Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Зарим оронд тэтгэврийн зээлийг яг өөртөө зориулах үед зөвшөөрдөг

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг дэмжлээ. Энэ талаар ярихгүй юу?

-МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргасан. Маргааш(өнөөдөр) Эдийн засгийн байнгын хороо, холбогдох байнгын хороодуудаар ороод энэ долоо хоногийн чуулганаар орно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нэгэн томоохон асуудлыг шийдсэн. Байгалийн баялгийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, байгалийн баялгаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, байгалийн баялгийн хүртээмжийн асуудал Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр маш их яригдаж, Үндсэн хуульд орсон. Энэ л хэрэгжиж байна. Түүнчлэн нийгмийн хамгийн зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн нийгмийн салбарын бодлогын асуудал нэлээн чухлаар тавигдаж байгаа. Тиймээс амьжиргааны эх үүсвэр болж байгаа тэтгэвэр, цалингийн зээлийг зээл хэлбэрээр гаргаад байх нь зөв үү гэдгийг ч мөн авч үзэх ёстой. Энэ асуудлыг ч бид хамтад нь авч үзнэ. Энэ бол тодорхой ордын асуудал шийдэгдсэнтэй холбогдуулж, амьжиргааны түвшин хамгийн доогуур, хүндрэлтэй байгаа гэж үзэж буй хэсэг рүүгээ чиглэсэн нийгмийн бодлого гэж үзсэн учраас бүлэг дэмжсэн.

-Тэтгэврийн зээлийг огт байхгүй болгох асуудлыг ч ярьж байна шүү дээ…

-Энэ бол манай улсын тулгамдсан асуудлуудын нэг л дээ. Тэтгэвэр, цалин гэдэг шууд эдийн засаг руу орж байдаг. Хадгаламж болдоггүй зүйл шүү дээ. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай хамт энэ асуудал орж ирэх байх. Тэгэхгүй бол амьжиргааны үндсэн орлого болж байгаа зүйлийг зээл хэлбэрээр тараах нь буруу. Олон оронд тэтгэврийн зээл, барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож, хориглодог. Үүнийг цуг авч үзнэ.

-Олон улсад хориглодог гэсэн үг үү?

-Хязгаарлалт тавьдаг. Хугацаа болон олголтын хувьд, зээлийн агуулгын хувьд гээд. Зарим оронд амьжиргааны орлогоо олдог цалин, тэтгэврийн зээлийг хориглочихсон байдаг. Зарим оронд тухайлсан нөхцөлд буюу эмнэлэгт зориулсан ч юм уу, яг өөртөө зориулах үед зөвшөөрдөг. Тэтгэвэр гэдэг насны эцэст өөртөө зориулах мөнгө байхгүй юу.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болсон. Гол орж байгаа өөрчлөлтүүд нь юу вэ?

-2015 онд хэрэгжиж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ерөнхий нурууг барьж, боловсруулсан. Энэ сардаа багтааж Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн хуулиа хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн сонгууль мэдээж улс нэг тойрог тогтолцоогоор явна. Өөрчлөлт гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд хязгаарлалтуудыг нэлээн хийж өгч байгаа. Учир нь сонгох, сонгогдох эрхэнд халдах мөнгөний оролцоо, хөндлөнгийн нөлөөллүүдийг багасгах чиглэлд энэ удаагийн сонгуулийн хуулиуд голлон чиглэгдэж байгаа. Ер нь сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалж, сонгох, сонгогдох эрхийг хангаж, гаргадаг учраас энэ чиглэлийн өмнөх сонгуулиуд дээр гарч байсан алдаа дутагдлыг засч гаргаж байгаа. Парламентад суудалтай намууд хүнээ нэр дэвшүүлэх зохицуулалт хэвээрээ байгаа. Мөн улс төрийн намуудад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өндөр босгууд тавигдаж байгаа. Улс төрийн намыг улс төрийн бодлого тодорхойлдог, улс төрийн нам байх манлайллыг үзүүлж байх институтынх нь хувьд төлөвшүүлэх чиглэлд батлагдаж байгаа сонгуулийн хуулиуд чиглэгдэж байгаа. Ер нь 2008 оны улс төрийн сонгуулиас хойш, сонгуулийн сурталчилгааны хоног, өдрүүд дээр нэлээн хязгаарлалт хийж, тухайн сонгуулийн жилд, сонгууль болохоос зургаан сарын өмнөөс сонгуулийн сурталчилгааг хязгаарладаг гээд олон зохицуулалтыг хуульдаа хийж өгсөн. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж, гаргаад 2020 онд болох УИХ-ын сонгуулийн товыг зарлана. Үүнтэй холбогдуулан сонгуулийн мандат, тойргийн хуваарилалтыг хийж дуусгана.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганбаяр: Эдийн засгийн хоригт орчихсон Иранд дайн хийх боломж байхгүй


