Categories
мэдээ нийгэм улс-төр

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.22) хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлаас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, улмаар 2013 онд шинэчлэн найруулсан.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаабөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байгаа аж.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардпага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэгдсэн байна. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай болжээ.

Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэүтгүүлэхээр шилжүүлсэн.

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хийсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7, найруулгын 2 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага нь хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана” гэж өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БНФУ-тай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Иргэний аюулгүй байдлын салбарт Бүгд Найрамдах Франц Улстай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор болов.

Энэ нь гамшгаас хамгаалах салбарт хамтрах чиглэл, цар хүрээг өргөтгөх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалт зохион байгуулах, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

Categories
гадаад мэдээ

Toyota дэлхий даяар 3,4 сая машиныг эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани аюулгүйн дэрний асуудлын улмаас дэлхий даяар 3,4 сая машин эргүүлэн татахаар болжээ.

Ийм шийдвэр гаргах болсон нь цахилгаан доголдлын улмаас аюулгүйн дэр ослын үед дэлгэгдэхгүй эсвэл бүрэн дэлгэгдэхгүй байх нөхцөл бүрдсэнтэй холбоотой гэнэ.

Хамгийн их машин буюу 2,9 сая машиныг АНУ-аас эргүүлэн татах юм байна. Компанийн мэдээлснээр 2011-2019 оны хооронд үйлдвэрлэгдсэн Corolla, 2011-2013 онуудад үйлдвэрлэгдсэн Matrix, 2013-2018 оны Avalon болон Avalon Hybrid машинуудыг эргүүлэн татах аж.

Энд дуулгахад, 2010 оны нэгдүгээр сард Тоёота компани дөрөөний гэмтлийн шалтгаанаар найман сая машин эргүүлэн татаж байлаа. Энэ нь Японы автомашин үйлдвэрлэгчийн түүхэн дэх хамгийн их хэмжээний гологдол бүтээгдэхүүн гарсан тохиолдол байв. Мөн оны хоёрдугаар сард дэлхийн 60 орноос 400 мянга гаруй машиныг тормозын системийн доголдлын улмаас эргүүлэн татаж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Ремигтон-700”, “Дарвинк” маркийн галт зэвсэг илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 18-нд дамжин өнгөрч буй “Тоёота ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслээс ан агнуурын зориулалттай “Ремигтон-700”, “Дарвинк” маркийн галт зэвсэг илэрчээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг энэ сарын 20-ны өдөр саатуулан шалгахад Баякаль БАРС “С-525” маркийн галт зэвсэг гарч ирсэн байна.

Иймд галт зэвсэг эзэмшигч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Ташрамд хэлэхэд, галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлжээ

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр /2020.01.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас албан ёсны тайлбар мэдээллийг хийлээ.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа “Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс “Бавгар” ХХК-тай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 дүгээр корпус ашиглалтад орсон. Хоёр корпус барилгын суурийн ажил дуусах шатандаа ажил явагдаж байна.

Энэ хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж сахилга ёсзүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг ажиллаж байна. “Бавгар” ХХК-ийн зүгээс АТГ-т холбогдох баримтаа өгсөн байгаа гэж мэдээлсэн” хэмээлээ.

“Бавгар ХХК 2015.09.04-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан аж. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон юм байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад хамрагдлаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан юм.

Хээрийн нөхцөлд 120-125 см мөсийг цоолж, 7-9 метрийн гүнд усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дадлага сургуулийг хийлээ.




Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Улсын яллагч өвчтэй шалтгаанаар З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гараад байсан ч хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ.

Тодруулбал, З.Баянсэлэнгэ нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар уг хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч ирэх хоёрдугаар сарын 6-ны 09.00 цаг хүртэл хойшлогдсон байна.

Categories
мэдээ улс-төр

Дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:

– 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

– 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

– 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭВ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Товч мэдээ:

– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

– Монгол Улсын 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах болон аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлав. Худалдан авах ажиллагааг /tender.gov.mn/ цахим системээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүн, гэрээг тухай бүр цахим системд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.

– “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгав. 21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах талаар Хятадын талтай тохиролцохоор болов.

– Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдсанаар БНЧУ-д ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа олон жилээр тасардаг, ирээдүйд тэтгэвэр авах эрхгүй болох, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг нь үгүй болох юм. 2019 оны байдлаар Монгол Улсын 8813 иргэн БНЧУ-д амьдарч байна.

– Иргэний аюулгүй байдлын салбарт Бүгд Найрамдах Франц Улстай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор болов. Энэ нь гамшгаас хамгаалах салбарт хамтрах чиглэл, цар хүрээг өргөтгөх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалт зохион байгуулах, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

– Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцоно. Монгол Улсын павилонд түүх, соёл, эдийн засаг, бизнесийн орчин, аялал жуулчлал, Төв Азийн хурдны зам, загвар, үзмэр, видео танилцуулга зэргийг түлхүү байршуулахаар төлөвлөжээ. 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 2021 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд “Мэдлэгийг холбох, ирээдүйг бүтээн байгуулах” сэдвийн дор болох энэ үзэсгэлэнд 192 орон оролцохоо илэрхийлээд байна.

– Түүх, соёлын дурсгал, тусгаар тогтнолын баримт нотолгоо болсон эртний газрын зургийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүхэн газрын зургийн гурван боть ном хэвлэн олон нийтэд сурталчилан таниулахаар болов. Газрын харилцааны салбарын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог байдаг. Төв номын сан, Үндэсний төв архив, орон нутгийн музей зэрэгт XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй газрын зураг хадгалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Аав маань Төрийн тусгай объектод албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй.​ Бид гаднын нөлөөтэй гэж үзэж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлээс анх удаа албан ёсны мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг болон охин Б.Цэлмэг, хуульч, өмгөөлөгч Батхуяг нар оролцлоо.

Хуульч, өмгөөлөгч Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд Г. Батхүү агсан амиа алдсан. Эрүүгийн хэрэг үүсгээд найман сар өнгөрлөө. Одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд сошиал орчинд янз бүрийн мэдээлэл цацагдсан. Хэрэг хаагдлаа, гаднын нөлөөгүй гэх мэдээллүүд явсан. Энэ бүхэнд гэр бүлийнхэн нь хүлээцтэй хандаж ирсэн. Зарим нь улс төртэй холбох, улс төрийн зорилгоор ашиглах нь илт болоод ирлээ. Иймд ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлэл хийж байна. Шүүх эмнэлгийн багийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарсан. Анхаарал татсан хэдэн зүйл бий.

Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдэнд гадны хүчний үйлчиллээр хөхрөлт хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог улайлт юм. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэх дүгнэлт гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграппын тест авсан. Ингэхэд асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн тест гарсан. Хэргийн газраас гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу байна вэ гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан.

Мөн хэргийг шалгаж байх явцад хэргийн талаар гэр бүлийнхэн рүү нь хэргийг харсан, үзсэн гэх мессежийг нэг этгээд бичсэн. Үүнийг шалгах явцад хэн болох нь тогтоогдсон. Энэ хүн би хэргийг хараагүй, мэдэхгүй гэж тайлбар өгсөн байна лээ. Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппаратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй зэрэг зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна” гэсэн юм.

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг “Аав маань Төрийн тусгай объектод албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй. Бид гаднын нөлөөтэй гэж үзэж байна. Өндрөөс унасан гэж байгаа ч унасан талын нүд нь хэвийн хэрнээ нөгөө талын нүд нь хөхөрчихсөн, нэлээд том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан гэж бид хардаж байгаа” гэлээ.

Г.Батхүү агсаны гэр бүлд хэргийн дараа ийм мессеж иржээ.