Categories
мэдээ нийгэм

Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.

Өчигдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа. “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.

Тэгвэл иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүлэв.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж, нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм

Categories
мэдээ спорт

Жүдочид гурван медаль хүртжээ

Польшийн нийслэл Варшавт болсон Европийн нээлттэй тэмцээнд 40 орны 407 жүдоч өрсөлдсөн бөгөөд манай улсаас таван залуу жүдоч барилджээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд ОУХМ Э.Гандиймаа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Сүхбат, +100 кг-ийн жинд О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртэж, чансаагаа ахиулсан юм. Энэ долоо хоногт Марокко улсын Рабат хотноо болох гранпри тэмцээнд Монголын хоёр бүсгүй хүч сорино. Тэнд 70 кг-ийн жинд Ц.Наранжаргал, -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг нар өрсөлдөх гэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Багшийн багш ардын билигзүйч Даваасамбуугийн Дашдорж

Багш таны гэгээн дурсгалд

Нэр төртэй сайхан амьдар.

Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт

Хоёр дахь удаагаа амьдарч буй мэт

Сэтгэл ханах болно”

IY ДАЛАЙ ЛАМ

Энэ агуу үгийн биелэл дээрх эрхэм дүрээрээ мэт санагдсан юм. Түүний 1970-аад оны гарынх нь олон шавь нарын нэг МУБИС-ийн багш, ардын аман зохиол судлаач, профессор Р.Чүлтэмсүрэн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Утга зохиолын тэнхимтэйгээ хамтран Д.Дашдорж багшийнхаа 90 жилийн ойд зориулан “АРДЫН БИЛИГЗҮЙЧ ДАВААСАМБУУГИЙН ДАШДОРЖ” УБ 2019 анхдугаар хэвлэл номыг хэвлүүлж эл эрхэмд зориулсан даруухан арга хэмжээг энэ цагийн утга зохиол, эх хэл, бичгийн салбарын эрдэмтэн, мэргэдийн хамт гүн хүндэтгэл дүүрэн, элэгсэг дотно, найрсаг дулаан уур амьсгал дор тэмдэглэсэн нь нэн содон байсан төдийгүй анх удаа нэрийг нь сонсон /гэхэд хилсдэхгүй/ байгаа ч 90 жилийн ойн арга хэмжээнд нь оролцох завшаан тохиосон надад ихэд дотно, сайхан санагдан тэдний дунд уусан орсон ажгу.

Өршөөгөөрэй намайг, хаа хамаагүй математик-физикийн салбарын мэргэжлийнх атал утга зохиол судлаач дээрх эрхмийн тухай ийнхүү аймшиггүйгээр дур мэдэн бичиж байгаад…

Шулуухан хэлэхэд, миний бие МУБИС-даа багагүй хугацаанд ажиллахдаа МХУЗ-ын салбарын Д.Дашдорж гэж багш байсныг харах нь байтугай сонсоо ч үгүй явсан гэхэд хилсдэхгүй. Миний мэдэхээр дээд сургуульд Дашдорж гэж нэр алдартай багш нараас МУИС-ийн багш, математикийн ухааны нэрт эрдэмтэн МУГБ Ц.Дашдорж багш, манай Биеийн тамирын сургуулийн ахмад багш асан спортын гимнастикийн Спортын мастер С.Дашдорж гэдэг хоёр мундаг багш нар байсныг сайн мэдэх төдийгүй багш нартайгаа зөндөө хууч хөөрч /өөрийнхөө хувьд шүү кк/ явав. Ний нуугүй хэлэхэд Д.Дашдорж багшийн 90 насны ойн арга хэмжээний урилгыг аваад манай МХУЗ-д ийм нэртэй багш байсан юм байх даа гэж бодож алдас болох шахсанаа нуух юун.

Дээрх эрхэм хүмүүн болох нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, утга зохиолын нэрт судлаач, жинхэнэ сурган хүмүүжүүлэгч (миний үг), багш Д.Дашдорж (1929-1990) асан нь МУБИС-д тухайн үеийн УБДС-д 1962-1990 он хүртэл багшилсан яах аргагүй манай нэртэй олон ахмад эрдэмтэн багш нарын минь нэг байсныг түүний 90 насны ойд зориулсан арга хэмжээнд ирээд мэдсэн төдийгүй, намтар түүх, бүтээл туурвилыг нь сонсоод бүр бахархах сэтгэл төрж бас л олон зүйлийг анзааран харж, сэтгэл хөдлөн ийнхүү бичихээр шийдсэн болой. Түүний тухай би “Хүн гэдэг сэтгэлийн амьтан, хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг гайхамшигтай бус уу …” хэмээн бодсон юм. Ахмад багш Д.Дашдорж агсны 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд миний мэдэх энэ цагийн утга зохиол, бичиг соёл, түүх болон бусад салбарын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байсан нь эхлээд ихэд анхаарал татав.

