Categories
мэдээ нийгэм

Бүтээмжийн дугуйлангууд төсөлт ажлын үр дүнд 3,5 орчим тэрбум төгрөг хэмнэжээ Онцлох

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн дугуйлангууд 2019 онд өндөр үр ашигтай ажилласан байна. Анх 2005 оноос эхэлсэн бүтээмжийн хөдөлгөөн жил ирэх тусам идэвхжиж, илүү үр дүн өгч байгааг тус үйлдвэрийн бүтээмж инновацийн мэргэжилтнүүд хуучин оны ажлаа дүгнэх үеэр онцлов.

Өнгөрсөн жилийн хугацаанд тус цехэд бүтээмж чанарын 65 дугуйлан ажиллаж, бүтэн жилийн турш 133 төсөлт ажил, 144 жижиг сайжруулалтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүний хүрээнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хэрэгжжээ. Мөн ХАБЭА-н нөхцөл сайжруулах, ажил хөнгөвчлөх, ус, эрчим хүчний хэмнэлтийн төсөлт ажлуудыг хийж гүйцэтгэн 3,5 тэрбум орчим төгрөгийн үр ашигтай ажилласан байна.

Харин ажилтнуудын Сайн саналын системд ХАБЭА, механик, технологи, эрчим хүч, 5 сайн үйлс, үйлчилгээний чанар зэрэг чиглэлээр нийт 1405 санал бүртгэгдсэнээс нийт саналын 70 орчим хувь нь ажилчдын санал санаачилга байв. Бүтээмж чанарын дугуйлангуудын дунд зохион байгуулсан “Дэвшилд тэмүүлэгч хамт олон”, “Сайн саналын аян”, “Супер 5с” зэрэг аянд Д.Наранбаатар даргатай Засварын хэсэг, П.Баатарцогт даргатай Урвалжийн хэсэг эхний 2 байранд манлайлж, туслах хэсгүүдээс Л.Ууган-Эрдэнэ даргатай Механик боловсруулалт бигнүүрийн хэсэг, А.Ганзориг даргатай Цахилгаан хөтлүүр автоматикын хэсэг шилдгээр шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ

Засгийн газар АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олголоо.

Эрсдлийн сан үүсгэх гэрээг байгуулахын ач холбогдол:

1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.

2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.

3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдлээ.

Жич: Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт 1.3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийж амжлаа.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд товложээ

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг юм. УИХ дээрх саналыг хүлээн авч, баталсан нөхцөлд УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Гэхдээ санал авах энэ өдөр нь ажлын өдөр таарч байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгон, сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах шаардлага үүснэ.

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхээс урьтаж, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг шинэчлэн батлах шаардлага үүсээд байгаа. Хуульд зааснаар эл асуудлыг хоёрдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой.

Тойрог, мандатыг батлахдаа МАН нийслэлийнхийг хумьж, орон нутгийг нэмэх бодлого барьж буй. Энэ асуудалд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Одоогоор энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй ч Налайх, Багануур дүүргийг нэг тойрог болгох тухай хөндсөн. Сонгуулийн ерөнхий хорооны судалгаанд үндэслэж, УИХ шийдвэрээ гаргана. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгоно” гэдэг тайлбар хийгээд байна.

2020 оны УИХ-ын сонгуульд 1.9 сая орчим иргэн саналаа өгөх урьдчилсан тооцоо бий. Мөн энэ сонгуулийн онцлог нь гадаад улсад амьдарч байгаа Монгол иргэд саналаа өгөх боломжгүйгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд А.Баттөр Монголд шалгагдаж, эхнэр, зөвлөх нь Польшид эрэн сурвалжлагдаж байна

Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгаж эхлээд буй. Шил дараалан гарсан дипломатуудын хэргийн сүүлийн дуулиан бол яах аргагүй Элчин сайд А.Баттөртэй холбоотой хэрэг юм.

Түүнийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хуулийнхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэг юу болов, эргэн тойронд нь ямар үйл явдал өрнөж байна вэ?

А.БАТТӨРИЙГ ОФШОР БҮСЭД МӨНГӨ УГААСАН ЭСЭХИЙГ ДАВХАР ШАЛГАЖ БАЙНА

АТГ-ынхан А.Баттөрийг албан тушаалаа урвуулж олсон мөнгөө офшор бүсэд угаасан байж болзошгүй гэдгийг давхар шалгаж байгааг эх сурвалж хэлэв.

Дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ офшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгагдаж байх магадлалтай болж байна.

Энэ хэргийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Франц дахь Монголын Элчин сайдын яаманд нэгжлэг хийсэн юм. Мөн А.Баттөрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гадаад дахь Элчин сайд нар Монголд цуглараад байхад нь хилийн хориг тавьсан билээ.

А.БАТТӨРӨӨС ГАДНА ТҮҮНИЙ ЭХНЭР, ЗӨВЛӨХ Ч ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТАТАГДАЖ ЭХЛЭВ

Элчин сайд А.Баттөрөөс гадна түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нарын нэр дээр хуулийн байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мэдээлэл аль эртнээс тарсан.

Тодруулбал, Польшийн Цагдаагийн газраас Монгол Улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн тухай өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хурал дээр тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анх мэдэгдсэн юм.

Тэрбээр “Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг ирүүлсэн. Зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна” гэсэн нь анхаарал татсан. Тэгвэл тэдгээр 69 иргэний дунд Ц.Баярмаа, М.Батсайхан нар байгаа юм.

Ц.Баярмаа, М.Батсайхан нарыг тамхины хууль бус наймаанд оролцож Польш улсын хуулийг зөрчсөн, онцгой албан татвартай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг аж.

Элчин сайд А.Баттөрийн зөвлөх М.Батсайхан хууль бус тамхины наймаанаас гадна Францад хулгай хийдэг монгол залуустай хамтардаг гэдгийг хэвлэлүүд онцолсоор байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хулгайн барааг борлуулахад нь тусалдаг, түүнийхээ хариуд шан харамж авдаг. Монголоос Францад суугаа ЭСЯ-ны хуурамч тодорхойлолтыг өндөр үнээр гаргадаг зэрэг мэдээллүүд ч хөвөрч буй.

Ямартаа ч Элчин сайд А.Баттөрийн гэр бүл, ажлын хамтрагчийн хүрээнд нэг бус нэлээд хэдэн төрлийн хэрэг зэрэг мандаж, хуулийнхан хэд, хэдэн хавтаст хэрэг нээн шалгаж байгаа нь тодорхой боллоо. Элчин сайд А.Баттөр эхнэр, зөвлөхийнхөө хууль бус үйлдлийг мэдэхгүй өнгөрөөнө гэж байхгүй.

Ерөөс Францад Монголыг төлөөлөн суугаа ЭСЯ тэр чигээр хууль бус наймаа, мөнгө угаалтын үүр уурхай болсон гэж хардах нөхцөл байдал одоо бий болоод байна.

Д.ЦОГТБААТАР: ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ

Дипломат ажилтан хилийн чанадад албан тушаалаа урвуулсан хэргийн тухайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байр сууриа хэвлэлийнхэнд илэрхийлсэн.

Тэрбээр “Тамхины асуудалтай холбоотойгоор Европт суугаа бүхий л Элчин сайдын яаманд хяналт, шалгалт хийж байгаа. Хууль хүчний байгууллагатайгаа хамтраад хяналт тавьж байна.

Хяналт тавихдаа ганц асуудлаар бус бүхий л байж болох зөрчлийн асуудлуудаар хяналтаа тавиад явж байгаа. Шалгалтаар янз бурийн үр дун гарч байгаа байх. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас бидэнд мэдээлэл ирүүлээгүй.

Хяналт шалгалт дуусаагүй учраас бид ч мөн асуухгүй байгаа юм. Хилээр гарах эрх дээр нь хязгаарлалт тавьсан гэдэг албан ёсны мэдээллийг авсан. Яригдаж буй асуудал шүүхээр шийдэгдээгүй байгаа учраас шалгах ёстой гэж бодож байна. Эцсийн дүгнэлт гарахыг нь хүлээж байна.

Мөрдөн байцаах үйл ажиллагааг бид бүрэн дэмжиж ажиллана. Ер нь энэ төр хяналттай, зүй ёсоор нь ажлаа хийгээд явж буй хүмүүст ямар ч асуудалгүй. Харин зөрчил гаргасан бол өршөөл байхгүй. А.Баттөр бол бүх насаараа гадаад харилцааны салбарт ажилласан. Өмнө нь мөн Францад сууж байсан.

Намайг Гадаад харилцааны сайдаар томилогдохоос өмнө Францад суух элчин сайдаар томилогдсон байсан” гэж байв.

“ЭЛЧИН САЙДТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД МАШ ИХ ХЯНАЛТТАЙ ХАНДАЖ БАЙГАА”

Гадаад дахь Монголын Элчин сайдын яамдтай холбоотой гомдол маргаан тасардаггүй. Францад ч ЭСЯ-нд хаягласан гомдол, санал иргэдээс тасардаггүй аж. Тухайн оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй Элчин сайдын яамныхан иргэдээ хүлээж авдаггүй, ажлын байрандаа байдаггүй зэргээр ихээхэн хүндрэл учруулдаг гэнэ.

Элчин сайд нь хэрэгт холбогдсон мэдээллийг Франц дахь монголчууд сошиал сүлжээнд хуваалцах, байр сууриа илэрхийлэх явдалд ихээхэн хяналттай хандаж байгааг Франц дахь монголчууд онцолж байна. Шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн иргэд рүү ЭСЯ-наас холбогдож дарамталсан тохиолдол ч гарсан байна.

Энэ талаар Францад амьдардаг нэгэн иргэнтэй холбогдож дараахь мэдээллийг тодруулсан юм.

-Францад суугаа Элчин сайдыг албан тушаалаа урвуулж ашигласан хэрэгт шалгаж эхэлсэн талаар сонссон байх. Францад энэ талаар ямар үйл явдал, мэдээлэл өрнөж байна вэ?

-Нарийн мэдээлэл авсан иргэд тун ховор байгаа. Ямартаа ч ийм үйл явдал болсон гэдгийг сонссон. Энд байгаа монголчууд мэдээллээ хуваалцах ганц суваг бол сошиал сүлжээ. Сошиал сүлжээнд энэ талаар пост оруулсан хүн удахгүй постоо устгасан харагдсан. Ер нь манай Элчин хүнд суртлаараа зартай шүү дээ. Иргэдийн шүүмж огт тасардаггүй.

-Тухайлбал, ямар төрлийн хүнд суртал ихтэй гэж?

-Хүнд суртлаас гадна Элчин сайдын яам гэдэг Монголын төрийн байгууллага гэсэн үг. 2016 онд Францад төрсөн хүүхэд ЭСЯ-наас төрсний гэрчилгээгээ авсан байдаг. Тэгээд саяхан Монгол явах гээд ЭСЯ-нд хандтал хүүхэд нь Монгол Улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. Элчингээс тодруулахад 2016-2018 он хүртэл төрсөн 70-80 хүүхдэд төрсний гэрчилгээ тухайн үед ажиллаж байсан хүн олгосон байна. Тухайн хүндээ хариуцлага тооцохыг хүссэн боловч зугтаасан, олдохгүй байна гэсэн хариу өгсөн байдаг.

Захын ийм жишээ байна. Шаардлагатай зүйл тодруулахаар ЭСЯ руу хэд хэд холбогдож үзсэн. Үнэхээр харилцааны соёлгүй, нутаг нэгтэй хүмүүстээ туслах сэтгэлгүй хүмүүс байсан. Түүнээс хойш холбогдохоо больсон.

-Элчин сайдын зөвлөх хулгай хийдэг монголчуудтай хамтардаг тухай мэдээлэл бас гараад байгаа. Ер нь манайхан тэнд хулгай хийх тохиолдол байдаг байх нь ээ?

-Шууд манайхан хулгай хийдэг гэж шүүмжилбэл тийм ч таатай зүйл биш байна. Энэ улсад ирээд яг яагаад, ямар учраас хулгай хийх болсон нь чухал. Би энд амьдардаг хүмүүсээ өмөөрнө гэв.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийн тамирчид чөлөөт бөхийн УАШТ-ээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

Тодруулбал энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-ийн жинд Д.Төгс-Эрдэнэ, 92кг жинд Д.Доржсүрэн, эмэгтэйчүүдийн 59кг жинд Н.Энхтуяа, 72кг жинд Д.Цогзолмаа нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Б.Дэлгэрцэцэг, 55 кг-ийн жинд Б.Хулан нар хүрэл медалийн эзэн боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Айлын бэлчээр дэх малыг буудаж, нядалж байсан бүлэг этгээдийг илрүүллээ

Одоогоор ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн хэргийн газарт болон дээрх этгээдүүдийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Нөгөөдөр Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно

2020 оны нэгдүгээр сарын 10-нд Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно.

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцоно.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян тарганаараа гайхуулж сагасан баячуудын хүүхдүүд хэмээгчдийг нийгэм хавчих хэрэгтэй байна

Сая шинэ жилийн үеэр нийгмийн сүлжээнд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, “МАК”-ийн эзэн Б.Нямтайширын охин Цэлмүүн, “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нарын залуучууд Арабын баян орнуудаар амарч зугаалж байгаагаа гайхуулж инстаграм, фэйсбүүктээ алтан шаргал хувцас өмсч, тансаг зочид буудалд буусан зургуудаа оруулж гайхууллаа.

Дэлхийн баячуудын очдог Мароккогийн Вант улсын Марракеш хотын дээд зэрэглэлийн “Royal Mansour” зочид буудлын тансаг өрөө, алтан шаргал өмсгөл зэрэг нь Улаанбаатарын хөлдүү гудамжинд амьдралаа хүргэж ядаж яваа залууст маш хүнд хэцүү туслаа. Тэдний баян байгаа нь биш, харин баянаа гайхуулж ёс зүйгүй авирлаж байгаа нь өөрөө асуудлыг хүндрүүлж байгаа юм. Ялангуяа хүн бүр гар утастай, фэйсбүүк, инстаграм ашигладаг болсон өнөө цагт тэдний энэ үйлдэл нь нийгмийг хагаралдуулах дөхлөө. Иймэрхүү л үйлдлээс улбаалж, “Хөлдүү төмс” гэдэг наргиантай юм боллоо шүү дээ. “Брэнд гэж байдаг юм байна, тэрийг хэрэглэмээр, өмсмөөр байна” гэж нэхсэн. Тэрийг нь авч өгөх мөнгө нөхөрт нь байхгүй, сүйд болохоо дөхсөнийг хүмүүс фэйсбүүкээс харсан. Энэ нь наанаа наргиан наадам мэт харагдаж байгаа ч цаанаа бол эмзэг сэдэв. Уг бичлэгт гарсан хос эвлэрч, нэхсэн юмыг нь ч нөхөр нь авч өгсөн байх. Гэтэл ингээд худалдаад аваад өгч чадахгүйгээсээ болоод гэр бүлүүд салж сарниж, нийгэм хагаралдах тохиолдол өчнөөнөөрөө байна. Гэр бүл бол нийгмийн жижиг нэгж ч гэлээ өөрөө бие даасан нийгэм юм. Тэр жижиг нийгэм ийм юмнаас болж хагардаг. Ийм байсаар байтал эцэг эхийнхээ буянаар сагасан энэ хүмүүс эд юмсаараа гайхуулдаг үйлдлээрээ нийгмийн маш хөндүүр цэгийг үргэлж дарж байна.

Япон, Солонгос зэрэг Азийн бар орнуудад баячууд нь хүүхдүүдээ машид нууцалдаг. Хэрвээ үр хүүхдүүдийг нь баян хүний хүүхэд гэж нийгэм нь мэдвэл гадуурхаж, анги, хамт олон, сургуулийн алив арга хэмжээн дээр зардлаа даалгадаг гэх зэргээр шоовдорлодог. Бүр үүнийг нь томьёолсон нэршил ч бий. Тиймээс Азийн баячууд хүүхдүүдээ нийгмээс ямагт нууцалдаг.

Харин Америкийн баячуудын хувьд хүүхдүүдээ олон нийтээс нуух юм уу эсвэл бүр нийтэд ил гаргаад зарлачихдаг. “Энэ миний хүүхэд. Би хүүхдэдээ ямар ч мөнгө өгөхгүй шүү. Тиймээс энэ хүүхэд жирийн хүүхдүүдийн адил эгэл амьдралаар амьдарна” гэж нээлттэй зарлаад барьцаалах элдэв төрлийн гэмт хэрэг гарахаас сэргийлж, тусдаа амьдруулж “Хэрвээ манай хүүхдийг барьцаалвал би ганц ч доллар өгөхгүй шүү” гэж шударга хэлдэг. Энэ бүхэн бол хүүхдэд нь нийгмээс ирэх дарамтнаас хамгаалсан арга. “Чи наад хүүхдээрээ оролдоод нэмэргүй ээ. Хэдийгээр миний хүүхэд ч гэлээ, би наадахад чинь юу ч өгөхгүй. Наадахдаа долигоноод ч хэрэггүй. Дээрэлхээд бүр ч хэрэггүй” гэсэн ойлголтыг нийгэмд өгчихдөг. Улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд ч ялгаагүй үр хүүхдээ энгийн амьдралаар өсгөдөг. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама охиноо зөөгч хийлгэж, хэрэглээний мөнгийг нь өөрөөр нь олуулдаг гээд бод л доо. Яагаад вэ гэвэл хүүхдээ нийгмийн дарамт, шахалтаас хамгаалж байгаа хэлбэр. Гэтэл Монголд энэ бүхэн эсрэгээрээ. “Би тэр баяны хүүхэд байна” гэж гайхуулна. Тэрэнд хүн болгон долигонож, дагаад сүйд болно, ихэнх нь атаархаад нийгэмд буруу суртал явдаг. Баян тарганаараа гайхуулдаг баячуудын хүүхдүүд эргээд нийгэмд маш том зовлон болж харагддаг. Жирийн иргэдийн нүдэнд тэд нийгмээс, өөрсдөөс нь хол тасарчихсан баячууд харагдаад байдаг. Баячуудын хүүхдүүд тэгэхээс тэг гэсэн шиг юм болгоноороо уралдаж гайхуулдаг.

Дээр нэр дурдсан дөрвөн хүний хувьд бол ингэж гайхуулах нь үнэхээр илүү зан байлаа. Залуу хүмүүс ч биш. 40 гарчихсан юмнууд баян тарган, бололцоо боломж, алт, мөнгөөрөө гайхуулах нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Тэгээд ч энэ хүмүүс нийгэмд хариуцлагатай алба хашдаг хүмүүс шүү дээ.

“Гацуурт”-ын Л.Чинбатын охин, хүргэн хоёр “Mongol HD” телевизийн захирал, соён гэгээрүүлэх ажил хийдэг улс. Б.Баттүшиг Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай, Н.Цэлмүүн “МАК” гэж том группийн ерөнхийлөгч, дээрээс нь нийгэмд хөрөнгө оруулдаг “Шарк танк” нэвтрүүлгийн гол хүмүүсийн нэг. Ийм алба хашдаг хүмүүс эд хогшил, баян тарганаараа гайхуулж байгаа нь нэгдүгээрт, инээдэмтэй байна. Хоёрдугаарт, эд нарын гайхуулдаг юм гэж ер нь юу байдаг юм бэ. Эд нар хөдөлмөрөөрөө ийм их хөрөнгөтэй болсон юм уу?!

Эцэг эхийнх нь л хөрөнгө. Тэгвэл эцэг эх нь яаж хөрөнгөжсөн юм бэ. Социализмын үед төрд хашиж байсан албан тушаалаа ашиглаж л нийтийн баялгаас түрүүлж хумсалж, түрүүлж хөдөлж л энэ их хөрөнгөө цуглуулсан шүү дээ. Муугаар яривал луйварчин, луйвардсан эд хөрөнгө гэж хэлж болохоор.

“МАК” уул уурхайн компани. МАК-ийн эзэн, Цэлмүүний аав Б.Нямтайшир Нийгмийг аюулаас хамгаалах яам буюу НАХЯ-нд уул уурхай хариуцсан албан тушаал хашдаг байсан. Тийм албан тушаал хашиж байгаа хүнд уул уурхай, лицензтэй холбоотой бүх нарийн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл байгаа шүү дээ. Тэр мэдээллээ ашиглаж л түрүүлж хөдөлж, хүрз гишгэхэд л дороос нь баялаг ундрах орд газруудыг олж авч хөрөнгөжсөн хүн. Ийм байхад юуг нь гайхуулдаг юм. Шударга нийгэмд ингэж албан тушаалаа ашиглаж, ард түмний мөнгөөр хайгуул хийгээд уурхайнуудыг нь хувьдаа эзэмшиж байгаа хүнийг гэмт хэрэгтэн гэж л үзнэ.

Сү.Батболд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд Югослав, баруун Европыг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байсан. 1980-аад оны эхнээс л монголчууд олон улсын стандартад нийцсэн зочид буудалтай болцгооё гэсэн санал санаачилга гаргаж, 1986 онд Улс төрийн товчооны тогтоол гарч, 1987 онд “Чингис хаан” зочид буудлын барилгын ажил эхэлж, югословчуудаар бариулсан байдаг. Гэтэл Европ төдийгүй Монголд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдаж, уг барилгын ажил зогсоход энэ чиглэлээр төрд алба хашиж байсан туршлага, танил талаа ашиглаад хувьчлаад авчихсан хүн нь Сү.Батболд. Үүнийг гайхуулаад байх ч юм биш. Ийм замаар л эд хөрөнгөтэй болсон хүмүүсийн хүүхдүүд гэхэд хөгшидөхөөр юмнууд баян цатгалан байгаагаа гайхуулж, нийгмийн бухимдлыг улам дэвэргээд байна.

Монголын нийгэм эд нарыг харж бухимдахынхаа оронд эд нарыг хавчдаг баймаар байна. Байранд нь тавьдаг баймаар байна. Эд нар ямар хөдөлмөрөөрөө баяжсан юм биш. Эд цөөхөн, нийгэмд ийм гэр бүл 30-аадхан бий гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Тэгэхээр олонх нь цөөхнөө уусгадаг, дарамталдаг хүний нийгмийн бичигдээгүй хууль, бас жам бий. Тэр жамыг дагая. Худал, үнэн хэлж олсон хөрөнгөө нууж амьдарч чадахгүй, нийгмийг хагаралдуулаад байдаг юм бол бид энэ гайхуулагчдыг хавчдаг болъё. Эдэнд долигонох юу байгаа юм. Аль ч нийгэмд олонх нь ийм үл бүтэх гайхуулагчдыг хавчдаг учраас тэд нуугдаж, далд амьдарсаар ирсэн. Мафийн бүлэглэл, эсвэл социализмын үед гудамж, орцонд байдаг байсан атаманууд өмссөн зүүснээрээ гайхуулдаг баячуудын хүүхдүүдийн энэ байдлыг болиулах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид бас тайван амьдармаар байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАНАН-тай зуны ногоо сайн ургадаг юм аа

Сонгуулийн жил эхэллээ. Улс төр халж эхэллээ. Амтай бүхний ярьж буй ганц сэдэв нь МАНАН-г устгах, МАНАН-тай тэмцэх, Монголыг сүйрүүлж буй МАНАН-гаас салах тухай яриа юм. Энэ тухай ямар хүмүүс их ярьж, цуурч байгааг та бид харж байна. Улс төрд гурав дахь хүчнийхэн нэрээр орж, хоол олж идэх гэсэн хүмүүс. Тэд л МАНАН хэмээх мангасын тухай ярьж байгаа. Магадгүй мангас байгааг бол үгүйсгэхгүй. Сайн дотор заавал муу явж байдаг нь жам ёс. Үүнийг бурхан ч үгүйсгэхгүй. Бүх зүйлд сайн муугийн зөв харьцаа, зөв хандлагын давамгайлал илүү байж зөв оршдог ардчилсан нийгмийн зарчим байна. Үүнийг л монголчууд харах ёстой.

