Categories
мэдээ улс-төр

УИХ-ын анхдугаар хуралдаан түр завсарлалаа

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж дууслаа. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм. Анхдугаар хуралдааныг даргалагч Х.Баделхан УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцууллаа. УИХ-ын тогтоолын төсөл дээр саналтай гишүүн байсангүй. Тиймээс УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгад талархсанаа илэрхийлэв. Ингээд чуулганы хуралдаан түр завсарлалаа.

УИХ-ын Анхдугаар чуулган 16:00 цаг үргэлжилж УИХ-ын даргаа сонгох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. Улсын Их хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг.

Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал Та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.

Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа.

Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.

Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.

Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.

Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.

  • 2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
  • 2012 онд 35.3%
  • 2016 онд 33.6%
  • 2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.

Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн харгай гэж үзэхээс өөр арга алга. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан юм.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна.

Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.

Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална.

Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт-Баруун-урт, Баруун-урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгой, Оюутолгой, Хармагтай, Цагаан суварга, Манлай, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.

Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна. Жилд 10 – 15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

Эрхэм гишүүд ээ,

Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.

Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн урамшуулалд хамрагдаарай

ИРГЭДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

2020 оны 2-р улирлын цахим төлбөрийн баримтаа 2020.07.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн #НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Лавлах утас 1800-1288, 75777507

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын зохион байгуулалтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарьЭлсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийжээ. Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулсан байх бөгөөд урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулсан байна. Шалгалтыг зохион байгуулах байрнуудын 4 байранд буюу 17.8 хувьд зураглал хийж байршуулаагүй, шалгалтын 5 байранд буюу 14.7 хувьд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, 2 байранд буюу 5.9 хувьд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, 13 байранд буюу 38.2 хувьд анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулаагүй, 2 байранд буюу 94.1 хувьд ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хангаагүй, нийт 805 анги танхимд шалгалтыг авахаас 457 буюу 56.7 хувийг камержуулаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, эрүүл мэндийнхэнд туулах чадвар сайтай 90 автомашин гардуулан өглөө

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өнөөдөр Сүхбаатарын талбайд гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж “Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээлээ. “Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар онцлон хэллээ.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. Энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон. Хуваарийн дагуу хоёрдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Иймд иргэд хоёрдугаар улиралдхудалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Охидод зориулсан гар утасны аппликейшин нээлтээ хийлээ

Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог. Харин ОКИ аппликейшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар болон үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтуудыг няцаах, сарын тэмдгээ хянахад нь охидод туслах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь охидод туслах зорилгоор бүтээгдсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс охидод зориулан, охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликейшнийг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, санаа бодол, туршлагаасаа хуваалцсан нь тус аппликейшнийг охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликейшн болгосон. Мөн өсвөр насны охидод зориулсан монгол хэл дээрх энэ төрлийн анхны аппликейшн гэдгээрээ онцлогтой юм.

ОКИ аппликейшнийг Монголын өсвөр насныхан дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Эдгээр байгууллагуудын төлөөлөл цахим нээлтэд оролцож, ОКИ аппликейшнийг танилцуулсны зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ОКИ аппликейшний анхны хэрэглэгчдийн төлөөлөл болж Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид сэтгэгдлээ хуваалцсан юм. Охид ОКИ аппликейшн их таалагдсан талаар, тэдний дотны найз, үнэнч зөвлөгч хэдийн болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Мөн нээлтийн үеэр Индонез охид монгол найзууддаа цахим мэндчилгээ илгээснийг дамжууллаа.

Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас www.gogo.mn www.yolo.mn www.namuu.mn сайтуудаар https://www.facebook.com/unicefmongolia/videos/2968767389826127/?t=4088 линкээр үзэх боломжтой. Татаж авах холбоос http://onelink.to/okymongolia

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг ирэх баасан гаригт товложээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг ирэх баасан гарагт товлолоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод 240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм

“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс 10 сая төгрөгийг хандивлав

Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон, “1000 инженер” төслийн багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгойй комисст 10 сая төгрөгийг хандивлалаа.

Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхээс санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хандивыг өрнүүлсэн байна.

Энэ үеэр цар тахлын энэ цаг үед эх орон, ард иргэдийнхээ төлөө амрах цагийг умартан, зориг зүрхээ дайчлан аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт албан хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадад шинэ төрлийн томуугийн вирус гарчээ

Цар тахал болж тархах эрсдэлтэй томуугийн вирусийн шинэ төрөл Хятад улсад гарсныг эрдэмтэд мэдээлжээ. Одоогоор тус вирусийн халдвараар олон тооны гахай өвчилсөн бөгөөд хүнд халдах боломжтой гэнэ. Энэхүү томуугийн шинэ төрлийн вирус нь H1N1-тэй төстэй бөгөөд вирусийг эрдэмтэд G4 EA H1N1 гэж нэрлэжээ.

Тус вирус нь хүнээс хүнд хялбархан халдах боломжтой тул шинэ коронавирусийн халдвар шиг цар тахал болох аюултай аж. Учир нь хүмүүс уг вирусийн эсрэг сул эсвэл огт дархлаагүй гэж үзжээ. 2009 онд Мексикт эхэлж, улмаар дэлхий даяар тархсан гахайн ханиадны вирустэй зарим талаар ижил төстэй гэж RG мэдээлсэн байна. олон улсад тархсан ч хүн төрөлхтний олонх нь үүний эсрэг дархлаатай байсан учраас бага хохирол амсчээ. Өдгөө тус вирусийн эсрэг вакцин гарснаар аюулыг улам бууруулсан байна. Хэдийгээр энэхүү омог нь гахайгаар дамжин халдварлагдах хэдий ч хүнээс хүнд дамжих боломж бүхий “шинж тэмдгүүд агуулагдаж байгаа”-г судлаачид баталсан байна. Хятадын гахай нядалгааны газар болон гахай үржүүлгийн газрын ажилтнуудаас шинэ төрлийн вирусээр халдварласан тохиолдлуудыг эрдэмтэд илрүүлжээ. Энэ омгийг илрүүлсэн эрдэмтэд Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ “гахай бол цар тахалд хүртэл дэгдэх ханиадны вирусийн тээгчид” бөгөөд гахайн ханиадны вирусийг тогтмол ажиглах нь дараагийн цар тахал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал гэдгийг онцолсон байна. Мөн гахайны вирустэй тэмцэх арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлж, вирусийн тархалтыг нарийвчлан хянах шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.

G4 EA H1N1 гэж эрдэмтдийн нэрлэсэн энэхүү вирус нь хүний амьсгалын замыг бүрхдэг эдүүдэд өсч үржих боломжтой гэнэ. Одоогоор энэ вирус томоохон аюул заналхийлээгүй ч хайхрахгүй орхиж болохгүй бөгөөд байнгын хяналт, ажиглалт хийх шаардлагатай гэж вирусийн шинэ омгийг судалж байгаа Хятадын профессор Кин-Чоу Чанг болон түүний багийнхан онцолсон байна.

Б.МӨНХДУЛАМ