Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ. Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм. Анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ. Тэрээр, “Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асан олон ажил хүлээж байгаа хариуцлагатай цаг үед та бүхэн ард олны итгэлийг авч, сонгодлоо. Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна. Ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл та бүхнээс гарч болохгүй. Ард түмний итгэлээр өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. Мөн ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн учраас СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэсэн. Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. Та бүхний өмнө иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр, иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, зоригтой шийдэл та бүхнийг хүлээж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

НОБГ-ын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Алба хаагчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу хоёр чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, зөвлөмжийг тараан, голын ногоон бүсэд байгаа автомашинуудыг холдуулах ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөн хэвийн явагдаж байна

Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсоогоод байсныг зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цуцалсан байна.

Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 06-р сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ.

Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаа.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ.

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө.

Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдол гаргасан 12 тойргийн 164 хэсэгт 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирч, зөрүү гараагүйг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн тайлан мэдээнд дурдсан байна.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна” гээд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авлаа.

Categories
гадаад мэдээ нийгэм

​ДЭМБ-аас БНХАУ руу коронавирусын үүслийг судлах шинжээчдийн багийг илгээнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын үүслийг тодруулах зорилгоор ирэх долоо хоногт БНХАУ руу шинжээчдийн багыг илгээхээр болжээ. Энэ талаар Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна. Шинжээчдын гүйцэтгэх энэхүү ажил нь “Уг вирус хэрхэн тархаж эхэлсэн, цаашлаад дахин дэгдэлт гарвал бэлэн байдлаа хангаж юу хийх ёстойг тодруулна”гэж найдажбайгаагаа тэрээр илэрхийлжээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

“ЖИ ТАЙМ” сүлжээнд холбогдох шүүх хуралдааныг шууд дамжуулна

“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайттай хамтран LIVE хэлбэрээр дамжуулан хүргэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг www.zindaa.mn цахим сайтын лайв болон “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулна.

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгааг анхаарахыг хүсье гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Мөн шүүх хуралдааны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд хүргэнэ. Хохирогчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

​Д.Нямхүү: Эмчлэгдэж эдгэрээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх амаржлаа


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10400000 хүн өвчилж, 507000 хүн нас барсан байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Зургадугаар сарын 29-ны өдөр 357 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 45 хүн эмчилгээнд байна. 11 хүн хүндэвтэр байна. 2 жирэмсэн эх коронавирусийн халдвартай байна. Өнөө өглөө эдгэрсэн ээж ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

Коронавирусийн цар тахал бол гамшиг юм. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах нь гамшгаас сэргийлэх жор юм гэж ДЭМБ-аас анхаарууллаа.” Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчиллөө. АНУ, Бразид, Энэтхэгт халдварын тохиодол хамгийн олон бүртгэгдсэн.Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна. “Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах боломжтой” хэмээн ДЭМБ-ын захирал онцолж хэллээ. ОХУ-д өчигдөр 6,719 хүн шинээр өвчилж, 59 хүн нас барсан байна. Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн. Тувад нийт өвчлөлийн тоо 4,361 болсон байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн. 29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.6 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас хүүхдийн амь аварсан цагдаад талархал илэрхийлэв

Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдаж байх үеэр нийслэл хотын зарим айл өрх, тээврийн хэрэгслүүд үерт өртөж, их хэмжээний гарз хохирол учирсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсахад тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид амь тэмцэн, амжилттай аварсан тухай өмнө нь та бүхэнд мэдээлж байсан.

Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эрдэнэт хүний амийг аварсан алба хаагчид болох Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бат-Өлзий, эргүүлийн цагдаа жолооч, дэд ахлагч Б.Отгонбат нарт 11 настай хүүгийн ээж иргэн С.Нэргүй талархал илэрхийллээ.

Иргэн С.Нэргүйг цагдаагийн байгууллагын алба хаагч нарт талархсан сэтгэлээ илэрхийлэхээр хандахад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж, алба хаагчдын төлөөлөл хүлээн авч уулзсан юм. Иргэн С.Нэргүй хэлэхдээ:

Үер усны аюулаас хүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагч нартаа маш их баярлаж байна. Үр хүүхдээс минь дутуугүй идэр залуухан цагдаагийн алба хаагч нар хүүгийн минь амийг аварсан учир бид өнөөдөр элэг бүтэн байна. Эцэг эхчүүд та бүхэн байгалийн онц ноцтой үзэгдэл, гал усны аюул, үерийн үед үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, сонор сэрэмжтэй байгаарай гэж хэллээ.

Эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн алба хаагч нартаа болон цагдаагийн алба хаагч нартаа чин сэтгэлээс талархал илэрхийлсэн иргэн С.Нэргүй нартаа ажлын амжилт хүсэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: ЭЕШ өгөх хүүхдүүдийн дунд бүх хувилбарыг будвал зөвийг нь уншина гэсэн цуу яриа байдаг. Энэ бол худлаа

Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-ЭЕШ-ын цагийн тооцоог ямар шалгуураар бодож гаргадаг вэ? Цагтаа амжсангүй гэх гомдол их гардаг?

-Шалгалтын цагтаа амжихгүй байх боломжгүй. Шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан олон улсын жишиг гэж бий. Ямар хэлбэрийн даалгаврыг хэчнээн минутад гүйцэтгэх вэ гэсэн тооцоололтой байдаг.

Жишээлбэл, сонгох хэлбэрийн даалгаврыг хүүхдүүд нэгээс хоёр минутад хийж гүйцэтгэх боломжтой. Харин харгалзуулах хэлбэрийн даалгаврыг дөрвөн минутад амжуулах боломжтой. Задгай хэсгийн бодлогын даалгаварт тухайн бодлого хэдэн үйлдэлтэйгээс хамаараад тус бүрт хугацааг нь тооцдог юм.

Шалгалтын цагтаа амжихгүй байгаа нь хувь хүний цаг хуваарилалтын асуудал. Цагаа зөв тэгш хуваарилж чадвал амжихгүй гэх шалтгаан байхгүй.

-Хүүхдүүд хариултын хуудсыг илүү, дутуу эсвэл бүдэг будсанаас болж засалтын төхөөрөмж уншдаггүй гэсэн. Үүн дээр та зөвлөгөө өгөхгүй юу?

-Мэдээж хэрэг илүү, дутуу, бүдэг будсан тохиолдолд төхөөрөмж уншихгүй. Хүүхдүүдийн дунд бүх хувилбарыг будвал зөвийг нь уншина гэх зэрэг буруу ойлголтууд байдаг. Энэ бол худлаа.

Хэрхэн зөв будах талаар шалгалтын материал дээр дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. Мөн БҮТ-ийн сайтад байрлах шалгалтын хуудас бөглөх заавартай танилцаж, хэвлэн авч, будах дасгал хийвэл зүгээр шүү.

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материалууд бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, бүртгэлийн хуудас. 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна.

Мөн цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны зургаадугаар сарын нэгнээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт) шалгалтад авч ирнэ.

Хэрвээ цахим үнэмлэхээ гээгдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх. Түүнээс гадна бүрэм дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлсэн байх шаардлагатай.

-“Халаас оноо” гэж бий юү?

-“Халаас оноо” өгнө гэсэн ойлголт байхгүй. Ер нь ийм оноо ч гэж байхгүй. Анхны дунджаас хамаараад 200-800-гийн хооронд хэмжээст оноо бодогддог. Тэгэхээр манай хүүхдүүдийн дунд 200 онооноос дээш авч байгаа учраас “Халаас оноо” байна гэж үзээд байдаг. Хамгийн доод талын оноо нь 200 гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд 100 оноо авах ёстой, 100 онооноос хэд авч байна вэ гэдэг чинь анхны дундаж оноо болох юм.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРМААС

1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ www.eec.mn/article449 зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
2. Шалгуулагчид Та бүхэн шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд арван минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.1. Бүртгэлийн хуудас (2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна)

3.2. Суудлын хуваарь;

3.3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ)

3.4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

6. Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.