Гадаад мэдээний тоймч Г.Ганбаяртай ярилцлаа.

-Иран, АНУ бие биенийхээ эсрэг дуулиантай мэдэгдлүүдийг хийгээд байна. Ираны генерал Кассем Солейманиг хөнөөсөн хэрэг гээд л олон шалтгаан байгаа байх. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ асуудал нэлээд эртнээс үүдэлтэй. 2017 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авсан. Ерөнхийлөгч болоод өмнөх засгийн газрын хэд хэдэн бодлого, тогтоолуудыг хүчингүй болгож, үүнийг нь дэлхий нийт харлаа. Худалдааны асуудлаар БНХАУ-ыг шахаж эхэлсэн. АНУ 100 гаруй улстай худалдааны харилцаатай. Дандаа АНУ-д бараагаа шахаж, зах зээлийг нь ашигладаг. Энэ нь Америкт ашигтай биш. 800 тэрбум төгрөгийн алдагдалд хүрсэн. Үүгээрээ далимдуулан шахах бодлого хэрэгжүүллээ. Барак Обамагийн үед байсан Номхон далайг дамнасан түншлэл гэх хэлэлцээрийг хүчингүй болгосон. Энэ бол худалдаа эдийн засгийн асуудал.

-Ираны хөршүүд АНУ-ын холбоотон улсууд шүү дээ. Энэ хоёр орны сөргөлдөөнд нөлөөлсөн үү?

-Холбоотнуудаа гомдоож байна гэдэг асуудал тавигдсан. Тэр нь Ираны хөршүүд болох Израиль, Саудын Араб байхгүй юу. Иран улс бол Израилийн дайсан. Саудын Араб сламын ертөнцийн өрсөлдөгч нь. Учир нь Саудын Араб Сунит урсгалын Исламын шашинтай. Харин Иран Шит урсгалтай. Исламын Сунит, Шит гэх хоёр том урсгал бий шүү дээ. Энэ урсгалууд хоорондын сөргөлдөөн явуулж, Исламын ертөнцөд нөлөөгөө тогтоох гэсэн оролдлогуудыг хийдэг. Дональд Трамп Израильд үзүүлдэг батлан хамгаалах салбарын тусламжаа гурван тэрбум доллар байсныг таван тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Саудын Арабтай 300 тэрбум долларын зэвсгийн гэрээ байгууллаа. Саудын Араб зэвсгийнхээ зардлаар ОХУ-ын өмнө орчихлоо шүү дээ. Яах аргагүй Ирантай зэргэлдээ улс.

-АНУ тусламжаа нэмэгдүүлсэн нь Ирантай холбоотой юу?

-Тийм. Иран 2015 онд цөмийн хэлэлцээр байгуулагдангуут газрын тосоо зараад эхэлсэн. Газрын тосоо зарна гэдэг ам.доллартай болно. Түүгээрээ батлан хамгаалах салбарынхаа зэр зэвсгийг шинэчлээд эхэлсэн л дээ. Геополитик гэдэг газар зүйн байрлалтай холбоотой шүү дээ. Өрсөлдөгч хөрш нь хүчтэй болоод ирэхээр Саудын Араб жам ёсныхоо дагуу зэр зэвсэгтээ хөрөнгө зараад эхэлж байгаа байхгүй юу.

-Иран, Америк хоёр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хэлэлцээрээс гарчихсан. Яагаад гарах болов?

-АНУ цөмийн хэлэлцээрээс гарна гэдэг хэлэлцээр манайд хамаагүй л гэж үзэж байгаа хэрэг л дээ. Өнгөрсөн ням гаригт Иран хэлэлцээрээс гарчихлаа. Тэгэхээр энэ хэлэлцээр ямар ч утгагүй болчихож байгаа юм. Хоёр гол улс нь гараад явчихаар энэ хэлэлцээр бүрхэг болчихож байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 оны хэлэлцээрээс яагаад гарах шийдвэрийг гаргасан юм бэ?

-Холбоотнуудаа гомдоож байна. Холбоотнууд аюултай. Түүнээс гадна генералыг алсантай холбоотой нэг асуудал бий. 2015 онд цөмийн хэлэлцээрийг хийж, Иран руу барууны шинжээчдийг оруулж, цөмийн зэвсэгтэй эсэхийг нь шалгуулсан. Шалгахад үнэхээр Иран баяжуулдаг төхөөрөмжүүдээ цөөлчихсөн байсан. Иранд байгаа уран цөмийн зэвсэг хийх хэмжээнд хүрээгүй байна гэдгийг шинжээчид баталсан. 2015 оноос 2017 оны хавар хүртэл хоёрхон жилийн хугацаанд Ираны газрын тосны экспорт нэмэгдсэн. Боломж гарч байна шүү дээ. Энэ хугацаанд жаахан цонх үүсч байна. Энэ зурвас үеийг ашиглаад Иран улс олборлолтоо нэмэгдүүлээд зэвсэг, техникээ шинэчлэх боломж гарсан. Яахав шинэчилсэн байх. Энэ зурвас үе АНУ, Саудын Араб, Израильд ашиггүй гэж Бүгд найрамдах нам үзсэн. Бүгд найрамдах нам бол уламжлалт, цэрэг, зэвсэг, батлан хамгаалах салбарыг дэмждэг хүчний чиглэлийн нам. Энэ Ираны цөмийн хэлэлцээрт илүү өргөн агуулга оруулах ёстой байсан. Ираныг бүс нутгийн орнуудын асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй, зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж болохгүй гээд нөлөөллийг нь хязгаарлаж чадаагүй учраас энэ хэлэлцээр үнэхээр утгагүй гэрээ.

-Ираныг хязгаарлаагүйгээс Ойрх дорнодод юу болсон бэ?

-Ираны Күдс хүчин гэх элит түвшний бэлтгэгдсэн хүчин бий. Энэ хүчин Ирак, Сири, Ливан гээд Шит шашинтай улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон. Цаад агуулгаараа Исламын ертөнцийн Шит, Сунитын хоорондын сөргөлдөөн дахиад л идэвхжиж байна. Энэ бол аюултай. 2003 оны Ирак яг л ийм. Садам Хуссейн байсан. Түүнийг унагаж, шинэ Засгийн газар байгуулсан. Эрх мэдэл хуваарилахдаа Шитүүд хүн амын олонх 60 хувь учраас ерөнхий сайдаа ав, сунитууд нь парламентаа, күртүүд ерөнхийлөгчөө гээд эрх мэдлээ хуваарилчихсан. Ийм тогтолцоо 16 жил явлаа шүү дээ. Тэгэхээр Шитүүд Ирантай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Оны өмнөхөн Иракт эсэргүүцлийн жагсаалууд болсон. Тэр жагсаалын үеэр Ираны элчин сайдын яам руу халдсан залуучууд манай улс бие даасан бодлого явуулна. Садамыг алга болгосон биш Иран манайд ноёлдог болчихлоо. Ирантай хийх харилцаагаа бодож үзэх ёстой гэж байгаа юм. Ийм л зүйл болж байна.

Кассем Солеймани амиа алдаад Багдадад, Иранд ч бөөн юм болж, олон мянган хүн манай баатар гээд л. Гэтэл Иракийн зарим хотод Кассем Солейманиг үхсэнийг тэмдэглэсэн шүү дээ. Энэ чинь нөгөөх аймшигтай Ойрх дорнодын Шит, Сунитын өрсөлдөөн яваад байгаа юм. Энэ бол Иракт маш эмзэг илэрсэн шүү дээ. Ж.Бушийн үед өөрөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Яагаад гэвэл Иракийн мэргэжлийн армийг нь татан буулгачихсан. Олон жил цэргийн алба хаасан офицер, цэргүүдээ тарааж, армиа шинээр байгуулна гэсэн чинь нөгөөх мэргэшсэн офицерууд Сунитийн бүлэглэлүүдэд очоод нэгдчихсэн. Иракийн дайны үед халдлага хүчирхийлэл нь дандаа Багдадын шитүүд амьдардаг дүүргүүдэд болсон. Сунитыг Исламын ертөнц, арабууд дэмжинэ. Аль Кайда дэмжинэ. Ийм аюултай нөхцөл байдал руу ордог байхгүй юу. Ираны эсрэг ажиллагаа зөвхөн АНУ-ын холбоотнууд, өөрийн цэргүүдээ хамгаалах байр сууриас гадна Шит, Сунитын хоорондын харилцаа яваад байгаа байхгүй юу. Энэ бол Сири, Ливан гээд өөр улс орнууд дээр ч илэрнэ.

-Иранд цаашид юу болох вэ?

-Иран дотооддоо нэлээд асуудалтай байгаа. Эдийн засгийн хоригт орчихсон. Оны өмнөхөн шатахууны үнэ нь нэмэгдэж, бөөн жагсаал болсон. Улмаар интернэтийн сүлжээг хааж, юу болж байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад сүлжээ буцаад сэргэсэн чинь хүмүүсийг буудаж байгаа бичлэгүүд нь тараад эхэлсэн. Олон хүн амь эрсэдсэн гээд байгаа. Тоо нь тодорхойгүй л байна. Гэхдээ хэдэн зуугаар тоологдоно. Саяны Кассем Солейманийг алсан хэрэг Ираны ард иргэдийг АНУ-ын эсрэг хандуулж, нэгтгэж магадгүй. Гэхдээ эдийн засгийн хоригт орсон улс дайн хийнэ гэдэг маш эрсдэлтэй.

-Ийм эрсдэлд буй Иран АНУ-ын эсрэг юу хийж чадах бол?

-Өшөө авна гэж исламын улаан туг мандуулсан гэж бичиж байна. Хамгийн гол нь эдийн засгийн хоригт орчихсон байгаа улсад том дайн хийх хөрөнгө санхүүгийн боломж байхгүй. Европын улс орнуудын хувьд Иран руу өнгөрсөн ням гаригт уриалга гаргасан байна лээ. Тэр нь цөмийн хэлэлцээртээ үнэнч бай. АНУ гарсан ч гэсэн бид нар байна гэдэг утга бүхий уриалга гаргасан. Мөн АНУ-тай хэлэлцээр хий гэсэн утгыг ч илэрхийлсэн байна лээ. Өнгөрсөн намраас хойш Ираныг буруутгаад байсан шүү дээ. Саудын Арабын хоёр газрын тосны үйлдвэр халдлагад өртсөн. Газрын тос тээвэрлэдэг том онгоцууд руу халдсан. Аажмаар л яваад байсан асуудал.

-Дональд Трамп Ираны 52 бүст цохилт өгнө гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ асуудал нэлээд шүүмжлэгдэж байна лээ. Цэргийн баазыг бөмбөгдөхөөр цэргийн мөргөлдөөн юм шиг харагдана шүү дээ. Соёлын байгууламж руу халдана гээд байгаа юм. Учир нь 79 онд Иранд Исламын хувьсгал гараад өнөөгийн Ираны тогтолцоо бий болсон. Тэр үед 52 АНУ-ын иргэн олзлогдож, барьцаанд байж байгаад суллагдсан. Тэрийг АНУ-ын тал шууд л ярьж байна л даа. Энэ бол сүрийг үзүүлэх тактик.

