– Таны хувьд бизнесийн төлөөллөөр нэлээд сүрхий танигдсан хүний нэг. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа гэж ойлгосон. Цохилт айхтар ирлээ. Хаанаас гаралтай гэж бодож байна…
– Сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа. Намууд нэр дэвшигчдээ эцэслэж зарлаагүй байна. Тийм байхад таны хэлдгээр айхтар цохих гэж үзэж байна. Гэхдээ чадахгүй байна л даа. Дайснаа ийм юмаар ингэж өвтгөж дардаг цаг өнгөрсөн шүү дээ. Хаанаас гэдэг нь тодорхой. Ардын намаас маш олуулаа, том санхүүжилттэй зохион байгуулж байгаа. Удахгүй дараагийн далайлт нь ирэх байх. Даанч цохилт болохгүй байх. Буруутай байсан бол цохилт мэдрэх л байх.
– Ер нь байдлыг харж байхад дандаа дотроосоо цохилт явуулаад байдаг. Та АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн биз дээ…
– Ардчилсан намынхан нэгнээ ингэж компьютерийн ард нуугдаад, хуурамч хуудас нээж байгаад цохидоггүй. Ил гараад л үзчихдэг. Тодорхой жишээнүүд харагдаж байгаа биз дээ. Цахим орчинд одоо хоорондоо ил үзэлцэж байгаа хүмүүс бараг бүгд Ардчилсан намын ах нар байна. Хэзээд л ийм байсан. Ууган намын ах нар л ийм арчаагүй арга хэрэглэдэг. Бас хэзээний л тийм байсан. Угаасаа хаалттай нийгмээс улбаалж ирсэн нэг соёл байна шүү дээ тэдэнд. Дарга нараасаа, ах нараасаа айдаг. Ил хэлж чаддаггүй. Ил хэлвэл хөөгдөж туугдаад амьдрах аргагүй болно. Тиймээс нэгнээ далдуур даргад матаж амь зуудаг. Хүмүүсийн нүдэн дээр нэг их тэврэлдэж үнсэлдсэн хүмүүс л байдаг. Та санаж байгаа бол Ц.Нямдорж нь М.Энхболдыгоо, У.Хүрэлсүх нь Д.Хаянхярваагаа тайзан дээр нэг их сүрхий үнсэж байгаа зураг байдаг шүү дээ. Гэтэл ардуураа тэд үргэлж зодолдож байдаг. Нүүр нүүрээ харахаараа инээлдэж тэврэлдээд хуурамч хуудасны араас нэгнийгээ Хятад Монгол, авлигачин хулгайч гээд л чичилж байдаг.
– Тэр чинь Монгол ардын нам бол эв нэгдэлтэй, нэгэн цул байгаагийн илрэл юм биш үү? Олон мянган гишүүд дэмжигчидтэй намынхан ил гараад үзэлцээд байвал тэдний итгэл алдарна шүү дээ. Тэгэхээр ууган нам бол илүү зохион байгуулалт сайтай нам гэдэг өнцгөөс харагдахгүй байна уу?
– Авлига, албан тушаал дээр нэгддэг. Албан тушаал, авлига дээрээ тохиролцохгүй болохоор төрийг хэд нурааж хэдэн янз болгож байгаа бид хангалттай л харж байна. Нам бол үзэл бодлын нэгдэл байх ёстой болохоос биш хаалгаа сайн хааж байгаад төрийг хувааж иддэг мафи байж болохгүй шүү дээ. Эв нэгдэлтэй байна гэдэг хаалгаа хааж байгаад хүнээс нуугдаж байгаад муудалцахыг хэлдэггүй. Ил тод асуудлаа яриад ойлголцож нэг хаалга рүү ороод нэг зорилго руу тэмүүлэхийг хэлдэг. Ардчилсан намын үе үеийн дарга нар үргэлж л хоорондоо үзэлцэж харагддаг. Гэвч тэд эцсийн дүндээ Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хамгийн том хамгаалагч нар л байдаг. Бие биеэ үзэхгүй байж болно. Гол нь зорилго, итгэл үнэмшил нь арилдаггүй. Монгол хүний эрх, эрх чөлөөнд ноцтой аюул нүүрлэвэл өнөөдөр муудалцаж байгаа ах нар л хамгийн түрүүнд хамгаална. Ардын намынхан бол нуугдчихаад дооглоод л доромжлоод л, гүтгээд л сууна. Крандуулаад өсчихсөн өнөөдрийн Ардын намын дарга нарт Хүний эрхийн тухай ойлголт байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гаргасан шийдвэрүүдийг нь харахад л энэ нотлогдоно. Хүнийг зүгээр л сүрэг амьтан гэж бодож шийдвэр гаргадаг.
– Таны рейтинг Чингэлтэй дүүрэгт өндөр байгаа. Таньтай тэр тойрогт өрсөлдөх хүн өдөөн хатгалт явуулаад байгаа юм биш үү…
– Ганц Чингэлтэйд нэр дэвшигчид ч биш Ардын намын нэртэй нүүртэй ах нарын хамтраад, хүч зарцуулан барин зохиож байгаа олон ангит кино. Саяынх эхний анги нь шүү гэж намайг сүрдүүлэх гэж байна билээ. Гэм хийгээгүй хүн гэлбэлздэггүй. Энэ байтугай арван ангитай кино байсан ч сүрдэхгүй. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэддэг, юу хийж байгаагаа ойлгодог хүнд энэ бол зүгээр л цаг зуурын салхи төдий. Би тэдэн шиг нам дагаж, дарга дагаж төсвийн мөнгөн дээр төрөл саднаараа сандайлж суугаад хамгаас хайрт ард түмнээ шимж өдийг хүрсэн хүн биш. Айл айл хэсч компьютер форматалж яваад мөнгөн хуримтлалаараа өнөөдрийн амжилтаа эхлүүлсэн залуу. Чингэлтэй дүүргийн хувьд энэ дүүргээс дандаа баатрууд сонгогдсон байдаг. Хүний төгс хувилбарууд. Өөрийнхөө амьдралыг огоороод бусдын амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэдэг хүмүүс. Хамгийн эх оронч хүмүүсийн эхний хэдэд ч юм багтах хүмүүс энэ тойргоос сонгогдчихсон байгаа. Тэд бол авлига авахгүй. Бараг бурхан шүү дээ. Зүгээр л хайрт ард түмнээ гэсэн сэтгэл, тэр их буян нь яаж ч юм далдуур нөлөөлөөд гэр бүлийнх нь орлого дөрвөн жилийн дотор 10 дахин өсчихдөг. Тийм л сайхан баатрууд.
– Аюурсайхан, Оюунчимэг нарын гишүүдийг та хэлээд байна уу?
– Тэднээс өөр супер баатар байгаа гэж үү?
– Хүн гэрчээр ч, ер нь ч ямар ч байдлаар цагдаад дуудагдаж болно. Хамгийн гол нь иймэрхүү баримт сэлт задраад байх нь хэр зөв юм бэ. Баримт задарсан тохиолдол барагтаа л харагддаггүй шүү дээ…
– Баримтгүй улстөрч, улс төр гэж байхгүй болсон шүү дээ. Гагцхүү үнэн худлын дэнс л байх ёстой. Одоо бүгдээрээ л нэг юм барьчихсан баримт гээд явж байгаа. Тэгээд идүүрийг нь хөндөөд эхлэхээр нөгөөхөө хуурамч хуудас нээж байгаад тараадаг. Яг үнэндээ бид нар чөлөөт хэвлэл үүссэн тэр цагаас хойш хэн нэгний ийм “баримт”-ууд дээр ялаа шиг шавж өдийг хүрлээ шүү дээ. Үндсэндээ энэ бол намайг биш үүнийг олж үзэх хүмүүсийг, барьж аваад сэвэх сэтгүүлчдийг доромжилж дорд үзэж байгаа хэрэг шүү дээ. Энийг гаргаад л тавьчихъя. Наадуул чинь барьж аваад шаагиж өгнө. Үнэн худлааг нь нягтлахгүй шууд л тэр хүнийг үзэн ядна, нулимна гэж тооцож тарааж байгаа. Бид нар гэхдээ удахгүй ийм зүйлд шууд итгэдэг дохиурны хүмүүс байхаа болино. Нэг үеээ бодвол хүмүүс их өөр болж. Цахим хэрэглээнд дасч байна. Чихэлдсэн олон мэдээлэл биднийг юмны наадах цаадхыг гадарладаг ухаантай болгож байна. Эрх чөлөөний үнэ цэнэ энэ шүү дээ.
– Сошиалаар явж байгаа зүйлийн талаар та анх мэдээлэл хийхдээ их сонин мэдээлчих юм. Таны үеийн залуу хүмүүс хоёр тивд тусдаа амьдардаг гэчихээр сэвээд байгаа зүйлийг баталчихаж байгаа юм шиг л…
– Нэгдүгээрт, тэр “баримт” гээд байгаа бичгүүдийн тухай би намайг цохих гэж оролдох дараагийн анги нь гарсаны дараа дэлгэрэнгүй тайлбар өгнө. Наана нь дуугарахаар нэмж зохиогоод байна шүү дээ. Хоёрдугаарт, Манай Нэткапитал АНУ-д салбараа нээж бизнесээ амжилттай эхлүүлээд байгаа. Эхнэр маань тэнд тэр их ажлыг нугалж байна. Сүүлд нэгдүгээр сард л АНУ-руу явсан шүү дээ. Хол амьдраад л байгаа юмгүй. Яваад удахгүй ирэх төлөвлөгөөтэй байсан ч энэ тахлаас болоод тэнд гацчихлаа. Ийм л юм.
– Та хамгийн соёлтойгоор пи-ар аа хийж байсан. Гэтэл гэнэт Ерөнхий сайдыг шүүмжлээд эхэлсэн. Шүүмжлэхгүйгээр хийсэн ажлаа, хийх ажлаа яриад явж болоогүй юм уу…
– Би үнэндээ пи-ар ерөөсөө хийгээгүй байгаа шүү дээ. Фэйсбүүкийнхээ хэдэн найзуудыг нэмж илүү олон хүнтэй харилцъя, цахим орчныг чадвал бүрэн дүүрэн ашиглаад хүмүүстэй нээлттэй байчих юмсан гээд л фэйсбүүкт төлбөр төлдөг. Хүмүүс янз янзаар л хэлдэг. Би тоодоггүй. Энэ чинь авлига биш шүү дээ. Эрх мэдэлд хүрчихсэн хүмүүс өөрийнхөө биш төсвийн мөнгөөр хувийн сурталчилгаагаа хийж байгаагийн хажууд эрүүл л гэж бодох юм. Ерөнхий сайдын тухайд надад шүүмжлэх хоёр шалтгаан үүссэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд тахлаас үүдэж Эдийн засагт ийм хүндрэл үүсэх нь тодорхой байхад гурван сар байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд гарч ирээд Засгийн газар долоон багц арга хэмжээ авна гэхэд нь би өөрийнхөө хуудсаар дамжуулж талархал илэрхийлсэн. Аж ахуй нэгжүүд, иргэдийнхээ орлого руу шууд чиглэсэн арга хэмжээ байна гэж баярласан. Гэтэл удалгүй хэлсэн бүх зүйл нь худлаа болж эхэлсэн. Одоо бүгд харж байна. Нөгөө долоон арга хэмжээнээс нь хэд нь биеллээ олж бидэнд хөнгөлөлт болж ирсэн бэ? Би Ерөнхий сайдыг залилан хийхээ боль гэж хэлсэн үгээ одоо ч давтаад хэлье. Та иргэдээ хуурч мэхлэхээ боль л доо. Ганцхан жишээ. Орлого нь 50 хувь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг өгнө гэдэг чинь шилний цаанаас чихэр долоолгож байгаа үйлдэл. Бизнес эрхэлж байсан, байгаа хэн ч үүнийг ойлгоно. Ямар ч компани орлогынх нь тал нь алга болчихсон байхад зардлаа хасахгүй байж чадахгүй. Заавал цомхотгол хийнэ. Хаа сайгүй хийж байна шүү дээ. За бүр дампууръя гээд шийдчихсэн захирал тэр 200 мянган төгрөгийг авч өгөхийн тулд цомхотгол хийхгүй байлаа гэж бодоход нөгөө ажилтан зөвшөөрөх үү? Гурван сар 200 мянган төгрөг авна гэж суусанд орвол халагдаад Гэнэт халагдсаны төлбөрөө нийгмийн халамжаас авбал дунджаар тав дахин илүү мөнгө авна. Энэ бол шууд сонсоход мөнгө өгөөд байгаа мэт боловч өгөхгүй гэсэн үг. Хүний дэмжлэгийг авахын тулд хууран мэхлэхийг залилан гэдэг биз дээ. Хоёрдугаарт, би бизнес хийдэг хүн. Энэ улсын эдийн засгийн тойрог дотор гүйж байгаа бизнесмэний хувьд Ерөнхий сайддаа шаардлага хүргүүлсэн. Бүх л захирал, эдийн засагчид хэлж байгаа. Минийх л их тод харагдчихсан болохоос биш..
– УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гуравхан жилийн өмнө надаас “мөнгө зээлье” гэж явсан залуу одоо 61 тэрбум төгрөгтэй болж гэж хэлсэн шүү дээ. Та үүнд ямар хариу өгөх вэ. Үнэхээр мөнгө зээлээч гэж хэлсэн юм уу…
– Би тэр хүнээс мөнгө зээлэх биш тэр хүн манай Нэткапиталын бондыг авч байлаа шүү дээ. Найдвартай компанийн Бонд гэдэг бол хамгийн өндөр хүүтэй хадгаламж гэсэн үг. Б.Дэлгэрсайхан Нэткапитал мөнгө хүүлэгч байх боломжгүйг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүсийн нэг. Ингэж увайгүй худлаа хэлэх эрхийг УИХ 76 хүнд тусгайлан олгодог. Та нар харж байгаа биз дээ. Сэтгүүлч нэг үг алдаж бичээд хоёр сая төгрөгөөр торгуулдаг бол УИХ-ын гишүүн худлаа ярьж хүн гүтгэх нь бүү хэл төсвийн, сангийн мөнгийг хувьдаа, гэр бүлдээ завшчихаад өнөөдөр гол усны ундарга, загасны эрүүл мэнд, ард түмний төлөө гээд явж байна шүү дээ. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй энэ гажуудлыг маш хурдан засах ёстой. Бид Үндсэн хуулиар тэгш эрх, тэнцүү үүрэгтэй. Хүн гүтгэх хуультай. Харин УИХ-ын гишүүнд энэ хууль хамаагүй. Ийм байж болохгүй. Хүн хүүхдээрээ хөгширч болдогийн тод жишээ юм байна, Б.Дэлгэрсайхан. У.Хүрэлсүх ч тэр. Олон жил улс төрийн тогоонд чанагдсан төрийн түшээд байж эрх мэдэлгүй нэг бизнесмэн залуугийн үгэнд ямар их эмзэглэдэг юм бэ? Ямар их дайрч давшилж гүтгэж доромжилдог юм бэ? Ах болоогүй ийм ах нараас хэн айх юм бэ? Ийм өчүүхэн хүмүүс төр барьж байгаа болохоор өнөөдөр сэтгэл хөдлөлөөр гаргасан далий шийдвэрээ араас нь хууль баталж засдаг, төрийн үүрэг, утгыг алдуулж нураадаг, Төсвийн мөнгөөр, их наяд их наядаар нь өөрсдийн компаниудаа тэжээдэг байдал тасрахгүй байна л даа.
– Ирэх сонгуулийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна…
– Тахлын аюулаас манай Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ үнэхээр сайн хамгаалж чадсан. Одоо ч өдөр шөнөгүй сайн ажиллаж байна. Харин энэ тахлыг далимдуулж эрх мэдлээ сунгах сонирхол эрх мэдэлтнүүдэд байна. Хөл хориогоор далимдуулаад хуучин дарга нар хугацаагаа сунгах боломж бүрдэж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд шинээр улс төрд орж байгаа олон сайн залуучууд, эмэгтэйчүүд өөрийгөө бүрэн таниулж амжихгүй нь. Нэг ч уулзалтгүй, хөл хорион дунд сонгууль болох гэж байна шүү дээ. Энэ тахал хуучин дарга нарт зол болж байна. Тийм болохоор цахим орчинд бүгд итгэл найдвар тавьж байгаа. Ийм үед сонгогчид маш идэвхтэй байх шаардлагатай. Нэр дэвшигчид танай гадаа талбайд очиж уулзахгүй нь байна шүү. Тиймээс өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн тухай албан ёсны хуудаснаас нь мэдээлэл сайн аваарай. Хуурамч хуудаснууд, худлаа гүтгэлэг мэдээнүүд урьд урьдынхаас ихсэнэ. Албан ёсны хуудас, албан ёсны редакцийн мэдээг л үзээрэй гэж зөвлөе. Монголчууд тархиа угаалгаж үнэндээ ханалаа шүү дээ.
– Төрсөн ах дүү гурав гурвуулаа сонгуульд нэр дэвших гэж байгаа гэх зүйл яригдаж байна. Энэ үнэн үү?
– Төрсөн ах дүү гурав гурвуулаа нэр дэвших гэж байгаа тухай сонсоогүй юм байна. Ер нь одоо хэн хаана нэр дэвших нь албан ёсоор тодроогүй байгаа. Намууд тойргууд дээр судалгаа хийж байна. Судалгаанд харин идэвхтэй оролцоорой гэж хүсье.