Categories
мэдээ улс-төр

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээ, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мөн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар мэдээлэл сонсоно.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах

Л.Оюун-Эрдэнэ

2.

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Л.Оюун-Эрдэнэ

3.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Д.Цогтбаатар

4.

Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.Цогтбаатар

5.

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай

Ч.Хүрэлбаатар

6.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай

Ч.Хүрэлбаатар

7.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.Нямдорж

8.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Ё.Баатарбилэг

9.

Журам батлах тухай

Ё.Баатарбилэг

10.

Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай

Ц.Даваасүрэн

11.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

12.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.Оюун-Эрдэнэ

13.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар

Ч.Хүрэлбаатар

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Дэлхийн банкнаас Монгол Улсад корона вирусийн халдвартай тэмцэхэд зориулж 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд Монгол Улс багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм.

Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

Ноён Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан юм.

Categories
мэдээ улс-төр

Байгалийн хийн хоолой барих төслийн ажлын хэсгийг шадар сайд Ө.Энхтүвшин ахална

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хот

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж дэмжигдсэн. Тус баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-аас өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх материалыг танилцуулав.

Танилцуулгыг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хийлээ. Тэрбээр “Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы зүгээс холбогдох албаныханд хандаж, тайланд тусгагдсан боловч танилцуулгад ороогүй асуудлуудыг танилцуулгад дэлгэрэнгүй нэмж оруулах үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Тооцоо, судалгаагаа илүү нарийвчлан гаргах шаардлагатай” гэдгийг онцолж хэлэв.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэний үндсэн дээр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон уснаас аврах ажиллагааны мотоцикл тээвэрлэх чиргүүлтэй боллоо

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачлагаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклыг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой боллоо гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Цар тахлын үед буруу үзлүүд сэрж магадгүй, гэхдээ популизм, фашизмд орон зай байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Коронавирусийн цар тахлын дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэсэн яриа хөөрөө, таамаг дүгнэлт ид хөвөрч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө гэж яриад байгаа. Гэхдээ ертөнц бүтнээрээ эргэчихнэ гэж байхгүй. Гиперглобалчлал гэж ярьдаг даа. Биесээсээ хэт хамааралтай эдийн засгуудыг байгуулахаас зайлсхийх хандлагыг ингэж тодотгодог. Тийм хандлага гарч магадгүй. Арьсны үзэл, үндсэрхэг үзэл гарч болно. Улс орнууд хил хязгаараа хаагаад протекционизмийн дүр зураг анзаарагдаж мэднэ. Гэхдээ глобалчлал бодит процесс учраас дэлхий бие биетэйгээ худалдаа наймаа хийхгүйгээр аж төрж чадахгүй ертөнц хэвээр үлдэнэ.

-Популизм гэх мэт хэт туйлширсан хандлагууд идэвхижих эрсдэл бий юу?

-Энэ цаг үед чоно борооноор гэгчээр буруу үзлүүд сэрж магадгүй. Барууныхан хүртэл дайны өмнөх байдал гэж хэлээд байгаа нь бас шалтгаантай. 1929-1933 онд депресс болсон юм. Дэлхийн эдийн засаг хямарсан.

Тэр үед гол хөрөнгө оруулагчид байсан америкууд Европ, Германаас хөрөнгө оруулалтаа татсан түүхтэй. Хөрөнгө оруулалтаа татангуут Европ, Германы байдал муудаж таарна. Эдийн засаг муудсан тэр орчинд популизм хүчтэй босч ирсэн юм, дайны өмнө. Зүгээр нэг популизм төдийгөөр өнгөрөөгүй. Дараа нь фашизм болж хувираад дэлхийн дайн дэгдсэн. Дэлхийн дайны тэр гашуун туршлага эдийн засгийн хувьд хэрхэн өрнөсөн процессийг барууныхан ойлгож байгаа. Тийм учраас бүгд хаалгаа хаагаад суухгүй. Эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлд асар их мөнгө цутгах хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Товчхондоо популизм, фашизмд орон зай байхгүй.

-Ерөнхийлөгч саявтар сонгуулийг хойшлуулах, удирдлагыг нэг гарт төвлөрүүлэх гэсэн агуулгатай уриалга гаргалаа. Засаглалд нөлөөлөх оролдлого, хэцүү цагт гаардаг популизмын илрэл гэх мэтээр шүүмжилж байна. Таны хувьд ямар байр суурьтай яваа бол?

-Ерөнхийлөгчийн уриалгыг сайн талаас нь харвал пандемик гэж айхавтар юм болж байна шүү гэж анхаарууллаа. Муу талаас нь харвал эрүүл мэнд, эдийн засгийн асуудал дээр дахиад улс төрийн асуудал нэмж толгой эргүүлээд байх хэрэггүй л дээ. Засаглал өөрчлөх, эрх мэдэл төвлөрүүлэх гэдэг дээр эрт дүгнэлт хийх хэцүү. Гэхдээ энэ бүх асуудлыг ардчилсан тогтолцоо л шийдэж чадна.

-Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл рүү оръё. Дайны байдал, эдийн засгийн хямрал гээд янз бүрээр л тодотгож байна…?

-Коронавирус дэлхийн хувьд эдийн засгийн бодит хямрал болж хувирна гэдэг дээр ихэнх эдийн засагч санал нийлчихлээ. Дайны байдал гэж тодотгоод яваа нь ч учиртай. Үзүүлж буй нөлөөллийн хувьд эрэлт болон нийлүүлэлт аль аль талдаа сөргөөр нөлөөлж байгаа. Байгалийн гамшиг шиг тодорхой орон нутаг, улс, бүсэд биш дэлхий нийтийг хамарлаа л даа. Байгалийн гамшиг тохиосон улсад тал бүрээс нь очиж туслаад асуудлыг шийдчихдэг. Гэтэл энэ тахлаас үүдсэн хямрал бүх улсыг хамарч байгаа учраас маш их хүндрэл үүсч байна. Үргэлжлэх хугацааны хувьд 18 сараас дээш гэсэн ойлголттойгоор бэлтгэл ажлуудаа хийж байна, улс орнууд.

-Коронавирусийн тархалт эхэлснээс хойш жил хагасын хугацаанд хямрал үргэлжилнэ гэсэн үг үү, эсвэл өнөөдрөөс тоолох ёстой хугацаа юу?

-Өнөөдрөөс гээд ойлгочих хэрэгтэй. Хятад эхнийхээ давлагааг даваад дуусч байна. Гэтэл одоо коронавирусийг буцаагаад импортлоод эхэллээ. Импортлохгүйн тулд хүний урсгалаа хааж байна. Хүний урсгал тасарчихаар эдийн засаг царцахаас аргагүй. Хүний урсгалаа хаагаад хэдий хүртэл тэсэх вэ гэдэг нь өөрөө том асуудал. Вирустэй дайтах дайн эхэлчихлээ. Дайны цагт бүгд хариу довтолж давшдаг. Дайн учраас дандаа ялах боломжгүй. Хямрал таван үе шаттай. Эхэлдэг, хариу арга хэмжээ авдаг, үер мэт хүчинд автдаг, фронт жигдэрдэг, эцэст нь эдийн засаг өсч эхэлдэг. Хямралын үеэр шийдвэр гаргагчдын төсөөлөөгүй ч байж болох үер шиг хүчтэй хүндрэл бэрхшээл орж ирдэг. Бүр үер гэсэн нэршил хүртэл бий. Жишээ нь, халдвар нийт олны дунд тараад эхэлбэл эрүүл мэндийн хүчин мөхөсдөнө. Эдийн засгийн чадал ч хэцүүднэ. Ийм хэцүү бүхний өөдөөс асар их хохиролтойгоор фронт болж жигдэрдэг. Эрх баригч, ард түмэн нэг бодлого дээр нэгдэж тэмцэх шаардлагатайгаа ойлгодог. Үүний дараа тэмцэлдэж байж хямралыг давдаг жамтай. Товчхондоо хямрал явдаг шат дарааллыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоон арга хэмжээнд санаа амарч болохгүй.

-Та бид хоёрын яриа Засгийн газрын гаргасан шийдэл, арга хэмжээ рүү орчихлоо. Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсан ажлууд цагаа мэдэрсэн шийдлүүд мөн үү?

-Манай Засгийн газар, холбогдох хүмүүс арга хэмжээ авч байна. Авч буй арга хэмжээнүүдийг нь сайшаан магтмаар байна. Тус бүрдээ чаддаг зүйлсээ хийх нь вирустэй хийж буй чухал тэмцэл. Гэхдээ хийж буй бүр арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай. Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарах ёстой. Жишээ нь, Ерөнхий сайд саявтар олон сайхан арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Заримыг нь Засгийн газар дангаараа биш УИХ-тай хамтран шийдэхээр харагдаж байна лээ. Тэгэхээр Ерөнхий сайд ярьж байгаа асуудлуудаа УИХ руу бариад орох байх. Хууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ. Түүнээс биш хэн нэг даргын мэдэгдлээс итгэл үүсэхгүй. Тэр утгаараа эдийн засагт авах арга хэмжээ хүн бүрийн итгэлийг хүлээж байж ажил цааш өрнөнө. Хоёр дахь цонх нь бас их чухал. Засгийн шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн хүний аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлага бий.

-Засгийн дэмжлэг бага хүрээг хамрах нь гэсэн шүүмжлэл бас дуулдаад байна?

-Хэрвээ таны асуусанчлан хамрах хүрээ хумигдмал харагдсан бол цаашид өчнөөн арга хэмжээ авах шаардлага Засгийн газрын өмнө байгаа гэсэн үг. Жишээ нь, 300 тэрбумыг ноолуурын бизнест хийнэ гээд ярьж байна. Хэвийн нөхцөлд бол ноолуурын хойноос хөөцөлдөх худалдан авагчид дэлхийд өчнөөн бий байх. Гэтэл өнөөдөр бүгд хэмнэлтийн горимд орчихсон, эрэлт бий юу гэдгээ тооцох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хямарна гэж байхад үнэтэй ноолуурт мөнгөө зараад явах хүний тоо хэд байх бол? Ноолуурын бизнесээ бодсон уу, эсвэл ноолуур гаргадаг малчдаа дэмжиж байгаа юу, хүндээ яг яаж хүрэх вэ гэх мэт тов тодорхой шалгуурууд байхгүй бол шийдвэрийн агуулга буруугаар эргэх эрсдэлтэй.

-Төсөв тодотгохгүй гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг хямарч байхад шаардлагагүй хөрөнгө оруулалтаас аль болох татгалзах шаардлага бий. Тэгэхийн тулд төсвийн тодотгол хэрэгтэй.

-Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ, жишээ нь төсөв дээр ямар бодлого барьж байгаа бол?

-Улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Өвчинд яаж, ямар байдлаар нэрвэгдэж буйгаасаа хамаараад арга хэмжээнүүдийнх нь түвшин янз бүр байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой байгаа. Нэгэнт дайны байдал үүссэн учраас бүх улс төсөвтөө тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа чадах хэрээрээ багасгаж, өвчинтэйгөө тэмцэх ажилд асар их мөнгө зарцуулж яваа. Дээр нь эдийн засгаа дэмжих чиглэлд эрэлт, нийлүүлэлт хоёулантай нь ажиллаж байгаа. Дэлхийн зураг ийм байна. Бид ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудыг анзаарах нь ээ гаргасан шийдвэрүүдээ тухай бүрд нь нийцүүлэн өөрчилж, шинэ шийдлүүд гаргаж хурдтай ажиллаж байгаа харагдах юм. Бид ч тэгж ажиллах шаардлагатай юу, эсвэл жижиг эдийн засаг учраас өөр арга тактик хэрэглэх ёстой юу?

-Хурд маш чухал. Эдийн засагчдын зүгээс “Цаг битгий алдаач” гэж шаардаад байсны гол зорилго нь тэндээ байгаа юм. Манай Засгийн газраас гаргасан шийдлүүдийн хувьд нэг зүйл нэмж хэлмээр байна. Би команд өгсөн, тиймээс биелэх ёстой гэж авторитар дэглэмээр хандвал алдаа болно. Учир нь ардчилсан, хууль ёсны механизм бол нийтээрээ фронт болж, итгэлээ нэгтгэж тэмцэлдэх юм. Дайн гэдэг бол ухардаг, давшдаг, алдаагаа засдаг процесс болохоос биш зургаа, долоон юм хэлчихээд санаа амарч, бие биедээ баяр хүргэдэг эд биш.

-Вирусийг анх хэн дэгдээсэн бэ гэдэг дээр АНУ, Хятадын удирдлага зөрчилдсөн үгс унагаад яваа анзаарагдах юм. Эхлэл үүсгэл нь хаанаас бол гэдэг асуултад эцсийн хариу гэж бий юү?

-Үл үзэгдэх вирустэй дэлхийн дайн болж байна. Хуучин сэтгэгдлээрээ буруутныг бие биенээсээ хайх нь гарцаагүй. Хэзээ нэгэн цагт вирусийг ялсан ялалтын түүх бичигдэнэ. Товчхондоо түүхийг ялсан улс нь бичнэ. Тэгэхээр вирусийн түүх яаж бичигдэх нь хэн ялахаас хамаарна. Нэг зүйл нэмээд хэлэхэд өнөөдөр дэлхий даяар вирустэй хийж буй тэмцлийг харахаар тодорхой хэдэн улс маш амжилттай байлдаж байна. Өмнөд Солонгос, Сингапур, Хонконг, Тайвань, Япон амжилттай байлдаж байгаа. Эд бүгд ардчилсан улсууд. Итали хүнд байдалд орсон нь үнэн. Европын холбоо бүх хүчээ тийшээ дайчилж эхэлсэн. Италид яагаад халдвар газар авав гэдэг ч цаанаа шалтгаантай. Аль ч улсын хувьд халдвар авагчид нь залуус байна. Нэгдүгээрт, залуус нийгмийн харилцаанд идэвхтэй ордог онцлогтой. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд цохиулдаг. Залууст ажил хайгаад гүйхээс аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Залуус халдвар авч аав, ээждээ очиж халдаагаад байна л даа. Италичууд манайхан шиг гэр бүлсэг хүмүүс. Аав, ээжтэйгээ маш ойр харилцаатай. Ийм учраас хөгшчүүл нь хүүхдүүдээсээ халдвар авч олноороо амь эрсдээд байгаа юм.

-Италиас гадна Америк бас хэцүүдэж байна шүү дээ…?

-Популист Ерөнхийлөгчтэйгөө цаг алдсан байж магадгүй. Гэхдээ би америкчуудыг энэ өвчнийг цаг алдахгүй ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Олон бизнес хаалгаа барьж байгаа. Байдлыг улам муутгахгүйн тулд ямар тактик баривал тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давах бол?

– Хөл хорио тогтоож байгаа нь халдвар тархаахгүй гэдэг талаасаа сайн. Нөгөө талаас нь харвал эдийн засгийг царцааж байгаагаараа муу нөлөөтэй. Ийм зөрчилтэй, хүнд үед гадныхан өнөөдрийн хүрсэн түвшнээ эвдэж нураачихгүй, муутгачихгүйхэн шиг яаж хөргөгчинд хийгээд хадгалах вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байна. Эдийн засаг бол амьд организм. Тэр амьд организм өнөөхөндөө царцчихсан байгаа. Царцсан хэвээрээ удвал компаниуд нь сөхөрч таарна. Сөхөрсөн компаниуд нь зомби компани болж хувираад эргэж сэхэхээргүй унадаг. Тэгүүлэхгүйн тулд сайн цаг иртэл хадгалах бодлого явуулж байна л даа. Түүнийг би хөргөгчинд хийх гэж тодотгосон юм. Ажилчдыг нь тарааж бутраахгүйн тулд цалин орлогыг нь хамгаалахаас эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс аргагүй.

-Ерөнхий сайдын эдийн засгаа дэмжих шийдлүүдэд таван их наяд төгрөг ойрын хугацаанд шаардагдах нь гэж ойлгосон. Төсвийн орлого хэцүүхэн байгаа. Мөнгө хаанаас босгох юм бол гэсэн асуултыг эдийн засагчид тавиад эхэлчихлээ…?

-Өөрсдөд нь тооцоо, төлөвлөгөө бий байх.

-Хямд өртөгтэй зээл олдох боломж бидэнд бий юү?

-Тийм хялбар зээл амар олдохгүй. Хямд зардалтай бэлэн зээл өгөх улс орон байхгүй. Гэхдээ коронавирустэй тэмцэхийн тулд улс орон тус бүрдээ хар чадлаараа зүтгээд асуудлыг шийдэх боломжгүй хүнд байдалд дэлхий нийтээрээ орчихсон. Хүчирхэг гүрнүүд ч улсынхаа асуудлыг дангаараа шийдэж хүчрэхгүй байдал үүссэн. Тийм учраас улс орнууд бие биедээ тусалъя гэцгээж байна. Харилцан биендээ туслахын тулд дэлхийн томоохон төв банкууд хамаг хөрөнгөө дайчилъя, улс орнуудын пандемик бондыг худалдаж авъя гэж байгаа. Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт маш хурдан залгагдах хэрэгтэй.

-Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ?

-Тэгэхийн тулд бид дотроо төлөвлөгөөтэй, хөрөнгө мөнгөө зөв дайчилсан байх хэрэгтэй. Саарал жагсаалтад ортлоо замбараагүйтсэн санхүүгийн асуудлаа шийдэхгүйгээр бусдаас тусламж авна гэдэг хялбар биш. Тийм тусламж үхэл хагацалтай тулсан үед л ирж магадгүй.

-Тэгэхээр эхлээд санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай нүүр тулах нь ээ?

-Тэгнэ. Өөрийнхөө мөнгийг зөв зарцуулах талд анхаараагүй байж хүнээс мөнгө авна гээд очих хэцүү шүү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд архи яагаад ганцаараа дархан эрх эдэлдэг юм бэ?

Коронавирус хүн төрөлхтний амьдралыг хоромхон зуурт өөрчилж байна. Хэдэн зуун жилд ёс мэт уламжлагдаж ирсэн хүн төрөлхтний зарим соёл аргагүйн эрхэнд өөрчлөгдөж байна. Тухайлбал, ихэнх орнууд найрсгаар гар барьж, хоорондоо үнсэлцэж, хамраа, хацраа, духаа нийлүүлж мэндчилдэг байсан ёс түүхт уламжлалаасаа татгалзахад хүрлээ. Үндэстнээ тэр чигээр нь мөхөөхгүйн тулд мэндлэх соёлоо өөрчилж буддистууд шиг хоёр гараа алга хавсран залбирч зайнаас мэндчилдэг боллоо. Дорнын соёлын энэ мэндчилгээг хамгийн аюулгүй гэж үзээд дэлхийн улс орнууд дагаж эхэлээ. Монгол Улсад коронавирусийн цар тахлын улмаас мөн ялгаагүй олон зүйл өөрчлөгдсөн. Монголчууд бид төрт ёсны уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх уриалгыг төрийн тэргүүн болон, улсын онцгой комиссоос гаргасан. За тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, наурызын баяр гээд бүх нийтээр тэмдэглэдэг бүхий л баярыг төр засгийн зүгээс албан ёсоор хорьсон. Мөн баар, караоке, нийллэг, найр хурим, аливаа баяр ёслол, уулзалт үдэшлэг гээд олноороо цугларч, нийлж архиддаг бүх зүйлийг зогсоосон.

Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эртнээс тодорхой хугацаанд хааж, коронавирусийн халдвар Монголд бүртгэгдсэн үед дэлгүүр хоршоо, цайны газар, үсчин тоглоомын газруудын бүгдийнх нь үүд хаалгыг барьсан. Үндсэндээ хүнсний дэлгүүрээс бусдын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хилээ хааж, орон нутгийн замыг хааж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Албан байгууллага компаниуд хурал зөвлөлгөөн хийн цугладгаа больж, том том оффисууд эзгүйрч, хүн бүхэн гэртээ бүгэх болсон. Гэрээсээ дайжиж, ажил албаны нэрээр ихэнх цагаа оффист болон гадуур өнгөрүүлж, гэр орон гэдэг шөнөдөө ирж унтдаг оромж болчихоод байсан байдал орвонгоороо өөрчлөгдсөн. Өглөө үүрээр гараад шөнийн бор хоногтоо ирдэг манайхны амьдрал коронавирусийн энэ үед гэр орондоо эргэж ирсэн. Эхнэр хүүхэд, ээж аавтайгаа бид “танилцаж” байна. Орон гэртээ халуун дулаан орчин бүрдүүлж хайртай хүмүүсээ аюулт цар тахал, халдварт өвчнөөс сэргийлэх ийм хариуцлагатай сорилтын өмнө бид ирээд байна.

Хүн төрөлхтөн олимпийн их наадмаа хүртэл хойшлуулж, Монгол Улс төрийн эрх барих түшээдийг сонгох УИХ-ын сонгуулиа хүртэл хориглон хойшуулах саналыг гаргаад байна. Харин ийм эгзэгтэй, үхэх сэхэхийн сорилттой улаан нүүрээрээ тулсан хүнд бэрх үед Монгол Улсад ганцхан юм өөрчлөгдөөгүй байна. Тэр нь архи зарахыг хэн ч хориглосонгүй. Бүх юм хоригдсон атал ганцхан архи гэдэг зүйл урьдынхаараа, өнөө л дархан эрхтэй хэвээр газар сайгүй зарагдаад элбэг дэлбэг байж байна. Баар караоке ажиллахгүй учир орон байрны ахуйн архидалт хэрээс хэтэрч, агсам согтуу, зодоон цохион, хүчирхийлэл улам даамжран газар авч байна. Ийнхүү өвчин зовлонгийн хажуугаар архи гээч энэ зүйл хамгийн том зовлон учруулж, хор уршиг гай гамшиг дагуулж байна. Ахуйн архидалтын дуудлага өмнөхөөсөө ноцтой хэмжээнд хүрч, гэр орондоо ард иргэд зах замбараагүй архидаж байгааг хууль хүчний байгууллагаас онцгойлон анхааруулсаар байгаа. Гэвч энэ байдлыг таслан зогсоох арга хэмжээг төр засгийн зүгээс, улсын онцгой комисс болон хууль хүчний байгууллагаас аль нь ч анхаарч үзэхгүй нь хачирхалтай.

“Худал мэдээлэлд автахгүй, тараахгүй, цахим орчинд эерэг байж оюуны дархлаагаа хамгаалъя” хэмээн Тагнуулын ерөнхий газраас зогсоо зайгүй иргэдэд сануулж, анхааруулсан мессэжийг ирүүлсээр байгаа. Худал мэдээлэлд автвал оюуны дархлаагаа унагана гэж иргэддээ сэрэмжлүүлж байгаа тагнуулын байгууллага гэр орондоо архидан согтуурч, элийрч балайрч үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ үйл тамыг үзэж байгаа архичидаа яах гээд байгаа юм бэ.

Хүн сэтгэл санаагаар тайван байж дархлаагаа хамгаалах ёстой гэдэг. Гэр оронд нь архидалт нүүрлэсэн үед хэн аз жаргалтай амар тайван байх хэрэг вэ. Мөн Эрүүл мэндийн яамнаас “Ам хоолойг давс, сода, тамединий уусмалаар зайлах, тайван ядрахгүй байх. Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх, шаардлагатай үед утсаар зөвлөгөө авч гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах, биеийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж тэмдэглэл хийх, гэртээ агаар оруулах, хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарын алчуур хэрэглэх” гээд бараг л цаг минут бүрт сануулж, гар утас бүхэнд илгээж байгаа. Гэвч энэ бүхнийг чинь архи гээч зүйл үгүй болгож байна. Архи уусан орчин гэдэг ямар муухай огиудас хүрмээр үхширмэл үнэртэй, архичдын үнэр танар, бөөлжис, асгаж цутгасан байдал, орилоон чарлаан ямархан дүр зурагтай байдаг билээ. Ийм үед гэр орондоо цэвэр агаар оруулах, амар тайван аятай тухтай орныг бүрдүүлэх тухай мянга ярьж зөвлөөд нэмэр болохгүй.

Хэдэн жилийн өмнө, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Түүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн өдрийн туршид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргаж байсан. Архигүй тэр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурсан байдаг. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр ердөө арав гаруй болж илт буурч байсан. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг. Тэр тухай манай сонин “Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон” гэж бичиж байсан. Үнэндээ бид алийн болгон архин далайдаа живж зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах хэрэг вэ.

Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг хориглосон ч хөдөөд айл хэсэж золгуулт хийх тасрахгүй ерөнхийдөө хавтгайрсан архидалт байгааг хүмүүс хэлж байна. Энэ айхавтар халдварт өвчний үед хүн бүхнийг өөрийн гэсэн аягатай, алчууртай байхыг шаардаж байгаа. Тэгтэл Монголын найр хурим, архидалтын ёс горим нь архийг нэг хундага, нэг аягаар тойруулдаг. Ингээд зогсохгүй аяганыхаа ёроолд заавал ч үгүй шавхруу үлдээнэ. “Ёроолыг нь гартал уух нь монгол ёсонд нийцэхгүй. Чи аяганыхаа ёроолд шүлсээ заавал үлдээж, чиний үлдээсэн шүлснээс дараагийн хүн халдварт өвчин авах ёстой” гэж хэлээд байгаа юм шиг ийм муухай ёс горим, бичигдээгүй хууль үйлчилдэг. Хөдөө хот гэлтгүй гэртээ тойрч сууцгаагаад архидацгааж байгаа л бол нэг аягаар тойруулан шүлсээ, нус цэрээ дамжуулж хүртээд байж байгаа нь дамжиггүй. Энгийн үед архины шавхруугаар дамжиж буй С, В вирусийн халдвараас, мөн цэр нусаар дамжих сүрьеэгийн халдвараас бид сүрхий сэрэмжилцгээж байсан бол дэлхий нийтийг хамарч сөхрүүлсэн цар тахлын үед яагаад архиа хорихгүй байгаа юм бэ.

Коронавирус өчигдрийн байдлаар дэлхийн 2001 оронд бүртгэгдэж, нийт 26 мянга 654 хүн нас бараад байна. Америкт гэхэд 14 минут тутамд нэг хүн халдвар аван 20 минут тутамд нэг хүн нас барж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал хүн төрөлхтөнд хандсан уриалгадаа “Хүн бүр сэтгэцийн хувьд эрүүл байх явдал хамгийн чухал” гэдгийг анхааруулсан байна лээ. Тэгвэл Монгол Улсын эх захгүй энэ архидалт юунд хүргэх вэ. Онцгой дэглэмийн үед хамгийн түрүүнд архийг хорих байсан юм. Улсын онцгой комисс ахуйн архидалттай холбоотой мэдээллийг цаг бүрт авч байгаа байлгүй. Тэгэхээр архи гээч энэ дархан эрхтэй зүйлийг Монгол Улсын хэмжээнд худалдан борлуулахыг хориглох хэрэгтэй. Тэгж байж энэ улс оронд хэв журам, онцгой дэглэм зүй ёсоор тогтоно. Айл өрх бүр, хүн бүр амар амгалан байж дэлхийг сөхрүүлээд байгаа аюулт цар тахлыг монголчууд ялан дийлж гарна.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх ЕБС, ЭЕШ-д зориулсан теле хичээлийн хуваарь

2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх Теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Теле хичээлд:

  1. Сургуулийн өмнөх боловсрол
  2. ЕБС-ийн 1-12 дугаар анги
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан
  4. Насан туршийн боловсролд зориулсан
  5. Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
  6. Эрүүл мэндийн хичээлийг тус тус багтжээ.

Теле хичээлийг тухайн сувгаар нөхөж үзэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжүүдээс борлуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт тавьж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Цар тахлаас үүссэн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас л тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Энэ үед УИХ, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо юу хийж байна вэ?

-Хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг эдийн засаг дагаж явдаг гэдгийг бодолцох нь зөв. Иймд энэ асуудлаар УИХ-ын байгууллагууд Улсын Онцгой комисст ярьж, хамтарч ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас гарч байгаа бүхий л шийдвэрүүдийг гол санаачлагч нь болж ажиллаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Үүнийг үгүйсгэх зоригтой сайд байхгүй байх. Тиймээс таны УИХ ажил хийхгүй байна гэх байр суурьтай санал нийлэхгүй байна.

