Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өчигдөр гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

ХАА-г хөгжүүлэх ТИКА-гийн төсөл үргэлжилж байна

Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гаас манай улсад хэрэгжүүлэх “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.

Энэ үеэр ТИКА-гаас аймаг, орон нутаг дахь Мал эмнэлгийн газрын салбар нэгжүүдийн малын эмч нарт ажлын хувцас гардууллаа. 21 аймаг, 331 суманд ажиллаж буй 700 гаруй малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарыг өвлийн ажлын хувцсаар ханган нийлүүлэхэд ТИКА-гаас 51 мянган ам.доллар зарцуулж байна.

ХАА-н салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар бид ТИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэрээс тодруулбал, “Манай байгууллага Туркийн Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын ХАА-н салбарт 10-аад жил буцалтгүй тусламж үзүүлж байна. Төв суурин газар болон орон нутагт хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг хүлэмжтэй болгох төсөл хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуйг дэмжих үүднээс зоорь барьсан. Зөгийн балны сав баглаа, боодлын үйлдвэр барьсан. Ингэснээр хөдөө, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болоход туслаж байна” гэв.

Тэрээр, хоёр орны ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа одоо яамтай (ХХААХҮЯ) хамтран үхэр, хонины эрчимжсэн аж ахуй байгуулах, малын тэжээлийн үйлдвэр барих зэргээр өргөжиж байгааг хэллээ.

“Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлтэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал нар оролцож, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.28-11.01-ний өдрүүдэд нийт 1113 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 818-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 1 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

– 2019.10.31-ний өдрийн 07:40 цагийн орчимд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг “Салхит” гэх газар /Аймгийн төвөөс хойш 67км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 45 настай, эмэгтэй нас барсан.

– 2019.10.31-ний өдрийн 09:28 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын замд Honda insight автомашины жолооч Toyota Mark X маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 51 настай, эмэгтэй А нас барж, 2 хүн гэмтсэн

2019.10.28-ны өдрийн 03:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн нутаг “Сийрст” гэх газар /Сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Nord Benz автомашины жолооч, Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 111 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 75 хувиар, нас барсан хүний тоо 62.5 тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 25 хувиар өссөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн хуримтлалын өдөр” амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэн тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” нь “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хувьд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн Даатгалын Корпорац хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны дор арилжааны бүх банкуудтай хамтран тэмдэглэлээ.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд энэ өдрийг тохиолдуулан нийт иргэддээ зориулан “Хандлагаа өөрчилье, Хуримтлалаа өсгөе” гэх уриалгыг гаргаж сошиал сувгуудаараа дамжуулан иргэдийн санхүүгийн ойлголт, боловсролд хувь нэмэр оруулах нийтлэл болоод хуримтлалтай энхрий бяцхан үрсийнхээ дунд “Хандлагаа өөрчилье, Хуримтлалаа өсгөе” фото зургийн уралдааныг зарлаж, хуримтлалын үр шимийг сурталчилж, Дэлхийн хуримтлалын өдрийн арга хэмжээнд бяцхан иргэддээ хадгаламжийн тухай мэдээлэл хүргэн цагийг үр бүтээл, баяр хөөртэйгөөр өнгөрүүллээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш 140 гаруй улс орон ач холбогдол өгч тэмдэглэсээр ирсэн ба Монгол улсын хувьд 2012 оноос МБХолбооны санаачилгаар тэмдэглэж, 2017 оноос хойш арилжааны банкууд болон бусад байгууллагууд хамтран иргэн бүрийг өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй байлгах үүднээс энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Батсүхийн Ариунболд буюу Арго багш таалал төгсжээ

Олон орны хэл мэддэг, ард түмний гавьяат багш гэгддэг Батсүхийн Ариунболд буюу Арго багш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг төгссөн юм.

Монголын хэл шинжлэл, боловсролын салбарт 1984 оноос хойш ажиллахдаа Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали, Испани, Орос гэсэн есөн хэлний сурах бичгийг бүтээн туурвисан билээ.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурлыг хойшлуулав

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 09:30 минутад хийхээр товлосон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгаас “ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гаргажээ.

Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9-р зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж заасан тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан хэргээр саатуулагдаад, суллагджээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр 20 настай эмэгтэй ажилтны хонгонд гар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн тул орой 20:05 цагт Инчеоны олон улсын нисэх буудалд газардах үеэр нь Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулсан байна. Гэсэн ч тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа, мөн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасны үндсэн дээр сулласан байна.

Харин энэ хэргийн талаар ҮХЦ-ээс тодруулахад “Д.Одбаяр дарга Индонез улсад болох олон улсын бага хуралд оролцохоор явсан. Ингэхдээ Солонгосоор дамжсан. Д.Одбаяр дарга ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаагүй, баривчлагдаагүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүн хэдэн мянган дугаар эзэмших нь нээлттэй юм байна

БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсын нийслэлд нэг дор төвлөрч, цахим гэмт хэрэг өдүүлж байсан гэх дуулиан үргэлжилсээр байна.

Улаанбаатар хотын томоохонд тооцогддог зочид буудлуудаас хятад иргэдийг баривчлахад өндөр хүчин чадалтай 1,000 орчим компьютер, 10,000 орчим сим карт, гар утас хэрэглэж байсан байдаг.

Гадаадын иргэд нэг дор ийм олноор суурьшиж юу хийж байсан бэ гэх том асуултаас гадна тэдгээр иргэд манай улсын үүрэн холбооны оператор компанийн 10,000 сим картыг яаж авсан нь анхаарал татаж байгаа юм.

Бид үүрэн телефоны компаниуд дугаараа хэрхэн худалддаг талаар сурвалжиллаа.

2016 ОНД 650,000 ДУГААР БҮРТГЭЛГҮЙ БАЙЖЭЭ

Манай улсад үүрэн холбооны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр бол “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-Мобайл”. Үүрэн холбооны оператор компаниуд бүгд онлайнаар дугаар захиалах үйлчилгээтэй.

“Мобиком” гэхэд урьдчилсан төлбөрт дугаар 3,500 төгрөг. 1,000 нэгж дагалдах урамшуулалтай гэнэ. Дата дагалддаггүй. Харин “Скайтел” компанийн урьдчилсан төлбөрт дугаарыг 2,000 төгрөгөөр худалдаж авч болно. 60 хоногийн эрхтэй. 2020 он дуустал cap бүр 10 гигаватт дата бэлгэнд авах юм байна. “Юнител” гэхэд интернэтээр төлбөрөө төлөөд сим картаа үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.

“Жи-мобайл”-ын дугаарыг 5,000 төгрөгөөр худалдаалж байна. Харин дата ашигладаг дугаар нь 20,000 төгрөг гэж байна. Дугаар захиалаад худалдаж авахад бүгдээрээ овог, нэр, регистрийн дугаар шаардаж байна. Энэ нь шинээр хэрэгжиж эхэлсэн Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.

Тус хуулийн өөрчлөлтөөр дугаар худалдаж авахад дээрх мэдээллийг заавал авахыг хуульчилсан юм. Түүнээс өмнө хувийн мэдээллийг лавладаггүй байснаас бүртгэлгүй дугаар зах зээлд олон мянгаар гарах нөхцөл нэгэнт бий болчихсон байсан юм. Албаныхны мэдээллээр 2016 оноос өмнө зах зээлд бүртгэлгүй 650,000 дугаар байсан гэдэг. Харин хууль хэрэгжиж эхэлснээр дугааруудыг бүртгэлжүүлж, бүртгэлгүй дугаар эрс буурсан гэж байгаа юм.

Гэхдээ оператор компаниудын цахим хуудсаар дугаар захиалахдаа овог, нэр, регистрийн дугаараа зохиогоод хийчихэд шууд л дугаар захиалагдаж байлаа. Нэмээд хэдийг ч захиалж болохоор аж. Хуурамч мэдээлэл оруулаад мөнгө төлчихсөн байхад дугаараа очоод авчих боломжтой гэж харагдахаар байв.

1,000-ЫН ДУГААРУУД БҮРТГЭЛГҮЙ, НЭГ ХЭРЭГЛЭГЧ ХЭДЭН Ч ДУГААРТАЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Үүний дараа нэг хэрэглэгч олон дугаар авч болох талаар судаллаа. “Юнител” компанийн агент дээр явж очив. “Шинэ дугаар 5,000 төгрөг. Салбар дээрээс очиж авбал 3,000 болно. Хэд, хэдэн дугаар авч болно” гэж байна. Харин “Мобиком”-ын хувьд нэг хэрэглэгч хамгийн дээд тал нь таван дугаар авч болдог гэж байв.

Оператор компаниуд байсхийгээд л “Дугаар аваарай, ийм тийм урамшуулалтай, дата эрхтэй” гэсэн мессежийг хэрэглэгчид рүү илгээдэг.

Гудамж талбайд ч ширээ засан сууцгааж дугаар бөөндөж зарах тохиолдол хаа сайгүй бий, Бичиг баримт үзүүлэх шаардлагагүй, хэн дуртай нь хэдэн ч дугаар авч болдог том боломж энд бий. Монтел, Теди төвийн гадна гар утас худалдаалдаг наймаачид түүнийг “1,000-ын дугаар” гэж нэрлэдэг юм байна. “1,000-ын дугаар дээрээс очоод хэдийг ч авчихаж болно.

Нарантуул захын “Мангасын ам”-ны хажууд байнга сууж байдаг” гэх нэгэн байв. Түүнээс гадна цахим сүлжээнд дугаар зарах хар мянган зах харагддаг. Тэр бүхний ард бүртгэлгүй дугаарууд байдаг, нэг хүн нэр дээрээ хэдэн ч дугаар авч болдгийг, нэг ёсондоо дугаарын наймаа зах. хязгааргүй болсныг харуулж байгаа явдал.

Эцэст нь гадны томоохон цахим гэмт хэргийн бүлэглэлийн өгөөш болж, дугаарын зах замбараагүй наймаа задрав бололтой.

“БИЧИГ БАРИМТТАЙГАА ИРВЭЛ 100 ДУГААР ӨГЧ БОЛНО”

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хураагдсан 10,000 дугаар нэг оператор компанийнх байсан гэж мэдээлж эхэлсэн. Тодруулбал, “Жи-Мобайл” компанийн дугаар байсан гэх. “Жи-Мобайл” компанийн хувьд үндэсний оператор компани гэдгээрээ онцлогтой.

Манай сурвалжлах баг тус компани дээр явж очив. Тус компани “Жуулчин” гэх дугаар гаргажээ. Байгууллагын ажилтнууддаа дугаар авч өгөх нэрийдлээр хэрэглэгч нэг дор олон дугаар авч болох эсэхийг тодруулахад “Байгууллага хариуцсан салбар гэж байдаг. Тэнд очин гэрээ хийгээд авах боломжтой” хэмээн нэгэн дугаараар холбогдохыг хүсэв. Тус дугаар руу залгаж үзлээ.

-Нэг хэрэглэгч нэр дээрээ хэдэн дугаар авч болох вэ?

-Урьдчилсан төлбөрт дугаар бол нэр регистрээ бүртгүүлээд 100 орчмыг авч болно.

-Илүү олон дугаар авах боломж байна уу. Хаана хандаж болох вэ?

-Хувь хүнд 100-гаас илүүг гаргаж өгөх боломжгүй. Харин компани аж ахуйн нэгжтэй байгууллагатай гэрээ байгуулаад хэдэн ч дугаар гаргаж өгч болно. Хязгаар байхгүй. Гэрээ байгуулаад холбогдох бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд надтай холбогдоод авахад нээлттэй. Харин дараа төлбөрт дугаар таваас илүүг нэг хүнд олгох боломжгүй….. гэж байлаа.

Хэрэв компани холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд хэдэн ч мянган дугаар гаргаж авахад нээлттэй нь эндээс харагдаж байна. 99, 88, 98-тай дугаарууд ховор болсон нь үүнтэй ч холбоотой байж болох.

Д.СЭРЭЭДОРЖ: ТЭР ОЛОН ДУГААР ЯМАР Ч БҮРТГЭЛГҮЙ ГАРСАН БАЙХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Монгол Улсын хууль сахиулах, харилцаа холбоо гээд олон салбарт том дохио болж онцгой нөхцөл байдал үүсгэсэн эл хэрэгт албаны хүмүүс ямар тайлбар өгөх нь сонирхолтой. Ялангуяа 10,000 сим нэгхэн сарын дотор худалдаалагдаж, хууль зөрчигчдийн хэрэгсэл болсон асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Түүнчлэн нэг хэрэглэгч хэдэн дугаар эзэмшдэг, түүнийг яаж хянадаг, гадаадын иргэд яаж дугаар авдаг, үүрэн телефоны компани нэг дор олон мянган дугаар худалдаалах боломжтой эсэх гээд цаг үеийн асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдоржтой ярилцлаа.

-Манайд үүрэн телефоны операторуудад хэд орчим хэрэглэгч бүртгэлтэй байна вэ?

-Монголд өнөөдөр 38 мянган км шилэн кабель байдаг. Үүнд суурилаад суурин болон үүрэн операторууд интернетийн болон ярианы үйлчилгээнүүд явуулж байна. Өнөөдөр манайд 4 сая хоёр зуун мянган үүрэн хэрэглэгч байна.

Үүний 3.6 сая хэрэглэгч интернетэд холбогддог. Энэ бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар авсан тоон үзүүлэлт. Үүрэн телефонууд дээр дөрөв дэх үеийн хөгжил 4G технологи ашиглагдаад явж байна. Нэг сая хэрэглэгчтэй байгаа.

-Бүх дугаарууд бүртгэлтэй болсон уу?

-Сүүлд УИХ-аас “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг заавал регистрийн дугаараар бүртгэж дугаар олгоно” гэсэн заалтыг үйлчилгээ эрхлэгчийн үүрэг болгож өгсөн. Олон улсад бүх дугаарыг бүртгэлжүүлэх гэсэн шаардлага тавигдаж байгаа. Энэ шаардлагыг Монголд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2016 онд 650 мянган хэрэглэгчийн дугаар бүртгэлгүй байсан.

Харин өнөөдөр 4,000 орчим хэрэглэгчийн бүртгэл тодорхойгүй байгаа. Суурин болон үүрэн операторуудаас бид бүртгэлжүүлэхийг шахаж ажиллаж байгаа. Олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагын дагуу бид хүүхдийг цахим орчинд хамгаалах, терроризмтой тэмцэх чиглэлээр бүх дугаарыг бүртгэлжүүлээд ажлыг хийгээд дуусаж байна. Энэ он дуусахад бүртгэлгүй дугаарыг байхгүй болгохын төлөө бүх операторууд ажиллаж байна.

-Нэг хэрэглэгчийн нэр дээр хэдэн дугаар бүртгэлтэй байж болох вэ. Үүнийг хязгаарласан хуулийн заалт байна уу?

-Өнөөдөр нэг хэрэглэгч хэдэн ч операторын хэдэн ч дугаар хэрэглэж болно. Чөлөөтэй байгаа. Дугаарын хэрэглээг хязгаарлаагүй. Нэр дээрээ 100 дугаар бүртгүүлж авсан хэрэглэгч байна ч гэх асуудал тавигддаг. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагааны зориулалтаар ийм дугаарууд авдаг. Энэхүү дугааруудыг ямар албан тушаалтан ашигладаг болохыг бид нар бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.

-Гадаад иргэдэд дугаар ямар замаар олгодог вэ?

-Дугаар бол улсын онцгой нөөц. Гадаад иргэдэд өмч болгож эзэмшүүлдэггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо операторуудад 10 мянга, 100 мянга, хамгийн ихдээ нэг сая дугаарын багцыг гэрээ хийж олгодог. Үүнийг операторууд тус бүр хэрэглэгчтэй гэрээ хийж ашиглуулдаг. Мөн жуулчдад зориулагдсан түр дугаар гэж байдаг.

-БНХАУ-ын 800 иргэн нэг дор цуглаж 10,000 орчим сим карт ашиглаж байсныг ТЕГ болон цагдаагийн алба хаагчид баривчиллаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нэг хүн болон хэсэг бүлэг хүнд багцаар нь дугаар эзэмшүүлэх, гэрээ хийх бололцоо байхгүй. Ямар зориулалтаар, ямар үйлчилгээ авч байна гэдгийг хууль хүчний байгууллагынхан шалгаж байгаа гэж ойлгосон. Өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын хүрээнд 10 мянган дугаарыг нэг сарын дотор хэрэглэгчдэд бөөнөөр нь олгох боломжгүй.

-Олгох боломж, хуулийн цоорхой байдаг болоод л ийм байдал үүсэж байна даа?

-Хууль хүчний байгууллагын хүмүүс шалгаж тодорхой болгох байх. Тэр цагт манайхаас арга хэмжээ авч ажиллана. Тэр олон дугаар ямар ч бүртгэлгүйгээр гарсан байх үндэслэл байхгүй” гэлээ.

Б.ЭНХЗАЯА


Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 12.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 10 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 10 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Ерөнхий сайд Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулна.