Categories
мэдээ нийгэм

2020 онд агнах, барих агнуурын ан амьтны тоо хэмжээг тогтоожээ

Image result for угалз

Засгийн газрын 439 дүгээр тогтоолоор тусгай зориулалтаар 2020 онд агнах, барих агнуурын ан амьтны тоо хэмжээг тогтоожээ.

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн 2020 онд угалз 91, тэх 105, халиун буга 38, бор гөрөөс 25, цагаан зээр 100, агнуурын шувуу 365, саарал чоно 15 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 500 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 4600 хүртэл толгойг барихаар тогтоосон байна.

Амьтны тухай хуульд агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг зааж өгсөн байдаг.

9.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:

9.1.1.бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.1.2.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, шар үнэг, хярс үнэг, бараан хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул мий, хотны үен, цагаан үен, чандага туулай, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл;

9.1.3.урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.1.4.заарт хархыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;

9.1.5.халздай доргыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл.

9.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:

9.2.1.шивэр хөтүү, дагуур ятуу, эрээнхавирга хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

9.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.6.зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.8.энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

9.3.Агнуурын шувуудын зүйлийн жагсаалтыг шинжлэх ухааны холбогдох байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.4.Тусгай зориулалтаар агнуурын ховор амьтныг агнах, барихыг хориглох хугацааг энэ хуулийн 9.7,9.8-д заасны дагуу тогтооно.

9.5.Судалгаа, шинжилгээ, халдварт өвчнийг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 9.1, 9.2, 9.4-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.

9.6.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.4, 9.5-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9.7.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

9.7.1.угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.7.2.тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

9.7.3.хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.7.4.халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

9.8.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:

9.8.1.аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.2.хар сүүлтийн зээрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;

9.8.3.халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.5.цармын бүргэдийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

9.8.6.тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

Categories
мэдээ нийгэм

2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Image result for Хотын зам өвөл

Замын цагдаагийн албанаас мэдээлснээр баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө. Тухайлбал:

  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний мягмар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 2,7-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2020 оны нэгдүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд цол, одон медаль гардуулав

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медалийг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардууллаа.

АЛТАН ГАДАС ОДОН

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн шинжээч Даваасамбуугын Отгонбаяр

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Цэндийн Эрдэнэбаяр

Газрын тосны газрын ахмад ажилтан Лувсанпүрэвийн Оюунгэрэл

Шивээ-Овоо нүүрсний уурхайн ахмад жолооч Лхүндэвийн Лхагважав

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

УУХҮЯ-ны Геологийн хэлтсийн мэргэжилтэн Батбаярын Цацрал

Чойрын хайлуур жоншны экспедицийн ахмад ажилтан Батмөнхийн Бямбасүрэн

Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Намсрайн Мөнхбилэг нар тус тус төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үйлчилнэ

"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

“Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Энэхүү ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас гаргажээ. Шинэ жилийн баярын цэнгүүн нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөжээ.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:

"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Автомашинаа асаалттай орхихгүй байхыг анхааруулж байна

Image result for асаалттай машин

Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халааж үедээ эзэнтэй байлгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх, амны хаалт байнга зүүхийг зөвлөж байна

Томуугийн вирус нүд, ам, хамраар хүний биед орох магадлалтай тул гарын ариун цэврийг сахих хэрэгтэй

Хамгийн сүүлийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 11,1 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаант үзлэг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгч 4 хүн тутмын нэг нь томуу томуу төст өвчнөөс шалтгаалжээ. Түүнчлэн Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан суманд томуугийн өвчлөлийн улмаас хөл хорио тогтоогоод байна.

Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан суманд хөл хорио тогтоосноор сурагчдын амралтыг хойшлуулж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалжээ. Улаанбаатар хотын хувьд амбулаторийн үзлэгийн 9,4 хувь орон нутагт 12,3 хувийг томуу томуу төст өвчний шалтгаант үзлэг эзэлж байна. Энэ жил өндөр хэмээр халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрдэг “В” хэв шинжийн вирус болон бага насны хүүхэд амархан уушгины хатгалгаа болтол хүндэрдэг амьсгалын замын синциталь вирус өргөн тархаад байна.

ДЭМБ-аас томуугийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах зөвлөмж гаргасан. Үүнд томуугийн вакцин тариулах нь эхний алхам бол өдөр тутамдаа гараа байнга угаах, нүд хамар амандаа гараа хүргэхээс зайлсхийх, томуугийн халдвартай өвчтөнөөс хол байх, бие таагүй байвал гэртээ байх зэрэг алхмуудыг нэрлэжээ.

ХӨСҮТ-өөр дамжуулж томуугийн вакцинд 159500 хүн хамрагдсан. Дархлаажуулалтад хамрагдсан ч гэлээ тухайн вакцин тархалт өндөр 4 вирусээс л хамгаална. Тиймээс бага насны хүүхдэдээ дархлаа дэмжих тэжээллэг хоол хүнс өгөхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Image result for О.Одбаяр

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны I сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр тус компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжинням, УДБЭТ-ын ерөнхий нягтлан бодогч И.Солонго, ШУТИС-ийн ахмад ажилтан Я.Дашдондог, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Ц.Жамбалсамбуу, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тэргүүлэх профессор Ц.Цэвэгжав, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Ш.Цэвээндорж, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Ж.Цэен-Ойдов, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын сургуулийн профессор Б.Энхтуяа, Пауэрлифтингийн спортын дэлхийн аварга тамирчин С.Мөнх-Эрдэнэ нар,

