Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Иргэдэд гэр бүлийн боловсролыг албан, албан бус хэлбэрээр бүх түвшинд олгохыг хуульд шинээр зохицуулна

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар өөрчлөлт орж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдаж, түүнээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг.

Энэ удаагийн УИХ-аар хэлэлцүүлэх “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд төрөөс гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх чиг үүрэг бүхий гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн байгууллагын бүтэц механизмыг хуулиар баталгаажуулах, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд эрүүл, аюулгүй, амар тайван орчинд өсөж хөгжих, хүмүүжих нөхцөлийг хангах, хүмүүжлийн эерэг арга хэрэглэх, цус ойртолтоос сэргийлж угийн бичиг хөтлөх, хүүхдэд ёс заншил, түүх соёлын уламжлал, гэр бүлийн боловсролоор дамжуулан амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх зэрэг үүргээ биелүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нөхцөл, журмын талаар тусгасан байгаа.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч өсгөж хүмүүжүүлж байгаа “асралт гэр бүл”-ийн тухай шинэ заалт орж, тавигдах шалгуур болон төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын механизмыг тусгасан. Хүүхдийн дотоод, гадаад үрчлэлтийн асуудалд анхаарч, үрчлэлтээс өмнөх болон үрчлэлтийн дараахь хүүхэд хамгааллын асуудлыг хуулиар хамгаалж, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулна.

Иргэдэд гэр бүлийн боловсролыг албан ба албан бус хэлбэрээр бүх түвшинд олгох, энэ зорилгоор гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулж ажиллуулах, гэр бүлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын гэр бүлийг дэмжих үйлчилгээг урамшуулах, хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг хуульд шинээр зохицуулна. Гэрлэлт сайн дурын үндсэн дээр байх зарчимд нийцүүлэн, аливаа этгээд ашиг олох зорилгоор гэрлэлтийн асуудлаар зуучлалын ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

-Гэр бүл цуцлалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тоо баримт байдаг. Гэр бүл салалтын гол шалтгаанууд юу вэ?

-2018 оны байдлаар Монгол Улсын өрхийн тоо 894.4 мянгад хүрч сүүлийн таван жилийн дунджаар 1.9 хувиар өссөн. Өрхийн бүтцийг авч үзвэл, дан өрх 445 048 буюу 62,4%, өргөтгөсөн өрх 177 898 буюу 24,9%, ганц бие өрх 75 917 буюу 10,6%, холимог өрх 14 917 буюу 2,1% байна. Үүнээс гадна ядуу, архины хамааралтай, хүчирхийллийн харилцаатай, олон хүүхэдтэй, өрөөсгөл, дахин гэрлэсэн, түр тусдаа амьдарч байгаа, шилжин суурьшсан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэх мэт олон хэв шинжийн гэр бүлүүд бий болж, тэдэнд өвөрмөц онцлогтой тулгамдсан асуудлууд үүсч, эдгээр гэр бүлүүдийн онцлогийг харгалзсан төрийн бодлого, үйлчилгээг хэрхэн хүргэх талаар эрх зүйн шинэтгэл хийх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд 2011 онд 11869 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3222 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байсан бол 2018 онд 21020 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4201 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 16 хувиар, гэрлэлт цуцлалт 4.1 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл цуцлалт, салалтын нэгдүгээрт ахуйн хүрээний архидалт 86,8%, дараа нь хардалт, үл итгэлцэл 73%, төрөл садны нөлөөлөл 62%, гэр бүлээс гадуурх харилцаа 58%, бусад асуудал буюу ажилгүйдэл, санхүү мөнгөний гачигдал, тусдаа амьдрах гэх мэт асуудлууд гол шалтгаан болж байна гэж судлаачид үзэж байна.

-Гэр бүл цуцлуулахад эхнэр нь хүүхдээ өөр дээрээ авдаг байдал ихэнх хувийг эзэлдэг. Нөхөр нь ямар хуулийн хариуцлага хүлээхээр хуульд тусгаж байгаа вэ. Хүүхдийн тэтгэмж өгөх хууль амьдрал дээр биелэх нь ховор байдаг шүү дээ?

-Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны байдлыг харгалзан сард нэг удаа дараахь хэмжээгээр тогтоохоор тусгаж байна. Үүнд, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоох юм. Хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бусад холбогдох хуулиудтай нийцүүлэх юм.

-Гэр бүл салалт хүүхдэд муугаар нөлөөлдөг гэдэг. Хүүхдийн эрхийг хангах талаар хуульд тусгасан уу?

-Эцэг, эх нь насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзах нь хариуцагчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй зэрэг олон заалт бий.

-Эцэг эхийн үүргээ ухамсарладаггүй хүмүүс нийгэмд байна гэх шүүмжлэл байдаг. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох зүйл заалт шинэлчилсэн хуулийн төсөлд багтаж байгаа юу?

-Хүүхдийн эцэг, эх нь түүний хууль ёсны төлөөлөгч байх бөгөөд иргэн, хуулийн этгээдэд хүүхдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байдаг. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх болон гэр бүлийн бусад гишүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эх, гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт ажиллаж, сурч, амьдарч байгаа, хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж буй зэрэг нь эцэг, эхийг энэ хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтээ батлуулалгүй хамт амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно. Энэхүү хуулийн төсөлд эцэг эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд хүргэсэн эцэг эхчүүдийн эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах тухай заалтыг ч нарийн тусгасан. Тухайлбал, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууц, хувцас, хоол унд, бусад ахуйн хэрэглээгээр санаатайгаар гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол 3-6 сар хүртэлх хугацаагаар эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх, эцэг эхийн буруугаас эрсдэлт нөхцөл байдал хүндэрсэн, удаа дараа давтагдсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, согтууруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис байнга хэрэглэдэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг, эцэг эх байх эрхийг хасахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүүхэдтэй хамт амьдрах эрхгүй байна. Эцэг, эхийн хэн нэг нь болон хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулснаас, эсхүл хасуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрх хэвээр хадгалагдана. Эцэг, эх байх эрхээ хасуулсан, эсхүл хязгаарлуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хариуцагч этгээдээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулна.

-Гадаад үрчлэлтийн асуудалд түлхүү анхаарч байгаа юм билээ. Энэ тухайд?

-Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааг нарийвчлан зохицуулж, гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулахаар тусгасан. Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд монгол хүүхдийг гадаадын гэр бүлд үрчлүүлэх орон тооны бус Үрчлэлтийн зөвлөл ажиллана. Зөвлөл нь гэр бүл, хүүхдийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гэр бүл, хүүхдийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон долоогоос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үрчлэлтийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн хүүхэд үрчлүүлэх эсэх шийдвэр гаргана.

-Гэр бүлүүдийг дэмжиж ажиллахад төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ?

-Төрөөс гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжиж, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл, эсхүл бага насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эрэгтэй, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах ёстой. Үүний тулд төрөөс гэр бүлийн эрүүл, аюулгүй, амар тайван орчин, орон байртай байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангах зэрэг дэмжлэг, хамгааллыг хуулиараа баталгаажуулж өгөх шаардлагатай байна. Бас гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээнүүдийг шинээр бий болгох талаар хуулинд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Коронавирусийн дэгдэлтээс болж зэсийн үнэ 400 гаруй ам.доллараар буураад байна

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Коронавирусийн тархалтаас өмнө SARS гэх мэт вирусийн халдвар улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан. Ер нь дэлхийг хамарсан вирусийн өвчлөлийн эхний тохиолдол нь хэдэн онд хамаардаг бол?

– Өмнө нь ийм төрлийн өвчин олон удаа гарч байсан. 1918 онд гэхэд испаниш флю дэгдэж 50 сая хүн нас барсан тоо бий. Ер нь 30-аад оноос өмнө хоёр, гурван удаа иймэрхүү халдарт өвчин дэгдсэн байдаг. Сүүлд гэвэл 2002-2003 онд Хятадад гарсан SARS байна. Долоо, найман сарын турш үргэлжилж, 800 гаруй хүн нас барсан. 2012 онд дэгдсэн MERS-ийг тэмээнээс гаралтай гэж оношилж байлаа. Онцолж хэлэхэд, сүүлийн үед тархсан дэгдэлтүүд дандаа амьтнаас гаралтай. Одооных гэхэд сарьсан багваахай, могой хоёрын аль нэгээс гаралтай гэж байгаа. Хятадын халдварт өвчин судлалын байгууллагаас зарлаж буй мэдээллээс харахад вирусийг дангаар нь ялгаж аваад бүртгүүлсэн байна. Ялгаж авсан энэ вирусийг олон улсын халдвар судлалын төвүүд рүү түгээнэ. Өөрөөр хэлбэл, вакцин хийхээр ажиллаж буй газрууд хүлээж аваад үр дүн өгөхүйц вакцин гаргана гэсэн үг. Энэ вирус юугаараа аюултай вэ гэдгийг энгийнээр жишээлье. Дархлааны эсэд нэг уураг бий. Энэ уургийг эсийг удирддаг мэдээллийн төв гэж хэлж болох юм. Эсийг хэдийд олон, хэдийд цөөн болгох вэ гэх мэтээр бүх хөдөлгөөнийг хянадаг төв. Гэтэл одоо илрээд байгаа вирус тэрийг нь эвддэг. Бүр энгийнээр хэлбэл удирдлагын төвийг нь тасалдаг гээд багцаалдаад ойлгочихож болно. Хүний дархлаа энэ вирусийг дийлэхгүй, амархан өвчлөөд байгаа нь ийм учиртай. Эс доторх удирдлагын төвийн үүрэг гүйцэтгэдэг эсийг нь гэмтээчихээд байна л даа. Ямартаа ч үүнийг судлаад шалтгааныг нь олчихлоо. Тэгэхээр вакцин гаргах хугацаа ойртож байна гэсэн үг.

-Та өмнө нь ОХУ-ын эрдэмтэд зургаан сарын дотор вакцин гаргах боломжтой гэж хэлсэн тухай сонирхуулж байсан. Шалтгааныг нь тогтоочихсон гэхээр вакцины хугацаа наашлах нь ээ?

-Наашлахаар байгаа. Гэхдээ өнөө маргаашгүй вакцин гаргачихна гэж ойлгож болохгүй л дээ. Дор хаяж нэгээс хоёр сар болно. Америк, Европын холбоо, ОХУ-ын аль нэг нь л түрүүлж вакцин гаргаж авах байх.

-Тархалт цаашид яах бол?

-Өнөөхөндөө таамаглаж хэлэхэд эрт байна. Сүүлийн мэдээллээс харахад АНУ-д лабораторид 100 дээж шинжилж байна. Одоогоор тав нь нотлогдсон, 25 нь үгүйсгэгдсэн. Цаана нь 70, 80 дээж шинжлэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хариу нь ирэх өдрүүдэд цувраад гарна.Чехэд гэхэд л сэжигтэй хэдэн тохиолдол байна. Ер нь Европ, АНУ их нислэгтэй газар учраас эрсдэлтэй л дээ.

-Дэлхий даяар дэгдсэн ийм халдварууд эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Тодорхой судалгаа бий юү?

-2003 оноос хойших эдийн засгийн нөлөөллүүдийг нь нэлээд судалсан байдаг. 2003 оны SARS, 2013 оны H7N9 өвчлөлүүдийн талаар хийсэн судалгаанууд их бий. Хятадын дөрвөн судлаачийн хамтарсан судалгааг жишээлье. 2003 оны SARS-аар 5327 тохиолдол Хятадад бүртгэгдэж 349 хүн нас барж. Нийтдээ 29 улсад тархаж, дэлхий даяар 8000 хүн халдвар авч, 2074 хүн нас барсан статистик байна. Тухайн үед нислэг, хүнсний хангамж хязгаарласан, сургуулиуд хаасан гэх мэтээр янз бүрийн хориг арга хэмжээ авсан. Энэ бүхэн эцсийн дүндээ дэлхийн эдийн засагт 30-100 тэрбум ам.долларын алдагдал хохирол авчирсан. Хятадын эдийн эдийн засагт учруулсан хохирол нь 12-28 тэрбум ам.доллар. Хятадын эдийн засаг үүнээс болж 2003 онд нэг хувиар буурсан түүхтэй. 2013 онд дэгдсэн H7N9 –ийн улмаас Хятадад 135 тохиолдол бүртгэгдэж, 45 хүн нас барсан. Дэлхийд 148 тохиолдол бүртгэгдсэнээс 48 хүн нас барсан мэдээ бий. Хамралт нь бага ч нас баралт нь өндөр хувьтай гарсан. Шувууны томуу учраас шувууны аж ахуйд устгал хийсэн байдаг юм. Хятадад яг энэ шалтгаанаар 40 тэрбум юанийн хохирол учирсан. Хурдан дарж авсан учраас дэлхийн эдийн засагт харьцангуй бага сөрөг нөлөө үзүүлсэн л дээ.

-Иймэрхүү вирусийн халдварын дэгдэлтийн үед дэлхийн хэмжээнд эрдэс, металлын үнэ, эрэлтэд сөрөг нөлөө ажиглагддаг уу, манай улсын эдийн засагт нөлөөлөх болов уу гэсэн болгоомжлолоор асууж байна л даа…?

-2003 онд гэхэд дэлхийн эдийн засагт эрэлт буурсан. Тухайлбал металлын, газрын тосны үнэ ханш буусан баримт бий. Өнөөдөр гэхэд л ОХУ-ын эдийн засагчид коронавирусийг улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилж байна. Газрын тосны үнэ буурвал гэдэг утгаар.

-Газрын тосны үнэ буух нь манайд бол ашигтай. Металлын үнэ буурвал хэцүүдэх юм байна?

-Зэсийн үнээс гадна хамгийн эрсдэлтэй нь нүүрсний экспорт. Зэсийн үнэ оны эхэнд буюу Иран, Америкийн хямрал хурцдах үед 6200 ам.доллар, нүүрсний үнэ нэлээд боломжийн, газрын тосны ханш 65 ам.доллар байсан. Гэтэл коронавирусийн дэгдэлтээс болж брэнт газрын тосны үнэ 60-аас доошилж 57.50 боллоо, өнөөдрийн байдлаар (өчигдөр). Цаашдаа ч буурах хандлагатай байна. Металлуудын үнэ бүгд доошилсон. Зэс гэхэд өнөөдөр 5751 ам.доллар руу уруудлаа. Сүүлийн арван хоногт тасралтгүй буурч байна. Оны эхнийхээс 400 гаруй ам. доллараар буучихлаа. Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс нүүрс эзэлдэг. Энэ утгаараа яалт ч үгүй сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээрийн үнэ ханшийн бууралт үргэлжлэх хугацаа нь бүтэн жилдээ юу, нэг улиралдаа юу гэдэг асуудал л бий. Коронавирусийн дэгдэлтээс шалтгаална гэсэн үг.

-Ер нь дэлхийн эдийн засагт халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт гэсэн шинэ эрсдэлүүд дээгүүрт бичигдээд эхэлчихэв үү?

-Сая болсон Давосын чуулганы үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Дэлхийн эдийн засгийн форум хэлэлцүүлгээсээ гадна маш олон тайлан судалгаа хийдэг. Жишээ нь, жил бүрийн нэгдүгээр сард эрсдэлийн тайлан гэж гаргадаг. Энэ тайланг арваад жилийн өмнө анх гаргахдаа дэлхий нийтийн эрсдэл гээд 40-өөд эрсдэлийг тодорхойлсон. Байгаль орчин, улстөр, эдийн засаг, аюулгүй байдал гэх мэт олон эрсдэл бий. Аль эрсдэл нь тухайн жилд өндөр байна вэ гэдгийг сая хэлсэн тайлангаар гаргадаг. Эхэн үедээ аюулгүй байдал, эдийн засгийн хямрал зэрэг нь эрсдэлийн тэргүүн ээлжинд бичигдэж байсан бол сүүлийн дөрвөөс таван жилийн дотор эрсдэлүүдийн байр өөрчлөгдөж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнөө жилийн дэлхийн эрсдэлийн форумаас ажиглахад 40-өөд эрсдэлээс эхний тав нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинтой холбоотой байх жишээний.

-Давосын чуулганы үеэр худалдааны дайн, маргаан онцлох сэдвийн нэг болсон. Энэ чиглэлээр улс орнуудын дунд ямархуу яриа хөөрөө өрнөв?

-Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш дэлхийн худалдаа эмзэг асуудал болсон л доо. Америк, Хятад хоорондын худалдааны маргаан 2018 оны гуравдугаар сараас эхэлснийг бүгд мэднэ. Хоёр жил гаруй үргэлжилсний эцэст түрүүчээсээ шийдэгдэж эхэлж байна. Хятад, Америкийн хоорондын худалдааны хэлэлцээрийн нэгдүгээр үе шатны хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд ирэх хоёр жилд Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн эрдэнэшиш гэх мэт тодорхой нэр төрлийн 200 тэрбум ам.долларын барааг худалдан авах үүрэг хүлээж байна. Ингэж байж хоёр улсын хоорондох худалдааны алдагдал буурах юм. 2018 оны байдлаар худалдааны алдагдал нь 500 гаруй тэрбум ам.доллар байсан бол 2019 оны эцсээр 390 тэрбум ам.доллар болж буурсан. Нэгдүгээр шатны хэлэлцээр 200 тэрбум ам.доллараар хязгаарлагдаж байгаа. Хэлэлцээрийн хоёрдугаар хэсгийг удахгүй эхэлнэ гэж Трамп эдийн засгийн форумын үеэр хэллээ. хоёрдугаар үе шатандаа хэлэлцэнэ. Онцолж хэлэхэд, хоёр улсын дунд аж үйлдвэрийн бараа, оюуны өмчийн асуудлууд шийдэгдээгүй яваа. Энэ бүхэн хоёрдугаар хэлэлцээрийн үед шийдлээ олох учиртай. Хоёрдугаар хэлэлцээрийг энэ ондоо эхлэх ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарын үсэг зурна гэдгээ Трамп сая болсон Давосын чуулганы үеэр хэлчихлээ. Яг энэ үйл явцтай зэрэгцээд АНУ, Канад, Мексикийн хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдсан. Эдний дунд худалдааны дайн өрнөөгүй ч Трамп ажлаа авсаныхаа дараахан NAFTA (North Ameri­can Free Trade Agreement)-г хүчингүй болгосон юм. Энэ асуудалд Цагаан ордноос гадна төлөөлөгчийн танхим, конгрессийн гишүүд ч онцгой анхаарсан.Ийм хоёр том хэлэлцээр байгуулснаа Трамп Давосын үеэр мэдэгдсэн ч судлаачид болгоомжилсон хэвээр байгаа.

-Болгоомжлох ямар шалтгаанууд байна вэ?

-Сая хэлсэн Хятадтай хийх хоёр дахь шатны хэлэлцээр яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна. Европт Брекситийн асуудал байна. Их Британи Европын холбооноос нэгдүгээр сарын 31-нд гарна. Англи Европын холбооноос гарах процесс 2020 оны турш үргэлжилнэ. Худалдааны, соёлын, иргэдийн харилцан шилжих хөдөлгөөн гээд маш олон гэрээ хэлэлцээр бий. Энэ бүхэн өнөө жилийн арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Хоёр тал гарын үсэг зурахад Англи улс 60 тэрбум еврогийн хохирол хүлээж байна. Англи гээд том худалдан авагч гараад явчихаар АНУ, Европын худалдааны хэлэлцээр өөрчлөгдөнө. АНУ, Их Британийн хооронд худалдааны хэлэлцээр эхэлнэ. Энэ хэлэлцээр яригдсаар яваад дөрөв, тавдугаар сард байгуулагдах болов уу. Үүний дараа Европтой учраа олох асуудал бий. АНУ-ын хувьд Европын холбооны зарим улстай худалдааны тал дээр сөргөлдөөнтэй. Жишээ нь, франц өнгөрсөн жил АНУ-ын эсрэг онлайн худалдааны такс гээд гаргачихсан. “Амазон”, “Гүүгл” гэх мэт Америкийн компаниуд франц иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулбал улсад нь татвар төлж байгаа. АНУ-ын зүгээс ч гэсэн Европын автомашинуудад татвар тогтооно гэж байгаа. Энэ мэт хоёр талын худалдааны маргаан 2020 оны турш үргэлжилнэ гэсэн таамаг бий. Тэгэхээр энэ бүх асуудал шийдэгдтэл АНУ, Европын холбооны хоорондох худалдан авалт айхавтар өсөхгүй.

-Одоо дэгдээд буй коронавирус дэлхийн худалдаанд яаж нөлөөлж байна вэ?

-Халдварт өвчний эрсдэлээс болж худалдаа хумигдаж, олон бизнес хаагдаж байна. Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын автомашины үйлдвэрүүд үйлдвэрээ хаагаад ажилчдаа татаад авчихлаа. Тесла, Волксваген гээд дурдвал олон жишээ бий. Буцаад сэргэтэл хоёр гурван сар лав болно. Дэлхийн зах зээл дээр металлын үнэ ханш буурч байна гэж түрүүн хэлсэн. Үүнээс гадна биржийн үнэ ханш буурч байна. Хятадын биржүүд бүр 2008 оны хямралын түвшинд оччихлоо. Өчигдөр өглөө (уржигдар) гэхэд Токиогийн бирж хоёр хувийн бууралттайгаар арилжаагаа эхэллээ. Азийн биржүүд лав л ойрын нэг сарын хугацаанд ийм бууралттай явна. Өмнөд Солонгосын үнэт цаасны биржийн индекс өнөөдөр (өчигдөр) гурван хувиар буурлаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт.

-Дэлхийг хамарсан энэ эрсдэл манайд шууд утгаараа нөлөөлөх нь гэж ойлголоо…?

-Тэгнэ, түрүүн хэлсэнчлэн зэс, нүүрсний үнэ буухад л шууд нөлөөгөө үзүүлнэ. Эрдэс баялгийн экспорт өнгөрсөн жилийнхээс яагаад ч давахааргүй болж байна. Тэгэхээр найм, есдүгээр сараас өмнө төсөвт тодотгол хийх шаардлагатай. Төсвийн орлогыг багаар бодоход нэг их наяд, зарлагыг нь хоёр их наядаар хасах хэрэгтэй. Валютын сангийн хөтөлбөр дууссаны дараа бид дахиад л хэн нэгэн рүү хандаж таарна. Тэр үед төсвийн үрэлгэн бодлогогүй гэдгээ харуулж байж л мөнгө авна. Валютын сангийн хөтөлбөр удахгүй дуусна. Зургадугаар сард Валютын сан эцсийн дүгнэлтээ гаргачихна. Дараахан нь буюу долдугаар сард Худалдаа хөгжлтийн банкны бондын төлөлт, Хятадын свопын сунгалттай нүүр тулна. Есдүгээр сард нь саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй яваа. Валютын сангаас таагүй дүгнэлтүүд гарвал своп сунгах эсэх нь эргэлзээтэй. Своп худлаа болчихвол хоёр тэрбум ам.долларын асуудал учраас бүгд болгоомжилно. Шинэ засаг байгуулагдсаны дараахан есдүгээр сард саарал жагсаалтын асуудал бий. Тэгж байтал аравдугаар сард зээлжих зэрэглэлийн асуудал яригдана. Дахиад хэлэхэд энэ бүх асуудлыг эрсдэл багатай туулъя гэвэл хамгийн түрүүнд төсөвтөө анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өндөгөн толгойт

-ӨГҮҮЛЛЭГ–

Гэргий маань байрын багш, номын санч, захирлын бичээч гээд өдрийн турш толгой өндийх завгүй ажилтай болохоор ууган охиноо нойрмоглуулан хар үүрээр хөтлөөд гарна. Хоёр ойтой бяцхан охин Саранзтайгаа хадмын ханхар таван ханатад гэр сахьж үлдэнэ гэдэг хаврын өдрийн уртад уйтгартай. Сумын төвийн ханагарууд хааяахан ганц нэг лонх юм өвөртлөн ирж, эхнэрийг эзгүйчлэн буу халах санаа бий. Лонхонд ямар аз жаргал савлаад зарах биш, мөнөөх галт шингэнийг хүртлээ гээд багшийн ажлаасаа халагдсан хүнд юуных нь ч сэтгэлийн дэм болох билээ. Амьдрал заримдаа жаахан гунигтай. Юутай ч өнөөдөр аав, охин хоёр Омбон эмээгийнд очиж хууч хөөрч, цаг нөхцөөхөөр шийдэв. Сумын төвөөс зайдуухан торойх ганц гэр дээлийн суганд гялсхийх өнчин шангийн цоохор шиг бөртийнө. Аав, охин хоёр нарны сиймгэр туяанд саравчлан хайлмагтсан цасны цоохор дамжсаар эмгэнийд очлоо. Омбон эмээ хань татан олзуурхаж,

-Хүү минь, охиныхоо хувцсыг нимгэлээд тайвуухан суу, би будаатай цай бужигнуулаадахъя гэх нь элгэмсүү агаад өөриймсөг. Эмгэн их яриа, олон сайхан хууч дэлгэдэг болохоор сүүлийн үед аав, охин хоёр ирж өдөр өнгөрөөх болоод байгаа юм. Түүнээс биш сумын төвөөс ойр саахалтын зайтай хашаа ч үгүй бөмбийн бөртийх Омбон эмээгийн дөрвөн ханатад хэр барагтай ирэх хүн нүдний гэм. Сумын төвийн гуринхи ноход хүртэл эмгэнийхийг зүглэх нь ховор. Омбон эмээ хоймортоо цэнхэр хайнагийн ширэн адсага дэвсэж, баруун талд хээр байдасны хөм тэнийлгэсэн нь чухам холын улс орны элчингүүдийг цагаан эсгий дэвсэж угтахтай адил зочломтгой зангийнх нь илрэл гэлтэй. Тачирхан гилгэр үстэй адсаган дээр нарны туяа хоймор голлон асгарч, охин минь цацаж орхисон шагайгаар тааваар тоглоно. Хаврын туниа муутай нарны туяа гэрийн хойморт нүд гялбам хурц тусчээ. Ээжийнхээ урлаж өгсөн ягаан торгон хантаазтай охины минь хацар нь ягаарч, харц нь гэрэлтэн мөөжгөрхөн хуруугаараа шагай няслан наадах нь цаанаа л нэг жаргалтай. “Тээр, хараад л байгаарай, миний муухай үрийг”. Захын шарга морийг хонь буусан бор шагайтай хавируулж орхилоо. Морь, хонь хоёр харшуулж орхисондоо ааваасаа эмээх аястай хорголон хар нүдээр ширтэх охины минь харцнаас нэг л сайхан жаргалын аялгуу өр зүрхний хөгжмийг хөглөхүй энгүй хайрын уяхан чавхдас чичирхийлж, энхрий бяцхан түүндээ хэчнээн хайртайгаа ч илэрхийлж үл чаднам.

Омбон эмээ уур нүдүүрт нунтагартал нүдсэн шар будаагаа шар тос шажигнасан ширмэн тогоо руу сархийтэл хөмөрч, хулсан хусуураар хутгахад хурц содон үнэр хамар гижигдэн гэрээр нэг ханх тавина. Шалны өр дээрх данханд буцалгаж бэлдсэн цайг цоргоор нь тогоо руугаа тонгойлгоход шаррхийсэн чимээ гарч, бөөн цагаан суунаг тоонын цамхраа хүртэл дэгдэв. Эмгэн эгээ л найрал хөгжмийн удирдаач аятай зогсоо чөлөөгүй хутгаж байсан хусуураа эргэнэгэн дээр тавиад шанага шүүрэн цайгаа самрах нь худгаас ус ховоодож буй хүн мэт харагдаж өөрийн эрхгүй инээд хүрэв. Орчлонгийн дэндүү нам гүмд охиныхоо тоглохыг харсан шигээ, эмгэний энгүүн аж төрлийг анзаарсан ч анзаараагүй юм шиг суух хэчнээн жаргалтай. Омбон эмээ сурсан эрдмийг сураар боодоггүй гэдэг шиг л будаатай цайгаа бужигнуулан буцалгаж, нэг л мэдэхэд аягалж сууна. Бор тагшинд будаа шүүн, дээр нь ганц нэг борц хөвүүлээд хойморт залрах мэлхий ширээн дээр тавихаар майтганан алхтал охин минь часхийн чарлаж, ухасхийн ирж аавынхаа энгэрт наалдав. Охины дуунд цочсон эмгэн,

-Ээ, өндөгөн толгойтын дондол оо чамайг! гэж уулга алдан бор тагштайгаа хоймроор нэг тараан цацаж орхив. Тэгэхнээ, хэргийн эзэн хэнгэргийн дохиур ч удалгүй тодорлоо. Омбон эмээгийнх нэг тэжээвэр алагдаахайтай юм. Тэр золиг эзнээсээ хоол горьдон орон доороос үсрэн гарч ирж охины маань сүнсийг зайлуулахаа шахжээ. Алагдаахайд миний дургүй гэж. Ганц би ч биш монгол хүн бүр л жийрхдэг байхаа ядахгүй. Уг нь Наран тивийн имж гээч амьтны дүү байхаар төрхтэй нөхөр л дөө. Хойд хоёр хөл нь урт, биетэй нь харьцуулахад урт гээчийн сүүлнийхээ үзүүрт хар, цагаан алаг эрчлээстэй. Шөнийн түнгээр хонь гувшиж, үнээний хөхийг үлгэчихдэг, алагдаахайд хөхүүлсэн мал сувайрдаг гэх амтай болохоор сайн нэр дуулах нь ховор туучий. Омбон эмээд яаж яваад ч юм ийм нэг өргөмөл “үр” заяаж. Тэр хоёр нэгэндээ жигтэйхэн саймсарна. Настай хүн идэг дээ гэж авчирч өгсөн хүүхдийн жигнэмгээс нөгөө алаг сүүлт, дэлдэн гайхалдаа өгч ч байх шиг, аягандаа сүү хөргөж өгч ч байх шиг, ер нь их нялхамсдаг хоёр л доо. Омбон эмээг “Цөг, чи” гэж аашилсны хойно Дондол хоймроор нэг цацагдсан будааг хамж хошуу амаа бувалзуулан, сөрвийсөн сахлаа гозолзуулж байгаад орны хөндийгөөр дамжин авдрын араар ороод нам жим болов. Бодвол үдийн ундаа ууж аваад амрахаар одов бололтой. Охин минь элгэнд наалдаж булцгархан гараар аавынхаа эрүү амыг илж байгаад будаа ч идэлгүй унтаад өгөв. Уруул нь өмөгнөн үнэгчлэх үрээ харахаар золигийн муу Дондолыг шүүрээр шавхуурдан хөөн гаргамаар санагдана. Охиноо баруун орон дээр хэвтүүлж, гэрээс тэвэрч ирэхдээ ороосон ээжийнх нь сүү үнэртсэн ногоон тэрлэгээр хучаад, будаагаа халбагадан суулаа. Дондол гэж золигийн алагдаахайд Омбон эмээгийн оноосон нэр юм.

-Омбон эмээ, та түрүүн Дондолыг юу гэчихэв ээ? гэсэнд эмгэн,

-Ваа, золиг чамайг. Хүүхэд айлгаж орхидог хаашаа янзын туучий вэ гэж орны хөндийн зүг ханцуйгаа хий сэгсрэн загналаа. Хэргийн эзэн Дондол түүний ийн аяглахыг огтхон ч ажраагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Омбон эмээ өөдөө өндөгний хурц тал мэт нарийсан тохой хэртэй өндөрсгөн жимбийтэл ороосон цэнхэр алчуураа илбэх аядаад,

-Эмээ нь энэ нутгийн хүн биш, хаа холын хүн. Манай нутагт Хүнбишийнх гэж айл байлаа. Тэднийх их зожиг оо, аль болох хүн амьтан нутагладаггүй уулын таг өөд л янгир шиг асаад байна. Аав минь ярихдаа Хүнбишийг “Ёстой хүмүүн биш хүн. Айл амьтнаас дайжих нь аргагүй” гэдэг сэн гээд хангинатал санаа алдан шаймгар эрүүгээ илбээд авав. Эрүүнд нь наалдсан ганц будаа нулимс мэт цайран газарт унав. Яагаад ч юм бэ, надад их сонин хууч сонсох юм шиг совин татаад явчихав. Хорхой хүрч байна гэж жигтэйхэн. Эмгэнээр яриулах гэж их шавдуулбал үгээ залгичихаж магад гэж эмээгээд дэмий л горьдсон нүдээр харлаа. Омбон эмээ аман дахь хатуу борцоо улаан буйлаараа хэдэнтээ өнхчүүлэн бүүвэйлээд эмтэрхий шаазандаа хэлээрээ түлхэн хийж,

-Хүнбиш уг нь эхдээ заяасан ганц үр нь, цэрэгт явтлаа шахуу эхийнхээ хөхийг үлгэсэн, цэргээс ирээд ч эхдээ хань бараа болсон дуулгавартай сайн хүү байж. Нутгийнхан Цэвэлийн Хүнбиш шиг хүүтэй байхад газардана гэж юу байх вэ гэж цагаахан атаархах. Цэргээс ирснийхээ хойтон намар Хүнбиш царай зүс дориухан ч ааш гэж адасга шиг нэг хүүхэнтэй ханилж дээ. Ээ дээ, хүний хань гэдэг хазайхад түшиж, хальтрахад тулдаг тийм л халамж нинжтэй хүн байх учиртай юм гэдэг шүү, хүү минь гээд он цагийн будан нэвт ажих мэт сүүмгэр харцаар тоононы голын чагтага дагуулан унь ширтлээ. Будаатай цайны аагинд хөлрөх маяг орсон буурал санчигт шанаагаа илбэсхийх эмгэн,

-Хүнбиш эхнэрийнхээ амыг хардаг хүн байж. Эхнэр нь нас дээр гарсан эхийг нь ус цас, аргал түлшинд хөөж явуулахад юу ч үл хэлнэ. Сүүлдээ харин ч эхнэрийнхээ талд орж хонь малд эхийгээ явуулчихаад, гэрийнхээ тотгоор дуран гялалзуулсан залхаг амьтан болж хувирч дээ. Нэгэн хавар аав минь Хүнбишийн өвөлжөөний ойролцоо Ханхарын аманд адуу хайж явтал морины цээж тушсан их цастай жалганаас хүний бүгтхэн дуу гарах шиг болж. “Гэгээн цагаан өдөр юунаас ч айх билээ” гээд яваад очтол Хүнбишийн ээж Цэвэл гуай өеөдсөн яндан цагаан мориндоо дарагдаад хэвтэж байхтай таарч. Морийг нь дэлдэж сүүлдэн арайхийн өндийлгөтөл Цэвэл гуайг тохом ч үгүй зайдан туранхай адуунд мордуулаад эрээн дээсээр хөлийг нь холбон чивчиртэл баглачихсан байж гэнэ. Аав хөөрхий эхийн хөлийн хүлгийг тайлахад мориноосоо бууж чадахааргүй хөшчихсөн байсан гэдэг. Эхдээ хаврын хайрууд цамц ч өмсгөлгүй, үстэй зувцаа дээл хөдрүүлээд, эмгэн хүн байтугай идэр чоно ч даахын аргагүй цахиур цагаан ааруул өвөрт нь хийчихсэн байж дээ. Яндан цагаан моринд хүлээд, цахиур цагаан ааруул өвөртлүүлээд хонинд эхийгээ явуулахдаа хээр хөдөө буулгахгүй гэж шагайгаар нь холбосноос морь нь жалганд өеөдөхөд хөл нь мэдээ алдан бадайраад гишгэж ч чадахгүй байсныг аав дүүрч очиход Хүнбишийн хүмүүн биш аашт эхнэр тачигнаж “Хонь чонын хоол болгочихвуу” гэж хөөрхий эмгэнийг хөрзөнгөөр нүүлгэж байсан гэдэг. Ээ мөн ч ааштай бэр гэдэг л тэр байх гээд тоонын цамхраагаар гэрэлтэх цэнхэр тэнгэрт залбирав. Омбон эмээ данхаа өргөн “Наашаа юу, цаашаа юу, манайх уу, танайх уу” гэж хэдэнтээ сэгсчин аягандаа будаатай өтгөн цай хийснээ магнайн хөлсөө шударч,

-Хүү минь, цай уу гэснээ,

-Хүнбиш ер нь хүүхэнтэйгээ нийлж эхийгээ хүний ёсоор ч нутаглуулаагүй хүн юм гэнэ лээ гэхэд хоёр дэлдэн “навч” минь хохимой толгойноосоо байтугай хорвоо дэлхийгээс нисээд явчих шиг санагдаж, дэлдийхийн ихээр дэлдийлээ. Эмгэн буйл болсон уруулаараа будаагаа шимтэх мэт бувалзуулангаа,

-Хойтон зун аав өглөө эрт адуугаа хураахаар Ханхарын эхэн таг өөд мацуулсаар гартал унасан морь нь хамар тачигнуулан хуухираад сүйд болов гэнэ. Эхэн тагийн тачирхан ногоон дунд хоёр цагаан юм цайран харагдаж дээ. Наран сөрөг байсан болохоор чухам юу болох нь тод биш байж. Аав адуугаа гилэхдээ хашгирдагтай адилаар хэд сайн гуугалаадахтал нэг цагаан юм нь өвсөн толгой бөхөлзүүлэн гурвийсан зам татуулаад жирийгээд өгч. Аав түргэч хээрийнхээ амыг сул тавин давхин хүрвэл ногоон дээр нэгэн нүцгэн хүн хэвтэнэ гэнэ. Эзгүй хээр газар ийм юм харсан хүний үнхэлцэг хагарах шахаа биз. Мориныхоо амыг татан буцан давхих гэтэл араас нь нэрээр нь дуудав гэнэ шүү. Арайхийж биеэ барьсан аав маань амаа булаалдах мориноосоо бууж хөтлөөд нөгөө нүцгэн хүн өөд очвол хөөрхий Цэвэл гуай өлөн гэдсээ чононд хүүлүүлээд үүд хоймрын зайтай цувуулчихсан ёолж хэвтэж. Элий халаг болсон аав минь морио тушиж орхиод гүйн очиж тэргүүнийг нь өндийлгөвөл хүн төрүүлээгүй хөөрхий эх буурал санчгаа нэгэнтээ санжигануулаад “Хүү минь” гэж хүндээр санаа алдаад амьсгал отголсон юм гэнэ лээ гэж намуухан хүүрнэх эмгэний ширгэсэн хоёр нүдний ухархайд нойтон чийг татах шиг санагдаад явчихав. Энэ бүхнийг сонсоод цээж зүрх рүү лүгхийтэл нэг юм нудраад авах шиг болоход гэрийн баруун орноо үнэгчлэн нойрсох охиноо тэврэн үнсмээр санагдлаа.

-Хүний үнэргүй амьтан эхийгээ амьдаар нь… гэж өөрийн эрхгүй хэлтэл Омбон эмээ,

-Тийм гэнэ лээ, хүү минь. Хүнбиш гурав хоногийн өмнө “Эхийгээ нутаглуулчихаад явж байна” гэж Өлзийт голын айлуудаар бууж, аяга тагш юм эргүүлж явсан байгаа юм. Эхийгээ амьдаар нь хээр хаячихаад ямар ч нүүрээрээ тэгж аягласан юм, ёстой ширэн нүүртэй, мөсөн дотортой амьтан гэдэг л тэр байх. Аав хурдан хээрийнхээ хүзүүнд уяатай байсан хадгаар нүүрийг нь бүтээж орхиод мордсон гэдэг. Хөөрхий бүрлээч амьдаараа оршуулуулсан тэр гурав хоногт ангаж цангахын туйл болсон байдалтай, хуруу хумсаа улаарч сэлтэртэл ногоо зулгаан, чулуу самардан хагас саахалтын дайтай мөлхсөн мөр үлдсэн байсан гээд бодохоор сонссон хүний сэтгэл эмтэрдэг юм. Хүний мөсгүй хүүгийнх нь эхийгээ үлдээсэн газарт нэг муу модон аяганы амсрыг эмтэртэл хэмлэсэн байсан юм гэнэ лээ, еэ бүү үзэгд гээд Омбон эмээ духандаа гараа хүргэснээ зуухныхаа урдуур газарт сунан мөргөв. Эл гашуун түүхийг сонсоод сэтгэл нэг л гунигшаад, тоонын нар харвал зүүн талын унин толгойг алтлан хаврын нэгэн өдөр хэдийнээ хангирсан оджээ.

-Эмээ, тэр Хүнбишийнхэн тэгээд яагаа бол гэж хэрэгт дурлавал,

-Тэр цагаас хойш Хүнбишийнхэн өвөл ч, зун ч айл амьтны бараа харагдахгүй уулын таг руу яргаж, сум орноос зорьсон хүн л хааяа нэг очвол очдог болсон гэдэг. Аав маань багийн даргын албатай болохоор нэг зун бүүр хэрэг болгож зорьж очиж. Тэгэхэд Хүнбиш ч, нөгөө ааштай эхнэр нь ч гэртээ эзгүй байж. Айлын эзэн болохоор нөхөр нь адуу малдаа яваа байлгүй. Эхнэр нь аргал түүж яваа мөртлөө аавыг мориндоо мордтол ирээгүй юм билээ. Аавыг тэр айлд очиход хаяаг нь дунд хошлон хүртэл шуучихсан гэрийн сүүдэрт хоёр гурван ойтой бол уу гэмээр хүүхэд сангарцгаа дааж ядсан хөгшин банхартай нь толгойгоо нийлүүлэн унтаж хэвтэж. Халууны ялаа хүүхдийн хамар дээр буухад яраглан тэлчигнэхдээ толгойноосоо өвлийн овоодой малгайрхуу юмаа унагачихсан юм билээ. Аав лавлаад харвал толгой нь тохой хэрийн өндөг шиг мулзайсан үсгүй цагаан юм харагдаж. Үүнээс хойш л Хүнбишийнхнийг Өндөгөн толгойтынхон гэх болсон юм гэнэ лээ. Аавыг мордоод явахад зэргэлдээх голын зүлэг дээр хөлөөрөө аргамжаатай тав зургаан насны хүүхэд хоёр гараа дэвэн, шувуу шиг гуагачин хэдэн алдын газар нисэх аядаад аргамждаа татагдан унаж байсан гэдэг. Тэднийх тав зургаан хүүхэд төрүүлсэн ч энэ мэтэлдэв гажиг согогтой байсан болохоор сургууль соёлд ч суулгаагүй биз. Эцэг эхээ гомдоовол үйлийн үр нь үр хүүхдэд нь шүглэдэг юм гэсэн шүү, еэ бүү үзэгд гээд егрүүлэн уйллаа.

Омбон эмээгийнхээс би орой бүрий болохоос өмнө охиноо бор халзан туулайлаад гарав. Охин минь ээжийнхээ сүү үнэртсэн дээлэнд тулмайдуулан жаргалтай нь аргагүй шулганана. Аав охин хоёр гангар гунгар хийсээр гэрийнхээ хаалгыг татлаа. Гэргий, охин хоёр минь гэр дүүрэн мишээж угтахуй цээжинд нар мандсан мэт санагдав аа. “Өндөгөн толгойтын дондол оо” гэж. Омбон эмээгийн толгойноосоо салгадаггүй овоодой алчуур л нүдэнд харагдсаар…

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа. Тэрээр “Зээлийн өргүй болсон ахмадууд сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ” хэмээлээ.

Нийгмийн сэтгэл зүйн энэ асуудлаар МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Ш.Батболдтой хийсэн ярилцлагыг I-XIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаарт “Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой” нийтлэл хэвлэгдлээ.

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. IV нүүрнээс уншаарай.

Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсон талаараа мэдэгдсэн. Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагаас тодруулга авлаа.

“Эдийн засаг” буланд НӨАТ-ын буцаан олголт тойрсон асуудлаар бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавын байр суурийг сонирхлоо. Ярилцлагыг XII нүүрнээс уншаарай.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Өмнөговь аймгийн Нэгдүгээр арван жилийн 1978 оны төгсөлт 10 “В” ангийнхан оролцлоо.

Долоо хоног бүрийн баасан гаригт гардаг “Хүүхдийн ертөнц” булан мөн таны гар хүрч байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

Аргын тооллын нэгдүгээр сарын 31, Сугар гариг. Билгийн тооллын 6, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:22 цагт мандан 17:49 цагт жаргана. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Image result for номтойбаяр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Харин гишүүдийн зүгээс эхлээд түүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэх ёстой гэсэн санал гарсан учраас чөлөөлөх хүсэлтийг хойшлуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгууль VI сарын 24-нд болно

Image result for сонгууль

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг VI сарын 24-ний өдөр байхаар заасан байсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг VI сарын 24-нд гэж тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон бөгөөд тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжжээ. ТББХ тус асуудыг дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулахаар боллоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ.

Categories
мэдээ спорт

​Премьер лигийн ногоон талбай улаан өнгөөр гялалзаж байна

Английн Премьер лигийн 24-р тойргийн нөхөн тоглолт Ливерпүүл болон Вест Хэм багуудын хооронд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.

Тоглолтыг эхнээсээ л улаанууд гартаа авч, тоглолтын турш 71 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 13 удаа цохижээ. Тоглолтын эхний гоолыг Египет довтлогч Мохамед Салах 11 метрийн торгуулийн цохилтоор оруулсан бол тоглолтын эцсийн гоолыг Англи хагас хамгаалагч Алекс Окслэд Чемберлен оруулж, Ливерпуль өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Ингэснээр тэд 24 тойргийн дараах байдлаар 70 оноотойгоор Премьер лигийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

Мөн тэд 2019-2020 оны улиралд Английн премьер лигт учраа таарсан 19 багаа бүгдийг нь буулгаж авсан гэх сүрдэм амжилтын эзэд боллоо. Энэ нь тус багийн 127 жилийн түүхэн дэх анхны тохиолдол юм. Улаануудын дараагийн учраа лигийн том багуудын үргэлж шүдний өвчин болж байдаг Саутхемптон багын хооронд ирэх сарын нэгний өдөр болох юм.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ нийгэм

280 гаруй хоригдолд мэргэжлийн гэрчилгээ олгожээ

Өнгөрсөн 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв найман төрлийн мэргэжлээр 280 гаруй хоригдолд боловсролын болон чадамжийн гэрчилгээ олгожээ. Эдгээр хоригдлуудыг ял эдлэх хугацаанд нь ажлын байраар хангаж, үйлдвэрүүдэд ажиллуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд улсын төсөвт дөрвөн үйлдвэрийн газар, төвлөрсөн 17 хорих ангид үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хөнгөн болон аж ахуйн зориулалттай нүхтэй блок, технологийн шохой, цагаан замаска, вакум цонх, хаалга, улаан тоосго үйлдвэрлэл, шохойн чулуу олборлох, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хоригдлуудын ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.

Үүний зэрэгцээ гар урлал, мужаан, сантехник болон ял эдлэхээс өмнө эзэмшсэн мэргэжлээр нь түлхүү ажиллуулах, ажлын байрыг нь бий болгох зорилго тавин ажилладаг. Ингэснээр хорих ялын үндсэн гол зорилго болох бусдад учруулсан хохирлыг барагдуулах, улмаар хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг бий болгох эрхээ эдлэх нөхцөлөөр хангадаг байна.