Тухайлбал, Ардын уран зохиолч, Болор цомын эзэн, МУСГЗ Тангадын Галсан, Ардын багш, МУБИС-ийн Монгол судлалын төвиййн эрхлэгч Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян, Хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн академич ШУГЗ Д.Төмөртогоо багш, Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, Болор цомын эзэн Д.Урианхай гуай, Нэрт сэтгүүлч, зохиолч, яруу найрагч МУСГЗ Г.Жамъян гуай, Утга зохиол судлаач, эрдэмтэн МУГБ Цэнд-Аюуш багш, МУИС-ийн ахмад багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор ШУГЗ М.Базаррагчаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Г.Билгүүдэй, нэрт яруу найрагч, сэтгүүлч эрдэмтэн МУСГЗ Ү.Хүрэлбаатар ах, зураач, зохиолч, эрдэмтэн МУСГЗ Ж.Саруулбуян ах, эрдэмтэн зохиолч, профессор МУСГЗ Л.Дашням багш, Доктор, профессор С.Жачин багш, зурхайч, түүхч эрдэмтэн Д.Мөнх-Очир ах, Математикийн ухааны доктор, профессор, Ховд ИС-ийн анхны ректор МУГБ Н.Жадамба багш, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чагнаагийн Пүрэвдорж багш, яруу найрагч МУБИС-ийн НХУС-ийн захирал доктор, профессор Ж.Батбаатар, УЗТ-ийн багш Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор С.Хөвсгөл багш, УЗТ-ийн эрхлэгч утга зохиолын судлаач шүүмжлэгч доктор, профессор С.Энхбаяр багш, Ардын аман зохиол судлаач эрдэмтэн Р.Нарантуяа гуай, МУБИС-ийн ахмад багш дэд профессор Ц.Цэвэлмаа, Д.Дашдорж багшийн гарын шавь эл номыг бүтээгч УЗТ-ийн багш, ардын аман зохиол судлаач, доктор профессор Р.Чүлтэмсүрэн багш … нарын зэрэг олон эрхмүүд иржээ. Энэ эрхмүүдийн ихэнх нь миний сайн танилууд бас олон жил хамт ажиллан ихэд хүндлэн биширч явдаг эрдэмтэн багш нар, зохиолчид, судлаачид байсан нь мөн сайхан санагдаж байв. Тэд судлаач багш Д.Дашдорж агсны найз нөхөд, нэгэн үед хамт ажиллаж явсан болон ихэнх нь хайртай шавь нарын нь төлөөлөл төдийгүй тэдний дурсамж, яриа, сэтгэгдлүүд ихэд хүндэтгэлтэй, элэгсэг, дотно, энгийн … төсөөлөхийн бол хамаатныхаа маш дотно хүний найранд ирээд түүнийгээ дурсан магтаж байгаа юм шиг л байсан нь сонин бас содон байсан юм. Тухайлбал, МУИС-д оюутан болж ирээд Д.Дашдорж багшийн удирдах Утга зохиолын дугуйланд байсан өнөө цагийн нэрт сэтгүүлч МУСГЗ Г.Жамъян гуай алд цэнхэр хадгаа барин ирж, халуун дотно дурсамж сэтгэгдлээ хүндэтгэлтэйгээр хуваалцан байх зэрэг нь нэн сэтгэл догдлом байлаа.

Ингээд Ардын билиг зүйч, их багштан Д.Дашдоржийн талаар сэтгэгдлээ хуваалцсан эрхмүүдийн зарим дурсамжаас хэсэгхэнийг хуваалцъя:

АУЗ Т.Галсан:- “… Д.Дашдорж биднийг оюутан байхад МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн дарга байв. Тэр ихэд нэр хүндтэй, бид бол зүгээр л дагалдан баясагчид байсан.

– Түүнийг МЗЭ-ийн гишүүн болгодоггүй байв. Учир нь Ри багш, Гаадамба багш, Дамдинсүрэн нарын шавь учир. Мөн миний нөгөө “Арвайхээр” найраглалд шүүмж бичиж, зохиомж, дүр, уран сайхны байдалд онолын задлан хийсэн…, …тэрээр авьяастныг олж харсангүй, миний Монголд Пушкин төрж болдоггүй юм уу… гэх мэт хэлсэн шударга үгийнхээ төлөө хавчигдаж явсан.

– Д.Дашдорж сайн багш байсан, түүний үе үеийн шавь нар Хэл, утга зохиолын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэд болцгоосон.

– Тэр утга зохиолын хайгуулч байв.

– Жаахан шаргыг сувдан аялгуу харгиатуулан, шүрэн аялгуу даргиатуулан дуулна.

– Гудиггүй, хэнэггүй … сайхан эр хүн байсаан, хэзээ ч нэг аашаараа…” гэсэн бол,

Акад.Д.Төмөртогоо:

– “… Д.Дашдорж офицерийн сургуулиас татан буугдахад нь МУИС-д ирж байсан.

– Миний найз. Тэр сэтгүүлч, зохиолч, багш хүн юм.

– Нөхөрсөг, энгийн, алиа хошин гэмээр… Би гэрээр нь орж, гарч явлаа..” гэсэн бол,

МУАБ Ц.Өнөрбаян:

– “…1967 онд оюутан болж ирэхэд миний ангийн багш байсан.

– Нэг удаа Хар Дорж (Унгарын нэрт Монголч эрдэмтэн Дьердь Кара) багштайгаа уулзахад тэрээр Д.Дашдорж багшийн биеийг асуугаад “Ганцхан хувь гайхамшигтай ном байдаг. Тэр ном үхчихвэл хэцүү шүү” гэж Д.Дашдорж багшид хэлүүлж билээ.

– Багш минь агуу эрдэмтэн, эгэл даруу, энгийн хүн байлаа…” гэсэн бол,

МУСГЗ Г.Жамъян:

– “… Д.Дашдорж багш шавь нарынхаа төлөө үнэнхүү зүтгэдэг. Бүтээлийг нь хэвлүүлэх гээд их гүйдэгсэн…”

МУГБ Н.Жадамба:

– “ Намайг Ховдод БДС-ийн ректораар ажиллаж байхад нөхөр Д.Дашдорж багш манай сургуульд ирж гурван сар ажиллахдаа маш үр дүнтэй ажилласан гэж би боддог юм. Тэр үед оюутан байсан түүгээр Ардын аман зохиолын ном заалгасан сэтгүүлч Бадамсамбуу, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Баянсан, “Утгын чимэг” шагналт Радиогийн Лхагвасүрэн нарын болон тэр үед залуухан багш байсан Дашлхүмбийн Галбаатар, Ринчиний Батаахүү, Балчингийн Катуу нарын цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь үлгэр дууриалал болж байсан гэж боддог юм” хэмээн дурссан юм.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Ардын уран зохиол судлаач хайртай багшийнхаа 90 жилийн ойд зориулан бүтээсэн доктор, профессор Р.Чүлтэмсүрэн “АРДЫН БИЛИГЗҮЙЧ ДАВААСАМБУУГИЙН ДАШДОРЖ” УБ2019 номоо:

– Ардын билигзүйч

– Өв соёл, аман билгийн эрэл олз

– Монголын уран зохиолыг судлан шинжээч

– Сэтгүүлч Д.Дашдорж

– Багшийн багшийн нэр хүнд гэсэн бүлгүүдээр түүний бүтээл туурвилууд болон багшилж байсан үеийн нөр их хөдөлмөрийн талаарх дурсамж, бусад материалуудыг эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд өмнөтгөл үгэндээ:

