Categories
мэдээ нийгэм

​Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Categories
мэдээ улс-төр

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Н.Учрал нарын 9 гишүүн өргөн барьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарна.

Тодруулбал, БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад хуурамч эм бэлдмэлийг шалгах төхөөрөмж хандвилалаа

Өнөөдөр Монгол улсад хуурамч эм бэлдмэлийг хялбар аргаар түргэн шуурхай илрүүлдэг төхөөрөмжийг Олон улсын Мерк байгууллага, Монгол улсын “Монфа” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран Монголын үндэсний лавлагаа лабораторид нэвтрүүллээ.

Тус төхөөрөмжинд өргөн хэрэглээний 68 гаруй бодис багтсан бөгөөд цахилгаан зарцуулалт багатай, шинжилгээ оношилгоо хийхэд хялбар, хуурамч эм бэлдмэлийг илэрүүлэх гэх мэт давуу талуудтайг мэдээллийн үеэр онцолж байв.

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлэгийн хэрэгсэл хуурамчаар үйлдвэрлэн борлуулсан тохиолдол нь нийт эмийн 30% -ийг эзэлдэг. Хуурамч эмийг хэрэглэснээр эмчилгээ удааширч даамжрах цаашлаад үхэлд ч хүргэх аюултай байдаг.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва нар ажиллажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хэлэлцүүлгийн үед ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд уг саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд гадагшаа урсан гарч буй голын усыг нөөцлөн ашиглах ямар боломж байгааг, Оюутолгой зэрэг уул уурхайн компаниуд гүний усыг ямар нөхцөлөөр ашиглаж байгаа, хөнгөлөлт эдэлж буй эсэхийг тодруулж байлаа. Мөн Улаанбаатар хотын усны нөөц цаашид өсөн нэмэгдэж буй хүн амыг хангаж хүрэлцэх үү хэмээн лавласан. Түүнчлэн гадаргын усан сан байгуулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байгааг тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, манай орны ихэнх голууд гадагшаа урсан гардаг бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг Хилийн усны гэрээ хэлэлцээрээр зохицуулж байдаг аж. Сэлэнгэ мөрөнөөр нэг секундэд 339 метр куб, Хэрлэн голоор 19 метр куб ус урсан гарч байдаг бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт урсацын 10-15 хувийг нөөцлөн авч ашиглах боломжтой юм байна.

1970-1980-аад онд хуучнаар ЗХУ-ын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын ундны усны нөөцийг тогтоож байжээ. Тэрхүү судалгааг үргэлжлүүлэн Туул гол дагуу Алтан тэвшийн хөндий дэх Улаанбаатар хотын долоон эх үүсвэрийн усны нөөцийг 2005, 2015 онд хянан баталгаажуулсан байна. Улаанбаатар хотын долоон эх үүсвэрээс жилдээ нийтдээ 220 мянган метр куб усыг ашиглах боломжтой байгаа. Мөн ДЦС-ууд, бусад үйлдвэр аж ахуйн газрууд жилдээ 330 мянган метр куб усыг ашиглах боломжтой гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан.

Судалгаагаар Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газрууд одоогийнхтой адил хурдаар өсөн нэмэгдвэл 2028-2030 онд батлагдсан нөөцийн хэмжээ эрэлт, хэрэгцээ хоёр тэнцэхээр байна гэж гарчээ. Цаашдаа гэр хорооллыг барилгажуулах. ажил хийгдсэнээр усны эрэлт хэрэгцээ нэмэгдэх учир Мянганы сорилын сангийн хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу Шувуу фабрик, Био комбинат орчимд жилдээ 50 сая метр куб ус ашиглах хоёр усны эх үүсвэрийг нээж, өнгөрсөн оны 12 дугаар сард усны нөөцийг баталгаажуулсан гэлээ.

1980-аад оны сүүлээр хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд Гачууртын хар усан тохой орчим Туул усан цогцолборыг барихаар төлөвлөсөн ч зах зээлийн нийгэмд шилжээд энэ ажил орхигдсон аж. Усны мэргэжилтнүүд судалгаа хийж Туул Тэрэлжийн бэлчрээс дээшээ Босгын гүүр орчимд усан цогцолбор байгуулах боломж байна гэж үзсэн байна. 2014-2015 онд энэхүү цогцолборын ТЭЗҮ, судалгааг хийж, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Туул усан цогцолборын үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгааг Ажлын хэсгийнхэн дуулгасан.

Үргэлжлүүлэн Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу холбогдох зарчмийн зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн болохыг дуулгасан.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын баг хариулав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар, үнэт чулуу, үнэт металл арилжаалагчдын ажлыг хянахаар тусгаж, зохицуулсныг ажлыг баг хариултдаа онцолсон. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. СЗХ-ноос ажлын баг гарган ажиллаж байгааг мөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын баг тусгай төлөвлөгөө батлан, хуваарийн дагуу ажиллаж байгааг тэмдэглэв.

Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Нийслэлд авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоог 24 цагаар хянах шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хот руу түүхий нүүрс тээвэрлэх гэсэн 2 зөрчил бүртгэгдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 347 улсын байцаагч борлуулалтын цэг, дундын агуулахад хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оноос -0.2 градусаар дулаан байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Мерседэс Бенз Жи-500”, “Тоёота Премио” загварын автомашин мөргөлдөж нэг хүний амь хохирсон ноцтой осол өнөөдөр 05.30 цагт гарсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.

Үүрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг бөгөөд энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчиж байгаа нь осол гарах шалтгаан болж байгааг тус албанаас сэрэмжлүүлж байна. ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Баярхүү: Надад болон миний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, амь насанд нь аюул учирвал Д.Батлут болон түүний бүлэглэл хамаатай

Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдэгдэл хийлээ.

Тэрээр Улсын хэмжээнд МАНАН бүлэглэл, шудрага бусын хонгил нурж байна гэж ойлгож байгаа гэтэл Д.Батлут гэх хүн Орхон аймагт шудрага бусын хонгил ухаад байна. Өөрийнх нь эсрэг дуугарсан, үзэл санаа нийлдэггүй хүмүүсийг тэр хонгилдоо хийдэг хэмээв.

Би өнөөдрийг хүртэл албаныхныг ёс зүйтэй байлгах гэж тэмцэл хийж ирсэн. Сүүлийн дөрвөн жил Орхон аймагт болсон бүх зүйлийг би мэднэ. Д.Батлут нь засаг дарга болсноосоо хойш автомашинаа сольсон үүнийг би хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэж АТГ-т шалгуулсан. Үүний төлөө намайг цахим хэрэгслээр хүн хутгалсан хэмээн гүтгэж, сураггүй алга болсон гэх мэдээллүүдийг олон нийтэд тараасан. Надад зорилгоо хаяад явах шаадлага байхгүй. Орхон аймгийн засаг дарга Д.Батлут намайг “Чи өөрийнхөө амьдрал ирээдүйгээр тоглож байна. Ингээд байвал шоронд явуулна шүү” хэмээн сүрдүүлсэн.

Шудрага явахын төлөөс нь эцэг эх, үр хүүхдийн нулимс байдаг юм байна. Намаар дамжин төрд орж ирсэн хүмүүсийг онцгой анхаараад өгөөч хэмээн нулимс туслуулан ярьж байсан юм.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадамд уригджээ

Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.

“Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийжээ.

Жүжигчин Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын киноны дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлуудыг үнэхээр чадварлаг гүйцэтгэдэг нэгэн. Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр “дотортой” жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Үнэхээр ч Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл түүний чадвар Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдэж эхэлсэн бололтой. Тэрээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна.