Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2020 оны 1 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 10, 11-нд зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Айл өрх бүрийг орон сууцаар хангах бодлого боловсруулна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын амжилтыг үнэлж, нэг удаагийн урамшуулал олгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт чиглэл өгч ажиллана гэдгээ тус намын дарга Ж.Батзандан мэдээллээ. Түрээсийн орон сууцанд хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20 хувийн квот олгох, ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзжээ.

Шахмал түлшний түгээлтэд ШИНЭ нам анхаарч, шахмал түлшний борлуулалтад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг олгох асуудлыг тавих гэнэ. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тус нам айл өрх бүрийг орон сууцаар хангах бодлого боловсруулж ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Мөн зорилтот жилийн хүрээнд байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын Захирагчийн энэ оны хамгийн эхний буюу 01 тоот захирамж нь хотын стандарттай холбоотой байгаа. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ. 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус ажлын хүрээнд хотын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болжээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1 гэхэд тэдгээрийг бүрэн аюулгүй болгоно. Мөн бид энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн 2019 онд бид хотын стандартын баримт бичиг болох гурван товхимол гаргасан. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй. Тэгвэл энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж боловсруулаад батлуулахаар ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй учир дахин зээл авч “өрийн цагирагт” орон, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ордог гэж үзжээ.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ.

Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох төлөвтэй байна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу 270-310 мянган төгрөг авч байна.

Categories
мэдээ нийгэм

“Засгийн газар: Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

– Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

– Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан “Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна.

– Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав.

– “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулав. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ

Дэлхийн томоохон гурвалд багтдаг Харбины алдартай фестивал (Harbin Ice and Snow Festival) өчигдөр нээлтээ хийсэн байна. Нөгөө хоёр нь АНУ-ын Аляска, Канадын Оттавад болдог ажээ.

Харбины фестивалийн хүрээнд Олон улсын мөсөн урлалын 34 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Харбин хотод үргэлжилж байна. Тус тэмцээний эхний ангиллын дүн гарахад Монгол Улсын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ. Энэхүү уламжлалт тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг манай урлаачид дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилготой байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын амралтын долоо хоногоор сунгажээ

Image result for Сурагчид

Засгийн газрын хуралдаанаас сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар нийслэлийн дунд сургуулиудын сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх юм.

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай_ Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна. Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй 176 мянган ахмадад нэг удаа сая төгрөг олгохыг шаардав

Тэтгэврийн зээлийг тэглэж, энэ оны хоёрдугаар сараас эхлэн тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад тэтгэврээ авч эхлэхээр болоод буй.

Уг асуудалтай холбоотойгоор МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАХН ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэдгийг тус мэдээллийнхээ үеэр онцолсон юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН 2019 онд “Өргүй Монгол үндэсний хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдтэй уулзан, судалгаа хийсэн. Үр дүнд нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь Монгол Улс улс төр, эдийн засгийн хямралаас гарах нэг шалтгаан юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

Дараагаар нь уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг төрийн эрх барьж буй эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хүргүүлж, албан ёсны хүсэлт тавьсан. Тэр утгаараа 2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх санал санаачилгыг Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдийн хүрээнд авч хэлэлцээд тэтгэврийг тэглэхээ зарласан билээ.

МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх уг санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна.

Мэдээж аливаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. МАХН тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх
  2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх эрэг зарчмыг баримтлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна.

Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй.

  1. Малчдын зээлийн хүүг тэглэх
  2. Цалингийн зээлийн хүүг тэглэх
  3. Ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна.

Дахин бонд гаргаж зээлийн өрийг төлж, татвар төлөгчдөд дарамт учруулж болохгүй. Мөн тэтгэврийн зээл авахыг болиулж, зээл аваагүй ахмадуудыг орхигдуулж буй явдлыг эсэргүүцэж байна” гэв.

Өр тэглэх тухай асуудал санхүүжилтийг хэрхэн босгох вэ гэдэг нь олны анхаарлыг ихээр татаж буй асуудал болоод буй.

Тэгвэл энэ талаар МАХН-ын дэвшүүлж буй саналаа мэдээллийн үеэр хэлсэн юм. Үүнд,

  1. Капитал банк дампуурч, уг банканд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, ЭМД-ын сангийн 134.8 тэрбум төгрөг буюу нийт 240 орчим тэрбум төгрөг
  2. “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн эх үүсвэр бүрдүүлэх
  3. Аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг тогтоосон тул энэ мөнгийг төлүүлэх
  4. Албан тушаалтнуудын хулгайлсан 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэргийг хэлэв.
Манай улсад тэтгэврийн насны 430 мянга гаруй ахмад бий. Эдгээрээс 233 мянган ахмад нь тэтгэврийн зээлтэй байгаа билээ.
Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Д.Эрдэнэбат: АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилгыг ч гаргасан. Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж байна

Image result for АН-ын зөвлөл

АН-ын зөвлөл ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэн зөвлөлийн байр сууриа нэгтгэсэн байна. Уг асуудлаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

“ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Энэ зөвлөмжийн хүрээнд АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН “Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх” захидал илгээж байсан. Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах ёстой. Энэ нь тулгамдсан асуудлын нэг учраас АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилгыг ч гаргасан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж байна. Ингэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр, шударгаар өрийн дарамтаас чөлөөлөхөд бүгд санал нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. ҮАБЗ-ийн шийдвэрийг УИХ авч үзэх байх. Засгийн газар ч гэсэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар одоо хуралдаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Image result for архи

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Засгийн газрын хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд:

Аж ахуйн нэгжийн нэр

Чиглэл

Хаяг

1

Тэргүүн трейд ХХК

Спиртийн үйлдвэр

Улаанбаатар

2

Азык ХХК

Архины үйлдвэр

Баян-Өлгий

3

Дарханмоунтайнс ХХК

Архины үйлдвэр

Дархан-Уул

4

Хүнс төв ХХК

Архины үйлдвэр

Төв

5

Сэлэнгэ шим ХХК

Архины үйлдвэр

Сэлэнгэ

6

Бенедакт ХХК

Архины үйлдвэр

Улаанбаатар

7

Трансин-Консульт ХХК

Архины үйлдвэр

Улаанбаатар

8

Энигма ХХК

Архины үйлдвэр

Улаанбаатар

9

Ентүм ХХК

Архины үйлдвэр

Говь-Алтай

10

Түшиг Тулга трейд ХХК

Дарсны үйлдвэр

Улаанбаатар

11

Ази Инвестмент Капитал групп ХХК

Шар айрагны үйлдвэр

Улаанбаатар

12

Мини макро ХХК

Шар айрагны үйлдвэр

Улаанбаатар

13

Интер стандарт брьюри ХХК

Шар айрагны үйлдвэр

Улаанбаатар

14

Завхан баялаг ХХК

Шар айрагны үйлдвэр

Завхан