Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны хэлтсийн даргыг албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.

Түүнийг хятадын иргэнээс хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Прокуророос Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн ч шүүх хүлээж аваагүй билээ.

Харин нийслэлийн прокурорын газраас албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал дахин ирүүлснийг өчигдөр шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангасан тээврээр үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэй байна

Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид олон жил ажилласан 30 гаруй жолооч хэвлэлийн бага хурал хийлээ. Хүн амын өсөлт болон засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан суудал ашиглалтын хувь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд 70-80 хувьтай байна гэсэн Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан судалгааны дагуу аймгуудын хот хоорондын зорчигч тээврийн цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага бий болжээ. Иймд олон жил хот хоорондын тээвэрт явж байгаа туршлгатай жолооч нар нэгдэн орон нутгийн компани байгуулан зорчигч тээврийн салбарт стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах хүсэлтээ дээрх аймгуудын удирдлагуудад хандан удаа дараа гаргаад байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нэмэлт цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг эсэргүүцэн “Орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нь аж ахуйн нэгжид ямар ч ашиг байдаггүй”, “Давтамж нэмэгдүүлэх шаардлагагүй” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн талаар жолооч нар онцолж байна. 

“Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбал: Бид нар залруулгыг өнөөдөр хийж байгаа. Авто тээврийн үндэсний төв болон Зам тээврийн яаманд хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй олон сар болсон учраас бид хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Мөн зорчигчид сүүлийн гурван жил нэмэгдэж байгаа хуучин нэг цагтай байсан 2016 онд нэмэгдэж хоёр цаг болсон. Одоо дахин цаг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэмээн ярьсан юм.

Хуралд оролцсон жолооч нар “Бид нар боломжгүй зүйл шаардаагүй өнөөдрийн байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд явж байгаа хот хоордын зорчигч тээвэр зорчигчдын хувьд хангалтгүй байгаа тул нэмэлтээр цаг оруулж өгөхийг хүсэж байна. Шинээр тээвэрлэлт хийх гэж байгаа тус байгууллагууд нь орон нутагтаа бүртгэлтэй, татвараа төлдөг. Мөн жолооч нар нь орон нутагтаа амьдардаг тул Аймаг орон нутгийн зүгээс байнгын ажлын нэмэгдүүлэх, Орон нутагт татвар,  нийгмийн даатгалаа төлөх зэрэг олон ач холбогдолтой юм.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ж.Батбаяр: Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх нар мэдээлэл хийлээ

Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, Онцгой байдлын газрын 1014 төрийн албан хаагч  хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Харин өнгөрсөн долоо хоногт иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 252 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын ашиглалтын зууханд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар утааны шүүлтүүрээ ажилуулаагүй 11 аж ахуйн нэгж, шүүлтүүр суулгаагүй түүхий нүүрс түлж байсан 10 аж ахуйн нэгжүүдийг илэрүүлж зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тээврийн товчоодуудад 1793 автомашинд хяналт шалгалт хийхэд 39 тээврийн хэрэгсэл түүхий нүүрс тээвэрлэж явсныг таслан зогсоожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалт тогтмол үргэлжилнэ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт тавина” гэв. Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч  агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр дуулгалаа.

Энэ үеэр БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа дэгдэж онцгой байдал зарласан болон нийслэл Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулж нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа өвчин гарч 44 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тиймээс энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөө,  мэдээлэл сурталчилгааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

МАН-ын бүлэг хуралдана

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Дараагаар нь Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдах юм. Байнгын хороодын хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлнэ” гэж хатуу заагаагүй. Салбар хуулиар зохицуулагдсан. Цаашдаа бусад улс төрийн хүчнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  эрхийг нь нээх хэрэгтэй” гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Үндсэн хуульд “парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно” гэж заасан байгаа” гэдгийг хариултдаа онцоллоо. 

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Е-оffice систем нэвтэрснээр албан бичиг баримтын хүлээгдэлгүй болно

Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice системийг боловсруулан нэвтрүүлж байна.

Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад: “Е-оffice системийг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр жилийн өмнөөс энэ системийг боловсруулах судалгааны ажил хийж эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан уг системийг боловсрууллаа. Е-оffice системийг нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээгдэл арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Энэ системийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан. Ингэснээр систем рүү нэвтрэхэд мэдээллийн бааз дугаарлагдсан эсэх, мэдээллийн сан нь зөвхөн программаар нэгтгэгдэх зэрэг хэд хэдэн тавигдах шаардлагыг хангасан. Энэ систем нь дотроо бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан, хэрэглэгчдэд хүргэх вэб программ гэсэн хоёр хэсэгтэй. Систем нэвтрүүлж буйтай холбоотой олон санал ажилтнуудын зүгээс тавьж байгаа. Тодруулбал, Е-оffice системээр дамжуулан ажил үүргийг цахимаар хуваарилах, илүү боловсронгуй болгох, өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэх гэх зэргээр бидэнд хандаж байна. Тиймээс илүү сайжруулахаар хичээж байна” гэж хариулав.

Categories
мэдээ спорт

14 болон 16 хүртэлх насны Хөвгүүдийн Футзалын цомын тэмцээний тойм

МХБХ-ны 2020 оны календарьт хуваарийн дагуу Монгол улсын 5 бүсэд зэрэг зохион байгуулагдаж буй Хөвгүүдийн 14 хүртэлх болон 16 хүртэлх насны цомын тэмцээний Баруун бүсийн тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдаж буй Баруун бүсийн тэмцээнд нийтдээ 7 баг оролцож 82 тоглогч өрсөлдсөн бөгөөд тэмцээний турш явагдсан 12 тоглолтонд нийтдээ 107 гоол орсон байна.
14 хүртэлх насны ангилалд Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг түрүүлж, багийн ахлагч Н.Өлзийсүрэн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм.

Футзалын 14 хүртэлх болон 16 хүртэлх насны “Хөвгүүдийн цом”-ын Улаанбаатар хотын бүсийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хоёр насны ангилалын шилдэг 8 багийн нэрс болон шигшээ тэмцээнд Улаанбаатар хотыг төлөөлөн оролцох шилдэг 10 багийн нэрс тодорлоо.
U14, U16 насны “Футзалын Хөвгүүдийн Цом 2020” Шигшээ тэмцээнд Улаанбаатар хотоос эрхээ аван оролцох багуудын нэрс:
U14 нас
Би Эс Юү – Хамтын Зориг
Дэрэн
ДМЮ
Арвис
Эрчим
Унаганууд
Хоромхон
Хараацай
Эрхэс
СП Фалконс

U16 нас
Хараацай
Арвис
ДМЮ
Би Си Эйч Лионс
Эрхэс
СП Фалконс
Халиун Од
Дэрэн
Унаганууд
Эрчим




МХБХ-ны Футзалын 14 хүртэлх болон 16 хүртэлх насны хөвгүүдийн тэмцээний Хангайн бүсийн тоглолтууд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Зүүн бүсийн тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эдгээр бүсийн тэмцээнүүд маргааш аваргаа тодруулна.



                                                                                                                                                               У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Дараагаар нь  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Монгол Улсыг олон улсын байгууллага FATF саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалтаас гарах зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. 

“Сэжигтэй гүйлгээ зөндөө гарч байгаа гэж ярьж байна. Мөнгө угаахтай яаж тэмцэх вэ? Энэ бол УИХ, Засгийн газар, Сангийн яамны ажил биш” гэдгийг гишүүд онцолж байлаа. 

Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Авто зогсоолын арчлалт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр хийсэн болон шинэчлэн засварласан авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/922 дугаар захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах замаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах арга хэмжээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын Технологи, инновац, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс нийслэлийн Авто замын хөгжлийн газарт төлбөртэй зогсоолын журмыг шинэчлэн батлуулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн зам талбай болон авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн санал байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга И.Рэгзэдмаа онцолж хэлэв.

Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НАЗХГ-тай “Гурвалсан гэрээ” байгуулах, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бий болсон зогсоолууд”-ыг гэрээт /ашиглагч/ байгууллагуудад хариуцуулахдаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акт бүртгэлээр хүлээлцэж өгөх, эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээ, эвдэрч гэмтсэн хөрөнгийг засварлуулах, хэвийн байдалд оруулах асуудлыг гэрээт байгууллагуудад хариуцуулах, үйлчилгээний онцлогоос хамаарч эмнэлгүүдээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эхний 30 минутыг үнэ төлбөргүй болгож, үнийн тарифт өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг хэлж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, журмын төсөлд тусгах нэмэлт саналуудаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох газрууд хамтран авто зогсоолуудын арчлалт, ашиглалтыг зохицуулах журам болон аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилла. Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар авто зогсоолуудын мөрдөх стандартыг боловсруул” гээд холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хариуцсан чиглэлдээ хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараагийн хэсэгт Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн төслийн танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэв. Тэрбээр Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгүүд нь 20 гаруй төрлийн загвар, хүчин чадалтай тавигдаж байна. Энэ байдлыг цэгцлэж, гэрэлтүүлгийн зураг төсөв боловсруулах шатнаас эхэлж автозам, нийтийн эзэмшлийн зам талбай орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн тогтсон нэг стандартыг боловсруулж, мөрдөх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд тус тусын онцлогтой маш олон төрлийн гэрэлтүүлгийг санал болгодог бөгөөд улсын хэмжээнд энэ чиглэлийн тогтсон стандартгүйгээс гэрэлтүүлэгчийг сонгоход хүндрэлтэй байна. Иймд автозам, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн стандартын төслийг боловсруулан танилцуулж байна. Энэхүү стандартыг боловсруулах ажилд ШУТИС-ийн багш, эрдэмтэд оролцсон, тэдний төлөөлөл хүрэлцэн ирснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Хот тосгон ба суурин газрын автозам, гудамж талбайн гэрэлтүүлгийн стандартын төсөлд тусгах нэмэлт саналаа хэлж, Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтов.

Хотын Захирагч С.Амарсайхан “Стандарттай хот болох ажил бидний 2020 оны нэг том зорилт. Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажилд өнгө үзэмж, харагдах байдал чухал боловч аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах ёстой гэдгийг Стандартын газар анхаарч ажиллах шаардлагатай. Мөн зөвхөн гэрлийн лампын тухайд биш гэрлийн шон, аалзны тор шиг агаараар татсан утас, хэлбэр загвар гээд олон зүйлийг цогцоор нь нэг стандартад оруулж шийдвэрлэхийг  төсөлд тусгах хэрэгтэй” гэснээр уг асуудлыг Засаг даргын  зөвлөлийн гишүүд дэмжиж баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламж руу бие зассан Б.Нэмэхбаярын хахуулийн хэргийг шүүнэ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.09/ 09.00 цагт болно.

Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн асанД.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.

Н.Раднаасэд, Д.Нэмэхбаяр, Х.Батсайхан, Д.Энхтайван, М.Отгондулам, Э.Энхзаяа, Ж.Ховор-Эрдэнэ нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.