Жил бүр Цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357.3 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм.
Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯ-наас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж байна.
Аяны хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, Томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм.
Төрийн ордноос эхлэн зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангаж эхэлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс амны хаалттай оролцож байгаа юм.
Энэхүү арга хэмжээнд Хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд Арьс ширэн бүтээгдэхүүн 15 аж ахуйн нэгж, Ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, Гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, Сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.
Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг ХХААХҮЯ-наас нийт иргэддээ уриалж байна.