Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлье

Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд Та дараах арга хэмжээг аваарай:

-Гараа тогтмол савандаж угаах
-Ханиах, найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх
-Мах, өндөгийг гүйцэд болгож идэх
-Халдвар авсан хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
-Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг айл өрхөд суурилуулж эхэллээ

Өчигдөр буюу ням гарагт нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар хуралдаж эхний ээлжинд нийлүүлэгдэж буй угаарын хий мэдрэгчийг айл өрхөд, хүргэх, суурилуулах, зөвлөмж мэдээллийг хэрхэн зохион байгуулж ажиллах тухай хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс угаарын хий мэдрэгчийг тараах, суурилуулах ажилд оролцох албан хаагчдад сургалт явуулав. Энэ удаа Сүхбаатар дүүрэгт 1902 угаарын хий мэдрэгч хуваарилагдсан бөгөөд үүнээс 11 дүгээр хороонд 649, 15 дугаар хороонд 1253-ыг өнөөдрөөс суурилуулж эхэлнэ. Ингэхдээ өрх бүрт угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлага, зөвлөмжийг хамтад нь өгнө.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт мөн зарлиг гаргаж зарим шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, бүрэ эрхийг нь сэргээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.13) нар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох”-оор, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн 3.1-д Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тус тус заасан болон хууль, тогтоомжуудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Хуулийн төслөөр эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Олон улсын туршлагаар алтны сорьц тогтоох үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага гүйцэтгэхээс гадна Төв банк, тусгай зөвшөөрөлтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий бусад хуулийн этгээд эрхэлдэг байна. Хуулийн төслийг дагалдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан, Монголбанкинд тушаах үнэт мөталлын сорьцыг сорьц тогтоох төрийн захиргааны байгууллагаас гадна, тусгай эөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк тогтоож болох зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нэмэгдэх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа өргөжиж боловсронгуй болох, иргэд, хуулийн этгээд худалдах үнэт металын олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт мөталлын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар үүснэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болж, хамтарсан мэдэгдэл гаргав

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. Үүнд:

МОНГОЛ УЛС, АНУ, ЯПОНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Вашингтон хотноо болов. АНУ болон Япон Улс Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, мөн талуудын Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаарх үзэл санааны хүрээнд Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө тууштай бодлого баримталж байгаагаа нотлов.

Монгол Улс, АНУ, Япон Улс нь бүс нутгийн хөгжил, түүний дотор Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийн талаар тус тусын саналаа танилцуулж, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, ардчилсан орнууд бүхий хөгжин цэцэглэсэн, энх тайвныг эрхэмлэсэн бүс нутгийг цогцлоохын төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. АНУ нь 2019 онд Япон Улсын адил Монгол Улсын стратегийн түнш болсныг гурван тал талархан тэмдэглэж, стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.

БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгалга, түүний дотор баллистик пуужин харвахаа зогсоох, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн тогтвортой, бодитой яриа хэлцээнд оролцож Сингапурт болсон дээд түвшний уулзалтаар өгсөн амлалтуудаа биелүүлэх шаардлагатай гэдэгт Монгол Улс, АНУ, Япон Улс дахин санал нэгдэв. Талууд БНАСАУ-ыг үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөөс бүр мөсөн, хяналттайгаар ангижруулах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатайн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн гурван улс хүмүүнлэгийн асуудал, түүний дотор хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн чухлыг онцлов.

АНУ болон Япон Улсын зүгээс ФАТФ-ын зөвлөмжүүдийн хүрээнд мөнгө угаахтай тэмцэх чадамжаа бэхжүүлэх чиглэлд Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд эрчим хүч, цахим эдийн засаг болон кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Талууд мөн ил тод, урьдчилан таамаглагдахуйц болон хууль дүрэм сахиулах явдлыг сайжруулах замаар Монгол Улсын бизнесийн орчин, ялангуяа АНУ, Японоос хөрөнгө оруулалт татах чадамжийг хөгжүүлэхийг чухалчлан ярилцав.

Монгол Улс, АНУ, Япон Улс дараагийн гурван талт уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар тогтов.

Categories
мэдээ спорт

Парис Сейнт-Жермайн тэнцсэн ч лигээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Францын Лиг 1 тэмцээний 20-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр явагдлаа. Энэ тойргийн онцлох тоглолт лигийг тэргүүлж буй ПСЖ болон Монако клубуудын хооронд болсон юм. Тоглолтын эхний гоолыг Неймар оруулсан ч Монако клубээс Желсон Мартинш, Виссам Бен Йеддер нар гоолдон тоглолтыг талбайн зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч удалгүй Фоде Балло-Туре авто гоол оруулж, Неймар торгуулийн цохилтоос гоолдсоноор ПСЖ клуб тоглолтын эхний хагасыг тэргүүлэн өндөрлөсөн юм. Харин тоглолтын сүүлийн хагаст Монако клубээс Ислам Слимани гоолдон хоёр багийн тоглолт үндсэн цагт 3:3 буюу тэнцээгээр өндөрлөлөө. Хоёр баг энэ долоо хоногт 15-р тойргийн нөхөн тоглолтын хүрээнд ахин тоглох хуваартай байгаа юм. Энэ тойргийн нээлтийн тоглолтонд Марсель клуб Ренн багийн талбайд зочлон тоглож Кевин Стротманий оруулсан гоолоор хожсоноор лигийг тэргүүлэгч ПСЖ клубээс таван онооны зөрүүтэй болоод буй билээ.

Та бүхэн доорх линкээр тоглолтын тойм бичлэгийг үзээрэй.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Д.МӨНХБОЛД: Хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт боловсруулна

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэрэглэх “Техникийн тодорхойлолт”-ыг Техникийн хэлтэс боловсруулж байна. Энэ талаар Техникийн хэлтсийн орлогч Д.Мөнхболдоос тодрууллаа.


-“Эрдэнэтийн-Овоо” орд газрын өөрийн онцлог гэж байдаг. Оюутолгой зэрэг бусад ордууд өөр өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн ордын агуулга, бүтэц, найрлага өөр учраас… Тэгэхээр бид 41 жилийн түүхэндээ Эрдэнэтийн ордыг ашигладаг технологитой болчихсон. Энэ технологи өөр газар таарахгүй. Ийм технологид тохирсон тоног төхөөрөмж энд ажиллах ёстой.

Өнгөрсөн оны зургаадугаар сард үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ нь техник технологийн, эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, тогтвортой хөгжлийн бодлого юм. Уг ажлын хүрээнд үйлдвэрлэлд тулгамдаж буй техникийн асуудлыг техникийн зөвлөлөөр шийдвэрлэж байгаа. Техникийн хэлтсийнхэн 2019 оны сүүлийн хагас жилд техникийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам боловсруулж байна. Өмнө нь онцгой комисс хуралдаж тулгамдаж буй асуудлаа шийдэж ирсэн. Үйлдвэрийн удирдлагын баг 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” он болгох зорилт дэвшүүллээ. Энэ нь үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлье. Тэгэхдээ шинжлэх ухаанд суурилъя гэсэн санаа.

Эрдэнэт үйлдвэрт техник, тоног төхөөрөмж ямар байх ёстой юм. Ямар шаардлага хангасан тоног төхөөрөмж авч, хэрхэн ашигтай ажиллуулах ёстойг зөв тодорхойлох нь маш чухал ажил. Иймээс анхан шатны техникийн баримт бичгийг тодорхой болгож нэг стандарт загварт оруулах шаардлагатай гэж үзсэн.

-Техникийн тодорхойлолт боловсруулж нэг загварт оруулснаар ажлын ямар өөрчлөлт гарах вэ?

-Ямар техник хэрэгцээтэйг зөв тодорхойлох шаардлагатай. Тухайн техникт ерөнхий болон тусгай шаардлага тавигддаг. Сүүлийн жилүүдэд техникийн тодорхойлолтыг үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр өөрийн чиглэлээр янз бүрийн хэлбэрээр боловсруулж байсан. Энэ нь зарим нэг техникийн шаардлагыг орхигдуулах, улмаар зөвхөн нэг талыг баримталж тодорхойлох нь олон асуудал дагуулдаг. Жишээлбэл, шинэ техник, тоног төхөөрөмж захиалахдаа худалдан авсны дараа тухайн техник дээр ажиллах ажилтныг сургах шаардлагыг орхигдуулснаар асуудал үүсдэг. Тухайн техникийг тодорхойлолтын дагуу тендер зарлаж худалдан авалт хийгээд техникийг ажиллуулах үед бэлтгэгдсэн ажилтангүй байгаа нь тухайн техникийг эвдэх, ажилтан осолдох зэрэг хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр уг техникийн тодорхойлолт дээр нь хүн сургах шаардлагатайг тусгачих ёстой.

Үүнээс гадна захиалсан тоног төхөөрөмж ямар орчинд ажиллахыг тодорхойлоогүйгээс шинээр ирсэн агаар шахах компрессор халаад байн байн зогсоод байсан.

Учир юу вэ гэвэл гадна орчин ба дулаан байранд ажиллах зориулалтыг тодорхойлолгүй захиалга хийгдсэн. Гадна ажиллах тоног төхөөрөмжийг дотор тавихаар халаад ажиллахгүй байх жишээтэй.

Техникийн тодорхойлолтод үндсэн үзүүлэлт, төрөл, загвар, ямар энергийн эх үүсвэр хэрэглэх талаар тодорхой заах хэрэгтэй. Гаднын зарим тохиолдолд нэмэлтээр өөр энергийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Тухайлбал, зарим тоног төхөөрөмжид тусгай хий азот шаарддаг.

Үүнийг техникийн тодорхойлолтод тусгаагүй бол азотын станц тавих, шугам татах зэрэг нэмэлт ажлууд гарна. Тэгэхээр цахилгаан, азот, ус, уур хэрэглэнэ гээд тусгай шаардлага дээр нь заачихвал ямар ч асуудал гарахгүй. Энэ бүхнийг тооцоогүйгээс нэмэлт зардал гардаг. Шинэ техник үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэл учруулдаг.

Тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг зөв боловсруулснаар ийм алдаа дахин гарахгүй. Техникийн бодлого зөв хэрэгжинэ, нэг стандартад орж цэгцэрнэ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд болон бодлогын хэлтсүүдтэй хамтран техникийн тодорхойлолт загварыг зөвшилцөх замаар боловсруулж, 12-р сарын 25-ны өдөр буюу Уурхайчдын баяраар “Техникийн тодорхойлолтын загвар батлах тухай” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэр гарсан. Ингэснээр 2020 онд Эрдэнэт үйлдвэр худалдан авалт хийж буй бүх тоног төхөөрөмжийнхөө техникийн тодорхойлолтыг нэг загвараар боловсруулна. Техникийн бодлого нь техникийн тодорхойлолтоос эхлэх ёстой. Байшин барилаа гэж бодоход суурийг нь сайн тавина гэсэн үг.

-Баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ

Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонгийн материалыг 2020 оны 1 дүгээр сарын 13-аас 2 дугаар сарын 26-ыг хүртэл хүлээж авна. Иймд 1,2 дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд хорооныхоо нийгмийн ажилтанд материалаа бүрдүүлж өгнө үү.

АЛДАРТ ЭХИЙН 1,2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
3.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
4.Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
5. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагаа
6. 1-р зэргийн одон авах ээж 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар авчрах

Мөн хүүхэд 2020 оны 6 сарын 1-ээс өмнө 1 нас хүрсэн бол одон авах болзол хангана. Та бүхэн хугацаандаа материалаа багтаан авчирч өгнө үү. Хоцорсон тохиолдолд материал хүлээж авахгүйг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Н.Золжаргалыг өнөөдөр шүүнэ

Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх бүрэлдэхүүн хэргийг өнөөдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүллээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм.