүй, залуучуудаараа цус сэлбэдэггүйтэй холбоотой гэж тайлбарлах нь байна. Таны хувьд энэхүү ялагдлыг юутай холбож тайлбарлах вэ?

-Намын суурь рейтинг гэж бий. Ямар ч нам сонгуульд орохын өмнө сууриа зузаатгах гэрийн даалгаврыг биелүүлэх ёстой байдаг. Тэр гэрийн даалгавар нь намын нэрээр нэр дэвшиж байгаа хүмүүст саналын суурь дэмжлэг болж очдог. Манай нам сонгуулийн кампанит ажлын үеэр ялагдчихсан юм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэрийн даалгавраа буруу, дутуу хийсэн бол заримыг нь бүр огт хийгээгүй юм. Энэ бүхнээсээ л болж саяын сонгуулийн нэг сарын хугацаанд яаж ч хичээгээд рейтингээ өсгөж чадаагүй. Одоо намын шинэ удирдлага гарлаа гэхэд эхний өдрөөсөө л гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Намынхаа үзэл санааг цэгцлэх, гишүүдээ нэг зүгт харуулж, нэг зорилготой болгох, тэднийг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зүг бүрт өөр өөр зүйлс яриулах бус чиг шугамыг нь бариулах гээд бүх бэлтгэлийг хангах ёстой юм. Энэ бэлтгэлийг намын удирдлага л хангуулах ёстой байдаг. Энэ удаад бэлтгэл тун муу явагдсан.

-Намын удирдлагууд гэрийн даалгавраа муу хийсэн нь намын суурь рейтингд нөлөөлсөн гэлээ. Ер нь та сонгуулийн үр дүнг хэрхэн таамаглаж байв?

-Арай ч ийм том ялагдал хүлээнэ гэж таамаглаагүй. Би МАН, АН хоёр эн тэнцүү, ялимгүй зөрүүгээр л ялж, ялагдах байх гэж бодож байсан. Гэхдээ миний таамаглал хөөсөрсөн, илүү өөдрөг байсан юм билээ. Намын удирдлагууд хэрхэн таамаглаж байсныг би хэлж мэдэхгүй. Намын удирдлага анх нэр дэвшүүлэлтээ хийхдээ ямар тойрог дээр, хэнийг тавьбал ялах вэ гэдгийг харах ёстой байсан л даа. Гэтэл тэр тооцоог огт хийгээгүй. Судалгаа, тоо баримт харахгүйгээр хүнийг ялах тойргоос нь салгаж, ялагдах тойрог руу нь явуулах, эсвэл баталгаатай ялах хүнээ дэвшүүлэхгүй байх зэрэг алдаануудыг гаргасан. Энэ нь намыг ялагдалд хүргэж байгаа юм. Ийм асуудал З.Энхболд даргыг намын дарга байх үед гарч байсан. Намын удирдлагууд шинжлэх ухааны үндэстэйгээр намын дотоод нөөц бололцоог хуваарилж сурах хэрэгтэй. Цаашдаа намын удирдлага бүлэг, фракц, элдэв хувийн эрх ашгийг хойш тавьж, нэр дэвшигчээ ялах тойрогт нь тавьж л сурах ёстой. Намын дарга энэ том гэрийн даалгавраа биелүүлэхийн тулд гишүүдээ дөрвөн жилийн турш чиглүүлж, судалж, судалгааных нь араас нягталж байх учиртай. Судалгаанаас зөрсөн гэнэтийн байр суурь орж ирэхэд хэрхэн няцаах вэ гэдэг нь ч өдөр тутмын ажилтай холбоотой шийдвэр гаргалтын процесс юм. Энэ процесс шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой байсан бол ингэж баримжаагүй хуваарилалт хийгдэхгүй. Үр дүн нь ч ийм хэмжээнд савлахгүй.

-АН ийнхүү хоёр удаагийн томоохон ялагдал хүлээлээ. Иргэд дэмжигчдийнх нь зүгээс АН хурдан хугацаанд өөрчлөгдөж, хоёр том хүчний нэг хэвээр байх ёстой гэсэн шаардлагыг зүй ёсоор тавьж байна. АН-д шинэчлэгдэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

-Энэ боломжгүй зүйл биш. Бид тийм хэмжээнд хүргэх үүрэгтэй. Ардчилсан намд маш их нөөц бололцоо бий. АН МАН-тай эн тэнцүү буюу түүнээс илүү гарах улс төрийн хүчин болох ёстой. Бид хүчээ дайчилж, нөөц бололцоогоо зөв хуваарилж, байгаа нөөц бололцоондоо тохируулан иргэдээ цааш нь ямар үзэл санааны манлайллаар дагуулах вэ гэдгээ ярьж, гарц гаргалгаагаа олох шаардлагатай. Үүнийг нэг л хүн бодоод олчихгүй. Нам гэдэг дуртай нь орж, гарч болдог нээлттэй бүтэц. Энэ бүтэц дотор шилдгийн шилдэг санаануудыг олохын тулд арга барил нь нээлттэй л байх ёстой. Хүмүүсийн бодол санаан дотроос маш ардчилсан, нээлттэй, ухаалаг арга замаар хамгийн хэрэгжих боломжтой санаануудыг шигшиж гаргаж ирэн намаа чадавхжуулах ёстой юм.

-Ардчилсан намын дүрмээр дараагийн намын дарга хэдий хугацааны дараа тодорхой болсон байх ёстой вэ?

-Манай намын дүрмээр нам сонгуульд ялагдсан л бол тэр өдрөө намын удирдлагуудыг огцорсонд тооцдог болсон. Тэгэхээр манай намын удирдлагуудыг зургадугаар сарын 24-нд ард түмэн огцруулчихаж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дүрмийн хороо дээрх дарга нарын огцорсныг албажуулна. Энэ тогтоолыг ажлын тав хоногт багтаан гаргана. Энэ тогтоолыг үндэслээд Дотоод сонгуулийн хороо дараагийн дарга нарыг сонгох сонгуулийн бэлтгэл ажилдаа орох ёстой. Дотоод сонгуулийн хороо 14 хоногийн дотор Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлана. ҮБХ-ны хурлаар намын дарга нарыг огцорсныг албажуулсан дүрмийн хорооны тогтоолыг баталж, албан ёсоор огцруулдаг. Энэ бүх үйл явц 14 хоногийн дотор хийгдэх ёстой. Намын дарга нар огцрох үйл ажиллагаа дууссаны дараагаар дараагийн намын даргыг сонгох сунгааг зохион байгуулах, намын Их хурлыг зохион байгуулах зэрэг дотоод зохион байгуулалтыг ажлууд хийгдэнэ. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдийн сонгуулийг дахин явуулах зэрэг ажлууд өрнөнө. Сонгуулиас хойш 90 хоногийн дараа буюу есдүгээр сарын 24 гэхэд Ардчилсан намын Их хурлаар шинэ дарга батламжаа авч байх ёстой.

-Танаас гадна намын даргад нэрээ дэвшүүлэх хүмүүс байна уу. Тодорхой болоогүй ч таамаг бий юү?

-Гарч ирээсэй л гэж бодож байна. Би намын даргад нэрээ дэвшүүлснээрээ маш олон хүнээс “Зөв зүйтэй байна. АН зоригтой алдаа, дутагдлаа яриад эхэл” гэсэн байр суурь, шаардлагуудыг сонслоо. “Нэг нь ялагдлаа гэсэн шиг нөгөөх нь дараагийн уралдаанд ороод эхэллээ” гэсэн шүүмжлэл ч ирж байна. Аль аль нь байж болох магтаал, шүүмжлэл. Манай намын түүхэнд надаас өөр хүн сонгуулийн маргааш намын даргад өрсөлдөнө гэж зарлаж байгаагүй байх. Учир нь АН-ын энэхүү дүрэм нь анх удаа хэрэгжих гэж байгаа юм. Аливаа нэг дүрмийн шинэ заалт анх удаа хэрэгжих гэж байхад тэр дүрмийг ойлгож байгаа хүн бусдад хэрэгжүүлэхийг уриалах, тайлбарлах хэрэгтэй. Энэ дүрмийг тайлбарлаж, уг өрсөлдөөнд өөрийгөө татан оролцуулж байгаа минь өнгөрсөн ялагдлын үеийн сургамжаас бий болсон дүрмийн шинэ заалтыг хэрэгжүүлэхэд нь намынхаа гишүүдэд тусалж, сануулж байгаа хэрэг. Ингэж өрсөлдөөний процессийг эхлүүлье л гэж бодсон юм. Энэхүү дүрэм хатуу, дараагийн намын даргаа сонгохдоо уужуу тайвнаар хүлээх боломжгүй. Ийм хоног өдөр заачихсан дүрэмтэй учраас хугацаа алдалгүй АН-ын процесс явагдаасай гэж хүсэж байна.

-АН-ын залуус сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Би үүнийг маш эрүүл үзэгдэл гэж харж байна. Ардчилсан намд тодорхой хэмжээнд дотоод ардчилал байна. Гишүүдэд ардчилсан аргаар аливаа зүйлийг шийдлийг олох хүсэл сонирхол маш өндөр байна. Ардчилсан намын залуус Дотоод ардчиллыг хангуулах Түр хороог байгуулахаар болж. Дүрмээрээ АН-д өөрчлөлт, шинэчлэлт гарах нь зайлшгүй. Энэ дүрмээрээ гарах өөрчлөлт шинэчлэлтийг дотоод ардчилалтайгаар түргэн шуурхай явуулах зорилготой байгуулагдаж байгаа юм билээ. Энэ бол тун зөв. Залуучуудын хувьд ч ингэж бухимдах нь зүйн хэрэг. Аливаа сонголт бүр тухайн улс орны залуучуудын өмнө шинэ боломжуудыг авчрах ёстой юм. Энэ удаад Монголын залуус маш олноороо санал өгч, шинэ өөрчлөлт, бодлого гарч ирээсэй гэж бодож байтал хуучин эрх баригчид тэр чигээрээ гараад ирсэн. Тэгэхээр зөвхөн АН-ын гэлтгүй Монголын залуус нийтдээ маш их бухимдаж, цочирдсон. Энэ цочролыг илэрхийлэх залуучууд АН-д байх ёстой. Тэр ч утгаараа залуучуудыг зөв шаардлага тавьсан гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт ОБЕГ-т “Инженер, технологийн дээд боловсрол” /1000 инженер/ төслийн багаас УОК болон эрүүл мэндийн салбарын албан хаагч нарт хандив өргөнө. Утас: 99832535

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль 2020

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 24-нд болж өнгөрөв. Энэ удаа 15 нам, эвсэл болон бие даагч нийлсэн нийтдээ 606 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдлөө. Санал хураалтын дүнг нэгтгэхэд МАН 62, АН 11 суудал авсан бол Зөв хүн электорат эвсэл нэг (Т.Доржханд), бие даагч нэг (Н.Алтанхуяг), Та бидний эвсэл нэг (С.Ганбаатар) суудалтай боллоо. Сонгогдсон 76 хүнээс 32 нь анх удаа парламентад суух болж буйгаараа онцлог юм. Эдгээр 32 шинэ гишүүний 24 нь МАН, долоо нь АН, нэг нь Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд болж байна. Шинэ гишүүдийн талаар товч танилцуулъя.

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Бейсен нь хүний их эмч, клиникийн профессор цолтой. 1988 оноос Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр ажлын гараагаа эхэлж аймагтаа тасралтгүй ажиллаж, 2007 онд тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар, 2012-2016 онд Нэгдсэн эмнэлгийн даргаар, 2016 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Аубакирыг 2016 онд омог нэгт Х.Баделхан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлэхээр зүтгүүлсэн ч түүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир Засгийн газар батламжлаагүй билээ. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажилладаг байжээ.

Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн А.Адьяасүрэнг хүмүүс “Номгон санчир” компаниар нь илүү мэдэх болов уу. Тэрээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Гуравдугаар тойрогт тэрээр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарыг хэдхэн саналын зөрүүтэйгээр яллаа. Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Анандбазарыг хүмүүс “Сод Монгол групп”-ын Анандбазар гэдгээр нь андахгүй.

Дорнод аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сэргэлэн бол Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, хошууч генерал цолтой нэгэн. Оператив тактик команд штаб гэх өвөрмөц мэргэжилтэй. Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Энхтүвшин нь тус аймгийн Засаг дарга билээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас олны анхаарлыг татсан хүн бол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг юм. Тэрээр Завхан аймагтаа МАН-аас нэр дэвшиж, АН-ын З.Нарантуяа, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, Хаан, Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Батсайхан нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-ын гишүүн болох эрх аваад байна. Гарьд маань 18828 хүний санал авч нэгээр гарч ирсэн бол МАН-аас нэр дэвшсэн Б.Баярсайхан 14350 хүний санал авч хоёрт бичигдсэнээр ирэх дөрвөн жилд парламентад суухаар болоод байна. Б.Баярсайханыг жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгээр нь хүмүүс мэдэх бөгөөд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү Завхан аймгийнхан хоёр шинэ төлөөллөө УИХ-д илгээжээ.

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Ганболд нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Радио холбооны инженер мэргэжилтэй. Түүнтэй АН-аас нэр дэвшигч хуульч О.Алтангэрэл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг нар өрсөлдсөн юм. Энэ удаагийн парламентад шинээр орж ирж буй хүмүүсийн дунд аймгийн Засаг дарга нар олон байна. Тэдний цувааг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үргэлжлүүлж байна. Тэрээр МАН-аас нэр дэвшсэн бөгөөд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нартай өрсөлдсөн юм.

2020 оны сонгуульд Ховд, Сүхбаатар аймагт АН ялсан нь бас нэг онцлууштай үйл явдал боллоо. Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Батсуурь эдийн засагч мэргэжилтэй, 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Харин Н.Ганибалын хувьд Програм хангамжийн инженер, хэрэглээний математикч. Одоо Португалийн DED Боловсролын зөвлөх компанийн шинжээчээр ажилладаг бөгөөд 2016-2019 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2017 оноос АН-ын ҮБХ-ны гишүүн, 2018 оноос АН-ын УТЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Өнөрболорын хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн содон хүмүүсийн нэг. Тэрээр “Сөүл” Болороо нэрээрээ танигдсан. Дипломатч мэргэжилтэй. “Сөүл” группийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2019 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн Салбар зөвлөлийн тэргүүнээр тус тус ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймаг, 13 дугаар тойрогт Ч.Ундрам 22583 хүний санал авч хоёроор гарч ирсэн шинэ хүн болж байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой. 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллажээ. Ч.Ундрам, Д.Өнөрболор нар 13 дугаар тойрогт АН-ын лидерүүд болох С.Баярцогт, Д.Эрдэнэбат нартай өрсөлдсөн билээ.

Төв аймагт АН-аас нэр дэвшсэн Ц.Туваан, МАН-аас нэр дэвшсэн Ж.Батжаргал нар анх удаа УИХ-д сонгогдлоо. Ц.Туваан 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, ХАХНХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ хавар АН-ын дэд даргаар томилогдсон юм. Харин Ж.Батжаргал Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2002-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бөгөөд 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Увс аймагт АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 26644 хүний санал авч тойрогтоо нэгээр гарсан бол түүний ард МАН-ын Ч.Хүрэлбаатар 22562 санал, Б.Чойжилсүрэн 21378 санал авч удааллаа. ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл нь КТМС, Сиднейн Их сургууль, Харвардын их сургуулийг тус тус дүүргэсэн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Увс аймагт 30 жилийн дараа АН-аас нэр дэвшигч УИХ-д гарч байгаа нь энэ ээ.

Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Ш.Адьшаа нь одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн МоАХ-ны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн.

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Дамдинням уул уурхайн эдийн засагч, судлаач мэргэжилтэй. Байгаль орчны сайдын зөвлөх, БСШУ-ы сайдын зөвлөх, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эдийн засаг Нийгмийн хөгжлийн проректор, 2015 оноос Канад улсын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн судлаачаар тус тус ажиллаж байгаад одоо “Прокон Майнинг Монголиа” компанийн захирлаар ажиллаж байгаа аж. Тэрээр Дархан-Уул аймагт Тордайн Ганболд, Доржзовдын Энхтуяа болон сонгуулийн санал хураалтын өмнөхөн баривчлагдсан Б.Бямбасайхан нарыг өвдөг шороодуулж ийн УИХ-д анх удаа сонгогдоод байна.

Хамгийн ухаалаг сонголт хийсэн, сонгогчийн боловсрол өндөртэй гэгдээд буй Орхон-Уул аймгаас МАН-ын нэр дэвшигч Д.Батлут ялж, УИХ-д суухаар болов. Тэрээр одоо тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Гурван мандаттай энэ тойрогт тэрээр 22621 хүний санал авсан бол Норовын Алтанхуяг 19595 санал, Сайнхүүгийн Ганбаатар 17034 санал авч удаалснаар УИХ-д суух эрх өвөртлөөд байгаа билээ. Энэ тойрогт тэдэнтэй МАН-аас нэр дэвшсэн МЭХ-ийн тэргүүн Б.Оюунгэрэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өрсөлдсөн ч ялагдал хүлээцгээв.

За одоо, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн дүүргүүдээс ямар шинэ хүмүүс сонгогдож, парламентын гишүүн болоод байгааг сонирхуулъя. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар сонгогдов. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ тойрогт өрсөлдөж 21969 санал авсан бол Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 15576 санал авч удаалжээ. Тэд МАХН-ын Э.Эрдэнэжамъян, хөтлөгч Г.Чоглоонамжил, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нартай өрсөлдсөн.

Баянзүрх дүүрэг буюу 22, 23 дугаар тойргуудад МАН-аас нэр дэвшсэн хуульч Б.Энхбаяр, “Элэг”-ний хэмээх гавьяат эмч Ж.Чинбүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БЗД-ийн Намын хорооны дарга Э.Бат-Амгалан нар ялалт байгуулж, УИХ-ын танхимд анх удаа гишүүнээр суухаар болцгоов. Хуульч Б.Энхбаяр 22 дугаар тойрогт АН-ын лидерүүдийн нэг болох З.Энхболд, яруу найрагч Цоодолын Хулан, Их эв намын нэр дэвшигч, илтгэгч З.Бат-Отгон, бие даагч “Өүлэн” хэмээх Л.Өнөрчимэг нартай өрсөлдөж саналын хол зөрүүгээр ялсан юм. Харин 23 дугаар тойрогт Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар Шинэ эвслээс нэр дэвшсэн Ж.Батзандан, Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, АН-аас нэр дэвшсэн жүжигчин Ж.Баясгалан, бие даан нэр дэвшсэн генерал Б.Баярмагнай нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-д сонгогчдоо төлөөлөхөөр боллоо.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улс төр судлаач Ц.Мөнхцэцэг 20584 санал авч УИХ-д анх удаа сонгогдоод байна. Тэрээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, АН-ын ирээдүйтэй залуусын нэг гэгддэг С.Эрдэнэболд, “Bloomberg” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион, аялагч Г.Ганхүү, эдийн засагч Б.Мөнхсоёл, Та бидний эвслийн П.Шинжээравдан, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа, Ногоон намын О.Бум-Ялагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Энхбат, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал, улс төр судлаач А.Саруул, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Чингис хаан” хэмээх М.Чингисхаан нарын урд гишгэж, ирэх дөрвөн жилд сонгогчдоо парламентад төлөөлөхөөр боллоо. Ц.Мөнхцэцэг нь МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, гадаадын хэд хэдэн оронд зочин судлаачаар ажиллаж байсан өнөө цагийн шилдэг залуусын нэг гэгддэг бөгөөд нийслэлийн унаган хүүхэд юм.

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Хассуурийн Ганхуяг гурван мандаттай, 26 дугаар тойрогт 50073 хүний санал авч нэгээр гарч ирж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдлоо. Түүнтэй АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дуучин Нара буюу М.Нарантуяа нар өрсөлдсөн ч энэ удаад өвдөг шороодов.

Сонгинохайрхан дүүргээс нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, хөтлөгч П.Анужин нар сонгогдож, УИХ-д суух болсон нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Өмнөх сонгуульд хэдхэн саналаар ялагдаж байсан П.Анужин энэ удаад 32031 санал авч хүслээ биелүүллээ. Тэрээр 28 дугаар тойрогт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, бие даан нэр дэвшигч С.Мөнхчулуун, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, АН-ын О.Магнай, олон улсын тоймч Ш.Гантулга, Гамбууш буюу Н.Ган-Одтой саналаар уралдсан юм.

Харин нэвтрүүлэгч Б.Жаргалмаа 27 дугаар тойрогт “М-Ойл групп”-ын Б.Пунсалмаа, сумоч Кёкүшюзан Батбаяр, Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарын хүмүүстэй өрсөлдсөөн.

Санал авах өдөр ч сошиалаар өөрийгөө өмөөрүүлж, залруулга хийгээд байсан Ганибалын Амартүвшин Хан-Уул дүүрэгт сонгогдсон нь хүмүүсийг гайхашруулаад байна. Монголын иргэн мөн, биш гэж мэтгэж түүний тухай элдэв мэдээлэл хөвөрч байх зуурт тэрээр УИХ-д суух эрхтэй болчихлоо. МАН-аас нэр дэвшсэн түүнд Хан-Уулын иргэд итгэжээ. Энэ удаагийн сонгуулийн тарианы алтан түрүү, сор гэгдээд буй нэр дэвшигч бол Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд. Түүнийг УИХ-д суух ёстой чадалтай залуу гэдэгтэй маргах хүн үгүй байх. Т.Доржханд төрийн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ХҮН-ын Удирдах зөвлөлийн даргын алба хашдаг. Хитоцубаши Их сургууль, Оксфорд, Харвардын их сургуулийг дүүргэсэн нэгэн.

Г.Амартүвшин, Т.Доржханд нартай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, АН-ын Б.Түвшин, “Мак”-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “Шинэ эвсэл”-ийн Л.Болд, бие даан нэр дэвшигч Ц.Цолмон, хуульч Ч.Өнөрбаяр, хуульч, эрхзүйч Т.Энхсайхан, Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Төрболдын Бат-Оргил, зохиолч Б.Наминчимэд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Та бидний эвслийн Т.Баярхүү нар нэг тойрогт “үзэлцсэн”. Түүнчлэн өмнө нь дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдож байсан зарим нэр хүндтэй улстөрчид болоод хүмүүс итгэл хүлээлгэж байсан мэдлэгтэй залуус энэ сонгуулиар гарч ирж чадсангүй.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, дуучин Самандын Жавхлан, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа, Лу.Болд, баривчлагдаад буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Л.Гүндалай, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Зандаахүүгийн Энхболд, Д.Сүндий, Б.Найдалаа, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн, АН-ын дарга С.Эрдэнэ, бие даагч С.Мөнхчулуун нарт иргэд анхаарал хандуулж, гарч ирэх боломжтой гэж харж байсан ч нэр дэвшсэн тойргийнх нь сонгогчид “нүүр буруулж” саналаа МАН-д өгцгөөв. Мөн олон хүний харамслыг төрүүлж, “Боловсролтой, зоригтой залуус нэг тойрогт орчихлоо” хэмээн халаглаж байсан Хан-Уул дүүргээс Ц.Цолмон, Ч.Өнөрбаяр, Т.Бат-Оргил нарын шижигнэсэн залуус ялалт байгуулж чадаагүйд зарим сонгогч гонсгор үлдэв бололтой. Энэ удаагийн сонгуульд монголчууд 73.65 хувийн ирцтэй оролцож саналаа өглөө.