Categories
мэдээ нийгэм

“Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ. Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч мал осолджээ.

Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны /81 бог малын/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Зөрчилд холбогдогч Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн “Эрдэнийн Бат-Үүл” нэртэй твиттер хуудсанд сэтгэгдэл оруулж, З.Энхболдын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогджээ.

Э.Бат-Үүлийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21. Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлээс “…шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах…” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлууллаа.

Categories
мэдээ спорт

Барселона клубын дасгалжуулагчаар Кике Сетиен томилогдлоо

Испаний Барселона клуб ахлах дасгалжуулагч Эрнесто Вальвердег халж буйгаа өчигдөр зарлаад байсан билээ. Эрнесто Вальверде Барселона клубыг хоёр жил гаруй хугацаанд удирдахдаа 145 тоглолтыг хийж, 97 тоглолтонд хожин, 32 тэнцэн, 16 удаа хожигдсон юм. Тэрээр Барселонагийн дасгалжуулагчийн хувиар Ла лигт хоёр удаа, Копа Дел Рей болон Испаний Супер цомд тус бүр нэг удаа түрүүлсэн. Гэвч энэ улирлыг сайнгүй үргэлжлүүлж буй нь түүнийг халах шалтаг болсон юм.

Барселона клубын шинэ дасгалжуулагчаар томилогдсон Кике Сетиен хоёр жилийн гэрээг багтайгаа үзэглээд байна. Тэрээр Барселонагийн түүхэн дэх 60 дахь дасгалжуулагч болж буй юм. Кике Сетиен 2018 оны 11-р сард Реал Бетисийг удирдан Барселонаг Камп Ноуд хожсон бөгөөд тэрээр Барселонагийн талбайд ялалт байгуулсан хамгийн сүүлийн дасгалжуулагч болоод буй билээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд усан доогуур баримжаалах, усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 39 аврагч хамрагдаж байгаа юм.


Аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааг усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж, шинэ алба хаагчдаа сургаж бэлтгэн бэлэн байдлыг нь хангуулах тус дадлага сургууль энэ сарын 17-ныг үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Өнөөдөр Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ


Өнөөдөр байнгын хороодын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.


1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

01 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ О.Алтангэрэл: Хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолох нь эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй

-ЯМАР Ч ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ, УЛС ТӨРИЙН ӨШӨӨ АВАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АШИГЛАДАГ ЖИШИГ ТОГТООХ НЬ-

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсны дунд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн анхааралд байна. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор боллоо. Үр дагавраас нь ярилцлагаа эхлэх үү?

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал бол нийгэмд олны анхаарлыг татаж байсан асуудал мөн. Эрүүгийн хуулийг процессын болон материаллаг хэм хэмжээ гэдгээр нь зааглаад, ялгаж байна гэдэг байдлаар хандангуутаа хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолохоор болсон үйлдэл бол эрүүгийн эрх зүйн үндсэн суурь зарчмыг хөндөж байна гэж үзэж байгаа.

Энгийн үгээр хэлбэл, Эрүүгийн хуулийн хамгийн гол зарчим нь Эрүүгийн хуульд заасан үйлдлийг гэмт хэрэг гэж үздэг. Эрүүгийн хуульд заагаагүй бол тэр гэмт хэрэг биш. Өнөөдөр нэг хууль гаргаад өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө хүнийг яллаж буруутгаж болохгүй. Энэ бол эрүүгийн эрх зүйн суурь зарчим. Энэ зарчмыг хадгалж, Эрүүгийн хуулийг хэрэгжүүлж цааш явах нь манай үе үеийн УИХ, Засгийн газрын үүрэг байх ёстой.

Гэтэл өөрсдөө алдаа гаргаж хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачдад ял завшуулах боломж олгочихоод тэр нь хэлэлцэгдэнгүүт шууд хуулийн үндсэн зарчмыг эвдээд алдаагаа засах гэж оролдож байгаа нь илүү ноцтой үр дагаварт хүргэнэ гэж болгоомжилж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэж юу вэ гэвэл тухайн үйлдлийн нийгмийн хор аюул нь арилах бололцоотой хугацааг тавиар түүнээс хойш хэрэгт татдаггүй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа зарим нэг гэмт хэрэг хүнийг яглах нь утгагүй болдог.

Жижиг хэмжээний хулгай хийгээд таван жилийн турш хууль мөрдөөд амьдарсан хүнийг таван жилийн өмнөх хулгайтайгаар нь ял өгөх үү, үгүй юу гэдэг асуудал.

Гэтэл одоо УИХ шийдвэр гаргаад ямар ч төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөөд хэдийд бол хэдийд хүссэн хугацаандаа яллаж болдог, улс төрийн олонх болсон хүчин нь эргэж өшөө авах хэрэгсэг болгож ашигладаг болох нь. Ганц авлигын гэмт хэрэг биш өөр хэсэг дээр ч өшөө авах хэрэгсэг болгож ашигладаг жишгийг тогтоож байна.

Гэхдээ дэвшилттэй зүйлүүд байгаа. Улсын дээд шүүх тайлбар гаргадаг болж байна, зарим төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр өөрчлөлт орсон гэх мэт. Улсын дээд шүүх 2011 оноос хойш тайлбар гаргахаа больсон байсан. Харин одооноос Эрүүгийн хууль дээр норматив тайлбар хийе гэдэг шийдэл гарсан.

Хуульч хүний хувьд үүнд баяртай байгаа. Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрхгүй олон төрлийн маргаан байдаг боловч яг хүн өмгөөлж үзсэн, эрүүгийн хэрэг дээр ажиллаж, өмгөөлөгч хийж үзсэн хуульч хүний хувьд хуульчид бол үүнийг дэмжиж байгаа.

-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд байсан. Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн гэх мэт хүмүүс холбогдсон 13 хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсныг прокуророос мэдэгдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлснээр эдгээр хүмүүс хариуцлага хүлээх боломжтой боллоо гэж дүгнэх нэг хэсэг байна?

-Одоо яригдаж байгаа авлигачдын хэрэг шийдэгдэх ёстой. Гэхдээ нэг зүйлийг анхаарах учиртай. Миний таньдаг нэг ах ийм нэг зүйл ярьсан юм. Монгол Улсыг тойрсон модон хашаатай байлаа гэж үзэхэд улстөрч болгон хэн нэгэнд таалагдах гэж нэг, нэг банз цөм цохисоор байгаад хашаагүй болчихтой адил. Үүн шиг өнөөдөр оноо авахын тулд эрх зүйн үндсэн зарчмыг эвдэж болохгүй.

Авлигачдын хэргийг дахиж шалгахаар болсон ч өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг далдлахын тулд хийж байгаа ажил. Хууль тогтоогчид бүгд өмнө нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг баталсан, мэдэж байсан. Ганц Ш.Раднаасэд баталсан юм биш.

Тэгвэл бод доо, баталсан хүмүүсийг одоо гаргаад ирэхэд нэрс нь байгаа. Тэд тухайн үед мэдээгүй гэж байгаа бол УИХ-ын индэр дээр ямар ч мэдлэггүйгээр кноп дараад суудаг болж таарч байна. Хуулийн доторх агуулгыг мэдэхгүйгээр сууж байдаг болж хувирч байна.

Эрүүгийн хууль бол нийгмийн харилцааг хамгаалдаг хамгийн чухал хууль. Бусад хуулиуд бол зохицуулдаг. Та өглөө гараад автобусанд мөнгөө төлж байгаа юм чинь, түүнчлэн үйлчилгээ авч байгаа учраас Иргэний хуулиар, та нэг дарга дээр ороод асуудал тавиад шийдүүлж байгаа бол Захиргааны ерөнхий хуулиар зохицуулаад явдаг бол таныг бусдад зодуулахгүй байх, өмч хөрөнгийг чинь бүрэн бүтэн байлгах, тусгаар тогтнолыг хамгаалах баталгаа нь Эрүүгийн хууль.

