Categories
мэдээ нийгэм

Нигери улсын иргэн Монголд хуурамч компани байгуулан залилан хийжээ

Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.50 цагт эхэллээ.

Шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ.

Тодруулбал, “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говь-сүмбэр, Дорноговь аймгийн сурагчдын төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг өнөөдөр “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааны оролцогчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уламжлалт өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, ардын авьяастнуудыг тодруулах, тэднийг дэмжих зорилготой дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг санаачлан, 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Говь-сүмбэр, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх хэлний боловсролын ач холбогдлыг таниулахаар “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааныг 2019 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулжээ. Уралдаанд нийт 130 сурагч оролцсон бөгөөд яруу найрагчид, багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид 40 бүтээлийг шалгаруулсан байна. Сурагчдын эдгээр бүтээлийг эмхэтгэн “Миний эх орон” ном болгон хэвлүүлснээ өнөөдөр танилцуулав. Г.Мөнхцэцэг гишүүн “Та бүгдийн сурагч насны гэгээн дурсамж, санаж сэдэх, сурах нэгэн учиг, аавж ээж, багш нартаа төдийгүй эх орондоо барих нэгэн нандин бэлэг байгаасай хэмээн хүсч шилдэг эссээнүүдийг эмхэтгэлээ” хэмээн хэлсэн.

Түүнчлэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай сурагчдыг уулзуулах арга хэмжээг Төрийн ордны номын санд зохион байгуулсан юм.

Уулзалтын төгсгөлд “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг шагналуудыг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв

Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ой болон Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Бангкок хотын “Шангри-Ла” зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.


Хүлээн авалтад Тайландын Үндэсний Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн дэд спикер Сучат Танчарён, Гадаад хэргийн сайдын зөвлөх Чайсири Анаман, Сенатын гишүүн Анусат Суванмонгкон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана зэрэг хүндэт зочдоос гадна Тайландын төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургууль болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид, Тайландад оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй зочин оролцов. Түүнчлэн, Бангкокт суугаа гадаадын орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Т. Төгсбилгүүн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Ази тивд бүгд найрамдах засаглалыг сонгосон анхны улсуудын нэг байсныг дурдаад улс төр,нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарч дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа саявтар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дурдав.


Мөн тэрээр цааш нь ярихдаа Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаанд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний олон айлчлал солилцож, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэхэд шинэ тутам байгуулагдсан Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байгаагаа Элчин сайд хэлсэн үгэндээ онцлов.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Г.Бямбажаргал тэргүүтэй язгуур урлагийн дуучин, хөгжимчин, бүжигчид уран бүтээлийнхээ дээжээс танилцуулав. Энэхүү урлагийн тоглолтыг Үндэсний агаарын тээврийн МИАТ компани ивээн тэтгэснээс гадна хүлээн авалтыг зохион байгуулахад Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Чандра Гозали, Тайландын Thai Beverage Public Company Limited, Siam Winery Co. Ltd зэрэг компани туслалцаа үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээвэр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад, тээсэн ачаа 2 сая тонноор, зорчигч 304.1 мянгаар өсжээ

Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 10 сард 23.0 сая тонн болоод байна. Зорчигчид давхардсан тоогоор 2.5 саяд хүрээд байна. Эдгээр дүнг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад, тээсэн ачаа 2 сая тонноор буюу 9.4 хувиар, зорчигч 304.1 мянгаар тус тус өсжээ.

Төмөр замаар тээсэн нийт ачааны 39 хувийг дотоодын ачаа, 36.1 хувийг экспортын, 10.8 хувийг импортын ачаа, 14.1 хувийг дамжин өнгөрсөн ачаа тус тус эзэлж байна. Үүнээс дамжин өнгөрсөн ачаа 0.8 пунктээр, экспортын ачаа 0.3 пунктээр тус тус өсөж, харин дотоодын ачаа 0.7, импортын ачаа 0.4 пунктээр буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.

Зарлигийг энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.

Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байж.

Энэ дагуу Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр, дараа нь “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.

Тууль хайлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, туульчид, тууль судлаачид байв.

ТУУЛЬ ХАЙЛАХЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн зочид,

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирсэн туульч, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасны дагуу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны цагаан морь өдөр “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайлах гэж байна.

Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг.

Эрт цагаас туулийг иргэний болоод төрийн ёслолын үед хайлдаг уламжлалтай байжээ. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно.

XX зууны дунд үеэс XXI зууны эхэн үе хүртэлх зурвас хугацаанд монгол туулийн амьд уламжлал тасрах эрсдэл тулгараад байсан юм. Үүнийг билиг оюунт ардын туульчид, үе дамжуулан өвлөн дэлгэрүүлснээр туулийн өв соёл мөхөх аюулыг гэтэлгэж чадсан байдаг.

Монгол туулийг өвөг дээдсийн цэцэн сургаал, билиг номлол хэмээн үзэж, ард түмний ой ухааныг аман дамжлага, цээж эрдмээр дамжуулан, өртөөлөн тээсээр өнөөдрийн бидэнд авчирсан туульчдадаа гүн талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол түмэн минь өв соёл, агуу түүхээ танин барьж, энхжин жаргах болтугай” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын Үндэсний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт хамтран ажиллахаар АЕГ-ын дарга С.Энхбаатар, Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Като Такэо нар 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотноо санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Олон улсын архивын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сейлис Антеа, мөн зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сангмин Лии, Япон улс болон Монголын архивын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт харилцан туршлага солилцох, хоёр орны түүх, соёлд холбогдох архивын баримт материалыг судлах, судлаачдад туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох зэрэг ажлыг хийнэ.

Талууд хамтран ажиллах талаар 6 жилийн өмнө анх санаачилга гарч, энэ онд бодитоор хэрэгжиж, архивын байгууллагууд хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа ноён Като Такэо илэрхийлж, санамж бичгээр харилцан тохиролцсон ажлууд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм байна.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид нэг долоо хоног амрахаар зохицуулжээ.

Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног амарна.

Categories
мэдээ нийгэм

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.29) хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв. Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм.

Энэ үүднээс олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

30 настай эрэгтэй өөрийгөө бууджээ

Өнгөрсөн шөнө Архангай аймагт 30 настай эрэгтэй өөрийгөө буудаж, амиа хорлосон хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр оройн 22:00 цагийн орчимд “Танихгүй эрэгтэй хүн өөрийгөө буудсан байна” гэх дуудлага аймгийн цагдаагийн хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийг шалгахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, 30 настай эрэгтэй ZKK-600 загварын галт зэвсгээр толгойдоо буудаж, амь насаа хохироосон болохыг тогтоосон аж. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Дашрамд дурдахад галт зэвсэгтэй буруу харьцсан, санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн хүний амь нас хохирсон хэрэг он гарсаар арав гаруй бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Урт нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгтийн отроор өвөлжиж байгаа малчдад анхаарал хандуулж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээг авах тухай асуултад Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Баруун аймагт өвөлжилт нэлээн хүнд байгаа. Улсын нөөцөөс хөрөнгө гаргаж, отор нүүдэл хийж байгаа аймагт. Малчдаа оторлож байгаа аймаг, сумын удирдлагуудад байнгын штаб байгуулж ажиллах үүрэг чиглэл гаргасан. Өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулж олгож байгаа. Малын хөлийн татвар авахгүйгээр зохицоод өвөлжихийг бүх аймагт үүрэг болгосон. Махны экспортыг авах газарт нь өгөх хэрэгтэй хэмээлээ.

Үүнд УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өвсийг үнэгүй болгоно гэнэ, тэжээлийг хямдруулж өгнө гэнэ. Энэ чинь яамтай холбоотой олгархиудын хийж байгаа ажил. Экспортод гаргах боломж бий байхад гарцыг нь гаргаж өгөөч гээд байгаа. Малчид өвс, тэжээлийг хямдруулж авахыг хүсээгүй. Эрээнд байгаа хятадууд Монголоос гурил, мах, махан бүтээгдэхүүнээ хэрэглэж байна хэмээн байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Байгаль хамгаалах асуудал орон нутгийн иргэдийн үндсэн асуудал. Тусгай хамгаалалттай газар гээд нутгийн иргэдээс салгаад байдаг. Нутгийн иргэд байгаль хамгаалах, түүний дагалдах баялгийг зохистой ашиглах тал дээр оролцож чаддаггүй. Орон нутгийн байгаль орчны захиргаатай хамтарч ажиллах тал дээр муу байдаг. Энэ асуудал орж байна уу. Орон нутагт орлого төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөлт хийгдэж байна уу?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Шат шатанд хүндрэл байгаа. Орон нутгийн удирдлагууд асуудал үүсгэдэг. Тухайн байгууллагатай хариуцлага тооцож чаддаггүй. Урт нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт хангалттай байгаа. Гэхдээ тухайн орон нутаг зарцуулах тал дээрээ муу байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.