Categories
мэдээ нийгэм

“Гоёл-2020” наадмын шилдэг топ моделиор Д.Долгион шалгарлаа

32 дахь удаагийн “Гоёл-2020” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, шилдэг топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорлоо. Шагналыг өнгөрсөн жил топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өглөө.

“Гоёл-2020” наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан юм.

Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд шилдэг загваруудаа танилцуулав.

“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД

  • Тусгай шагнал “Алтжин” брэнд
  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
  • Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
  • Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
  • Шилдэг Фото модель Д.Халиун
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын начин Н.Баярбаатар: Монгол бахархлын өдөр, улс тунхагласны ойн төрт ёсны баярт түрүүлнэ чинээ санаагүй


Баруун гараас улсын начин Н.Баярбаатар, Б.Орхонбаяр

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Монзол” группийн бөх Монгол Улсын залуу начин Насанцогтын Баярбаатартай ярилцлаа.


-Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”, Улс тунхагласны 95 жилийн ойн баяртай хамт таширлуулсан шилдэг бөхийн барилдаанд бахтай сайхан түрүүллээ. Өөрийг чинь ингээд гараад ирнэ гэж бөх сонирхогч олон тааварлаагүй байх?

-Яг үнэнийг хэлэхэд би өөрөө ч ингээд түрүүлнэ гэж бодоогүй. Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баяр гээд төрт ёсны хоёр том баярын бөхийн барилдааныг нэгтгэж “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулсан. Чансаагаараа тэргүүлж байгаа энэ цагийн шилдэг 128 бөх хүчээ сорьсон ийм л том барилдаан. Биднийг багад Улс тунхагласны ойн бөхийн барилдааныг бөх сонирхогч олон наадам, цагаан сарын бөх шиг хүлээдэг байсан. Дандаа аварга, арслангууд түрүү үзүүрт хүрч чансаатай, үзүүштэй барилдаан болдог байв. Монгол бахархлын өдрийн барилдаан ч ялгаагүй, шилдэг хүчтэнүүд зодоглож өнгөнд барилдах нь мэдээж. Тэгтэл ийм л төрт ёсны баярт нутгийн дүү Орхонбаяртайгаа түрүү үзүүрт үлдчихээд, зүүн баруун талын засуулуудыг ханаруулаад гарч ирэхэд ёстой зүүд юм шиг санагдсан. Миний бие том жижиг нь хамаагүй ямар ч барилдаанд зодоглохоор явахдаа ханийнхаа хийсэн хоол цайг амтархан хүртээд хүүгээ үнсээд, бурхан тахилдаа мөргөөд гардаг. Сэтгэл дороо мэдээж санасандаа хүртэл сайхан барилдах юм шүү гэж бодно. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс түрүү бөхийн шагнал гардаад зогсож байхдаа маш их бэлгэшээсэн. Хэдхэн сарын өмнө миний бие улсын баяр наадамд тав давж улсын цолны босго алхаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын начин цолны тэмдэг, батламжийг гардаж байв. Тэгтэл их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр мөн төрийн тэргүүнээс түрүү бөхийн бай хүртсэн нь их сайхан санагдсан. Яагаад ч юм өөрөө бахархах сэтгэл төрснөө нуугаад яахав.

-Б.Орхонбаяр гэж сайхан залуу гараад ирлээ. Та хоёрын хувьд өнөө жил Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүү үзүүрт үлдсэн. Дараа нь улсын наадамд хоёулаа начин болсон, сая энэ том баярт мөн л шалгарлаа. Орхонбаярыг давчихаад тугийн мандлын дэргэд үнсэж байгаа чинь, мөн индрийн өмнө Баянмөнх, Бат-Эрдэнэ гээд хүчит аваргууддаа мэхийн хүндэтгэл үзүүлж байгаа чинь хүмүүст их хүрэх шиг боллоо. Жудагтай залуу юмаа гэцгээж байна?

-Монгол бөхөд эрэмбэ, жудаг гэж том зүйл бий. Залуу бөхчүүд түүнийг дагалгүй яахав. Миний хувьд Г.Эрхэмбаяр гэж ард түмний хүндэтгэл хүлээсэн аваргын шавь. Багш маань надад жудаг ёс гэдгийг өөрөөрөө үлгэрлэдэг юм. Би Орхонбаяр дүүгээ ихэд хүндэтгэдэг. Цаашид улам сайн барилдах байх гэж итгэдэг. Бид хоёрын хувьд сонин учрал тохиол болж байна. Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүү үзүүрт шалгарсан, дараа нь хоёулаа зэрэг улсын цолонд хүрсэн гээд. Дүүгээ хүндэтгэдэг хэрнээ бөхийн дэвжээнд бол яс үзнэ. Аймгийн наадамд би унасан. Саяхан болсон атрын 60 жилийн ойн баярт дөрвийн давааны нугалаанд таарч барилдаад мөн өвдөг шороодсон. Үндсэндээ би Орхонбаярт хоёр уначихаад байсан. Түүндээ шар хөдлөлгүй яахав. Сая бол би давна гэж, түрүүлнэ гэж гарсан. Түүндээ ч хүрлээ. Хоёр удаа тахимаа өгсөн барилдаанууддаа би анализ хийж, чухам юун дээр яаж алдав гэдгээ бодсон. Ингэж анализ хийж тооцоолсон маань энэ удаад давах нөхцөл болсон байх.

-Та түрүүнд ярианы завсраа хэллээ л дээ. “Миний багш Эрхэмбаяр аварга” гэж. Өнөө жилийн наадамд багшаараа тав давж улсын начин болсон санагдана. Тэр тухай асуумаар байна. Ер нь энэ жил начин болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Энэ цагийн хүчит аварга багшаараа тав давж улсын цолтны эгнээнд багтсандаа их баярладаг. Цаашид цолоо баталж, мөн ахиулж улсын өндөр цолонд хүрч багшийнхаа ач буяныг хариулахсан гэж боддог. Надад итгэсэн итгэлийг нь алдахгүйн төлөө хичээн зүтгэх болно. Тийм л бодлоор бэлтгэл сургуулилтаа базаадаг. Дээрээс нь нутаг усны маань олон түмэн байна, бүгд л намайг сайн барилдаасай гэж бодож байгаа. Өнөө жилийн наадмын тухайд гэвэл урьд жилүүдийнхээс нэг л өөр байсан. Хамгийн гол нь огтоос стресс, нервгүй, сэтгэл амар амгалан байсан. Наадмын бэлтгэл дээр бэлтгэлээ дуусаад л элдэв янзын юм бодохгүйгээр унтаад өгнө. Ер нь толгой тавиад л нам унтчихна. Тэгж сайхан амарсан. Наадмаар төв цэнгэлдэхэд зодоглоод гарахад хүртэл сэтгэл нэг л тайван, санаснаараа барилдаад байгаа юм шиг. Гурвын даваанд Завханы Ш.Уламбаяр харцагыг, дөрөвт Болдын Сайнбаяр зааныг даваад тавын даваанд Эрхэмээ багшийгаа давж начин болсон.

