Categories
мэдээ спорт

Залуучуудын өвлийн олимпийн наадамд зургаан тамирчин оролцоно

Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22 өдрүүдэд 16 спортын төрлөөр зохион байгуулагдана. Тус наадамд дэлхийн 70 гаруй орны 1800 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөхөөс, Монгол Улсаас гүйлтийн цана, биатлонын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ аван оролцох болсон.

“Лозанн – 2020” Залуучуудын олимпийн наадамд оролцох, Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд өчигдөр зохион байгуулагджээ. Ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Тусгаар улсын бүрэн эрхт иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

Шинэ мянганы 20-р оныг монголчууд бид түүхэн үйл явдлуудаар дүүрэн бэлгэтэй угтан авч байна. Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, хөгжил дэвшлийн дараагийн 30 жилийг эхлүүлэх суурь нийгмийн гэрээгээ сайжруулан өөрчилж, Үндсэн хуульт төрийн тогтолцоогоо бататган бэхжүүллээ.

Сүүлийн гурван чуулган дамнаж 10 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад хичээн зүтгэж гар бие, сэтгэл оюунаа дайчлан зүтгэсэн мянга мянган иргэдийн төлөөлөлтэй хамт Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.

Тэгш эрх, шударга ёс, баялгийн зөв хуваарилалт хүссэн ард түмний дуу хоолой сүүлийн нэг жилд олон өөрчлөлтийг бий болголоо. Нэг хэсгийн явцуу эрх ашигт үйлчилдэг болсон төрийн бодлого, нийт ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилж эхэлснээр шударга ёс сэргэн тогтож, баялаг эздэдээ хүрч, авлига хээл хахуулийн хэрэгтнүүд хуулийн хариуцлагын өмнө дуудагдаж, иргэдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, бүтээн байгуулалт эрчимжин, ажлын байрууд нэмэгдэж, гацаанд орсон дэд бүтцийн томоохон төслүүд эхэллээ.

Сайн мэдээ олон ч саар сорилт ч мөн биднийг хүлээж байна. Улс төрийн буруу бодлого, сэтгэл зүтгэлгүй цөөхөн хүмүүсийн хариуцлагаас мултрах, нийтийн баялгийг өөртөө давуу эрх олгон завших гэсэн явцуу үйлдлүүдээс болж гаргасан хууль, шийдвэрүүдээс үүдэн Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагын хүндхэн хоригт орж, амаргүй цаг үеийг туулж байна. Энэ жилээс төлөгдөж эхлэх, 2012-2016 онд бий болсон олон гоё нэртэй бондуудын их хэмжээний төлбөр ч биднээс санхүүгийн өндөр сахилга бат шаардаж байна.

Монгол Улс саарал жагсаалтаас зургаан сарын дотор гарахаар бүхий л түвшиндханцуй шамлан ажиллаж байна.

Монголчууд бид үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай, хариуцлагатай жил. Улсаа биш намаа, эрх ашиг нэгтэй бүлэг фракцаа бодсон явцуу улс төр хийх цаг одоо биш ээ. Иргэн бүр эх орноо, ирээдүйгээ бодож шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай жил ирж байна.

Монгол төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ, аль нэг намын явцуу эрх ашгаар бус, улс орны хөгжил дэвшилд суурь болно гэж зөвшилцсөнөөр Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэн баталлаа. Монголын улс төрд шинэ салхи үлээж, нийгэмд шударга ёсны зөв хандлага түгж, иргэд нь эрх үүргээ гүн гүнзгий мэдэрч, улстөрчид нь нийгмийн нийтлэг эрх ашигт хүчин зүтгэдэг болж, товчхондоо Монголд минь сайн цаг ирж байна. Худал хуурмаг хумигдаж, хараа хяналт иргэдийн гарт технологийн дэвшилтэй хамт ирсэн өнөө цаг бол Ардчилсан, тусгаар Монгол Улсын үнэт зүйл юм.

Өвөг дээдсээс заяат уужим дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч яваа элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ угтан золгож буй 2020 оны шинэ жилийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, гэгээн ирээдүй, гэрэлт маргаашийн аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Цэгцрэх хөдөлгөөн өрнөж, үргэлжилж байна…

Та бүхэн сайхан баярлаарай.

Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээлтээ хийлээ

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээлтээ хийлээ

Хан-Уул ЭМТ-ийн хяналтанд 2019 оны 05 сарын байдлаар 1256 чихрийн шижинтэй иргэн хянагдаж байгаа нь 2017 оны мөн үетэй харьцуулахад даруй 285-аар нэмэгдэж, чихрийн шижингийн өвчлөл ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын гол шалтгаан болж байна.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн иргэдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээж, эрт илрүүлэгт хяналт тавьж хүндрэлээс сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тус төв нь зөвлөгөө мэдээлэл сургалтын орчин бүрдүүлж иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн 7 дахь аймаг боллоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн Хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны (ISO 9001:2015)(MNS ISO 9001-2016) стандартыг нэвтрүүлэх” зорилт дэвшүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар тус зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, “Төрийн үйлчилгээ”-ндээстандартын шаардлага хангаж, батламжийн “Гэрчилгээ”-гөнөөдөр Төрийн ордонд аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авлаа.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг (ISO 9001:2015)(MNS ISO 9001-2016) нэвтрүүлэхэд “Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан бөгөөд “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан болно.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Тоон бичиг үсэгтэн” гарын авлага хэвлэгджээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хүүхэд залуусын цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд зориулан 5 бүлэг 18 багц хичээл бүхий “Тоон бичиг үсэгтэн” сургалтын хөтөлбөрийн гарын авлагыг боловсруулсан нь дөнгөж хэвлэлтээс гарч, багш суралцагсдын гарт очиход бэлэн болоод байна.

Тус газар нь 2018 онд Фэйсбүүк групптэй албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд бүх нийтэд цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой, аюулгүй хэрэглээний мэдлэг, чадвар олгох чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд дээрх олон улсын чанартай сургалтын хөтөлбөрийг “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллагатай хамтран орчуулан боловсруулж, сургалтанд ашиглахад бэлэн болгожээ.

