Categories
мэдээ цаг-үе

Хурандаа Д.Алтангэрэл: Төрд би өгөх ёстой юмаа гүйцэд өгч чадаагүй. Ийм л харуусал надад явдаг

Д.Алтангэрэл хурандаа аль 20-иод жилийн өмнө гавьяаны амралтаа авсан ч одоо ч мөрдөнгийнхний дунд “А” дарга хэвээр. Үнэхээр ч энэ хүн Монголын цагдаагийн түүхэнд нэрээ үлдээсэн цөөн хэдэн аатай хурандаа нарын нэг. Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үеийн Монгол Улсад орчин цагийн мөрдөн байцаах байгууллагыг өөрийн судалснаар “зурж”, Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон 10 гаруй жил удирдсан эрхэм. Тэр 10 гаруй жил мөрдөн байцаах байгууллагын хувьд амаргүй цаг хугацаа байсан нь гарцаагүй. Бидний яриа 1990-ээд оны шинэ нийгэмд шилжих үеийн эрх зүйн орчны хүнд хэцүү үед Монголын цагдаа, мөрдөн байцаагчид хэрхэн ажиллаж байснаас эхлээд хууль зүйн салбарын өнөөдрийн өнгө төрх, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн анхны мөрдөлтийн талаар, “асс” мөрдөгч, хурандаа нарын дуртатгал зэрэг нэлээд өргөн хүрээнд өрнөсөн юм. Ингээд Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа, профессор Д.Алтангэрэлтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Эх орны төлөө гэж тангараг өргөсөн цагдаа бүрийн алхаж орохыг хүсдэг, ажиллахыг мөрөөддөг газар бол Мөрдөн байцаах газар гэж би боддог юм. Сэтгүүлч бидэнд бол хадаас мэдээний уурхай юм шиг төсөөлөгддөг. Тэр газар өнөөдөр 80 гаруй жилийн түүхтэй. Тэр дундаа хамгийн сонин өрнөсөн түүх нь яах аргагүй 1990-ээд оны үе. Та ч энэ үед Мөрдөн байцаах албыг удирдаж явсан. Хуучны НАХЯ задарсан үеийн Монголын хууль эрх зүйн орчин, мөрдөн байцаах байгууллага ямар байв. Таны ажил юунаас эхэлж байв?

-1986 онд юм, намайг ЗХУ-ын Дотоод явдлын яамны Удирдах ажилтан бэлтгэх академид сурч байх үед төгсөхөөс жилийн өмнө НАХЯ-ны сайд, дэслэгч генерал А.Жамсранжав гуай надтай уулзаад “Та ирээд мөрдөн байцаах ажил хийнэ шүү. Зохих бэлтгэл хангаж ир” гэсэн чиглэл өглөө. Ингээд би сурах сүүлийн нэг жилийн хугацаанд бусад орны Мөрдөн байцаах байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, боловсон хүчний шилэлт, сонголт, давтан сургалт, ажлын үнэлгээ, урамшууллын систем гэх мэт олон асуудлыг судалж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийн эрдэмтэдтэй уулзаж санаа бодлоо солилцсоноос гадна нэлээд олон материал үзэж бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд Монгол Улсын мөрдөн байцаах байгууллагын үүсэл, хөгжлийн түүхийг ч судалж үзлээ. Дипломоо ч мөрдөн байцаах ажилтай холбоотой сэдвээр хамгаалсан. Ингээд ер нь Монгол Улсын мөрдөн байцаах байгууллага ийм л байвал цаашдаа зохистой юм байна гэсэн ерөнхий төлөвлөгөө, бэлтгэлтэй ирсэн. Намайг ЗХУ-аас төгсөж ирэнгүүт 1987 онд Мөрдөн байцаах газрын даргаар томилсон. Ингээд л 2000 он хүртэл 13 жил энэ албандаа зүтгэсэн дээ.

Энэ хугацаанд Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсөн. Энэ хөдөлгөөний үр дүнгээр ардчилсан хувьсгал ялж, улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд богино хугацаанд хийгдсэн. Харин эрх зүйн шинэтгэл хожуу хийгдэж, хуучин тогтолцооны үед байсан хуулиуд үйлчилж байлаа.

Монгол Улсад санхүү, эдийн засгийн гүнзгий хямрал бий болсон. Мөнгө дутсан, бензин шатахуун хомсдсон, идэж уух юмаар гачигдсан, унаа тэрэгнээс эхлээд ажилд хэрэгтэй боломж нөхцөлүүд хумигдсан нөхцөл байдал үүссэн. Энэ нь бүх ажиллагаа нь хуулийн хугацаагаар тогтоогдсон мөрдөн байцаах ажлыг хэвийн авч явахад үнэхээр бэрхшээлтэй, хүндрэлтэй болгосон. Үүнээс гадна Мөрдөн байцаах байгууллагууд үндсэн чиг үүргийн бус, хэд хэдэн байгууллагын харьяанд тархай тогтолцоотой байв. Батлан хамгаалах яам, Хилийн цэрэг, Улсын аюулгүй байдлын газар, Прокурорын байгууллага, Цагдаагийн байгууллага хэрэг мөрдөнө. Мөн Гааль, Татвар мэтийн зарим байгууллага зарим хэргийг мөрдөх, санал санаачилгууд гарч байсан үе.

-Хууль хүчний байгууллага уг нь босоо тогтолцоотой байх ёстой?

-Үнэхээр мөрдөн байцаах ажлын мэргэжлийн дагнасан удирдлага алдагдаж, мэргэжлийн босоо тогтолцоотой хяналт дутагдаж байсан. Боловсон хүчний нэгдсэн бодлогогүйгээс тохиолдлын хүн томилогдох, хүч, техник хэрэгсэл тарамдах байдал бий болсон нь ажлын үр дүн, чанарт нөлөөлж байсан.

Холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн олон хэрэг дарагдаж, хохирсон иргэдийн эрх зөрчигдөн гомдол, хүлээлт бий болсон нь анхаарал татаж, шуурхай шийдвэрлэх их ажлын нэг яах аргагүй энэ байсан юм.

Мөрдөн байцаах ажилд нам, төр, Засгийн удирдлагууд болон хуулиар хүлээсэн үүрэггүй албан тушаалтнууд нөлөөлж, мөрдөн байцаах ажилтнууд зөвхөн захирагдаж, хараат бусаар бие дааж ажиллах боломж алдагдахад хүрсэн. Түүнээс гадна шилжилтийн жилүүдэд илүү ухаалаг, мэдрэмжтэй, алсын хараатай ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байлаа. Ер нь удирдах бүрэлдэхүүнийг зөв сонгох нь байгууллага, хамт олны хөгжил, ажлын үр дүнд нөлөөлдөг гол асуудлын нэг. Тиймээс Мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа С.Саадэлэг, ахлах мөрдөн байцаагч хошууч С.Дамдин нарыг Мөрдөн байцаах газрын орлогч даргаар, ахмад Н.Мягмардорж, дэд хурандаа Ё.Бадамдорж, Л.Сүхээ, С.Болдбаатар, хурандаа П.Доржпалам нарыг хэлтсийн даргаар томилж, анхны багаа бүрдүүлсэн юм. Энэ багийн гишүүд нэгэн зорилго дор нэгдэж гар, санаа нийлж ажилласныг зориуд тэмдэглэж байна. Бид ажлаа дараахь үндсэн асуудлыг шийдэхэд чиглүүлсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын Мөрдөн байцаах байгууллагуудын тогтолцоог өөрчлөх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хоёрдугаарт, мөрдөн байцаах ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, дагнан мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах, ажиллах боломжийг сайжруулах. Гуравдугаарт, Мөрдөн байцаах байгууллага, ажилтныг улс төрийн нөлөөнөөс ангижруулж, зөвхөн хуульд захирагдан бие дааж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажил чухал байлаа. Тиймээс бид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайд удаа дараа асуудал тавьснаар 1993 онд 67 дугаар зарлиг гаргуулж, Засгийн газарт чиглэл өгүүлэв. Уг чиглэлд, Мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааны хувьд бие даасан, хараат бус байдлыг судлах, Мөрдөн байцаах байгууллагуудын тогтолцоог боловсронгуй болгох, төсөв хөрөнгө техник хэрэгслээр хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох гэсэн заалтууд байсан. Энэ зарлигийг хүлээж аваад Ерөнхий сайд П.Жасрай гуай Ажлын хэсэг томилсон.

-Ерөнхийлөгчийн анхааралд хүргэж чадсан том цохилт болжээ. Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргав даа?

-Энэ ажлын хэсэгт Шадар сайд Л.Энэбиш, Д.Дорлигжав нарын долоон хүн ажиллаж тэр ондоо багтаан Засгийн газрын хуралдаанд асуудал оруулснаар Засгийн газар Мөрдөн байцаах байгууллагын тухай тодотгол гаргасан. Тодруулбал, Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэж Улсын мөрдөн байцаах газар байгуулсан. Мөн Засгийн газар Мөрдөн байцаах байгууллагыг өөрийн гэсэн байртай болгож, 20 сая төгрөг өгснөөр техник, хэрэгсэл, төхөөрөмжөө сэлбэсэн. Энэ нь Засгийн газраас Мөрдөн байцаах байгууллагын талаар хэрэгжүүлсэн иж бүрэн чанартай шийдэл байсан юм.

Улсын мөрдөн байцаах газар байгуулснаар боловсон хүчний бодлого төвлөрч, хэлтсийн даргаас доош албан тушаалтны томилолт Мөрдөн байцаах газрын даргад шилжсэнээр богино хугацаанд дээд боловсролтой хуульчдаар бэхжиж, ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн дагнасан удирдлага, хяналтаар хангах боломж бий болж, ажлын үр дүн дээшилсэн, зөрчил дутагдал ч багассан.

-Нөгөө олон эзэнгүй олон жил дарагдсан хэргүүдийн хувь заяа ч шийдэгдэх замдаа орсон уу?

-Тэр олон хэргийг шийдэх асуудал маш том ажил байсан. Засгийн газарт илтгэж, хариуцсан Шадар сайд Д.Дорлигжав, Ерөнхий сайд П.Жасрай гуай аймгуудын гүйцэтгэх захиргааны дарга нарт “Улсын хэмжээгээр зохиогдох гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх ажилд зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүл” гэсэн үүрэг өгсөн. Ингээд аймгуудын дэмжлэг, ЦЕГ-ын хүч хэрэгсэл, боломжид тулгуурлан ажиллах нэгдсэн ажлын хэсэг байгуулаад газрын дарга өөрөө удирдаж, өдөр шөнөгүй ажилласаар 11 сарын дотор тэр олон хэргийг шийдсэн. Эдгээр хэргийн 80 гаруй хувийг илрүүлсэн дээ.

-1990 он гэхээр хүн ард нийтээрээ өлөн зэлмүүн байсан үе. Цагдаа ч бас иргэн. Тэдний ар гэр ч махгүй, давсгүй байсан нь лав. Харин тэр үед хурандаа таныг мөрдөн байцаагчдын ар гэр, нийгмийн асуудалд нь их анхаардаг байсан гэж танайхан ам сайтай байдаг юм билээ?

-Мөрдөн байцаах ажилтнуудыг ар гэрээс нь салгаж ойлгох боломжгүй. Удирдах ажилтан байцаагч нарынхаа ахуй амьдралыг мэдэж байх шаардлагатай. Ялангуяа гачигдал, зовлон тохиолдсон үед дэмжлэг үзүүлж, тусалж байх нь албан ёсны үүрэг гэж ойлгох учиртай. Олон хоногоор томилолтоор явах, хүнд ноцтой хэргүүд дээр өдөр шөнөгүй ажиллах, сэтгэл зүйн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх тохиолдол байнга шахам гардаг.

Бид гэр бүлд чиглэсэн олон ажил зохион байгуулсан. Шинэ жил, байгууллагын нэгдсэн арга хэмжээ, ажилтны хөдөлмөрийн алдар тэмдэглэх зэрэгт гэр бүлийн гишүүдийг оролцуулах, үдэшлэг, өдөрлөг зохиох, залуу гэр бүлд ажлын онцлогийг ойлгуулах, хүүхдийн сурлага хүмүүжлийн байдалтай танилцах зэрэг. Лангуун дээр бор давснаас өөр зүйлгүй байсан тэр үед мөрдөн байцаах ажилтнуудаа эхнэр хүүхдийн хамт урьж уулзалт зохиохдоо өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн бүрдэл бүхий бэлэг тэдэнд нь гардуулж өгч байснаа санаж байна.

Би ажилтнууддаа “Хүүхдээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч бай. Сургууль дээр нь очиж багш нартай нь уулзаж бай” гэж захидаг байсан. Мөрдөн байцаах ажилтныг зөвхөн ажилд нь зүтгүүлээд байвал гэр бүлийн амьдралд оролцох, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ажлаас хөндийрч болзошгүйг байнга анхаарч байх хэрэгтэйг дахин хэлмээр байна. Ажлын байр нь тухтай гэр бүлийн амьдрал нь түвшин байвал мөрдөн байцаагч алдах нь бага байдаг.

