Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн, Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж.

Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн сайд С.Чинзориг мэдээллээ.

Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр 3 хувиар, 2019 онд 2 хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн гэлээ. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэсэн байна.

Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж.

Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг хэлсэн.

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч буйтай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоох юмуу өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн бий болгох нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсэг гаргажээ.

Хуулийн төсөл батлагдснаар иргэд байгалийн баялагаас олох орлогын өгөөжөөс хүртэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан хуулийн төсөл санаачлагчдад өгч буй чиглэлийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол танилцуулсан.

Тэтгэвэр барьцаалан зээл авсан 229 мянга иргэдийн 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа аж. Энэ нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир зээлийн төлбөрийг чөлөөлөх хэмжээг энэ хүрээнд тогтоон ярилцах шаардлагатай хэмээн тус байнгын хороо үзэж буй аж.

Мөн тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэн буй бөгөөд эдгээр иргэдэд зориулсан арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн аж. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадад зориулсан арга хэмжээг цогцоор нь ярилцан, саналаа нэгтгэн хэлэлцүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн юм.

Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл цаашид олгохгүй байх бус 3-6 сараар богино хугацаагаар урьдчилан авч байж болох эсэх асуудлыг судлан танилцуулах чиглэлийг өгсөн юм.

Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилох саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.

Энэ үндсэн дээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ Энэ талаарх Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн товч намтрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 64.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив.

Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгажээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналтай холбогдуулан хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээр ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 4, найруулгын гурван бүлэг саналаар санал хурааж шийдвэрлэснийг Байнгын хорооны дарга танилцуулсан юм.

Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар тогтоолын төслийн 7 дугаар зүйлийг “Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдэв. Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2020 он, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгох” гэсэн агуулга бүхий мөр нэмэх, хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгээс 2 дахь мөр, 3 дахь хэсгийн хүснэгтийн 5, 6 дахь мөр, 4 бүлгийн хүснэгтээс 2 дахь мөрийг тус тус хасахаар болов. Түүнчлэн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 4 дэх мөрийн “Хуулийн төслийн харилцааны товч утга” гэсэн баганын “Цөмийн энергийн тухай хуулийн 5.1 дэх хэсгийн “төрийн” гэсний дараа “нийтийн” гэж нэмж Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх” гэснийг “Хуулийн зохицуулалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх” гэж өөрчлөхөөр тогтлоо.

Дараа нь тогтоолын төслийн хавсралтад заасан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьтай холбогдуулан гишүүдээс гаргасан найруулгын чанартай бүлэг саналуудаар санал хураалт явуулж дэмжин, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 хуулийн төсөл, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл, нийт 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Уурхайчид ажил, амралтын цагаа 14/14 болгож, хуульчлахыг УИХ-аас шаардлаа

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уурхайчдын санал хүсэлтийн дагуу уурхайчдын ажил, амралтын цагийг 14/14 болгож, хуульчлахыг шаардаж буйгаа мэдээллийн үеэр холбооныхон онцоллоо.

Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал

“УИХ гаднын компаниудын захиалгаар хууль гаргах нөхцөл байдал үүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “…уртын ээлжээр/ростероор/ ажиллуулахдаа ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байх..”-аар тусгасан.

Тэгээд Орон гэрээсээ алслагдмал байдалд урт хугацаагаар ажиллаж байгаа уурхайчид ажилчдыг 20/10-ын ростер/уртын ээлж/-оор ажиллуулахыг хэлэлцээд дэмжсэн байгаа юм.

Мөн уг хуулийн төслийг өргөн барих үед найман уул уурхайн компанийн ростерийн судалгааг хийсэн байдаг.

Үүнийг МҮЭХ болон Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрс эсэргүүцэж байна. Монгол уурхайчдын дуу хоолойг, ар гэрийнхнийх нь дуу хоолойг сонсооч.