Харилцан идэвхтэй хамтын оролцоонд тулгуурлаж явагдах энэхүү хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн 11-18 насны сурагчдад цахим орчинд хувийн аюулгүй байдлаа хангах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Digital literacy library” хэмээх олон улсын нэршил бүхий энэхүү сургалтын хөтөлбөрийг Фэйсбүүк компанийн захиалгын дагуу Харвардын их сургуулийн Беркман Клейн төвийн судлаач, эрдэмтэд боловсруулсан бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй оронд амжилттай хэрэгжээд байна.

Дашрамд дурдахад “Digital literacy буюу Тоон бичиг үсгийн боловсрол гэдэг нь мэдээллийг бий болгох, хайж олох, ойлгох, зохион байгуулах, нэгтгэх, үнэлэх, түгээхдээ тоон технологийг зохистой бөгөөд аюулгүй байдлаар ашиглах мэдлэг, чадвар, хандлагыг хэлэх бөгөөд үүнд компьютерын хэрэглээний болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг, мэдээ мэдээллийг ялгаж таних чадвар, хэвлэл мэдээллийн боловсрол зэрэг ойлголтууд бүгд багтана.” хэмээн НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-аас албан ёсоор тодорхойлжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбар дахь нөөц бололцоогоо бүрэн дайчилвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Ес эхэлж жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг үед өвөлжилт ямар байгаа бол?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол наймдугаар сард гарч, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Мөн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт байнга ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг гарч анхаарал татаж буй газруудад очиж үнэлгээ хийж байгаа. Өвөл дундаа орон ес эхэлж, жигдрээд эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, нар наашилж байна. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгаар өвөлжилт харьцангуй тааламжтай байна. Нийтдээ цасан бүрхүүл тогтсон ч зудын түвшинд хүрсэн зузаан бүрхүүл алга. Бусад орнуудтай харьцуулахад цаг агаар харьцангуй дулаахан байна. Тиймдээ ч мал сүргийн өвөлжилтийн байдал харьцангуй тайван байна. Анхаарал татаж байгаа хэдхэн аймаг л бий.

-Тэдгээр нь ямар аймгууд байна вэ?

-Зуншлага муу, мал сүргийн тоо өссөн зэрэг шалтгаанаас үүдэн зарим сумдыг анхаарах шаардлагатай байгаа. Өвөрхангай, Дундговь, Завхан аймгийн зарим сумдад цас нэлээд унасан учир отор нүүдэл хийж байна. Говийн бүсийн зарим аймгуудад цас ороогүй хараар өвөлжиж байгаа учир малын ундны асуудал гарч байна. Эдгээр асуудлуудыг шуурхай зохицуулах арга хэмжээг авч байгаа. Хамгийн их отор нүүдэл хийсэн нь Дундговь, Өвөрхангай аймгууд. Бид ОБЕГ-тай хамтран эдгээр аймгуудад ажиллаж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн. Одоогоор өвөлжилтийн төлөв байдал суурин байдалтай байна. Отор хийж буй малчид зорьсон газраа очсон. Одоогоор отор нүүдэл хийж байгаа газар байхгүй. Харин отроор очсон газарт нь өвс тэжээлийг нь хангалттай байлгах, нөөцөлсөн өвс тэжээлээ ашиглах боломжийг бүрдүүлж өгч байна.Отроор явж буй малчдын тав тухыг хангах зорилгоор тэднийг хөөж, тууж, өртөг мөнгө нэхэхгүй, элдэв хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлийг өгсөн.

Отор нүүдэл Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Архангай зэрэг аймгуудад голчлон хийгдсэн. Энэ газруудад зохион байгуулалтыг оновчтой хийж, хаваржуулах ажлыг үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байна. Эдгээр аймгуудад хаваржилтын асуудал анхаарал татах нь дамжиггүй.Иймд өвс, тэжээл хүргэх ажлуудад анхаарал тавьж байна.

-Яамны зүгээс оны дараа Атрын дөрөвдүгээр аянаа эхлүүлнэ гэдгээ зарласан байх аа. Энэ талаар тодруулаач?

-Манайх атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй бие даасан салбар болгоод 60 жил болжээ. Нэгэн жаран дуусч, ирэх жилээс шинэ жаран эхэлж байна. Манай яам энэ онд жаран жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, дараагийн жаран жилийн бодлого, зорилгыг тодорхойлох ажлыг хийсэн. Энэ үндсэн дээр газар тариалан эрхлэх системийг шинэчилж боловсруулсан. Манай улс сүүлийн 100 гаруй жилд газар тариалан эрхлэх хоёр үндсэн стратегийн баримт бичигтэй байсан. Анх 1924 онд Монголчуудын газар тариалангийн дүрэм гэж баталсан. Үүнийг 1960-аад оны эхээр Монгол Улсад газар тариалан эрхлэх ситем гэх нэрээр хоёр дахь удаагаа баталж,мөрдсөн. Одоо бид шинэ жарныхаа бодлого зорилгыг тодорхойлсон. Бид асар их хэмжээний судалгаа, шинжилгээ, дүгнэлтийн ажлуудыг хийлээ. Шинэ жарны ажлыг бүх нийтийн анхаарал төвлөрсөн, нийтийн үйл хэрэг байлгах зорилгоор Атрын дөрөвдүгээр аян буюу Газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян болгож зарлахаар Засгийн газраас шийдсэн. Энэ аяны бодлогыг тодорхойлох, ажлыг зохион байгуулах зөвлөл байгуулагдаж, ХХААХҮ-ийн сайд ахалж байна. Энэ зөвлөл ойрын үед Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүйг Засгийн газраар батлуулна.

-Атрын дөрөвдүгээр аяны онцлог нь юу байх вэ?

-Дөрөвдүгээр аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үр тариа, төмс хүнсний ногоогоор улсынхаа хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад хүнс экспортлох зорилготой. Манай улсад газар тариалан эрхлэх эдэлбэр газар хязгаартай.

Гэлээ ч үүнийг нэмэгдүүлэх, шинээр атар газар эзэмших зорилтыг тавихгүй. Харин ашиглаж байгаа тариалангийн талбайн өгөөжийг нэмэгдүүлж үржил шимийг нь сайжруулах хэрэгтэй. Мөн боловсронгуй арга технологи хэрэглэх, үрийнхээ чанарыг сайжруулах, ургамал хамгааллын бодисыг шинжлэх ухааны ач холбогдолтой хэрэглэх, хамгаалагдсан хөрсний тариалалт, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх замаар нэгж талбайгаас авах ургацаа арвижуулахад л гол зорилго чиглэж байна. Ингэснээр Монгол Улсынхаа хүн амын хэрэгцээг тогтвортой хангах юм. Хэдийгээр манай газар тариалангийн бодлого Атрын гуравдугаар аяны хэмжээнд сэргэж, хэрэгцээгээ хангах хэмжээний ургац хурааж авч байгаа ч үйлдвэрлэлийн түвшинд тогтворжоогүй. Энэ арван жилийн хугацаанд зарим жилд нь 20, 30 мянган тн, зарим жилд нь 400 мянган тн буудай хурааж авч байх жишээтэй. Тодруулбал, цаг агаарын нөлөөлөлд их өртөмтгий учир хэрэгцээгээ тогтвортой хангах баталгаа хараахан бий болоогүй байна гэсэн үг. Нөгөө талдаа хөрсний үржил шим жилээс жилд алдагдаж, эвдэрч байгаа нь орчин үеийн арга технологийг эзэмших хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Энэ үүднээс бид Атрын дөрөвдүгээр аянаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгохыг зорьж байгаа юм.

-Хувь тариаланчдад чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?

-Мэдээж төр засгаас бодлогоор дэмжиж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар нь хүн амын амин чухал ач холбогдолтой хүнсний хэрэгцээг хангахад зориулагдсан байдаг. Тэр утгаараа хүнсээ бэлдэнэ, хэрэглэнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг бүх нийтийн үйл хэрэг. Бүх хүн энд оролцох ёстой. Ингэж байж л энэ зорилт хэрэгжинэ. Бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор ч атрын аяныг зохион байгуулж ирсэн. Энэ аянд төр, хувийн хэвшил хоорондоо хамтран ажиллана. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд, пүүс компаниуд, ард иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтарч ажиллах хэрэгтэй. Аяны хүрээнд энэ хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах тал дээр анхаарч байгаа. Төрөөс бодлогоор, хөнгөлөлттэй санхүүгийн тусламж үзүүлэх, урамшуулах, техник технологийг шинэчлэх, үрийн үржил шимийг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж нягт хамтарч ажиллана.

-Тариалан эрхлэгчдийг дэмжих тусгай сан хэвээрээ байгаа юу?

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих сан байгаа. Энэ сангийн үйл ажиллагааг цааш нь өргөжүүлэх, илүү боловсронгуй болгох ажлыг хийнэ. Улсын төсвийн хууль батлах явцад Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгэж Хөдөө аж үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих сан болгож хувиргасан. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга механизмын хувьд багагүй өөрчлөлт орно. Цаашид бид тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхэд, эцсийн үр дүнгээ сайжруулахад, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрээ эрчимжүүлэхэд илүүтэй урамшуулж ажиллана.

-Газар тариалан эрхэлдэг томооохон кампаниуд энэ салбараас гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Салбарын сайдын хувьд та юу гэж харж байгаа вэ?

-Энэ тухайн компанийн л асуудал. Бид төрөөс бодлогоор газар тариалангийн салбарт оруулах, гаргах асуудлыг шийдэхгүй. Бид ард иргэдийнхээ хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулах зорилготой. Бодлого, үйл ажиллагаагаа нэгтгээд үр ашигтай үйлдвэрлэл явуулах нь л чухал шүү дээ. Хэрвээ эдийн засгийн үр ашиггүй бол ямар ч компани тэрхүү үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй. Тиймдээ ч үүнийг эдийн засгийн үр ашиг талаас харах нь зүйтэй.

-Махны нөөцийг хэр хэмжээнд бүрдүүлж байна вэ. 20 мянган тонн хүргэх зорилтдоо хүрч чадах уу?

-Махны нөөц бэлтгэх ажил яг одоо хийгдэж байна. Энэ жил 20-иод мянган тн мах нөөцлөх зорилготой. Улаанбаатар хотынхон жилийн хэрэгцээндээ 60-аад мянган тн мах хэрэглэдэг. Өнгөрсөн жил махны нөөцийн бэлтгэл бага зэрэг доголдож хугацаа алдан дөрвөн мянган тн мах л бэлдсэн. Үүнээс болоод өнгөрсөн хавар зах зээл дээр гарсан үнийн хөөрөгдлийг зогсоох боломж хязгаарлагдмал байсан. Энэ нь мах үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааны зохицуулалтгүй, замбараагүй байдлаас болсон. Ирэх жил бид үүнийг дахин давтахгүй. Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хууль дүрмийн дагуу цэгцэлсэн. Стандарт техникийн нөхцөлийг баталж мөрдүүлсэн. Мах бэлтгэх хуваарь, зохицуулалтыг хийж өгснөөр эдгээр гажуудлууд арилж байгаа. Нөгөө талаар махны нөөцийн хэмжээг 20 мянган тонныг бэлдэхээр ажиллаж байна. Урьд нь зөвхөн арилжааны банкны зээлээр мах бэлддэг байсан бол энэ жил олон эх үүсвэрээс бэлдэж байгаа юм. Арилжааны банкны зээлээр аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлдээд, тодорхой хэмжээний хүүгийн урамшууллыг төрөөс хөнгөлж өгдөг механизм үргэлжилнэ. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкууд болон манай яамтай гэрээ хийж, махныхаа хуваарь зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх санаачилга гаргаж байгаа. Өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлдсэн аж ахуйн нэгжүүд санхүүгийн дэмжлэг, урамшууллыг арилжааны банкаар дамжуулж авах шинэ журам гарч, мөрдөж эхэлсэн.

Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээл дээр тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг дүрэм журамтай болсон. Өөрөөр хэлбэл, экспортод гаргасан мах, махан бүтээгдэхүүнийхээ арван хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан байх техникийн зохицуулалт хэрэгжиж байна. Мөн бид жил бүр дор хаяж 50 мянган тн мах экспортод гаргах зорилго тавьсан. Энэ жил энэ зорилгодоо хүрч, 50 мянган тн мах экспортод гаргана. Түүний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо бэлдэнэ гэвэл таваас зургаан мянган тн мах бэлтгэгдэнэ. Дээрээс нь газар тариалан эрхэлж байгаа бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, байнгын мах нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж урамшуулж байгаа. Хуучин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийг зөвхөн үр, будаагаар нөхдөг байсан. Харин энэ жилээс эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, улмаар мах, сүүгээ нийлүүлбэл зээлээ хаахад нь ашиглах журмыг гаргасан. Энэ мэт зохицуулалтын арга хэмжээг авч байна.

-Бид гучаад жил махаа экспортлохыг хичээж, зорьж ирсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэж, шүүмжлэх нь олон болжээ. Энэ ямар учиртай юм бэ. Одоогийн нөхцөл байдал нь ямар байгаа бол?

-Мах экспортлох нь зүйтэй. Ийм боломж бидэнд байгаа. Монгол Улс далаад сая малтай, оны дундуур бид хориод сая төл хүлээж авна. Ингээд бодохоор Монголын мал 90 сая руу дөхөж байгаа биз. Малыг өсгөж, үржүүлж байгаа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, малчид амьдралаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Малын тоо толгой өсөх тусам байгаль орчин, бэлчээр, усны даацад нөлөөлж байдаг. Энэ үүднээсээ ч бид тодорхой хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах учиртай. Мэдээж дотоод хэрэгцээгээ хангаж таарна. Дээрээс нь экспортод ямар хэлбэрээр, хааш нь гаргах вэ гэдэгт төр бодлогоор анхаарч, дэмжих ёстой.

-Нэн тэргүүнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй хоёр хөрш рүүгээ экспортлоход анхаарах ёстой юм биш үү?

-Хөрш хоёр орон хамгийн их авдаг. Авах эрэлт хэрэгцээ ч тэнд хамгийн их бий. Гэтэл авахгүй байгаа.

-Яагаад?

-Монголын мал эрүүл гэх баталгаагүй, эрсдэлтэй гэж үздэг учраас. Тиймдээ ч махан бүтээгдэхүүнийг хязгаартайгаар, тэр дундаа гүн боловсруулалт хийсэн махыг л авч байна. Хөлдөөсөн махыг авахгүй байгаа. Арьс, шир түүхий эдийг ч авахгүй байна, энэ нь бидэнд мал сүргээ эрүүлжүүлэх шаардлага тавьж буй хэрэг. Энэ шаардлагыг бид бүхэн мөрдөхгүй бол цаашдаа мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гаргаж чадахгүй. Манайхан дулааны аргаар боловсруулсан мах гаргаж байна гэж яриад л байсан. Гэтэл дулааны аргаар мах үйлдвэрлэх стандарт техникийн нөхцөлгүй л явж ирж. Аж ахуйн нэгж бүхэн өөрийнхөө техник технологийн түвшнээр бэлдэж ирсэн байна. Дээрээс нь малыг зөв зохистой иж бүрэн ашиглахгүй, зөвхөн тураг махыг нь аваад толгой, шийр, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг бүгдийг нь хаяж байжээ. Энэ нь байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Ямартаа ч энэ мэт гажуудлыг энэ жил заслаа. Цаашдаа бид махыг иж бүрэн ашиглана. Яам махаа экспортод гаргах үйлдвэртэй бодлогын гэрээ хийж, албан ёсны тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Мал махаа хаанаас бэлдсэн бэ гэдэгт онцгой хяналт тавьж ажиллаж байна. Монгол Улсын газар нутаг үндсэндээ гурван үндсэн бүс нутагт хуваагдаж байдаг. Үүнээс баруун аймаг эрүүл бүсдээ ордог. Хил дамнасан малын гоц халдварт шүлхий, мялзан зэрэг өвчин гараагүй бүс гэж бид үздэг. Гэхдээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллага үүнийг албан ёсоор зарлаагүй. Тийм учраас тэндээс мах авахад болгоомжтой ханддаг. Бид энэ бүсийг эрүүл бүс байлгах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтарч, хянан магалдлагааны ажлуудыг хийж байна. Үүнийг газар дээр нь хянана, баталгаажуулна тэгж байж олон улсын түвшинд батална. Энэ ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Баруун бүсийг бид энэ статусаа авчих байх аа гэсэн итгэлтэй байгаа. Монгол орны төвийн бүс нь эрсдэлтэй, эрүүл бүсийг заагласан хяналтын бүс. Харин зүүн бүс эрсдэлтэй бүсэд ордог. Тэнд хил дамнасан гоц халдварт өвчин удаа дараа гарсан, голомт байдаг. Иймд сстемтэйгээр вакцинжуулалтыгхийж, малаа эрүүлжүүлэх ёстой. Энэ ажил ч үргэлжилж байгаа.

-Малын халдварт өвчний тархалтад анхаарч байгаа юу?

-Энэ жил Монгол Улсын хэмжээнд халдварт өвчин гараагүй, харьцангуй тайван байна. Энэ нь вакцинжуулалтаа хугацаанд нь хийж, хяналтаа сайн тавьж, халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх арга технологио боловсронгуй болгосонтой холбоотой. Мөн мал эмнэлгийн тогтолцоо шинээр бий болж, энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай хянаж байгаатай холбоотой юм. Зүүн бүсээ бид эрүүл бүс болгож, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой. Бид мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-аар төрөлжсөн хянан магадлагаануудыг хийлгэлээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний хянан магадлагаа хийж, протокол байгуулах ажлууд явагдаж байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн, гурил будаа экспортод гаргах ажлын хэсгийнхэн ирээд явсан. Энэ мэт үнэлгээний ажлууд сайн хийгдэж байгаа. Бид энэ үнэлгээний мөрөөр протоколоо байгуулчихвал гурил, сүү, мах мөн дайвар махны бүтээгдэхүүнийг экспортод гаргах бололцоо нээгдэнэ. Энэ чиглэлээр бид эрчимтэй ажиллаж байна. Дээрээс нь Вьетнам, Киргиз, Казахстан, Иран зэрэг улсуудтай хорио цээрийн протокол байгуулах ажлуудыг хийж, гадна талаа баталгаажуулж байна.

Хамгийн чухал нь манай үйлдвэрүүд техник технологи, хяналтаа сайжруулах ёстой. Хуруу даран тоолдог сайн технологитой үйлдвэрүүд маань ч экспортод гаргах шаардлага хангахгүй, эрхээ цуцлуулсан байна. Иймд бид стандарт техникийн нөхцөлөө бий болгож, үйлдвэрүүдээрээ хянан магадлагааг хийлгэж, гарал үүслийг нь тодорхой болгон, үйл ажиллагааг нь хянах тогтолцоог бий болгох ажлуудыг хийлээ. Цаашдаа бид махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Манайд байгаа боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал жилийн турш бүрэн дүүрэн ажиллалаа гэхэд зургаагаас долоон сая мал л боловсруулна. Гэтэл үүнээс ч илүү малыг үйлдвэрийн аргаар боловсруулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Бид мах боловсруулах үйлдвэрлэлийг өргөн хүрээнд болж өгвөл сум болгонд бий болгох шаардлагатай.

-Махаа экспортлохгүй байгаа нь бидний өөрсдийн чадвар чадамжтай холбоотой гэж байна. Гэхдээ гадна талаас махаа экспортолж болохгүй гэх шахалт дарамт байгаад байна уу ч гэж хардах хүмүүс бий.

-Бид олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авч хүлээн зөвшөөрөгдөхгүй л бол махаа гадагш нь гаргах боломж бололцоо хаалттай. Хамгийн гол асуудал нь малаа өсгөх, эрүүл байлгах явдал юм.

-Тэгвэл үнэгүйдэж гүйцсэн ноос ноолуураа хэрхэх вэ?

-Ноос ноолуур, арьс шир нь мал аж ахуйгаас гарч байгаа маш үнэтэй түүхий эд. Үүнийгээ бид иж бүрэн боловсруулж эцсийн чанар сайтай бүтээгдэхүүн болговол асар их боломж бий. Бид урьд нь арьс ширээ боловсруулаад гутал хувцсаа хийдэг байлаа. Ноосоо боловсруулаад хивс, ноосон даавуу хийдэг байсан. Харин өнөөдөр тэр үнэт түүхий эд үнэгүйдэж, үүнийгээ дагаад эх орны боловсруулах үйлдвэрүүд зогссон. Үүнээс гадна олон сөрөг үр дагаврыг дурдаж болно. Энэ байдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Төр засгаас бодлого гаргаад арьс шир, ноос, мах, сүүн дээр урамшуулал өгсөн ч энэ дэмжлэг эдийн засгийн үр өгөөж өгсөнгүй. Ноос бэлтгэх явцад, ноосыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд их асуудал байна. Энэ жил бид 2018 оны ноосны урамшууллыг өгч дууслаа. Цаашдаа бол шинэ журмаа мөрдөнө. Үйлдвэрт тушаагаад эцсийн бүтээгдэхүүн болсон чанартай ноос ноолуурыг урамшуулна. Тиймээс малчид ноос бэлдэхээсээ эхлээд чанарт анхаарах хэрэгтэй. Арьс ширэн дээр ч мөн адил ийм үйл явц байна. Цаашдаа бид хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж түүхий эдийг бэлтгэнэ. Ингээд эхний ээлжинд чанартай бүтээгдэхүүнээр түүхий эдийг хангана. Цаана нь илүү гарч байгаа түүхий эдийг зах зээл дээр борлуулах бололцоог нь нээж өгнө. Түүхий эдийг боловсруулаагүйгээр экспортод гаргахыг хорьсноос үүдэн хог болж байна. Бид зохицуулалтаа сайн хийж өгвөл малчны үйлдвэрлэж байгаа түүхий эд үнэгүйдэхгүй. Эх орны үйлдвэрт очно, эсвэл экспортод гаргах замыг нь нээж өгөх юм. Бид хөдөө аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийнхээ 10-20 хувийг л боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Цаана нь 80 хувийн нөөц боломж бидэнд байна. Энэ 80 хувийг ашиглахын тулд төр засгаас бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Бид хөдөө аж ахуйн салбарын экспортын боломжийг дайчлан ажиллах тухай шийдвэрийн төслийг Засгийн газарт оруулахаар бэлдэж байна. 2020 оныг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийн экспортыг дэмжих жил болгон ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт байгаа экспортын нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой. Тийм учраас ойрын хэдэн жил хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас уул уурхайгаас илүү экспортыг хийх боломжийг бүрдүүлэх зорилготой байна.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчийг улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой 5 жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая доллар бүхий төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангах юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески өөрийн хэлсэн үгэндээ “Жижиг дунд бизнес эрхлэгчид нь Монгол улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэдгийг онцлон “Энэтхэг-Номхон Далайн бүсийн гол түнш улсын хувьд, АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно.” гэж дурдсан байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь санхүүжилт, компаний засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавхи болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцлүүдийг дэмжиж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажиллах юм. 2016 оноос хойш хугацаанд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болгосон билээ.

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих; тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай Олон улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ 10-р сард, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, үр дүнтэй эрчим хүч ашиглах болон хувийн секторт түшиглэсэн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилготой 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам долларын гэрээнд хоёр улсын засгийн газар гэрээ байгууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бумдарь: Улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд энэ тогтолцоогоор илүүтэй сонгогдоно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Сонгууль бүрээр л сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг уламжлал тогтоод удаж байна. Энэ ч утгаараа түрүү долоо хоногт томсгосон мажоритар системээр УИхын сонгуулийн тухай хуулийг парламент баталлаа. Энэ батлагдсан хуулийг та хэрхэн харж байгаа вэ?

-Томсгосон мажоритар системийг Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг биш байна аа гэж үзээд баталлаа. Нийт сонгогчдын 50 хувиас дээш хувь нь саналаа өгч байж сонгууль хүчин төгөлдөр болно гэх мэт нэмэлт тодруулгууд хуулинд орж ирж байна. Энэ хуулиар нэлээд олон нэмэлт, өөрчлөлт орлоо. Томсгосон мажоритар систем цөөхөн тойрогт хуваагдана гэдгээрээ сонгогчдын хувьд ойлгомжтой байна байх.

Гэхдээ хүн амын тархац, хүн амын эзлэх нэг сонгуулийн жингийн асуудал дахин яригдана. Нийслэл хотод хүн амын бараг 50 хувь нь бий. Орон нутагт 50 хувь. 21 аймгаар тараад ирэхээрээ энэ нь асуудалтай болоод ирнэ. Тухайн орон нутгийн тойргийн сонгогчийн 50 хувиас дээшээ өгнө гээд үзэх юм бол орон нутагт байгаа томсгосон тойргууд ашигтай болчихно гэж ойлгож болно. Нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөнө. Орон нутагт хоёроос гурван мандат үлдсэнийг нь нийслэлд гэх мэтээр хүн амын тоотой нь уялдуулж, мандатын тоог гаргах байх. Том мажоритар тогтолцооны давуу тал нь хэн, хаана нэр дэвшиж байгаа нь тодорхой, өмнөх тойргууд нь мөн тодорхой хэвээр үлдэнэ. Сул тал мөн олон бий. Томсгосон учраас намын гишүүд багаараа сонгуульд оролцоно. Нэг тойрогт олон хүн нэр дэвших учраас намын дэмжлэг болон тухайн нэр дэвшигчийн нэр хүнд, сонгуулийн баг сайн ажиллах шаардлагатай. Орон нутагт одоо тогтсон соёл бол тухайн нэр дэвшигч тойргоо байнга “усалдаг” энэ байдлаасаа шалтгаалж томсгосон тойргийг авч үлдэж байна гэж ойлгож болно.

-Томсгосон мажоритар системээр ихэвчлэн ямар хүмүүс сонгогддог юм бэ?

-Энэ систем олон нийтэд танигдсан, өөрийн хөл сайтай, нам нь араас нь түшиж өгдөг нэр дэвшигчдэд л боломж олддог. Айлын бурхнаас өөрийн чөтгөр дээр гэдэг монголчуудын соёл байгаа шүү дээ. Өөр нэр дэвшигч байсан ч гэсэн өөрийн дассан хүнээ л дугуйлдаг. Энэ улс төрийн соёл ер арилахгүй байгаа. Намд гарах сөрөг талын тухайд нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг. Нөгөө талаар олон нийтэд танигдсан улстөрч гарах боломжтой. Жижиг намуудад том мажоритар тогтолцоо нь сөрөг талтай. Сонгогдох боломж нь хомсдож ирнэ. Нэг үгээр хэлбэл, том мажоритар тогтолцоогоор улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд илүүтэй сонгогдох болов уу. Тиймээс жижиг намууд нийслэлд л бага зэргийн боломж гарч ирэх болов уу. Нийслэлд хэр танигдсан бэ гэдгээс нэлээд шалтгаална. Түүнчлэн тухайн тойргийн сонгогчдынх нь төрх байдал буюу ямар сонгогчдоос бүрдсэн тойрог вэ гэдгээсээ шалтгаалах байх. Улс төрийн төлөвшил сайтай, төлөвшсөн газар жижиг, шинэ намуудын төлөөлөл сайн явна. Дахиад олон намын системийн төлөвшлийн эсрэг үйл байдал бий болж байна. Мажоритар хоёр намын систем тогтоогоод АН, МАН-ын хооронд өрсөлдөөн явагдана гэвэл бас тийм биш болчихоод байна. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийн өөрчлөлт зохион байгуулалтад орсон л өөрчлөлт болчихлоо.

-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн хамгийн их анхаарал, улстөрчдийн дунд маргаан дагуулсан заалт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон хүмүүс 2020 оны УИХ-д нэр дэвшихгүй байх. Ийм заалтыг Сонгуулийн хуульд суулгаж өгөх нь зөв үү?

-Ялаа эдлээд дуусчихсан тохиолдолд нэр дэвшиж болох байх. Гэхдээ тэр нь улс төрийн үйл ажиллагаатай холбогдсон хэрэг бол өөрөөр яригдана. Авлига, хээл хахууль гэдэг угаас албан тушаалтантай холбогдох хэрэг. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг утгаараа нэр дэвшүүлэхгүй байж болно. Магадгүй санамсаргүйгээр нэг юм мөргөчихсөн ч юм уу, санаандгүй хэрэг хийсэн хүн байж болно шүү дээ. Тийм хүмүүсийн сонгогдох эрх нь байхгүй хуулиараа болчихож байна гэсэн үг. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд л нэр дэвших эрхийг нь хасах гэдэг заалт нь илүү эрх ашигт нийцэхүйц байх.

-Томсгосон тойрог дээр мандатыг нь хэрхэн хуваах юм бэ?

-Энэ чинь өөрөө асуудал болчихож байгаа юм. Энэ системээр өмнө нь хоёр, гурван тойрогтой байсан аймгуудыг томсгоод ганцхан мандаттай болгочихсон. Тиймээс нэг аймагт өөр тойргууд дээр өрсөлдөж байсан нэг намын нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг. Урьд нь тэр тойрогт нэр дэвшиж байсан гишүүд дэвших сонирхолтой байгаад байдаг. Үүнээс болж намын гишүүд нэг нэгнийгээ татаж унагадаг. Тэгэхээрээ намын саналыг хуваачихдаг. Энүүгээрээ хортой. Энэ асуудалд намууд ямар тактиктай орох нь уу. Ганцхан хүнээ л барьж орох уу. Тэгэхээр эмэгтэйчүүдийн квотыг хасах гэх мэт асуудал руу хүчээр орчихож байгаа юм.

-Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын саналыг унагачихлаа шүү дээ…

-Би өөрөө эмэгтэй хүн. Заавал хүйс заах, квот өгөх гэдэгт нээх дуртай биш. Насанд хүрсэн хүнд өрсөлдөх чадвар байх ёстой. Манайх шиг хөгжингүй ардчилалтай, Азийн орнуудад эрчүүдийн бүлэглэл, эцгийн эрхт ёс гэх мэт зүйлсээс шалтгаалан эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах албан тушаалд очих магадлал бага байдаг. Тэр утгаараа хуулинд тэгш оролцоо, тэгш боломжийг хангаж өгч байгаа хэлбэр л дээ. Энэ квотын тоог бууруулж байгаа нь ухралт. Дэлхий дахины чиг хандлага ямар зүг рүү явж байгааг бид харж байгаа. Нийгэмд хамгийн идэвхтэй хэсэг буюу дунд ангийн татвар төлөгчид бол эмэгтэйчүүд. Бууруулж байгаа нь утгагүй асуудал. Ядаж 30 хувиараа үлдэх нь зүйтэй. Гэхдээ хамгийн боломжит мөрөөдөл бол ямар нэгэн хүйсийн ялгаваргүй бүгдээрээ өрсөлдөх ёстой. Тэгэх боломжгүй байгаа энэ үед квотын асуудлаа бууруулж байгаа нь эрчүүдийн тоглоом шүү гэдгийг батлах гээд байна л даа.


Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Image result for Цас

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхтуяа: Ээж минь Монголынхоо ард түмэнд хайрлагдсан уран уншигч байсан

МУГЖ, уран уншигч Д.Жагдагийн “Их найргийн хурим-2” DVD болон түүний охин М.Энхтуяагийн “Хөтлөх урлаг” номын нээлт боллоо. Охин М.Энхтуяа нь ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан олон түмэнд хүргэж чадаагүй ээжийнхээ уран уншсан бүтээлүүдийг эмхэтгэн цомог болгон гаргажээ. Энэ үеэр UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяатай ярилцлаа.


-Юуны өмнө номын нээлтээ хийж байгаад тань баяр хүргэе. Ном болон цомгийн талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Ээж минь Монголынхоо ард түмэнд хайрлагдсан уран уншигч, уран бүтээлч хүн байсан гэдгийг манай үзэгч, уншигч, сонсогч түмэн минь мэдэж байгаа. Энэ оны эхээр ээж минь тэнгэрийн орон руу явсан. Ээж минь амьд сэрүүн байхдаа өөрийнхөө уншсан тэр олон найраглалуудаараа “Их найргийн хурим” гэсэн сайхан CD гаргасан байдаг юм. “Их найргийн хурим” нэртэй тайлан тоглолтоо бас хийж байсан. Түүний уншсан олон сайхан бүтээл нэг CD-нд багтаагүй үлдсэн. Тэр болгоныг нь нэгтгээд, заримыг нь Монголын радиогийн “Алтан фонд”-оос аваад энэхүү CD-г эмхэтгэн гаргалаа. Үүн дотор байгаа нэг гэнэтийн бэлэг нь юу гэвэл 1979 онд уншсан “Сэгс цагаан богд” найраглал нь хүүхэд ахуйн хөөрхөн хоолойгоороо үлдсэн байсныг нь дүрсжүүлээд оруулж өгсөн. Мөн дүрс нь ч, дуу хоолой нь ч үлдээгүй ээжийн уншсан олон сайхан бүтээл байдаг. Түүнийг нь дүрсжүүлээд, охиных нь хувьд би өөрөө уншаад энэхүү CD-ндээ оруулж өгсөн байгаа. Анхных нь CD-нд есөн уран бүтээл багтсан байдаг бол энэ удаа 15 бүтээлийг оруулсан. Ээж минь ихэвчлэн ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг, найраглалуудыг уншдаг байсан. Мөн ардын уран зохиолч Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн гуайн найраглалуудаас гэх мэтчилэн дандаа сайхан яруу найрагчдын шүлэг, уран бүтээлийг уншдаг байж. Тэр болгоныг нь сонсогч, үзэгч түмэндээ үлдээх зорилгоор энэхүү DVD-г гаргаж байна. Мөн би өөрөө зохиосон “Хөтлөх урлаг” нэртэй номынхоо нээлтийг давхар хийлээ. Би 2017 онд СУИС-ийг “Хөтлөгчийн урлагийн монгол уламжлалын асуудал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Хөтлөх урлагийн чиглэлээр магистр хамгаалсан хүн одоохондоо надаас өөр байдаггүй юм байна. 2011 оноос би UBS телевизийнхээ хөтлөгчийн сургалтын төвд багшилж байгаа. Багшилж байгаа туршлага дээрээ өөрийн UBS телевиздээ 25 дахь жилдээ хөтлөгч хийж байгаа туршлагаа нэмээд олон жил судалгаа хийж, энэ мэргэжлээрээ магистр хамгаалсан. Бидний мэдэхээр энэхүү мэргэжил 1980-аад оноос манайд анх нэвтэрсэн. Тэгвэл хувьсгалаас өмнө, түүнээс ч өмнө ямар нэршилтэй байсан юм гэх мэтээр судлаад 13 дугаар зууны үед хонжин гэдэг нэршилтэй байж. Хонжин дотроо гурав хуваагддаг. Цэрэгчин хонжин, ерөөлч хонжин, ялгуусан хонжин гэж хуваагддаг. Тэдгээр нь өнөөдөр ямар хэлбэрээр залгамжлан үлдэж вэ. Жишээлбэл, цэрэгчин хонжин нь ямар нэртэй болсон, ямар хэлбэрээр залгамжлан үлдсэн, ерөөлч хонжин нь ямар болсон бэ гэх мэтээр судалгааны ажлаа хийж, судалгааны эргэлтэд оруулсан ийм бүтээл байгаа юм.

-Ээж хүнийхээ хувьд Д.Жагдаг гуай ямар хүн байсан бэ. Та сэтгэлд хоногшсон сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ээж минь Монгол Улсын филармонид ажилладаг байсан л даа. Филармонийнхон намайг “Энэ ерөөсөө л урлагийн хүүхэд” гэж хэлдэг байсан юм. Яагаад гэхээр ээж минь намайг төрүүлээд 45 хоногтой байхаас нь хөдөө бригадаар аваад явчихдаг байж. Филармонийн симфони найрал хөгжим явж байхад би тайзны ард тайван унтаж байдаг хүүхэд байсан гэнэ. Концерт нь дууссаны дараа уйлж эхэлдэг гэсэн. Тэгээд л намайг ээж “Ёстой хөөрхөн ээжийгээ мөрөөр нь ажил хийлгэдэг, зовоодоггүй хүүхэд байсан” гэж хэлдэг байлаа. Бас зургаан настайдаа ээжтэйгээ цуг бригадаар явж байтал нэг өдөр тоглолт болоод дууссаны дараа харанхуй болсон хойно өрөөндөө бүгд орж ирээд амрах гэтэл би “Ээж ээ миний төрсөн өдөр шүү дээ” гэж хэлтэл ээж “Өө яана аа. Охиныхоо төрсөн өдрийг мартчихсан байна шүү дээ” гэхээр нь “Зүгээр ээ, зүгээр ээж ээ, би танд бэлэг барья” гээд ээжийн уншдаг байсан бүх найраглалыг цээжээр уншсан гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс чинь бүгд гайхаад бүх найраглалыг нь цээжээр уншихаар нь бүгд шоконд орсон гэдэг. Хар багаасаа байнга хамтдаа явсаар байгаад тэр урт найраглалуудыг бүгдийг нь ээжтэйгээ цуг уншаад сурчихсан байсан юм байна лээ. Тэгээд миний санаанд юу үлдсэн гэхээр багадаа би унтаж байхад зүүдэн дунд “дүнгэр, дүнгэр” гээд л эхэлнэ. Ээж минь шүлэг найраглалаа тэгж айхавтар, хүлхэж, хэлхэж ажилладаг байсан юм билээ. Хаана ч явсан давтаж л байдаг. Шөнө унтахгүй байнга уншина. Автобусан дотор ч, гадуур алхахдаа ч байнга уншина. Үг болгоноо дахин давтан уншиж, бэлтгэдэг уран бүтээлч байсан даа.

-Тухайлбал, радиогийн “Алтан фонд”-оос ямар ямар уран бүтээлүүд нь цомогт орсон бэ?

-Радиогийн “Алтан фонд”-оос “Сэгс цагаан богд” найраглалыг л авсан. Ээжийн 1979 онд уншсанаар радиогийн алтан фондод хадгалагдсан байдаг юм билээ. Мөн ээжийн уншсан “Гэргий” найраглал Монголын радиогийн “Алтан фонд”-од бий гэсэн. Энэ дашрамд “Өдрийн сонин”-ыг уншдаг эх орны өнцөг булан бүрт байгаа уншигчдадаа өдөр бүр хүний сайнтай учирч, өдөр бүр эерэг энергийг бусдад түгээж байгаарай гэж хүсье.

-Таны ээж насаараа уран уншлагаар дагнасан ганц хүн шүү дээ. Одоо орыг нь залгаж, дан уран уншилгаараа дагнадаг уран бүтээлч бий юү?

-СУИС-ийн хэл ярианы танхимын багш нар маань сайхан уншдаг. Тэр үеийнх шиг орон зай нь багассан. Хумигдаад байгаа болохоор л олон түмэнд тэгж сайхан хүрэхгүй байна уу даа л гэж хараад байгаа. Тэр үед хөдөө орон нутгийн бүх баг суманд урлагийн тоглолтууд хүрдэг байлаа. Өөр уран уншигчид гэвэл Равдан гуай, Гүрбазар гуай, Чаминчулуун гуай гээд сайхан сайхан уран бүтээлчдийг нэрлэнэ. Ээж минь уншиж буй зохиолдоо орж шатаж, амьдарч уншдаг байсан. Ээж уншаад өөрөө ч уйлаад, үзэгч сонсогчид нь ч уйлаад дуусгадаг байсан. Ингэж л зохиол дотроо орж амьдарч, шатаж явсан даа.

-Сүүлийн үед комеди урлаг Монголд их эрчээ аваад байна. Түүнтэй зэрэгцээд уран уншлага эрчээ авах боломж бий юү. Комеди, уран уншлагын ялгаа болон төстэй тал нь юу вэ?

-Энэ орон зай их үгүйлэгдээд байна. Энэ тал дээр өөрийн зүгээс чадах зүйлээ хийнэ ээ. Ер нь комеди болон уран уншлага нь хоёул тод чанга хүнд ойлгогдож байх ёстой. Харин ялгаатай тал нь комеди бол хүмүүсийг хөгжөөх, баясгах үүрэгтэй. Тайзан дээр гараад хүмүүсийг инээлгэх Америкийн хошин шогийн төрөл шүү дээ. Уран уншлага бол хүнийг ухааруулах, хүнд хүний бүтээсэн уран бүтээлийг хүргэх, хүний сэтгэлд амьдруулах ёстойгоороо ялгаатай юм болов уу гэж бодогдож байна.

-Таны ээжийн уран бүтээлүүд хоёрхон цомогт багтахааргүй их байх. Дахин та ээжийнхээ уран бүтээлүүдийг CD болгох уу?

-Энэ цомогтоо ээжийнхээ бүтээлүүдийг багтаахыг нэлээд хичээсэн. Нэг зохиолыг 2-3 янзаар уншсан тохиолдол олон байгаа. Түүнийг аль болох давхардуулахгүйг хичээсэн. Бусад нь бас яг ээжийн дуу хоолойгоор үлдээгүй юм байна л даа.

-Та ах, дүү хэдүүлээ вэ. Танаас өөр ээжийн тань мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Би ээжээсээ зургуулаа. Яг өөрийнх нь уран уншлага, ажил мэргэжлийг нь залгамжилж байгаа нь ер нь би дээ. Өлгийтэй нялхаасаа авахуулаад урлагийн бригадаар насаараа явж, тогоонд нь чанагдаад, багаасаа ч өөрийгөө урлагийн хүн болно гэж мэдэрчихсэн юм.