Нэгдүгээрт, бид хүнсний хангамжийн асуудлыг авч үзсэн. Харж байхад гадны улс орнууд хүнсээ цөлмөж байна. Бидний соёлтой гэж үздэг улс орнууд тахлын сургаар лангуугаа хоосолж эхэлсэн. Манай охин Торонтод сурдаг. Сурахынхаа хажуугаар “Walmart”-д касс хийдэг юм. Охиныхоо өгч байгаа мэдээллээс харахад тэнд ихэнх лангуунууд хоосорч, ариун цэврийн цаас, гар ариутгагч бодис, гоймонг хүртэл ихээр нь авч байлаа. Нөхцөл байдал хүндэрвэл хүнсний хангамжийн асуудал хурцдах магадлалтай юм байна гэдгийг үүнээс харж болохоор байсан гэж хэлж болно. Тиймдээ ч Эдийн засгийн байнгын хорооноос анх санаачилсны дагуу хүнсний хангамжийн асуудлыг авч үзэхээр болсон. Энэ дагуу ҮАБЗ, УИХ-ын дарга үүрэг чиглэл өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би энэ ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Бизнесийн салбарууд болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирж байгаа гол саналуудыг авч, цогц бодлогыг Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд нарт танилцуулсан. Энэ хүрээнд манай байнгын хороо гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэргийн хангамжийн асуудлыг авч үзэж, аравдугаар сарын 1-нийг хүртэлх нөөцөө бүрдүүлж чадсан. Мөн импортын татвар дээр анхаарч, төлөх хугацааг нь хойшлуулсан юм. УИХ хуралдаж эхэлмэгцээ тодорхой бараа бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх хуулийн төслийг батлах болно.

-Бодлогын хүүг нэг хувиар бууруулснаар эдийн засагт дорвитой эерэг өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Нэг хувийн хүүг бууруулсан нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхгүй гэдгийг манай байнгын хороо сайн ойлгож байгаа. Бусад улс орнуудад бодлогын хүүг тэглэх зэргээр арга хэмжээ авч байна л даа. Гол учир нь тэдгээр улсийн төсөв байнга ашигтай байж, эдийн засгийн хувьд тогтвортой байдаг давуу талтай. Үүнийг ч бид бодолцох учиртай юм.

-Бодлогын хүү цаашид буурах боломж бий юү?

-Эдийн засгийн байнгын хороо харьяа байгууллага болох Монголбанкинд бодлогын хүүгээ буулга гэх шахалтыг байнга тавьж байгаа. Монголбанк өөрийн гэсэн хуультай ч гэсэн онцгой үед цогц шийдвэрүүдийг гаргаад явах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд бодлогынхоо хүүг буулгах талаас нь ажиллах ёстой гэх даалгаврыг бид өгч байгаа. Түүнчлэн банкуудад заавал байх нөөцийг хоёр функтээр буулгасан. Энэ хүрээнд 300-400 тэрбум төгрөг орж байгаа гэж үзэж байна.

-Ноолуур бэлтгэх ажилд зориулж Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Зээл авах боломж, нөхцөлийг хэр хөнгөвчилсөн бэ?

-Миний хувьд энэ хөтөлбөрийн ажлын хэсгийг мөн ахалж ажилласан. Иргэдийн гар дээр очих ноолуурын үнийг унагахгүйгээр үйлдвэрүүдийнхээ бодлогыг дэмжих шийдвэрийг гаргуулахын тулд ажлын хэсэг хичээж ажилласан. Энэ онцгой үед малчдын гол орлого болсон ноолуурыг 90-100 төгрөгийн ханштай байлгахын тулд хаа, хаанаа санаачилгатай ажиллалаа. Хөгжлийн банкнаас 332 тэрбум төгрөгийн зээл олгохоор болж байгаа. Хөгжлийн банк өмнө нь ийм төрлийн зээл олгохдоо үйлдвэрлэгч нараас барьцаа хөрөнгө шаарддаг байсныг энэ удаад хөнгөвчилсөн. Шийдвэрийг хэрхэн зөв хэрэгжүүлэх эсэх дээр Эдийн засгийн байнгын хороо ажиллаж байна. Цаашид ч хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллах болно.

-Зээлийн эргэн төлөлт хийх хугацааг 90 хоногоор хойшлуулсан. Энэ шийдвэр бодитоор хэрэгжихгүй байна гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Энэ асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох яамд, бизнесийн байгууллагууд бүхий л талаас нь ярилцаж эхний ээлжинд дээрх арга хэмжээг авахаар болсон. Гэхдээ зөвхөн үүгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ зогсчих нь гэж ойлгож болохгүй. Коронавирустэй холбоотойгоор нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдаж холбогдох чиглэлүүд гарч, шат дараатай арга хэмжээнүүдийг авна.

УИХ-ын дарга төсвийн тодотгол хийх, ээлжит бус чуулган хуралдах эсэх, зээлийн хүү, түрээслэгч нартай холбоотой асуудлаар ямар тогтвортой арга хэмжээ авах, үйлдвэр, үйлчилгээний салбаруудын хүндрэлүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлуудыг судлах чиглэл өгсөн. Энэ хүрээнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс тодорхой шийдвэрүүдийг гаргана.

-Таны хувьд цаашид эдийн засгийг тогтвортой байлгахад ямар арга хэмжээ авах нь зөв гэж харж байна вэ?

-Ихэнх хүмүүс Тогтворжуулалтын болон Ирээдүй өв сангийн хөрөнгийг энэ үед хэрэглэхийг хүсч байсан. Миний хувьд ч ийм бодолтой байна. Яах аргагүй хүнд үе ирчихлээ. Дэлхий ч ингэж үзэж байна. Сангийн яам, Засгийн газар, зохих байгууллагууд тодорхой арга хэмжээ авахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид элгээрээ хэвтэх нь байна. Надад өдөр бүр жижиг, дунд бизнес эрхлэгчдээс и-мэйл, захидал, мессэж, албан хүсэлт ирж байгаа. Тэдний зүгээс ирж байгаа дарамтыг багасгана гэхээсээ илүү борлуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт тавьж байгаа юм. Иймд тодорхой арга хэмжээ авахыг УИХ бодлогын хувьд шахаж ажиллаж байна. Ядаж цахилгаан, дулааны мөнгийг тэглэж, бага хүүтэй зээл олгож, дэлхийн бусад орнууд шиг эдийн засаг руугаа хөрөнгө шахаж байгаа жишгийг судлаач ээ гэх байр суурийг илэрхийлж байгаа.

Ямартаа ч энэ үед алтны л үнэ өсч байна. Иймд бид алт тушаалт, нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ талаар ч бид ярилцаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш алт тушаалт нэмэгджээ. Энэ нь биднийг алтаа хулгайд алдсаар байгааг нотолсон явдал боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Өмнөх онтой нь харьцуулдаг л даа. 2019 оны эхээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлууд яригдаж, нийгэмд хүлээлт үүссэн байсан. Түүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Мөн хулгайн асуудлууд байдаг гэх таны хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Янз бүрийн байдлаар хилээр гардаг гэх мэдээлэл байдаг. Бид бүх талаас нь харж байж шийдвэр гаргах ёстой. Яагаад Монголд тушаахгүй байна вэ гэдгийг ч бодолцох учиртай.

-Ерөнхийлөгч гаргасан уриалгадаа төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэжээ. Сангийн сайдын зүгээс төсвийн тодотгол хийхгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлсээр байгаа л даа.

-Сангийн сайд дангаараа шийдэх асуудал биш л дээ. Д.Тогтохсүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг тодорхой шийдвэр гаргах байх. Төсвийн тодотгол хийхээр бол УИХ заавал хуралдах хэрэгтэй болж таарна. УИХ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагах ёстой тул цахимаар хуралдах шийдвэрийг гаргасан. Энэ дашрамд, УОК ажлаа маш сайн хийж, Засгийн газар ард иргэдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад зөв шийдвэр гаргаж, дэлхийд үлгэр жишээ болж чадаж байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ асуудалд үнэхээр баярлууштай.

-Хэрэвзээ УИХ яаралтайгаар хуралдахаар болбол гишүүдийн ирц хангалттай хүрэх үү. УИХ-ын гишүүд бэлэн байдалд байж чадаж байгаа юу?

-Бүх УИХ-ын гишүүд Монголдоо байгаа. Гэнэтийн шийдвэр гарах үед, ямар нэгэн байдлаар УИХ онцгой дэглэмээр хуралдахаар болбол гишүүд бэлэн.

-МАН Бага хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан ирэх сонгуульд оролцохоо илэрхийллээ. Одоо нэр дэвшигчдийн тодруулах л үлдээд байна. Мэдээж энэ талаар нам дотор яриа өрнөж байгаа байх.

-Нам дотор яригдаж байгаа зүйлүүд бий. ЖДҮ зэрэг янз бүрийн зүйлстэй холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг намын байр суурь хэвээрээ. Тийм зүйлстэй холбогдсон хүмүүс буруугаа ухамсарлах, хойш суух байдал давамгайлж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулиас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга асан, хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас эхэлж хэрэгжиж эхэлнэ. Уг нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар хэрхэх вэ?

-ҮХНӨ-ийн дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ҮХНӨ-д заасны дагуу Засгийн газрын гишүүдийг шинээр томилж, давхар дээлтэй гишүүдийн дээлийг тайлна гэсэн үг. Үндсэн хуульд заасанчлан Засгийн газар гэдэг нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болохыг энэ дашрамд хэлэх нь зөв гэж бодож байна.

-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлээр энэ асуудлыг зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан…

-Эрх зүйн актын эрэмбэ дараа, тогтсон дэг жаяг, онол ном гэж бий. Товчхондоо улс орны дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэж хатуу хуульчлан тогтоож Мэдэхтүн, Сахихтун хэмээн төгсгөсөн байдаг. Үүнийг санах хэрэгтэй. Нөгөө талаас, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан ҮХНӨ-ийн зургадугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан. Дагаж мөрдөхгүй юм бол юунд ийнхүү хугацаа заав. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нь органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулагддаг онцлогтой шүү. Үүн дээр маргах нь тусгүй.

-Засгийн газрыг эмхлэн байгуулах харилцааг органик хуулиар бус, Үндсэн хуулиар зохицуулдаг гэлээ. Засгийн газрын тухай хуульд энэ тухай юу гэж заасан бэ?

-Бараг бүх улсад парламент, Засгийн газар, шүүх гэсэн төрийн гурван салаа эрх мэдлийн суурь зохицуулалтыг Үндсэн хуулиар бий болгодог тул тэгж хэлэхээс аргагүй. Харин манай Засгийн газрын тухай хуулийн хувьд 1993 онд батлагдсан, маш ойлгомжтой, тодорхой, сайн бичигдсэн хууль шүү дээ. Манай хуучны мундаг хуульчид болох гавьяат хуульч Б.Чимид, Б.Цэрэндорж, Ш.Солонго гэх мэт хүмүүс бичиж, гол ажлыг нь нугалсан гэдэг. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц (яамд) бүрэлдэхүүн (Засгийн газрын гишүүн), сайд нарын чиг үүрэгт өөрчлөлт оруулахад энэ хуульд бага сага нэмэлт, өөрчлөлт ордог юм. Сүүлд Ц.Нямдорж сайд өөрчлөх гэж нэг үзээд үнэхээр сайн бичигдсэн хууль байна гэж хэвлэлд нэг яриа өгсөн байх шиг байсан. Үнэхээр ч тийм юм. Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам гэж Үндсэн хуулиас эш татсан хоёр хэсэг заалт, 23 дугаар зүйлд сайдыг томилох, чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотой нэг заалт бий. Энгийнээр хэлбэл, гурван өгүүлбэр. Энэ гурван заалтыг ҮХНӨ-тэй нийцүүлэх гэвэл тэр өгүүлбэрүүдийн Үндсэн хуулиас эш татсан заалтын дугаар, ганц хоёр нэр үгийг солих хэрэгтэй болно. Цаг хугацаа аваад байх хэцүү ажил ч бас биш дээ. Дээр нь нэмээд ҮХНӨ-өөр сайд нар УИХ-ын өмнө тангараг өргөдөг болж байгаа. Энэ тангаргийн үгийг тодорхой болгож хуульд заах нэг ажил бий. За бусдыг нь Үндсэн хуульд тодорхой заасан тул нийцүүлээд байх зүйл бараг байхгүй дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр энэ хугацаанд хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэр хуулийн хүчинтэй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой нь хэн бүхэнд ойлгомжтой. Үндсэн хууль тогтоогчид, ахмадууд маань ч энэ асуудалд онцгой анхаарч, ямар нэг завсар зай гарахааргүй хуульчилж өгчээ. Нөгөө талаас, ҮХНӨ хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан Засгийн газрын тухайд уг хуулийн зохицуулалт хэрхэх талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тодорхой заагаагүй. Уул нь үнэхээр ҮХНӨ-ийн Засгийн газартай холбоотой хэсгийг УИХ-ын сонгуулийн дараа хэрэгжүүлнэ гэж бодсон бол 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан шиг тодорхой зааж болох байсан.

-Тухайлбал?

-1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуульд УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хуучин Засгийн газар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр үүний нэгэн адил дээр дурдсан ҮХНӨ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тун тодорхой заах ёстой байсан. Түүнээс бус ҮХНӨ-ийг улс орон даяар дагаж мөрдөх хугацаа эхлэх гэж байхад органик хуулиудад өөрчлөлт оруулах хүртэл дагаж мөрдөхгүй, давхар дээлээ тайлахгүй гээд сууж таарахгүй. Тэгээд бас улс орны хамгийн дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү хүчин чадалтай органик хуулийн заалт байж болно гээд Үндсэн хуулийг сахин биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, улстөрчид нь батлаад, яриад суух нь буруу даа. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлд шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан хуулиудыг гагцхүү Үндсэн хуульд харшлахгүй тохиолдолд цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан бүх хууль, эрх зүйн акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болно гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн зарчим нь тийм юм.

Монгол Улс, манай ард түмэн Үндсэн хуулиа дээдлэн сахиж, эрх зүйт төрийг төлөвшүүлэх гэж явна, төр засаг ч иргэддээ хуулиа мөрд гэж хэлдэг, шаарддаг, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авдаг. Гэтэл дээгүүрээ дарга нар нь Үндсэн хуулиа зөрчдөг байж таарахгүй.

-Одоогийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч болох уу. Эсвэл огцрох уу?

-Би дээр эхэнд хариулсан даа. Ер нь монголчууд бид Үндсэн хуульдаа 1992 оноос хойш 27, 28 жилийн дараа зарчмын том өөрчлөлт оруулж чадсан. Энэ ажил олон ч УИХ, Засгийн газрыг дамжиж яригдсан. Харин өнгөрсөн онд эрх баригч нам, Ерөнхийлөгч, сөрөг хүчин, эрдэмтэн, судлаачид, ахмад буурлууд, ард иргэд маань идэвхтэй оролцсоны дүнд энэ ажлын ард гарч чадлаа. Хуульд заасны дагуу хоёр хүрэхгүй сарын дараа улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Гэтэл УИХ, Засгийн газар нь органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн хоёр, гурван заалтын үг, үсгийг бэлэн байгаа Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж чадаагүй, амжаагүй гээд ҮХНӨ-ийн гол амин сүнс болсон заалтуудыг хэрэгжүүлэхгүй сууж байж болохгүй. Үндсэн хууль бол дээд хууль. Тогтоосон хугацаанаас эхлэн элдэв саадгүй заавал дагаж мөрдөх ёстой. Зөрчөөд эхэлбэл эрх зүйт төрийн тухай ярих ч хэрэггүй.

УИХ-ын гишүүд давхар дээлнээсээ салахгүй л болов уу даа.

-Тэдний хүсэл зоригийн асуудал биш. Эрх зүйт төр, Үндсэн хуулиа дээдлэн сахин биелүүлэх зарчмын асуудал юм. Төрт ёсны олон мянган жилийн уламжлал, түүхтэй Монголын төр ҮХНӨ-ийн хэрэгжилтийг ямар нэг маргаангүйгээр зохион байгуулж чадна гэж бодож байна. ҮХНӨ-ийн дагуу Ерөнхий сайд мэргэжлийн, нэр цэвэр, чадвартай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж сонгуульд оролцоход бараг нэмэх оноо ирнэ дээ.

Дахиад хэлэхэд Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна” гэж хуульчилсны дагуу ҮХНӨ-ийн хэрэгжилтийг төрт ёсны уламжлал, дэг жаягаар дагаж мөрдөх хугацаанаас нь эхлэн зохион байгуулах ёстой болж байна.

-Хэрэв давхар дээлтэй байна гэвэл ямар сайд давхар дээлтэй байх нь зохистой вэ?

-Хэнийг танхимдаа авч ажиллуулах нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Тогтсон уламжлалаас харахад үндсэн чиг үүргийн яамдыг удирддаг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд болон Засгийн газрын ажлын албыг удирддаг ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь бий.

-Дэд сайд нар сонгууль болтол сайдын үүргийг гүйцэтгэж болох уу?

-Боломжгүй. Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд юм. Дэд сайд гэж Үндсэн хуулийн субьект Засгийн газрын гишүүн биш. Тийм ч учраас сайдын түр эзгүйд сайдын чиг үүргийг дэд сайд бус, харин Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу аль нэг Засгийн газрын гишүүн хариуцаж ажилладаг журамтай. Товчхондоо дэд сайд нь харьяа байгууллагын үйл ажиллагааг сайдаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу түүний өмнө хариуцаж ажилладаг албан тушаалтан даа.

-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал бий болчихсон уу?

-Хөнөөлт тахлын эсрэг засаг төр боломжоороо сайн ажиллаж байна. Иргэний хувьд энэ ажлыг хариуцан ажиллаж байгаа бүх хүмүүст, тэр дундаа эмч, цагдаа, онцгой байдлын алба болон бусад байгууллагын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Чухам сонгууль хойшлуулахын тухайд хэлэх зүйл алга. Үнэхээр иргэд, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэлтэй, аюултай гэж мэргэжлийн албад үзэж байгаа бол сайн нягталж үзээд эрх бүхий хүмүүс нь шийднэ биз дээ.