Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1, 2” хорооллын ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг эхэллээ

“Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1358 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх тухай хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Төрийн орон сууцны корпораци ХХК, Нийслэлийн Орон сууцны корпораци, Өмчийн харилцааны ашиглалт, удирдлагын газар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн төлөөллийг оролцуулан хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсэг байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас Төрийн байгууллагын 1704 салбар нэгжид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэнэ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Тус газраас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, цахим системийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэдүүлэг гаргагчдын 2019 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад 2020 оны мэдүүлгийг бүрдүүлэлтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр албан бичгийг хүргүүлсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 109 байгууллага, тэдгээрийн салбар нэгж буюу нийт 1704 салбар нэгж дээр ХАСХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаа явагдах юм.

Өнгөрсөн онд 41382 мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд энэ оны хувьд Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан, Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаал”-ын ангилал, зэрэглэл, 276 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан мэдүүлэг гаргагчдын тоонд бага зэрэг өөрчлөлт орох бөгөөд холбогдох байгууллагуудаас ХАСХОМ гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргуулан авч хяналт тавин ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, хяналтыг сайжруулах, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Зэвсэг хүчний 032 дугаар ангийн хамт олон цусаа хандивлажээ

Зэвсэг хүчний 032 дугаар ангийн хамт олон өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд цусаа хандивлажээ. Тодруулбал, тус ангийн энхийн төлөө цаг наргүй зүтгэж байдаг захирагч, удирдлага, эмнэлгийн хэлтэсийн ажилтан болон алба хаагчид эрдэнэт хүний амь аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ийн цусаа бэлэглэсэн байна.

Ташрамд дуулгахад, .

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар нийт 9,945 иргэн үйлчлүүлжээ

2019 оны арванхоёрдугаар сарын 31, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр улсын хэмжээнд 452 эх амаржиж, 452 хүүхэд мэндэлжээ.

Үүнээс 2020 оны эхний өдөр 185 эх амаржиж, 186 хүүхэд мэндэлсэн байна.

Энэ хугацаанд эмнэлгийн түргэн тусламжийн нийт 4,491 дуудлага бүртгэгдэж, Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 9,945 иргэн үйлчлүүлжээ. Тэднээс 69 хүн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ авсан ба осол гэмтэл, хордлогын шалтгаант 104 тохиолдол байна.

Тус тасгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчийн өдөр болон 2020 оны эхний өдөр нийт 11,570 хүүхэд үйлчлүүлснээс 3,104 нь эмнэлэгт хэвтжээ. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн 89 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас хандсан аж.

Харин насанд хүрэгчдийн дуудлагыг харвал архины хордлогын 331, хоолны хордлогын 15 тохиолдол тус тус бүртгэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг энэхүү тогтоолын хавсралтаар батлахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 22 хуулийн төсөл, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл, нийтдээ 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаа өнөөдөр (2020.01.02) хийж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Манай улсад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1996 онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд 2007 онд Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болж өөрчлөгдөн, тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан уг сонгуулийн харилцааг зохицуулж иржээ.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд буюу хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв.

Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинжтэй, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсгэхийн зэрэгцээ иргэд сонгогчдод ойлгомжгүй байв.

Иймээс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн уг сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагын үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан орон нутгийн Хурлын сонгуулийн харилцааны онцлогыг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг боловсруулахдаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс нээлттэй санал авч тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Энэ үндсэн дээр хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтаан товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Өмнө нь орон нутгийн Хурлын сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байдлыг нэг мөр цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулжээ.

Мөн нам, звслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж баталсан. Гэвч Сонгуулийн тухай хууль одоо хэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүд эцэслэн батлагдтал энэ хууль хүчин төгөлдөр хэвээр байх уу, хууль хоорондын шилжилтийн үеийн энэ зохицуулалтыг хэрхэн харж буйг тодруулахад Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн тухай нэгдмэл хууль 2015 онд батлагдсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад зарим хүндрэл, бэрхшээл үүсэж байгаа талаар сонгуулийг зохион байгуулж явуулдаг байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, сонгогчдоос санал бодол, байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн байдаг. Иймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгуулийн хуулиудыг бие даасан төслүүд болгож, тус тусад нь төсөл боловсруулснаас Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталж, мөрдөж эхлээд байна. Ингэхдээ Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалтуудыг Сонгуулийн тухай хуулиас хасаж хүчингүй болгосон. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүд батлагдсанаар Сонгуулийн тухай хууль бүхэлдээ хүчингүй болно” гэсэн хариулт өгөв.

Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байхаар төсөлд тусгагдсан нь томсгосон тойрогт явагдах Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаанаас их байгаа учраас үүнийг эргэн харж өмнөх байдлаар нь 15 хоног байхаар өөрчлөх, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнөөс хязгаарлахаар тусгасныг 30 хоног болгож цөөлөх, төслийн 48 дугаар зүйлд заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэж өөрчлөх саналтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд:

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.

Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

  1. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
  2. Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
  3. Хоолыг шавж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
  4. Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.
Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна

Нийслэлийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээр сарын 12-нд дуусч, 13-ний Даваа гарагт хичээлдээ орох хуваарьтай.

Хэрэв ханиад томуу ихтэй байвал III улирлын амралтын 7 хоногийг шилжүүлж, сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах зохицуулалттай байдаг.

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм.

Энэ удаагийн улирлын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-наас тодруулахад “Сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй. Зарим аймаг онцгой комиссын хурлаараа сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Гэхдээ яаманд хүсэлт ирүүлээгүй. Оны өмнө Завхан аймаг хүсэлт гаргаад амралтыг 3 хоногоор урагшлуулж өгсөн” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү албаны эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанк: Асуудал шийдэгдтэл тэтгэврийн зээл өгөхгүй байхыг үүрэг болгожээ

Related image

Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрт ҮАБЗ санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн. Мөн уг асуудлыг Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар шийдвэрлэх боломжтой гэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Монгол банкны зүгээс Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хэлсэн үг эцэслэн шийдэгдтэл тэтгэврийн зээл олгохыг түдгэлз гэжээ. Банкнууд ч энэ талаар нэгдсэн шийдвэр дагана гэсэн байр суурьтай байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан өнөөдөр /2020.01.02/ 13 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан. Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэлхарилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоорбатлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн гарсангүй. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханаас “төслийн 2 дугаар зүйл 1.4 дэх заалтад “Аль нэг талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс ногдуулсан энэ зүйлийн 1.3 дахь заалтад хамаарах татварууд” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахадхуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн“Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан.

Монгол Улс нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн орон болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай улс төр, худалдаа эдийн засаг, соёлын салбараас гадна батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж байна. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр орны зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарын сайд танилцуулгадаа онцоллоо.

Мөн 2019 оны 07 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр 2013 онд яамд хооронд байгуулсан санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болгон түвшин ахиулах талаар харилцан тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийг БНСВУ-ын Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Батлан хамгаалах яам Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын холбогдох яамдын саналыг авч нэгтгэн, Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон гэж байлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийж, айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, ойрын хугацаанд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж.

Уг төсөл нь 8 зүйлтэй бөгөөд хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн талууд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, мэдээлэл харилцан солилцох, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, цэргийн эмнэлэг, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг хамтын ажиллагааны чиглэлээрүүдээр харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахадхуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.