“ … Д.Дашдорж багш маань 1943 оноос ажлын гараагаа нутагтаа ХЗЭ-ийн зааварлагчаар эхэлж, “Залуучуудын үнэн”, “Эдийн засаг” сонин, “Шинжлэх ухааны академийн мэдээ” сэтгүүлд утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар 1962 он хүртэл ажилласан туршлагатай сэтгүүлч хүн байлаа…, Д.Дашдорж багш 1962 онд МУБИС-д багшаар ирж ажиллахдаа Монголын аман зохиолын сургалтын эх суурийг тавьж, хөтөлбөр агуулгыг боловсруулан, хэдэн мянган оюутанд Монгол биет бус соёлын өвийг уламжлан өвлүүлэгч эрдэмтэн байсан юм…, 28 жил Уран зохиолын дугуйланг сургууль дээрээ удирдаж, олон арван зохиолч сэтгүүлчийг сурган хүмүүжүүлсэн бөгөөд шавь нар нь одоо улсдаа нэр хүндтэй, гавьяат цолтой, эрдмийн зэрэг цол өндөр хүмүүс болон өсөж дэвжин эх орныхоо соёл, боловсролд үнэтэй хувь нэмэрээ оруулж байна…” гэжээ.

Түүний авьяаслаг олон шавь нарын нэг МУСГЗ Ж.Саруулбуян номонд өгсөн “Д.Дашдорж багшийн тухай бодол” дурсамж нийтлэлээ:

“Энтэйхэн шиг найруулаад байвал

Эрх биш зохиолч болоход дөт шүү” Д.Дашдорж багшийн үг.” хэмээн эхлүүлээд:

“…Дашдорж багш даруу эрдэмлэг байхыг бидэнд үргэлж хэлж, ардын аман зохиол, ардын дууны гүн гүнзгий утгатай шүлэглэл, түүх домгийг судалж байх нь зохиолч болох хүний эрхэм үндэс суурь болно гэж шууд бус тойруугаар хэлнэ…

… Миний байсан үеийнхнээс гэвэл Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Я.Баатар, Ү.Хүрэлбаатар, До.Цэнджав, Б.Катуу, Ч.Жачин, Д.Баттогтох, Н.Сүхдорж, А.Даваасамбуу, Р.Батаахүү нар бүгд Дашдорж багшийн гол шавь нар болно. Тэдэн дундаас багшийнхаа ачлалыг ихэд бахдаж, өөрийн эрдмийн судалгаагаараа үргэлжлүүлсэн хүн бол доктор Р.Чүлтэмсүрэн. Тэр багшийн тухай нэг биш сайхан өгүүлэл дурсамж бичиж, ардын аман билигийн судалгааг нь үргэлжлүүлж яваа нь бахтай…” гэжээ гэх мэтчилэн бахдам, дотно дурсамжууд маш их ээ. “Багш хүн гэж ийм байх нь ямар гайхамшигтай вэ?” гэсэн бодлыг их л төрүүлсэн дээ.

Ном дотор олон сайхан зүйлүүд үнэхээр их шүү. Миний хувьд:

– “Хатанбаатар Магсаржавын хөрөгийг бүтээгч”

– “Хар Дорж, Дашдорж хоёрын нөхөрлөл”

– “Д.Нацагдоржийн намтар судлалд холбогдох аман сурвалжууд”

– 1971 онд нэрт дууч С.Цоодолтой хамт хэвлүүлсэн “Ардын дуу хөгжмийн суу билигтнүүд” /I дэвтэр/ ном .. зэрэг хэсгүүд нь маш их анхаарал татаж байгаа бөгөөд ЧҮ багшаасаа зөвшөөрөл авч та бүхэнтэй хуваалцах юмсан гэж бодож байгаа.

Ялангуяа Хатанбаатар Магсаржавын тухайд: миний буурал аав Лодойн Далантай нь Хатанбаатарын тугч цэрэг, мэргэн буудагч, партизан нь явсан бөгөөд дээрх хөрөгт бүтээлийн гол баатар Д.Дашдорж багшийн аав Даваасамбуу нь Хатанбаатарын морин жолооч нь явсан, монгол үсэг сайтай, Барон жанжин Вандоновын цэргийг гэнэдүүлэн цохисон болон устгалцахад хамт байсан зэрэг нь миний буурал аавын дурдатгалтай нийцэж байгаа зэрэг нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн болой. Бас Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай түүнтэй нэг үед харийн оронд хамт суралцаж явсан МУБИС-ийн багш асан, газар зүйч, Монголын анхны “Ардын багш” цолтон Г.Батсүхтэй уулзан Их зохиолчийн талаар аман яриа, дурсамж авч байсан зэрэг нь үнэхээр гайхалтай үйл явдал мэт.

Бас нэгэн зүйл Ардын билиг зүйч хэмээн хүндэтгэлтэйгээр нэрлэгдэх эл эрхэм багштан Д.Дашдоржийн нөр их хөдөлмөр, цаг хугацаагаа шингээн байж бүтээж, цуглуулсан ардын их өв соёлын бүтээлүүд нь даяаршлын өнөө цагт, сүүлийн үед Монголчууд бид чамлахааргүй ардын их өв соёлоосоо суралцан, мэдэхийг тэмүүлж байгаа энэ цаг үед судалгааны томоохон эх сурвалж болох мэт. Энэ талаар номонд дурдагдсан профессор. Р.Чүлтэмсүрэн багшийн маань “Багшийнхаа цуглуулсан олон эх хэрэглэгдэхүүнийг бид бүрэн судалж амжаагүй байна” хэмээн дуу алдсан нь нэгийг хэлэх шиг…