7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас (цаашид шалгалтын материал гэх)-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.

8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.

11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.


ШАЛГУУЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Шалгуулагч та даалгавраа амжилттай гүйцэтгэхэд туслах зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Шалгуулагч та ширээн дээр буй гэрээний хуудсыг уншиж, танилцаад гарын үсгээ зурна. Хэрэв зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу зөрөх гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу зааланд буй хянагч багшид мэдэгдэж протоколд тэмдэглүүлээрэй.

2. Шалгалтын материалын хуудасны бүрэн бүтэн байдал болон хэвлэлийн алдаатай эсэхийг сайтар нягтлаарай.

3. Хонх дуугарч шалгалтын товлосон цаг эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад монгол хэл, англи хэл, орос хэл, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлүүдийн шалгалтыг 80 минутад багтаж даалгавраа гүйцэтгэн, хариултын хуудсыг бөглөнө. Шалгалтын заасан хугацаа дуусаж, хонх дуугармагц та бүхний гүйцэтгэсэн даалгаврыг баганан код наалган хурааж авна.

4. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой ямарваа нэгэн асуулт асууж, тайлбар авахгүй.

5. Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг егөх учраас нямбай ажиллаарай. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.

6. Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйл авч орсон бол хураалгаарай.

7. Шалгуулагчид нь даалгавар гүйцэтгэж байх үедээ хоорондоо ярих, эргэж харах, харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусдадаа саад болохыг хориглоно. Хэрэв та дээрх үйлдлүүдийг хийвэл таныг шалгалтын заалнаас гаргах болно гэдгийг анхаараарай.

8. Шалгалтын материал тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбараа тулган шалгуулагч бүр өөрийн гараар гэрээний хуудасны хувилбар тавих зайд гаргацтай, үнэн зөв, тод бичээрэй.

10. Шалгалтын хугацаа дуусахад та дугтуйнаас гарсан хос баганан кодын нэг хувийг нь хариултын хуудсан дээрх баганан код наах хэсэгт, нөгөө хувийг нь гэрээний хуудасны баганан код наах хэсэгт наана.

11. Хос баганан код дээрх бүртгэлийн дугаар таны гэрээний хуудасны бүртгэлийн дугаартай таарч байгаа эсэхийг нягтлан хараарай.

12. Шалгалт өгөх үедээ хариултын хуудасны санамж зааврыг маш уншиж танилцах, цагаа төлөвлөх, хариултаа бөглөхдөө тоот мөр алгасаж зөрүүлэхгүй байх.

13. Хянагч багшийн талаар шалгуулагчдаас гомдол санал байвал та бүхэн шалгалтын комиссын ахлагчид бичгээр уламжилж шийдвэрлүүлэх эрхтэй.

Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор “шалгуулагчийн булан”-д нэвтэрч Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн шалгуулагч та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулна гэлээ.

Тэд мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх хэргүүдийг шалгахад өөрсдийн төлөөллийг оролцуулах хүсэлтээ хэлж, цаашид сонгуулийн хууль, тогтоомжийг нэр дэвшигч бүрт нэг гарааны, ижил тэгш байхаар батлах, мөрдөх хэрэгцээ шаардлагатай байгаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ удаагийн сонгуулийн дүнд, МАН-ыг оролцуулахгүйгээр нам, эвслүүд нийт сонгогчдын 54 хувийн санал авсан статистик гарсан.

Гэвч, сонгогчдын олонхын санал авсан нам эвслүүд УИХ-ын цөөнх болж, цөөнхийн суудал авсан нь олонх болж байгаа нь сонгуулийн систем, хууль тогтоомжийн тэгш бус байдлыг илэрхийлж байгаа гэлээ. Мөн энэ жишээ нь зарим нам эвслүүдийг нэгдэж, нягтарч, хамтран ажиллах ёстойг сануулсан хэрэг боллоо хэмээн санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслүүдийн өгч буй өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцсаныхаа дараа хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр, Шинэ эвслийн дэд дарга Ц.Баттуяа, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх нарын хүмүүс оролцлоо.