-Зургаагийн даваанд Мөнхбат аваргатай барилдсан. Их сонин барилдаан болсон. Өөрөө бол аваргыг хаячихлаа гэж бодсон байх?

-Юуны өмнө маш сургамжтай барилдаан болсон гэдгийг хэлье. С.Мөнхбат аваргыг давчихлаа, ингээд улсын харцага болчихлоо гэж үү гэж бодогдсон. Яг тэр агшинд аварга миний дор эргээд би арай түрүүлээд газардчихсан. Их харамссан, гэвч цааш цаашдаа улам сайн барилдах үүд хаалга минь нээгдлээ гэж бодсон. Мөнхбат аварга үнэхээр уран барилдаантай бөх. Хүмүүс дараа нь “Мөнхбат аваргаас өөр хүн байсан бол чи гарцаагүй давах байсан” гэж хэлж байсан.

-Мөнхбат аваргад хийсэн баруун хавираагаа саяны барилдаанд Хангай, Бүрэнтөгс гээд дээгүүр барилдах бөхчүүдэд хийчих шиг боллоо. Бат-Өлзий харцагыг бас эвгүй унагасан?

-Монгол бахархлын өдрийн энэ барилдаанд мэдээж санасандаа хүртэл барилдсан. Бат-Өлзий харцагыг давуулж гуядаад давсан. Над руу мөргөөд ороод ирэхэд нь давуулаад гуядчихсан. Бид хоёр дотно сайхан найзууд, нэг багшийн шавь нар. Эрхэмээ багшийгаа дагаж улсын цолны босго алхсан залуучууд. Бат-Өлзийгийн хувьд уначихаад эргэлзсэн, жаахан гайхсан тал бий байх. Цагаан сарын барилдаанд манлайлж байсан сайн бөх шүү дээ. Бүрэнтөгс арслантай би аймгийн начин цолтой байхдаа нэг барилдаж байсан. Түүнээс хойш таарахгүй байж байгаад сая барилдлаа. Арсланг энэ намар 20 кг жин хассан гэж хүмүүс яриад байгаа. Жин хаслаа гээд барилдаан нь муудчихна гэсэн үг биш л дээ. Харин улам хурдтай гялалзсан барилдаан гаргана. Арслантай нуруу туруу ойролцоо учир барилдаан таарах юм билээ. Төрийн наадамд түрүүлж, үзүүрлэж байсан, аварга цолонд ойр яваа хүчтэн арслантай сайхан барилдсан. “Пүрэвдагва арслан, Бүрэнтөгс арслангууд унаад, мөн их шөвөгт үлдсэн Батсуурь аварга унангуут хүмүүс “Хангайгийн наадам боллоо” гэлцэж байтал чи Хангайг хаячихсан” гэж найзууд, дотны хүмүүс хэлсэн. Хангай харцагын хувьд бяртай, энэ цагт аргагүй сайн барилдаж байгаа бөх. Бид хоёр барьц сонгоонд тулж очоод би хавираад давсан.

-Улсын наадамд анх зодоглосон тухайгаа, мөн аймгийн цол хүртсэн тухайгаа хуваалцахгүй юу?

-2011 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор анх улсад зодоглосон. Тэгэхэд сумын заан цолтой байлаа. Эрхэмээ багшийн Мөнхбат аваргатай үлдэж үзүүрлэн улсын арслан цолонд хүрдэг наадам юм. Чухам хэнд унаснаа би санадаггүй юм. Одоо бодох нь ээ, Ховдын аймгийн арслан Н.Батсайханд унасан санагдаад байдаг. Хэнийг нь сайн мэдээгүй, харин их л чанга унаснаа санадаг юм (инээв). Учраа бөх минь дайрч орж ирээд л яах ийхийн зуургүй аваад шидчихсэн. Толгой тархи эргэн нүд эрээлжлээд л явчихсан. Улсын наадам чинь ийм аймаар юм уу гэж бодогдохоор. Тэр жил мөн манай аймгийн 80 жилийн ой болж Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй олон том цолтой бөхчүүд очиж барилдсан. Миний бие дөрвийн даваанд Архангайн М.Цанлиг начинг, тавын даваанд Говь-Алтайн Ш.Тогтохбаяр начинг давж аймгийн начин цол хүртсэн. 2015 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд аймгийн арслан Саранбаатар гэж олон жил сайн барилдсан ахтай үлдэн түрүүлсэн. Улсын наадмын тухайд бол 2016, 2017, 2018 онуудад хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших, Завхан аймгийн харьяат улсын начин Г.Баасандорж, Сүхбаатар аймгийн харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар нартай хүч шавхсан барилдаан гаргаж дандаа барьц сонгоонд хүрч байж тахимаа өгсөн.

-Ингэхэд аав тань барилддаг уу, удамд тань бөх бий юү. Өөрөө биеийн өндөр болоод жин хэд байна. Баярбаатар гэж Өмнөд Монголын алдарт аварга байдаг. Мэдээж уулзаж байсан байх, энэ бүгдийг сонирхъё?

