Categories
мэдээ нийгэм

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Элчин сайд Катрин Ивкоф хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд , УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Монгол-Канадын парламентын харилцааг сайжруулахад идэвх санаачилгатай манлайлж ажилладаг тухай сонсон хэмээн тодотгож, цаашид эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, жендерийн асуудал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн 2 дахь зохиол “Шийдэмгий нүүдэл” номын дээжээс Элчин сайд Катрин Ивкофд бэлэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар болон УИХ-ын гишүүд, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон яамдуудын санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн нээлттэй өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт тэр тусмаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч хамтарч ажиллах зорилготой. Өнөөдөр сургууль цэцэрлэг, соёл, спортын барилгын загвар макетуудыг танилцуулж мэдээлэл өгөх болно. Төсөв нь батлагдсан ч зураг төсөл дээр удаж төсөл хөтөлбөр удааширдаг. Энэ асуудлыг яамны зүгээс хөнгөвчилж бэлэн батлагдсан макет зураг төслүүдийг танилцуулж байна” гэв.

2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод нийт 135 цэцэрлэгийн барилга, 67 сургуулийн барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 47 хувиар тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Боловсролын салбарт хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал. Сургуулийн насны хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед хэрэгцээ шаардлагыг нь хангасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 17 сургууль газаргүй, зураг төсөв нь батлагдаагүй байхад нийслэлийн удирдлагууд газар чөлөөлөлт хийж эхнээсээ баригдаж байгаа. Тиймээс цаашид боловсролын салбарт хийгдэж бүтээн байгуулалтад шинэчлэл хийгдэхэд өнөөдрийн өдөрлөг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт юм” хэмээв.

Монгол Улсын 2020 оны төсөвт нийслэлд салбарын хөрөнгө оруулалтын 139 төсөл хөтөлбөр арга хэмжээнд 260 гаруй тэрбум төгрөг батлагдсан аж. Хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт 118, соёлын салбарт 14, спортын салбарт 4, шинжлэх ухааны салбрат 3 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Увс, Завханд өвөлжилт хүндэрч байна

Мал аж ахуйн өвөлжилтийн мэдээгээр Увс аймгийн Малчин, Тэс болон Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна. Тиймээс ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж байгаа юм.

Завханы аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс суманд цагаан зудын байдалтай байна. Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумын 20-иод багийн нутаг цас ихтэй, малын бэлчээр мөстсөн байна. Аймгаас малчдын хотонд өвс тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах зэрэг ажлыг хийж байгаа аж.

Ховд аймагт өвөлжилт хэвийн байдалтай, энэ жил нийт 91 багт 7800 малчин өрхийн 3083 мянган мал өвөлжиж байна. Говь- Алтай аймагт 18 сумын 87 багийн 7205 малчин өрхийн 3597.2 мянган толгой мал өвөлжиж, 443 өрхийн 308.2 мянган мал оторт байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол улсыг аз жаргалын болон хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлэх байранд оруулах зорилготой” гэлээ

Манай гаригийн экологийн орчин эрчимтэй хүндэрч байгаатай холбогдуулан дэлхийн улс гүрнүүд гарц шийдвэр хайж байна. Үүнээс үндэслэн Экомир Олон улсын хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн хоршоо, Итали улсын лиценз крауфандинг хөрөнгө оруулалт, ТаоDust компани, ОХУ Найрамдал-Дружба, Шинжлэх ухааны Монгол ажилтан нарын холбоо, Монгол эв хамт нэгдэл байгууллагууд хамтран Монгол улсад ‘Эко Эрин’ үндэсний төслийг хэрэгжүүлэх гэж байна.

“Эко Эрин” үндэсний төсөл нь 5 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Монгол улсын хөгжлийг тодорхойлж хүн төрөлхтний, Дэлхийн хөгжлийн шинэ үе болох Эко Эринийг эхлүүлэх, Дэлхий дээр Анхны Экологист-Ногоон Хөгжлийн улсыг бүрдүүлэх Эко загвар болгох, Монгол улсыг аз жаргалын болон хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлэх байранд оруулах зорилготой ажиллаж байна.

Төслийн хүрээнд:

  • Аймаг, сум бүрт “Эко Технопарк” байгуулах /Иргэдэд ажилийн байр бий болгох/
  • Хотын цэвэрлэх байгууламжийн лагийг эм технологи буюу дээд зэргийн хар шороо болгох
  • Базальт /Чулуун утасны үйлдвэрлэл, базальт арматур/
  • Хөвдөг усан зочид буудал
  • Биовегитари /Нарнаас халдаг роботжисон инновац хүлэмж/
  • Органик хог хаягдалыг бүрэн боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулан цэвэр орчин бүрдүүлэх гэх зэрэг нийт 16 төслийг хэрэгжүүлнэ.

“Эко эрин” үндэсний төслийн үйл ажиллагааг 9 нэгдэл хамтран гүйцэтгэх юм. Үүнд Чөлөөт эрчим, Монгол технологи, Хүнс хөдөө аж ахуй хөнгөний үйлдвэрлэл, Монгол гэгээрэл, Алтан эрин, Монгол загвар дизайн, Эрүүл хүн гэх мэт байгууллагууд багтна.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр хоёрдугаар сарын тоглолтуудаа цуцлалаа

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театраас хоёрдугаар сард тоглогдох хуваарьтай байсан тоглолтуудаа цуцалж буйгаа мэдэгдэв. Энэ жил УДБЭТ-ийн 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан УДБЭТ-ын захиргаанаас театрын ажилчидын зуны амралтыг хоёрдугаар сард шахах зохицуулалтыг хийсэн байна. УДБЭТ-ын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдах юм.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

“U-Money” картаараа зорчоод азтан болох боломжтой

“Улаанбаатар смарт карт” ХХК 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим хөтөлбөрийн систем нэвтрүүлсэн 5 жилийнхээ ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөтөлбөр нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний хөлс төлөлтөнд цахим картыг нэмэгдүүлэх, цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой юм.

Нийтийн тээврээр тухайн сард 10-аас дээш зорчсон байх мөн нийтийн тээврийн хөлсийг төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, Хаан банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгчид урамшуулалд оролцох боломжтой юм.

Нэг сарын шангалын сан 10 сая төгрөг байх бөгөөд нийт энэ жил 1321 хэрэглэгчид 120 сая төгрөгийн хонжвор олгох юм.

Тохирлыг картын ард байрлах 16 оронтой тооны

  • 4 орон таарвал сарын хязгааргүй зорчих эрх 100 хэрэглэгчид
  • 5 орон таарвал 500 мянган төгрөгийн азтан 10 азтан
  • 6 орон таарвал 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гараг бүрийн 19 цагаас тодрох юм.

Азтан болсон хэрэглэгчидийн шагнал дараа сарын сугалааны тохирол хүртэл хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм. Тус урамшуулалд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэд хамрагдахгүй гэлээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй

Related image

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж дууслаа. Гадаадад томилолтоор явж буй хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг ирсний дараа хуралдаж, шийдвэр гаргахаар болсон байна. Уг нь Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Энэ асуудал яалт ч үгүй хууль зөрчихөөр боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралд Н.Номтойбаярыг оролцуулна. Түүний хүсэлтээр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь УЕП-оос асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн” гэжээ. Харин Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Би зөвхөн санал өгсөн. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаагүй байна. Тиймээс би үндэслэлийг одоо хэлэх боломж алга” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгааг нэг сар болгох санал гаргав

ШИНЭН-ын зөвлөлөөс аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах саналаа илэрхийллээ. Тус саналыг боловсруулахад улс төрийн 23 намын байр сууриа нэгтгэжээ.

Тодруулбал, сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэсэн заалтыг оруулах, сурталчилгааны хугацааг нэг сар болгох, мөрийн хөтөлбөрт ёс төдий аудит хийлгэх үүрэгжүүлсэн заалтыг хасч, сонгогчдоор шүүлгэдэг болох санал гаргажээ. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн олон зүйл заалтыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх, төрийн албанд 10 жил хүртэл ажиллахгүй байхаар хуульчилж санкцыг хүчитгэх хэрэгтэй гэсэн санал илэрхийлэв. Үүнээс гадна, сонгуулийн ирцийг 50+1 хувь байхаар хуульчлахаар тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулахдаа хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслөөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг өргөжүүлэхээр байгаа, тэгвэл бүтэц, хүний нөөцийн хувьд үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх үүргээ биелүүлэх боломж бий эсэхийг лавласан. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 144 ажилтантай бөгөөд банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаанд 3100 этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн байна. Хэлэлцэж буй төслөөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас авсан судалгаанаас харахад 6000 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай болж байгаа. Энэ оны улсын төсөвт Санхүүгийн зохицуулах хороонд дээрх чиглэлээр 10 орон тоо нэмэгдүүлэхээр тусгаад байгаа гэв. 144 хүний орон тоотойгоор 3100 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан байгууллага одоо 9000 гаруй нэгжийн үйл ажиллагаанд 154 хүний орон тоотойгоор хяналт тавих болж байгаа асуудлыг Байнгын хороо болон холбогдох бүх түвшиндээ анхаарч, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн анхаарах шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн 5 зөвлөмж дутагдалтай хэмээн дүгнэгдсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэн баталснаар тодорхой хэмжээний дэвшил гарна. Түүнчлэн ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн орчин, тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар, мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг даваа гараг бүр авах боломжтой

Нийгмийн даатгалтай холбоотой олон асуултыг иргэд бие биенээсээ асууж, сураглаж, чих тавьдаг ч дийлэнх нь буруу ташаа мэдээлэл байх нь бий. Тиймээс энэхүү эрэлт хүсэлтийг харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд, даатгуулагчдадаа зориулан долоо хоног бүрийн Даваа гарагийг нээлттэй өдөр болгон зарласан билээ. 2018 оны дөрвөн сараас эхлүүлсэн энэхүү нээлттэй өдөрт ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөө албаны эх сурвалжаас авдаг бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авснаар таны цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

Иргэн, даатгуулагч танд нийгмийн даатгалтай холбоотой тулгараад буй асуудал байвал, та нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг бол, өндөр насны тэтгэврээ удахгүй тогтоолгох гэж буй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зориорой. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаарх мэдээлиийг “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Та өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулахаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэдийг нээлттэй хүлээн авч хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь өгөхөөр ажиллаж байгааг дахин дуулгая.