Судлаач, эрдэмтэн багш Д.Дашдорж Халхын олон аман билиг аялгуу, эх сурвалж болон ардын аман зохиолыг судлахаар судалгаа- шинжилгээний ангиар эх орныхоо хаа сайгүй явж тэдгээрийг сурвалжлан тэмдэглэж, хэвлүүлэн хадгалж, уламжлуулсан нь нэн гайхамшигтай. Нэгэн жишээ дурдахад: дээрх номны “ Хар Дорж, Дашдорж хоёрын нөхөрлөл” хэсэгт /х18-20/

Унгарын эрдэмтэн, Дэлхийн нэрт монголч эрдэмтэн профессор Дьёрдь Кара -ийн тухай анх сурвалжилсан нийтлэлээ цэл залуухан оюутан, ирээдүйн нэрт ардын билиг зүй судлаач Д.Дашдорж төвийн хэвлэлд нийтлүүлсэн байдаг бөгөөд тэрээр дурдахдаа: “Одоо Хар Дорж (Дьёрдь Кара -ийг монголчууд Хар Дорж хэмээн дууддаг байж) Унгарын ШУА-ийн Дорно дахины судлалын ЭША болсон байна … Хар Дорж анх удаагийн ирэлтээр Ардын аман зохиол, Эртний бичгийн дурсгалын зүйлийг нэлээд цуглуулсны дотор Торгууд ардын найрагт дуу “Дархадын хартай сарлаг”, “Жаран цагаан хонь”, Баяд ардын “Хавар”, Халх ардын “Сэрүүн сайхан хангай” гэх мэтийн Монголын олон ястнуудын дуу, “Тэмцэлт мэргэн баатар” гэх мэтийн үлгэр туульсыг хуучин үсгээр тэмдэглэж авсан байна. Залуу судлаач Хар Дорж анхныхаа ирэлтээр Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах танхимаас хэвтээ дөрвөлжин үсгийн цагаан толгой олсон бөгөөд энэ тухай судалгаа хийж байгаа ажээ. Монголын Соёмбо үсгийн тухай мөн баруун аймгийн нутгийн аялгууны тухай Эрдэм шинжилгээний бүтээл хийж Франц хэлээр хэвлүүлсэн байна. Мөн өнгөрөгч оны намар дахин Монголд ирж зүүн аймгуудаар аялж буриад, үзэмчин зэрэг ястнуудын дотор очиж тэдгээрийн одоо цагийн ярианы хэл, аман зохиолын талаар цуглуулга хийсэн бөгөөд Монгол ардын домогт дууны тухай нэлээд материал цуглуулж, энэ талаар шинжилгээний бүтээл хийхэд бэлтгэж байна. Говь-Алтай аймагт голдуу дуулагддаг бөгөөд нийт Монголчуудад тархсан “Шалзат баахан шарга” дууны талаар холбогдох цуглуулга хийжээ., … Монгол ардын дууг нийтэд нь ажиглаж судалсан явдал байвч домогт дууг тодорхой шинжилсэн эрдэмтэд ховор юм” хэмээн бичиж байсан нь мөнөө цагт ч нэн сонирхолтой, ховор эх сурвалж шигээ. Эдүгээ мэнд сэрүүн байгаа Дэлхийн хамгийн ахмад нэрт монголч эрдэмтэн Дьёрдь Кара (Хар Дорж)- нь АНУ-ын Индиан Их сургуульд багшилж, бүтээн туурвисаар яваа бөгөөд энэ эрхэм хүмүүнд монголчууд бид гүн хүндэтгэл даруй үзүүлмээрээ. Ёстой нэгэн цагт Хар Дорж багш номын шавь өнөө Ардын багш хэмээн эрхэм цолын эзэн болсон Хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Ц.Өнөрбаянгаараа дамжуулан номын нөхөр Д.Дашдорждоо хандан “Ганцхан хувь гайхамшигтай ном байдаг. Тэр ном үхчихвэл хэцүү шүү” хэмээн аминчлан хэлүүлж байсан үгийг энэ цагт монголчууд бид хүндэт монголч эрдэмтэн Хар Дорж багшдаа эргүүлэн хэлж түүний их өв, үүцээс, өөрөөс нь мэдэж авууштай зүйл маш их мэт сэтгэгдэл төрснөө нуумааргүй байна. Миний мэдэхийн хэдхэн жилийн өмнө шавь Ц.Өнөрбаян тэргүүтэй эрхмүүд Хар Дорж багшийнхаа 80 насны ойг Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх үеэр бас л Хар Дорж багшаар нь маш их бахархаж хайрлан хүндлэх сэтгэл төрж байснаа бичихгүй байж бас чадахгүй нээ. Зарим монголчууд Хар Дорж багшийг Билгүүн их номч Бямбын Ренчин гуайн хүргэн гэдгээр нь анддаггүй юм билээ. За гэх мэтчилэн цаашаа бичээд л байвал бичих зүйл маш ихээ …

Ингээд улиран одох гэж буй Шороон гахай жилд /2019-XI-29/ багшийнхаа 90 жилийн ойг төрөлх МУБИС дээр нь хүндэтгэлтэйгээр тэмдэглэн Д.Дашдорж багшдаа зориулан мөнхийн зул мэт сайхан номон хөшөө босгосон, энэ сайхан эгэлгүй даруу багшийн шавь нь явсан азтай хүмүүн доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багшдаа гүн талархан бахархаж байгаагаа илэрхийлье. Түүнчлэн түүний эрхэм шавь нарын нэг МУСГЗ Ж.Саруулбуян ахдаа “Бидний багшийн тухай их сэтгэл гаргаж биднээс ч илүү бичсэн Дуламрагчаадаа баярлалаа. Сайхан багшийн минь гэгээн дүрийг нь нэг болтугай хараагүй мөртлөө ийм халуун сэтгэл гарган бичсэнд баярлалаа. Түүний мянга мянган шавь нар байгаа даа. Хорвоогоос явсан хүнд ч сайхан халуун үг хэрэгтэй тэр халуун үгэнд үр хүүхдүүд, шавь нарынх нь сэтгэл дулаацаж явдаг юм” /2019-12-10 / хэмээн бичиж өчүүхэн надад маш том урам хайрласан нь зориг гарган бичсэн айдсыг минь багахан ч болов алга болгосон төдийгүй мэдсэн зүйлээ цаашид бусадтай хуваалцан бичих их урам өгөв.

Эрдмийн гэгээ, сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай.

Т.Дуламрагчаа 2020-02-20

Categories
мэдээ цаг-үе

Спортын тэргүүний хамт олон “11в”

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг 2009 онд төгссөн 11в ангийн хамт олон оролцож байна. 11в анги 33 сурагчтай. 17 эрэгтэй, 16 эмэгтэй. Тэд бүгд хичээлдээ жигд сайн. Тэр нь муу, энэ нь сайн гэж онцлоод байх сурагч байхгүй. Бага ангиасаа математикийн гүнзрүүлсэн анги байсан учраас хоцрогдсон хүүхэд байгаагүй гэж дуу нэгтэй хэлж байв. Бага ангийн багш нь Д.Энхбаяр. Хүүхдүүдийг багаас нь бие даалгаж сургасан сайн ангиа дунд ангийн багш Г.Долгоржавт хүлээлгэн өгчээ. Г.Долгоржав багш одоогоор 31 дэх жилдээ тус сургуульдаа ажиллаж байгаа биологийн багш хүн. Арван жилээ 52 дугаар сургуулийг төгсөж, төрөлх сургуульдаа эргэн багшаар орж ажиллажээ. 2009 оны төгсөлтийн 11в анги түүний дөрөв дэх даан авсан анги нь. Өмнөх ангиудаасаа хүүхдүүдтэйгээ илүү элэгсэг дотно ажиллаж, ангийнхандаа ганц захидаг зүйл нь нийтэч, хамт олонч байхыг сургажээ. Тиймдээ ч бусад төгсгөсөн ангиудаас нь хамгийн дотно харилцаа холбоотой байгаа нь энэ л анги гэнэ. Тэр нь юугаар нотлогдож байна гэвэл бага ангиасаа математикийн гүнзгий анги байж байгаад биологийн багш ангийг дааж авах болоход нэг бүлгийн гурван гүнзгий анги байлгахгүй гээд ангийг нь математикийн гүнзгий биш болгохоор сургуулийн захиргаанаас шийджээ. Ангийн багш хүүхдүүдэд учир байдлыг тайлбарлан бүх хүүхэд шалгалт өгөхөөр болсон байна. Гэтэл ангийнхан “Бид математикийн гүнзгий ангид орохгүй, багштайгаа үлдэнэ” гэж шалгалтын цаасан дээрээ бичээд, шалгалтаа орхиод гарсан аж. Гурван сурагч шалгалтдаа тэнцсэн ч гүнзгий ангид орохгүй гээд татгалзжээ. Сурагч Н.Биндэръяа математикийн гүнзгий ангид орсон ч удалгүй “Би энэ ангитай, багштай таарахгүй нь ээ. Хуучин ангидаа оръё” гэж гуйгаад эргэж ангидаа орсон түүхээ хуучлав. Сурагчид бүгд жигд сайн сурлагатай ч тэр дундаас бүх хичээлдээ цойлж гардаг нь Н.Биндэръяа. Одоо ч тэрбээр Польш улсад докторын зэрэг хамгаалахаар сурсаар байгааг ангийнхан нь ам уралдан ярив. Дунд ангид орсон цагаасаа ангийнхан сургуулийн тэргүүний анги байж бүх зүйл дээр манлайлдаг байв. Тэр дундаа спортоор. 2006 оноос ангийн охид хөвгүүд спортоор хичээллэх болжээ. Одооны Монгол HD телевизийн “Мода” нэвтрүүлгийн хөтлөгч Болд ангийн багшийн бас нэгэн шавь нь ажээ. Багш нь Болдод сурагчдаа хичээлээс гадуур спортоор хичээллүүлэх сонирхолтой байгаагаа хэлэхэд дэмжин ажилласан юм. Тэр үед Болд сургуулийнхаа заалыг хариуцан ажиллаж байсан гэнэ. Тэгээд багшийнхаа таван шавийг анх авч ажиллаад спортод дуртай болох үүдийг нь нээж өгчээ. Тиймээс ангийн охид хөвгүүд 2006 оноос хойш сургуулийнхаа болон дүүрэг нийслэлд амжилт гаргасан сагсанбөмбөгийн тамирчид болсон байна. Есдүгээр ангид байх жил нь Хан-Уул дүүрэг анх удаа дүүргийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн Гран При тэмцээн зохиожээ. Ангийнхан уг тэмцээнд түрүүлж дүүргийнхээ сагсанбөмбөгийн Гран При шагналыг хүртсэн дурсгалын цом, самбар нь одоо хүртэл ангид нь хадгалаастай байлаа. Сурагчид тэмцээн уралдаанд оролцохдоо маш идэвхтэй. Бэлтгэлээ маш шургуу сайн хийж орсон тэмцээн болгондоо амжилт гаргадаг байснаараа бахархаж байв.

Мөн Боловсрол телевиз анх байгуулагдаж байх үедээ сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлахад ангийн сурагч Б.Гэрэлтуяа түрүүлж байжээ. Тиймээс ангиараа Боловсрол телевизийн нэвтрүүлэгт орж, өөрсдөө бүтээл урлан түүгээрээ ангиа чимжээ. Боловсрол телевизийн хамт олон тэдэнд модон урлал хийх арга зааж ангидаа хувцасны өлгүүр, багшийн ширээ, үзүүлэнгийн шкаф хийж тавьж байсан нь сайхан дурсамж болон үлдсэн байна. Ангийн багш Г.Долгоржав ангийнхаа тухай ярихдаа “Манай ангийнхан бүгд нэгнээ гэсэн чин сэтгэлтэй. Нэг зүйл даалгахад бүгд бие биенээ түшиж тулан, тусалж дэмжиж ажиллаж чаддаг сайхан хамт олон. 2013 онд би хагалгаанд орсон юм. Хагалгааны дараа ангийнхан маань манай хүүгээс дуулчихаад 20-иод хүүхэд эмнэлэгт эргэж ирж байлаа. Хагалгаанд ороод удаагүй маргааш нь манай ангийнхан ирээд дуудаж байна гэхэд тэр эмнэлгийнхэн их гайхаж байлаа. “Төгсөөд олон жил болчихсон хүүхдүүд багшийгаа эргэхээр ийм олуулаа ирдэг юм уу. Одоо ийм олноороо ирдэг шавь нар байдаг юм байх даа. Ямар сонин юм. Хэдэн оны төгсөлт юм бэ” гэхэд нь “2009 оных” гэтэл “Ямар мундаг хүүхдүүд вэ. Сайхан сэтгэлтэй юм” гээд ангийнхныг минь магтаж байлаа” гэв. Үүнээс үзэхэд ангийнхан нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга бие биедээ санаа тавьж, асууж сураглаж, харилцаа холбоотой байдаг ажээ. Харилцаа холбоо хөгжсөн өнөө үед онлайнаар байнга холбоотой байж, үндэсний баяр Цагаан сар болгоноор ангийнхан багштайгаа золгодог уламжлал тогтжээ.