Алтан гадас одонгоор БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, БСШУСЯ-ны Инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Нямханд, БСШУСЯ-ны ТЗУГазрын ажилтан Ж.Мөнхжаргал, БСШУСЯ-ны СУБГ-ын ахлах мэргэжилтэн З.Баянзул, БСШУСЯ-ны СХОГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Ганбаатар, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Д.Батцэцэг нарын 30 гаруй хүн,

Хөдөлмөрийн хүндэт медалиар БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Доржхуяг, ШУТИС-ийн номын санч Ч.Алтанцэцэг, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дулааны инженер Д.Алтанцэцэг, ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш Н.Доржбалдан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэгийн бүлгийн багш А.Цэндмаа,

Засгийн газар болон салбарын шагналаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор Н.Хишигт “Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал”, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн хөрөнгө хариуцагч, аж ахуйн нярав Ц.Чандмань Санхүү, банкны тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Дэнсмаа Сангийн яамны жуух бичиг, БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер С.Билэгбаатар Барилга, хот байгуулалтын яамны жуух бичгээр тус тус шагнуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний газар, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь

Image result for Үйлчилгээний төвүүд

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд үйлчилгээний газар, сүлжээ дэлгүүрүүд хэрхэн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

-Номин супермаркетын салбар дэлгүүрүүд: ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.

-Оргил худалдааны төвийн салбарууд: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар дэлгүүр 09:00-20:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-“Сансар” сүлжээ дэлгүүр: ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-Миний сүлжээ дэлгүүр: Арванхоёрдугаар сарын 31-нд Норжин, Минж, Салхит, Зайсан, Хархорин, Далай ээж, Торгоны зам, Хорооллын эцэс салбар 09:00-22:00 цагт ажиллах бол бусад салбар 09:00-23:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Экстра орос худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-17:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллах юм.

-Хар хорин худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-н, Нэгдүгээр сарын 1-2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-20:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Барс худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-14:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Нарантуул худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Мэндчилгээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн ард иргэд Та бүхэндээ морилон ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Баялаг бүтээгч хамт олон маань улирч буй 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж ихийг төлөвлөн хэрэгжүүлж бүтээн байгууллаа. Техник, технологийн бодлогын хүрээнд Ил уурхайд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, жилийн дүнгээр анх удаа 37 сая тонн хүдэр олборлов. Баяжуулах үйлдвэрийн үндсэн хэсгүүд болох Бутлан тээвэрлэхээс эхлээд Шүүн хатаах, Хаягдлын аж ахуй хүртэлх бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнөж, бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжсэний үр дүнд энэ онд анх удаа 32 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоолоо.
2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүтээн байгуулалт, техник, технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр буюу 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал ажил хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдены баяжмал салгах, молибдены баяжуулалтын дамжлага шинэчлэгдсэнээр жилд 1.8 тэрбум төгрөгийн, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 бутлуураар сольсноор жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох нөхцөл бүрдсэн. Хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг шинэчиллээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехэд болон Ган бөөрөнцгийн цехэд дэлхийн дэвшилтэт технологийн шинэчлэл хийгдэж байна. Мөн Хаягдлын аж ахуйд М4 далан, холбох сувгийн хамт барьж байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, хаягдлын сангийн насжилт зургаан жилээр уртаслаа. Энэ мэт их ажил ундарсан, Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд 2019 он тод үлдсэн жил болж өндөрлөж байна.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага шинээр ургаж байна. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь үзүүлдэг дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр энэ жил 518 ажилтанд 6.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Мөн ажилчдынхаа цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, аравдугаар сарын нэгнээс дахин 10 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдийнхээ орлогыг өсгөх бодлого баримтлан ажиллах болно.
2019 онд Эрдэнэт үйлдвэр ХХК маань ТӨҮГ болон статус нь өөрчлөгдсөн, бид бүхэн шинэчилсэн дүрмээр, онцгой дэглэмд амжилтаа ахиулж ажилласан, 2020 оны бизнес төлөвлөгөөгөө шинэ оны өмнө батлуулж, дараа жилийнхээ ажилд эртлэн шамдсан сайхан жил улирч байна. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Засгийн газар тусгайлан авч үзэж, 2019 оны зургаадугаар сард тогтоол гаргалаа. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан зэрэг нь 2019 онд онцлох чухал шийдвэр юм. Үндсэн чиглэл батлагдсанаар Эрдэнэт үйлдвэр тодорхой бодлоготой, зорилготой, жарнаар хэмжигдэх ирээдүйг харж ажиллах нөхцөл бүрдлээ.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг уурхайчдын баярын өмнө буюу 12 дугаар сарын 22-ны өдөр биелүүлж, 2020 оны ажилдаа ороод байна. Бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 936,5 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр 140 орчим сая төгрөгийн баялаг бүтээснийг энд тэмдэглэхэд таатай байна.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Энтрепренер-2019” шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч, 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.
2020 онд Эрдэнэт үйлдвэрт их бүтээн байгуулалт үргэлжилсээр байх болно. Бид хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улс орондоо баялаг бүтээгч Эрдэнэтийн уурхайчид бид өнөөдрийн амжилтаа ахиулахын төлөө, маргаашийн хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллах болно.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч ахмадууддаа, 6600 уурхайчин бүрт, тэдний гэр бүлд, хамтран ажилладаг түншүүддээ, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй 2020 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР /Sc.D/
Х.БАДАМСҮРЭН