Categories
мэдээ цаг-үе

Шинэ мянганы “алтан үе”-ийн тамирчидтай ажиллаж байсан Л.Энхбаяр багшийнх

Хаврын сар гараад уджээ. Хотоос эртлэн гарсан бид бага үдийн алдад Төв аймгийн Зуунмод хотод ирлээ.

Уул толгодын цас хайлмагтаж, энтээ тэртээ цоохортоод, нялх төлийн дуу малчны хотонд цангинаад, бүлээн салхи зөөлөн сэвших нь урин цаг хэдийнэ ирснийг илтгэх.

“Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот” гэх бичигтэй цагаан хаалгаар ороход л энэ удаагийн “Танайд өнжье” булангийн зочин чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Л.Энхбаяр багш биднийг уриалгахан хүлээж авав.

Мэнд мэдэлцсэн бид төв замаас зүүн гар тийш эргэж жаахан яваад л амины орон сууцнууд дундуур ороод явчихлаа.

“Миний аав Лувсандамба насаараа цагдаагийн байгууллагад ажилласан. Төв аймгийн Бүрэн сумынх. Ээж харин Төв аймгийн Эрдэнэ сумынх. 40 орчим жил эмнэлгийн байгууллагад ажилласан. Ахмад үеийнхэн Ц.Саранхүү гэхээр андахгүй мэднэ. Би Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан Лувсанмөрийн Чимэд арслантай ээжийн талаараа ойрын садан төрөл юм билээ” гэж Энхбаяр багш аав ээжийнхээ талаар дурсаж байна. Энэ зуурыг ярилцаж явсаар цэвэрхэн төмөр хашаатай хоёр давхар улаан тоосгон сууцны үүдэнд ирлээ.

Энхбаяр багшийнх дөрвөн хүүхэдтэй өнөр бүл ажээ. Гэрт ороход л хүүхдийн цэцэрлэг шиг шуугилдсан, инээд хөөр цалгисан орчин биднийг угтлаа. Гэрийн эзэгтэй Л.Одонтуяа хоол, хүнс зэхээд тун завгүй харагдана. Эднийх гэрийнхээ баруун хананд тууз хадаад медалиудаа зүүчихжээ. Оюутны дэлхийн аваргын хүрэл медалиас өгсүүлээд улсын бүсийн тэмцээнүүдээс хүртсэн 20 орчим медалиар туузаа чимсэн харагдана. Түүний дундаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медаль нь нүдэнд содон туслаа.

Урд хананд байрлах сервантад цомнуудаа өрөөд тавьчхаж. Энхбаяр багш 2000 онд 23 насандаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлж, тухайн жилийнхээ шилдэг тамирчнаар шалгарсныг Монголын Үндэсний олимпийн хорооноос баталж цом гардуулж байжээ. Үүнийг нь сервантныхаа хамгийн дээд талд нь залжээ. Мөн оны шилдэг дасгалжуулагчийн цом ч тэнд харагдсан.

Эднийх шинэ байранд 2017 онд нүүж орсон гэнэ. Өмнө нь Улаанбаатарт амьдарч байжээ.

“Жаахан хүүхэд байхад л ах дүү армиудын чөлөөт бөхийн “Интернационал” тэмцээн зурагтаар гарна. Алгасалгүй үздэг байлаа. Ингээд л хөрш хашааны хүүхдүүдтэйгээ элсэн дээр өдөржин барилдана. Ингэж яваад л бөхөд татагдсан даа. “Таахай” Дамдин багшид шавь болж бөх болох сууриа тавьсан. Дараахан нь Зоригоо багшийн бэлтгэлд явдаг болсон. Зоригоо багшийн шавь нар нараас тив дэлхийд алдартай олон тамирчид гарсан. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Г.Шижир нар Зоригоо багшийн гараар дамжсан байдаг. Миний хувьд ялгаагүй” гэж Энхбаяр багш ярьж байна.

Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Сургуулиа төгссөн даруйдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэсэгхэн хугацаанд жижүүрийн офицероор ажиллаж байгаад л чөлөөт бөхийн спорт хөгжүүлэхээр төрсөн нутаг Төв аймгаа зорьжээ.

“Би оюутан байхдаа “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Сүүлд Хэнмэдэхийн Амараа начин дээр бэлтгэл хийдэг болсон.

Чөлөөт бөх бол их дуртай байж л хичээллэдэг хүнд спорт. Манай үеийнхнээс цөөхөн залуус л чөлөөт бөхөөрөө дагнаж хичээллэж үлдсэн. Миний хувьд 2009 оноос хойш л дасгалжуулагчаар ажиллаж байна” гэв.

Зүүн гар талаас гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр нар.

Тэрбээр гавьяат тамирчин Б.Наранбаатар, улсын заан Д.Амгаланбаатар, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар нартай нэг үеийн тамирчин ажээ.

“2009 онд чөлөөт бөхгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон байсан л даа. Ингээд л нутагтаа бөхийн спорт хөгжүүлэхээр сэтгэл шулуудсан. Бөх болох сонирхолтой хүүхдүүдтэй тулж ажилласан” гэсэн юм.

Чөлөөт бөхийн спорт хөгжүүлэхээр ирснээ удирдлагуудад танилцуулахад нь ч дэмжиж өгчээ.

Бөх болох сонирхолтой 10 гаруй хүүхдүүдийг өөр дээрээ авч бэлдэж эхэлсэн байна. Тухайн үед шавь нараа амьдруулах орон байр асуудалтай байсан учраас хоёр өрөө байр түрээсэлж өгөөд бэлтгэл хийлгэж байсан гэнэ.

Энхбаяр багшийн шавь нар ч итгэлийг нь алдсангүй амжилт нь өдөр өдрөөр ахиад ирж. Эдүгээ хичээл зүтгэлийн үр шим гарч тив дэлхийд өрсөлдөх хэмжээний өрсөлдөхүйц ур чадвартай Шинэхүүхэн, Даваасүрэн нарын шилдэг тамирчид бэлтгэгдээд байгаа юм.

Шавь нарын амжилт гэрлийн хурдаар ахиж түүнд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах боломж нээгдэж иржээ.

Энэ талаараа Энхбаяр багш “Гавьяат Б.Наранбаатар бид нэг үеийн тамирчид. Он жав маань БТСУГ-ын даргаар ажиллаж байхдаа шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан юм. Үүнийх нь дагуу шалгаруулалтад нь тэнцэж 2012-2016 оны олимпийн циклд эрэгтэйчүүдийн шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан. Санаа нийлсэн хүмүүстэй хүсэл зорилгоо нэгтгээд зүтгэхэд амжилт хүрдэг юм гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон найман тамирчны маань тав нь шигшээд шалгарч медалийн төлөө барилдсан. Миний хувьд шинэ мянганы “алтан үе”-ийн тамирчидтай ажиллаж явснаараа бахархдаг юм” гэж шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан талаараа хэлж байна.

Түүний хувьд гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нартай хамт эрэгтэйчүүдийн шигшээ багт ажиллах хугацаандаа уналтад ороод байсан эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийг сэргээж, тасраад байсан “медалийн хур” буулгасан юм.

Дээрх эрхмүүд 1990 оноос хойш Монголын чөлөөт бөхийг нуруундаа үүрч явсан гэхэд худлаа ярвсан болохгүй биз. Ц.Цогтбаяр гавьяат зах зээл солигдсон хүнд үед ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан удаатай. Түүнээс хойш тасраад байсан медалийг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2000 онд эх орондоо авчирч байсан түүхтэй. Үүнээс хойш мартагдах шахсан медалийг гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2005 онд Будапештийн дэвжээнээс зүүж байсан. Дасгалжуулагчаар нь Бямбаренчингийн Баяраа багш ажиллаж байсан юм. Б.Наранбаатарын тухайд энэ олимпийн мөчлөгт БТУСГ-ын даргаар ажиллаж байсан. Монголын чөлөөт бөхөд өөрийн амьдралаа зориулсан дасгалжуулагч нар баг болж нэг зорилготой ажилласнаар дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсэн юм.

2015 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдахад эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид давуулах нь битгий хэл давтахад хэцүү амжилт үзүүлж ОХУ, АНУ болон Гүржийн багийн тамирчдын дараагаар дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Б.Анхбаяр маань бэртээгүй бол багаараа хүрэл медаль авах боломж байсан талаар Энхбаяр багш хэлж байна. Монголын баг Гүржийн багаас хоёр оноо л дутуу байжээ.

Шигшээ багт ажиллана гэдэг том хариуцлага байдаг. Жилийн 365 өдрийн цөөхөн хэдэд нь гэртээ өнждөг байжээ. Энэ үед ар гэрийн ачааг гэрийн эзэгтэй Л.Одонтуяа нугалж байсан талаар ярилаа.

“Бид хоёр 1997 онд өрх тусгаарласан. Тамирчид ч тэмцээн уралдаан бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа харахгүй шүү. Шигшээ багт ажиллаж байхдаа гэртээ цөөн хонодог байсан. Харин олимпийн мөчлөг дуусч ажлаа өгснөөс хойш гэртээ суурин байдаг болсон доо. Өглөө оройдоо л бэлтгэлийн заал руугаа явдаг. Ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулдаг болсон” гэж Л.Одонтуяа хэлж байна. Тэрбээр хувиараа бизнес эрхэлдэг ажээ.

Энхбаяр багш 1980 оноос хойш тасраад байгаа олимпиин медальтан төрүүлэх зорилго өмнөө тавиад л эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид ажилдаа орсон. Зорилгодоо хүрсэн гэж хувьдаа боддог юм. Мандахнаран гавьяат хүрэл медаль авсан шүү дээ. Том нөлөөтэй хүмүүст дээрэлхүүлчихсэн гэж Энхбаяр багш Рио-гийн олимпийн талаар дурслаа. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд Мандахнаран гавьяат ямар тэмцээнд оролцох, ямар бэлтгэлд хамрагдах, ямар хоол хүнс хэрэглэх талаар төлөвлөгөөг бэлтгэж гаргажээ. Үр дүнд нь медалийн оосроос атгаад алдсан юм. Одоо тэд хөрш ажээ.

Дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгсөн тэрбээр Төв аймгийн өсвөр үеийн тамирчидтай ажиллаад эхэлжээ.

Шавь нарын хамт.

Чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж Төв аймгийн 27 сумаас хүүхдүүдийг шалгаруулж элсүүлж байгаа гэнэ. Тэрбээр одоогоор 10 орчим сумдаас хүүхдүүдийг шалгаруулж гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа элсүүлжээ. Тэднийгээ дотуур байранд нэг дор байршуулж бэлтгэл сургуулилтыг нь хангаж байгаа гэнэ.

“Шигшээ багт ажиллаж байхдаа туршлагатай багш нараас их зүйл сурсан. Сурсан арга барилаараа аймагтаа ажиллаж залуу тамирчдыг бэлтгэж байна. Үр дүн нь сайн гарсан. 2018 онд өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн. Дараа жил нь амжилтаа ахиулж гуравдугаар байр эзэлсэн. Энэ жил түрүүлэх хэмжээнд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хангаад байсан ч коронавирусийн тархалтын улмаас тэмцээн хойшлогдоод байна” гэсэн юм.

Хүүхдүүдийнхээ хийх бэлтгэл, оролцох тэмцээнүүдийг цаасан дээр буулгаж нарийвчилсан төлөвлөгөө гаргаж тамирчидтайгаа тулж ажиллах нь түүний арга барилын онцлог болдог талаар шавь нар нь хэлж байна.

Тэрбээр шигшээ багт ажиллаж байхдаа гол төлөв энэ чиглэлийн ажлыг гардаж хийдэг байсан талаараа ярилаа.

Чөлөөт бөхөөр хичээллэсэн хүүхэд бүр аварга болохгүй. Хүүхэд спортоор хичээллэснээр өөрийгөө ялж сурдаг. Ёс суртахуунаас авахуулаад хүнд байх ёстой бүх сайн чанаруудыг спорт суулгаж өгдөг. Амьдрал дээр гараад зөв явах суурийг нь спорт, тэр дундаа чөлөөт бөх тавьж өгдөг талаар Энхбаяр багш онцолж байна.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бэлтгэлээ зогсоогоод байгаа ажээ.

“Заалаараа орохгүй, хүүхдүүдтэйгээ ажиллахгүй сар болоход л хэцүү байна шүү. Чөлөөт бөх амьдралын маань салшгүй хэсэг болсон. Гэртээ л цагийг өнгөрүүлж байна. Адууны мах чанаж шөлөнд нь аарц буцалгаж уугаад л дархлаагаа дэмжиж байна даа. Дархлаа дэмжээд байхад өвчин хууч тэгээд намжих байлгүй дээ. Завсар зайгаараа бэлтгэлийнхээ төлөвлөгөөгөө нягтлаад л сууж байна” гэж хэлсэн юм.

Эдний том охин Энхжин өнөө жил 12 дугаар анги. Хичээл ном гээд завгүй л суугаа харагдсан. Дунд охин Энхлэн зургадугаар анги. Чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой талаараа хэлж байна лээ. Аав нь “Өөр багшид нь даалгахаас биш, би сургахад хэцүү юм билээ” гээд инээд алдаж байв. Дүү Энх-Анир нь зургаан настай. Энэ намар сургуульд орох гэнэ. Харин бага хүү Энх-Анар гурван настай. Энхбаяр багш бага хүүгээ бөх болно гэж нууцхан хардаг л бололтой.

Лувсанмөрийн Чимэд арслангийн удмыг дэлхийн дэвжээнд цуурайтуулсан хүчтэн Энхбаяр багшийн гэр бүлээс төрөхийг хэн мэдлээ.

Энхбаяр багшийн шавь нар үндэсний бөхөөр ч амжилт үзүүлээд эхэлжээ. Алтанбулагийн П.Эрхэмжаргал аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн бол М.Жамсрандорж зургаа давж аймгийн харцага цол хүртсэн байна.

Төв аймаг 27 сумтай. Нөөц надад хангалттай байна. Авьяастай, хичээхэд сайн болох хүүхэд олон байгаа. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин дэлхийн аварга болохыг 1975 оноос хойш харсангүй. 1980 оноос хойш олимпийн медаль тасарчихаад байна. Энэ медалиудыг авах хэтийн зорилго тавиад л өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа талаараа Энхбаяр багш дуулгалаа.

Түүний хичээл зүтгэлийн үр шим удахгүй гарч шавь нар нь Төв сайхан нутгаа олимп дэлхийн дэвжээнд алдаршуулах биз ээ. “Хөдөлмөрлөсөн хүнийг аз түшдэг” хэмээн Төв аймгаас төрсөн алдартан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нэгэнтээ хэлж байсан.

Лувсандамбын Энхбаяр гэх даруухан дасгалжуулагч чимээгүйхэн хөдөлмөрлөж байна. Хэтийн зорилго биелэх өдөр холгүй биз ээ.