-Бас мөрдөн байцаагч болгонд 10.000 төгрөгийн хадгаламж нээж өгч байсан гэдэг сонин түүх сонссон. Тэр мэдээж ажилд нь тогтоох бодлого байсан уу?

-Ерээд оны эхээр төрийн албанаас олон мэргэшсэн ажилтнууд ажлаас чөлөөлөгдөж байсан л даа. Дийлэнх нь ганзагын наймаа руу. Тэр үед мөрдөн байцаагчдыг яаж тогтоох вэ, ялангуяа мэргэшчихсэн, олон жил ажилласан хүмүүсийг яаж тогтоох вэ гэдэг асуудал Мөрдөн байцаах газрын даргын зөвлөлийн хувьд бодлогын том асуудал байсан. Бид ч их олон арга хэмжээ авсан. Шагнаж урамшуулах асуудлыг хөхиүлж дэмжих том бодлого болгож тавьсан. Намайг ажиллаж байх хугацаанд С.Дамдин,Ё.Бадамдорж хоёр гавьяат хуульч болсон. Үр дүнтэй ажиллаад гавьяа байгуулбал төр чамайг үнэлдэг гэдэг ойлголтыг бий болгохыг хичээсэн. Олон ажилтан төрийн одон, медалиар шагнагдсан. Тэр үед хэлтсийн даргаас доош албан тушаалтай хүнд хурандаа цол өгдөггүй байлаа. Одоо ч тийм. Тэгэхэд 32 жил зөвхөн мөрдөн байцаах ажил хийсэн Өвөрхангай аймгийн мөрдөн байцаагч Бат-Очир гэдэг хүнд хурандаа цол олгосон. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Пүрэв генерал маань дэмжсэн. Хурандаа цолыг Бат-Очирт аймагт нь Мөрдөн байцаах газрын удирдлага өөрөө очиж гардуулсан. Ар гэрийнхэн, ах дүүс, бүсийн зөвлөгөөнд оролцож байсан мөрдөн байцаах ажилтнууд оролцсон бага наадам зохион байгуулсан. Энэ нь мөрдөн байцаагч нарын урам зоригт нөлөөлсөн ажил болсон шүү.

Үүнээс гадна тэр үед ажиллаж байсан 347 мөрдөн байцаагч бүрийн нэр дээр 10.000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн юм. Мөрдөн байцаах албандаа ажиллаж байгаад тэтгэвэрт гарах үедээ авах болзолтой олгосон. Бас дээр нь албан хаагчдын насанд хүрээгүй 370-аад хүүхэд байсан санагдаж байна. Тэр хүүхэд нэг бүр дээр 1000 төгрөгийн хадгаламж нээсэн. Учир нь манай ажилтнуудын цалин хангамж бага, хадгаламж нээх боломжтой хүн байгаагүй. Тиймээс хадгаламжтай байг, арвижуулаад амьдралынхаа баталгаа болгоод яваг гэсэн зорилготой. Ялангуяа хүүхдийн хадгаламж тэднийг их баярлуулсан.

-Үнэхээр мэргэшсэн мөрдөн байцаагч ажлаас гарахад бол их том гарз биз?

-Тэгэлгүй яах вэ. Бид ажил төрлийг нь орон нутагт очиж шалгаад аль болохоор мөрдөн байцаагчаа тогтоох, аар саар дутагдал байвал түүнийг нь засаад цааш нь тогтвортой ажиллуулах чиг барьж байсан. Шинээр мөрдөн байцаах ажилд томилогдож байгаа хүн таван жилээс нааш мөрдөн байцаагч болдоггүй юм. Ажил нь тийм онцлогтой. Хүнтэй харьцах, биеэ зөв авч явах, ажлын бэлтгэл хангах зэргээр удаан ажиллаж байж бий болдог. Нэг сайн гаршсан мэргэшсэн мөрдөн байцаагч ажлаас чөлөөлөгдөнө гэдэг маш том гарз шүү дээ. Нөхөхөд их хэцүү, дахиад наад зах нь 10 жил шаардагддаг. Одоо ч би залуу дарга нартаа “Хүнээ сайн тогтоо, алдаан дээр нь сурга. Алдааг засч болно” гэж захидаг.

-Мөрдөн байцаагчийн ажил их хүнд гэлцдэг. Хэдэн сар хэрэг мөрдөж илрүүлсний дараа тархинд юу ч үлдэггүй гэж та ярьж байсан удаатай?

-Мөрдөн байцаах ажил оюуны хамгийн хүнд хөдөлмөр гэж НҮБ хэдэн жилийн өмнө тогтоосон байдаг. Үнэхээр хүнд. Ялангуяа ноцтой хэрэг илрүүлэхээр хөөцөлдөж явах, хүнд хэрэг мөрдөж байх үед мөрдөн байцаагч хүний бодол сэтгэхүй нь тэр хэрэг рүүгээ бүрэн дайчлагдсан байдаг. Тиймээс ийм хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг нэг ноцтой хэрэг дээр ажиллаад шийдсэний дараа тодорхой хугацаанд завсарлага өгч амрааж байх шаардлагатай. Тэр жил би Бельгид туршлага судлахаар долоо хоног ажилласан юм. Яг тэр үед олон жил илрээгүй байсан эмэгтэйчүүд сураггүй алга болсон ноцтой хэрэг илэрч таарсан. Тэр хэргийг мөрдөж байгаа хоёр мөрдөн байцаагчийн ажлын байр нь, гэр рүүгээ очих зам нь, гэртээ очсон хойно нь ч нарийн хамгаалалтад авч ажиллуулж байсан. Хооллох ундлах нь хүртэл хяналттай. Би тэгэхэд асуусан. “Хэрэг шалгаж байх явцад ингээд шийдэж болж байна. Дууссаны дараа яах вэ” гэхэд “Бид мөрдөгчдөө өөр улсад амьдруулна. Шведэд амьдралын өртөг багатай, бололцоо нөхцөл нь илүү, тэнд амьдруулахаар бэлдэж байгаа” гэж танилцуулж байв. Тэр мэтээр ажиллаж байх үед нь ч, алжаас чөлөөлөгдөөд тэтгэвэрт гарсан ч “Яаж байна” гэж харж анхаарч байх ёстой юм байна гэж би ойлгодог. Янз бүрийн дарамт байна шүү дээ, мөрдөн байцаагч хүнд.


-Ярилцлагын эхэнд та хэлсэн. Мөрдөн байцаах албадууд тархай бутархай байх үед хэн дуртай нь хэрэгтэй танилцаж, үүрэг өгдөг байсан тухай. Нэг ёсондоо улс төрийн нөлөөлөл өндөр байж. Гэхдээ одоо ч хууль, хүчний байгууллагад улс төрийн нөлөө тасраагүй байх шиг. Тийм үү?

-Улс төрийн нөлөө гэж юм бий. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд улс төрийн нөлөө гэдэг юм хэзээнээс байсан. Үүнийг таслан зогсоох талаар би ажиллаж байх хугацаанд нэлээд шийдвэртэй алхам хийсэн. УИХ-ын бүрэн эрхийн тухай хуульд гишүүд өөрийн үндсэн үүргээс өөр ажилд оролцохыг хориглосон. Засгийн газрын гишүүдийг ч тэр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн мөрдөн байцаах албаны бүх шатны дарга, мөрдөн байцаагч хоёр мөрдөн байцаах ажил эрхлэх, мэргэжлийн удирдлага, хяналт өгч байхаар зохицуулсан. Харамсалтай нь сүүлийн үед хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд нөлөөлөх оролдлогууд үзэгдэж эхэллээ. Хэрэг шалгаж байгаа ажлыг гудамжинд гаргаж байна. “Ингэж шийдэх ёстой” гэж шийдвэртэй холбоотой асуудлыг ч гудамжинд гаргаж байна. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил руу хутгалдаж эхэллээ. Энэ бол нэг талаасаа хууль зөрчиж байгаа ноцтой асуудал. Цаашдаа хууль завхруулах хүн хэлмэгдүүлэх аюултай. Ийм учраас улс төрийн нөлөөлөх оролдлогуудыг нэн даруй зогсоох ёстой. Цааш үргэлжилбэл хууль ёс хэрэгжих, шударга ёсны тухай яриад хэрэггүй болно.

-Та бол алдартай хурандаа нарын нэг. Миний харж байгаагаар хэдэн бор цагдаа нар маань мөрдөх ажиллагаагаа сайн гүйцэтгэж байна. Хэдэн сар жилээр хөөцөлдөөд хэргээ илрүүлж байна. Илрүүлсэн хэргээ тэд прокурорт шилжүүлдэг, прокурор нь цааш шүүхэд шилжүүлэх ёстой. Гэтэл прокурор, шүүх дээр ноцтой хэргүүд сар, жилээр түгжигддэг болоод удлаа. Танд тэгж харагдаж байна уу?

-Мөрдөн байцаах байгууллагын хувьд хэрэг мөн үү, биш үү гэдгийг анхны өргөдөл гомдол хүлээж аваад шуурхай шийдэх ёстой. Хэрэг мөн бол Эрүүгийн хуулийн ямар зүйл ангид заасан гэмт хэрэг байна гэдгийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Энэ хугацаандаа тухайн хэрэгт холбогдож байгаа хүний гэм буруу, цагаатгах талын аль алины нотлох баримтыг цуглуулж ажиллах үүрэгтэй. Хэргээ шалгаж дуусгаад дараагийн шатанд буюу прокурорт шилжүүлнэ. Прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж, шүүх эцэслэн шийддэг журамтай. Урьд нь мөрдөн байцаагч өөрөө яллах дүгнэлтээ бичдэг байсан. Үүнийг болиулсан юм билээ.

Сүүлийн үед олон хэрэг шүүхэд очоод замхарч байна гэсэн яриа, ойлголт нийгэмд байна. Энэ хоёр талтай. Үнэхээр шийдэж чадахгүй байгаа бол энэ нь хуулийн байгууллагын дутагдал. Аар, саар шалтгаанаар хэрэг буцаах, хугацаа сунжруулах, эсвэл шүүх хурлыг олон удаа хойшлуулж байна. Хариуцлага хүлээхгүй байгаа юм шиг ойлголт бий болоод сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр олон ноцтой хэрэг шийдэгдээд байна. Энэ бол завхрал. Яавч үүнээс зөөлөн үг хэлэх арга байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилго нь хэргийг богино хугацаанд илрүүлж шалгаад асуудлыг шуурхай шийдэж байхад оршино. Гэтэл хэдэн жилээр хэрэг мөрдөж байна. Энэ нь ажил эрхэлж байгаа хүмүүсийн мэргэжлийн мэдлэг чадвар, хуулийн мэдлэг, хариуцлагатай холбоотой байна гэж ойлгодог. Иргэд буруу юм яриад бухимдаад байгаа юм биш. Тийм хэрэгт тэрнийг барилаа гээд зарлачихдаг. Тэгээд шалгалаа, хорилоо, гаргалаа гэдэг. Үнэхээр ард түмний хэлдэг ортой шүү. Ялангуяа шүүхийн шатанд үүн дээр онцгой анхаарах ёстой. Явж, явж мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын үр дүн шүүх дээр очоод л харагддаг. Шүүх үүн дээр алдаа гаргах л юм бол бүхэлдээ муухай харагдана.

-Олон хэрэг мөрдөн байцаалтад буцахаар мөрдөн байцаагч муу ажиллажээ гэж харагдаад байна?

-Тэгнэ. Ер нь хуулийн байгууллагын ажилтнуудаас авлига гэдэг юм хол байх учиртай. Мөрдөн байцаах байгууллагын шинэ байрны нээлтэн дээр Ц.Нямдорж сайд хэлсэн үгэндээ “Алтангэрэл гуай, та нарын үед шунал байгаагүй юм” гэж онож хэлсэн. Үнэн үг. Үнэхээр бидний үед нэг хэрэг шалгаж байгаад амьдралаа болгочих, ашиглах, завших сонирхол огт байгаагүй. Бидний цалин амьдралаа залгуулах төдий л байсан. Дахин хэлэхэд хэрэг шалгаж, шийдвэрлэх ажиллагаа шуурхай байх учиртай. Удах нь шалгагдаж байгаа хүнд ч хэцүү.

-Хохирсонд нь бүр хэцүү…

-Тийм ээ, хохирогч залхдаг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Ажилтай юм шиг, хоёр, гурван жил нэг байгууллагын үүд сахидаг тохиолдол байна. Энэ бол хуулийн байгууллагуудын ажлын дутагдал, анхаарч засууштай.

-Хэрэг хэрэг биш болдог, замхруулдаг нэг арга хуулийн замаар бий болчихлоо. Тэр нь хөөн хэлэлцэх хугацаа. Өнөөдөр ч энэ сэдэв шуугиантай хэвээр байна. Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан ноцтой хэргүүд хэрэгсэхгүй болж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ямар байх ёстой юм бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны талаар УИХ-аас гаргасан шийдвэр өөрөө алдаа. Энэ алдаанд ард түмэн маш их дүргүйцэж байна. Дургүйцэхээс аргагүй. Ноцтой гэмт хэрэг үйлдлээ, шүүхэд шилжүүллээ гээд зарладаг. Гэтэл тэр нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихдог. Өчнөөн тэрбум, өчнөөн сая төгрөгийн хохирол учруулсан хэргүүд Улсын Их хурлаас гаргасан алдаатай шийдвэрээс болж олон хүн хариуцлага хүлээхгүй ял завшиж байна. Улс орнуудын практикийг харахад хөөн хэлэлцэх хугацаа голдуу хэрэг илэрснээр, үйлдсэн этгээд нь яллагдагчаар татагдсанаар тасалж тооцдог. Гэхдээ хэрэг илэрлээ гэдэг ойлголт маргаантай. Энэ алдааг яаралтай засах хэрэгтэй.

-Хууль тогтоогчид ингэж завхруулаад байдаг байж. Гэхдээ олон сар жил араас нь хөөж мөрдсөн, илрүүлсэн, нотолсон хэргүүдээ мөрдөн байцаах албаныхан хамгаалж болдоггүй хэрэг үү. Уг нь та нарын үед алдартай хурандаа нарын нэрс тодорч байлаа. Тэд ажлаа нэр төртэй гүйцэтгэж байсан хэрэг. Харин өнөөдөр нэртэй, зүстэй, зоригтой хурандаа нарыг нэрлэе гэхэд хүн олдохгүй юм?

-Хэрэг шалгаж, хянаж, шүүх ажиллагаанд оролцож байгаа хуульчид хууль тогтоох байгууллагаас гаргасан хуулийг л дагаж мөрдөх үүрэгтэй. Гэхдээ үнэхээр хэрэгжүүлж болохгүй шийдвэр гарвал түүний талаар холбогдох шатанд нь асуудал тавьж болно. Энэ хаалттай биш.

Ер нь болохгүй байгаа юмыг харчихаад шагшраад суугаад байж болохгүй ээ. Байгуулж байгаа нийгэм, иргэдийн эрх, эрх чөлөөний асуудал гэдэг шал өөр нөхцөл рүү орчихсон шүү, энэ Монгол.

Дэлхийн практик ямар байна, ямар чиг хандлагатай байгааг сайн мэдэж, мэдрэмжтэй, санаачилгатай ажиллах хэрэгтэй. “Хэрэгсэхгүй л болчих юм даа” гэж яриад суугаад байж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал мөн ч удаж байна. Даруй шийдмээр байна.

-Хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдсан хэргүүд ихэнх нь авлига, албан тушаалынх байна. Энэ утгаараа ч тэр, АТГ өөрөө бас нийгэмд баалуулдаг. Авлигатай тэмцэх газарт өнөөдөр таны гарын шавь нар, мөрдөгчид ажиллаж байгаа болов уу. Энэ газар ер нь хэр зөв ажиллаж байна гэж та боддог вэ?

-АТГ-ын удирдлагад зөв хүмүүс томилогдож байсан гэж боддог. Анхны дарга Б.Дангаасүрэнгээс эхлээд жинхэнэ шилдэг сайн хуульчид байсан. АТГ-ынхан багагүй ажил хийж байна. Их түвэгтэй ажил. Цагаан захтай ч гэнэ үү, албан тушаалтай ч гэнэ үү хүмүүсээс тэд айхаа больсон. Энэ бол маш том ололт. АТГ-ынхан дэндүү их өндөр ачаалалттай байна. Цөөхөн мөрдөгч 300, 400 хэрэг мөрдөж байна. Тиймээс АТГ-ын ажиллах нөхцөл, боломжийг эргэж харах, зохицуулах шаардлага байна. Миний бодож явдаг зүйл бол АТГ мөрдөн шалгах ажил эрхлэх шаардлага байна уу, үгүй юү. АТГ, тагнуул гээд газар, газарт мөрдөн байцаах алба байхаар Үндэсний хэмжээний мөрдөн байцаах газар Монголд яаралтай байгуулах хэрэгтэй. Ингэснээр боловсон хүчний бодлого нь төвлөрнө. Мэргэжлийн хяналт гэдэг нь дагнана. Хүнээ бэлтгэдэг, давтан сургадаг, томилдог ажил нэг бодлоготой болно. Үүнээс гадна хүч хэрэгслээ зөв зохистой ашиглах боломж нээгдэнэ.

-Энд тэнд хэлтсийн статустай байх нь хүч сул, нөлөөлөл орох эрсдэлтэй байж мэдэх юм. Үндэсний мөрдөн байцаах байгууллагатай болох санаа аль эртнээс дуулдаж эхэлсэн. Салбарынхан ч мэр сэр ярьдаг юм билээ?

-Цагдаагийн мөрдөгч нэг сая төгрөгийн цалинтай, АТГ-ын мөрдөгч гурван сая төгрөгийн цалинтай. Бүх мөрдөгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг ижил түвшинд байлгах хэрэгтэй. Ямар ч өнгийн хэрэг мөрдөгчөөс өргөн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хариуцлага шаарддаг. Адилхан зүтгэж яваа хоёр хүний нэгд хоёр, гурав дахин илүү цалин өгөөд бусад нь амьдралд нь хүрч ядсан юм дөнгөж амсуулаад зүтгүүлээд байж таарахгүй. Дахин хэлэхэд мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгээд үндэсний хэмжээний дагнасан байгууллагатай болж, хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн мэрэгжилтэнг мөрдөгчөөр ажиллуулж, цалин хангамжийг нь нэмэх хэрэгтэй гэж боддог. Газар газар тараагаад байх тусам хүч тарамддаг.

Мөрдөн шалгах ажил хариуцсан бүх шатны даргыг мэргэшсэн сайн хуульч болгомоор санагддаг.

-Тантай ярилцсаных хууль зүйн салбарын өнгө төрхийг асуулгүй өнгөрч болохгүй. Одоогийн сайд Ц.Нямдорж бол энэ албанд насаараа ажиллаж байгаа хүн. Та ч гар нийлэн ажиллаж байсан. Нөгөө талаар Ц.Нямдорж сайд энэ албанд хэтэрхий удлаа гэж шүүмжлэх хэсэг ч байдаг. Таныхаар энэ хүн Монголын хууль зүйн салбарт гавьяатай хүн мөн үү?

-Ц.Нямдорж сайд бол прокурорын байгууллагад олон жил ажилласан. Ер нь их чадвартай шүү. Хуулийн салбарын мэдлэг чадвартай шилдэг боловсон хүчний нэг мөн. Бас зоригтой. Хэлэх гэснээ хэлдэг, хийх гэснээ бие даагаад шийддэг. Тэр хүнд халтай удирдагч биш.

-Их л яхир харагддаг шүү дээ…

-Яхир харагдаад байгаа зарим хүн зөөлөн, алба ажилтанд ээлтэй байдаг. Харьяалж байгаа ажилтнуудаа хайрлаж ч чадна, шаардаж ч чадна. Мөрдөн байцаах байгууллагын шинэ байрыг барихад өглөө бүр ирж ажлыг нь үздэг байсан. Би ганц үүгээр хэлж байгаа юм биш. Ер нь мэднэ. Энэ салбарыг тогоон дотор нь байсан хүн удирдах ёстой. Явуулын юм уу, зүгээр нэг хуулийн боловсролтой хүний хийдэг ажил биш. Самарч мэднэ.

Ц.Нямдорж сайдад дутагдалтай эвлэрдэггүй нэг чанар бий. Хэн нэгэн дутагдал гаргавал шууд хэлнэ. Тэр бол сайн чанар. Ц.Нямдорж сайд ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон ажил зохиож байна. Хэд, хэдэн байр бариулж, олон ажилтан тохилог орон сууцтай болсон.

Хууль зүйн салбар өөр салбартай адил биш. Би бол боломжийн мэргэжилтэн хуулийн байгууллагыг толгойлж байна гэж ойлгодог. Ер нь мэдрэмж их сайтай. Магадгүй Ц.Нямдорж гишүүн сайд байгаа учраас улс төрийн янз бүрийн нөлөөллүүд энэ салбарт өнөөдөр харьцангуй гайгүй байгааг ч үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагыг улстөржүүлээд тонгочуулаад байдаг бол самарна шүү дээ. Ц.Нямдорж сайдын үгийг бусад нь дутуу сонсоод байдаг юм байна даа гэж харагддаг. Алдаа гарчихлаа гээд байгаа хуулиуд дээр зөв дуугарч байсан.

Ялангуяа парламентад хуулийн боловсролтой мэргэшсэн хүн ховор байна. Болж өгвөл төрмөл заяамал хуульч сууж байх ёстой юм.

-Ц.Нямдорж сайдын өмнөх сайд Х.Тэмүүжин. Х.Тэмүүжинг анх сайд болоход хуулийн салбарт реформ хийх нь гэж олон нийт хүлээлттэй байсан. Түүнийгээ хийсэн ч гэж үнэлдэг хүмүүс байдаг. Бас зарим нь самарч орхисон гэлцэх юм билээ. Танд аль нь тод харагдаж байна?

-Нэг улсын хуулийн салбар толгойлно гэдэг тэр хүнээс их хариуцлага, мэдрэмж, хандлага, дээр нь сайн боловсрол, өндөр чадвар шаардах ажил. Хуулийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын толгой дээр нь сууж байдаг. Аль, алиныг хариуцах учраас туршлагатай чадвартай хүн хэрэгтэй. Х.Тэмүүжин сайд хуулийн байгууллагад өөрчлөлт хийх гэж нэлээд хэдэн шийдвэр гаргасан. Би харахдаа “Энэ салбар ийм л байвал болох юм байна” гэсэн итгэл үнэмшлээр хийлээ гэж ойлгодог. Гэхдээ амьдрал юу билээ, урд нь туулсан зам нь юу билээ. Яавал алдах вэ, яавал илүү онох вэ гэдэг дээр судалгаа муутай, дутуу хандсан. Тусгай хороо (Дотоодын цэргийг)-г татан буулгасан, Мөрдөн байцаах байгууллагыг Мөрдөх ажилд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар болгож өөрчилсөн. Төрийн албан хаагчдыг эмнэлэггүй болгосон, зарим амралт, сувиллын газрыг хувьчлах шийдвэр гаргасан зэрэг хэд, хэдэн шийдвэр нь зөв байгаагүй.

-Ингэхэд та нас чинь болоод тэтгэвэрт суусан уу. Эсвэл өөр нэг урт гар орж ирээд таныг тэтгэвэрт суулгасан уу. Яагаад үүнийг асууж байна вэ гэхээр нэг үе хэдэн сайхан хурандаа нар ар араасаа “тэтгэвэр” нэрээр цагдаагийн албанаас гарсан санагддаг?

-Цэргийн албанд ажиллаж байгаа хүмүүс цол харгалзан тэдэн нас хүртэл ажиллана гэсэн шийдвэр байдаг. Тухайлбал, хурандаа цолтой хүн 50 нас хүртэл ажиллаж болно гэдэг. Тэгээд л гарсан. Харин төрд би өгөх ёстой юмаа гүйцэд өгч чадаагүй. Төр надаас авах ёстой юмаа бүрэн авч чадаагүй. Ийм л харуусал надад явдаг. Төр, ард түмний мөнгөөр хоёр удаа 10 шахам жил сурч байж дээд боловсрол олсон. Энэ бол миний өр.

-“Төрд би өгөх ёстой юмаа өгч чадаагүй” гэх ийм бодол тийм ч олон хүний толгойд буудаггүй болов уу. Залуу үеийнхэн битгий хэл хууччуулын дунд ч ховор болсон доо. Төрдөө өртэй гэдэг бодол нэг талаар гоё ч юм шиг, нөгөө талаар харамсмаар сонсогдож байна?

-Ер нь албан тушаал мөнх биш гэсэн ойлголт байдаг. Гэхдээ чи төрөөс юм авсан бол өгөх ёстой, завшиж болохгүй. Цагдаагийн байгууллагад 35 жил, боловсролын салбарт 20 жил ажиллалаа. Төр, ард түмэндээ 55 жил зүтгэсэн. Гэхдээ би залуучууддаа тусална аа.

Б.ЭНХЗАЯА

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Аав шиг нь насны хүн зам дээр ухаангүй хэвтэж байхад тойроод гарч байгаа нь дэндүү харамсалтай байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Шинэ жилийн баярын үеэр замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байв. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллав?

-Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажилладаг. Тээврийн цагдаагийн албаны тухайд нийт 576 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 150 сонсогч замд иргэдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангаж үүрэг гүйцэтгэж ажилласан. Он гарах үед Сүхбаатарын талбай орчимд явган зоригчийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Баярын цэнгүүн өндөрлөж 02:00 цагийн орчимд замын хөдөлгөөн хэвийн болсон. Иргэд нэгдүгээр сарын 1-ний өдөр оны эхний нар харах зорилгоор нийслэлээс зүүн тийш Бага хангай дүүргийг зорьдог. Үүнтэй холбоотойгоор 03:00 цагаас хойш Багахангай руу чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.

Төв талбайд ажилласан бүрэлдэхүүн үүр цүүрээр ачаалалтай чиглэлийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Иргэдийн ухамсар, хөдөлгөөний соёл, цагдаагийн алба хаагчдын хамгаалалтаас шалтгаалаад зам тээврийн ямар нэг зөрчил дутагдалгүй нар хараад баярын өдөр өндөрлөсөн. Баярын өдрүүдээр Тээврийн цагдаагийн алба иргэдээс 517 дуудлага мэдээлэл хүлээж авсан. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван иргэн гэмтэж, нэг иргэн нас барсан.

-Баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гардаг. Энэ жилийн тухайд ямар байв?

-Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол үйлдсэн гурван хэрэг бүртгэгдсэн.

-Хан-Уул дүүргийн нутагт замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч дайраад, хэргийн газрыг орхиж зугтаасан ноцтой осол гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Наадам центр”-ийн зүүн замд 45-50 насны эрэгтэй тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн ноцтой зам тээврийн осол 21:40 цагийн орчим гарсан. Тухайн хэргийг үйлдсэн жолооч ослын газрыг орхиж явсан. Ойр орчимд ослыг харсан, гэрч байгаагүй. Зугтсан тээврийн хэрэгслийн улсын дугаар марк тодорхойгүй байсан. Ослын газарт автомашинаас жижигхэн пиавар хэсэг унаж үлдсэн байсан. Хэргийн мөрөөр тээврийн цагдаагийн албаны алба хаагчид шөнийн турш ажиллаж, нэгдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн ослыг үйлдсэн жолоочийг олж тогтоосон. “Ниссан жуки” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа уг ослыг үйлдсэн байна лээ. Уг хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байна.

-Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн ч удалгүй нас барсан гэсэн. Хүйтэнд зам дээр нэлээн хугацаанд хэвтсэн тухай мэдээлэл байсан. Оройн 21:40 цаг гэдэг замын хөдөлгөөн ачаалалтай байдаг үе шүү дээ. Тээврийн хэрэгслүүд зам дээр хэвтэж байхад нь тойрч яваад байсан хэрэг үү?

-Тухайн иргэн зорчих хэсгийн хоёроос гуравдугаар эгнээнд дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Энэ үед хөдөлгөөнд оролцохдоо хэвтэж байсан иргэнийг тойрч гарч явсан олон тээврийн хэрэгсэл байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам тээврийн осолд өртсөн иргэнд анхан шатны тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдээлэх, эмнэлгийн байгууллагад хүргэж өгөх тухай заасан байдаг. Эрүүгийн хуулинд ч давхар заасан нь бий. Гэсэн ч ес эхэлсэн хүйтэнд оройн цагаар өөрийнх нь өвөө, аав, хань ижил шиг нь хүн зам дээр хэвтэж байхад тойрч гарч байгаа нь монгол хүмүүс бие биедээ дэндүү хайргүйг, үндэстэн болж төлөвлөөгүйг илтгэж байгаа хэрэг. Тухайн иргэнийг тойрч гарсан тээврийн хэрэгслүүдийг шүүх, хуулийн хүрээнд арга хэмжээ тооцох ажиллагааг зохион байгуулаад явж байна. Хүйтний улиралд газар унасан хүн хормын төдийд л бээрэх, осгох эрсдэлтэй. Хэдхэн минутын өмнө л эмнэлгийн байгууллагад мэдэгдэж анхан шатны тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах магадлал өндөр байдаг.


-Ноцтой ослууд холын замд гардаг. Цус нь урсаад л хэвтэж байхад л жолооч нар тусламж үзүүлэхээс эрс татгалзаж тойрч зугтаад байх хандлага ажиглагдах болжээ. Яагаад ийм болчихов?

-Амь тэмцээд хашгирч байхад л тоохгүй өнгөрөөд явчихдаг болсон. Нэг талаараа манай монголчуудын мухар сүсэг, хар яриатай холбоотой. Хол замд явж байж элдэв юман дээр саатаад яах уу гээд л өнгөрдөг. Бие биедээ хайргүй, хүн чанаргүй болсныг л илтгэж байна. Эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрч явсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт бий. Магадгүй таны ойр дотны хэн нэгэнд тохиолдож болно шүү дээ. Энэ бүхнийг бодолцож тусламж үзүүлэх нь жолооч болон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг.

-Энэ хандлага нэг талаараа манай хуулийн зохицуулалттай холбоотой байж болох ч юм шиг. Хэргийг харсан гэрчийг залхтал дуудаж мэдүүлэг авдаг шүү дээ. Гэрч хүн ямар ч чухал ажил албатай байсан хуулиар далайлгаж тэр гэрчид залхтал нь чирэгдэл учруулах хандлага ажиглагдаад байдаг. Мөн гэрч болох нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг…

-Цагдаа, эмнэлгийн байгууллага руу мэдээлэл өгөхөд нэг их цаг зав алдахгүй. Танаас нэгж ч суутгагдахгүй. Элэг бүтэн амьдрал гэдэг хүнд ямар чухал зүйл билээ. Та хормын зав гаргаад цагдаа руу мэдэгдээд, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллага руу хүргээд өгөхөд хүний амь аварч болно. Магадгүй тэр хүний ард хэдэн ч амьдралыг элэг бүтэн үлдээнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас залхаан цээрлүүлдэг жишиг байхгүй. “Та хаана хэзээ харсан, хаашаа явж байгаад харав” гэх зэрэг зүйлсийг л тодруулдаг. Олон хоногоор байцаадаг асуудал байхгүй.

-Ер нь өнгөрсөн онд хэргийн газрыг орхиж зугтаасан хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

Эзэнгүй тээврийн ослын араас цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг алдалгүй шуурхай ажилладаг. Өнгөрсөн 2019 онд зам тээврийн осол хэрэг үйлдээд хүний амь нас хохироогоод ослын газрыг санаатай болон санамсаргүйгээр орхиж явсан 16 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлуудыг 100 хувь илрүүлсэн. Иргэд камерын хяналтгүй, гэрэлтүүлэггүй, ойр орчимд нь тээврийн хэрэгсэл байхгүй бол ослын газрыг орхиж явдаг. Гэсэн ч ослын ул мөр үлддэг учраас цагдаагийн алба хаагчид илрүүлдэг. “Жолооч нар би мэдээгүй, анзаараагүй” гээд ослын газрыг орхиод явах тохиолдол байдаг. Энэ нь Эрүүгийн хуулинд хүнрүүлэх заалттай. Явган зорчигч гарцгүй газраар гарсан тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ зогсоох шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авсан бол буруутахгүй байх боломжтой. Сандарсандаа ослын газрыг хаяж зугтааж байгаа нь ял эдлэх нөхцөлийг үүсгэдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Өр тэглэснээс хойш тэтгэврийн зээлийг хуулиар хориглох бололтой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо. Энэ талаар хийсэн сурвалжлагыг “Үйл явдал” нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Баабарын “Юуг хувьсгал гэж нэрлэдэг вэ?” нийтлэл хэвлэгдлээ.

“Элчин сайд А.Баттөр Монголд шалгагдаж, эхнэр, зөвлөх нь Польшид эрэн сурвалжлагдаж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр “Эдийн засгийн хоригт орчихсон Иранд дайн хийх боломж байхгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлаар хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор Ц.Мөнхгэрэл “Манай улс нэг үеэ бодвол эрдэмтэн судлаачдын маш чадварлаг боловсон хүчинтэй болчихсон” хэмээн “Өд, бэх” нүүрт ярьжээ.

“Сав шимийн ертөнц” булангаар Австрали тивд гарсан их хэмжээний түймрийн улмаас амиа алдаад байгаа амьтдын тухай бэлтгэн хүргэж байна.

Газрын үнэлгээ, төлбөрийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүтэй ярилцлаа. “Энэ тухай” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн “”Суудлын машины эрэл эзэгнэл хоёр” гэсэн нийтлэл хэвлүүлж дарга нарыг сандаргаж байлаа” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Хэлэх эрхийн индэр” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна

Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Буд гариг. Билгийн тооллын 13, цагаан нохой өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан 17:16 цагт жаргана. Энэ өдөр хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх үйлд сайн. Бэрд холбогдох үйл, ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл тэмцэл хийх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

  • Нэгдүгээр сарын 9-нд Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв аймгуудын өмнөд хэсгээр
  • 12-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метрт хүрнэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Зам дагуу зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг байршууллаа

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран жолооч нар осол аваар гаргах, зэрлэг амьтдыг гэмтээхээс сэргийлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт – Мөнххаан – Давсан бадрах – Түмэнцогт – Дорнод аймгийн Хөлөнбуйр сум хүртэлх 543 км авто замын ойролцоох

Түүнчлэн жолооч нарыг хөдөө, орон нутагт зорчихдоо замын тэмдэг тэмдэглэгээг анзаарч, хурдаа тохируулж явахыг анхааруулав.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноос, ноолуурын 191 үйлдвэрт гэрчилгээ олгожээ

Image result for ноос ноолуур"

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ноолуур” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор ноос, ноолуурын үйлдвэрүүдэд аттестатчилал явуулжээ. Салбарын инженер технологич, химич, эдийн засагч, санхүүгийн мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 14 хүнтэй гурван баг ажиллаж, нийт 190 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

Аттестатчилалд:

  • Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын угаах – 34 үйлдвэр
  • Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын хялгас ялгах – 36 үйлдвэр
  • Ноос, ноолууран ээрмэл үйлдвэрлэдэг -13 үйлдвэр
  • Хонины ноос ээрэх – 5 үйлдвэр
  • Ноос, ноолууран сүлжмэлийн – 94 үйлдвэр
  • Ноос, ноолууран нэхмэл үйлдвэрлэдэг – 7 үйлдвэр
  • Ноосон хивсний – 2 үйлдвэр хамрагдсан байна.

Аттестатчиллын баг нь ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн түвшин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, түүний ашиглалт, боловсон хүчин, санхүү, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг үйлдвэр тус бүрээр болон салбарын хэмжээнд нэгтгэн гаргалаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Зарим газрын тусгай хамгаалалтад авах төслүүдийг дэмжлээ

Зарим газрын тусгай хамгаалалтад авах төслүүдийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан өнөөдөр /2020.01.07/ 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо.

Эдгээр ньзургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 габолж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурджээ.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.

Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д оруулж ирэх хугацааг тодруулахын зэрэгцээ Засгийн газарт Монгол улсын газар нутгийг аялал жуулчлал,хөдөө аж ахуй, уул уурхайн бүс нутаг болгон төрөлжүүлэн хөгжүүлэх нэгдсэн бодлого бий эсэхийг илүүтэй лавлав.

Ноён уултай холбоотой асуудалд Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан тул энэ долоо хоногтоо багтаад Улсын Их Хуралд өргөн барихаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Засгийн газраас хариуцлагагүй уул уурхай, замбараагүй олгосон лицензийг цэгцлэх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг гишүүдэд дуулгав. Түүнчлэн Засгийн газрын зүгээс хариуцлагатай уул уурхай, технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдийг 100хувь дэмжиж байгааг тодотголоо. Харин иргэдийн амьдрах орчинд нөлөөлсөн, байгаль орчныг бохирдуулсан, нөөц баялгийг технологийн дагуу ашиглаж чаддаггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохоор тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгааг дурдаад цаашдаа уул уурхайн бүс нутгаа тодорхой болгох асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа талаар салбарынн сайд хариултдаа онцолсон.

Ингээд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэхийг хэлэлцсэн.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Өдгөө Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйлургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг талаар дурдлаа.

Байгалийн ургамлын тухай хууль 4 бүлэг 22 зүйлтэйгээр 1995 оны 06 сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болонгадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолж байна. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймд эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Олон улсын гэрээ конвенцод заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж нутаг орныхэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутаг /in-situ/-т нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй /ex-situ/ орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг Төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ.

Мөн экосистемийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулан ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол улсын нэгдэн орсон конвенци болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл заалтыг өөрчлөн найруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээсбайгалийн ургамал устах, доройтлын гол шалтгаан болсон хүний хүчин зүйл, нөлөөллийг бууруулахын тулд хууль гаргаад өнгөрөх бус салбарын яам, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд малчдыг соён гэгээрүүлж, тэднийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах, мэдээллээр хангах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн саналтай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгалийн ургамлын хамгаалалтын асуудалд цаашдаа ургамлын банк байгуулж, тусдаа судалгаа хийх, доройтсон бүс нутагт дахин эко систем хийж сэргээх боломжуудыг энэ хуулиар нээж өгнө гэж байлаа. Мөн одоогоор 82 харь зүйл ургамал бүртгэгдээд байгаа тул хуулийн төсөлд хязгаарлалтын асуудлыг тусгахын зэрэгцээ байгалийн ургамлын зохистой ашиглалтыг тодорхой болгохоор зохицуулсан. Товчоор хэлбэл, шинэчилсэн найруулгын төсөл нь нөхөн сэргээх боломжгүй болтол нь байгалийн ургамлыг нэг удаагийн үйлдлээр ухвар мөчид үүднээс түүж ашиглаж устгадаг явдлыг зогсоох зорилготой байгаа гэж байлаа.

Ингээд“Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь ньдэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ачилтын компаниуд иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ.

“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв.

Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдаж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад сургалт явуулж байна.

Бүтэн өдрийн сургалтад 120 орчим албан тушаалтан оролцож байна. Энэхүү сургалт нь мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн алба доторх жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрх, жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.