Монгол Улсын уул уурхайн салбарт 57.6 мянган хүн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг гэж байх ёстой биз дээ. Уурхайчид уурхай дээр 40 хоног олон цагаар ажиллаж байгаагаас болж, хөдөлмөрийн бүтээмж муудах, аваар осол гарах, амь насаа алдах, сэтгэл гутралтай болох, салалт ихсэх, гэр бүлийн үл ойлголцол төрөх, хүүхдийн хүмүүжил доголдох болон уурхайчид амиа хорлох зэрэг хор уршиг байна.

МХЕГ, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар сүүлийн таван жилд 328 осол бүртгэгдэж, 139 хүн хүнд гэмтэж, 38 хүн нас барсан судалгаа байна. Уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүйн дээр 2018, 2019 онуудад өссөн үзүүлэлттэй байна.

Оюу толгой ХХК-ийн ҮЭХ-ны дарга Ц.Дэлгэрхүү “

Манай байгууллагын хувьд 14/7-гоор ажил, амралтын хуваариа зохицуулж явуулдаг. Манай ҮЭХ-ноос тэгш ажил амралтын хуваарийг 14/14 болгох асуудлаар 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилчдын дунд санал асуулга явуулахад 1679 хүн орсноос 78 хувь нь тэгш ажил, амралтын хуваарийг дэмжсэн.

Уурхайчин хүн тэгш ажиллаж, амьдрах ёстой. Манай улсын хэмжээнд тэгш ажил, амралтын хуваарьтай байх шалтгаанууд хэд хэд бий. Тухайлбал, эрүүл мэндийн асуудал, ядаргаа болон сэтгэл зүйтэй холбоотой өвчлөлийн асуудал тулгамдаж байна.

Олон хоног гэр бүлээсээ хол явж байгаа хүмүүсийн дунд сэтгэцэд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох асуудал өндөр түвшинд гараад эхэлсэн. Манай байгууллагын хувьд ч гэсэн гараад эхэлсэн гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Хэрвээ уурхайчдын ажиллах уртын ээлжийг 14/14 болгохгүй юм бол Монголын бүх уурхайчид ажил хаяж, тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдээллийн төгсгөлд хэллээ.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр Ростерийн буюу уртын ээлжээр ажил, амралтын цагийг зохицуулж байгаа зарим ААН-ийн жагсаалтыг танилцуулсан юм.

ААНБ-ын нэр Ажиллах хоног Амрах хоног Ажлын үргэлжлэх цаг
1 Алтайн хүдэр ХХК 40 20 8-12
2 Оюу толгой ХХК 14 7 8-12
3 Энержи ресурс ХХК 14 7 8-12
4 Эрдэнэс таван толгой ХХК 14 14 8-12
5 Таван толгой ХХК 20 10 8-12
6 Теера энержи ХХК 19 9 8-12
7 Баян-Айраг ХХК 28 14 8
8 Хөшөөтийн уурхай 28 14 8-12
9 Жэйкобс ХХК 28 14
10 SSM ХХК 28/14 14/7
11 Дархан төмөрлөг ХХК 20 10
12 Шинь Шинь ХХК 20 10
13 Бороо гоулд ХХк 7 7
Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсаныг анхаараарай

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр өндөр настны болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэргийн тэтгэвэрээ арилжааны банкинд барьцаалан зээл авсан иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар тусгасан. Төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд С.Чинзориг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдан авах гэж байна вэ?” гэсэн асуултад:

-Монголбанк одоогоор худалдан авах мөнгөний эх үүсвэргүй байгаа. Шинээр мөнгөний нийлүүлэлт хийх нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг Монголбанкны Газрын дарга хариуллаа. Монголбанкны өөрийн хөрөнгийн хэмжээ 1.8 их наяд байгаа аж.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд боловсруулсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол барьцаалахыг хориглоно гэсэн. Тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ярьж байна. Иргэдийн 98 орчим хувь нь 6 сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь 6-аас дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа анх иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэлх төгрөгийг тэглэх санал анх гаргаж байсан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан чиглэлээр явах болсон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хэдэн хүн 12 дугаар сард нэмэлт зээл авсан байна. Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой байна уу? Дээрх нь тал тал тийшээ тарсан байсан төсвийг нэгтгээд, төсвийн сахилгатай болсон. Гэтэл төсвийн гадуур зардал оруулаад ирлээ. Энэ нь макро эдийн засгийн хувьд аюултай зүйл. Сүүлийн хэдэн жил манай иргэд гэр бүлийн хэрэгцээний зээл аваад сурсан. Энэ шийдвэр УИХ-аар гарвал гольдрол алдагдана.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах сургаар, гарснаас хойш давуу байдлаа ашиглан бусдад зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү. 12 дугаар сарын 30-ны Засгийн газрын нууц хуралдаанаар хэлэлцсэн. Тэгээд Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын нэгнээс зогсоох талаар ярьсан. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ гарах нь эрт тодорхой болсон юм билээ шүү.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Булган, Сүхбаатар, Дундговь аймаг, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог болгохоор ярилцаж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нийслэлийн мандатыг дөрвөөр хумьж, нэг мандаттай Булган, Сүхбаатар, Дундговь аймаг, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог болгохоор МАН-ын бүлэг ярилцсан талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдлээ.

Тэрбээр, “Энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа. СЕХ-ны судалгааг үндэслэн УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэр гаргаж, мандат, тойргийн тоог тодорхой болгоно” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс нийслэлийн тойргийг хумихаар ярилцаж байгаа асуудлыг тодрууллаа. Тэрбээр, “Сая баталсан Сонгуулийн тухай хуулиар, Мандатын тоог тогтоохдоо, газар нутгийн хэмжээ, хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзана гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, их хүнтэй газар олон, цөөн хүнтэй газар цөөхөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон. Монгол Улс тусгаар тогтносон улс. Газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Алс хязгаар нутагт байгаа иргэдэд хөрөнгө оруулалт сайн байх тусам хүн суурьшина. Улаанбаатарт бөөгнөрөөд хил хязгаараа эзэнгүй хаях ёсгүй” хэмээсэн юм.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ СЕХ-ноос УИХ-д хүргүүлсэн байна. Хуульд санал авах өдрийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулахаар заасан байдаг. Санал болгосон дээрх хугацаа нь ажлын өдөртэй давхцаж байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгон зохицуулж, иргэдийн санал өгөх боломжийг хангахаар болжээ.

УИХ-ын намрын чуулган хаахаас урьтаж буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын асуудлыг эцэслэн батлах юм.

Categories
мэдээ нийгэм

Технологийн сургуулийнхан бизнесийн удирдлагын шинэ аргачлалаас суралцаж байна

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ сарын 6-8-ны өдрүүдэд Модуль 2.3 сургалтын “6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.

Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ.
Энэхүү сургалт нь Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан процессыг сайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэн төслийн багууд ажиллах замаар бүтээмжийг дээшлүүлэх “6 сигма” аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой гэж сургалтын зохион байгуулагч онцлов. Түүнчлэн энэ удаа суралцагчдадаа процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма”-г хэрэгжүүлэх үндсэн аргын нэг болох DMAIC аргачлалыг ашиглах мэдлэг, ур чадварыг чухалчлан олгох аж. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд “6 сигма”-н төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн эдийн засгийн үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн 3х3 төрөлд Монголын 4 тамирчин “ТОП-100”-д багтжээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны олон улсын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн /2020.01.07/ танилцуулав.

Монгол Улсын энэ төрлийн эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд “ТОП-100”-д багтсан байна. Тодруулбал, Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 /Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Жоншны уурхайн татлага тасарч 30 настай эрэгтэй нас баржээ

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хөлийн холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км/ иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд иргэн Б /30 настай, эрэгтэй/ татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 2020.01.07-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна