Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан 11.05 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй тул хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. Тодруулбал, хуулийн төслийн хүний эрхийг хамгаалах тэр дундаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалтуудыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдсан юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг асуудлыг заавал хойшлуулах шаардлагагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн үеэр нарийвчлан хэлэлцэх боломжтой гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар Усны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Хүн амын тэн хагас нь оршин сууж байгаа учраас мандатын тал нь нийслэлд оногдох ёстой

ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аас УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Ингэхдээ1992,2008 онуудад хэрэглэж байсан томсгосон тойрогтой дийлэнх олонхын тогтолцоог авч хэрэглэхээр шийдэж байна. Энэ тогтолцоо бол хуучин жижиг 76 тойрогтой тогтолцооноос бага зэрэг дэвшилттэй боловч сүүлийн 30 жил бид хортой үр дагаврыг нь амсаж байгаа төрийг хямралт байдалд хүргэсэн дийлэнх олонхын тогтолцоог хэрэглэх гэж байгаа нь харамсалтай. Учир нь дийлэнх олонхын тогтолцооноос болж манайд парламентын ардчилал бэхжиж чадахгүй, тойргууд руу төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, улс төрийн намууд төлөвшдөггүй, бэхэждэггүй, мөнгөний улс төр явдаг, улс төрийн авлига хөгжсөн зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид ингэж шийдсэн учраас энэ тоглоомын дүрмээр цаашаа явна гэсэн үг. Гэхдээ энэ тогтолцооны сөрөг талуудыг багасгах хууль зүйн боломжууд байна. УИХ-ын сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шинэчлэн тогтоохдоо сонгох, сонгогдох эрхийн тодорхой зарчмуудыг хангасан байдлаар тогтоох боломж нь УИХ-д байгаа. Энэ боломжоо шийдвэр гаргагчид ашиглах байх гэж найдаж байна.

-Сонгуулийн тойргийг хэрхэн тогтоох нь зүйтэй юм бэ?

-Хамгийн гол нь парламентын ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намуудыг төлөвшүүлэхийн тулд энэхүү олон мандаттай сонгуулийн тогтолцооны хувь тэнцүүлэх нөлөөг нь аль болох өндөр байхаар буюу тойргуудийг аль болох томсгож, аль болох олон мандаттайгаар, жижиг тойрог дээр тойргоо “услаж”сонгогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, мөнгөний нөлөөг багасгахуйцаар тогтоох хэрэгтэй. Нэн чухал зүйл нь сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангах, сонгуулийн суурь зарчмуудыг хангасан байдлаар тогтоох ёстой. Ингэхдээ хэд хэдэн зарчим барих ёстой юм. Сонгуулийн тойргийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус сонгуулийн газар зүй буюу тойргийн сонгогчдын тоо харилцан адил байхаар тусгайлан тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, том газар нутгийг хамарсан, олон мандаттай байдлаар тойргийг тогтоох хэрэгтэй. Ингэхээр хувь тэнцүүлсэн элемент нь илүү сайн болж улс төрийн намууд харьцангуй төлөвших процесст дэмжлэг болж,сонгуулийн төлөөллийн зарчим илүүтэй хангагдах боломжтой. Мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой. Тодруулбал, бүгд хоёр мандаттай, эсвэл бүгд гурван мандаттай тойрог гэдэг ч юм уу. 1992, 2008 онд олон мандаттай тойргоор сонгууль явуулахдаа Говьсүмбэр аймаг нэг мандаттай, Баянзүрх дүүрэг дөрвөн мандаттай гэхчлэн харилцан адилгүй тогтоодог байсан. Энэ нь сонгох эрхийн тэгш байдлыг зөрчиж байгаа юм. Хэрвээ иргэд төрөө тэгш эрхтэйгээр сонгохгүй юм бол энэ төр бүх иргэдийн төр биш болж хувирна.Учир нь Говьсүмбэр аймгийн иргэн нэг мандаттай, чухал биш иргэн. Сонирхлоо ганц УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Харин Баянзүрх дүүргийн сонгогч өөрийн эрх ашиг улс төрийн хүсэл зоригоо дөрвөн УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Тэр хэрээр Говьсүмбэр аймаг руу очих хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт бага болдог. Баянзүрх дүүрэгт эсрэгээрээ болдог гэдэг ч юм уу. 1992 онд Үндсэн хуулийн Цэц харалган шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуульд сонгогчид тэгш эрхтэйгээр сонгоно гэж үгчилж бичээгүй учраас иргэд төрөө тэгш бус эрхтэйгээр сонгож болно гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. 2008 оны сонгуульд нэр бүхий иргэд Цэцэд хандахад 1992 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр байгаа учраас энэ асуудлаар дахин Үндсэн хуулийн маргаан үүсгэхгүй хэмээн шийдэж байсан. Энэ бол маш хор нөлөөтэй шийдвэр. Үүнийг Үндсэн хуулийн Цэц засах боломжтой. Эсвэл УИХ Монгол Улс ардчилсан, парламентын засаглал бэхжих ёстой гэж үзэж байгаа бол тойрог байгуулах УИХ-ын тогтоолоороо энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэх, сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангасан байдлаар тогтоох боломжтой. Үүнийг хангаж тогтоохын тулд дээр дурдсан аль болох тойргийг томсгох, тойргуудад ногдох сонгогчдын тоо адилхан байх, мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой юм.

-УИХ-ын гишүүн хүн хэдэн хүнийг төлөөлөх нь зохистой харьцаа вэ?

-Мэдээж тухайн улсын парламент хэдэн гишүүнтэй байхаар хуулиараа тогтоосон байна тэр хэмжээгээр л төлөөлөл нь тодорхойлогдоно. Манай улсын хувьд 42000 гаруй иргэнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байгаа гэж харагдана. Парламентын засаглалтай дэлхийн хөгжингүй орнуудын жишгийг судлан үзэхэд Таагепера нарын улс төр судлалын эрдэмтдийн гаргасан куб язгуурын хууль буюу тухайн улсын хүн амын тоог куб язгуурт оруулан тооцож парламент нь хэдэн гишүүнтэй байвал зохистой болохыг тогтоодог аргачлалыг ерөнхийдөө ашигласан байдаг. Энэхүү аргачлалаар тооцож үзвэл манай УИХ 147 гишүүнтэй байх шаардлагатай байгаа. Саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх боломжийг ашигласангүй. Тэр утгаар үзвэл манай гишүүд хэт олон иргэнийг төлөөлж байна гэсэн үг. Гэхдээ олон мандаттай тогтолцооны урьдын тойргоо дахин байгуулвал мэдээж хэрэг төлөөллийн зарчим алдагдаж, тэгш бус байдал үүснэ.

-Хүн амын тэн хагас нь нийслэлд ажиллаж, амьдарч байна. Гэтэл нийслэлийн мандатын тойргийг багасгаж хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх нь буруу гэх шүүмжлэл олон нийтийн дунд явж байна…

-Тойргийн хуваарилалтын сургаар өмнө нь нийслэлд 26 мандат байсан бол 24 мандат оногдуулж, өөрсдөө хөдөө орон нутагт бүтэцтэй учраас тэндээс сонгогдоно гэсэн байдлаар мандатын тоог нэмэгдүүлсэн зохицуулалт хийгдэх гэж байна гэх мэдээлэл явж байна лээ. Энэ тохиолдолд маш ноцтой үр дагаварт хүрнэ. Яагаад гэвэл нийслэл хотод нийт хүн амын тал хувь нь оршин сууж байна. Сонгууль газар нутгийн төлөөлөл биш. Сонгогчдын буюу хүн амын төлөөлөл. Тэгэхээр мандатын тал нь нийслэлд оногдох ёстой. Ийм байдлаар тогтоохгүй бол 2008 оны эмгэнэлт байдал руу орох нөхцөл байдал бүрдэж болзошгүй. Үүнийг улстөрчид бодож шийдэх хэрэгтэй. Сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг маш ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын мандатын тоог бууруулах нь байтугай 38 болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Газар нутгаар тойрог, мандатын тоог тогтоох нь ямар намд ашигтай вэ?

-Энэ мэдээж социализмын үеийн төржсөн номенклатур бүтэц, улс төрийн авлигын тогтолцоогоо хадгалаж үлдсэн, дээрээс нь өнгөрсөн хугацаанд дийлэнх олонхын тогтолцоогоор хүн ам цөөнтэй, мэдээлэл муутай орон нутгийн сонгогчдоос халамжлагч феодалын дүрээр сонгогдсоор ирсэн МАН-д, түүний тойргоо “усласан” гишүүдэд л ашигтай байгаа байх. Гэхдээ Монголын сонгогчид энэ 30 жилд эрх биш нэлээд хэрсүүжиж, энэ удаад дахин МАНАН-г эсвэл тэдний өнгөлөн далдалсан “гар, хөл нам”-уудыг сонгож хууртагдахгүй гэж үзэж байгаа хандлага бас ажиглагдаж байна.

-Газар нутаг, эсвэл хүн амаар мандатын тоог тогтоох нь давуу болон сул тал нь юу вэ?

