Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын тамирчид өмнөд хөршийг зорив

Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны баг тамирчид өнөөдөр /2020.01.02/ мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний цуврал тэмцээнд оролцохоор өмнөд хөршийг зорилоо.

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо нэгдүгээр сарын 3-5-нд, мөн нэгдүгээр сарын 10-12-нд БНСУ-ын Чонсон хотноо болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох юм.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, МУҮХ-ны удирдлага дор Сутайн бор клубын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Н.Хэрлэн, Сутайн бор клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, Монголиан экспедишн клубын тамирчин, спортын мастер Д.Отгонхүү, Хайрхан аялагч клубын тамирчин спортын дэд мастер Д.Баасандорж, Улаанбаатар хайкинг клубын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр нар хурд болон техникийн төрлүүдээр 20 гаруй орны 102 тамирчинтай өрсөлдөх юм байна.

Өвлийн спортын төрлүүдээс залуусын дунд маш эрчтэй хөгжиж буй, 2022 оны Өвлийн олимпын төрөлд багтах хамгийн өндөр магадлалтай мөсөнд авиралтын төрлөөр монголчууд дөрвөн жилийн өмнөөс хичээллэж тив, дэлхий, олон улсын тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж туршлага хуримтлуулсаар байна.

МУҮХ нь 2021 онд мөсөнд авиралтын Ази тивийн цомын АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авахаар зорин ажиллаж байгаа юм. Монголын тамирчид өнгөрсөн хугацаанд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалийг авчирсан.

Манай тамирчдын хувьд чансааны эхний 20-д буюу ОУХМ Н.Хэрлэн 11 дүгээр байр, Спортын мастер О.Сайханжаргал 15 дугаарт, бусад тамирчид чансааны 35-аас доош байруудад эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

​Шинэ оны эхний арав хоногт нийт нутгаар хүйтний эрч суларна

Шинэ оны эхний арав хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 14-19 градус хүйтэн. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Уншигчдадаа нэгдүгээр сарын цаг агаарын төлвийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


БAРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт хүйтний эрч суларна. Тодруулбал, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний хоногт хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт мөн хүйтний эрч суларч, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нэгдүгээр сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин сүүлийн арав хоногийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч, Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд өгөх зөвлөмж

Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
  • Дулаан хувцаслаж, даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  • Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
  • Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

  • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
  • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
  • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
  • Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
  • Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс иргэд хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдана

Related image

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын чуулганы 2019 оны X сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж нэмэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ.

2019 онд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан юм. Тус тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс нэмэгдлээ. Ингэснээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болж байна.

Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагч байгаа бөгөөд тэдний 8.0 хувь буюу 80 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа бий.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт клубыг зарлаж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын 20-ны хугацаанд хүлээн авч, шалгаруулсан бөгөөд 13 спорт клуб тэнцсэн байна.

Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ажиллах юм.

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

​2019 оны НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэн, урамшуулал буюу буцаан олголтыг хуулийн дагуу 1-р улиралд багтаан олгоно.

Үүнтэй холбогдуулан ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгана уу.

Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт, маргаашийн хуралдаан 10.00 цагт эхэлхээр товложээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин 11.00 цагтт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн 12.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны гадаа тавьсан байсан автомашинууд шатжээ

2020 оны 1 дүгээр сарын 1-ний 05:05 цагт Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас дөрвөн автомашин шатжээ.