Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1046 хүний амь насыг галын аюулаас авран хамгааллаа

DSC_1993-1024x678.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас 2019 оны эхний 11 сард улсын хэмжээнд гарсан ахуйн болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа.

Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд нийт 3908 удаагийн гал түймэр гарч, 9.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 55 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1583 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1046 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувь буурсан байна.

Нийслэл хотод нийт 2609 удаагийн гал түймэр гарч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1299 удаагийн гал түймэр гарч, 5.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

ХОЁР.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР:

Энэ хугацаанд 15700 байгууллага, аж ахуйн нэгж, 314537 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 72661 зөрчил дутагдал илрүүлэн, 36739 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5105 заавал биелүүлэх албан шаардлага, 4105 мэдэгдэл, 315 танилцуулга, 502 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 40 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 3077 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 1386 удаа явуулсан байна.

ГУРАВ. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР:

Ой, хээрийн гал түймэр 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 66 суманд 121 удаа гарч 50306,8 га ой, 261491,9 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид 23.7 тэр бум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хадгаламж өлсөхөөс эхэлнэ

Лектор Г.Мөнгөний зургаан дансны аргыг анх сонсоод ер итгээгүй. Зугаа цэнгэлийн данс, аяллын данс гэх мэтээр хөрсөнд буухааргүй зүйлс, нөгөө л ном борлуулдаг арга болов уу гэсэн бодлоор “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншиж эхлэв. Уг номоос хүмүүс мөнгийг зовж олдог ч зарахдаа нүд ирмэхийн зуур цацаж орхидог. Зарцуулалт нь ямар ч үр өгөөжгүй. Өнөөдөр цалин буулаа, орлого оллоо, маргааш нь халаас хоосон. Нөгөөдөр, түүний цаадах өдөр, ирээдүйд юу болох нь падгүй. Тэгээд мөнгөө дууссаны дараа хэн нэгнээс зээл гуйдаг. Банкнаас ч авах нь бий. Эцэст нь орлогоосоо хэтэрсэн өр зээлтэй, өдөр хоногийг “Мөнгө яаж олох вэ” гэсэн өлөн бодлоор угтаж байдаг. Үнэндээ энэ бол санхүүгийн сахилга баттай болохын дохио юм. Олсон мөнгөө зөв зарцуулах. Дээр нь хадгаламжтай болох ёстой. Заавал шүү. Хадгаламжтай залуус бидний дунд хэр олон бол. Өдрийн одноос ч цөөн гэхэд болно. Яагаад гэвэл бид хадгаламжийн үнэ цэнийг ойлгодоггүй.

Хадгаламж гэдэг нь бидний ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт. Гэхдээ бизнесийн санааг санхүүжүүлэгч, байрны зээл төлөгч, тавилга авах, машин авах зэргийн төлбөр биш гэж байна. Хадгаламж гэдэг 20, 30, 40 жилийн дараахь эрүүл мэндээ хамгаалах, ажиллах чадваргүй болсон үед амьдралаа сэтгэл хангалуун авч явах нэлээд урт хугацааны, тэгсэн хэрнээ жам ёсоор хүний амьдралд тулгардаг зовлон бэрхшээл, асуудлыг “Мөнгө цуглуулж байх минь яав даа”, “Мөнгөтэй байсан бол өдийд ингэхгүй байсан юм” хэмээн харамсахааргүй даван туулах баталгаа аж.

Үүний тулд олсон орлогынхоо 20-30 хувийг хадгаламжид хий гэж зохиогч зөвлөжээ. Өндөр хувь байгаа биз. Тэр тусмаа сайн гэжээ. Орлогоосоо хадгаламжид хийхэд мөнгө дутагдаж мэдэгдэхгүй байвал тэр бол хадгаламж биш гэж байна. Харин эсрэгээрээ “Яая” гэж дуу алдтал орлогынхоо өндөр хувийг хадгалж чадах нь жинхэнэ мөн чанар болдог аж. Сэтгэлийн хөөрлөөр банкинд нэг данс нээгээд хэдэн төгрөг хийчихээд сар ч хүрэхгүй амьдралын шаардлагаар гээд нөгөөх рүүгээ өнгийх нь олонтаа. Энэ үед тэсвэр тэвчээр зааж байж хадгаламжийн дансаа ангид тусгаарлах ёстойг зөвлөжээ. Мэдээж байн байн хадгаламж руугаа гүйхгүйн тулд үлдсэн орлогоо зөв зохион байгуулж, илүү хэрэглээгээ танаж амьдралын зөв хэвшилд шилжих нь хамгийн гол алхам гэж байна. Энэ удаад бас л тэсвэр тэвчээр, зорилго, тууштай зан чанар шаардагдах нь.

Угаас амьдралдаа сэтгэл хангалуун явъя, ирээдүйдээ баталгаатай амьдралыг бий болгоё гэж бодож л байгаа бол өнөөдөр өлсөж, ядарч, өөрийнхөө тэсвэр тэвчээрийн заагийг тогтоож түүндээ барихаас аргагүй. Зохиогчийн амьдралд яг л энэ жишээнүүд тохиолдож байсныг тэрээр энгийн өгүүлсэн байв. Тэрээр анх 100 гаруй кг жинтэй, өр зээлэнд баригдсан, олсон хэдэн төгрөгөөрөө өр зээлээ дараад ч хүрдэггүй, арга барахдаа банкнаас өндөр хүүтэй зээл авч жижиг зээлүүдээ дарах нэрээр бүр илүү санхүүгийн дарамтад орсон, ажил нь урагшгүй, олон жилийн турш түрээсийн байраар эхнэр, хүүхдээ дагуулж амьдарсан нэгэн байж. Яг л өнөөгийн залуусын дийлэнх төрх.

Харин тэр санхүүгийн сахилга батыг өөртөө бий болгож, хадгаламж харилцах гэсэн хоёр данс ажиллуулж, олсон орлого бүрийнхээ 20-30 хувийг шууд хадгаламж руугаа нүдээ анин шилжүүлдэг болж. Үлдсэн орлогоо амьдралдаа зүй зохистой зарцуулж, өөрөө фитнесст явж жингээ хаяхыг эрмэлзэн, эрүүл хооллолтыг сонгох болжээ. Нэгэнт эхлүүлсэн түүний зорилго үр дүнгээ өгч, 20-30 кг хасан, зах замбараагүй гадуур хооллолт, уулзалт зэргээс татгалзаж эрүүл нэгэн болж чаджээ. Түүгээр зогсохгүй хамгийн гайхамшигтай нь тэрээр жил хүрэхгүйн хугацаанд хуримтлуулсан хадгаламжаараа байрны урьдчилгаа хийн, олон жилийн түрээсийн байрны амьдралдаа цэг тавьснаа бахархан бичсэн байлаа. Үр дүнгээ өгсөн хоёр дансны аргаа улам өргөжүүлж, аялал, гэр бүлээрээ гадуур зугаалах, эхнэртэйгээ болзох зэрэг зугаа цэнгэлийн данс, ипотекийн зээлийн хуримтлалын данс зэрэг зургаан дансыг хөтөлж эхэлсэн байна. Нэгэнт тогтсон санхүүгийн сахилга бат амьдралд шаардлагатай олон зүйлд тусад нь данс нээн хуримтлал үүсгэх нь харин ч зөв алхам гэж номын төгсгөлд бодохоор аж.

Ямартаа ч эхний ээлжинд хадгаламжтай болъё, түүндээ хүрэхгүйгээр үлдсэн мөнгөө амьдралдаа зөв зарцуулдаг санхүүгийн сахилга баттай болъё.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өдөрт 3000 тн түлш үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр хангаж, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч суурилуулж, 248 зуухыг цахилгаан халаалттай болгосноор нийтдээ 78 мянга гаруй тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг халж чадсан. Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, галлагааны аюулгүй байдлыг хангах үүднээс олон нийтэд зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг давхардсан тоогоор 324.849 айл өрхөд хүргээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн айл өрхүүдэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор утаа мэдрэгч нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий 1000 тонноос доошгүй багтаамжтай таван агуулах барьж ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг 16 бүсэд хувааж, тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, өдөрт 1300-1700 тонн сайжруулсан шахмал түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж байна” хэмээн Ж.Батбаясгалан орлогч мэдээлэлдээ онцолсон юм.

Нийслэл хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийн 2019 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг 2018 оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцрын хэмжээ 55 хувиар, PM10 тоосонцор 38 хувиар тус тус бага байгаа бөгөөд түүхий нүүрсийг халснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилттой ажиллаж буй. Цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлж, цөөнгүй асуулт асуулаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцийн талаар сонирхсон төлөөлөгчдийн асуултад нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек “Одоогийн байдлаар “Таван толгой түлш” компани өдөрт 1800-2000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд үүнийг 3000 тонн болгож нэмэгдүүлэх юм. Өдгөө 142 мянга гаруй тонн түлш борлуулаад байна. Бид анх тооцоолохдоо арванхоёрдугаар сарын 31 хүртэл 461 мянган тонн түлш шаардлагатай гэж үзэж байсан. Гэхдээ одоогийн бодит хэрэглээнээс харахад хоёр дахин бага буюу 240-250 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэхээр тооцоо гараад байна. Тиймээс одоогийн хүчин чадлаараа сайжруулсан түлшний хэрэгцээг хангалттай хангах боломжтой” хэмээн хариулав. Улаанбаатарчуудын хувьд байнгын “толгойны өвчин” болсоор ирсэн утааны асуудлыг нэг мөр шийдэхийн тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш рүү анхаарах бус, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцаар хангах, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээг түлхүү нэвтрүүлэх гэх мэт өөр гарц шийдэл, боломжуудыг эрэлхийлэх шаардлагатайг хэд хэдэн төлөөлөгч хэлж байсан юм.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт байгаа нь сайн хэрэг боловч хөнгөлөлт үйлчлэх хугацааг нь уртасгах саналыг иргэд тавьж буйг зарим төлөөлөгч асууж байв. Үүнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Цахилгааны шөнийн тарифыг нийслэл хот дангаараа бие даан шийдэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс шөнийн цахилгааны тариф үйлчлэх цагийг уртасгах, мөн хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх саналаа холбогдох яам, агентлагт хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор 23 тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирээд байгаа. Одоогоор 23 тэрбум төгрөгийн тал хувийг нь шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 100 хувь цахилгаан хэрэглэх бололцоотой 42 мянган айл өрхийг цахилгааны гачигдалгүй болгоод байна” хэмээн хариуллаа.

Мөн энэ асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Урьд нь цахилгааны шөнийн тариф оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилдэг байсныг одоо шөнийн цагаар айл өрхүүдийн 220 кВт цахилгааныг 700 кВт хүртэл 100 хувь чөлөөлсөн. 380 кВт цахилгааныг 1500 кВт хүртэл үнэ төлбөргүй болгоод зогсохгүй, илүү гарсан төлбөрийг нь 50 хувиар хөнгөлөх болсон нь хэдэн цагаар сунгаснаас ч илүү иргэдэд үр өгөөжтэй байгаа юм. Цаашид хамрах хүрээг нь нэмэгдүүлэхээр санал гараад явж байгаа” хэмээн тайлбар өгсөн юм.

Сайжруулсан түлшний тээвэрлэлт саатаж байна, борлуулалт хийгдэхгүй байна гэдэг гомдол мэр сэр гарч байгаа нь ямар учиртай болохыг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүх тайлбарлахдаа “Өнөөдрийн байдлаар борлуулалтын 365 цэгт 200 машин өдөрт 2000 гаруй тонн түлш тээвэрлэн түгээж байгаа. Эдгээр 365 борлуулалтын цэг бүр 2 сая төгрөгийн барьцаа төлөөд, түлшээ худалдан борлуулж байгаа. Гэвч өнөөдөр 60 хүртэлх сая төгрөгийн өр үүсээд явж байгаа борлуулалтын цэг ч бий. Тиймээс өр төлбөрийн асуудал л байгаа болохоос биш тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээгүй” гэв.

7 хоногт 6 шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгаа тул цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдэд түлшийг нь хүртээмжтэй олгох, нөөцийг хангалттай хэмжээнд хүртэл бүрдүүлэх, түгээлтийг саадгүй хүргэх тал дээр холбогдох газрууд тус бүртээ анхаарахыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэмдэглэлээр үүрэг болголоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: Хонконгийн хэрэг явдал Хятадын энгийн ч нэг “шүдний өвчин” биш боллоо

– ХУДАЛДААНЫ МАРГААН
МӨДДӨӨ ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ –

Хонконгд өрнөөд байгаа асуудлаар Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Хонконгд өрнөж буй үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж хэрэг энэ бол урд хөршийн маань дотоод асуудал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий утгаар нь аваад үзвэл өнөөгийн даяарчлагдаж буй дэлхийн улс орнуудад байж л байдаг эрх баригч болон олон нийтийн хоорондын үл ойлголцол гэж болмоор санагддаг юм. Түүх болон учир шалтгаан талаасаа тайлбарлавал харин онцлог талуудыг нь нэрлэж болох байх. Бидний хөрш БНХАУ-ын хувьд газар нутаг болон бусад бүхий л талаараа “их гүрэн” учраас улс орны өнцөг булан бүр нь өөр өөрийн онцлогтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, үзэл суртлын хувьд Хятад дотроос хамгийн төсөөтэй гэж хэлж болох Тайванийн асуудлаас гэхэд л шал өөр шүү дээ. Ерөнхий зургаар нь Хонконгийн хэрэг явдлыг шинжээчид эхэн үед нь Хятадын “шүдний өвчин” гэж нэрлэж байсан. Харин одоо энгийн ч “шүдний өвчин” бус, эмзэг сэдэв талаасаа “хүндэрсэн өвчин” гэж нэрлэж болохоор болчихлоо. Хагас жил гэдэг богино хугацаа биш, асуудал нь л жижиг биш байсныг харуулж байна. Хятадын засаг захиргаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний уян хатан буулт хийсээр ирлээ. Хонконгийн иргэд, сонгогчид ч асуудлыг шийдвэрлэхийн төлөө нягтарч чадаж байгааг өнгөрсөн долоо хоногийн орон нутгийн сонгуулийн ирц, үр дүн харууллаа. Хэдийгээр өмнөхөөсөө эрс тэс үр дүн үзүүлсэн ч гэлээ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломж нээлттэй хэвээр байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай”, мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Үүний үр дүн хэрхэн гарах бол, та юу гэж харж байна вэ?

-Шууд үр дүн үзүүлээд эхэлнэ гэж хэлэхэд эрт байна. Өмнө хэлсэн нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэдэг талаасаа шууд зөвтгөхөд учир дутагдалтай санагддаг. Гэхдээ дэлхийн бүс нутаг, улс орнууд дахь ардчиллын үзэл санаа, хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгчийн байр сууринаас нь харвал АНУ-ын хувьд шинэ зүйл биш л дээ. Зөвхөн Хонконгтой хийдэг худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй байдаг учраас АНУ-ын хувьд шууд гэж болохоор эрх ашигт нь хохиролтой л байгаа. Тэр хориглосон гээд байгаа тоног хэрэгслийг чинь Хятад улс өөрсдөө ч хийдэг гэх юм билээ. Хамгийн гол нь сүүлийн хоёр жилийн турш шийдэгдэлгүй сунжраад байгаа “Худалдааны маргаан”-ы тодорхойгүй байдал л эмзэг сэдэв байх. Буруу шийдвэр гаргах нь шийдвэр гаргалгүй тодорхойгүй байдалд байхаас дээр гэдэг. Үүн шиг маргааны сэдэв болсон тариф хэд байхдаа биш шийдвэр гаргахдаа л гол ач холбогдол нь байгаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан. Одоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол?

-Бүрэн эрхт улсын хувьд өөрсдийнхөө хууль, дүрмийн хүрээндээ шийдвэрлээд явах биз дээ. Мэдээж хүний эрхийн үндсэн суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд зөвхөн нэг орон гэлгүй хамтын нийгэмлэгийн дуу хоолой харин хэрэгтэй байж болно. Хятад улсын албан ёсны байр суурь өмнөхөөсөө огцом өөрчлөгдөөд байхгүй л дээ.

-Хятадыг хүчирхэг гүрэн боллоо гэлцдэг. Энэ үйл явдлаас харахад АНУ-ын нөлөөлөл илүү том байгаа юм биш үү?

-Таны асуултын аль аль нь л үнэн. Өнөөгийн дэлхийн эдийн засагт эзэлж байгаа байр суурь, цар хүрээнээс нь авч үзвэл Хятад бол жирийн нэгэн хөгжиж буй орон биш. Засгийн газраас нь албан ёсоор хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд л гэхэд бүс нутагтаа төдийгүй цаашлаад бусад эх газруудад хийж байгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзсэн ч их гүрнүүд л энэ хэмжээнд хөдөлдөг. Ярилцлагынхаа далимд нэг жижигхэн зүйлийг сонирхуулъя. Хятад хэл дээрх энэхүү санаачилгын англи орчуулгыг “Бүс ба зам” гэж орчуулж, бид тэр хэллэгийг нь дам аваад байгаа нь учир дутагдалтай санагддаг юм. Хятадаар нэг гэж тухайлан зааж хэлээд байгааг англи хэлний ганц тоо заасан “a” угтвартай хольж “Бүс ба зам” гэж орчуулах нь цаад утга агуулгыг алдагдуулсан гэж боддог юм. Тиймээс үндсэн санааг нь хүндэтгэх үүднээс бид монгол хэлээр “Нэг бүс нэг зам” гэж хэвшүүлэх нь зүйтэй мэт.

Таны асуултын хувьд АНУ-ын өнгөрсөн зуунаас хойш олон улсын тавцанд эзэлсээр байгаа хүчирхэг гүрний байр суурь цаашдаа ч хадгалагдах нь ойлгомжтой. Нэг л жишээ татъя. Зөвхөн цэрэг, аюулгүй байдалдаа зарцуулж буй зардал нь дараагийнхаа есөн улсын гаргадаг зардлын нийлбэрээс илүү байдаг их гүрэн шүү дээ. Гэхдээ асуудлыг хүчээр шийдвэрлэх гэх нь дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байр суурьтай зөрөлдөнө байх. Тиймээс шууд хөндлөнгөөс оролцож байна гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн болон бусад замаар дарамт, шахалт үзүүлж зөрчилдөөнийг хүчирхийлэлгүй шийдвэрлэхэд нэмэр болно.

-Хятадын зүгээс одоо ямар арга хэмжээ авах бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Ямартаа ч хүчирхийллээр асуудлыг шийдвэрлэхгүй байх л гэж найдаж байна. Олон мянганы төрт ёсны түүхтэй улс энэ зэргийн асуудлаа шийдвэрлээд цааш явах нь ч ойлгомжтой. Хамгийн тодорхой зүйл гэвэл дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байсаар байгаа худалдааны маргаан мөддөө шийдэгдэхгүй нь дээ. Өнөөдрийн Хонконгийн зөрчилдөөнийг бидний ярьдагчлан “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” шийдэх гарц байж л таараа.

Хятадын засаг захиргаанд Хонконгийн хэрэг явдлаас илүүтэйгээр анхаарал хандуулах асуудал чамгүй олон бий. Тиймээс асуудлыг хурцатгаж дэврээлгүй шийдвэрлэх дорнын ард түмний уран арга байж л байгаа. Миний ойлгож байгаагаар Хонконг иргэдийн тэмцлийн цаад утга учир тусгаар тогтнол ч юм уу, салан тусгаарлах хүсэл эрмэлзэл биш байх. Тиймээс албан ёсоор дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг “Нэг Хятад” бодлого цаашид ч гуйвалтгүй үргэлжлэх нь эргэлзээгүй.


Categories
мэдээ цаг-үе

Угтаалын САА-н Намхай

-ЭГЭЛ ХҮНИЙ ХӨРӨГ-

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг ойг тохиолдуулан Угтаалын САА (Төв аймгийн Угтаалцайдам)гаас ажил амьдралын гараагаа эхэлж Монголын газар тариалангийн салбарт өөрийн гэх хувь нэмрийг оруулж ирсэн эгэл жирийн эрхмийн тухай өгүүлье. Түүнийг Халзангийн Намхай гэнэ. Гэвчиг овгоороо дуудуулахаасаа Угтаалын САА-гаар овоглон атар газар, тариан талбайгаас ажлын амт, амьдралын сайн сайхныг мэдэрсэн нэгэн. Өдгөө 70 насны даваан дээр зогсож буй дөмөгхөн эр өнөө л трактораасаа, атар газар, ургацын далай, эх орныхоо шимт хөрснөөс сэтгэлээ салгаагүй явна. “Ажиллах, ажиллах” энэхүү ид шидийн үгэнд л хүмүүний амьдралын мөн чанар оршино. Би бол 70 нас хүртлээ нэгээхэн хором ч зүгээр сууж чадаагүй. Хөл гар минь хөдөлж байгаа цагт ажилласаар, амьд явахын сайхныг мэдэрсээр байх болно гэж тэрээр уулзсан даруйд жигтэйхэн сургаал айлдсан. “Ажиллах” гэдэг энэ үг Намхай ахын амьдралын философи үнэндээ мөн юм билээ. Түүний төрсөн нутаг Завхан аймгийн Отгон сум. Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан, Очирваанийн авшиг ерөөл оршсон газар.

Тэртээ жаран дөрвөн онд суманд нь өөртэй нь нэр ижил Балжиннямын Намхай гэдэг дарга социалист хөдөлмөрийн төлөө бригад гээчийг байгуулжээ. Арван таван настай хүү тус бригадад гишүүнээр орж үүрэг амлалтууд авсан байна. Малын хороо барих, ус түлээ бэлтгэх хөдөлмөрөөс гадна төчнөөн ном зохиол уншиж өөрийгөө боловсруулах гавшгайч амлалтууд өгсөн аж. Түүнийгээ жил бүр давуулан биелүүлж тус бригадын гавшгайчийн энгэрийн тэмдгийг гурван жил дараалан зүүжээ. Ингэж арав гаруйхан наснаасаа ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, аливаад үүрэг амлалт, хариуцлага гэж чухам юу болохыг сайтар ухамсарласан нь амьдралын туршид мөрдлөг болгосон нь тэр. 19691972 оны хооронд Улаанбаатар хотын 016 дугаар нэгтгэлд гурван жил цэргийн алба хааж, ахлах түрүүч цолтой гялалзсан залуу нутагтаа очиход нэгдлийн даргын алба хашиж байсан хөдөлмөрийн баатар Адъшаажав гуай “хоршооны нярав” болгоно гэж л дээ. Харин ойр орчмын хүмүүс “Худалдаа бэлтгэлийн анги руу орж болохгүй, няравын ажил хэцүү” гээд хавьтуулаагүй гэнэ. Өмнө нь нярав байсан хүмүүс идэж уусан, эсэн бусын асуудлаар орон шоронгийн хаалга ч татаж байсан гэх. Хөдөлмөрийн баатрын саналыг авалгүй, ерөөсөө л хот хүрээ бараадъя, мэргэжилтэй болъё, тэгэхэд учир нь олдоно гэж бодоод нутгаасаа явах гэтэл явуулсангүй гэнэ. Хууль журам тийм байсан хойно. Ингээд мань аварга тууврын мал аваад авга ахтайгаа, хүүгийнх нь хамт гурвуул хот руу гарчээ. Нутгаасаа ийн гараад буцаж очоогүй юм билээ. Улаанбаатараас Угтаалын СААд очсон түүх нь хөвөрдөг. Гэхдээ бас сонин сайхан хувь заяа түүнийг хөтөлсөн байдаг юм. Малаа тушаачихаад аавынхаа хүргэн дүү Агваанжамба гэж хүндэт төмөр замчныд очжээ. Ажил албатай болох тухайгаа ярьсан нь мэдээж. Агваанжамба ах нь “Чи цэргийн албыг нэр төртэй сайхан хаасан. Танайд улс төрийн орлогч байсан Өлзийбатыг чи сайн мэднэ. Түүн дээрээ яваад очиход нэг юмны үзүүрээс атгаж мэдэх юм” гэж хэлжээ. Ингээд ганц хонины мах ганзагалаад Өлзийбат дарга дээр очсон байна. Цэргийн улс төрийн орлогч тэр хүн Угтаалын СААн намын хорооны даргаар ажиллаж буй өөрийн төрсөн дүү Жанцангийн Мөнхтогоод захиа бичиж явуулав. Ингэж Намхай далан гурван оны намар тууврын мал тууж Завханаас ирсэн морьтойгоо Угтаалын СААг замын хүнээр заалгаад, өвөртөө захиатай очсон. Эл түүхээ яриад өөрийн эрхгүй уйлж байна лээ. Шар хадны цаахна Улиастай дахь гэрт нь очиход “Би сая Мөнхтогоо даргадаа ургацын далайнхаа дээжээс хүргэж өгөөд ирлээ” гээд баяртай нь аргагүй угтсан. Өөрийг нь ажил амьдралтай золгуулсан хүний ачийг огтоос мартдаггүй юм байна гэх бодол тэр даруйд төрсөн сөн. Намхай ахын Угтаалын атрын талбайд өнгөрүүлсэн он жилүүдийнх нь дурдатгал ийнхүү эхэлж байна.

Тэр тухай бид хоёр үнэндээ өдрийн туршид ярьсан. “Мөнхтогоо өмнө нь Төв аймгийн шүүхийн дарга байсан хүн. Намайг СААд очиход эхлээд трактор комбайны курст суулгаж өглөө. Увсын Равдангийн Гомбо гэж механикжуулагч хүн курсийн багш. 16 хүүхэд курст сурч байсан. Хорь гаруй настай, цэргийн алба хаасан би хамгийн том нь. Ямар сайндаа Гомбо багш намайг ахлагч нь болгож байхав. САА-н дарга нь хөдөлмөрийн баатар Батчулуун гэж Баянхонгорын Хүрээмаралын хүн. Тэгсэн намайг бригадын дарга бол гэдэг юм. Тариа будаа гэдгийг мэдэхгүй, трактор комбайн гэж мэдэхгүй, ерөөсөө малнаас өөр юм мэдэхгүй би гэдэг хүн балмагдалгүй хаачихав. Шуудхан чадахгүй гэдгээ хэллээ. Өөдөөс “Мэргэжил олох, үнэмлэхтэй байх гэдэг яах вэ. Түүндээ мэргэшинэ гэж юм байдаг. Надад сайн тракторын жолооч олон байна. Харин сайн бригадын дарга хэрэгтэй байна. Чи л чадна” гэж зүтгүүлээд дарга болгоод авсан” хэмээн мань аварга өгүүллээ. Үр тарианы хоёрдугаар тасгийн тавдугаар бригадын дарга болжээ. Хөдөлмөрийн баатар Алтанхүүгийн бригад. Өмнө нь гурван ч удаа улсын аварга болчихсон, ажил үйлсээрээ мандаж байсан хамт олон. Тухайн бригад 18 трактор, комбайны жолоочтой. Түүнээс 11 нь улсын аварга гэж байгаа. Ийм л нэр төртэй олныг хариуцаж алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй. Далан дөрвөн онд бригад нь улсын дөрөв дэх удаагийн аварга болж Сайд нарын зөвлөл, намын төв хороо, үйлдвэрчний зөвлөл, эвлэлийн төв хороо гэсэн дөрвөн байгууллагын алтан пайлууртай шагналын мотоциклийг даргын хувьд унаж явснаа дуулгасан. “Би бол дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн. Гэхдээ миний эзэмшсэн энэ боловсрол миний амьдралд хүрэлцээтэй байсан. Надад амьдралаа аваад явах тийм хэмжээний боловсролыг эзэмшүүлсэн Нарангийн Сосор гэж гавьяат багшдаа баярладаг”аа илэрхийлсэн юм.

“Тэр үед дан гинжтэй трактортой, дугуйтай трактор гэж байсангүй. Хаврын салхи шуургыг ч хэлэх үү, шороо гэдэг чинь харанхуй манан. Тэртээх уулын бараа харагдахгүй. Энэ л шороон манан дунд би амьдралаа босгосон. Тракторын жолооч гэж ямар хүн байдаг, яаж ажилладаг, ямар хүн нь баатар болдог тэр бүгдийг ойлголгүй яахав. Далан таван онд өндөр ургац авлаа. Намар нь Батчулуун дарга САА-г хоёр хуваана гэв. Хойд талын Залуучуудыг өөрөө авч, урд талын СААд өөр дарга тавина гэлээ. 40 шинэ комбайн Оросоос ирж, орос жолоочтой тариа хураалтанд оролцлоо. Яг энэ үед Бачулуун даргад “тракторын жолооч болъё” гэдгээ хэлсэн” гэв. Далан таван оноос өөрийнх нь хэлснээр “гүйдэг нярав” буюу даргын ажлаа больж Угтаалын СААг тартал трактор комбайны жолоочоор ажилласан. Энэ хугацаанд найман удаа улсын аваргын болзлыг хангасан гэнэ. Тэгэхдээ 1974 оноос хойш улсын аваргыг өгөөгүй юм билээ. Ургац хураалтын эхний 15 хоногт жилийнхээ нормыг хийчихсэн хүнд улсын аварга өгдөг тийм жишигтэй байж. Намхайг очиход 18 жолоочоос 11 нь аварга байсан гэдэг нь тийм учиртай. 19741989 он хүртэлх 15 жилийн найман жилд нь улсын аваргын болзлыг хангасан гэж хэлсэн бас л ийм учиртай. Эл эрхэмд найман гавшгайчийн тэмдэг хадгалагдаж байна. Таван жилээр, гурван жилээр өгдөг эдгээр гавшгайчийн тэмдгээс Угтаалын СААн шорооны үнэр, залуу идэр Намхайн хөлсний үнэр амтагдах шиг болсон. “Гурван жилийн гавшгайч болчихоод дараа нь 10 жилийн гавшгайч болно” гэж аархсан удаатай. “Би бол Угтаалын СААд хийдгээ хийж авдгаа авсан” гэж сэтгэл хангалуун хэлсэн юм. Гэлээ чиг түүний энгэрт төрийн одон медалийн бараа харагдахгүй байгаа нь хачирхмаар. Тэр жил атарчдын баяраар Төв хорооны нарийн бичгийн дарга Бугын Дэжид гуай ирж мань хүнд ойн медаль гардуулж байсан түүх бий.

Намхай ах өөрийнхөө алдар замналыг дурсахаас гадна дүүгийнхээ Монголын газар тариаланд оруулсан бахдам гавьяаг нь хэлэх дуртай. Түүний төрсөн дүү Халзангийн Жамъяндорж Угтаалын СААн нэрийн хуудас нь болсон гавьяатай нэгэн. Сангийн аж ахуйн ажил ид гаарч, атрын аян улс орон даяар ид өрнөж байх цагт ах дүү хоёр халуун залуу насаа Угтаалын тариан талбайн хавар, намарт зориулж ирсэн нь үнэн. Ажил хөдөлмөр, амжилтаараа бусдыгаа манлайлан, хойно урдаа орж ёстой л нэг дийлж, мандаж явсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ, гэрчилнэ. Жамъяндорж нь мөн л улсын аваргын болзлыг хэдэнтээ хангасан аймгийн хошой аварга. Омскт хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөж ирсэн жинхэнэ мэргэжилтэн. 1999 онд одоогоос яг хорин жилийн өмнө Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор гавьяат механикжуулагчид нэр дэвшин намар ургацын баяраар гавьяатаа авна гэж байхад зун нь 45хан насандаа бурхны оронд оджээ. Ийм харуусалт явдлыг ах нь уйлан хайлан хэлсэн.

Ажил хөдөлмөрийнхөө шимээр Чехийн алтан Прагад хүртэл хөл тавьж явсан Намхай ах 1993-1999 он хүртэл Угтаалын ШТС-д түгээгчээр ажилласан удаатай. Үргэлжид шатахууны алдагдалтай гардаг колонкийн алдагдлыг арилгахын төлөө махран зүтгэснийг нь Нефть баазын дарга Батболд үнэлж аймгийн байгууллагын аварга болгож байсан гэнэ. Батболд сүүлд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Угтаалын СААд ийн манаргаж явсан эр ерэн есөн онд Бааст даргаасаа цохолтоор авсан шар алаг трактортоо хоёр чиргүүл залгаж зүүгээд Улаанбаатарт нүүгээд иржээ. САА-н өндөр цалинтай, хамт олонтой, найз нөхөдтэй даргиж явсан хүн их хотод хөлөө олох гэж, байр сууцаа олох гэж хэрдээ л зүдэрсэн байна. “Манайх гэдэг айл усны хорин төгрөггүй хүртэл болж үзсэн” гэж үнэнээ хэлнэ билээ. Гэхдээ мань хүн өвдөг сөхрөөгүй, хөдөлмөрлөхийн их хүч цээжинд нь оволзсон хэвээр. “Трактор минь асаалттай байхад хоосон хонох учиргүй” гэж сэтгэл дүүрнэ. Сандлын тавцангаар хүрз маягийн юм хийлгээд модны захаас хоёр хүүгээрээ үртэс ачуулж айлуудад тараах, Налайх давхин нүүрс авчирч хүүхдүүдээрээ шуудайлуулж зарах гээд огтоос зүгээр суусангүй. 200 тарваганы арьс тушаах гэрээ хүртэл хийгээд трактортойгоо Эмээлтийг давж байсан. Ингэж зүтгэж яваад хүүхдүүдээ бүгдийг нь их, дээд сургууль төгсгөж боловсрол, мэргэжилтэй болгожээ. Тухайлбал, том хүү Бямбацэрэн нь СУИС-ийг, дараагийн хүү Баттөмөр барилгын сургууль, Очирбат ШУТИС, охин Нямгэрэл мөн л Техникийн их сургуул төгссөн байна. Бага охин Тогтохням нь одоо “Голомт” банкинд ажиллаж байна. Хүүхдүүдээ сургууль соёлтой болгож, гэр бараатай болгож, Шар хаданд газар аваад байшин барьж зүтгэж явахдаа ажлын ачаалал хэтэрснээс даралт харважээ.

“Хөл доголсноос сэтгэл доголсон биш” гэдэг шиг хүний гарт орлоо хэмээн бодсонгүй. Суга таягтай, нэг тал нь бараг мэдээгүй болчихсон хүн өнөө муу трактортойгоо ноцолдсон байна. Хичнээн өдөр хоногийн оролдлого байсан юм бүү мэд, нэг л өдөр трактороо асаахтайгаа болсон аж. Цэл залуу хориодхон насандаа ирж цэргийн албыг хаасан нийслэл хотын баруун хязгаар Улиастайн голд цэргүүдийн нэрлэснээр “Зовлонт хайрхан”ыхаа хаяанд бууриа тамгалах хувьтай байж шүү. Шар хадны хашаа байшингаа хүүдээ өгчихөөд Улиастайн голоо бараадсан нь тэр. “Манайх энд ирээд 20 жил болчихжээ” гэж Намхай ахын хөгшин Сосорбурам эгч хэлсэн. Хоёр хөгшин Улиастайн голын хаяа, уулын аманд сайхан гэгч байшин бариад, шимт хөрстэй газарт нь төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, хүлэмжийн аж ахуй эрхлээд ёстой нэг жаргалаа эдэлж сууна. Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн. Ажлыг шүтсэн хүнийг хувь заяа нь хөтөлдөг гэж бас л үнэн. “Намрын намарт ургацаа хурааж хүүхдүүддээ тарааж өгнө, ач буян санаж явдаг хүмүүстээ өгнө. Илүү гарсныг нь зах зээлд гаргана. Хөгшин бид хоёр насаараа л газрынхаа шимээр амьдарч явна” гэж гэрийн эзэгтэй хэлсэн нь чухам чин сэтгэлийн үг мөн байлаа. Ийм л эгэл даруу, ажил хөдөлмөрийг гол шугамаа болгосон хүний тухай хөрөглөн бичлээ. Атрын 20, 30, 40 жилийн ойг өөрийн биеэр үзэж үүх түүхийг хөрс шороотой нь, алтран шаргалтах тариан түрүүтэй нь мэдэрч ирсэн эрхэм бол Угтаалын САА-гаараа овоглосон Халзангийн Намхай мөн билээ. Тэртээ наян долоон онд төрийн шагналт найрагч Зундуйн Дорж түүнд “Утга зохиол” сонины “Хүндэт жуух”ыг гардуулсан байдаг. Учир юу вэ гэвэл олончиг зохиолч, сэтгүүлчдийн атар газрын тухай бичихэд эх дүр нь болж мөнхөрсөн баатруудын нэг бол Намхай юм.


Categories
мэдээ нийгэм

Төрсөн хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт 2 жил хорих ял оноожээ

Иргэн З төрсөн хүүгээ “Хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсэний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны тавдугаар давхрын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг 2018 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулсаар байна. Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүүхдийн эсрэгхүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатай байна хэмээн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Нүдний шил бол хувцас юм

ХАМГИЙН АНХНЫ НҮДНИЙ ШИЛИЙГ ХЭН ЗОХИОСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ

Нүдний шил нь хүний алдагдсан эрүүл мэндийг орлох буюу хараа сайжруулах, тогтоох үүрэгтэйгээр анх зохиогдсон боловч одоо үед хүмүүс гангараа, хамгаалах хэрэгсэл зэргээр ч мөн ашигладаг болжээ. Хамгийн анхны нүдний шилийг хэн, хэзээ зохион бүтээсэн нь өнөөг хүртэл маргаантай байдаг юм байна. МЭ I зуунд амьдарч байсан Ромын эзэн хааны багш Сенекагийн гар бичмэлд “Үсэгнүүд нь жижиг бас бүдэгхэн учраас шилэн бөмбөлөг юм уу усаар дүүргэсэн шилний тусламжтайгаар уншиж байна” гэсэн мөр байдаг. Мөн энэ үед Неро (МЭ 54-68 онд Ромыг хаанчилж байсан) мэсчин боолуудын тэмцээнийг маргадаар хийсэн томруулдаг шилээр үздэг байсан гэх түүхэн баримт бий. Хамгийн эртний нүдний шилийг лам нар болон эрдэмтэд зүүдэг байжээ. 1284 онд Сальвино дө Армате гэгч хүн Италид анхны нүдний шилийг зохион бүтээсэн гэдэг ч түүхчид энэ баримтыг худлаа хэмээн хожим зарласан байна. Гэсэн хэдий ч 1301 онд Италийн Венецэд нүдний шил зарж борлуулах журам гаргаж байсан гэх баримт байдаг юм байна. 1300 оноос өмнө томруулдаг шилийг өргөнөөр хэрэглэдэг байсан ба үүнийгээ болороор хийдэг байсан аж. Уламжлалт нүдний шилний линзийг шилээр хийдэг байсан боловч хамгийн анхны загварыг beryl буюу биндэръяа чулуугаар хийж байжээ. Герман хэлний “bril­len” гэх үг нь одоо ч нүдний шилийг нэрлэх үгсийн бүлэгт хамаарна.

Хадгалагдаж үлдээд буй нүдний шилийг дүрсэлсэн хамгийн эртний уран зургийн нотолгоо нь Томмасо да Моденагийн 1352 онд зурсан бүтээл юм. Зураг дээр Доминиканы кардинал Хью де Провэнс нүдний шил зүүчихээд гар бичмэл уншиж буйг дүрсэлжээ (зураг 1). Өөр нэг эртний нотолгоо бол 1403 онд Германы Бад Вилденген сүмийн тахилын цэгээс олдсон зураг юм (зураг 2). Эдгээр нүдний шилнүүд нь гүдгэр линзтэй байв. Анхны нүдний шил нь хоёр линзээ тогтоох төмөр хүрээтэй байсан ба хамар дээрээ тогтоох зориулалттай байж. Германы Селле хотын ойролцоо орших Клостер Виенхаусэн хийдээс 1400 оны үед хамаарах нүдний шил олдсон нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн хамгийн эртний олдвор аж.

НҮДНИЙ ШИЛНИЙ ЗАГВАРТ ХЯТАДУУД МАШ ИХ НӨЛӨӨЛЖЭЭ

Эрт үед арьс шир, төмөр эсвэл амьтны эврээр хийсэн хоёр цагираган дээр линз тогтоон үүнийгээ юмыг томруулж харах шаардлагатай үедээ нүднийхээ өмнө гараараа барьдаг байжээ. Хожим хоёр цагирагаа холбосон махир гүүрийг зохион бүтээснээр хамар дээрээ тогтоох боломжтой болсон байна. Ийм хэлбэрийн нүдний шил нь мэдээж хамар дээрээс унаж хагарах аюултай. 1600-гаад оны үед Испанийн гар урчууд нүдний шилний хүрээг боловсронгуй болгожээ. Тэд туузыг хүрээнд бэхлээд үзүүрт нь гогцоо гаргаж үүнийгээ хүний чихэнд тогтоодог байв. Ингэж байтал Испани, Италийн номлогчид Хятадаас төмөр дэгээтэй нүдний шилийг анх олж ирэв. Хятадууд тууз, даавуугаар гогцоо хийхийн оронд төмөр утсыг нүдний шилнийхээ хүрээнд бэхлээд махир дэгээ гарган чихэн дээр өлгөдөг аргыг зохиосон байжээ. Сонирхуулахад, алдарт аялагч Марко Полог Хятадад аялж байхад тэд аль хэдийнэ нүдний шилийг ашиглаад эхэлчихсэн байсан гэдэг. 1730 онд Английн нүдний шилчин Эдвард Скарлет Хятадаас үүсэлтэй энэхүү төмөр дэгээг шанаан дээр наалдаж байхаар тогтоох юм бол илүү бат бөх бас ашиглахад хялбар болох юм байна хэмээн сэтгэсэн байна. Гэсэн ч энэ нь тийм ч түгээмэл ашиглагдаагүй бөгөөд XVIII зууны хоёрдугаар хагасаас XIX зууны эхэн хүртэл хүмүүс “scissors-glasses” (зураг 3) буюу “хайчин шил”-ийг түлхүү ашиглаж байж.

XVII зуун гэхэд хүмүүс нүдний шилний ашиг тусыг маш сайн ойлгож өргөнөөр ашигладаг болчихсон байсан гэнэ. Тэд ямартаа ч хотгор, гүдгэр линзээ ялгаж салгаж аль нь ойрын хараанд сайн, аль нь холын хараанд сайн гэдгийг мэддэг болчихсон байсан аж. Германы математикч, одон орон судлаач Иоханес Кеплер 1604 онд гүдгэр, хотгор линз яагаад холын болон ойрын харааны эмгэгийг засдаг талаар хамгийн анхны зөв тайлбарыг нийтэлж байжээ. Хотгор линзээр ойрын зайны харааг эмчилдэг бол холын юмсыг муу хардаг хүмүүс гүдгэр линзийг зүүдэг шүү дээ.

Гүдгэр линз нь гэрлийн туяаг нэг цэгт төвлөрүүлэх замаар алсын харааг засдаг юм байна. Мөн давхар фокустай линзийг ойрын хараа муудахад ашиглаж болдог. Ийм төрлийн линзийг анх Америкийн эрдэмтэн Бенжамин Франклин 1784 онд зохион бүтээсэн юм. Түүний нүдний хол, ойрын хараа нь зэрэг муудсан байсан гэдэг. Харин цилиндр хэлбэртэй линзийг Сэрт Жорж Айри 1825 онд зохион бүтээжээ. Энэ төрлийн линзийг мөн л ойрын хараа муудахад зүүж хэрэглэдэг байна.


НҮДНИЙ ШИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ГАДУУРХАХ ХАНДЛАГА НИЙГЭМД БАЙСАН ГЭНЭ

1930-аад он хүртэл хүмүүс нүдний шилийг эрүүл мэндийн нэгэн хэрэглэгдэхүүн хэмээн үздэг байсан бол 1970-аад оноос загварын чиг хандлагад орж ирсэн байна. Нүдний шилийг эрүүл мэндийн асуудалтай, сул дорой, өвчтэй, юм уу хөгшин хүн зүүдэг. Эсвэл шашны үзэл сурталтан (лам нарын ихэнх нь бичиг үсэг мэддэг тул нүдний шил хэрэглэх нь элбэг байсантай холбоотой) гэж харагдах нь энгийн үзэгдэл байж. 1900-гаад оны эхээр Америкийн ерөнхийлөгч асан Теодор Рузвельт нүдний шил зүүх болсноор энэ үзэл эрс багассан гэдэг. 1910-аад оноос Америкийн инээдмийн киноны алдартай жүжигчин Харолд Лойд дугуй хэлбэрийн нүдний шил зүүж кинонд тоглосон явдал мөн энэ ойлголтыг үгүй болоход нөлөөлж чаджээ. Нүдний шил хувь хүний имиж бүрдүүлэлтэд маш том нөлөө үзүүлж байсны нэг баталгаа нь хөгжимчин Бадди Холли болон Жон Леннон нарын алдарт шилнүүд юм. Зузаан, хар хүрээтэй шилийг “Бадди Холли шил” гэдэг бол дув дугуй төмөр хүрээтэй шилийг “Жон Леннон шил” гэж нэрлэдэг юм байна. Жон Леннон гэхээр хамгийн түрүүнд дугуй хүрээтэй нүдний шил, буржгар үс нь санаанд бууж байгаа биз. Ийм төрлийн шилийг Харри Поттер бас зүүдэг шүү дээ.

Ийнхүү нүдний шил акссесурын нэг төрөлд тооцогдож, маш олон загвараар үйлдвэрлэгдэж эхэлснээр хүний нүүр царайг хувиргадаг энгийн нэгэн загварлаг хэрэгсэл болж хувирчээ. Бариулыг алт, мөнгө, сувд, шүр гэх зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэж, янз бүрийн үнэт металл, зааны яс, зандан мод зэргээр урладаг байв. Бүр алмаазан шигтгээтэй нүдний шилний гуя, бариул хүртэл байсан гэнэлээ. Мэдээж энгийн загвартай шилэнд зориулж мод, сайжруулсан ган, хөнгөн цагааныг ч ашиглаж байж. 1967 онд Австри улсад уян хуванцар буюу оптил гэх материалаар хүрээ болон гарыг хийснээр илүү энгийн, хэрэглэхэд хялбар болж иржээ. Бусад төрлийн хуванцар материалыг ч мөн хэрэглэж эхэлсэн байна.

ОРЧИН ҮЕД НҮДНИЙ ШИЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Харин орчин үед нүдний шилийг хэрэглэхэд зовуурьгүй байхыг бодолцон хамгийн хөнгөн, хүний биед харшил өгөхгүй төмөр юм уу хуванцар материалыг сонгон ашигладаг болжээ. Бидний хэлж заншсанаар “нуух”-ыг ихэвчлэн зөөлөн силиконоор хийдэг. Түүнчлэн бүтэн хүрээтэй, тал хүрээтэй, нуухтай нуухгүй гээд хэлбэр, хэмжээ, өнгө загвар бол тоймгүй их. Харин сүүлийн үед уян хүрээтэй шилийг ихээр сонгох болсон гэнэ. Линзний хувьд шил, хуванцар, поликарбонатаар хийж байна. Энэхүү поликарбонат гэх материал нь олон улсад CR-39 гэх нэршилтэй ба линз хийдэг хамгийн хөнгөн, нимгэн материал юм байна. Сүүлийн үед контакт линз зүүх, хараа тэглүүлэх мэс ажилбар хийлгэх гэх зэрэг шинжлэх ухааны дэвшилттэй аргууд гарч ирсэн ч уламжлалт нүдний шилний хэрэглээ буурахгүй, эрэлттэй хэвээр л байгаа юм байна.

Америкт насанд хүрэгчдийн 60-70 хувь нь нүдний шил зүүдэг гэх судалгаа байна. Тэгвэл эдгээр хүмүүс дотроо 60-аас дээш насныхан нь нүдэнд цагаа буух өвчнөөр өвчилдөг аж. Япон улсад зарим байгууллага нь эмэгтэй үйлчилгээний ажилтнуудаа нүдний шил зүүхийг хориглосон журамтай юм байна. Энэ утгагүй журмыг эсэргүүцсэн маш олон эмэгтэй хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэнэ. Харааны шил зүүхээр эмэгтэй хүний зөөлөн, наалинхай байдал алга болж, хүйтэн хөндий харагддаг гэх шалтгаанаар ийм журам гаргасан аж. Хачирхалтай л дүрэм журам гаргадаг улс байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Я.Мөнх-Эрдэнэ: Олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний төсөв хасагдвал 200 мянган хэрэглэгчийн эрх зөрчигдөнө

Телевиз, радиогийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ ирэх онд тасалдах эрсдэлтэй болоод байгаа гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлээд байна. Тус үйлчилгээг үзүүлэх тендерт “Ддэш”, “Монголсат нэтворкс” гэсэн хоёр компани өрсөлдөж үнийн саналын давуу байдлаар “Монголсат нэтворкс” ялсан байдаг аж. Гэвч тус компанийн 2020 онд өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах төсөв улсын төсвөөс хасагдсан мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай “Монголсат нэтворкс” компанийн гүйцэтгэх захирал Я.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Радио, телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ тасалдаж мэдэхээр мэдээлэл гарах боллоо. Тендерт шалгарсан компанийн хувьд энэ талаарх нөхцөл байдлыг тодруулахгүй юу?

-Засгийн Газрын 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 310 дугаар тогтоолоор батлагдсан “Сансрын холбооны Кэй Юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” тухай тендерт манай компани шалгарч, өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай гэрээгээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны аравдугаар сарын 1-нээс өмнө суурилуулалт, тохируулгын ажлыг бүрэн хийж дуусгасан. Ингэснээр Монгол орны бүх сум, суурин газрын Радио, телевизийн үндэсний сүлжээний газрын 200 мянга гаруй өрх айл өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн гурван сувгийн үйлчилгээг иргэд хүлээж авч эхлээд байгаа. Өмнө нь хөдөө орон нутгийн хэрэглэгч нар найман суваг л үздэг байсан. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Радио? Телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар цацах үйлчилгээг өмнөх 10 жилд “ДДэш” компани үзүүлж ирсэн байдаг. Тэр хугацаанд жил бүр улсын төсөвт төсөв нь суугаад үйлчилгээгээ үзүүлж ирсэн. Гэтэл манай компанийн үзүүлэх 2020 оны үйлчилгээний төсвийг Сангийн яаман дээр хасчихсан. Ийм л үйл явдал өрнөөд байна. Нааштай шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Хэчнээн төгрөг төсөвт суугдах байсан юм бэ?

-Тендерт бол манайх хамгийн хямд үнийг санал болгосон. 400 орчим сая төгрөг. Манайхтай өрсөлдсөн “Ддэш” компани бол 700 орчим сая төгрөгийн үнийн саналтай орсон байсан. Бид өөрсдийнхөө хүчин чадалд тулгуурлаж гаргасан тооцоолол энэ.

Ер нь энэ үйлчилгээг өмнө нь 1.5 тэрбум төгрөгөөр үзүүлж ирсэн байдаг юм билээ. Ийм байдлаар 10 жил явж ирсэн.

-Төсвийн хувьд маш хэмнэлттэй харагдаж байна. Үйлчилгээнд дэвшилтэт зүйл хэр нэмэгдэж байгаа вэ?

-Тендерийн шаардлагаар 20 сувгийг нэвтрүүлнэ гэж байгаа. Өмнө нь хөдөө орон нутгийн хэрэглэгч нар өмнө нь найман суваг л үздэг байсан. Одоо бол энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Дээр нь орон нутгийн телевизүүдийг бас нэмж оруулахаар ажиллаж байна.

-Радио, телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх үйлчилгээний төсөвт өртөг хасагдсан нь Сангийн сайдтай холбоотой. Сангийн сайдтай хамаарал бүхий компани тендерт шалгарч чадаагүйгээс үүдэлтэй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Тендерт хоёр компани өрсөлдсөн. Манай компани шалгарсан. Гэтэл манай төсвийг хасч байна гэдэг ямар нэгэн байдлаар ашиг сонирхол харагдаж байгаа юм. Бид ингэж л үзэж байгаа.

-Хэрэв төсөв тавигдахгүй бол ямар үр дагавар бий болох вэ?

-Радио телевизийн үндэсний сүлжээний газраас хийсэн судалгаагаар өргөн нэвтрүүлэг хүлээж авдаг 200 мянган орчим хэрэглэгч байдаг гэдэг. Тэд бол зорилтот бүлгийн хүмүүс, нийгмийн эмзэг давхаргын хүмүүс байдаг гэдэг. Төсөв хуваарилагдахгүй бол эдгээр 200 мянган иргэн радио, телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээж авах боломжгүй болно. Нэг үгээр 200 мянган хэрэглэгчийн эрх зөрчигдөнө.

-“ддэш”-ээс “монгол САТ”-д шилжсэнээр хэрэглэгч ямар нэгэн төхөөрөмжөө сольж, өөрчлөх үү?

-Хэрэглэгчийн хувьд юу ч өөрчлөгдөгдөхгүй. Радио телевизийн үндэсний сүлжээний газрын сансраас сигнал хүлээж авч байгаа хиймэл дагуул нь л өөрчлөгдөнө.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

800 гаруй нэрийн эмэнд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Image result for эм"

Шинэчилсэн жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтөд даатгалаас 34.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын олон улсын гэрчилгээтэй эмүүдийг багтаасан аж.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 800 гаруй нэрийн эмэнд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Хөнгөлөлтийг улсын хэмжээнд даатгалаар үйлчлэх эрхтэй 1000 гаруй эмийн сангаар олгох аж. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолын шинэчилсэн журмын дагуу ийнхүү хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

Өөрөөр хэлбэл насанд хүрэгчдэд зориулсан, өргөн хэрэглээний 175 ерөнхий нэршлийн 643, хүүхдийн 53 төрлийн 159 эмийг иргэд хөнгөлөлтэй үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Иргэд эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭМДЕГ-ын албан ёсны сайтаас харах боломжтой аж.