Тэгэхээр энэ хуультай холбоотой жижиг том бүх өөрчлөлт дээр УИХ-ын гишүүд маш анхааралтай байх ёстой. Улс орны тусгаар тогтнол, хүний эрх чөлөөний баталгаа болсон хуулийн жижиг сажиг өөрчлөлт дээр ч гэсэн санамсаргүй, мартсан зүйл байх ёсгүй.

Тэр хууль нэгэнт батлагдсан бол УИХ-ын гишүүн юун дээр гараа өргөж байна, ямар хууль баталж байгаагаа мэдэж байх ёстой. Өөрсдийнхөө хариуцлагагүй үйлдлээ залруулахын тулд гаргаж байгаа энэ үйлдэл нь эсрэгээрээ улам хор хөнөөлтэй.

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахиж шалгана гэж байгаа. Нэг ёсондоо тэд ч хэрэгтэй гэсэнтэй ялгаагүй. Гэтэл нөгөө шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэсэн зарчим алдагдах нь ээ?

-Энэ маш чухал асуудал. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хүмүүсийн шүүхийн шийдвэр одоо болтол гараагүй байгаа гэсэн үг.

Шүүхээр шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг зарчмыг хөндөөд яг энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзээд яриад байна. Гэтэл цаана нь хөөн хэлэлцэх хугацаагаар биш, хуулийн бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болох олон зүйлчлэл байдаг юм шүү дээ.

Хамгийн гол нь хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох энэ асуудал зөвхөн авлигын гэмт хэрэгт биш хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих болчихоод байна. Эрүүгийн эрх зүйн зарчим хөндсөн ийм хууль хүний эрх чөлөөний ухралтын үед дарангуйлагч тоталитар дэглэмтэй улсуудын хууль тогтоомжид түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр үүнийг хуульч хүнийхээ хувьд эрүүгийн эрх зүйн ухралт гэж харж байгаа.

-2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл ангийг шийдвэр гаргагчид хасчихсан. Үүнээс болж ЖДҮ-гийн хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа гэгддэг. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолохыг шийдсэн хүмүүс албан тушаалын байдлаараа нөлөөлөх зүйл ангийг сэргээх ёстой гэсэн байр суурь ажиглагдсан. Тэгж болох уу?

-Энэ чинь дахиад л нөгөө зарчим руугаа ороход хүргэнэ. ЖДҮ-г шийдэхийн тулд албан тушаалаа нөлөөлсөн зүйл ангийг буцааж сэргээгээч гэвэл уг нь бидний зарчмаар одоо сэргээсэн ч өнгөрсөн хугацаанд буцаж үйлчлэхгүй байх ёстой. Энэ бол зарчим.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудлыг процессын асуудал гэж тайлбарлаад байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа процессын хэм хэмжээ учраас хамаарахгүй гэж яриад байгаа. Хүн ойлгоход хамгийн түвэгтэй хэсэг энэ.

Гэхдээ нэгэнт гарсан шийдвэр дээр ийм алхам хийж байгаа нь ялгаа байхгүй процессын ч бай, материаллаг ч бай үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг.

-Хууль гэдэг хүний эрх чөлөөгөөр, цусаар бичигддэг гэдэг. Үнэхээр таны хэлснээр нэг улс төрийн хүчин нөгөөгөө намнах, өс хонзонгоо авахын тулд эрх зүйн үндсэн зарчмыг эвдэж байгаа нь нийгэмд ямар хор хөнөөлтэй вэ?

-Яг өнөөдөр ийм хор хөнөөл үүснэ гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дараа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн аливаа нэг шийдвэрийг эрх барьж байгаа улс төрийн хүчин улс төрийн өшөө авах, өрсөлдөгч улс төрийн хүчнээ намнах зорилгоор шийдвэрлэж болох нь гэсэн жишгийг тогтоож өглөө.

Өмнө нь ийм юм гарч байсан гэсэн жишиг болж байгаагаараа хамгийн аюултай. Энэ удаагийнх шууд нийгэмд үзүүлэх хор нөлөө харагдахгүй. Харин эсрэгээрээ авлигачид нь ял аваад яваг гээд бүгд алга ташиж байгаа. Гэхдээ дараагийн удаа энэ нь жишиг болоод бусад зүйлийг хөндөх л аюултай.

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд манайд нэг хэсэг маргаан өрнөсөн. Таныхаар аль хугацаа нь илүү манайд тохиромжтой вэ. Олон улсын практикаар хэрэг илэрч гэмт этгээд яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг гэдэг?

-Хөөн хэлэлцэх хугацаан дээр ойлгох ёстой энгийн зүйл бол яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох боломжтой байвал өөрөө тэр процессыг сунжруулдаг.

Мөрдөж байгаа албан тушаалтан нь хэргийг сунжруулж байгаад хэрэгсэхгүй болгодог. Нөгөө талд хэрэг шалгагдаж байгаа хүмүүс хугацаа хожиж ял завшихыг санаархдаг хамгийн гол үндсэн хүчин зүйл энэ. Түүн дээр нөлөөлөөд байдаг муу талтай. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьсаар байгаад ер нь сүүлдээ энэ нь байх ёстой юу, үгүй юү гэдэгт хүрчихлээ.

Хөөн хэлэлцэх хугацаа гэж гарцаагүй байх ёстой. Яллагдагчаар татаад шүүхээр хэлэлцэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй байх ёстой.

-Эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулж байгаа хөөн хэлэлцэх хугацааг эргэж тоолох асуудлыг засах боломж нөхцөл байна уу. Үндсэн хуулийн Цэцэд хандах гарц л байна уу?

-Хуульчдын ганц арга бол Цэцэд хандах. Тиймээс хуульчид Цэцэд хандах байх. Хамгийн хэцүү асуудал нь нэг талаас муу авлигачдыг өмөөрлөө гэж сурталчлаад “Бид нар хамгаалах гэж байхад энэ нөхөр авлигачдыг өмөөрлөө” гэсэн байдлаар хандаж яриад байгаа нь түвэгтэй.

Миний хувьд бол Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан гэж Цэцэд хандсан. Түүгээр зогсохгүй өнөөдрийн Засгийн газар, УИХ-ын шийдвэртэй холбоотой маш олон удаа Цэцэд хандаж байсан. Зарим нэг гарцаагүй шийдвэрлэх ёстой зүйлүүдийг шийдвэрлээгүй учраас Цэцийг ийм асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлгүй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.

Шинээр томилогдсон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн авч уулзаж, цаашид суугаа орон болон НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, удирдамж, заавар өгөв.

Categories
мэдээ спорт

“Охидын Футзалын цом”-ын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монголын Хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд 13 хүртэлх болон 15 хүртэлх насны “Охидын футзалын цом”-ын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээнд орон нутгаас Архангай, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн багууд оролцож байгаа билээ. Эхний тоглолт 13 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй Сүхбаатар аймаг болон “Туулын том тулнууд” багуудын хооронд явагдах юм. Энэ удаагийн тэмцээний 13 хүртэлх насны ангилалд зургаан баг өрсөлдөж байна.

Харин 15 хүртэлх насны ангилалд 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм.

“Охидын футзалын цом”-ын тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.


У.ЧИНЗОРИГ


Categories
мэдээ нийгэм

“Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн тогоонд унасан гурван хүний биеийн байдал хүнд байна

“Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд гурван хүн унаж, хорджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан тус дүүргийн харьяат 44 настай, эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн 36 настай, эрэгтэй Ш, 34 настай, эрэгтэй Л нар унасан тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 14:23 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тухайн иргэд хордож, ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

ОБЕГ-аас өнөөдөр 05:40 цагийн орчимд ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүнээс иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахад “Тогоонд унасан хоёр иргэний биеийн байдал хүнд, ухаангүй, нэг иргэн ухаан орсон, биеийн байдал нь хүндэвтэр байна.

Мөн тус үйлдвэрийн хоёр ажилтан хордлогын шинжтэй ирсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа” тухай мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тойргоо зураад эхлэхээр л тойрохоо зуруулчихдаг юм даа

Өнөө жил сонгууль болно. Дөрвөн жил тутамд болдог сонгуулийн жилд эрх баригчид хоёр л ажил хийдэг. Тэдний хувьд амин чухал, дахиж сонгогдох эсэх нь шийдэгдэх жил учраас энэ хоёр ажил бол эрх баригчдын хувьд хамгийн чухал нь. Бүр эртнээс үүнд анхаарал хандуулж, санал санаачилга үүсгэж хийдэг. Энэ бол нэгд, Сонгуулийн хууль өөрчлөх, хоёрт, тойргоо өөрсдөдөө тааруулан зурах ажил юм. Өнөө жилийнхээ сонгуульд зориулсан ажлын талыг нь эрх баригчид хэдийнэ хийчихсэн. Өөрөөр хэлбэл, он солигдохын өмнөхөн Сонгуулийн хуулиа шинэчлэн баталж, сонгуулийн жилээ хундага тулгасан шигээ маадгархан угтсан юм, тэд. Сонгуулийг өөрсдөдөө таатай, хамгийн боломжтой хувилбараар хийхээр хуульчилж, дахин сонгогдох магадлалаа ихэсгэсэн хэмээн тооцсон болохоор ийн маадгар байгаа хэрэг. Ердөө түрүүчийн сонгуулийн өмнө шинэчлэн өөрчилсөн хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хэмээн тайлбар зүүж засч найруулж байгаа хэрэг шүү. Энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон мажоритар тогтолцоогоор явагдахаар болгов. Нэг аймаг, нэг дүүрэг нэг тойрог болон хуваагдаж 26 тойрогт намууд, нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байна.

Одоо дараагийн хийх гол ажил нь энэ сардаа багтаан тойргоо зурах. Урьдчилсан хар зургийг нь харвал хотоос мандат хасаж, хөдөөд нэмж байгаа бололтой. Арга ч үгүй юм, хотынхон мэдээлэлд ойр, бас ч гэж улсын нийслэл хойно, юмны учир мэддэг хүмүүс дийлэнх болохоор УИХ-д өнгөрсөн дөрвөн жил хэн ямар үүрэгтэй байв, хэн нь яаж булайгаа дэлгэв гэдгийг мэдэхтэйгээ байгаа. Тиймээс орон нутаг руу мандатын тоо нэмэхээр ярьж байна. Нутагтаа тэд ёстой авралын бурхан мэт залагдаж, арилгасан сонгино шиг цэвэр хүн харагдана гэж тооцжээ. Уг нь олны жишгийг харж байхад газар нутгийн хэмжээгээр биш, хүн амын тоогоор мандат тооцох нь зүйтэй юм. Харин манай хэд “хүн ам яахав ээ, газар нутгийн хэмжээгээр мандаттай байх нь эх орон эзгүйрэхээс хамгаална” гэсэн юм яриад хөдөө рүү зүтгэцгээж байгаагийн цаад зорилго нь ердөө дахин сонгогдох. Өмнөх туршлагаас харж байхад эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчилж, тойргоо зураад эхлэхээр өөрсдөө тойрохоо зуруулдаг гэмтэй. “Тойрох зуруулах” гэдгийг ажлаас халагдсан хүн албан тушаалтан бүр дээр очиж гарын үсэг зуруулдаг хэллэг гэдгийг мэдэх байлгүй.

МАН энэ удаа АН-ыг гаргахгүй байх, М.Энхболдын фракцаас бүрмөсөн салах тохироотой тойрог зурж байгаа. Гэтэл М.Энхболдын фракц гэвэл энэ намын бараг тал нь гэхэд болно. Тэд их хуралд нэр дэвших боломжгүй болвол “Би яахав ээ, нам маань ялаг” гээд гараа эвхэн суухгүй нь ойлгомжтой. Харин ч бүр энэ засгийг тэр чигт нь унагаж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн хүнээ сойх талаар төлөвлөх нь тодорхой. Өнгөрсөн түүхээс харахад эрх баригчдын энэ мэт хагарал өөрсдөд нь дандаа ялагдал авчирч байв.

1992 оноос 2004 онд явагдсан Улсын Их Хурлын дөрвөн удаагийн сонгуулийг 1992 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар явуулжээ. Мөн 2005, 2011, 2015, 2019 онд Сонгуулийн хуулийг өөрчилж, шинэ хуулиар сонгууль явуулж байсны үр дүнг товч харъя.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор 1996, 2000 онуудад нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна.

1992 онд Улсын Их Хурлын анхдугаар сонгууль нь томсгосон 26 тойрогт явагдаж улс төрийн долоон нам, хоёр эвсэл, бие даагч нийт 293 хүн нэр дэвшжээ. Сонгуулийн үр дүнд МАХН (одоогийн МАН) 70 суудал авч, Ардчилсан хүчин нийтдээ таван суудал авсан байдаг.

1996 онд УИХ-ыг нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгууллаа. Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН-аас Очирбатын Дашбалбар эзэлжээ. Энэ үеэс л Ерөнхий сайдыг ойр ойрхон огцруулдаг жишиг эхэлсэн билээ. М.Энхсайхан хоёр жил, Ц.Элбэгдорж хагас жил, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар жил хүрэхгүй хугацаанд Ерөнхий сайдаар ажиллав. Хэдийгээр М.Энхсайханы Засгийн газрын үед өмч хувьчилж, үнэ чөлөөлөх зэргээр эдийн засгийн шинэчлэл эхлүүлсэн гэдэг ч төрийн тогтворгүй байдал сонгогчдод таалагдсангүй.

2000 онд өмнөх сонгуультай адил жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон. 72 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАХН-ын Ерөнхий сайд нь Н.Энхбаяр . Нэг нам хэт олонх болсон энэ үеэс л МАХН-ын дарангуйлал, нэг хүний ноёрхол гаарч эхэлсэн гэдэг. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр” болтлоо зураг нь гудамж талбайгаар дүүрч байлаа. Хувьсгалт намын сонгуулийн цуглаан дээр хүн нас барахад зөвхөн “Өдрийн сонин” л мэдээлдэг байсан үе. Үүнийхээ төлөө, эрх баригчдыг шүүмжилсэнийхээ шанд шүүх цагдаад өдөр шөнөгүй дуудагдан, байцаагддаг байсан үе юм.

2004 оны сонгуульд МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН нэг суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон юм. МАХН, АН-ын аль нь ч олонхи болоогүй учраас хамтарсан Засгийн газар байгууллаа. Тэд энэ үеэр буюу 2005 онд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчилсэн юм.

2008 онд шинэ хуулиар зохион байгуулагдсан УИХ-ын сонгуульд МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг, ИЗН нэг, бие даагч Зоригийн Алтай сонгогджээ. Энэ сонгуулиар санал луйвардсан хэмээн дургүйцсэн иргэдийн жагсаал цуглаан болж, аймшигт “Долоон сарын 1”-ний гэх хэрэг гарсан билээ. . “Ардчилалд өгсөн ард түмний санал хаачив” хэмээн лоозон барьсан мянга мянган жагсагчид “санал луйвардсан” хэмээн маш их бухимдсан юм. Энэ үеэр таван хүн буудуулж нас барсан бөгөөд Онц байдал зарлаж, жагсагчдыг машин машинаар нь шорон руу ачиж байв. Хэдэн зуун хүн жагсаалд оролцсоныхоо төлөө ял сонссон билээ. Эрх баригчид мөн л сонгууль болохоор нэг жилийн өмнө буюу 2011 онд Сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчилсэн байдаг.

2012 онд шинэчилсэн Сонгуулийн хуулинд зааснаар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явууллаа. Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам хоёр суудал авч, гурван бие даагч сонгогдсон юм. Эрх баригчид Засгийн газраа унагаж, хоорондоо хэрхэн өрсөлдөж, дээр дороо орж байсныг хүмүүс мартаагүй байгаа байх. 2016 оны сонгуулийн өмнөхөн АН мөн л Сонгуулийн хуулийг өөрчилж, жижиг мажоритар буюу нэг тойрог 1-6 мандаттайгаар сонгууль явуулахаар болов. Эрх баригчид ингэж сонгууль явуулахад өөрсдийгөө ялна гэж тооцсон болохоор эсэргүүцсэн лийдэрүүдийнхээ үгийг тоогоогүй юм.

2016 оны УИХ-ын энэ сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. АН дөнгөж бүлэг байгуулах хэмжээний санал авсан юм. Тэдний шинэчилсэн хууль өөрсдөд нь ийм үр дүн авчиржээ. Өдгөө МАН нэг гишүүнээ шоронд илгээж одоо 64 суудалтай болсон. АН хоёр гишүүнээ хөөж бүлэггүй болсон. Харин их хуралд дахин нэг нам бий болжээ. Хэт олонх болсон МАН сонгуулийн дараагийн жил УИХ-ын дарга М.Энхболдыгоо огцруулж Г.Занданшатарыг дарга болгов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг мөн л огцруулж У.Хүрэлсүх засаг тэргүүлж байна. Ялсан баатрууд Сонгуулийн хуулиа баталчихаад одоо тойргоо зурж байна. Яг л өмнөх дөрвөн жилийн дүр зураг харагдаж байгаа биз.

Дээр дурдсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч болон нэр дэвшигч нүүр тулан уулздаг сайн талтай боловч түүнээс дутахгүй сөрөг үр дагавартай. Жишээ нь, нэг мандаттай тойрогт сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гарах, сонгогчдын санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл, 40 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялагдаж байхад өөр нэг тойрогт 30 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдож болдог. Мөн нийслэлийн тойргуудад нэр дэвшигч нь аймгуудын тойрогт нэр дэвшигчээс хэд дахин илүү сонгогчдын санал авч сонгогддог. Олон мандаттай томсгосон тойрогт явуулдаг мажоритар тогтолцооны хувьд сонгогчийн тэгш эрхийн зарчим алдагдахад хүргэдэг үр дагавартай. Тухайлбал, зарим тойрогт сонгогч 3-4 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад өөр нэг тойрогт сонгогч 1-2 нэр дэвшигчийн төлөө санал өгч байх жишээтэй.

Уг нь улстөрчид маань Үндсэн хууль, өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил зэрэгтээ анхаарч, сонгуулийн тогтолцооны сул тал, сөрөг үр дагаврыг нь багасган боловсронгуй болгох, засч залруулах, сайжруулах ажлыг хийж байх ёстойсон. Гэтэл манай хэд “хэн хаана нэр дэвшвэл ялах боломжтой вэ. Энийг энд дэвшүүлье, тэрийг тэндээс хасъя” гэдэгт толгойгоо гашилгаж байна. Яаж ч хамаагүй ялах тухай бодож, сонгогчдод таалагдах ажлуудыг л хийж байна. Олон жил энэ байдал давтагдаж байгаа учраас сонгогчид тойрохыг нь зурж чаддаг болжээ. Тойргоо зурж байгаа эрх баригчид маань тойрохоо зуруулчих вий дээ.