Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллана

– АЖИЛЧДАА ЦОМХОТГОХООС АРГАГҮЙД ХҮРСЭН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ТАВДУГААР САРЫН 1-НД ЖАГСАНА –

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Тавдугаар сарын 1-нд хувийн хэвшлийнхэн тайван жагсаал хийх юм байна. Засгийн газрын авч буй арга хэмжээнүүд хувийн хэвшилд нөлөөлөхгүй, хөрсөндөө буухгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг жагсахад хүргэчихэв үү?

-Тэгж хэлж болно. Өмнөх нийгмийн үед хөдөлмөрчид тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааг илэрхийлж жагсдаг байсан. Энэ өдрийг гучин жилийн дараа “Ажлын байраа хадгалцгаая” гэдэг уриан дор, хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа эрчимжүүлье гэсэн зорилгоор тэмдэглэх гэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн бүх нийтийн тайван жагсаал хийнэ. Бодит эдийн засгаа олж харахгүйгээр, эдийн засгийн хүндрэлээ зөв тодорхойлж оношлохгүйгээр суугаад байх нь маш өндөр эрсдэлтэй. Өнөөг хүртэлх бүх ололт амжилтаа үгүй хийх эрсдэл дунд бид амьдарч байна. Сая гаруй ажлын байрыг шингээдэг хувийн хэвшлийг зөв бодлогоор дэмжихгүйгээр, өнөөдрийнх шиг аргацаасан байдлаар хандаад байвал эдийн засгийн эрсдэлийг зөв бодлогоор удирдах ямар ч боломж байхгүй.

-Хувийн хэвшлийнхнээс гадна ажлаа алдсан, алдахад ойрхон байгаа хүмүүс ч жагсана гэцгээж байна. Хэчнээн компани оролцох бол?

-МҮХАҮТ-ын гишүүн компани гэвэл 5000-аар тоологддог. Ташраараа хэцүүдчихсэн байгаа болохоор бүгдээрээ оролцох байх. Маргааш, нөгөөдрөөс тодорхой тоонууд гарах болов уу. Бид хувийн хэвшлийн бүх компаниудыг энэ жагсаалд нэгдэхийг уриалж байгаа. Ер нь дэлхийн хандлага маш тодорхой. Хувийн хэвшлээ дэмжих замаар л ажлын байр бий болгодог. Эдийн засаг хэвийн байсан бол энэ асуудлыг хувийн хэвшил нуруундаа үүрээд гарна. Гэтэл нэг компани, нэг улсаас биш дэлхий нийтэд нөлөөлсөн хямрал болж байна. гинжин хэлхээ бүхий хямрал үүссэн ийм үед төр, хувийн хэвшил зайлшгүй хамтрах шаардлагатай. Ингэж байж хямралыг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулна.

-Шаардлага хүргүүлнэ гэж байсан. Засгийн газарт хүргүүлэх үү?

-Бид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бүгдэд нь шаардлага хүргүүлнэ.

-Ямар шаардлага тавих вэ?

-Ард түмнээ ядуурлын эгнээ рүү шилжүүлчихэлгүйхэн шиг, ямар нэг байдлаар ажилтай орлоготой байлгахыг хүсч байгаа бол хувийн хэвшилтэйгээ бодитойгоор хамтарч ажиллахыг л шаардана. Хувийн хэвшил, төр хамтарч байж эдийн засгийн эрсдэлийг удирдах боломжтой. Засгийн газар, хувийн хэвшил тус тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй л дээ.

Ажлын байр шингээх ямар салбаруудыг хамтдаа дэмжихээ ярилцах ёстой. Экспортыг хэрхэн дэмжих, банкны реформоо яаж хийх, нэн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг гэх мэтээр асуудлыг багцаар нь харж байж урагшилна. Төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй. Шаардлагагүй, яаралтай биш зүйлүүдийн зардлуудыг танах шаардлага үүсчихсэн. Танасан мөнгөөр нь аж ахуйн нэгжүүдээ нэн хөнгөлөлттэй зээл гэх мэтээр дэмжээд явчих хэрэгтэй. Төр нь аж ахуйн нэгждээ итгээд, батлан даалт гаргаад хамтарч ажиллах гарцыг л бид санал болгоод байгаа юм. Түүнээс биш хувийн хэвшлийнхэн зүгээр мөнгө хүсээгүй.

-Засгийн газар хувийн хэвшилтэй хамтраад ажиллавал хэр хугацааны дараа хямралыг давах бол?

-Тууштай хамтраад ажиллавал 6-9 сарын дараа хямралын ард гарах боломжтой. Хятадын хувьд нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Энэ бол бидний хувьд боломж. Яг энэ үед экспортын бүтээгдэхүүнээ дэмжихээс эхлээд маш олон гарц шийдлийг хайж олох хэрэгтэй. Сая гаруй ажлын байр шингээсэн хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв зүйл хийлгэх, зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллах болно.

-Танхимаас тавих шаардлагыг өмнөх шигээ үл тоовол дараагийн алхам юу байх вэ?

-Хэрвээ энэ шаардлагыг үл тоомсорловол хоёр, гурван сарын дараа нийгмээрээ үүнээс ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулна. Ажилгүй, ядуурлын эгнээ рүү шилжсэн нэг сая таван зуун мянган хүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн хямрал ямар байх нь тодорхой. Төсөөлөхөөс ч халшрам эрсдэлүүд бий болно. Хулгай дээрэм танхайрал газар авахаас эхлээд маш олон сөрөг зүйл газар авна. Байдлыг тиймд нь тулгавал нийгмээрээ маш хүнд сорилттой нүүр тулна.

-Иргэд, компаниудын байдал яг одоо ямаршуу байна?

-Судалгаа хийгээд үзэхээр иргэдийн 72 хувь нь ямар ч хадгаламжгүй амьдарч байна. 14 хувь нь 30 хоног хүртэл, наймхан хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд ялгаагүй тийм л байгаа. Судалгаа хийж үзсэн. Дийлэнх нь өөрт байдаг бүх хуримтлалаа зээлийн хүү, цалин хөлс, түрээс, дулаан цахилгааны төлбөртөө зарцуулаад дуусч байна. Цаашид зардлаа хумихын тулд ажлын байраа цомхотгохоос аргагүй. 260 орчим мянган хүн ажилгүйдлийн эгнээ рүү шилжинэ гэсэн тооцоо бий. Ингэвэл Монголын ард түмний 50 хувь нь ядуурлын эгнээ рүү шилжинэ.

-Байдал энэ хэвээр үргэлжилбэл компаниуд ямар эрсдэлтэй нүүр тулах бол?

-Компани, аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл боловсон хүчнээ чадавхжуулах, салбартаа хөлөө олох, технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх гэх мэт маш том хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Энэ бүгдийг богино хугацаанд үгүй хийчихвэл буцаад сэргэх, өнөөгийн түвшинд очиход маш хүндрэлтэй. Өрх гэрээр төсөөлөөд үзье. Арав, хорин жил ажиллаад байр, машин, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлээд явж байсан гэр бүл байлаа гэж бодъё. Хямрал даамжирвал бүхнээ алдаж, ерэн оны өмнөх рүүгээ шилжих эрсдэлтэй. Хямралын дараа өнөөгийн түвшиндээ хүрэх гэж дор хаяж арван жил зарцуулж таарна. Компаниуд ч гэсэн ялгаагүй. Үүдээ хаачихвал эргэж сэргэтлээ маш олон жил зарцуулна.

-Компаниуд байгаа бүх боломжоо шавхжээ гэж ойлголоо. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээс амьдралд наалдсан, хувийн хэвшилд эерэгээр нөлөөлсөн шийдэл байна уу?

-Вирусээс үүдэлтэй хөл хорио тогтоод үндсэндээ 100 хонож байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн бүтэн улирал гаруйн хугацаа өнгөрчихлөө гэсэн үг. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн өөрсдөөсөө шалтгаалах бүх л зүйлийг хийлээ. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом өөрчлөлт орсонгүй. Хангалт нь ч хэвийн байгаа. Мэдээж экспорт нэлээд буурсан. Гэхдээ компаниуд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсээр өнөөг хүрсэн. Монголбанк мөнгөний бодлоготой холбоотойгоор зээлийн хүүг хойшлуулах, ямар нэгэн торгууль алданги тавихгүй байх гэх өөрсдөөс нь шалтгаалах олон алхам хийлээ. Засгийн газар одоогоос сар гаруйн өмнө эдийн засгаа эрчимжүүлье, хувийн хэвшлийг дэмжье гэсэн санааг гаргаж, Ерөнхий сайд долоон багц асуудал танилцуулсан. Үүнээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарласаар өнөөг хүрлээ. Асуудал УИХ-аар орж шийдэгдсэн. Гэхдээ эдийн засгийг бодитойгоор дэмжсэн, ажлын байрыг хадгалахад чиглэсэн, ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн чигийн шийдлүүд одоогоор алга.

Бид байдал ямар байгааг судалгаа, тооцоотойгоор олон удаа хэлж байгаа. Иргэдийг банктай, аж ахуйн нэгжүүдийг банктай, эсвэл малчдыг ноолуурын компаниудтай, ажилчдыг компанийн эзэдтэй гэх мэтээр хоёр талд үл ойлголцол үүсгэсэн, талцуулсан, ялгаварлан гадуурхсан дүр зураг бий болчихлоо л доо.

-Сангийн сайд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд бүх компани хамрагдана гэж мэдэгдсэн. Үнэхээр бүгд хамрагдах боломж бий юү?

-Сангийн сайдын хэлээд байгаа шиг нийт компанийн 99.99 хувийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломж байхгүй. Компаниудын 70 гаруй хувьд нь борлуулалт буучихсан. Тэр утгаараа ажилтнаа халаагүй компани хуруу дарам цөөн байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үлдсэн цөөхөн хувьд нь үйлчилнэ гэсэн үг. Шуудхан хэлэхэд хүнд байдалд орчихсон, асуудлаа шийдэх гэж оролдож байгаа болгонд хүртээлгүй зүйл болсон. Дахиад хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал ямар байгааг судалгаа тооцоотой танилцуулж, шийдэл гарц хайж олж, санал хүсэлт тавьсан боловч эдийн засгийг аврах бодитой алхам огт хийгдсэнгүй.

-Бүтээн байгуулалт өрнөж эдийн засаг сэргэдэг улирал ирчихээд байна. Улирлын эерэг нөлөө ажиглагдаж байна уу?

-Улирлын шинж чанартай ажлууд эхэлчихсэн байдаг цаг ч гэлээ харамсалтай нь компаниуд үйл ажиллагаагаа эхлээгүй, бүгд ямар нэгэн байдлаар зогсонги байгаа. Асуудлыг яаралтайгаар хэлэлцэж, бодитой, хөрсөндөө буусан шийдлүүдийг гаргахагүй байдал байдал бүр л дордоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ноолуур 100 мянгад хүрэхгүй л юм бол хүргэнэ гэж худал ярих хэрэг байна уу

Цар тахал гарсантай холбоотойгоор Засгийн газраас эдийн засгийг тэлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд нь зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох байв. Ингэснээр малчин бүрийн ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадна гэж Засгийн газраас баатарлагаар мэдэгдэж, үүнийгээ ч сонгуулиар малчдын саналыг авах гол хэрэгсэл гэж үзсэн нь нууц биш. Гэсэн ч шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ноолуураа хар, цагаан, малчдаа нутаг усаар нь ялгаж эхэлсэн юм. Ихэнх аймагт ноолуурын ханш 25-40 мянган төгрөгөөс дээш гарахгүй, зээл хуультай малчдад “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” цаг үе үргэлжилж байна.

Ямартаа ч өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Бодит нөхцөл байдал ямар байгааг УИХ-ын танхимд тоймтой ярьсан нь энэ. Хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн Ч.Улаан сайдаас “Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү” хэмээн асуухад “Архангайн ноолуур хэзээ 105 мянган төгрөг хүрч байсан юм бэ. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Одоо 40 мянгаар авч байгаа юм билээ. 85 мянгаар зараарай гэдэг жишиг үнийг өгсөн” гэж хариулна лээ. Ноолуурын ханшийг 100 мянгад барина гээд ханхалзаж байсан сайд маань улайчихгүй ингэж хэлж суугаа харагдана. Үнэхээр ноолуурын ханш 100 мянгад хүрэхгүйг мэдсэн юм бол энэ Засгийн газар анхнаасаа хүргэнэ гэж худал ярих хэрэг байсан юм уу. Малчдыг ингэж хуурах шаардлага юу байв.

Энэ нам, Засгийн газар ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгоно гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгт хүргэнэ гэж худал цуураад зогсохгүй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаад амжсан. Ил мэдэгдэж байгаагаар Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар нь өөр, өөр байр суурь илэрхийлсэн. Нам дотороо нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй, ихээхэн маргаантай байгаа гэж дуулдана лээ. Тийм болоод ч тэрүү Нийгмийн даатгалын ерөнхий газар нарийн журмыг нь мэдэхгүй, хүлээж байна гэчихээд тоймтой хариу хэлж чадахгүй байна.

Мөн борлуулалтын орлого нь буурсан ч цомхотгол хийгээгүй аж ахуйн нэгжийн ажилчдад ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар 200 мянган төгрөг гар дээрээ авсан нэг ч ажилтан алга. Ямар байгууллага, хэрхэн яаж, олгох нь ч тодорхой бус байна. Ямар байгууллагад өгөх, тэд нь хэнд яаж хандах нь бүр ч тодорхой бус байгаа юм. Үүнийг нэхвэл толгойгоо хагалуулж мэдэх шинжтэй болчихоод хий дэмий бүлтгэнэсэн хэдэн аж ахуйн нэгжийн захирлууд л сууцгааж байна. Чаддагаараа татвараас л өдөрт нэг удаа асуудаг, тэд нь бараг сүүлдээ занах маягтай, яахаараа чи үргэлж ийм юм асуугаад байгаа юм гэж.

Бид болж бүтэхгүй, хэзээ үр дүнгээ өгөх нь тодорхой бус зүйлсийг яриад байвал “улс төр хийлээ” гэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдийн ард түмэнд үзүүлсэн нүүр царайг ингэж нэрийддэг болсон хэрэг. МАН болон түүний байгуулсан Засгийн газар энэ удаад мөн л улстөр хийлээ. Сүр дуулиантай зарласан 5.1 их наяд төгрөгийг зарлагадах арга хэмжээнүүдээс нь бүтсэн зүйл одоог хүртэл ганц ч алга байна. Арга ядсан ард түмэн хэрэгжихийг нь хүлээн, тэднийг царайчлахаас өөрийг хийж чадахгүй сууна. Өөр яалтай ч билээ. Үнэндээ хэлсэн ярьсан болгон нь худал, хуурмаг байхаар энэ нам Засагт итгэхэд бэрх юм. Тэр дундаа энэ хүнд цаг үед энэ нөхүүд улс орныг удирдаж авч явж чадах эсэх нь улам л эргэлзээтэй санагдаж байна.

Цар тахал гарч, хөл хорио тогтоосноос хойш олон ч аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Сүүлийн гурван сар хөл хориотой, худалдаа үйлчилгээ нь явахгүй болохоор арга ч үгүй биз. Уг нь дэлхийн улс орнууд ямар ч хүнд хэцүү нөхцөлтэй тулгарсан эдийн засаг, эрүүл мэнд хоёртоо эн тэнцүү анхаарал хандуулаад яваад байж болоод байх юм.

Өмнөд Солонгос л гэхэд хэдэн мянган хүн нь халдвартай байлаа гэхэд сонгуулиа хойшлуулж сүржигнэсэнгүй. Ямар нэгэн эрсдэлгүйгээр сонгуулиа зохион байгуулчихлаа. Харин манайх тахлаар далимдуулж зөвхөн хааж боохдоо л бүх анхаарлаа хандуулж байна. Хориглосон, цагдсан хууль тогтоомжууд батлагдмагцаа хэрэгжиж байхад ард түмний амь амьжиргааг дэмжсэн, тусалж дэмжих гэсэн тогтоол шийдвэрүүд нь хэзээ гарах нь улсын нууцад орохоо алдсан журам гээч зүйл дээрээ гацаж, огт хэрэгжихгүй байна.

Монгол Улсад өвчин тахлын үед маш шуурхай хэрэгжиж, ажиллаж байгаа зүйл юу байна гээч. Бүх талын хориглосон хууль, журам гарангуутаа хэрэгжиж байна. Мөн шүүх, шорон хорихууд, мөрдөн байцаалт л маш идэвхтэй цаг наргүй ажиллаж байна. Энэ нь ч У.Хүрэлсүхийн Засгийн өнгийг тодорхойлох мэт. Хэвлэл мэдээллийн бүхий л сувгийг та нэг анзаараад үзээрэй. Тэрнийг хорив, энийг шүүв, ийм хэвлэлийн байгууллагыг хаана гэсэн мэдээгээр л дүүрсэн байгаа. Тэгээд цааш нь одоо тэрийг барина, тэр луйварчин сул чөлөөтэй явж байна, АТГ маш сайн ажиллаж тийм хүнийг мөнгөө тоолоод сууж байхад нь барив, машин явуулахгүй, өө одоо хэд хоног явуулаад үзье гэсэн мэдээ мэдээлэл л хахаж байна. Харин ийм эдийн засгийн тусламж үзүүлэв, ингэж ажиллах нөхцөл, татварыг хөнгөллөө, тэдэн ажлын байр нэмлээ гэсэн мэдээ үзээд өгье гэсэн ч алга байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: БНАСАУ-ын Элчин сайд “Манай удирдагч эрүүл саруул. Бие нь муудлаа гэх мэдээлэлд үнэмших хэрэггүй” гэсэн байна лээ

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.


-БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал хүнд байгаа, нас барсан байж болзошгүй гэх мэт таамгууд хөвөрсөөр байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?

-Ертөнцөөр нэг мэдээлэл байна. Тэр болгонд автах хэрэггүй. Гэхдээ интернэтэд нэвтэрч уншихад чинь хэн ч саад хийгээгүй. Яг над руу хандаж асуулт тавьж байгаа бол энэ талаар баттай дуулсан мэдээлэл алга л гэж хариулна. БНАСАУ өөрөө албан ёсоор мэдээлээгүй байхад бид таамаг дэвшүүлэх нь зохисгүй хэрэг. Энэ бол тухайн улсын дотоод хэрэг. Учир нь Монгол Улс, БНАСАУ хоёр найрсаг харилцаатай түнш улсууд. Тэр ч утгаараа тухайн улсын дотоод асуудалд бид оролцож байгаа мэт улс төрийн амьдралыг нь дураараа тайлбарлах алхмыг бид хийхгүй байхыг бүр уриалмаар байна. Хил залгаа улс болох БНХАУ болон БНСУ-ийн эх сурвалжууд Умард Солонгосын удирдагчийн нас барсан тухай мэдээллийг няцааж байгаа. Тэдэнд илүү сайн мэдээлэл байж магадгүй. Үүнийг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн ОХУ-ын мэдээллийг харах нь чухал. БНАСАУ-ыг хамгийн сайн нарийн судалсан, ямагт мэдэж байдаг гурван улс нь Хятад, Орос, Өмнөд Солонгос гурав шүү дээ.

-Нас барчихлаа гэсэн мэдээлэл яваад байгаа юм биш үү?

-Хонконгийн HKSTV гэх телевизээр Хойд Солонгосын удирдагчийг нас барлаа гэсэн мэдээ нэвтрүүлснийг Хятадын Weibo гэх сайтад авч тавиад түүнээс нь Америкийн The New York Post гэх сонин дэлхийд цацсан хэмээн Оросын lenta.ru сайтад биччихсэн байна лээ. HKSTV телевизийн дэд захирал энэ мэдээгээ найдвартай эх сурвалжаас авсан гэж ярьсан байх шиг. Японы Shukan Gendai сэтгүүлд бичсэнээр Хойд Солонгосын удирдагч хагалгааны дараа маш хүнд байна, үхэлтэй тулж байна гэсэн ч байх шиг. Ийм мэдээ олон байгааг энд бүгдийг тоочих шаардлага байхгүй. Бид БНАСАУ-ын албан ёсны мэдээллийг хүлээх хэрэгтэй. Гол эх сурвалж Пхеньян хотод байгаа. Тэндээс албан ёсны мэдэгдэл хийж мэдээлээгүй байхад Хонконг, Япон, Америкийн эх сурвалжийн мэдээллийг азнах хэрэгтэй. Барууны ба Япон, Хонконгийн хэвлэл мэдээллээр цацаж байгааг тэр чигт нь буулгаж нөхцөл байдлыг оношлох нь зохимжгүй.

-Тэгвэл эсрэгээр нотлох мэдээлэл танд байна уу?

-Хамгийн сүүлд тарсан нэг мэдээ байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун амьд мэнд, эрүүл байна хэмээн Fox News ТВ-д Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн туслах ярьжээ. Хойд Солонгосын удирдагчийн талаар Оросын Төрийн Дум ба БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын харилцан ажиллагааг зохицуулах ажлын хэсгийн зохицуулагч Казбек Тайсаев гэдэг хүн Интерфакс агентлагт дөнгөж сая ярилцлага өгөхдөө яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан байна. Тэрээр БНАСАУ-ын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Ким Жөн Уны эрүүл мэндийг лавлаж асуухад зочин нь “Манай удирдагч эрүүл саруул сайн байгаа. Бие нь муудлаа, өвчиллөө гэсэн мэдээ гадаадын хэвлэл мэдээллээр бишгүйдээ гарч л байдаг, үнэмших хэрэггүй” гэж хэлжээ. БНАСАУ-ын нам-төрийн төв сонин “Нодон синмун”, мөн Төв Радиогоор тус улсын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Уны мэдэгдлийг дамжуулсан мэдээ байна. Самжиён хот дахь бүтээн байгуулалтад удирдагч талархал дэвшүүлж амжилт хүсэв гэснийг Оросын ТАСС агентлаг эш татсан байна.

-Ким Жөн Уны эмэгтэй дүүг улсаа удирдаж эхэлжээ гэх таамаг хүртэл байна. Тэр ч утгаараа Умард Солонгосын хатуу дэглэм нуран унах болно гэж олон улс судлаач, шинжээчид үзэж байгаа юм билээ.

-Энэ бол зөвхөн барууны ба гадаадын судлаачдын л бичиж байгаа таамаг. Тэр дундаа АНУ-ын судлаачдын бичиж байгаа гаргалгаа, таамаг юм. Үүнийг бид үнэн мэт шууд ярьж болохгүй. Гагцхүү албан ёсны мэдээллийг л хүлээх ёстой. Тэртэй тэргүй ямарваа нэг асуудал үүссэн бол тухайн улс албан ёсоор зарлаж л таарна. Бид хоёр улсынхаа харилцаанд л анхаарах ёстой болохоос биш бусад улсын таамаг, томьёололд итгэх шаардлагагүй гээд би дээр хэлчихлээ шүү дээ.

-Хэрэвзээ БНАСАУ-ын удирдагч нас барж, дүү нь түүний залгамж халааг авах дээрээ тулчихвал хатуу дэглэм нь нуран унах уу. Залгамжлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол. Та хувь судлаачийнхаа зүгээс ямар таамаг дэвшүүлэх вэ?

-Энэ улсад гэр бүлийн дарангуйлал үүсчихсэн, ганцхан Ким Жөн Уны ахан дүүсийн мэдлийн улс болчихсон юм биш шүү дээ. Хамтын удирдлагын тогтолцоо эрх зүйн хувьд байж ирсэн, одоо ч байгаа. Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН), түүний Төв Хороо, түүний Улс төрийн Товчоо, Улс төрийн Товчооны Тэргүүлэгчид гээд шат дараалсан эрх баригч намын засаглалын тогтолцоо байдаг. Улс төрийн Товчооны Тэргүүлэгчид гэдэг бол энэ улсын нам, төрийн дээд эрхийг барих байгууллага, найман хүн байна. Тэдний дотор БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга Хван Бен Со нар үлэмж эрх мэдэлтэйд ордог. Бас Улс төрийн Товчоонд СХН-ын орлогч дарга гээд зургаан хүн байна. Намын Төв Хорооны дэргэд Цэргийн Төв Хороо гэж байна. Одоогоос яг дөрвөн жилийн тэртээ СХН-ын VII их хурал хуралдаж байх үед зарласнаар СХН-ын эгнээд дөрвөн сая коммунист байна. Тус улсын хүн ам 25 сая гэж тооцвол хүн амын 16 хувь нь коммунист намын гишүүд байна. Ардын Дээд Хурал гэдэг нь парламентын засаглалын хэлбэр нь. Засаг захиргааны маш том нүсэр бүтэц, олон шатлалтай төвлөрсөн хатуу захиргаатай ийм л улс. Залгамжлалын асуудал гэдэгт гадаадын судлаачид, гадаадын хэвлэлүүд л элдэв таамаг дэвшүүлдэг. Тэдний үздэгээр аавынх нь дүү буюу авга ах ахмад дипломатч Ким Пхён Ир, өөрийнх нь төрсөн ах Ким Жон Чхоль гэж бас бий. Хэвлэлээр шуугиад байгаа охин дүү Ким Ё Жон гээд нэрс явж байна. Ким Пхён Ир бол Ким Ир Сений хүү болж таарна. Энэ бүхнийг би зүгээр л мэдээлж байна. Гадаадад тэгж үзэж байнаа гэж. Харин энэ улсын нам төрийн нүсэр институци нь паникт автах, төрийн эргэлт, дэглэм нураах үйл явцыг хийлгүүлэхгүй байх боломжтой. Тэнд улсыг аюулаас хамгаалах, батлан хамгаалах маш хүчтэй тогтолцоо, сүлжээ бий. Тэд бүх ард түмнээ алхах гишгэхийг нь хүртэл хянаж, цагдаж чадаж байна. Энэ нь өөрөө бодит үзүүлэлт шүү дээ. Тиймдээ ч энэ дэглэм амархан нурчих нь гэдэгт би санал нийлэхгүй байна.

-Цөмийн зэвсэгтэй орон учраас ямар нэгэн аюул, хөнөөл учрах вий гэх болгоомжлол зарим улс орнуудад байх шиг.

-Тэр улсын пуужинт-цөмийн зэвсэг хатуу хяналтад байдаг болов уу. Хэрэв хяналтаас гарчих хэмжээнд байсан бол аль хэдийнэ баларчих байсан байх. Хяналтын тогтолцоог нь гадаад улсууд сайн ойлгохгүй, мэдэхгүй учраас янз бүрийн таамаг сценар зохиомжлоод түгшүүртэй байдлыг дэвэргээд байна шүү дээ. Нөгөө талаас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНАСАУ-ын ярьж хэлж, амласан зүйлүүд бий. Тиймээс юу юугүй хяналтаас гарч аюул хохирол учруулаад байна гэж байхгүй. Тэр бол дэгсдүүлсэн ойлголт. Байдлыг бид харах хэрэгтэй.

-Ким Ир Сен буудуулж нас баржээ гэх шуугиан 1986 онд гарч, БНАСАУ дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон яг тэр эгзэгтэй үед Ж.Батмөнх дарга айлчлахаар очиж байсан тухай Элчин сайд асан Ж.Ломбо гуай дурсамжиндаа бичсэн байдаг юм билээ. Мэдээж Умардын удирдагч амьд сэрүүн байсан нь айлчлалын багийнханд баярт мэдээ болсон гэдэг. Магадгүй энэ удаагийн үйл явдал Умард Солонгосын дэлхий нийтийн анхаарлыг татах гэсэн үйлдэл юм болов уу?

-Үгүй л болов уу. Удирдагчаа өвчнөөр үхэх гэж байна, өвчин амийг нь аваад явчихлаа гэж шуугиан дэгдээн дэлхийн анхаарлын төвд орж ирэхийг хүсэх нь юу л бол? Одоо тийм цаг биш шүү дээ. Гадаадынхан л тэгж шуугиад байгаагаас өөрсдөө ганц ч үг ганхийхгүй байгаа биз дээ. Одоо Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндээс илүүтэй хүн төрөлхтнийг шинэ аюулд дуудаад бараг биологи-бактериологийн зарлаагүй дайны хэмжээнд түгшээж байгаа коронавирусийн цар тахал нэгдүгээр асуудал болчихоод байна. Хойд Солонгост удирдагч өвчилсөн нь дэлхийн нэг улсын дотоод асуудал, харин дээрх цар тахлын аюул бол дэлхийн 220 улс орны хамгийн тулгамдсан глобал асуудал. Дэлхий дахин өнөөдөр Пхеньян руу нүд бэлчээх завдалгүй байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Сангисүрэн: Ууланд гарсан түймрийг унтраахад хүн хүч хамгаас хэрэгтэй байдаг юм байна

Өнгөрсөн ням гаригт Арцатын аманд түймэр дэгдсэн. Түймрийг унтраахад иргэд газар дээр нь ажиллаж хувь нэмрээ оруулсан. Тэр дундаа “Сүлд” спорт хорооны дарга улсын аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Б.Сангисүрэн аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ, Б.Хашбат нарын бөхчүүд бусдыг уриалж ажилласан юм. Бид Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэнтэй ярилцлаа.


-Арцатын аманд гарсан түймрийн үеэр иргэд очиж ус зөөж буй бичлэг цахим орчинд тархаад буй нь коронавирусийн халдвар олон нийтийг айдаст автуулаад буй энэ цаг үед нийгэмд эерэг хандлага түгээгээд байна. Таны хувьд түймэр дээр очиж ажилласан шүү дээ. Очиход ямар орчин таныг угтав?

-Хөвсгөлийн аймгийн хурц арслан Б.Баттүвшин бид хоёр дотно нөхөрлөдөг юм. Найз маань хөдөөнөөс орж ирж байхдаа түймэр гарч байгааг харсан юм билээ. Над руу утастахад нь далайд дусал нэмэр гээд ойр тойрны хүмүүсээ уриалаад Арцатын ам руу очсон. Миний хувьд өмнө нь түймэрт ажиллаж үзээгүй л дээ. Газар дээр очиход битүү утаатай, угаар үнэртээд л жаахан ойртоход л халуу төөнөж гутлын ул хайлчих гээд амаргүй байдаг юм билээ.

Түймэр ч машин техник очих боломжгүй бараг уулынхаа хяр дээр гарсан байсан. Гал командын машин дээш жаахан өгсөөд л цааш явах боломжгүй болсон тул шланкаар ус зөөж байсан. Энэ үед ус зөөхөд энгийн хүмүүсийн оролцоо чухал байдаг юм билээ. Цугларсан залуус алхам алхмын зайтай алдалж зогсоод л канистартай ус дамжуулаад л дээш нь зөөж байгаа юм. Сүүлдээ хүрз, жоотуу барьсан хүмүүс нь дээшээ очиж цурманд оруулсан.

Илүү олон хүн цугласан бол түймрийг хоёр талаас нь зэрэг ус зөөгөөд богино хугацаанд газар авахуулахгүйгээр унтраах боломж байдаг юм билээ. Түймэр гарсан газарт эмэгтэй хүмүүс хүртэл очиж тусалж ус зөөлцөж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа.

Эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй залуус халуу төөнөсөн нурман дээгүүр канистартай ус үүрээд алхаж байгааг харахад сайхан л байсан. Эх оронч үзэл тэндээс харагдаж байгаа юм.

-Таныхаар эх оронч үзэл юунаас эхэлдэг юм бэ?

-Энгийн зүйлээс л эхэлнэ гэж боддог юм. Татсан тамхины ишээ машиныхаа цонхоор хаяхгүй байх нь л эх орноо гэсэн сэтгэл шүү дээ. Хаа нэгтээ дутуу татсан тамхины ишээ хаяж байгаа залуус харагддаг л юм. Тухай бүрт нь шаардлага тавьдаг. Зарим нь ч буруугаа ухамсарладаг. Өөдөөс уцаарлах нь ч бас бий.

Өчигдрийн тухайд Pаjero клубийн залуус сэтгэл гаргаж байгаа нь сайхан санагдсан шүү. Түймрийг хурдхан л унтраахын төлөө машин тэргээ ч хайрлахгүй зүтгэж байна лээ. Сүүлд харанхуй болоход Онцгойгийн алба хаагчид чиглэл өгч энгийн иргэдийг цурамнаас гаргаж өөрсдөө орсон. Угаартаад унах эрсдэлтэй гэж үзсэн байх. Цурам руу орсон хүмүүсийг доош буулгахад Pаjero клубийн залуус зөөж байна лээ.

Ер нь ийм осол гамшгийн үед иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллавал зөв юм шиг санагдсан. Монгол залуус нэгдээд зүтгэвэл юуны ч ард гарна гэдэг жишээг түймэр дээр цугласан залуус харууллаа.

Мөн тэр хавийн барилгын компаниуд том машинаар ус зөөж тус дэм болж байна лээ.

-Таны хувьд хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж очсон бэ?

-Очиход гал командын аврагч нар зохион байгуулж аюулгүй ажиллагааг хангадаг юм билээ. Хувцсаараа л гөвөөд л унтраах ухааны юм төсөөлж очсон. Өөр юм билээ.

-Одоо хоёулаа бөхийн талаар ярилцъя л даа. Нэгдүгээр курсээ төгссөн зунаа л аймгийнхаа наадамд түрүүлж байсан гэсэн. Тухайн наадмын талаар хуучлахгүй юу?

-Өвөрхангайн наадамд залуу бөхчүүд одтой барилддаг. Сүүлд Б.Лхагвадорж гэж 17-той залуу түрүүлж аймгийн арслан болсон. Миний хувьд 20 настайдаа очиж барилдаад түрүүлж байлаа. Тэр жил миний хувьд хатгаа тусаад, тохойгоо мултлаад их барцадтай байсан юм. Сүүлд бэлтгэл хийж байгаад хавиргаа хугалаад наадмын бэлтгэлд гаралгүй хөдөө гэртээ очоод хэвтчихсэн.

Тэр зун нутагт маань ган болсон. Айлууд гүний худгаас ховоо татаж мал хуйгаа усалж байсан юм. Би ч ховоо татаж л малаа усална. Хөршийнхөө мал хуйг ч услаад өгчихнө. Сар гаруй ховоо татахад ч бие чангараад ирсэн. Наадам дөхөх тусам л бөхийн сургуулийн оюутанд юм юм бодогдоно биз дээ. Ингээд Уянга сумынхаа наадамд зодоглож түрүүлчхээд удалгүй аймгийнхаа наадамд зодоглосон. Наадмын бэлтгэлээс буугаад ирсэн бөхчүүд ч бие хаа нь тэгширчихсэн сүрдмээр харагдаж билээ.

-Шийдвэрлэх даваануудад тунаж барилдаж байсан шүү дээ. Хийсэн барилдаануудынхаа талаар ярихгүй юу?

-Гурвын давааны төгсгөлд аймгийн арслан Т.Мягмарсүрэн, Б.Батдорж, Д.Болдбаатар бид дөрөв сумын заан цолтой тунаж үлдсэн. Давааны төгсгөлд үлдсэн сумын заанууд оноолтоор барилддаг дүрэмтэй. Харин тэр наадмаар ам авсан. Т.Мягмарсүрэн намайг амласан юм. Ах Б.Сосорбарам маань намайг дасгалжуулж байлаа. “Нөгөө хоёртой нь барилдвал чамд эвгүй. Мягмарсүрэнг чи амархан хаяна, сугадаад дайр” л гэж байна. Гараад сугадаж дайраад л мордоод давчихлаа. Ах руу ирэхэд инээчихсэн сэтгэл хангалуун сууж байна. Их ч зориг орсон доо. Сүүлд тунаж үлдсэн заанууд бүгд аймгийн наадамдаа түрүүлсэн байдаг. Батдоржийг тэр жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж байсан санагддаг юм. Харин Болдбаатар аймгийн цэргийн цолтнуудын барилдаанд зургаа даваад үзчихсэн мундаг заан очиж барилдаж байсан.

-Начин цолны даваанд хурц арслан Д.Цэвэлсодномтой тунаж барилдсан санагдаж байна. Хүнд барилдаан болсон байх?

-Цэвэлсодном сугадаж мушгидаг. Би сугадаж дайрдаг дархан мэхтэй. Хэн түрүүлж сугадсан нь давна гэсэн тооцоотой барилдсан. Гараад өрөхөд л Цэвэлээ сугадаж мушгиад миний ард гарчихсан, дээш нь өргөж байна. Сандраад л савардсан чинь далбаанаас нь атгаад авчихлаа. Хөлөө тавиад зүтгэчихсэн. Сая нэг сэрэхэд дээр нь хэвтэж байсан. Цэнгэлдэх шуугиад л би ч их баярласан. Цол авчхаар чинь тайвширчихдаг юм билээ. Дараагийн даваанд Говь-Алтайн улсын начин С.Багахүүтэй тунасан. Өвөрхангайн бөхчүүд ч “нутгийн наадмаа алдаж болохгүй” гэж хурцлаад л тал талаас зөвлөж байгаа юм. Багахүү начинг дан золгооноос мордож дайраад хаяж байлаа. Үзүүр түрүүнд аймгийн заан Пүрэвчулуун гэж найзтайгаа барилдаад дайраад л хаяж байсан. Бодох санах юмгүй, зоригтой барилддаг байж дээ. Пүрэвчулуун ч дархан аварга А.Сүхбатын шавь болчихсон ховоо татаж байгаад ирсэн миний хажууд хав дөрвөлжин зузаан харагдаж байсан юм.

-Залуу арсланг Тарагт сумынхан хэрхэн хүлээж авч байв?

-Арслан болчихоод төрсөн нутаг руугаа мөн ч их яарсан даа. Аймгийн наадамд түрүүлчхээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд барилдах гээд шөнө нь л хот руу гараад хүрээд ирсэн. Энд ирээд барилдаандаа огт төвлөрөөгүй ээ. Ах нар, нутгийнхан маань яаж хүлээж авах бол, аав ээж маань яаж байгаа бол гээд толгойд их юм эргэлдэж байсан. Эргээд бодоход мөн ч сайхан цаг үе юм даа.

-Шинэ аймгийн арслан улсын наадмын дэвжээнд ямар амжилттай барилдсан билээ?

-Хоёрын даваанд Сүхбаатарын улсын начин Б.Батжаргалтай оноолт таардаг юм. Тухайн үед хоёулаа аймгийн арслан. Би бодох юмгүй сугадаад л дайрсан. Өнөөх маань давуулж гуядаад би биеэрээ дээр нь туссан л даа. Гэтэл Батжаргал маань хар хурдаараа тугруу гүйчихсэн. Би ч бага зэрэг эргэлзээд л маргалдалгүйгээр тахимаа өгчихсөн. Тэр үед ч наадмын хоёрын даваа биш, шинэ арслан нутаг руугаа очих нь сонин байсан л даа. Аав ээж рүүгээ их яарсан.

-Таны оюутан ангийнхны ихэнх нь цолд хүрсэн мундаг бөхчүүд шүү дээ. Ангийнхныхаа талаар ярихгүй юу?

-Манай ангиас Г.Ганжад, Ш.Дарханбат бид гурав улсын цол хүртсэн. Аймгийн хурц арслан Б.Баттүвшин аймгийн арслан Г.Ганцоож, Б.Тайван гээд сайн бөхчүүд манай ангиас төрсөн байдаг. Хэн хэндээ унахгүй гээд бэлтгэлээ улам чамбайруулна. Бие биенээ хурцлаад л бүгд сайжирсан.

-Таны хувьд 2011 онд 90 жилийн ойгоор тунаж барилдаад улсын начин цол хүртэж байсан шүү дээ. Начны даваанд гарахын өмнө нутгийн ах нараасаа гар амар даваа горьдож байв уу?

-Надад горьдох хүн байгаагүй ээ. До.Ганхуяг ах тухайн үед өөрөө түрүүлэх хэмжээнд барилдаж байсан. Б.Сайнбаяр зааны тухайд бас л дээгүүр даваанд хүч үзэх бүрэн боломжтой байсан шүү дээ. Хэн нэгэнд найдаагүй. Начин болдог наадмаар улсын начин М.Жамьяанпүрэв ах зөвлөгөө өгч нөмөр нөөлөг болж байлаа.

-Улсын начин цолны даваанд Булганы А.Отгонбаатар арслантай барилдахаар гарахад тань юу зөвлөж байв?

-“Яарч болохгүй. Золгооноос барилдахад л хаяна” гэж байсан. Төлөвлөж байснаараа барилдаад л давсан даа. Отгонбаатарын тухайд өмнө нь начны даваанд хэд хэд барилдаад үзчихсэн. Бага зэрэг нервтэй барилдсан байх.

-Харцага цолны даваанд Ч.Санжаадамба аваргатай тунаж барилдсан шүү дээ. Та хоёр барьц сонгох гэж цаг орчим болсон. Наадамчдыг их чилээсэн. Аварга яагаад барьцаа өгөхгүй удаад байсан юм бэ?

-Санжаадамба бид цол хүртвэл тунаж барилдана гэсэн тооцоо наадмын өмнө байсан л даа. Тооцоолж байснаар ч болсон. Барилдаан удаашраад шоо шидэхэд миний талд буусан. Барьц авах гэж их ч удсан. Намайг барьц сонгох үеэр засуулууд “Болно” гээд холдоход нь хөнтөрч татаад хөндөлсүүлээд ирсэн. Санжаа аварга ч “Хүүе Сангиа байж байгаарай, байж байгаарай” гэхэд нь барьцаа задалчихаж байсан. Тэр барилдаанаа үргэлжлүүлээд давчихгүй дээ гэсэн бодол хааяа төрдөг л юм. Багш нартаа ч сүүлд их загнуулсан. Харцага болох хувь заяатай байсан бол хаячих байсан байх л гэж одоо боддог юм. Начин болох л байсан юм байлгүй дээ. Сүүлд нь тэврэлдээд бие биедээ амжилт хүсээд салсан. Ер нь хүнд цээжтэй бяртай хүнээс барьц сонгоход хэцүү юм билээ.

-Үндэсний бөхөөр хичээллээд амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө олж авсан бэ?

-Спорт хүнийг зөв төлөвшүүлдэг. Хүлээцтэй, хүнийг хүндэтгэдэг чанарыг би монгол үндэсний бөхөөс олж авсан. Миний хувьд ажлын талбарт хэнтэй ч арга эвээ олоод хамтраад ажиллаад явчихдаг. Ийм чанар өдөр тутмын амьдралд л хэрэг болдог шүү дээ.

-Допингийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Эсрэг байр суурьтай байдаг. Манайхан ч наадмын дараа шинжилгээний хариу ирэх үеэр бужигнаад л чимээгүй болчих юм. Наадмын өмнө зарим нэг хэрэлээд байх магадлалтай бөхчүүдийг шинжилгээнд хамруулж байх нь зөв л дөө. МҮБХ-оо монгол бөхөө аварч үлдэхийн тулд Допингийн эсрэг үндэсний төвтэй нягт хамтарч ажилламаар санагддаг юм. Мэргэжлийн эмч нар бол хэн допинг хэрэглэж байгааг гаднаас шинж тэмдгийг нь хараад л мэддэг юм байна лээ. Наадмын өмнө сэжигтэй улсыг шинжилгээнд хамруулаад л эерэг гарвал наадмаар барилдуулахгүй байх арга хэмжээ аваад байвал энэ олон бөхчүүдийн эрх ашиг хохирохгүй биз дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Олон нуур, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Харагчин туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 30, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан 20 цаг 03 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“СУРАЛЦАГЧДЫН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ СУРГАЛТАД ХАРГАЛЗАХ НЬ – ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл”-ийн эрдэм шинжилгээний хурлыг 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвтэйгээр 53 дахь жилдээ, 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Дэлхийн улс орнуудад тархаж буй COVID-19-ийн халдвар, Монгол Улсын Засгийн Газраас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед уг хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, багш оюутан, эцэг эх, олон нийтэд хурлын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс Боловсролын хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ. Эрдэм шинжилгээний цахим хуралд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг бүрээс шалгарсан, нийт 30 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн төлөөллөөс бүрдсэн шүүгчийн баг ажилласан байна. Илтгэгчид сурагчдын ялгаатай байдлыг сурлагын түвшин, суралцахуйн бэрхшээл, суралцах хэв маяг, зан төлөв зэрэг чиглэлээр тодорхойлон, уг ялгааг харгалзан хичээл, сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, турших, сайжруулах арга замыг эрэлхийлэн судалсан судалгааны үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Багш нарын судалгааны ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд хурлын ач холбогдол оршиж байна.

Уг цахим хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 74 оролцогчийн 87 хувь нь цэцэрлэг, сургуулийн багш, 13 хувь нь удирдах ажилтан байсан бөгөөд 38 хувь нь нийслэлээс, 38 хувь нь аймгаас, 24 хувь нь сумын төвөөс оролцлоо. Нийт багш нарын 60 орчим хувь нь тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй, анхны удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байсны зэрэгцээ 23 хувийг бага ангийн, 20 хувийг монгол хэл, бичгийн, 17 хувийг түүх, нийгмийн ухааны багш эзэлж байсан бол 7 орчим хувь нь цэцэрлэгийн багш нар байв.

Оролцогчдын 50 орчим хувь нь 10 хүртэл жил ажилласан багш нар эзэлж байгаа, 65 орчим хувь нь 2-оос дээш гишүүнтэй багаараа судалгаа хийсэн зэргээс үзэхэд залуу багш нар судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, хамтран ажиллах идэвх сонирхолтой байгаа нь харагдаж байна.

Эрдэм шинжилгээний цахим хурлыг амжилттай зохион байгуулах технологийн боломжоор хангасан МУБИС-ийн зайны сургалтын төвийн хамт олон болон хамтран ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын удирдлага мэргэжилтнүүдэд Боловсролын хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Дадлага сургуулийн талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө

94707554_2302211846753199_1278962533998264320_n.jpg

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө. Дадлага сургуулийн хүрээнд “Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна

119 эмэгтэй гэр бүлийн хүчилхийлэлд өртжээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2019 онд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран долоон арга хэмжээ хэрэгжүүлсэн байдаг. Тус газар гэрээсээ дайжсан хүүхдүүдийг илрүүлж, цахим тоглоомын газарт тавих хяналтаа сайжруулахад анхаарч ажиллажээ. Гэрээсээ дайжсан хүүхдүүд дэн болон зочид буудал, саун массажны газар, авто угаалгын газарт хоноглож, РС тоглоомын газраар үйлчлүүлэх нь элбэг аж. Тус газраас 2019 онд гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлсэн бол энэ оны эхний улиралд 105 хүүхдийг илрүүлээд байна. Улмаар 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлжээ. Тус газраас 2020 онд 11 төрлийн ажил зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас илрүүлсэн онцлох нэг нь “Хүүхэд хамгаалал төсөл” юм. Хүүхэд хамгааллын тухай хуулиар та, бид хүүхдийг таван хамгаалах үүрэг хүлээсэн. Гэвч хүүхэд хамгааллын асуудал тэднийг сургуулиас гэртээ хүрэх замд орхигддог байна. Тиймээс тус газраас “Хүүхэд хамгаалал төсөл” хэрэгжүүлжээ. 2019 онд сургуулийн 40 автобус хүүхэд хамгаалагч ажиллуулсан энэ онд хүүхэд хамгаалагчдыг тоог нэмэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг баримтлан хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 7.1.3, 10.1.3 дахь заалтаас “цар тахлын голомтод” гэснийг хассан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурдсан.

Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан” гэснийг “эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга хэмжээг” гэсний дараа “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Түүнчлэн төслийн 10 дугаар зүйлийн гарчгийг “Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэж өөрчлөн, 10.3 дахь хэсгийн дугаарыг “10.4” гэж, 10.2.3 дахь заалтын дугаарыг “10.5″ гэж, 10.2.4 дэх заалтын дугаарыг “10.6” гэж, 10.2.5 дахь заалтын дугаарыг “10.7” гэж тус тус өөрчлөн үг хэллэгийг жигдлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалтын “авахдаа” гэсний дараа “хүүхэд болон” гэж нэмэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “арван” гэснийг “таван зуун” гэж өөрчлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 44 нь буюу 95.8 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа.

Дараа нь “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн нараас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 04 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төсөл дэх эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах тухай заалтыг өргөжүүлж, “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчийн” гэж өөрчлөх, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зориулалтын сан байгуулах, Л.Элдэв-очир гишүүн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авах талаар шинэ заалт нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн, урт хугацаатай 1 хувийн хүүтэй зээл олгох, 1 кг ноолуурыг 100.000 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 1 сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас эзэмшигчдийн үнэт цаасыг 2020 оны II улиралд багтаан авах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг “8.Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль, улсын хэрэгцээнд ашиглах” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 97.5 хувь нь дэмжив. Төслийн 2 дугаар зүйлд “11. Эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зорилтот сан байгуулах” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх, ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрд олгох, гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах агуулга бүхий заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 43 нь дэмжсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.