-Дээр дурдсанчлан нийслэлд хүн амынх нь тал хувь амьдарч байгаа, сонгууль нь хүн амын төлөөллийг бүрдүүлж буй үйл явц учраас УИХ-ын гишүүдийн талыг нь нийслэлээс сонгох шаардлагатай болно. Гэтэл нөгөө орон нутгийн феодлууд нь хэдэн тэрбумын хөрөнгө мөнгө зарцуулаад тойргоо “усалчихсан” буюу улс төрийн авлигаа тараачихсан байгаа. Тэгэхээр ингэх нь мэдээж хэрэг улсын төсвийн хөрөнгөөс ЖДҮ-ийн зээл гэх мэтчилэн хулгайлсан хөрөнгөөрөө сонгогчдыг дөрвөн жилийн турш авлигадсан эрх баригчдад л ашиггүй байгаа. Тойргийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус харин сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байхаар тогтоовол төлөөллийн зарчим, сонгох, сонгогдох эрхийг тэгш байдлын зарчим хангагдаж, сонгогдсон төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал дээрдэнэ. УИХ-ын, ерөөс Монголын төрийн шаварт хутгалдсан нэр хүнд сэргэнэ. Хуучин улс төрчид хүн ам таруу оршин суудаг Монгол орны хувьд ийнхүү тогтоовол төвлөрөл явагдаж, зах хязгаар нутаг эзэнгүй болж, хятадууд хилээр орж ирээд суурьшчихна хэмээн айлгаж тайлбарладаг. Энэ бол мэдээж хий хоосон, хоцрогдсон, бодит үнэнд нэгэнтээ гүйцэгдчихээд байгаа тайлбар юм. Учир нь бид өнгөрсөн 30 жилд үндсэндээ байнга сонгуулийн дийлэнх олонхын тогтолцоотой явж ирсэн. Тэгвэл өнөөдөр яагаад хүн амынх тал хувь нь нийслэлд ирээд суурьшчихав. Худлаа байгаа биз. Зах хязгаар нутаг улам л эзэнгүйрсээр байгаа. Тэнд нь 300 хүүхдийн сургуульд 30 хүүхэд суралцаж байгаа, 200 суудалтай соёлын төвүүд нь хоосон гандаж байгаа. Тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, Монголын хөгжлийг хойш татаж байгаа. Хэрэв бид өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаа үр дүнтэй хийж, хөгжлийн зөв бодлого явуулсан бол эсрэгээрээ орон нутагт ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх нь ашигтай, боломжтой болсноор төвлөрөл саарч, орон нутгийн иргэдийн нуруу тэнийж, амьдрал цэцэглэх байсан. Тэгэхээр хөгжлийн гол чөдөр тушаа нь сонгуулийн мажоритар тотолцоо, түүнийг улайран хамгаалагч, өөрсдийн эрх мэдэлд хүрэх, оршин амьдрах үндэс гээд тооцчихсон авлигач, хуучин улстөрчид байгаа биз.


Categories
мэдээ спорт

“Футзалын Охидын цом”-ын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна

Монголын Хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд 13 хүртэлх болон 15 хүртэлх насны “Футзалын охидын цом”-ын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 14-нд эхэлсэн уг тэмцээний 15 хүртэлх насны ангилалын хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана. “А” хэсэгт багтан тоглож буй Ховд Вестерн болон Ганзам 20 багууд хэсгээс шалгарах эрхээ аваад байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтонд хожсон баг нь хэсгээ тэргүүлэх юм. Харин “В” хэсгээс Шинэ Яармаг баг хасагдах шатнаа шалгараад байгаа бол Хоромхон болон Хад багуудын хожсон нь хэсгээсээ шалгарах билээ. “С” хэсгийг Дэрэн тэргүүлж, өнөөдөр тоглох Архангай болон Монголын Тэмүүлэл багуудын хожсон нь хасагдах шатанд тоглох эрхтэй болно. Харин “D” хэсгийн хувь заяа Арвис болон Туулын том тулнууд багуудын тоглолтоос хамааран шийдэгдэх юм.

Мөн өнөөдөр “Футзалын охидын цом”-ын тэмцээний 13 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй багууд гурав дахь тоглолтоо хийх болно. Энэ ангилалд зургаан баг тойргийн журмаар өрсөлдөж буй юм. Уг тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл Монголын Хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд үргэлжилнэ.

У.ЧИНЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай


Хишиг трейд компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д хувиараа бизнес эрхэлдэг юм.


-Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн асуудал БНСУ-д хөдөлмөрлөж, бизнес эрхэлж байгаа монголчуудад сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл гарах боллоо. Таны хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Цэцийн дарга асны дуулиан таны бизнест яаж нөлөөлж байна?

-Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалтай хүн онгоцны үйлчлэгчийн биед халдсан асуудалд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ичгүүртэй байдалд оруулж, нэр нүүрийг нь шавартай хутгачихаад байна л даа.

Миний хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Бизнесийн олон ч түнш бий. Харилцагчид маань компанийн Монгол гэсэн нэр хараад Д.Одбаяртай холбоотой мэдээллийг илгээж байгаа юм. Хүмүүсийн харилцааны хэм хэмжээний наад захын ёс суртахууныг мэдэхгүй хүн танай улсын Цэцийн даргаар ажилладаг юм уу, танай төрийн албан хаагчдын ёс зүй ийм юм уу гэх асуудал алхам тутамд л монгол иргэдийг дагаж байна.

-Д.Одбаяр өндөр албан тушаалтай учраас асуудал ингэж өндөр авав уу. Ер нь БНСУ-д санамсаргүйгээр ч юм уу эмэгтэй хүний өгзөгт хүрсэн тохиолдолд ямар шийтгэл хүлээдэг вэ?

-БНСУ-д бол зөвшөөрөлгүйгээр хүний биед хүрэх нь байж болохгүй асуудал. Тэр дундаа эмэгтэй хүний өгзөгт хүрсэн асуудлыг БНСУ-ын хуулиар гэмт хэрэг гэж үзнэ.

Хэн нэгний өгзөгний зургийг зөвшөөрөлгүй дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай. Ийм хатуу хуультай байдаг учраас л БНСУ-д нийгэм цочир хүлээж авч байгаа юм. Ёс зүйн лекцэн дээр хүртэл Д.Одбаярын жишээг дурдаж байгаа юм.

-Д.Одбаярын гаргасан үйлдэл жирийн ажилчдад яаж туссан бол. Та юу анзаарав?

-Үйлдвэр, зочид буудлын дарга нар нь монгол ажилчдад бэлгийн дарамт үзүүлээд байж болно гэсэн ойлголттой болчихсон юм шиг санагдсан. Монгол эмэгтэйчүүд ийм асуудалтай тулгарч ажлаасаа гарсан хэд хэдэн тохиолдлыг нийгмийн сүлжээнээс уншсан.

-Бэлгийн дарамтад өртсөн юм бол хуулийн байгууллагад хандаж болдоггүй юм уу. Хатуу шийтгэлтэй байдаг талаар та яриандаа дурдлаа шүү дээ?

-Тэнд ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд дээрх хуулийн заалтыг тэр бүр мэддэггүй юм шиг санагдсан. Зарим нэг нь хараар ажил хөдөлмөр эрхэлдэг учраас айж эмээдэг байх. Ингээд л ажлын байраа өөрчлөхөд хүрдэг юм билээ.

-Бэлгийн дарамтад өртөөд ажлаасаа гарчихсан бодит жишээ байна уу?

-Үйлдвэрийнх нь эзэн бэлгийн дарамт үзүүлээд байгаа талаар надад нэг эмэгтэй мэдэгдэж л байсан. Миний хувьд хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн л дөө. БНСУ-д чинь хохирогчийг хамгаалдаг хуультай талаар мэдээлэлгүй байдаг юм билээ. Хараар ажиллаж байгаа учраас бариад хорьчихно гэж айгаад ажлаасаа гарчихсан байна лээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол визний асуудлаас шалтгаалж хорихгүй шүү дээ. Надтай холбогдож байсан эмэгтэйд хаана, ямар ажил олох уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтээр БНСУ-д хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн эрх ашиг их хохирч байгаа. Монголын Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ийм ёс зүйтэй юм чинь энд ажиллаж байгаа хүмүүс бүр доод түвшний гэж ханддаг болсон байна лээ.

Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас огцорсон ч БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа 48 мянган иргэдэд ажиллаж амьдрах эрх ашгийг ингэж хохироосондоо уучлалт гуйсангүй.

-Ер нь БНСУ-д ёс зүйн асуудал гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээсэн жишээ юу байна?

-Ёс зүйн алдаа гаргасан л бол хариуцлагаа хүлээж уучлалт гуйдаг жишиг БНСУ-д бий. “Кореа Эйр” компанийн захирлын охин нь онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан байгаа юм. Үүний төлөө захирал нь охиноо дагуулж гарч ирээд уучлалт гуйж байсан удаатай.

Захирлынх нь охин манай Цэцийн дарга шиг бэлгийн дарамт үзүүлээгүй шүү дээ. Ийм байхад л уучлалт гуйж хариуцлага хүлээж байгаа юм. Одбаяр бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргачихаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын нэр нүүрийг шившиглэснийхээ төлөө Одбаярыг онгоцны буудал дээр буугаад л уучлалт гуйх болов уу гэж харж байлаа. БНСУ болон Монголын нийгмийн ялгааг л харуулсан хэрэг болж байна л даа. Уул нь адилхан л ардчилсан нийгэмтэй улс.

Солонгост охин нь ёс зүйн зөрчил гаргасных нь төлөө уучлалт гуйж байхад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан Цэцийн гишүүн чимээгүй ажлаа хийгээд явж байна. Үүнд нь БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд бухимдалтай байгаа. Одбаяр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныхаа төлөө 7 сая воноор торгуулаад л өнгөрч байна.

-Цэцийн дарга асан Д.Одбаяр “Би хэлмэгдчихлээ, намайг гүтгэлээ” гэх утгатай ярилцлага хэвлэлд өгсөн байна лээ?

-БНСУ бол хууль, дүрмээ дээдэлдэг улс. Хэрэв БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Д.Одбаярын нэр төрд халдсан, гүтгэсэн бол хэдэн тэрбум ч вонын нэхэмжлэл гаргах боломжтой шүү дээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч баталгаагүй мэдээ материал нийтэлж хүний нэр төрд халдахгүй.

Хүний зургийг зөвшөөрөлгүйгээр авч нийгмийн сүлжээнд тавихыг хуулиар хориглодог улс шүү дээ. Та анзаарсан бол телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн дүрс нэвтрүүлэхдээ царайг нь бүдгэрүүлдэг. Жижиг асуудалд дээр л ийм ач холбогдол егдөг улс бүхэл бүтэн улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг огт хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлж, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ цацах үндэслэл байхгүй.

БНСУ-д ажиллаж амьдарч, нийгмийн харилцаанд оролцож байгаагийн хувьд үүнийг баттай хэлнэ. Д.Одбаяр хэлмэгдсэн бол Солонгосын шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа. Д.Одбаяр хийсэн хэргийнхээ төлөө 7 сая вонын торгуулиа төлөөд ирсэн.

-Д.Одбаярын өгсөн мэдүүлгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний ойр дотно харилцаатай байдаг дүү маань Д.Одбаярыг байцаалтад ороход нь орчуулагчаар ажилласан. Тэрбээр болсон үйл явдлыг зохион байгуулалттай хэрэг гэж мэдүүлсэн байсан.

Байцаалтын үеэр орчуулагч эмэгтэй рүү дайрч хэл амаар доромжилсон байна лээ. Болсон үйл явдлын дүрс бичлэгийг үзээд торгуулиа төлсөн нь гэм буруугаа хүлээж байгаа үйлдэл. Улс эх орныхоо нэрийг гутаачихаад Үндсэн хуулийн алх тогшоод сууна гэдэг хэрхэвч болохгүй зүйл.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барихаар төлөвлөжээ

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нь сураггүй болсон машин шатсан байдалтай олджээ

Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын автомашинтай гарсан ч “Сээрийн гарам” гэдэг газар автомашин нь шатсан байдалтай олдсон байна. Харин малчин Б сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг 2020.01.16 ны шөнийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

112 адууг 10 удаагийн үйлдлээр хулгайлан, нядалж зарсан бүлэг этгээдийг баривчилжээ

Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлжээ. Хулгайн малаа Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан бөгөөд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтанд орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын хулгайч түмэн олны үр сад Малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

МЭӨ 4-3 мянган жилийн өмнөөс мал аж ахуй эрхэлж малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үздэг. Магад түүнээс ч олон жил нүүдэллэсэн биз. Энэ олон сая малыг эзэн, малчин, малаас нь хулгай хийдэг хулгайч, малыг нь шомбоддог чоно эргэн тойрч амьдарч ирсэн. Хорин нэгэн оноос өмнө бол феодал, лам нар малын эзэн байсан. Энэ үедээ үндэсний орлогын үйлдвэрийн 90 орчим хувийг мал аж ахуй бүрдүүлдэг, арав гаруй сая малтай байж. 1950-иад оны сүүлээс 1990 он хүртэл малыг социалист өмч, нэгдэл нийтийнх гэдэг байлаа. 1990 оноос хойш мал хувьд очиж, мал сүргийн эзэд нь мянгат малчид болов. Монгол мал маш их өсч, дал гаруй сая малтай болжээ. Мянгат малчдын малын эзэн нь хэн юм гэмээр. Учир нь мал нь тал хээрээр бэлчээр дээрээ эзэнгүй л тэнэж явдаг. Зарим талаасаа харж хандаад байх шиг хэрнээ нөгөө талаасаа эзэнгүй шахам явж байдаг. Хувийн өмч гэж мянгат малчин хэлэхдээ ч, нэгдлийн өмч гэж нийтээрээ хэлэхдээ ч, хар, шар феодал нь ч өөрийн гэж хэлэх үед өнөөх мал нь эзэнгүй хээр л бэлчиж явдаг. Өмч гэж үзвэл байнга харж хандаж, өөрөө захиран зарцуулж байдаг биз дээ. Монголын бүхий л түүхэнд эзэнгүй шахуу малыг тал талаас нь зулгаагаад амьдарч ирсэн байдаг. Монголчууд малтайгаа байхад өлсөхгүй. Өлсөхгүй болохоор ажил хийдэггүй. Бүтээл багатай, ядуу дорой амьдрал. Өлсвөл алаад идчихнэ. Даарвал арьсыг нь элдээд хувцас болгоод нөмөрчихнө. Орчин үеийн өндөр бүтээмжтэй, хиймэл оюун ухаан ноёлж байгаа эринд хэдэн мянган жилийн өмнөхөөсөө ялгарах юмгүй гунигтай амьдрал бол малчдын амьдрал. Сонгууль дөхсөн биш манай улстөрчид Малын хулгайтай тэмцэх тухай хууль баталлаа. Бусад хулгайн хэргээс онцгойлон авч үзэж, хуульчлахдаа шийтгэлийг нь чангатгахаар заачихлаа. Нарийн хөөвөл малын мах экспортод гаргах квот дээр улс төрийн нам, улстөрчид нь алаан болж байгаа мэдээлэл бий.

Манай сонгуулийн тойргууд хөдөө олонх нь байдаг. Зориудаар тэгж хөдөө олон тойрог зоодог биз. Энэ тойргуудын гол сонгогч бааз суурь нь малчид. Тэр дундаа нутаг нутгийн мянгат малчныхаар УИХ-ын гишүүд нь бууж мордож, орж гарч, штабаа байгуулж байдаг. Тэднийг голлох нөлөө бүхий сонгогч гэж үздэг. Тэр мянгат малчдын гомдлоор Малын хулгайтай тэмцэх хуулийг айхавтар чангаллаа. Хуучин малын хулгайтай тэмцэх хууль арай уян хатан байж. Найман бод, 21 бог хулгайлбал эрүүгийн хэрэг үүсдэг байв. Үүнээс бага бол нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, асуугдаж, дуудагдаж байгаад тэгсгээд ялгүй өнгөрөх гэх мэтээр зохицуулагдаж ирж. Монголын тал нутагт олон мянган жил малын хулгай гэдэг бол бараг л монголчуудын амьдралд байдаг л нэг үйл явц шахуу болчихсон. Зүүн аймагт Торой бандийн хөшөө, баруун аймагт цахиур Төмөрийн хөшөө байгуулчихсан, малын хулгайч нараа алдаршуулаад дуулж хуурдаад л, уйлж бахархаад байсансан биш билүү. Эзэнгүй шахуу энэ олон малнаас ганц өнчин ишиг хулай хийвэл шоронд явуулна гэдэг заалт бол олон хүүхэдтэй ядарсан муу эцэгт арай хэтэрхий чанга тусч байна. Хулгайч ч гэсэн хүн. Мянгат малчны ганц өнчин ишигнээс дор үзэгдээд байхдаа яадаг юм. Малын хулгайг жудагтай, жудаггүй гэж хоёр ялгаад байдаг. Ядарсан ганц бие эмгэний тэжээж тэтгэдэг ганц үнээг нь хулгай хийгээд явчихвал энэ хүнийг жудаггүй, өөдгүй хулгайч гэлцдэг. Олон мянган жил малтай айлаа бараадаад ирсэн ядуучуудын дунд хэлц үг хүртэл бий болсон байдаг. “Ганцынхаа тарганд, газрын хард хоолоо олохгүй яасан юм” гэж хулгай хийгээд баригдсан хулгайчид хэлдэг үг бий. Энэ нь газар хар байхад, унадаг ганц морь нь турж эцээгүй тарган байхад ганц үхэр туугаад ирэхгүй яасан юм гэж цаснаар мал хулгайлаад баригдсан хулгайчид хэлснээс гарсан үг байдаг. Шинээр батлагдсан Малын хулгайтай тэмцэх хуульд мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жил хүртэлх хорих ял эдлүүлэх, хоёр болон түүнээс дээш хүн бүлэглэн үйлдсэн бол 2-8 жил, давтан, зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулахаар болжээ. Ганц өнчин ишиг хулгай хийгээд шоронд явахаар хуульчлахаар одоо байгаагаасаа илүү аюултай үр дагавар үзүүлэх вий. Гэрчээ устгах, малчдыг нь алах гэх мэт асуудал гарах вий дээ. Хэтэрхий хатуу хууль сөрөг үр дагавар ихтэй байдаг. Хуучин бол малын хулгайч баригдахаараа “Тэр муу намайг матчихлаа гээд гомдоод өнгөрдөг байсан. Одоо бол “тэр муу”-гаа эхэлж алчихаад цааш малын хулгайдаа явах вий.

Машинтай давхиж очоод, хуйгаар нь ачиж ирээд, хулгайг бизнес болгочихсон улсууддаа бол чанга хандах нь зөв өө. Сүүлийн үед мал өссөн, экспортод мах гаргадаг болсноос үүдээд малын үнэ өссөн. Малын хулгайгаар бизнес хийдэг бүлэглэлүүд бий болчихсон. Эд нарт чанга хандах нь зүйтэй. Олон хүүхэдтэй, нэг муу амьжиргаагаа залгуулах гэж байгаад өнчин ишиг хулгайлсан хүнд арай зөөлөн хандах хэрэгтэй. Малын хулгайтай тэмцэх хуульд бас нэг инээдтэй заалт байна. Өнөөх улстөрчид маань малчиддаа сайн хүн болохын тулд малыг буудаж алвал бүр өндөр ялтай болгочихлоо. Малынхаа хувьд буудуулсан нь бараг хүнлэг биш юм уу. Сүрэг дундаас нь зүсэлж ирээд, хөөж туугаад л, баглаж хүлээд барьж авдаг. Орилж байгаад л дух руугаа цохиулж, цусаа гоожуулж гүйн тамлуулж байснаас ганц буудуулчих нь тэр амьтандаа ч амар баймаар. Энэ хууль нэг л амьдралгүй санагдаж байлаа. Энийг уншсан хүмүүс хулгайч нарыг өмөөрлөө, хулгай хийхээ больчих л доо гэж хэлцгээх биз. Хууль гаргаж байгаа, төрийн дээд байгууллага УИХ-д хулгай хийдэггүй ганц ч хүн байхгүй тохиолдолд малын хулгайчийн ялыг чангатга гэж ярих үндэслэл ер нь байна уу. Бүхэл бүтэн амьдралаа хулгайлуулдаг хэрнээ тэднийгээ бид орой дээрээ залчихаад сууж байгаа шүү.

УИХ-ын танхимаар дүүрэн ЖДҮ, тендерийн, төсвийн хулгайчид суучихаад малын хулгайчийг ялла гэж бахиралдаж байх юм. Иргэдийнхээ боломжийг тэд хулгайлаагүй бол элдэв хулгай багасах л байсан шүү дээ. Иргэдийнхээ амьдралыг сайжруулахгүй бол малын хулгай багасахгүй. Тэр болгоны тоогоор барьж хориод шоронгийн хоригдлынхоо тоог л нэмээд суух уу. Зээл тендерийн хулгайч нар нь малын хулгайг шийдэх тухай л ярьж байна шүү дээ. Тэгэхээр хулгай хийхээ больчих л доо гэж ярих нь утгагүй юм. Төсвөөс тэрбум тэрбумаар нь хумсалдаг нь илчлэгдээд байхад ганц ишигний хулгай зэрэг ч яамай л байна гэж эгдүүцэх хүмүүс байна шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Төр ахмадууддаа баялгийн тэгш, шударга хуваарилалтыг олгох ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. ШИНЭ намын зүгээс энэ нь ахмадуудад тэгш бус хуваарилалт болж байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байгаа…

-Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан. Гэвч УИХ олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. Анхнаасаа маш буруу концепцтэй хууль орж ирсэн. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн гадна зээлгүй иргэдийг 100 хувь үлдээж байна. Нөгөөтэйгүүр өндөр тэтгэврийн зээлтэй бүх ахмадын зээлийг тэглэнэ гэж байгаа юм. Судалгаанаас харахад 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн тэтгэвэртэй 30 сая төгрөгөөс дээш зээл авсан авсан ахмадууд байна. Эдгээр ахмад цөөхүүлээ боловч их хэмжээний зээлтэй. Цаана нь дундаж тэтгэвэртэй ахмадууд олуулаа боловч бага хэмжээний зээлтэй байна. Ийм тэгш бус хууль батлагдлаа. Үүнийг Шинэнам эсэргүүцэж, бүх ахмадуудад тэтгэврийн зээлийг тэглэх мөнгийг жигд олгох ёстой гэх шаардлага тавьж байгаа юм. Үүний цаана зээл авах чадваргүй, зээлийн баталгаа шаардлага хангаагүй, зээл авчих юм бол амьдрах боломжгүй болж байгаа ахмадууд ихэнх нь байна. Тэр хүмүүсийг тэтгэвэрийн зээл чөлөөлөхийн тулд ард нь үлдээж болохгүй гэх байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, ахмадууд зээл авна гэдэг зах зээлийн харилцаанд орж байгаагаас гадна хууль ёсны орлогоо тодорхой хэмжээнд зарцуулж байгаа зүйл. Энэ бүх ахмадын тэтгэврийн асуудлыг төрөөс нэг удаа шийдэн, цаашдаа зөв зохистой харьцаа бий болгох санааг эсрэгээр нь ахмадуудыг ялгаварлан гадуурхсан зүйл болгочихож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо одоо 30 гаруй мянгад хүрсэн байна. Бид энэ долоо хоногийг дуустал ахмадуудаас саналыг нь авна. Ингээд эдгээр саналын дагуу хууль өргөн барих юм.

Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, гурван сая төгрөгийг бэлнээр, гурван саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна. Зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн явдал. Мөн л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Мэдээж тэтгэврийн зээлийг тэглэх нь тодорхой тооны ахмадуудын асуудал шийдэгдэж байгаа учраас сайн хэрэг. Гэхдээ зээлгүй 230 мянган ахмадад үнэт цаас гэх зүйлийг олгох хууль гарсан. Энэ бол байж болохгүй. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт ахмадуудыг 100 хувь хамруулж үзэх юм бол адил тэгш гурван сая төгрөг ногдож байгаа. Тэгэхээр гурван сая төгрөгийг нь нөхөж олгох ёстой. Зээл авсан ахмадуудын 60-70 хувь нь гурван сая төгрөгийн хэмжээнд хүрч чадахгүй байна. Энэ ахмадууддаа адил тэгш эрхтэйгээр, шударга ёсыг хангуулах хуулийн төслийн талаар санал асууж байгаа гэж ойлгож болно.

-Тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь халамжийн бодлогыг улам хавтгайруулж байгаа хэрэг биш үү?

-Үүн дээр хоёр ойлголт байна. Нэг талаас бэлэн мөнгө тараадаг, халамжийн бодлогыг өөгшүүлдэг буруу жишиг арав гаруй жил явж ирсэн. Үүнийг бид санаачлаагүй. Нэгэнт ийм хууль орж ирж, Салхитын орд дээр 900 тэрбум төгрөгийг төр гаргаж болж байна гэж байгаа бол тэгш бусаар хуваарилж болохгүй.

Ахмадуудад жигд тараах ёстой. Өнөөдөр хэн хожиж байна гэхээр амьдралын бололцоотой өндөр тэтгэвэртэй ахмадууд хожиж байна. Түүнээс доош тэтгэвэртэй нийт ахмадуудын 70, 80 хувь нь хохирч байгаа юм. Огт зээлгүй ахмадуудын хувьд үнэт цаас гэх зүйл авахаар болж байна. Энэ нь хэзээ ямар ханшаар мөнгөжих нь тодорхойгүй. Нөгөө талаас үнэхээр баялгийг тэгш шударга хуваарилна гэж байгаа бол иргэн бүрт хуваарилах ёстой. Гэхдээ эхлээд насаараа улс орны төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудад хүртээж эхлэх нь бодлогын хувьд зөв. Хамгийн гол нь төр ахмадууддаа бодитой баялгийн тэгш шударга хуваарилалтыг олгох ёстой. Өнөөдөр гурван сая төгрөгийн зээл авсан ахмадууд энэ хуулиар болчихож байгаа юм. Гурван сая төгрөгөөс доош төгрөгийн зээл авсан ахмадуудад гурван сая төгрөгийг нөхөж олгох хэрэгтэй. Зургаан сая төгрөгөөс доош зээл авсан ахмад 90 хувь нь байгаа юм. Зээл нь бага байгаа ахмадуудад зөрүүнд нь мөнгө өгөх ёстой. Зээл тэглүүлсэн ахмадуудын 50 хувь нь гурван сая хүртэлх зээл тэглүүлэхээр байна. Түүнд тохирох нөхөн төлбөрийг нь олгоод гадна талд үлдсэн ахмадуудад олгох нэг сая төгрөгийн үнэт цаасыг гурван сая болгох ёстой. Тэтгэврийн энэ шударга бус асуудлыг засах хэрэгтэй.

-ОУВС манай улсыг хууль зөрчсөн гэж мэдээлсэн байсан…

-Мэдээж ОУВС-тай хийсэн гэрээнийхээ заалтыг зөрчиж байгаа.

Хэрвээ ахмад бүртээ бий болгож байгаа баялгаасаа гурван сая хүртэлх хэмжээний нөхөн олговор олгож байна гэвэл гэрээгээ зөрчихгүй. Зээл тэглэнэ гэхээр зээлийг нь хүний өмнөөс төлөөд зээл авах эрхээр хязгаарлаж байгаа нь буруу арга хэмжээ болчихоод байгаа юм.

-Ирэх сарын 1-нээс өмнө мандат, тойргоо тогтоох ёстой. Хөдөө орон нутгийн мандатыг нэмж нийслэлийн тойргийг багасгаж байгаа гэж байна. Манайх газар нутгаар нь мандат тойргийг тогтоох ёстой юу. Эсвэл хүн амын тоогоор нь тогтоох нь зүйтэй юм уу?

-Бид шударга ёс л ярьж байгаа. Сонгуулийн тойрог гэдэг Монгол Улсын иргэнийг хот хөдөөгөөр нь ялгаж болохгүй. Ер нь хүн амын тоог харгалзаж мандат тойргийн тоог тогтоох ёстой. Энэ бол тооны багшийн хийдэг ажил. Тэрнээс улстөрчид дэвших газартаа тойргоо нэмж мандат өгье гэж болохгүй.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 16-нд болох үйл явдлууд

09.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын чуулган болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80881000.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “Оюу Толгой” компанийн байранд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн гишүүд тус уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын үндэсний лавлагаа лабораторит Олон улсын Мерск байгууллагаас хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж хандивлана.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт МУЗН-ийн байранд тус нийгэмлэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр “Бичил глобус” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, төрийн албыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Орхон аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Засгийн газрын XII байранд нийслэл, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 86007061