Монгол Улсын эрх ашиг өнөөдөр юуг шаардаж байна гэвэл МАН-АН хоёр ойролцоо суудал авч, төрийн эрхийг тэнцүү барихыг шаардаж байна. Хүссэн ч, эс хүссэн ч бүх нийтээрээ үүнийг л хүсч байгаа. Тэрнээс нийтээрээ “Энэ муу МАН-АН хоёр одоо сөнөтүгэй” гээд байгаа юм байхгүй. Лавтай 2008 оноос хойших бүх л сонгуульд гурав дахь хүчин, залуус гарч ирэх ёстой хэмээн амтай болгон нь яриад байгаа юм шиг байсан ч ачир дээрээ сонгууль болоход амтай бүхэн тийм үзэл бодолтой байдаггүй нь батлагдаж ирсэн. Энэ жилийн сонгууль ч ийм өнгө аясаар явагдана. Энэ хоёр нам л дийлэнх суудлыг хувааж авна.

Ер нь бол энэ хоёр нам хорь илүү, хорь илүү суудал авч нийлээд 50 хол гарсан суудалтайгаар Засгийн газрыг хамтран авч явах нь Монголд хэрэгтэй байгаа юм. Нэг намын гишүүн нь сайд болоход нөгөө нам нь дэд сайдаа авна биз. Энэ хоёрыг хажуу талаас гоочлоод, алдаа мадгийг нь хэлээд, бүр болохгүй бол тэр алдааг нь нийгэмд “гэрэл цохиулаад” сууж байдаг нөхдүүд үлдсэн арав гаруй суудал дээр нь ороод ирнэ. Улс төр дэх хүчний харьцаа ийм баланстай байж гэмээнэ Монголд бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Энэ нь өөрөө иргэн бүр ажилтай, орлоготой байх үндэс, сайн эдийн засаг шүү дээ. Та бүхэн нэг зүйлийг бодитойгоор харж, дүгнэж цэгнэдэг болов уу. Оюу толгой ашиглалтад ороогүй бол 2009 оноос хойш монголчууд юугаараа амьдрах байсан талаар. Мал аж ахуйгаараа амьдарна гэх байх. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, өлмөн зэлмэн талдаа л арван жилийг туулж өнөөдөрт ирэх байсан. Оюу толгойн гэрээнд алдаа бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Засаад сайжруулаад, ойлголцоод цааш явах нь улс орны л аж амьдрал. Оюу толгойн хувьд ингээд явах ёстой, явж ч байгаа хөрөнгө оруулалтын том гэрээ шүү дээ. Ийм том гэрээг өмнө нь Монголын хэн гэгч мэргэн ард байгуулаад, алдаа оноог нь үзчихсэн юм. Тийм туршлага, практик, мэдлэг боловсролтон байхгүй шүү дээ. Оюу толгой бол монголчуудын хувьд их сургууль. Эдийн засгийн ийм том их сургуульд бид одоо суралцаж байна. Үүнийг тэгээд хэн байгуулсан юм. 2008 онд байгуулагдсан МАН-АН хоёр том улс төрийн хүчний хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Аливаа ажлыг эхлэх л хамгийн чухал. Эхэлж чаддаггүйдээ энэ ертөнц дээр олон сайн ажлууд сөнөсөн. Хэрэвзээ тухайн үед МАН дангаар Засгаа байгуулсан бол ажил явахгүй нь тодорхой байсан. Өнөөдрийнх шиг МАН үнэмлэхүй олонх болоод Оюу толгойг хөдөлгөх гэвэл АН нь ард түмнийг босгочих нь. Юун долоон сарын 1. Монголын нийгмийн сэтгэл зүй өөрөө хоёр томын эрх ашиг нэгдэж байж ажил хөдөлдөг онцлогтой цаг үе дээрээ явж байна.

Өнөөдөр бид нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралаа сошиалаас харах гэдэг болчихож. Энэ нь өөрөө эмгэнэл юм. Учир нь сошиал орчинд фэйсбүүкийн, твиттерийн оркууд давамгайлах болсон. Сошиал сүлжээн дэх иймэрхүү нүүрээ нуусан, сэтгэлийн хөөрөлд автсан, боловсролгүй, хүмүүжилгүй, атаа хорсолд автсан, бусдын гар хөл болж байгаагаа мэддэггүй нөхдүүдийн гар утсанд улс төрийг аваачсанаас болж Монголын төр аймхай хүн шиг болчихлоо. Аймхай хулчгар хүн хэзээ ч хүчтэй байдаггүй. Хэзээ ч дорвитой том ажил хийж чаддаггүй. Гаргасан шийдвэртээ үргэлж эргэж буцаж байдаг. Ийм хүнийг бүгд элэг барьдагтай адил өнөөдрийн Монголын төрийг, төрийг бүрдүүлж байгаа нөхдийг сошиалаар айлгаад сууж байдаг бүхэл бүтэн давхарга бий боллоо. Утас бүрт улс төрийг аваачсанаас болж поп нөхдүүд олноор бий болж байна. Эд бол зөв төлөвшөөгүй, системтэй мэдлэггүй, ядуу чадуу амьдралтай, юм үзэж нүд тайлаагүй учраас дарга, сайд, баялаг бүтээж буй хөрөнгөтэй хүмүүст их хорсдог. Улс орныг авч явахад боловсролтой хүмүүс хамгийн чухлыг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй масс. Шулуухан хэлэхэд хүн чанар, сайхан сэтгэлээр улс орон хөгждөг ч юм биш. Томыг харж, томоор сэтгэж яваа хүмүүст энэ нь ахуй хүрээний асуудал шахуу юм. Зөв хандлага гэдгийг ахуйн хүрээний үзэл бодол, хувь хүний зан араншин руу хэт ойртуулж боддог нь өнөөдрийн монголчуудын сул тал.

Ер нь бол бүх түвшинд хандлага буруу явж байна. Жишээ нь, орчин үеийн түүхийг нүдэн дээр гуйвуулж байна шүү дээ. Амьд гэрчүүд нь хэдэн мянгаараа хараад сууж байхад нүдэн дээр нь Ардчилсан хувьсгалыг Ардын нам хийсэн болгож байна. Өмч хувьчлалыг хэдхэн хүн луйвардсан ч юм шиг. Өнөө Монголын бүх иргэнд тараасан цэнхэр, ягаан тасалбар чинь бүгдэд гарааны ижил нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдгийг бүгд мэднэ. Яривал их юм бий. Бүгд поп нөхдийн хийж буй увайгүй үйлдлээс эхтэй. Нийгмийн сэтгэл зүйг нийтээр нь туйлд нь хүртэл доройтуулах, тэгээд өөрсөндөө ашигтайгаар эргүүлэх гэсэн попуудын аймшигтай муухай үзэл суртал явж байна. Хэрэв энэ сонгуулиар попууд олноор гарч ирвэл монголчууд ёроол руу маш хурдтай явна. Яагаад гэвэл өнөө Тэмүүжин, Өэлүн эхүүд олноор гарч ирнэ. Гадны нөлөө ч байна. Дэлхий даяараа ийм мунхаг үзэгдэл сүүлийн сонгуулиудаар гарч байгаа. Энэ нь олон хүн амтай, улс төрийн том хүчнүүдтэй гүрнүүдэд бол сөрөг нөлөө бага, болоод байх шиг байна. Жишээ нь, Францад өөрөөсөө 30 насаар эгч, хөгжмийн багштайгаа суусан нэг залуу попорсоор байгаад л гарч ирж Ерөнхий сайдын суудалд заларлаа. “За баларчээ” гэж дэлхий нийтээр харж байтал балрахгүй нь тодорхой боллоо. Яагаад гэвэл энэ залуугийн ард улс төрийн аварга том потенциал болсон нам ажиллаж байгаа болохоор түүнийг залаад явчихаж байна.

Тэгвэл Монгол цөөхөн хүн амтай. Манай гурав дахь хүчнүүдэд ямар ч потенциал байхгүй. Бодитой л хандацгаая.

МАН-АН хоёроос өөр потенциалтай, нөөцтэй, дэд бүтэцтэй, туршлагатай улс төрийн хүчин байхгүй. Монголын нөхцөлд сонгуульд гишүүдтэй нам л ялдаг. Сонгуулийг бол гишүүдтэй, улс орон даяарын бүтэцтэй нам л хийдэг ажил. Тэрнээс гурав дахь хүчин, Тэмүүжин, Өэлүн эхүүдийн тоглодог тоглоом биш гэдгийг одоо ойлгох цаг болсон.Одоохондоо сөрөг хүчин байгаа АН-ын хувьд ч тэр “Эрх баригчид муу байх тусмаа сайн” гэсэн философоор явах гэвэл Монгол Улс, эх орон чинь тэсэхгүй. Тусгаар тогтнол ч аюултай болж мэднэ. НҮБ цэрэг оруулах хэмжээнд хүртэл улс орноо самарчихгүй байгаасай гэж бодогдох үе байх юм. НҮБ-ын цэрэг гэдэг чинь хоёр хөршийн арми шүү дээ.

Энэ нь юу хэлээд байна гэхээр МАНАН буюу МАН-АН гэсэн улс төрийн хоёр том хүчин эргэж уулзах нүүртэй сонгуульдаарай гэж хэлэх гэсэн юм. Эргэж уулзахгүй юм шиг бузар булайгаа дуудалцан шившиг болов. Сонгуульд юм үзсэн хүн шиг, зуд турхан, зуншлага ногоо бүрийг үзсэн юм шиг буурьтай өрсөлдөөрэй.

МАНАН гэдгээс айх юм юу ч байхав дээ. МАНАН-тай зун шиг сайхан зун байдаггүйг монгол хүн бүр мэднэ. Манан будан суунагалсан өдөр, гэрийн үүдээр алсыг харан айраг шимж суух шиг жаргал хаана байна, монгол түмэн минь. Манантай зуны ногоо сайхан ургадаг юм аа, намартаа их өтгөрдөг юм. Тийм болохоор улс төрийн МАНАН гарч ирээд ногоо сайхан ургуулах хэрэгтэй. Салбарт бүрт эхэлсэн бүтээн байгуулалтуудаа бүгдийг гүйцээх хэрэгтэй. Шинээр олон үйлдвэрүүд ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ бол нийгэмдээ тарьж буй ургамал цэцэгс юм. Бүтээн байгуулалт, үйлдвэр бүхэн ард түмэнд мөнгө болж очдог шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат С.Эрдэнэбалынх

Шинэ оны өмнөхөн шагналын хур бууж, олон шинэ гавьяат төрсөн билээ. Бид энэ удаа Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Эрдэнэбал гуайнд “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр зорьсон юм. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ.

С.Эрдэнэбал гуай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Эхээс наймуулаа. 1968 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд арван жилийн дунд сургуулиа төгсчээ. 1973 онд МУИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн байна. Их сургуулиа төгссөний дараа тэрээр Баруун-Уртынхаа Эрчим хүчний үйлдвэрт мэргэжлээрээ дөрвөн жил ажиллажээ. Тухайн үед Сүхбаатар аймагт ЗСБНХУ-ын тусламжаар Барилгын материалын үйлдвэрийн бааз /БМҮБ/ байгуулагдсанаар С.Эрдэнэбал гуай тэрхүү баазад цахилгааны инженерээр томилогдон очиж ажилласан байна. Түүнээс хойш 40 гаруй жил барилгын салбарт ажиллажээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэхэд “Манайд аж үйлдвэр муу хөгжиж байна. Социализмын үед үйлдвэрүүд их байлаа. Ардчилал гарч ихэнх үйлдвэрийг хувьчилж, авсан хүмүүс нь ажиллуулж чадалгүй хаагдсан. Би БМҮБ-ийн шинийг санаачлагчдын бригадад гар нийлэн ажиллаж байсан дөрвөн залуугийн хамтаар туршин нэвтрүүлэх “Эрдэнэмандал” гэж анхны хувийн компанийг Сүхбаатар аймагтаа байгуулж байлаа. 1990-2000 он хүртэл хучилтын хавтан, хүрэн блок үйлдвэрлэх, отвод матах, бутлан ангилах, арьс нэхий, сур элдэх, талх нарийн боовны шарах шүүгээ, савангийн үйлдвэр зэрэг нийт 35 жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Эдгээр үйлдвэр Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Улаанбаатар хотод эзэндээ хүрч, тухайн үедээ цөөнгүй айл өрхийг ажилтай, орлоготой болгож байлаа.

Тухайн үед хөдөө орон нутагт малын түүхий эдийг бүрэн боловсруулах, арьс шир элдэх үйлдвэр нэн хэрэгтэй байгааг олж харсан юм. Энэ бүхнийг минь үнэлж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол өгсөн байх.” хэмээн хуучлав.

ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ,
ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН

Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын тэргүүний барилгачин тэрээр Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагнал хүртэж байжээ. Эрчим хүчний салбарт дөрвөн жил, барилгын салбарт 40 гаруй жил ажиллахдаа 40 гаруй оновчтой санал, гурван шинэ бүтээл, зургаан бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээсэн байна. Одоогоор түүнд бэлэн гурван төсөл байгаа бөгөөд бүгд өөрийнх нь патенттай бүтээл аж. Тухайлбал, “Хураагуурт хийн цахилгаан станц” (патент №2504) гэсэн өөрийн бүтээлээр 20 мВт хүчин чадалтай, цахилгаан станц байгуулах төсөл боловсруулжээ. Мөн “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан иж бүрэн төхөөрөмж” /патент№2499/ бүтээлээрээ тал хээрийн бүсийн сумдад гал унтраах сайн дурын хэсэг байгуулах төсөл боловсруулаад байгаа аж. Тэрээр мэргэжилдээ үнэнч, тууштай ажиллахаас гадна спортын хорхойтон, шүлэг яруу найрагт дуртай нэгэн аж.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН АНХНЫ ДОЛООГИЙН НЭГ

С.Эрдэнэбал гуай багадаа цанаар гулгадаг байж. Сүүлдээ чөлөөт, самбо бөхөөр барилддаг болсон талаар хуучилсан юм. Их сургуулиа төгссөний дараа тэрээр самбо бөхөөр барилдаж байгаад, 30 гараад спортын замналаа орхисон гэнэ. Долдугаар ангид сурч байхдаа цанын бүсийн тэмцээнд хоёрдугаар байранд орж байж. Түүнийг бүсийн тэмцээнээс ирэх үед Спорт хорооны дарга нь чөлөөт бөхийн секц байгуулж байгаагаа дуулгахад нь ангийн найз Л.Нямжавыгаа “уруу татаж”, чөлөөтийн секцэнд хамтдаа явах болжээ. Ингээд Хэнтий аймгийн чөлөөт бөхийн анхны долоо гэх тодотгол тэдний нэрийн нэг хэсэг болж, сонин хэвлэлд ч гарч байсан удаатай. Тэрээр барилдааны үеэр Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовт цэвэр ялагдаагүй ганц бөхөөр тодорч байсан талаараа дурссан юм. Ойдов гуай энэ хоёр нэг жингийнх байж. “Ойдов бид хоёр найз. Олимпийн хорооны дэд дарга агсан Дамдин Биндэрийнх, бас найзууд” хэмээн хуучилсан юм.

Гэрийн эзэн ижий, аав талаасаа хоёулаа лам удамтай гэнэ. Аавыг нь Самдан гэдэг, Сүхбаатар аймгийн хүн аж. Тэрээр аавынхаа тухай дурсахдаа “Аав минь Эрдэнэмандал хийдийн гавж хүн байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж, зургаан жил хоригдон, цагаатгагдаж гарч ирсэн. Харин аавын ах лам нь цаазаар авахуулсан юм билээ. Ээжийн тал ч мөн адил үе дамжсан лам нар байсан гэдэг. Аавын минь тухай нэг хүн хуучилж байсан юм. Нэлээд хойно намайг Барилга угсралтын конторт ажиллаж байхад Улаанбаатараас ачаа тээш тээгээд харьж явтал замд нэг өвгөн машинд сууж, бид Хэнтийн гүүр гараад Галшарын замаар явахаар болсон юм. Хэдэн гүвээ даваад мань хүн дуран нүүлгээд байх юм. Тэгж тэгж нэг овоон дээр хүрч ирээд хүнгэнэтэл ном уншаад сүйд боллоо. Гэнэтхэн намайг угз татаад “чи энд бууж мөргө” гэдэг юм. Чи Наваансамдан гавжийн бага хүү Эрдэнэбал биз дээ гэнэ. Тийм л гэлээ. Аавыг маань Наваансамдан гэдэг байсан юм билээ. Танай аав энэ овоог босгосон. Тухайн үед Галшарын хараал гэж их байж л дээ. Тэндхийн хараалыг нутагтаа оруулахгүй гэж аав минь Галшарын хилийн заагт хаалтын овоо босгосон юм билээ. Тэр хүнийг хэлэхэд л би мэдсэн. Эрдэнэмандалын лам нар 1990 он гараад хийд байсан газрын овоог тахисан юм. Нутгийн улсууд цугласан үеэр би хаалтын овооны талаар асууж сураглалаа. Үнэхээр ч дээр үед хаалтын овоо гэж байсан талаар хөгшчүүл хүүрнэсэн. Тэр хаалтын овоог босгосны дараа тухайн үед зартай хараал хийдэг залуухан хархүү яасан дийлдэггүй газар вэ, би очно гээд Эрдэнэмандалын хийдийг зорьж гараад очиж чадалгүй буцсан талаар ярьдаг юм” хэмээн хуучиллаа.

Гэрийн эзэгтэйг М.Сэржмядаг гэдэг. С.Эрдэнэбал гуай гэргийтэйгээ 1973 онд Сүхбаатар аймагт гэр бүл болж өдгөө 47 жил ханилж байгаа аж. 1997 онд ганц охиноо их сургуулиа төгсөхөд Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Гэрийн эзэгтэй мал аж ахуйн мэргэжилтэй. Тэрээр аймгийн Хөдөө аж ахуйн салбарт салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Гавьяаныхаа амралтыг авснаас хойш сүүлийн арав гаруй жил бясалгал, иогийн багшаар ажиллаж байгаа аж.

Түүний ижий, аав нь хоёулаа Сүхбаатар аймгийн Асгат сумынх аж. М.Сэржмядаг гуай “Аав маань сумын багшаас сумын дарга хүртэл ажилласан. Ээж минь яахав ар гэрээ авч явдаг, маш ажилсаг хүн байсан даа. Хэлмэгдүүлэлтийн үеийг аав маань их хэцүү байсан хэмээн халширсан янзтай ярьж байсан. Түмэн олны шүтлэгтэй тэр сайхан өргөөг нурааж эвдэлж сүйтгэхэд оролцсондоо харамсдаг талаараа гунигтайхан дурсдаг байсан. Тухайн үеийн даалгавараар л тэгж ажиллаж таараа шүү дээ” хэмээн хуучлав.

М.Сэржмядаг гуай “Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. Улсаас хатуу даалгавар өгдөг. Ажлын хариуцлага, сахилга бат маш хатуу чанга байсан. Би хөдөө томилолтоор их явна. Малчид маань нэг хонь авахын тулд олон даргын царайг харна шүү дээ. Мал хариулж байгаа хүн ч ганц шөлний хонь гаргах эрхгүй байсан үе” хэмээн ярив.

Тэрээр цааш нь ярихдаа “Би ханиараа бахархдаг. Социализмын үед зүүн гурван аймгийг барилгын материалаар хангахаар байгуулагдсан үйлдвэрт цахилгааны инженер, ерөнхий энергетикээр ажиллаж байсан. Үйлдвэр нам зогслоо гэхэд Бал инженер байна уу гээд эрээд гүйчихнэ. Уг нь зөвхөн цахилгаанаа хариуцах ёстой хүн шүү дээ. Үйлдвэрийнхэн “Бал инженер байхгүй бол манайх ч бүтэхгүй ээ” гэдэг байсан юм даа. Эрчим хүчинд ажиллаж байхад дизель цахилгаан станц нь байсхийгээд л унтарчихдаг. Энэ үед команд авсан юм шиг гараад л гүйнэ. Хагас цэрэгжсэн маягтай ажилладаг байсан. Барилгын материалын үйлдвэрлэлийн баазад ажиллаж байхдаа хань маань Шинийг санаачлагчдын бригадыг ахалдаг байсан. Тэр үед Шинэ бүтээл, оновчтой саналын улсын уралдаан гэж болдог байлаа, энэ уралдаанаас манай хүн алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг нь авсан даа. Тэдний бригад өөрсдийнхөө гаргасан шинэ бүтээл, оновчтой саналуудаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, улс орондоо маш их эдийн засгийн хэмнэлт, үр ашиг авчирдаг байсан” хэмээн хуучиллаа.

С.Эрдэнбал гуай, М.Сэржмядаг гуай хоёр ганц охинтой. Охиныг нь Ирэхбаяр гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй, одоо хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй.

Аавынхаа тухай охин нь “Далан нас давсан аавын маань оюун санаа тэтгэвэрт ер гардаггүй. Нэг л мэдэхэд ямар нэг шинэ бүтээл сэдээд олчихсон, патентаа авчихсан, төсөл хөтөлбөр биччихсэн сууна. Гартаа ч шаггүй уртай, зурвал зурчихна, оёвол ч оёчихно. Аав маань залуу стилиэр хувцаслах дуртай, саяхан хуучин өмдөө янзалж трапец болгочихсон сууж байсан. Бас шинэ материал аваад өөрөө эсгэж, өмд оёчихдог” хэмээн хуучилсан юм.

ШҮЛЭГ
ЯРУУ НАЙРГИЙН ОНГОДТОЙ НЭГЭН

С.Эрдэнэбал гуай хааяа мөр холбох дуртай аж. Өөрийн ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Эрчим хүчний 65 жилийн ойд зориулж “Мөнхийн үйлстэн” хэмээх дуу зохиожээ. Уг дууны аяыг УГЗ Ч.Сангидорж хийж, СТА А.Мөнхбат дуулан амьдруулсан байна.

Гангын ус шиг дөлгөөн

Миний нөхдийн үйлс нь

Газраар хөтөлсөн галтай

Гэгээрэх бүхний ундаргатай хэмээх мөртүүдээр эхлэх аж. Тэрээр мөн Улсын барилгын 90 жилийн ой, Сүхбаатар аймгийн барилгын 50 жилийн ойгоор мэргэжил нэгт нөхдөдөө зориулж, Монгол Улсын тэргүүний барилгачин, найз С.Мөнхтөрийн хамт “Миний андын үйлс” дууны шүлгээ бичжээ.

Зэрэглээ наадсан талдаа

Зэндмэнэ хотынхоо шавыг тавьсан

Эгэл даруухан миний андууд

Эрин зууныхаа түүхийг бүтээлцсэн хэмээн

эхлэх энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Ш.Батсайхан ая хийж, “Жаахан шарга” театрын дуучин О.Батболд, О.Баясгалан нар дуулж, клип хүртэл хийгээд авчээ. “Хан хэнтийн салхи” хэмээх Хэнтий аймгийн зохиолч, найрагчдын бүтээлийн түүвэрт С.Эрдэнэбал гуайн шүлгүүд мөн орсон талаар ярив.

Нэг л биш ээ

Утаанд нь уушги хордоод

Урдах зам минь түгжирч бөглөрөөд

Уур буцалсан харцууд мөргөлдөөд

Улаанбаатар минь нэг л биш ээ.

Түмэн олон нь хоосорч ядуураад

Төв талбайдаа жагсаж цуглаад

Түшээд нь тэрбумаар хувааж идээд

Төрийн минь сүлд өршөө, нэг л биш ээ

хэмээн уншсан юм.

Гэрийн эзэгтэй ч бас шүлэг найраг сонирхдог, сонинд нийтлэл бичдэг, нийгмийн идэвхтэй нэгэн байсан бөгөөд “Сүхбаатарын зам” сонины оны тусгай шагналыг хүртэж байсан нэгэн ажээ.