Categories
мэдээ нийгэм

Аммиакийн хий алдагдсан мах боловсруулах үйлдвэрээс дээж авч, шинжилгээнд өгчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв Эко Мийт” ХХК-ийн махны боловсруулах үйлдвэрт арваннэгдүгээр сарын 28-нд аммиакийн хий алдагджээ.

Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд тухайн өдрийн 12:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч 1 автомашин, Тагнуулын газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 албан хаагч, “Өв эко мийт” ХХК-ийн 12 ажилтан, 2 автомашин, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 11:10 цагт тус компанийн яс хадгалах 4 дүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй байна.

Харин малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд 08:30 цагт хэмжилт хийхэд 30 ppm, 15:00 цагт хэмжилт хийхэд 10 ррm тус тус аммиак илэрчээ.

Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан байна. Мөн өдрийн 14:00 цагт холбогдох мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.

Categories
мэдээ нийгэм

Айл өрхүүдэд галын аюулгүй байдлын шаардлага хангасан битүүмжлэл сайтай төмөр торх хүлээлгэн өглөө

Он гарсаар 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 3908 удаагийн дуудлага ахуйн гал түймэр бүртгэгдсэн байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа юм.

Тиймээс НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “ГБТ трейдинг” ХХК-тай хамтран 10, 22 дугаар хорооны эрсдэл бүхий айл өрхүүдэд галын аюулгүй байдлын шаардлага хангасан 40 ширхэг битүүмжлэл сайтай, тагтай, төмөр торхыг хүлээлгэн өгч, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд үнс, нурам, ил задгай асгаснаас үүдэлтэй гал түймрийн шалтгаан нөхцлийг бууруулах зорилгоор зохион байгууллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Д.Санчирбаяр “Том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан”

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх зургаан дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад зуух яндангийн холбоос муу, үнсээ дүүргэсэн, шахмал түлшийг буруу хэрэглэж байсныг тогтоожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс түүхий нүүрсний дуудлага их ирж байна. Дуудлагын дагуу албаныхан очиж шалгаж ажилласан. Баянгол дүүргийн 3, 7 дугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Хан-уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер түлж хэрэглэж байсныг илрүүлж 3 хүртэлх сая төгрөгөөр торгосон” гэв.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин цөмөрч, 25 настай эрэгтэй амиа алджээ

Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт энэ сарын 1-ны өдөр тус сумын харьяат иргэн С-ийн жолоодож явсан суудлын автомашин эвдэрчээ. Тус машинд гурван зорчигч явсан бөгөөд иргэн С-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн учир ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд С нь сураггүй алга болсон байжээ. Тус сумын Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан Стивр загварын том оврын ачааны автомашин Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрчээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 16.30 цагт очиж тус нуурын баруун урд эргээс 400 м-т, гурван метрийн гүнд гурван удаа шумбалт хийж, мөн өдрийн 17.30 цагт тус сумын харьяат 25 настай эрэгтэйн цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019” эхэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна.

Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ.

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан

  • “Алсын удирдлага” (2015),
  • “Итгэл” (2017),
  • “ТҮЦ-ний охид” (2017),
  • “Халуун зүрх” (2019) зэрэг киног гаргахаар болжээ

“Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хашчулуун: 2-3 жил тэсчихвэл эдийн засагт том дэвшил хүлээгдэж байна

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай валютын нөөц, эдийн засагт тулгарч буй сорилт, шинэ боломж тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрбээр эдийн засаг урт хугацаанд тогтвортой өснө гэсэн эерэг хүлээлттэй байна.


-ОУВС-аас манай улсыг валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай хэмээж байгаа. Өнөөгийн нөхцөлд манай ‘валютын нөөц хэр зохистой түвшинд байна вэ. Ер нь манай улсын эдийн засагт ирэх онуудад томоохон сорилтууд хүлээж байгаа гэж яригдаж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-ОУВС-гаас өгч байгаа саналын дагуу валютын нөөцийг өшөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байна. Яг манай эдийн засгийн байдлаас дүгнэвэл өсөлт харьцангуй сайн явагдаж байгаа. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд валютын нөөц дээр тулгамдсан асуудал байхгүй болов уу. Мэдээж яваандаа нэмэгдүүлэх нь зөв.

Ирэх онуудын эдийн засгийн төлөв байдлын төсөөлөл тодорхой бус байгаа. Яагаад гэвэл манайд гурван том өөрчлөлт гарах байх. Энэ өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг тооцох шаардлагатай юм. Нэгдүгээрт, ирэх онд шинэ Засгийн газар бүрдэнэ. Тэд шинэ мөрийн хөтөлбөрүүдээ бий болгоно.

Үүн дээр эдийн засгийн шинэ арга хэмжээ авахыг үгүйсгэх аргагүй. Мэдээж эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг бий болгох арга хэмжээнүүд байх нь ойлгомжтой. Яг ямар арга хэмжээ, бодлогууд байх вэ гэдгийг одоогоор төсөөлж чадахгүй байна. Хоёрдугаар том өөрчлөлт юу вэ гэвэл Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Энэ нь манай эдийн засагт хамгийн эерэг, чухал алхам болно.

Яагаад гэвэл, өдий хүртэл Монголын экспортын орлогын тал орчим хувийг зэсээс авч байгаа. Үлдсэн нь нүүрснээс голдуу байна.

Зэсийн үйлдвэрлэл 2013 онд Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсноор нэг шатаар нэмэгдсэн. Гүний уурхай ашиглалтад ороход зэсийн үйлдвэрлэл бараг гурав дахин өсөх төлөвтэй байгаа. Тэгэхээр манай экспортын орлого ч гэсэн тэр хэмжээгээр өсөх боломжтой.

Гурав дахь том өөрчлөлт гэвэл Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэрийг идэвхтэй дэмжиж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай эдийн засагт эхний ээлжинд импортыг орлуулах нөлөө үзүүлнэ.

Манайх жилд тэрбум ам.долларын шатахууныг ОХУ-аас авч байгаа. Хэрэв дотооддоо үйлдвэрлэвэл гадагш урсах ам.долларын урсгал харьцангуй багасах төлөвтэй байна.

Ингээд аваад үзвэл манай эдийн засгийн төлөв байдал ирэх онуудад муудах гэхээс илүү сайжрах магадлал өндөр байна. Энэ болтол тэсэх хэрэгтэй. Сарын дараа 2020 он гарна. Гүний уурхай, үйлдвэр ашиглалтад ороход 2-3 жил байна. Энэ болтол тэсэх шаардлагатай.

Бас нэг хүчин зүйлийг орхигдуулсан байна. Энэ бол шинэ нисэх онгоцны буудал юм. Өдий хүртэл жилд 500 мянган гадаадын жуулчин авч байсан бол Засгийн газрын урт хугацааны бодлогоор жилд нэг сая, түүнээс их жуулчин авъя гэж ярьж байгаа. Энэ бол валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх арга мөн.

-Та харьцангуй эерэг хүлээлттэй байх шиг байна. Гэтэл томоохон өр төлбөрүүд хүлээгдэж байгаа шүү дээ?

-Эрсдэл талаасаа авч үзвэл томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаа нь үнэн боловч нэг өдөр, эсвэл жилийн дотор хийхээс илүү шат дараалан хийх төлбөрүүд байгаа. Хоёрдугаарт, яг одоогийн байдлаар хэрхэн санхүүжүүлэх вэ гэхээр голдуу дахин санхүүжилт явагдах байх.

Энэ нь тодорхой хэмжээг төлөөд, манай улсын эдийн засаг сайн байвал өшөө бага хүүтэй санхүүжилтийг босгоод өмнөх төлбөрүүдээ төлнө, эсвэл хойшлуулна гэсэн үг. Тэгэхээр би 2020-2024 оны хооронд төлбөрийн ноцтой хямралд орохгүй болов уу гэж бодож байгаа.

-БНХАУ-тай 2020 он хүртэл хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгах асуудлаар манай төлөөлөгчид тус улсад очсон боловч уулзалт хийж чадаагүй гэх мэдээлэл явж байсан. Энэ мэтээр өр төлбөрүүдтэй холбоотой асуудал хүндрээд эхлэх юм биш үү?

-Миний мэдэж байгаагаар энэ хэлэлцээрийг сунгах асуудал байнга л явагдаж байгаа. Хэлэлцээр амжилтгүй болсон гэж сонсоогүй. Хэвийн нөхцөлд явж байгаа. Мэдээж энэ хэлцэл том тул зөвхөн Монголбанк ярих бус төрийн тэргүүнүүдийн түвшинд, Гадаад харилцааны яамны шугамаар зайлшгүй яригдах ёстой.

-2021 оноос дэлхийн эдийн засаг уналтын цикл рүү орно гэсэн төсөөлөл түгээмэл байна. Энэ нөлөөллийг та хэрхэн тооцож байна вэ?

-2020, 2021 оноос дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн зүйл байхгүй. Яах вэ, магадлал бий. Гэхдээ заавал хямрал болох ёстой гэсэн үг биш. Харин 2020 оноос дэлхийн эдийн засагт дахиад том өөрчлөлт гарах байх. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, АНУ-ын сонгуулийг харах хэрэгтэй. Трамп ерөнхийлөгч дахин сонгогдох уу.

Одоогийн байдлаар шаанс нэлээн өндөр байх шиг байна. Эсрэгээр АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгч гарах уу гэдэг нь анхаарал татаж байна. Хоёрдугаарт, Хятадын дотоодын эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр зөөлрөх магадлалтай болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл худалдааны дайн сүүлийн хоёр жил явагдаад Хятадын эдийн засаг нэлээн сульдсан.

Хэд хэдэн хүчтэй цохилт авсан. Тэгэхээр тодорхой зүйл нь юу вэ гэхээр Хятадын эдийн засаг Америктай энэ тэнцүү тэрсэлдэх боломж ховор байна уу даа.

Ялангуяа, өндөр технологийн хүрээнд ийм боломж ховор. Тийм учраас Хятад дотоодын нөөц маш ихтэй учир түүнийгээ ашиглаж байна. Мөн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг хичээж байна.

Гэхдээ яваандаа худалдааны дайныг зогсоох шийдвэр гаргах болов уу гэж харж байгаа. Ингэх юм бол Хятад, дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр учир хоёр улсын төрийн тэргүүн тохиролцох л юм бол асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Дараагийн нэг том асуудал бол Япон түүхэндээ байгаагүй эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Ерөнхий сайд нь тийм төлөвлөгөө бэлдэж байгаа юм билээ. Япон саяхан дотоодын татвараа нэмэгдүүлээд өрөө дарах талаасаа арга хэмжээ авсан.

Одоо эргээд эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 2020 онд олимп болно. Энэ нөлөөллүүдийн хүчээр эдийн засаг нь босоод ирэх юм бол Хятадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна мартаж болохгүй нэг зүйл бол хөгжиж байгаа орнууд, тэр дунд Энэтхэгийн нөлөө нэмэгдэж байна. Энэтхэгийн дундаж анги хүчээ авч хөрөнгөжиж байна. Иймээс Энэтхэгийн эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт шинэ мотор болж магадгүй гэсэн яриа байна. Энэ бүгдийг аваад үзвэл 2020 оноос хойш дэлхийн эдийн засагт дахин том өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй.

Манай эдийн засаг Ази.Номхон далайн орнуудтай нэлээн ойрхон, уялдаатай байгаа учир энэ орнуудын эдийн засаг сэргэвэл манайд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Валютын нөөц тогтвортой түвшинд байгаа боловч ам.долларын ханш тасралтгүй өссөөр ирлээ. Ер нь-урт хугацаанд энэ хамаарлаас яаж гарах вэ?

-Ер нь валютын ханшаас хамааралгүй эдийн засаг гэж дэлхийд байхгүй. Бүгд л хамааралтай. Монгол Улс бусад орноос нэг их ялгаа байхгүй. Манай нэг онцлог гэвэл дэлхийтэй хийдэг манай улсын худалдааны хэмжээ ДНБ-ээсээ давдаг. Үүний муу тал ч бий, сайн тал ч байгаа.

Муу тал нь валютын ханшны эрсдэлд амархан ордог. Цаашид экспортын хэмжээ нэмэгдээд, тодорхой хэмжээгээр дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод ирсэн ч валютын ханшийн нөлөө айхавтар багасахгүй. Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болчихсон.

Манай Засгийн газар, хувийн компаниуд дэлхийн санхүүгийн зах зээлээс мөнгө зээлдэг, буцаад төлбөрөө хийдэг, манай зарим бараа дэлхийн зах зээлд гарч байна. Энэ бүхнээс харахад валютын хамаарал төдийлөн багасахгүй болов уу гэж бодож байна. Харин эсрэгээр энэ хамаарлыг зөвөөр ашиглах гарц харагдаж байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын компаниудын дийлэнх нь дотоодын зах зээлд анхаарч ажиллаж байсан.

Гэхдээ манай дотоодын зах зээл тийм том биш. Тиймээс манай компаниуд гадагш хөрөнгө оруулалт хийж эхэлж байна. Малайз, төв Ази руу ч юм уу. Энэ бол зөв чиглэл гэж харж байна. Манай эдийн засгийн сул байдал нь эсрэгээр компаниудыг гадагш гарах давуу тал болгож байна. Үүний тулд боловсон хүчин шинэчлэгдэх ёстой.

Дотоодын хөрөнгө оруулалт улам сайжрах шаардлагатай. Бид технологи, мэдлэг, боловсон хүчин гэх зэргээр маш их зүйлийг сурах хэрэгтэй байна.

Ер нь зах зээлийн шилжилтийн эхний үе дуусаж байгаа болов уу гэж харж байгаа. Эхний үе гэдэг нь 1990-ээд оноос юу ч мэдэхгүй зах зээлд орсон. 2000 оны эхээр дэлхийн зах зээл гэж ийм юм байдаг юм байна гэж анхны ойлголтыг авсан. 2020 оноос хойш дэлхийн зах зээл рүү хүчтэй интеграци хийж эхэлж байна.

2020 оноос дэлхийн зах зээл дээр идэвхтэй ажиллах, дайчин байх тал руугаа шилжиж байгаа болов уу гэж харж байна. Дэлхийн зах зээлээс айх зүйл байхгүй. Маш сайн ашиглах хэрэгтэй. Хямд хүүтэй нөөц байгаа бол тэндээс нь зээлэх, хүн ам ихтэй зах зээл байвал тийшээ нь орох хэрэгтэй. Ингэж байж улс орон өөрөө хөгжинө. Манайх асар том хоёр зах зээлийн дунд байна.

Өндөр хөгжилтэй, технологитой Япон, Солонгос дэргэд байна. Энэ болгоныг ашиглах хэрэгтэй. Манай компаниуд дэлхийн зах зээлийн бүх стандартыг нэвтрүүлж байна. Үндсэндээ 30 жил сурлаа. Одоо дипломоо аваад ашиглах цаг болсон. Мэдээж эрсдэл бий. Эрсдэлгүй бизнес, ажил амьдрал гэж байхгүй. Давж гарах ёстой.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Д.Анар Азийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ.

Тус тэмцээн 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм.

Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн залуучууд, оюутан, өсвөр үеийн АШТ-д тус тус түрүүлж байсан. Мөн самбо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн нэг мөнгө, залуучууд болон өсвөр үеийн тус бүр нэг алтан медальтай тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Прокуроруудыг БНХАУ-д жил бүр мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулна

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр шууд илгээж байх, Монгол Улсын прокуроруудыг БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын дэргэдэх Эрхзүйн академид жил бүр тогтмол мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах, хил залгаа муж, аймгийн прокурорын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Ялангуяа хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүргүүлэхээр тохиролцсон нь энэхүү ажиллагааг шат дамжлага багатай, түргэн шуурхай гүйцэтгэхэд нэн чухал алхам боллоо.

Мөн айлчлалын үеэр Шанхай хотод зочилж, Нийслэлийн прокурорын газар, Шанхай хотын прокурорын газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхий Прокуророос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий прокурорууд бүс нутгийн хэмжээнд Байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 3 улсын хамтарсан хэлэлцээр байгуулахаар санал тавьсаыг хүлээн авч, хамтарсан ажлын хэсэг байгууллахаар боллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуныг 2020 онд Монгол Улсад урьсан урилгыг тэрбээр талархан хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөр Байгалд автобус осолдож 19 хүн амь үрэгджээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын нэгний өдөр Сретенск-Чита чиглэлийн хот хоорондын автобус гүүрнээс доош унаж осолдсоны улмаас 44 зорчигчийн 19 нь амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Мөн хэд хэдэн хүн өөрсдөө ослын газрыг орхиж явсан гэх бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс дөрөв нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Өвөр Байгалын Сретенскийн аймгийн нутаг дэвсгэр дээр 12 дугаар сарын хоёрны өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Аймгийн тэргүүн Алексей Закрудаев ослын улмаас амиа алдсан 19 хүний ар гэрт тус бүр 60 мянган рублийг / оршуулгын зардал болгон олгоно хэмээн мэдэгджээ. Мөн оршуулгатай холбоотой бүхий л ажлыг захиргаа хариуцан ажиллана хэмээн онцолсон аж.