Categories
мэдээ нийгэм

Ухань хотоос ирсэн 31 оюутан, бага насны нэг хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлав

Шинэ коронавирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотоос БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан Монгол Улсын харьяат 32 хүнийг эх орондоо авчирсан. 31 оюутан, бага насны нэг хүүхэд ирсэн. Онгоцноос буунгуут нь тэдний халууныг шалгаж, тоноглосон автомашинаар ХӨСҮТ рүү хүргэн, өндөр зэрэглэлээр ариутгасан тусгай өрөөнд тусгаарлаад байна. Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газар, УИХ-ын чуулганд мэдээлэл танилцуулахдаа хүн тус бүрийг байршуулах тусгай өрөө бэлдээд байгаа гэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

  1. Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. Эндээс заавартай бүрэн эхээр нь танилцана уу.
  2. Корона вирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.
  3. Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2 болон 7-оор төгссөн бол энэ сард татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 2 болон 7-оор төгссөн бол энэ сард багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн энэ жилээс төрийн зарим үйлчилгээг “Ebarimt.mn” сайтаар дамжуулан үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү сайт, аппликейшныг ашиглан автомашины татвараа төлөх боломж бүрджээ.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс, … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрлээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан хоёр хүнийг илрүүлсэн бөгөөд хоёулаа БНХАУ-ын иргэд байна.

ОХУ-ын шадар сайд, коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай төвийн дарга Татьяна Голиковагийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд Тюмень муж бол Өвөр Байгалын хязгаарт илрүүлжээ. Тэднийг тусгаарласан бөгөөд шаардлагатай тусламжаар хангаж байгаа гэж Голикава онцлон хэлсэн байна.

Тюмень мужид шинэ төрлийн коронавирусний халдвар тархах эрсдэлтэй байгааг мужийн Онцгой байдлын газар иргэддээ анхааруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Титэм вирусын халдвар бүртгэгдээгүй

Дэлхий дахинд титэм вирусын 9826 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр тохиолдлын тоо 11821-т хүрчээ. Дэгдэлтийн тархалт БНХАУ-д идэвхитэй явагдаж 31 мужид тархсан байна. Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ.

БНХАУ-аас гадна дэлхийн 106 оронд титэм вирусын халдвар бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ. БНХАУ-аас өөр оронд өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад титэм вирусын халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Титэм вирус хүнээс хүнд халдварладаг. Тэгвэл хоёрдахь хүнээр дамжиж өөр хүнд халдсан найман тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нь анхаарал татаж байна. Анх Ухань хотод аялсан түүхтэй хүмүүс энэ вирусээр халдварлаж байсан бол ийм өгүүлэмжтэй хүнтэй хавьтал болсон иргэд өвчилж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодсон бичлэгийг ​ЦЕГ-аас дэлгэлээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан иргэдэд сэрэмжлүүлэг болгох жүжигчин Т.Билэгжаргал нь хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож буй бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Тэрбээр мансуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь баримтаар нотлогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Орос-Монголын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй

БНХАУ-д шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Орос-Монголын хилээр Хятадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг Орос улс хязгаарласан талаар Оросын дэд сайд, Оросын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн титэм вирус нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх штабын дарга Татьяна Голикова мэдэгджээ.

“Манай хилийн албаны мэдээлэл дээр үндэслэн ОХУ-тай хиллэх Монголын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрэх хөдөлгөөнийг бид хязгаарлана” хэмээн Голикова мэдэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лхүмбийн хэрэг

“Зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ. Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм…” Энэ бол Жамбын Лхүмбийн хэлсэн үг. “Лхүмбийн хэрэг” нэртэй номд ерөнхийдөө 1933 онд болсон МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ж.Лхүмбээр толгойлуулсан “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг” гэгч зохиомол хилс хэрэг хэрхэн зохион байгуулагдсан тухай өгүүлэх юм.

Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Лхүмбийн хэрэг” гэдэг ном хэвлэгдэн гарч уншигч, түүх сонирхогчдын хүртээл болоод удаагүй байна. Уг ном нийт дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд тэргүүн бүлэг нь Ж.Лхүмбийг баривчилсан болон Хэнтийд болсон үйл явдлуудын талаар архивын материалд тулгуурлан тухайн үед болж байсан үйл явцын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Энэ бүлгээс Ж.Лхүмбэ гэж хэн болох, түүнийг баривчилсан, байцаасан, “Лхүмбийн хэрэг” гэгчийг шалгаж эхэлсэн, тухайн үед Хэнтийд болж байсан үйл явдлууд, энэ хэргийн золиос болсон хүмүүсийн нэрс гээд түүхийн талаас нь үнэн бодит архивын судалгааг унших болно. Энэхүү бүтээл нь магадгүй таны нулимсыг ч унагахыг үгүйсгэх аргагүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, хилс хэрэг гэгч Монголын олон зуун гэр бүлийг хэрхэн голомтоор нь самарч байсныг уншаад эрхбиш нэгийг бодож хоёрыг тунгаах буй за. Номын хоёр болон гуравдугаар бүлэгт тэр цаг үед гадны орнууд Монгол Улсын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагаа, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, тэр үеийн Монголын улс төр, нийгмийн ахуй байдал гээд улс төрийн хилс хэргийн урьдач нөхцөл байдал ямар байсан, хэрхэн өрнөж байсан талаар дурдана. Эдгээр бүлгийг уншсанаар тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар тун дэлгэрэнгүйгээр мэдэж авах юм. Харин бүтээлийн дөрөвдүгээр бүлэгт Ж.Лхүмбийн хэрэг гэгчийг нэхэн нягталсан байх бөгөөд түүний зэвсэгт бослогыг дарах ажиллагаанд оролцож байсан, “эсэргүүний толгойлогч” болгосны цаад учир зэрэг нарийн төвөгтэй үйл явцуудын тухай цэгцтэй ойлголтыг авч болох юм. Уг номыг уншиж байхад түүхийн нэгэн хэвийн гэхээсээ илүү ямар ч уншигчийг татаж чадах сонирхолтой хэв маягаар бичигдсэнийг хэлэх нь зүйтэй. Яалтгүй түүх сонирхогч л биш бол түүхийн энэ мэт судалгааны номыг уншихгүй хаячих гээд байдаг гэм хүмүүст байдаг. Тэгвэл “Лхүмбийн хэрэг” ном ямар ч хүнийг ер нь л залхаахгүй гэж ойлгож болно.

Ж.Лхүмбэ нь 1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Амьдралын эрхээр мал маллаж, жин тээж явсаар Нийслэл хүрээнд ирж Жамсран гэгчээр бичиг заалган тухайн үедээ зэгсэн боловсрол эзэмшжээ. Түүний улс төрийн амьдрал 1927 онд намд элссэнээр эхэлж, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Тэрээр Норжмаа гэх бүсгүйтэй ханилан Навч гэдэг охин, Владимр гэх хүүтэй болсон ч хэлмэгдэн тарчилж байх үед хүү нь нас баржээ. Гэсэн ч түүний охин Навч хатуу бэрхийг даван гарч хань ижил, үр хүүхэдтэй болж Ж.Лхүмбийн үр хойчис одоо бидний дунд өнөр олуул болжээ.

Энэ “Лхүмбийн хэрэг” гэгч зохиомол хэрэг үүссэн түүх нь тухайн үед болсон хэд хэдэн үйл явдлаас улбаатай болох нь номыг унших явцад ойлгомжтой болж ирнэ. Уг номын тухай тэр бүхнийг дэлгэрэнгүй бичих боломж хомс тул таныг эргэлзэх зүйлгүйгээр шууд аваад уншаарай гэж хэлэх байна. Ж.Лхүмбэ гэдэг хүний гучин хоёрхон жилийн амьдрал эрээн бараан дунд өнгөрсөн ч түүнийг чухам хэн байв гэдгийг энэ ном танд дэлгэн харуулах бөлгөө.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Худал мэдээллийг тарааснаас үүдэн учирч болох хор хохирлыг урьдчилан тооцоолох боломжгүй

Коронавирустэй холбоотой эх сурвалж нь баталгаагүй хуурамч мэдээллүүдийг цахим сүлжээнд байршуулах болон тухайн мэдээллийг цензургүйгээр түгээх явдал их байгаа нь нийгэмд айдас түгшүүрийг бий болгон, иргэдийг төөрөгдөлд оруулаад буй юм. Тухайлбал, Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ташаа мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тарсанаас үүдэж томоохон худалдааны төвүүд болон дэлгүүрүүдээр гурил, будаа гэхчлэн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа билээ. Тиймээс аливаа мэдээлэлд цензуртай хандахыг ЦЕГ-аас анхааруулж байна. Энэ талаар ЦЕГийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг цахим орчинд тарааж, түүнийг цензургүйгээр түгээж буй явдал нилээд их байна. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Коронавирустэй холбоотой албан ёсны мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яамнаас өгнө. Сүүлийн үед Коронавирусийн талаар таамаг төдий, баталгаагүй эх сурвалжаас авсан болон худал мэдээллийг цахим сүлжээнд байршуулах түүнийг цензургүйгээр тараах явдал их байгаа. Тиймээс гагцхүү Эрүүл мэндийн яамны мэдээлэлд л итгэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сошиал орчинд олон нийтийн хандалтыг авах зорилготой ташаа мэдээлэл, тухайн үеийн сенсацийг дагасан баталгаагүй мэдээллийг гаргаж өөрсдийнхөө фейж хуудас болон жижиг сайтынхаа хөгжүүлэлтийг хийх тохиолдол байдаг. Иргэд маань мэдээллийг нягтлалгүйгээр, баталгаагүй мэдээллүүдийг ямар нэгэн шүлтүүргүйгээр олон нийтийн сүлжээнд түгээж байна. Зарим тохиолдолд гадаадын сайт дээр нийтлэгдсэн хуурамч мэдээллүүдийг орчуулан, нийгмийн сүлжээнд байршуулах тохиолдол ч байгаа.

Гадаадын сайт гаргасан болохоор л тухайн мэдээлэл нь заавал үнэн гэсэн үг биш. Хуурамч мэдээллийг тараах нь нийгэмд айдас түгшүүр төрүүлэх болоод бусдын эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж болзошгүй.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллийг цахим сүлжээнд байршуулах, түүнийг цензургүйгээр түгээж буй нь нийгмийг айдас түгшүүрт автуулж, иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Хуурамч мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан болон түүнийг түгээж буй хуулийн этгээдэд ЦЕГ-аас ямар хариуцлагыг хүлээлгэх вэ?

-Хуурамч мэдээллийг зориудаар тарааж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ санамсар болгоомжгүй болон эх сурвалжийг нягтлалгүйгээр бусдын мэдээлэлд хууртан, ташаа мэдээллийг тарааж байгаа бол энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иргэд маань коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хаяг руу орж заавал шалгаж байхыг анхааруулъя. Гамшиг ослын үед аюулт ослын талаар зориудаар худал ташаа мэдээлэл тараасан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Хүний өвчин зовлонгоор далимдуулж ашиг хонжоо олох, зугаа цэнгэл, наргиан хийх зүйл хэрхэвч байж болохгүй.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг цахим сүлжээнд байршуулах, түүнийг цензургүйгээр түгээснээс үүдэн ямар хор хохирлууд бий болох эрсдэлтэй вэ?

-Хуурамч мэдээллийг санаатайгаар тарааж буй асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт тогтооно. Санаатай гэхээсээ илүү иргэд мэдлэг, мэдээлэлгүйгээсээ бусдын таамаг төдий хуурамч мэдээллийг олон нийтэд түгээх тохиолдол их байна. Худал мэдээллийг тарааснаас үүдэн учирч болох хор хохирлыг урьдчилан тооцоолох боломжгүй.

Магадгүй үймээн самуун ч үүсч болзошгүй. Тэгэхээр эрсдэлтэй үед иргэд маань тайван байж, мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвлөгөө, зааврыг дагах хэрэгтэй.

Мөн мэргэжлийн байгууллагын албан ёсны мэдээлэлд тулгуурлан дараагийн арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шаардлагатай. Хамгийн чухал нь баталгаатай мэдээлэлд үндэслэж, аюулын зэргээ тодорхойлох ёстой. Аливаа асуудал гарсан тохиолдолд улсаас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийх нь тодорхой. Үүнээс наана худал мэдээлэл тараах, түүнийг түгээх асуудлаа бүрмөсөн зогсоох хэрэгтэй.

У.ЧИНЗОРИГ