Ангийг эв найрамдалтай, нийтэч байлгадаг нэг зүйл нь ангийн багш жил болгоны хавар, намар зугаалгаар авч явдаг байжээ. Сургуулийн захирал Д.Батбаяр “Танай ангийнхан байнга зугаалгаар явах юм аа. Намар ч явж байдаг, хавар ч явж байдаг, танай анги шиг ийм нийтэч анги алга” гэдэг байв. Ангийн багш нь хүүхдүүдтэйгээ өөр арга барилаар харьцаж, найз шиг нь ойр дотно харилцахын тулд ийм аргыг сонгосон аж. Мөн ангийнхан цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Ангиа байнга цэвэрлэдэг цэвэрч хамт олон байжээ. Тэр үеийн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө багш, сургуультай маш сайн харилцаа холбоотой ажилладаг байсан гэнэ. Сар бүр графикаар эцэг эх, сурагчидтай хамт хийх ажлыг гаргачихдаг. Нэг сар нь эцэг эхчүүдийн дундах спортын уралдаан тэмцээн зохионо. Дараа сар нь Кофе юу, цай юу нэртэй эцэг эх, багш, сурагчдын уулзалт хийж орчин үеийн хүүхдүүдийн тухай яриа өрнүүлэн, энэ хүүхдийн энэ зан чанарыг ингэж төлөвшүүлнэ. Энэ хүүхэдтэй ингэж хамтран ажиллах хэрэгтэй гэх мэтээр зөвлөгөө өгч, багш нь болон хамтран ажилладаг байснаа ангийн хамт олон дурсацгаав.

Одоо ажил амьдрал дээр гараад сайн явж байгаа сурагчдаас дурдвал Г.Баясгалан АНУ руу оюутан солилцоогоор явуулдаг. Ангийн дарга Н.Биндэръяа Польш улсад докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Н.Сарнай 2018 оны Гоёл наадмын тэргүүн Топ моделиор шалгарсан зэргийг дурсан ярилцахад энэхүү ангийнхныг бахархахгүй байхын аргагүй санагднам. 52 дугаар сургуулийн нэгэн төлөөлөл болсон 2009 оны төгсөлтийн 11в ангийг энэ удаа онцоллоо.

Та бүхэн ч гэсэн анги хамт олонтойгоо оролцохыг хүсвэл “Өдрийн сонин”-ы редакцид хандаарай.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бүрнээбаяр: “Амьдралаа би чамд хайртай” дуу минь сайхан хувь заяагаар л надад ирсэн гэж боддог

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа.


-Таны амьдрал, уран бүтээл Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай салшгүй холбоотой. Анх Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад яаж орж байв?

-Би 1979 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээр орж ажиллаж байлаа. Энэ албанд дуучнаар дөчин жил ажилласан. Энэ олон жил олон ч дууг урын сандаа оруулж. Ойрын үед уран бүтээлүүдээ эмхэлж цэгцэлж, заримыг нь клипжүүлэх зорилготой байна. Учир нь энэ оны аравдугаар сарын 16-нд дөчин жил дуулсны ойн баярын тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Үзэгч түмэндээ өдий хүртэл миний дуунуудыг сонсож, надад урам хайрладагт талархал илэрхийлье гэсэн зорилготой.. Би хоёр л цомог гаргасан. Одоо харин хүмүүсийн сонсох дуртай шилдэг дуунуудаа шинэчлээд дахин цомог гаргана.

-Хилийн цэргээр явж цэргүүдэд тоглолт хийх үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-1979 оноос 1994 он хүртэл Монгол Улсынхаа хилийг тоо томшгүй тойрсон. Жилд гурваас дөрвөн удаа хил рүү явдаг. Бүх отряд, заставуудад очиж тоглоно. Манай хилийн цэргийнхэн хүнийг угтаж авах, зочлох талаар гарамгай улс. Хязгаар нутагт амьдарч байгаа ард түмэн, хилчдэд урлаг соёлын тоглолт үзүүлж оюун сэтгэлгээг нь сэргээх энэ үүргийг хорин долоон жил биелүүлжээ. Очих бүрт цэргүүдийн гутал хувцас толь шиг гялалзана шүү дээ. Шинэ цэргүүд ачаалалтай байдаг учраас тоглолтоо үзэж байхдаа үүрэглэнэ. Үзчих гээд л нэг сэрээд л, нэг унтаад л хөгжилтэй зүйл их гарна. Хилийн цэргийнхэн чинь бие биендээ их хайртай халуун дотно гэр бүл гэсэн үг л дээ.

-Үг утга яруу, хүмүүст хэлэх гэсэн санаатай дуунууд таны урын санд арвин. Тэр олон дуунуудаас таны өөрийн сэтгэлд тодхон үлдсэн нь дуу бий юү?

-Үргэлж дуулдаггүй, хүмүүс ч сайн мэддэггүй хэрнээ миний сэтгэлд байдаг киноны дуунууд бий л дээ. Жишээлбэл “Амин мөр”, “Нүцгэн уулын бэлд” гээд киноны дуунууд байна. Эдгээр дуунууд миний идэр залуу үед дуулж явсан уран бүтээлүүд. “Амин мөр” киноны дууны аяыг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров гуай бүтээсэн юм. Тухайн үед энэ дууг хуучин кино үйлдвэрийн студид бичиж билээ. “Амин мөр” киноныхоо энэ дууг дахин шинэчлээд тоглолтон дээрээ дуулна.

-Энэ удаагийн тоглолт урьд нь хийж байсан тоглолтуудаас юугаараа онцлогтой вэ?

-Энэ удаагийн тоглолтыг урьдынхаасаа өөр, арай шинэлэг хийнэ гэж төлөвлөөд байгаа. Зүгээр л нэг дуунууд цуваад гардаг биш. “Одоо юу болох бол оо” гэсэн хүлээлттэй нэлээн найруулгатай, зохиомжтой, шоу энтертаймент талдаа хийнэ. Мөн Өнцөг.мн сошиал телевизтэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн.

-Танд олон сайхан уран бүтээл бий. Гэхдээ түүний дундаас “Амьдралаа би чамд хайртай” дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Энэ дуу бүтсэн түүхийн талаар хуучлаач?

-Сайхан хувь заяагаар ирсэн дуу л гэж боддог. Ёндонгийн Сүхбаатар багш маань “Санаанд илхэн хань” дууг надад өгөх гэж дуудсан л даа. Тухайн үед Үндэсний телевизийн “Найм дахь гариг” нэвтрүүлэгт гэр бүл хосын дуу дуулах хэрэгтэй байна гээд “Санаанд илхэн хань” дууг нэг залуутай хоршиж дуулахаар боллоо. Тэгээд дуугаа авчихаад л гарах гэсэн ахиад нэг дуу байна авах уу л гэж байна. Хоёр гурван жилийн өмнө биччихсэн “Амьдралаа би чамд хайртай” гээд дуу. Тухайн үед багш маань өөрөө намуухан сайхан дуулж үзүүллээ. Ингээд сонссон их сайхан үгтэй дуу байна. Би бас өөрөө уран бүтээл авахдаа аялгуунаас л илүү үгийг нь чухалчилдаг л даа. “Амьдралаа би чамд хайртай” дуу таван мөртэй маш сайхан утга агуулгатай. Уг нь дуунууд чинь дөрвөн мөртэй байдаг. Тэгсэн атлаа их гоё болоод байна. Дуу бүтсэн түүх ердөө л энэ дээ. Хоёр долоо хоногийн дотор хит болж байсан. Тухайн үед надад маш сайхан захианууд ирдэг байсан.

-Тэр олон захидлаас сэтгэлд үлдсэн нь ямар захидал байв?

-Хөдөө орон нутаг, цэргийн анги мөн засан хүмүүжүүлэх газруудаас ихэвчлэн ирдэг байсан. Тэр дундаас “Хэрвээ өнгөрсөн онд энэ дуу гарчихсан байсан бол би одоо энд биш ээжийнхээ дэргэд байх байсан” гэж засан хүмүүжүүлэх газраас ирсэн захидал сэтгэлд одоог хүртэл байдаг. Үүнээс үзэхэд энэ дуу маш олон хүмүүст ухаарал өгсөн. Амьдралын утга учир үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж чадсан дуу. Хүмүүсийн дутагдалтай тал байна шүү дээ. Элэг бүтэн, аз жаргалтай, аав ээж нь байгаа энэ үеэ үнэлж, цэгнэж мэддэггүй. Мөнхийн л хажууд байх юм шиг боддог. Сүүлд Данзангийн Нямаа найрагч маань ярьж байсан л даа. Баянхонгорт хөдөө аавыгаа нутаглуулаад буцахдаа “Амьдрал яах аргагүй миний толгой дээр ирлээ, ээж дүү нартаа өмөг түшиг нь болох цаг боллоо доо” гэж би ухаарч бодохын зэрэгцээ “Амьдралаа би чамд хайртай” дууны шүлэг орж ирсэн гэдэг. Яруу найрагч хүн их торгон мэдрэмжтэй санагддаг. Сэтгүүлч нар бас адилхан энгийн хүнээс илүү амьдралыг мэдэрч, нандин зүйлсийг олж хардаг гэж би боддог.

“-Амьдралаа би чамд хайртай” дуу “Морин хуур” наадамд шагнал хүртсэн уран бүтээл байх аа?

-Тийм. Үзэгчдийн тэргүүн шагнал хүртсэн.Тайзан дээр Д.Нямаа найрагч, Ё.Сүхбаатар багш бид гурав гурван талаас уригдаж гарч ирээд тайрсан юм шиг намхан гэж шоолуулж билээ. Гурван намхан хүний ганц том бүтээл болж гээд л танхим дүүрэн инээдэм болж билээ. Ямар ч байсан бид нэг сайхан том уран бүтээл хийлээ, дахин гурван том уран бүтээл хийнэ ээ гээд амлалт өгч байсан. Хоёр дахь уран бүтээлээ хийгээд Ёндонгийн Сүхбаатар багш минь зуурдаар нас барсан даа.

-Гадаадад тоглолт хийхэд энэ дууг л дахиулах, дуулуулах хүсэлт ирдэг байх даа?

-Хаана ч явсан энэ дууг л хүлээдэг дээ. Одоо ерөөсөө “Амьдралаа би чамд хайртай” дуугүй хандивын тоглолт гэж байхгүй боллоо л доо. Би тэгээд заримдаа “Хүүе ээ надад нэг хандивын элч дуучин гээд нэр өгчихдөггүй юм байх даа” гээд хүмүүсийг инээлгэж байдаг байхгүй юу.

-Энэ дууг дүрсжүүлнэ гэж өмнө жил ярьсан байсан. Дүрсжүүлсэн үү?

-Амжаагүй л байна. Хоёрын хооронд юм хийхгүй гээд зүтгэчихсэн жаахан хойшлоод байна л даа. Сайн ивээн тэтгэгч хайж байгаа. Би чинь өөрөө социализмын үеийн хүн болохоор шууд энийг ивээн тэгээд өгөөч гээд очиж чаддаггүй. Одоо харин суралцаж байгаа. Уран бүтээлийнхээ төлөө их дайчин явах ёстой юм билээ. Аз заяа түшээд их сайхан клип болох болов уу гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдийн баяр болон цэргийн баяраар тоглолт төлөвлөсөн үү?

-Халдварт өвчин гарчихсан байгаа учраас яг болох үгүй нь тодорхойгүй байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн баяраар Ховд аймагт хамтарсан тоглолт хийнэ. Харин цэргийн баяраар өөрийнхөө тоглолтыг Хөвсгөл аймгийн төв дээр тоглохоор төлөвлөж байна.

-Интернэт орчинд хэр их цагийг өнгөрүүлж байна вэ?

-Интернэт орж мэдээлэл л харна уу гэхээс нэг их ашигладаггүй. Эрдэнэдалай Бүрнээбаяр гэсэн хуудсаа л ашиглана.

-Сүүлийн үед та ямар хөгжим, ямар дуучид сонсож байна вэ?

-Машинд явахдаа гадаадын болон дотоодын дуунуудыг ялгахгүй сонсдог доо. Хишигдалай, Наран, Гантогоо, Наагий гээд залуу дуучдаа их сонсох дуртай.

-Би чинь загвар талдаа их сонирхолтой гэж байсан. Танай охин ч бас загвараар ажилладаг гэсэн үү?

-Би Сэлэнгэ аймагт төгсчихөөд европ хувцасны оёдол эсгүүрийн ангид заавал орно гээд багшаасаа зөрүүдэлсээр байгаад ирсэн. Яваад очсон хүүхэд нь дүүрчихсэн авахгүй гэж байна. Тэгээд үсчин, фото зургийн ангид орсон. Төгсөөд Сэлэнгэ аймагтаа хоёр жил үсчинээр ажилласан даа. Бага охин хувцас загвараар төгссөн. Хоёр охин минь хоёулаа миний мэргэжлийг өвлөсөн.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачдаг байдлыг зогсоо гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч зарим албан тушаалтанд үүрэг өглөө.

Тэрбээр “2020 оноос эхлэн төрийн албан хаагчдын илүү цагийн болон бусад нэмэгдэл олгох журам хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын үр дүнг нь харгалзан үзнэ. Ажил хийсэн бол нэмэгдэл урамшуулал авдаг, ажлаа цалгардуулсан бол хариуцлага тооцдог байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах хэрэгтэй.

Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хичээл оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж, замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.

Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гэв.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын Зөвлөх баг манай улсад ажиллаж байна

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллана.

Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 1-нээс ​“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгийг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нэг сая 854,000 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн болохыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдээллийн үеэр онцолсон юм.

Мөн тэрбээр “Дансаа нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цаасны компани дээр очоод нээлгэх боломжтой. Хэдэн зүйл анхааруулахад,

  • Хувьцаа эзэмшигч иргэд давхар данс нээлгэж байгаа тул данс нээлгэхээсээ өмнө ҮЦТХТ-ийн ЭНЭ сайтаар орж, данстай эсэхээ шалгахыг хүсье.
  • 158989 дугаар руу өөрийн регистрийн дугаараа латинаар бичиж явуулахад хэдэн ширхэг хувьцаатай, ҮЦТХТ-д данстай эсэх мэдээлэл гарч ирнэ.
  • Тухайн иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн мөнгийг авах гэж буй бол өөрийн харьяа үнэт цаасны компани дээр очиж, идэвхтэй ашигладаг арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Ингэж баталгаажуулсан тохиолдолд ногдол ашгийн мөнгийг тухайн данс руу нь хийж өгнө. Дансаа өөрчлөх тохиолдолд мөн адил шинэ дансаа баталгаажуулах шаардлагатай” хэмээв.

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1,072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. Энэ тоог ангилж харвал:

  • Вэб сайтад хандсан – 15,300
  • Андройд хэрэглэгч -38,200
  • IOS хэрэглэгч -14,300
  • Системээс 1,072 хувьцааныхаа тоо ширхгийг лавласан -15,000
  • Систем рүү нэвтэрсэн -111,600
  • Систем дээр бүртгүүлсэн нийт харилцагчийн тоо – 80,500
  • Үүнээс ноогдол ашгийн хэмжээгээ харсан – 63,600
  • 1800-1072 утсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 3,750
  • Фэйсбүүк пэйж хуудсаар мэдээлэл авахаар – 4,210 хүн ханджээ.

1072 хувьцаатай холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.

Асуулт Хариулт
Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ? 40% Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликэйшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм.
Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? 30%

ЭТТ компанийн 1,072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ? 15%
  • 1,068 ш хувьцаатай бол – 2011 онд Эрүүл мэндийн даатгалын 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бол 9 хувьцаа хасагдсан.
  • 964 ш хувьцаатай бол – Засгийн газарт хувьцаагаа худалдаж, 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 857 ш хувьцаатай бол – Засгийн газарт хувьцаагаа худалдаж, 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 750 ш хувьцаатай бол – Засгийн газарт хувьцаагаа худалдаж, 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 527 ш хувьцаатай бол – 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, Эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ш хувьцаа хасагдсан.
  • 544 ш хувьцаатай бол – 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ш хувьцаа хасагдсан.
  • 536 ш хувьцаатай бол – 2011/03/11 – 2012/04/11 хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.
Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ? 10%

Ногдол ашгийг 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд нь шилжүүлэн олгоно.

Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерын компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно.

Дансаа хаана, яаж нээлгэх вэ? 5% Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор брокерийн 11 компани онлайнаар дансаа нээж байна.
Categories
мэдээ нийгэм

Хяналтын цэгүүдээр нэвтрэх иргэдээс асуумж авна

Маргааш буюу 03-р сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ. Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирүсийн халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод шинэ төрлийн (COVID.19) вирусээс урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид Баянгол дүүргийн 2, 17, 18 дүгээр хороонд заасан талбайд дэлгүүр, ресторан болон аж ахуйн нэгж байгууллагуудаар орж, ариутгал, цэвэрлэгээ хийх, амны хаалттай иргэдэд үйлчлэхийг сануулан, гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, мөн иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч, “ЭРГҮҮЛ”-ээр ажиллаж байна.