Трамп Умард Солонгост ийм бодлогыг нэлээн хэрэгжүүлж байсан. 2017 онд танайд хэдэн цөмийн пуужин байгаа юм. Манайд асар олон байна. Танайхыг дуусгана, арчина гээд НҮБ-ын индэр дээрээс хүртэл яриад бөөн юм болсон. 2018 онд нь өөр болсон. Нэгдүгээр сарын 1-нээс эхлээд л Ким Жөн Ун зөөлрөөд Сингапурт уулзсан.

-Цөмийн зэвсгийн асуудал байгаа л байх…

-Цөмийн асуудал мэдээж байгаа. Иран, Хойд Солонгос хоёр АНУ-д харилцахад төвөгтэй улсууд шүү дээ. Уг нь 2015 онд АНУ бид Ираны асуудлыг цэгцэлчихлээ. Умард Солонгос үлдсэн гэж ярьж байсан. Одоо буцаад нөгөө зам руугаа орчихлоо.

-Цөмийн зэвсэгтэй хэдэн улс бий вэ?

-Найман улс бий. АНУ, ОХУ хоёр нийт цөмийн зэвсгийн 95 хувийг нь эзэмшдэг. Үлдсэн таван хувь нь БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Израильд бий. Сүүлд судлаачид Хойд Солонгост 20 орчим бий гэж яриад байгаа. Гэхдээ хаалттай учраас тодорхойгүй. Цөмийн зэвсэг бол тогтоон барих хэрэгсэл. Өмнө нь цөмийн зэвсгийг Хирошима, Нагасаки дээр хоёр удаа л хэрэглэсэн. Асар их сүйтгэл дагуулдаг аймшигтай зэвсэг. Энэ хүчийг Хойд Солонгос, Иранд өгчихөөр их төвөгтэй дэглэмүүдтэй учраас аюултай. Энэ цөмийн асуудал нэлээн хурцаар тавигдана. Хойд Солонгос цөмийн зэсгийг сэргээнэ, туршилтуудаа эхэлнэ гээд ярьчихсан явж байгаа.

-Цөмийн зэвсгээс үүдэлтэй юм байна гэж ойлгож болох уу?

-Иран ураны баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэж байна. 2015 оноос өмнө олон арван жил яригдсан зүйл дахиад сэргэж байна гэсэн үг. Тэгэхээр Трампын хувьд 52 байгууламжид цохилт өгнө гэдэг бэлгэдлийн тоо гаргаж ирээд сүрдүүлж байна. Гэхдээ байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй. Дахиад хэлэлцээр хийж болно шүү дээ. Ираны хувьд маш хүнд байгаа. Үүнийг Ойрх дорнодын шинжээчид хэлдэг. Ажилгүйдэл, инфляци ихтэй, газрын тосны арвин их нөөцтэй хэрнээ үнийг нь нэмж байна шүү дээ. Валютын нөөцгүй болохоороо ингэж байгаа юм. Ийм хүнд нөхцөлд байгаа улс удаан хугацааны дайн хийнэ гэж байхгүй. Трамп манай цэрэг байгууламж руу халдах юм бол бид зөрүүлээд маш хурдан цохилт өгнө гэж байгаа шүү дээ. Ираныг тойроод АНУ-ын цэргийн баазууд, томоохон хөлөг онгоцууд нь байна. Энэ утгаараа өргөн хүрээний дайн болно гэх эрсдэл бага байна. Эрсдэлтэй талаас нь яривал АНУ-тай Саудын Араб, Израиль гээд холбоотнууд байна. Сири өөрөө асуудалтай, ОХУ, БНХАУ нь яах юм байгаа юм.

-Эрсдэл талаас нь бодъё. Хэрвээ АНУ, Иран хоёр бие биендээ цохилт өгөөд эхэлбэл Дэлхийн III дайн болох магадлал бий гэх зүйл яригдаад байгаа. Иран руу дайрах, Хойд Солонгос руу дайрахтай агаар нэг гэж байгаа шүү дээ…

-Иран Хойд Солонгосоос ялгаатай тал нь өөрөө Исламын ертөнцийн том тоглогч байхгүй юу. Шитийн урсгалыг нэг ёсондоо төлөөлж байна шүү дээ. Тиймээс бүс нутагтаа нөлөөллөө бэхжүүлэх гэж оролдоно. Тиймээс АНУ Шит шашинтай Засгийн газруудын эсрэг бодлогоо чангатгаж магадгүй. Одоо АНУ-ын холбоотон Турк, Ираны холбоотон Ливи рүү орж байна. Ер нь АНУ амиа бодож эхэлж байна. Дональд Трамп АНУ-ыг дэлхийн II дайнаас хойш маш их ачаа үүрсэн гэж яриад байна шүү дээ. Та нарыг хамгаалсан, сэргээн босгосон. Одоо мөнгө өг та нар гээд АНУ амиа бодоод эхлэх юм бол маш аюултай болж эхэлнэ. Тэгэхээр энэ орон зайд Турк, ОХУ, Иранууд үлдэнэ. Тэгэхээр энэ бүс нутаг маш эвгүй болно. Тогтоон барьж байгаа нь АНУ шүү дээ. Тэд гараад явчихвал Шитүүд болон Ираны нөлөө улам идэвхжинэ. Тэгэхээр нөгөөх өрсөлдөгч Сунитууд нь зүгээр байхыг хүсэхгүй. Энэ исламын завхралд ОХУ, Турк удаан хугацаанд орооцолдох нь өөрсдөд нь аюултай.

-Ираны нэг сайд нь Дональд Трампыг Чингис хаан шиг түрэмгийлж байна гэх зүйл ярьсан байна лээ…

-Чингис хаан, Адольф Гитлертэй адилхан соёл иргэншлийг устгасан гэх мэт зүйл ярьсан байна лээ. Гэхдээ өнөөгийн алан хядагчдыг дээр үеийн харилцаатай зүйрлэнэ гэдэг төвөгтэй асуудал. Тэр үеийн хоёр улсын хоорондын маргааныг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэг өөр шүү дээ.

-Ер нь дэлхий нийтийн чиг хандлага популист хандлага руу яваад байна уу?

-Тийм. Өөрийн амийг бодох, үндэсний эрх ашгийг бодох хандлага гараад ирлээ. Европ тивд популистууд ороод ирлээ. Хэт барууны үндсэрхэг намууд бий болж байна. Нацист нам гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ Итали, итали хүн дээ, Франц, францдаа, Британи, британи хүндээ үйлчилдэг байх ёстой гэсэн ийм консарватив бодлого яваад байна шүү дээ. Трамп үндэсний эрх ашгаа эрхэмлэж байна. Ийм үед манай улс гадаад бодлогодоо болгоомжтой байхгүй бол тооцоолж болохгүй цаг үе ирсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Тойргоо зураад эхлэхээр л тойрохоо зуруулчихдаг юм даа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

2019 онд хамгийн их борлуулалттай байсан арван номыг “Өдрийн сонин” нэрлэж байна. Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Тойргоо зураад эхлэхээр л тойрохоо зуруулчихдаг юм даа” нийтлэл хэвлэгдлээ.

“ҮАБЗ-ийн зээл тэглэх зөвлөмжийн нууц задарч, 100 тэрбум төгрөгийн зээл гарсан уу” нийтлэл “Баримт, үйл явдал” нүүрт хэвлэгдлээ.

УИХ-ын чуулганаар Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй хүүхэд залуусын дунд сошиал хэрэглээ өсч байгаа тухай хийсэн ярилцлагыг “Нийгэм” нүүрнээс уншаарай.

Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй Австрали тивд гарсан түймрийн талаар ярилцлаа. “Экологи” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Нэг ангийнхан”, “Залуус” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад таатай

Аргын тооллын нэгдүгээр сарын 10, Сугар гариг. Билгийн тооллын 15, хар хулгана өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:19 цагт жаргана. Энэ өдөр шинэ барилга ашиглалтад оруулах, худалдаа наймаа хийх, гэрлэх, тус хэрэгтэй үйлийг бүтээхэд сайн. Төлгө тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авахад харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад таатай.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийхээр заасантай холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс санал хэлсэн бөгөөд УИХ-ын даргаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гишүүдээс гаргасан санал болон төсөл, түүний хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын дэд хэсгийг байгуулан ажиллалаа хэмээн танилцуулсан юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед тогтоолыг дагаж мөрдөх хугацаа, тогтоолын хавсралтад “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалттай холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэмэх болон хавсралтаас зарим давхардсан хуулийн төслийг хасахтай холбоотой зарчмын зөрүүтэй 4 санал, тогтоолын төслийн хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай нийцүүлэх найруулгын шинжтэй 3 бүлэг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн.

Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д тавигдах хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулиудын төслийг боловсруулсан гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим нэр томъёог тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад тодорхой зөвлөмжүүдийг ирүүлж байгаа бөгөөд тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэхэд ахиц гарахгүй байгааг дурддаг, үүнийг хуулийн төслөөр шийдвэрлэсэн эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саарал жагсаалтаас гарах талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд авлигын гэмт хэргээс үүдэлтэй эдийн засагт учирч буй хохирол, түүний тооцоо, судалгаа, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдсэн байдал яагаад тийм цөөн байгаа талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

2015 онд Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон.

Эдгээр сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсч буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулсан юм гэлээ.

Тиймээс Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхой болгох, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн явц, түүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад чиглэсэн тусгайлсан хууль боловсруулах шаардлагын үүднээс УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна гэлээ.

Хуулийн төслүүдийн талаар улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж саналыг тусгаад байгааг дуулгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудын чиг үүрэг, түүнд холбогдон гарах зардал, зохион байгуулалтыг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг харьяалан шиыдвэрлэх байгууллага, гомдол маргаан хянан шийдвэрлэх журмыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар оруулсаныг мөн онцолсон.

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд сонгуульд оролцож саналаа өгөх зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг бүртгэхээс татгалзав

Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь

  • Улс төрийн намын тухай хууль,
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Өмнө нь Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд нарын хүсэлтийг Дээд шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр мөн хянан хэлэлцэж байсан бөгөөд дээрхтэй ижил шалтгаанаар бүртгэхээс татгалзаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг хэрэглэн үхэр, адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-24-нд тус аймгийн Айраг сумын хоёрдугаар баг Дөрвөлж гэх газраас 36 тооны адуу бэлчээрээс хулгайд алдагдсан, мөн өнгөрсөн сарын 29-нд Ламт гэх газар зургаан тооны үхрийг галт зэвсгээр буудаж, улмаар хулгайлсан, энэ сарын 5-6-нд Дэлгэрэх сумын III баг Энгэрийн худаг гэх газраас хоёр үхэр хулгайлсан хэрэг гарчээ.

Гэмт хэргийг илрүүлэхээр Дорноговь аймгийн Цагдаагийн газраас шат дараалсан шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шалгагдаж байсан Э, П, Я нарын гурван бүлэг этгээдийг илрүүлэн галт зэвсэг, нотлох баримтыг нь хураан авч шалгаж байна.

Түүнчлэн хэргийг шалгах явцад дээрх этгээдүүдэд мал, мах, түүхий эд борлуулдаг ченжүүдтэй холбоотой байсан нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт томууны тархалтын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гарчээ.

Тус захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног сунгаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэсэн байна. Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-наас 20-ны өдөр хүртэлх хугацаанд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарлажээ.

Улмаар жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрсөн байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг хэрхэн таних вэ

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ: 

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ: 

  • Чичрүүдэс хүрэх
  • Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
  • Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  • Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  • Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  • Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД: 

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
  • Ханиад, томуугаар өвчилсөн үедээ даарахгүй байх
  • Цэвэр агаарт тогтмол гарах
  • Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэх
  • Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдлийг мэдээлэв

Банкууд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байжээ.

2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл дүнг зурагт харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.

Зураг 1. Тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл, тэрбум төгрөгөөр

 

Эх сурвалж: Банкуудын зээлийн тайлан, Монголбанк