-Манай аав залуудаа барилддаг байсан. Сумын начин цолтой хүн бий. Намайг багаас минь бөхийн спортод хөтөлсөн хүн бол Сэлэнгэ аймгийн Спорт хорооны Данзангийн Эрдэнэбат гэж хүн байдаг. Бөхчүүд болоод спортын хүрээнийхэн энэ хүнийг андахгүй ээ. Харин Шуурайгийн Баянмөнх гэж хүн Эрхэмээ аваргад намайг аваачиж өгсөн. Тэгж л миний спортын зам мөр эхэлсэн. Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлчихээд Эрхэмбаяр багштайгаа холбогдож баяраа хуваалцсан. Бас өөрийнхөө үзүүлсэн амжилтыг үнэлүүлчих санаатай ярьж байгаа хэрэг. Дээр нь миний хамгийн их хүндэтгэдэг хүн бол “Монзол” группийн ерөнхийлөгч Чойжамцын Чинбат захирал. Би оюутан болж нутгаасаа гараад арав гаруй жил болж байна.Энэ хугацаанд аавын минь оронд аав болж намайг тулж түшиж өдий зэрэгт хүргэсэн хүн Чинбат захирал. Эрхэмбаяр багш маань дагуулж очин тус группийн бөх болгож цалин цавагтай залгуулсан. Миний гаргасан багахан амжилт энэ хүнтэй холбоотой. Энэ намар начин цолны наадмаа Мандал сум буюу Зүүнхараадаа хийсэн. “Чинбатын Ундрам сан”-гийн тэргүүн Ундрам гэж МУИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байна. Цолны минь наадмыг маш сайхан зохион байгуулсанд баярладаг.

Баярбаатар аваргыг би мэдэлгүй яахав. Өмнөд Монголд зохиогдсон барилдаануудад багшийгаа дагаж, ах нарынхаа хамт очиж зодоглож байсан. Тэгэхдээ Баярбаатар аваргатай уулзаж, зураг хөргөө татуулж байв. “Миний амьдаа, Ар Монголын хүчит бөх” гээд надад сүрхий хандана. Өмнөд Монголд Баярбаатар нэртэй ийм хүчит аварга байхад Ар Монголд бас яагаад Баярбаатар гэж аварга байж болдоггүй юм гэж хааяа бодогдоно, хүмүүс тэгж хэлэхээр эрхгүй санагддаг байх л даа. Гэхдээ сэтгэлд бодогдох яахав, хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж, цаг наргүй хөдөлмөрлөж байж хүссэн амжилтдаа хүрэх нь мэдээж. Өнөөдөр миний өндөр нэг метр, 90 сантиметр байна. Жин гэвэл 150 кг байна. Ижий аавынхаа харамгүй хайрласан энэ бие хааг улам хөгжүүлж, аварга багшийнхаа зааж сургасан мэх бүрийг сайтар эзэмшиж монгол бөхийн олон сайхан цолонд хүрэхийн төлөө зүтгэх болно оо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхины хэрэглээ өсөхөд нөлөөлж байгаа нэг шалтгаан нь ялын бодлого гэв

Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг “Новотел” зочид буудлын хурлын танхимд өчигдөр зохион байгууллаа.

Хуралд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын ХБА-ны дарга Л.Мөнх-Амар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар нар оролцлоо. Хурлаар залуу үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийг таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан юм. Монгол Улс өмнө нь хар тамхины дамжин өнгөрөх орон байсан бол өнөөдөр хэрэглэгч орон болсон талаар хуралд оролцогчид илтгэлийнхээ үеэр дурдаж байлаа.

Гаалийн байгууллага энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа аж. Үүний 90 орчим хувийг залуучууд буюу 15-35 насныхан эзэлжээ. Мөн насанд хүрээгүй дөрвөн охин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Хар тамхи хэрэглэж байгаа залуус гол төлөв найз нөхдийн хүрээнд уруу татагдаж гэмт хэрэгт холбогджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь гэмт хэргийг давтан үйлдсэн байсан талаар Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар ярьж байна.

Өнөөдөр хар тамхины хэргээр ял эдэлж байгаа 100 орчим иргэн байгаа аж. Мөн хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 200 орчим байгаа гэнэ. Хорихоос өөр төрлийн ял буюу тэнсэн харгалзах ялтай иргэд ялаа эдлэх хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Манай улсад оршин сууж байгаа, ажил эрхэлж буй гадаадын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрс өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.


ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодруулга авлаа.


-Сүүлийн үед улс хоорондын шуудан илгээмж ашиглаж хар тамхи зөөвөрлөх тохиолдол олон бүртгэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2010-2015 оны хооронд олон улсын иргэний агаарын тээврээр зорчсон зорчигчид биедээ болон хувийн ачаа тээшиндээ 20-100 гр хэмжээтэй хар тамхины төрлийн бодисыг нууж оруулдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ үйлдлийн арга хэлбэр нарийсч улс хоорондын шуудан, илгээмжээр гараас гарт хүргэх үйлчилгээг ашиглаж хууль бусаар хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол их гарч байна. үүн дээр гаалийн байгууллага, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байна. Зөвхөн хил дээр гаалийн байгууллага илрүүлээд, таслан зогсоогоод арга хэмжээ авахдаа гол нь биш, тухайн хар тамхи мансууруулах бодисыг анх захиалсан, уг гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлэх, хяналтан доор хүргэх арга хэмжээнүүд, хамтарсан ажлыг зохион байгуулж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр нарийссан талаар та яриандаа дурдлаа. Хэргийг илрүүлэх тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна?

-Рентген аппарат, тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны нохой, хүний бие шалгах аппарат болон мансууруулах бодис илрүүлэх багаж тоног төхөөрөмжүүдээр хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж байгаа. Мөн эрсдэл тооцогч системийг ашиглаж зорчигч болон шуудан илгээмжийн мэдээллийг урьдчилан авах, дүн шинжилгээ хийх аргачлалаар эрсдэлтэй бүс нутгаас ирсэн илгээмж, ачаа, зорчигчдыг хяналт шалгалтад хамруулж байгаа.

-Энэ онд шуудан илгээмж ашиглаж хар тамхи зөөвөрлөсөн хэдэн тохиолдлыг илрүүлээд байна вэ?

-2019 он гарсаар 11 удаагийн тохиолдлоор 4.5кг орчим мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан 13 холбогдогчтой хэргийг илрүүлж холбогдох ажиллагааг явуулсан. Олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга бол биеэс тусдаа улс хоорондын шуудан илгээмж болоод байгаа. Энэ асуудал дээр зөвхөн гаалийн байгууллага гэлтгүй цагдаагийн байгууллага өндөр хяналт тавьж ажиллаж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлтийг нэмэгдүүлж байна.

-Санамсаргүй тохиолдлоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдлоо гэх тохиолдол байдаг. Энэ талаар сэрэмжлүүлбэл?

-Гаалийн байгууллагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг. Энэ ажиллагааны хүрээнд гэрчээс мэдүүлэг авахад явцад тодорхой зорилго, сэдэлтэйгээр интернэт худалдаагаар дамжуулж захиалсан нь тогтоогддог.

-Ялын бодлогын талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын эрүүгийн тухай хуульд заасны дагуу тухай хуулийн 20 дугаар бүлэгт хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд, улс хоорондын шуудан илгээмжийг ашиглаж өөрийн биеэрээ гаргаагүй ч гэсэн тодорхой зорилго, сэдэлтэйгээр захиалж авч үйлдвэл 2-8 жил хорих ялаар шийтгэдэг.

-Хар тахины хэмжээнээс үл хамаарч хариуцлага оногдуулдаг уу?

-Хэмжээнээс хамаардаггүй. Монгол Улсын эрүүгийн хуулийн зохицуулалт бол тухайн хар тамхи мансууруулах бодисын тоо хэмжээнээс үл хамаарч ял хариуцлага оногдуулдаг. БнХаУ болон оХУ-д бол хэрэгт холбогдсон этгээдийн мансууруулах бодисын тоо хэмжээнээс хамаараад ялгавартайгаар ялын бодлого хэрэгжүүлдэг.

-Энэ онд 11 тохиолдол бүртгэгдсэн талаар та яриандаа дурдсан. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан уу?

-Өмнөх онд синтетик бодисууд 200 гаруй граммыг хурааж байсан. Харин энэ онд 4.5 кг болж өсч байна. нэг хүнд үйлчлэх тун, үнийн дүнгээр нь авч үзэхэд хэдэн тэрбумаар тоологдог үнийн дүнтэй бодис. Мөс гэхэд л манайд грамм нь 450-500 долларын ханштай байдаг. ойролцоогоор сая орчим төгрөг гэсэн үг. 500 грамм мөс гэхэд л 500 орчим сая төгрөг болж байгаа юм.

-Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш дэлхийн бусад улс орнуудтай ижил түвшинд нээлттэй гадаад бодлого явуулж байгаа. Гадаад худалдаа эрхэлж байгаа хүмүүс чөлөөтэй бусад улсад зорчиж байна. Манай оюутан залуусч гадаадад сурч боловсрох болж. Үүнтэй холбоотойгоор хар тамхины хэрэглээ манайд нэвтэрсэн. Хэрэглээ байгаа тохиолдолд өндөр эрсдэлтэй ч нийлүүлэлт байгаад байна л даа. Их хэмжээний ашиг олдог учраас ял авч байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг хийгээд л байна. БнХаУ-д нэг грамм нь 20-50 мянган төгрөгийн ханштай байдаг мөс манайд орж ирээд сая төгрөгийн ханш хүрч байна. Хүмүүс ашиг олохын тулд ажил амьдралаараа дэнчин тавиад яваад байна.

-Хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлын салбарынхан гол төлөв тэнсэн харгалзах ял аваад салдаг жишиг тогтжээ. Мансуурч байхдаа баригдсан жүжигчин Н.Энхтүвшинг 100 мянгаар торгоод явуулсан байна лээ. Ялын бодлого сул байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгаатай холбоотой юу?

-Миний хувьд ялын бодлогын талаар ярьдаг хүн нь биш л дээ. салбарт ажилладаг судлаачийн зүгээс харахад хөнгөдсөн гэж үздэг. Өмнөд, хойд хөрштэй харьцуулахад хөнгөн гэж хувьдаа хардаг юм. Үүнтэй холбоотойгоор 500 сая төгрөгийн ашиг олчихоод хэдхэн жил шоронд суучихъя гэсэн зорилготой хүн байхыг үгүйсгэхгүй.

Манайх руу Герман, испани, Голланд, Филиппин, Хятад, зэрэг найман улсаас илгээмжээр хар тамхи орж ирэх эрсдэл өндөртэй байдаг аж. испаниас олон улсын шуудан илгээмж ашиглаж хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан иргэн шоколадны набороор нуун далдалсан байжээ. Тодруулбал, хар тамхийг шоколад шиг хэлбэр оруулан гурван кг бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Мөн БнХаУ-аас хананд өлгөдөг календарийн төмөрний голд чихэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон байна.


Categories
мэдээ цаг-үе

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

133 дугаар сургуулийн 5 “Г” ангийн сурагч П.Намуунтай ярилцлаа. Тэрбээр хэд хэдэн кинонд тоглосноос гадна брэндийн нүүр царай болж зургаа авахуулдаг аж.


-“Нүдэн сондор” чиний анх тоглосон кино юу?

-Тийм ээ. “Царайлаг өдрүүд” кинонд бас тоглосон. Одоо бас нэг кинонд тоглож байгаа. Гол дүрд нь тоглосон болоод ч тэр үү “Нүдэн сондор” хамгийн гоё санагддаг. Гадуур явахаар хүмүүс чи “Нүдэн сондор”-т тоглосон охин мөн үү гэж асуудаг. Бусад киног нь асуудаггүй юм. Золбоот ах, Амгаа ах, Золзаяа эгч, Өлзийхүү эгч гээд маш мундаг хүмүүстэй хамт тоглосон. Золбоот ах намайг “Манай гавьяат” гэдэг байсан нь одоо бодохоор гоё санагддаг. Гэхдээ тэр үедээ ч гэсэн баярлаж байсан. Намайг шууд уйлахаар их магтана аа, Золбоот ах.

-Чиний уйлдаг хэсгийг хараад дагаад уйлах шахсан шүү…?

-Тийм үү. Гэхдээ заримдаа шууд уйлж чадахгүй үед найруулагч “Дотроо муухай юм бодоорой” гээд хэлчихээр шууд л уйлж байгаа юм чинь. Нээрээ нэг удаа уйлах гэж их зовсон. Гадаа хүйтэнд палаажтайгаа зураг авахуулсан чинь даараад. Аймаар даарахаар уйлж болдоггүй юм байна лээ.

-“Царайлаг өдрүүд”-д эрх охины дүрд тоглосон байсан. Чи ингэхэд хэр эрх вэ?

-Эрх байсан л даа. Одоо дүү гараад больчихсон. Дүүгээ харахгүй бол энд тэнд ойччих гээд их хэцүү шүү дээ. Хариуцлагатай байхгүй бол гэмтчих аюултай.

-Дүүтэй байх гоё уу?

-Хааяа гоё, заримдаа их уйлдаг байсан. Агаа дүүг тэврэхээр уйлуулчихдаг болохоор би дандаа тэвэрдэг байсан юм. Тэр үеэ бодохоор хэцүү санагддаг. Одоо мөлхөөд сурчихсан болохоор амар байгаа.

-Одоо ямар кинонд тоглож байгаа вэ?

-Нэрийг нь сайн мэдэхгүй байна аа.Тамхи зардаг охины дүрд тоглосон.

-Том болоод жүжигчин болъё гэж боддог уу?

-Боддог. Гэхдээ давхар гоо сайхны мэс заслын эмч болно гэж боддог. Байнга кинонд тоглохгүй болохоор завсраар нь хийх ажил хэрэгтэй л гэж бодоод байгаа.

-Чи саяхан “Гоёо” компанийн нүүр царай болсон байна лээ. “United colors of Benneton”-ий нүүр царайгаар шалгарч байсан гэсэн үү. Ер нь загварын зураг авахуулахад ямар байдаг вэ?

-Гоё байдаг. “Гоёо”-гийн зургийг ууланд авахуулахад жаахан даарсан. Таван жилийн өмнө “United col­ors of Benneton”-ы зураг авалтад шалгарч байсан юм. Тэр үед зураг авдаг хүмүүст нь миний шүд гологдоод. Жаахан болохоор хамаг шүд уначихсан, заримыг нь эмчлээд хар болгочихсон байсан болохоор гол зураг авалтад нь орж чадаагүй. Гэхдээ зөндөө гоё зураг авахуулсан. Одоо харахаар их жаахан байжээ гэж боддог.

-“Бяцхан мисс”-д орсон гэж ээж чинь хэлж байсан…?

-Өө тэгэхэд чинь бүр жаахан байсан. Цэцэрлэгт байхдаа ороод жүжигчин мисс болсон.

-Танай ангийнхан чинь чамайг кинонд тоглосон гэж бүгд мэдэх үү?

-Ер нь ихэнх нь мэдэж байгаа. Тэгээд л “Намуунаа чи ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж асуугаад байдаг юм. Эхэндээ бол хариулаад л байдаг байсан. Байнга асуудаг болохоор сүүлдээ мэдэхгүй ээ гэчихдэг болсон.

-Аав ээждээ зориулж юу хэлмээр байна вэ?

-Намайг төрүүлж өсгөж өдий дайны алдартай хүн болоход тусалсан аав ээж хоёртоо бүхнээс илүү хайртай шүү.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Э.Цолмонбаяр: Манай баг дутуу байрлалд нөхөж тоглох дэм болохоор чадвартай тоглогчийг сонгодог

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн энэ сарын 18-нд эхлээд буй. Нээлтийн тоглолтууд Үндэсний лигийн гурван удаагийн аварга Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид болон лигийн алт, мөнгө, хүрэл медальт Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс Тех багуудын хооронд болсон. Хоёр баг Үндэсний лигийн эхний хоёр жил аваргын төлөө тоглож 2015-2016 оны улиралд Сүхбаатар аймгийн баг хожиж түрүүлж байжээ. Харин дараа улиралд нь Архангай Алтан Дорнодын Дайчид даагаа нэхэн 1х1 болгож чадсан түүхтэй. Энэ 2019-2020 оны лигийн шилдэг хоёр багийн хоорондох гал гарсан нээлтийн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид 111 оноо авч хожсон бол Сүхбаатар Дарьганга Альянс тех баг ганцхан бөмбөгийн зөрүүтэй буюу 109 онооны харьцаатай хожигдсон юм.

Архангай Алтан Дорнодын Дайчид багийн менежер Э.Цолмонбаяртай ярилцлаа.


-Багийн менежментийг хэрхэн хийж багаа бүрдүүлсэн бэ?

-Би олон жил сагсан бөмбөгийн спортыг сонирхон үзсэн. Дээрээс нь 21 аймаг гээд бодоод үзэхээр Архангай аймгаас гаралтай аав ээж талаараа холбогддог мундаг сагсчид олон байлаа л даа. Жишээ нь, Монголын лигт 12 жил тоглохдоо зургаан удаа аваргалж, зургаан мөнгөн медаль хүртсэн ОУХМ, МУГТ Т.Түвшинбаяр гэж хүн Архангайнх. 158 онооны рекордыг эзэмшдэг солгой хэмээн алдаршсан Б.Ариунболд Архангай аймгийнх. Баярхүү, Цэвэлдорж, Баттөр, том Билгүүн гээд бүгд Архангай аймагтай аав ээж, ах дүүсийн талаараа холбоотой хүмүүс байсан учраас сайн баг бүрдсэн. Мөн МУИС-ийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багштай ярьж байгаад Гантөмөрийг нэмж аван их сайн баг бүрдсэн. Гуравхан жилийн богино хугацаанд гурван удаа аварга авч, сагсан бөмбөгийн спортын түүхэнд амжилт үзүүлэн гарч ирлээ. Манайх NBA загвараар менежмэнтийг хийж үзсэн. Монголын нэг номерын шигшээ багийн холбогч О.Сэргэлэнг авчирж тоглуулах, өнгөрсөн жил Т.Санчир, Ц.Азбаяр хоёрыг авчирж тоглуулах гэх мэт менежмэнтийг хийсэн. Хүмүүстэй яриад Азбаяр, Билгүүн, Сэргэлэн, Санчир нарыг авлаа. Хаанахын ч спорт тийм л байдаг. Сайн цалин амалсан багтаа очдог. Эсвэл өөрийнх нь тоглож үзье гэж бодсон баг байвал цалин мөнгө чухалчлалгүй солилцоо наймаа хийдэг шүү дээ. Яг түүн шиг л тамирчдаа солилцоо наймаагаар авсан. Ер нь бол чадвартай сайн тамирчдадаа боломжийн цалин амласан. Залуучууд сагсан бөмбөг тоглох дуртай байна. Бололцооны цалинг нь өгч байгаа учраас залуучууд манай багийг сонгож саналыг маань хүлээн авдаг юм болов уу гэж боддог.

-Нууц биш бол тамирчдадаа хэдэн төгрөгийн цалин амлаж авсан юм бол оо?

-Энэ бол ёстой нууцлал өндөр. Үүнийг хамаагүй гадагшаа гаргаж болохгүй. Ер нь бол бололцооны л цалин олгодог.

-Баг бүрдүүлэхдээ тамирчдынхаа нийгмийн асуудлыг бас давхар сайн шийдэж өгч байж бэлтгэл сургуулилтыг чанартай сайн хийлгэдэг байх. Тамирчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Түүнийг бол сайнаар шийддэг. Бэлтгэлийн явцад тамирчдадаа бонус өгөх, хэрэгцээт зүйлээр нь хангадаг. Цалингаас гадна урамшууллыг сайн олгодог. Ер нь хүмүүс цалингаараа нийгмийн асуудлаа шийддэг шүү дээ. Тэгээд боломжийн цалин олгодог болохоор ар гэртээ санаа зоволтгүй бэлтгэлээ сайн хангадаг.

-Багийн тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногт гурван удаа заалны бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл гээд долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлээ хийж байна. Ажил тарах цагаас хойш бэлтгэл хийж байгаа болохоор тамирчид маань давхар ажлаа хийгээд бэлтгэлээ хангаад байж болдог.

-Гурван жил дараалан “Үндэсний лиг”-ийн аварга болсон шүү дээ. Ирэх жил аваргаа хамгаалахдаа хэр итгэлтэй байна вэ?

-Аваргууд чинь аваргаа авна л гэж үзнэ. Бусад багууд аваргуудыг хожиж цомыг нь булаана гэсэн зорилготой л орж ирж байгаа. Аваргаа хамгаалахын тулд менежмэнтээ хийгээд явж байна. Лигонер тамирчдынхаа гэрээ контрактыг хийгээд авчрах тамирчдаа шийдчихсэн байгаа. АНУ-аас хоёр, Ардчилсан Солонгосоос нэг тамирчин ирнэ.

-Гурван жилийн хугацаанд өрсөлдөгч багуудын чанар чансаа, чадвар хэр нэмэгдэж байна. Тэр ахицыг давж аваргаа хамгаалж авч үлдэхийн тулд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Эсрэг багийн судалгаа хамгийн чухал. Тоглолтын бичлэг үзэх, анализ хийх. Тоглогчдын чанар чансаа жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манайхан 3х3-аар дэлхийд үзэлцэж байна. Том том Гран при, олон улсын тэмцээнд эн тэнцүү хүч үзэж байна. Байнгын бэлтгэлтэй байгаа тамирчид тэр хэрээрээ ур чадвар нь өснө. Тийм мундаг байгаа залуусаа хараад дэлхийд гарахыг хүссэн тамирчид бэлтгэлээ нямбай хийж, чанаржиж эхэллээ. Харьцангуй одоо үед залуучуудад итгэл хүлээлгэж спонсорлодог хүмүүс гарч ирж залуучуудыг санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийх, цалин мөнгөтэй байлгах бололцоог нь хангаж өгч байгаа учраас өрсөлдөөн бол жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэр нь энэ нь гэж таашгүй өрсөлдөөнийг бий болгож чадаж байна. Гол нь менежмэнтийн хувьд багтаа ямар тоглогч авах, дасгалжуулагчдын ур ухаан гаргах, лигийн турш аль баг нь нэг хүн шиг болж чадах, хүчтэй мундаг багийг бүрдүүлж чадсан нь л ялалт байгуулж аварга болно шүү дээ.

-Архангай алтан дорнод дайчид багт багтахын тулд тамирчдаас ямар чадвар шаарддаг вэ?

-Нэгдүгээрт, нутгийн талтай сайн тоглогч байх. Хоёрдугаарт, өөр аймаг, өөр баг, өөр улсаас лигонер тамирчин авлаа гэхэд манай багийн уур амьсгалд таарах хувь хүний зан төлөвийг харна. Манай багийн дутуу байрлалд нөхөж тоглох дэм болохоор чадвартай тоглогчийг сонгож гэрээ хийж авна. Залуу тоглогчдын хувьд бэлтгэлд хамруулаад туршилтын хугацаанд уур амьсгал, бэлтгэл хийх чадвар, ирсэн хугацаанаас хойш хэр их өөрчлөгдөж байна, хэр их өөрийгөө дайчилж чадаж байна, юманд хүрэхээр хүүхэд мөн байна аа гэдгээ харуулж чадсан тохиолдолд жинхэлдэг байгаа.

-Багийн цаашдын төлөвгөөг хэрхэн харж зураглаж байна вэ?

-Спорт гэдэг тааж хэлэхэд хэцүү. Бүгд л аварга болохын төлөө, бүгд л амжилт үзүүлэхийн төлөө, бүгд л хичээж ажилладаг. Багийн спонсор, дасгалжуулагч, тамирчид гээд бүгд зорилго нэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд урд өмнө авч үзээгүй цолоо авахын төлөө мөрөөдөж, хүсч, зорьж бэлтгэл сургуулилтаа хийнэ.

-Танай баг Үндэсний лигийн тэргүүн хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Гайхалтай шүү дээ. Энэ чинь одоо юу гэж байгаа үг билээ. 21 аймгийн багуудаас шилдэг нь. Тэр дундаа тэргүүн буюу хамгийн дээд хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хамгийн нэр хүндтэй орж ирнэ гэдэг маш сайхан мэдрэмж шүү дээ. Өөрсдийнхөө зорьсон зорилгын хамгийн өндөрт очих гэж хүн бүр, баг бүр хичээдэг. Бидний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэ байраа хадгалахын тулд хичээж бэлтгэл сургуулилтаа хийнэ.

-Үндэсний лигийн аваргын дараа оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Клубүүдийн олон улсын тэмцээн болдог. Түүнд оролцохоор яриад байгаа. Явах зардал мөнгө нь хэр болох талаар төлөвлөгөө хийгдээд явж байна. 3х3 төрлөөр Архангай Тайхар багаа илүү сайн хүч зузаатган бэлтгэл сайн хийж байгаад олон улсын тэмцээнд явах бодол төлөвлөгөөнүүд бий.

-Лигийн тэмцээнүүд чанаржих тусам үзэх үзэгчдийн хандлага сэтгэхүй өөрчлөгдөж байна. Баг тамирчдадаа хандаж хэлэх үг бий юү?

-Архангай Алтан Дорнодын дайчдыг хөгжөөн дэмждэг, тоглолт бүрийг нь алгасалгүй үздэг дэмжигч нартаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Дуртай зүйлээ хийж, цалин мөнгөтэй сэтгэл хангалуун, ур чадвар нь өсөх юм бол цалин нь улам өсөх, дуртай зүйлээ хийгээд олсон мөнгөөрөө гэр бүлээ авч явах боломжийг нь олгож, бүх зүйлээр хангаж өгдөг багийн эздүүд болох Т.Ганболд, Т.Ариунболд нартаа багийн гишүүдийн өмнөөс, сагсан бөмбөг сонирхогч олон мянган үзэгчдийн өмнөөс баярлаж явдгаа илэрхийлье. Багийн бүх л зүйл дээр жилийн турш санаа зовж бүхий л зүйлээр хангадаг. Бид фэнүүдээ гомдоолгүй илүү уран гоё тоглолтыг үзүүлэхийн төлөө зүтгэх болно оо.


Categories
мэдээ цаг-үе

Г.Чойжамц: Гүү яаж барих вэ, айраг яаж исгэх вэ гэдгийг 3000 юанаар зааж өгчихөөд л ирж байгаа юм. Бид ингэж л уламжлалт мэдлэгээ алдаж байна


Анагаах ухааны доктор, профессор Готовын Чойжамцтай ярилцлаа.


-Генетик нөөцийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьжээ.Судлаачид эрдэмтэд та бүхэнд л их хамаатай асуудал байх шиг байна.

-Зөвхөн судлаачдад биш, монголын нийт ард түмэнд хамаатай. Өнөөдөр болоод хойч ирээдүйд бидний идэх хүнс, хэрэглэх хэрэглээ, амь зуулга ямар байх вэ гэдгийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх хууль. Олон жил хүлээлээ. Энэ цаг хугацаанд бид багагүй нөөцөө ч алдлаа.Цаашид ингэж удаан явж болохгүй. Яагаад вэ гэвэл, генетик нөөц гэдэг зүйл асар чухал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд үүнийг хамгаалах, ашиглах гэрээ, протоколыг батлаад, түүнийг нь улс орнууд хүлээн зөвшөөрөөд нэгдэн орсоор байна. Биологийн олон янз байдал (БОЯБ)-ыг хамгаалах, амьтан, ургамал, бичил биетнийг хамгаалах, зохистой ашиглах, генетикийн олон янз байдлын ашиглалтаас үүдэх үр шимийг эрх тэгш шударгаар хүртээх зарчмын суурь асуудлыг зохицуулдаг БОЯБ-ын тухай конвенц, мөн түүнийг дагалдан гарсан Нагоягийн протоколд манай улс тус тус нэгдэн орсон. Энэ протоколд нэгдсэн улс орнууд ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ гэхээр генетик нөөцийг ашиглах үндэсний эрх зүйн орчныг тодорхой болгох, тэр дундаа генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ бүртгэн, хадгалж, хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахдаа тухайн мэдлэгийг эзэмшигчийг хүндэтгэн үзэх ёс зүйг баримтлах, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр өгөөжөөс эзэмшигч талд эрх тэгш, шударга зарчмаар эргүүлэн өгөх үүрэг, хариуцлагын механизмыг бий болгох зэрэг болно. Манай улс генетик нөөцөөр баялаг орны хувьд энэ үүргээс татгалзаж болохгүй. ОУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж энэ хуулийг хэлэлцэх гэж байгаад эрдэмтэн судлаач хүний хувьд маш их баярлаж байна.

-Судлаач хүний өнцгөөс харахад Генетик нөөцийн тухай хууль гарвал юу өөрчлөгдөх бол?

-Одоохондоо эрх зүйн зохицуулалт сул байгаа болохоор судлаачид ч тэр, үйлдвэрлэгчид ч тэр дур зоргоороо сонгож судалж, ашиглаж л байна. Мэдээж хуулийн зохицуулалт сайжрахаар би судлаад танд ашиг тусыг нь батлаад өгье гэж асуух л болох байх. Шинжлэх ухааны судалгааны үр дүн өөрөө генетик нөөцийг ч, уламжлалт мэдлэгийг ч хавьгүй өндөр өртөгтэй болгох ач холбогдолтой. Бас судлаачдын судалгааны үр дүн ч бас л их үнэлгээтэй болно.

Монгол орны Генетик нөөц бол давтагдашгүй шинж чанартай генийг агуулсан арилжааны түүхий эд болох үнэт чанартай байдаг учраас дэлхийн судлаачдын сонирхлыг асар их татдаг. Тиймээс түүнийг хамгаалах, зохистой ашиглах, олон улстай хамтран судалж бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд үр шимийг харилцан тохиролцох зарчмаар хүртэх боломж нээгдэх юм. Нөгөө талаас Монгол орны мал аж ахуйгаас гадна, онгон сайхан байгаль, ургамал, ан амьтан, бичил биетний ертөнцийн онцгой баялаг, тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэг бол асар их баялаг юм. Мөн эртний түүхийн улбаатай нүүдэлчдийн соёл, зан заншил нь тэр чигээрээ уламжлалт мэдлэг байдаг. Тиймээс генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ эрх зүйн зохицуулалтаар хамгаалах нь чухал асуудал болоод байна. Үүнийг манай Их хурлын эрхэм гишүүд ойлгож байгаа гэж итгэж найддаг хүмүүсийн нэг нь би.

-Генетик нөөц гэдэг үгтэй хамт уламжлалт мэдлэг гэдэг үг байнга ашиглагдаад байна. Үүнд ямар учир байна?

-Дэлхий даяар байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ өсөн нэмэгдэж, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгт тулгуурлан шинэ эм, хүнс, гоо сайхны болон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, арилжаалах үйл ажиллагаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Жишээлбэл, бидний сайн мэдэх аспирин, резерпин зэрэг эмүүдийг уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилан бүтээсэн байдаг.

Монголчууд эртнээс ахуй амьдралаа авч явах, хэрэгцээгээ хангах хүрээнд асар их оюуны мэдлэг бүтээсэн байна. Бидний өвөг дээдсээс өвлөн үлдээсэн биологийн нөөц, түүнийг ашиглаж ирсэн уламжлалт технологи хоол хүнс, хувцас, эд хэрэглэл, эм, эмчилгээний хэрэгсэл, арга ухаан, мал амьтан маллах, арчлах, байгаль орчноо хамгаалах хэлбэрээр бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Яагаад Булган аймгийн Сайхан сумын айраг зах зээлд илүү борлуулалттай эрэлттэй байдаг билээ. Тэнд айргийн хөрөнгө болгоод үе дамжуулан хадгалагдсан бичил биетний өвөрмөц омог, бүлгэмдэл байгаа. Бичил биетэн бол амьд махбодь болохоор бусад нутаг оронд айраг исгэхэд хэрэглэгддэг хөрөнгийн бичил биетний бүлгэмдлээс өөр ген буюу удамшлын мэдээлэл агуулсан хөрөнгө Сайхан суманд байна аа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэд бол генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг өвлөн тээгчид гэсэн үг. Асуудал үүгээр дуусахгүй, тэр айлуудаас хөрөнгө аваад өөр айл, аймаг суманд очоод айраг исгэхээр яг адил амт чанартай айраг гарахгүй байж магадгүй. Бас өөр нэг жишээ авъя. Хурдтай айлаас үрээ, гүү аваад ч юм уу эсвэл төл аваад хурд гараагүй тохиолдол бишгүй л дуулддаг. Яагаад гэдэг асуудал гарна аа? Технологийг нь аваагүй л байхгүй юу. Яаж уяа сойлгыг нь тааруулах вэ, яаж угшлыг нь хадгалж явах вэ? гэх мэт олон асуудлын цаана нөгөө л уламжлалт мэдлэгийг анзаарахгүй өнгөрсний баримт. Бүтээгдэхүүнийг дуурайгаад яг адилхан хийж чаддаггүй юм байна. Энд л уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ оршиж байгаа юм. Генетик нөөц бол эх сурвалж, харин түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь технологи юм.

-Монголчууд эм, хүнсээ байгалиасаа бэлтгэж хэрэглэж ирсэн олон мянган жилийн уламжлалтай. Энэ чинь генетик нөөц, уламжлалт мэдлэгтэй холбоотой болж таарах нь. Тийм үү?

-Монголчуудын уламжлалт мэдлэгийг анхаараад үнэлж чадвал гайхамшиг их байгаагийн нэг том баримт бол Уламжлалт анагаах ухаан юм. Монгол бол Төв Азийн өндөрлөгт оршдог, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг ургамалтай орон. Монголын нутаг дэвсгэр дээр ургадаг ургамлын бодисын солилцоо түүний бүтээгдэхүүн бусад оронд ургадаг ижил ургамлаас өөр байдаг болохоор Дэлхийн шинжлэх ухаанд өдийг хүртэл мэдэгдээгүй төдийгүй цаашид нээгдэх олон бодис манай ургамалд агуулагддаг аж. Бид бол их юмтай, нөөцтэй хүмүүс байгаа биз. Энэ олон ургамлаас яг энэ нь ийм өвчнийг анагаахад тустай юм байна гэдгийг эрт цагт эмч оточ нар маань яаж мэдэж олсон юм бол оо гэж гайхмаар баримт олон байна аа. Жишээ нь, лидэр, барбад, тарну, дүржид,гэх мэт. Магадгүй судар бичигт бичигдчихсэн байгаа гэх хүн гарах л байх. Монгол оточ нар манайд ургадаггүй ургамлыг орлуулах ижил үйлчилгээтэй өөр ургамлуудыг нь бас олсон байнаа. Одоо орчин үеийн шинжлэх ухааны аргаар судалсан үр дүнг нь үзэхээр хүлээн зөвшөөрөхөөс, бас гайхахаас өөр аргагүй. Тэгэхээр монголчуудын уламжлалт мэдлэгийг хүлээн зөвшөөрч хүндлэн судлах хэрэгтэй.Өнөөдөр бид нар дэлгүүрээс үйлдвэрийн аргаар бэлтгэсэн борц авч идэж байна. Тэр ямар амттай байна? Уламжлалт аргаар бэлтгэсэн борцноос ямар ялгаатай байна? Өндөр технологийн хөлдөөгчинд хөлдөөгөөд бэлдсэн борц бол технологийн хувьд тэс өөр юм байна. Сүүлийн үед гадныхан монгол технологи руу, энэ уламжлалт мэдлэг рүү нь асар их анхаарал хандуулдаг боллоо. Төв аймгийн Баянцогт сумын малчин хоёр залуу 3 сар Өвөр Монголд хөлслөгдөж очоод гүү яаж барих вэ, айраг яаж исгэх вэ гэдгийг 3000 юанаар зааж өгчихөөд л ирж байгаа юм. Бид ингэж л уламжлалт мэдлэгээ алдаж байна.

-Монгол орны генетик нөөц өөрөө их онцлог юм байна. Манай эрдэмтэд энэ талаар хэр их судалсан байдаг юм бол?

-Манай судалгааны баг, АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн эрдэмтэд Монголын зарим ургамлын генетик шинж чанарыг судлах зорилт тавьж ажилласны үр дүнд гадаад морфологийн шинжээрээ яг ижил ургамал дотоод мөн чанарыг харуулах генетик мөн чанараараа өөр гэдгийг нотолж дэлхийн ген банкинд зарим ургамлын генийн онцлогийг бүртгүүлсэн юм. Монголын Нөмрөгт банздоо Хятад, Түвдийн өндөрлөгт ургадаг ижил нэршилтэй олон янз байдлаас өөр л юм байна. Энэ бол Монголын ургамлын нөмрөгийн генетик нөөцийн их санг харуулах нэгээхэн баримт болов уу. Монголын ургамлыг эмэнд олж холиод байгаа нь санамсаргүй биш. Тиймээс манайхан өөрсдөө гадныханд ургамлын түүхий эдээ зүгээр л хэдэн төгрөгөөс өгөөд байж болохгүй. Өнөөдөр анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа европ эмийн бараг 60 шахам хувь нь ургамлын гаралтай байна. Цаашид эмийн ургамалд хандах шинжлэх ухааны сонирхол улам л өсөх төлөвтэй байна. Уламжлалт анагаахын архин эм бол тэр чигээрээ генетик нөөц, уламжлалт мэдлэгийн хүрээнд хамаарах биотехнологийн (орчин цагийнхаар) асуудал боловч бидний өвөг дээдэс их юм хийж чадаж байсан нь харагдаж байна. Одоогийн бид чинь харь юманд сөхрөөд өвгөдийнхөө үлдээсэн өвийг мартчихсан хүмүүс юмуу даа.

Б.ОЙДОВ

Categories
мэдээ нийгэм

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн эхний 30 километр замыг ашиглалтад хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замд Улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийгдээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг ирэх 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдээд зогсохгүй дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байсан юм.

Мөн Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто зам ирэх онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр бүх аймгийн төвүүд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах юм.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны салбарын шилдэг судлаачид тодорлоо

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс дахин олгохоор болжээ.

Ингэхдээ ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.

Энэ жил “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд зургаан хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.

Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.

Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.

2019 онд энэ өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ.

ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно.