Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: 2020 онд нийтийн тээвэрт цогцоор нь парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн 1300 орчим удирдах албан тушаалтантай СТӨ-нд уулзалт хийлээ. Энэ үеэр түүнтэй ярилцсан юм.


-2020 онд боловсролын салбарт ямар ажил дээр илүү анхаарч ажиллах вэ?

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бид сургалтын орчинд хүүхдийн хүмүүжил ёс зүйн асуудлыг шинэ түвшинд ярьж, ойлгож асуудалд хандах цаг болжээ. Манай нийгэм томоохон сорилттой тулгарч байна. Бүх түвшинд хүмүүжил, ёс зүй, иргэний хариуцлага гэдэг асуудал тулгарч байна. Иргэний хариулага, төлөвшил, мораль буюу ёс зүйн асуудал сургууль цэцэрлэгээс эхэлнэ. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Өдөр бүр хүүхдүүдэд шинжлэх ухаан, математик, онолын хичээл заагаад байдаг. Яг тэр хүүхэд хэн болж төлөвших юм. Нийгэмд ямар хариуцлагатай иргэн болж хүмүүжих юм. Төлөвшилд нь эцэг эх ямар оролцоотой юм. Тэр тусмаа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үндэс суурь болсон багш нар ямар үүрэгтэй юм бэ гэдгийг 2020 оны хотын соёлыг түгээх, иргэний ёс зүйн оролцоог хангах хүрээнд бий болгохоор ажиллаж байгаа.

-Ямар ажлууд зохион байгуулах вэ?

-Мэдлэг чадвар олгохын зэрэгцээ хүүхдийн ааш, зан авир, ёс зүй хамгийн чухал гэж харж байгаа. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэхээсээ илүү ажлын хариуцлага, хяналт, гүйцэтгэлтэй байдал дутагдаж байна. Мэдээж сургалтын орчинд эцэг, эхийн оролцоо чухал бөгөөд чиглүүлэхэд багш нарын оролцоо хамгийн чухал. Сургалтаас хүмүүжлийн ажлыг салгаж болохгүй. Хотын соёлыг түгээх, зөв хандлагыг хэвшүүлэх үүднээс хичээлийн өмнө, дараа нь 5-10 минутын ёс зүйн талаар хүүхэд, сурагчидтайгаа ярилцахыг уриалж байна. Орон сууцны томоохон төсөл хөтөлбөр дээр цэцэрлэг, сургуулийн багш нарыг хамруулахад анхаарч ажиллана. Тодруулбал, хувь хүн хэн байх ёстой юм, нийгэмд яаж оролцоогоо бий болгох ёстой вэ, өөрөө өөрийгөө яаж хариуцлагатай болгох вэ гэдгийг зааж сургах, энэ талын идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Хоёрдугаарт, багш нарын орон сууцны асуудал байна. Нийгмийн асуудал байна. Цалин хэдий энэ жилээс нэмэгдэж байгаа ч гэсэн илүү нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ улс орны хувь заяа болсон хүүхэд багачууд, ирээдүйн энэ улс орны хувь заяаг атгасан иргэд хэн байх вэ гэдэг бол багш нарын яаж ажиллах вэ гэдгээс шалтгаалах учраас тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хотоос хамтарч багш нарт үүсдэг хүндрэл эрхшээлийг даван туулах, багш нарын ар гэрт ямар асуудал байна вэ гэдгийг судалж, ярилцах ажлыг зохион байгуулж ажиллана. Тэр хэрээрээ сургалтын орчин сайжирч, сургуулиас гарч байгаа боловсролын бүтээгдэхүүн буюу хүүхдүүд өөрсдөө жинхэнэ орчин цагийн төлөвшсөн, иргэншсэн, нийгмийн хариуцлагатай хүн болж төлөвших боломжийг хамтдаа бүрдүүлье гэж ярьж байгаа.

Энэ жилийг хот стандартын жил болгож байгаа. Стандарт гэдэг анги танхимд хэдэн хүүхэд байх юм, сургалтын орчин, багшийн ур чадвар ямар байх юм, энэ хүрээндээ хөрөнгө оруулалтаа яаж зөв хуваарилах юм гээд энэ удирдах ажилтнуудынхаа саналыг сонсч асуудлаа шийдвэрлэхээр ажиллана.

-Гурван ээлжээр хичээллэхээ больсон нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн аюулгүй байх ёстой сургуулийнхаа орчинд хүүхдүүд амь насаа алдах тохиолдлууд гарах болсон. Энэ асуудалд анхаарч байна уу?

-Гурван ээлжээр хичээллэхээ больсон нь сайн. Тэгсэн хэдий ч энэ нь бүх асуудлуудыг шийдлээ гэсэн үг биш. Нэг ангид байх ёстой хэмжээнээс давсан их хүүхдүүд сурч байна. 2019 онд 76 цэцэрлэг, 45 сургуулийн ажил өрнөж, эхнээсээ ашиглалтад орсон. Жил ирэх тусам хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах тоо өсч байна. Жишээ нь, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 74.6 хувь нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цаана нь маш олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бүх хүүхдүүд хамрагдах боломжийг нээж өгөхийн тулд бид нар хөрөнгө оруулалтаа илүү бодитой, заавал цаг хугацаа авч, нүсэр байгууламж барихгүйгээр аюулгүй байдал хангасан, бүтээн байгуулалт хийхийн тулд тухайн орчинд нь сургууль, цэцэрлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тал дээр анхаарч ажиллаж байна.

Энэ жил бага дунд сургуульд элсэх хүүхдийн тоо 22250 шахмаар өсч байна. Энэ хэрээрээ жил бүр л өсөх учраас боловсролын салбарт тогтвортой, байнга хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Тэрнээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах. Мөн багш нар хичээл заахаас гадна том сурган хүмүүжүүлэгч, зөвлөгч байх ёстой. Тэгж байж бидний яриад буй иргэн зөв төлөвшүүлэх гэдэг асуудал яригдана.

-2020 онд нийслэлээс боловсролын салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 192 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна. Өмнө нь боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болж, нийт хүүхдийн 74.6 хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдсан. Хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ зөв хүмүүжил олгох нь хамгийн чухал. Цаашдаа хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна. Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод 2020 онд нийт 192.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35 сургуулийн барилга ашиглалтад орох юм байна.

-Нийтийн дүүжин тээврийн асуудал хэр явж байгаа вэ?

-Судалгааны ажил дууссан. Төсөв мөнөний асуудлыг шийдэж, Их хурлаар хэлэлцүүлсний дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 2020 онд нийтийн тээвэрт цогцоор нь парк шинэчлэл хийнэ.

-Агаар мэдрэгчийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгнө гэдэг асуудал яригдаж байсан боловч одоо л утаа мэдрэгчийг тарааж байна. Яагаад удсан юм бэ?

-Аль нэг үйлдвэрээс худалдаж авъя гэхэд бэлэн байдаггүй юм билээ. Хоёроос гурван сарын өмнө захиалгаа өгөх ёстой байдаг. Мөн 200, 300 мянган төгрөгөөр авч байгаа учраас урьдчилсан захиалгаа өгсний дараа үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж байгаа газрууд нь ачаалал их байдаг учраас хоёр гурван сарын дараа нийлүүлнэ гэдэг асуудлыг тавьсан. Тэрнээс өмнө Улаанбаатар хотод ашиглагдсан мэдрэгчийг Монгол Улсын стандарттай нийцүүлэх ёстой гэдэг асуудал шат шатандаа яригдсан учраас Стандарт хэмжил зүйн газраас стандартыг нь батлуулах, олон улсын стандартыг нь оруулж ирэх, шаардлагатай нөхцөлийг нь уялдуулах ажил хийгдсэн. Хоёрдугаар сарын дунд үе гэхэд иргэдийг утаа мэдрэгчээр хангаж дуусах байх.


Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, идээ элбэгшинэ

Аргын тооллын нэгдүгээр сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 28, өвлийн дунд улаан хулгана сарын хөх хулгана өдөр. Өдрийн наран 08:31 цагт мандан 17:35 цагт жаргана. Энэ өдөр шинэ барилга ашиглалтад оруулах, худалдаа наймаа хийх, гэрлэх, тус хэрэгтэй үйлийг бүтээхэд сайн. Төлгө тавих, морь уралдуулах нохой тэжээх, хүүхэд үрчлэн авахад харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, идээ элбэгшинэ.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарт ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзжээ

УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс хаалттай хуралдааны талаар тодрууллаа. Тэрбээр “”Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэх Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын асуудлаар бидэнд хандсан.

Хуралдаанд ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийг өөрсдийг нь байлцуулан тайлбарыг авсан. Ингээд дэд хорооны гишүүдийн 3/2-ын саналаар ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзлээ. Мөн нэр холбогдсон гурван гишүүнд зөвлөмж хүргүүлэхээр болсон” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хороогоор Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг гишүүн нарын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаан эхэллээ. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдаан хаалттай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэж үзэн тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Харин АТГ-аас гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгаж, шийднэ гэдэг хариулт өгсөн юм. Энэ дагуу тус дэд хороо өнгөрсөн оны аравдугаар сард уг асуудлаар хуралдсан ч дээрх гурван гишүүнийг өөрсдийг байлцуулан, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэж байна. Тус дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн ахалдаг бөгөөд М.Энхболд, С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд харьяалагддаг байна.

Categories
мэдээ нийгэм

“Эв нэгдлийн төлөө хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг танилцууллаа

“Монгол Ньюс” мэдээллийн төвд авлигын эсрэг нэгдсэн Монгол Консерватив нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, болон Зүй ёс нам, эвсэлээс “Эв нэгдлийн төлөө хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг танилцууллаа.

Санамж бичигт:

  • Нэг. Нийтлэг зүйл

Талууд Монгол төрийн эрх баригчид нь Үндсэн Хуулийн 1-р зүйлийн 2-р заалтад заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимууд болох “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг баримтлахгүй, Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-р заалтад заасан, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн төрд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй байна гэж дүгнэв.

  • Хоёр. Хамтын ажиллагааны зорилго

Талууд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн үйл ажиллаганы үндсэн зарчимуудыг чандлан баримталхыг эрх баригчдаас шаардаж ажиллахын зэрэгцээ 2020 оны УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуульд эвсэн оролцож Үндсэн хуулиа сахин баримталдаг Монгол төрийг цогцлуулахын төлөө хамтран ажиллахаар харинцан тохиролцов.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хороо хуралдаж байна

Image result for ёс зүйн дэд хороо

УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаан эхэллээ. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдаан хаалттай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гурван гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүнийг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Харин АТГ-аас гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгаж, шийднэ гэдэг хариулт өгсөн.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Хүсэлт ирүүлж болох ч хуралдаан хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ч таван гишүүний нэг нь гадаадад томилолттой яваа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус дэд хороонд хандан асуудлыг нээлттэй хэлэлцэх, хуулийн байгууллагын удирдлагуудыг оролцуулах зэрэг хүсэлт гаргасан юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах, Н.Номтойбаярын гишүүнийг хүсэлтээр нээлттэй хуралдах эсэхийг тус дэд хорооны дарга Ц.Нямдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Хүсэлт ирүүлж болох ч хуралдаан хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. УЕП-оос нууцын зэрэглэлтэй бичиг ирүүлсэн учраас. Н.Номтойбаярын хэлсэн болгоноор явна гэж байхгүй. Байнгын хороо, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.

Сайд байхдаа хийсэн ажилтай нь холбогдолтой нөгөө нь ордонд болсон явдалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, гурав дахь нь хэвлэлд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр УЕП-оос санал ирүүлсэн.

УЕП-ын саналын УИХ 48 цагийн дотор шийднэ гэдэг хуультай. Прокуророос энэ асуудлыг тавихдаа Их хурал, байнгын хороодын ирц бүрэн байна уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Прокурорын талаас яаруу, адгасан байдал байсан. Үүнээс болж 48 цаг өнгөрлөө, хууль зөрчлөө гэдэг зүйл бий болоод байна” гэлээ.

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гадаадад казинод тоглосон гэгдээд буй УИХ-ын гишүүдийн талаар ямар байр суурьтай байгааг нь лавлахад “Юу яриад байгаа юм. Тэр асуудалд холбогдсон хүнтэй нь ярихгүй юу. Ороод гардаг л газар шүү дээ. Та нар шал хэрэггүй юмаар хөөцөлдөх юм” гэсэн хариулт өглөө.
Categories
мэдээ нийгэм

Увсад 2,609 толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд цагаан зудтай байгаа бол түүн дотор Увс аймгийн Түргэн, Тариалан, Малчин гэсэн гурван сум багтсан байна. Тус аймгийн 2019 оны зуншлагын нөхцөл байдал, бэлчээрийн даац, багтаамжийн судалгаагаар нийт нутгийн 90 орчим хувь нь хэвийн, 10 орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байсан юм.

Аймгийн хэмжээнд 19 сумын 92 багийн 10,613 өрхийн 3,279,288 толгой мал өвөлжиж байна. Малчид өөрийн хэрэгцээнд өвс 50,100 тн, тэжээл 1,900 тн, давс, хужир 9,107 тн бэлтгэхээс өвс 49,397 тн, тэжээл 1,452 тн, хужир шүү 5,187.8 тн, үйлдвэрийн тэжээл 282 тн, сүрэл 462 тн, ногоон тэжээл 90 тн бэлтгэжээ.

Аймгийн аюулгүйн нөөцөнд 332.0 тонн өвс, 87.5 тонн тэжээлийг бэлтгээд байна. Харин сумдын аюулгүйн нөөцөнд 822.0 тонн өвс, 244.2 тонн тэжээл тус тус бэлтгэжээ.

Тус аймагт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цасан бүрхүүл тогтсон бөгөөд, нийт 25 удаа их бага хэмжээгээр цас орсон. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, нийт 17 суманд 5-28 см цастай байна. Хунгарласан хэсэгт 30-50 орчим см цастай байгаа аж.

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 40 орчим хувьд их, нэн их, 60 орчим хувьд дунд, бага эрсдэлтэй гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Увс аймагт 2,609 толгой мал хорогдоод байгаа талаар аймгийн онцгой комиссоос ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэгт мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг ХЗДХЯ-наас хүч хэрэглэн гаргаж баривчиллаа

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг болон яаманд цугласан иргэдийг цагдаа, хамгаалалтын албаныхан хүч хэрэглэн гаргаж, харин Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа. Болсон үйл явдлын тухайд Б.Мөнхцэлмэг “Бид 2019 оны тайлант хугацаа дуусаад төрийн байгууллагынхны шилэн дансанд анализ хийсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны шилэн дансыг үзэхэд шинэ барилгадаа 626 саяын тавилга, тохижилт хийсэн байна. Үүнээс 51.6 сая төгрөгөөр Төрийн нарийн бичгийн даргын өрөөгөө, яамны үүдний хэсгийг 61 сая төгрөгөөр, уулзалтын өрөөг 46.9 сая төгрөгөөр дотор засал хийсэн. Үүнийг үзэх хүсэлт тавьсан. Төрийн нарийн бичгийн даргын өрөөг бүтэн байрны үнээр тохижуулсан байна шүү дээ. Ямар тохижилт хийснийг л хармаар байна. Хууль зүй дотоод хэргийн яам шинэ байранд орсонтой холбогдуулан олон сая төгрөгийн зардлаар тохижуулсан өрөөг орж харах хүсэлт тавьсан. Гэвч ХЗДХЯ даргынхаа өрөөг үзүүлж чадахгүй байгаа нь ямар нэгэн зүйл нуусан гэж үзэж байна” хэмээгээд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Жанчивдоржийг гарч ирж мэдээлэл өгөхийг шаарджээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг маргааш нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана.

Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.