Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг хаана

Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 91 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ

Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 09 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн 50 суманд нийт 91 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 50,3 мянган га ой, 255,379 мянган га хээрийн талбай, нийт 305,679 мянган га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийн улмаас байгаль экологид 23,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ.

Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

Ил гал 53%

Цахилгаан ашиглалт 19%

Яндангийн цонолт 15%

Технологийн горим зөрчигдсөн 6%

Санаатай үйлдэл 0.2%

Шалтгаан тогтоогдоогүй 5%

Бусад 1%

Categories
мэдээ нийгэм

Байлдагчийг дэглэж, амь насыг хохироосон этгээдүүдэд таван жилийн ял оноожээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч А нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох эрүүгийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 00 минутад улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болсон.

Шүүгдэгч Р.Вандлхангаа: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Шүүгдэгч А.Энхбаяр: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан. Шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон,

Шүүгдэгч П.Бадамсамбуу: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын бателоны салаан захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч байлдагч Б.Алтантулгатай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн.

Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял тус тус оноожээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй үнэг агнасан зөрчилд шийтгэл оногдууллаа

2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийтөд байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор … АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар иргэн И.Л нь зөвшөөрөлгүй үнэг агнан тээвэрлэн явсныг илрүүлэн ЗООНОЗ-д хүлээлгэн өгч, ЗТХ-ийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн шийтгэл ногдууллаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар томилгоо хийлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгоо хийсэн байна. Тодруулбал, Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ.

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь Б.Бямбадорж гадагшаа явж суралцах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Энхсайхан: Ц.Нямдорж сайдын луйвар булхай ил болж төрийн албаны ургийн мод нь ганхаж эхлээд байна

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхантай ярилцлаа.


-Таны дэлгэсэн нотлох баримтууд нэг хэсэг олныг шуугиулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө зочноор урьж оролцуулж буй танай сонины хамт олонд баярлалаа. Яагаад заавал Ц.Нямдоржтой тэмцээд байгаа тухайгаа тайлбарлая. Монголын ард түмэн өнөөдөр хууль шүүхийн байгууллагад итгэхээ больсон. Шүүх шударга бус байна, Авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд болж байгаа тухай бүгд л шүүмжилж байна. Энэ бүхний гол зангилаа нь хууль. Өнөөдөр шүүгч нь шударга хүн байлаа гээд завхарсан хуультай газар хуулиа л барьж шийдвэр гаргана. АТГ ажлаа хийлээ гээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг үргэлжлүүлээд мөрдөөд байхгүй нь ойлгомжтой биз дээ. Хууль нь өөрөө биднийг хичнээн хөдөлмөрлөөд ч амьдралыг маань сайжруулахгүй улам дордуулдаг хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон байна. Тэгээд энэ бүх хариуцлагыг бид хэнээс нэхэх ёстой юм. 22 жилийн турш Хууль зүйн сайд хийхдээ ард түмний эсрэг хуулийг санаатайгаар завхруулж, Монголын төрийг авлигачдын үүр уурхай болгож, МУ-ын Тусгаар Тогтнол, Аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа явуулж буй Ц.Нямдоржоос хариуцлага нэхэх ёстой. Тийм учраас би энэ хүнийг Монголын төрийн бодлогоос үтэр түргэн холдуулахыг шаардаж тэмцэл өрнүүлээд хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Ц.Нямдоржид хариуцлага тооцон огцруулж, Хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийг яаралтай засахыг шаардсан шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлсэн. Ц.Нямдорж сайдад өөрт нь шаардах бичиг хүргүүлэх гэх зэрэг удаа дараа олон албан бичиг хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар өнөөдөр Жастын Батхүүгийн Хөөн хэлэлцэх хугацааг дуусгачихлаа. Энэ юуг харуулж байна гэхээр өнөөдөр бид төлөөлөх ардчиллын замаар төрийн эрхийг шууд хэрэгжүүлнэ гэдэг ардчилсан нийгмийн гол үзэл санааг өнөөгийн төр баригчид устгасан байна. Ард түмнээ нулимдаг, дээрэмддэг, дур зоргоор авирладаг мафижсан төр аль дээр бий болсон байна. Бид сонгоод явуулсан УИХ-ын гишүүддээ доромжлуулж, дээрэмдүүлдэг, Ц.Нямдорж шиг эрхтэн дархтанууд мянга хулгай хийгээд шийтгүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, ард түмнийг улайм цайм доромжилж, шоронжсон, Цагдаа нь иргэдийнхээ эсрэг ажиллагаа явуулдаг харгис хэрцгий мафижсан нийгэм бий болсон байна. Ялангуяа залуу хүмүүс энэ эгзэгтэй цаг үед хэрхэвч энэ мэт төрийн дээр зайдлаад суучихсан хулгайчдад Монгол Улсынхаа хувь заяаг даатгачихаад хараад суугаад байж болохгүй цаг үе ирсэн байна гэдгийг ойлгож ухамсарладаг болсон байна шүү дээ. Залуу үе сэрж байна. Энэ бол сайн хэрэг гэж би хувьдаа харж байгаа.

-Эмэгтэй хүн жагсаал цуглаан хийгээд, тэмцээд явахад мэдээж хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлууд олон байх. Дарамт шахалт гээд л …

-Би анх жагсаал, цуглаан хийхдээ миний төсөөлж байсан төр болон нийгмийн харилцаа тэс өөр байсан байна лээ. Монголын төр ард түмнээ жаахан ч гэсэн сонсдог байх гэж боддог байсан. Гэтэл эсрэгээрээ хэдэн олигарх нөхдүүд бидний дээр сандайлаад суучихсан, Хууль зүйн сайд нь өөрийнх нь эсрэг жагсаж цугласан иргэнээ цагдаагаараа хөөлгөж туулгадаг, баривчилж хорих гэж араас нь элддэг, зөрчлийн хэрэг үүсгэж торгодог, хэрэг үүсгэж шалгах нэрийн доор тарчлаан зовоодог, ар гэрийнхнийг нь ажил амьдралгүй болгодог. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Би өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн эсрэг бослого, тэмцэл гаргасныхаа төлөө энэ бүх дарамтыг бүгдийг нь даван туулж явна. Харин нөгөө олигархууд нь харсаар, үзсээр, мэдсээр таг дуугай.

-Таныг яасан гэнээ?

-Жагсаад жагсаад Ерөнхий сайд нь хариу урвал үзүүлэхгүй учраас би Ц.Нямдорж сайдын огцрох үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор олны өмнө гаргаж тавьж эхэлсэн. Ерөнхий сайд үүнийг үзээсэй гэж бодож хийсэн. Би тэнд олныг хамарсан жагсаал цуглаан хийгээд байдаг. Ерөнхий сайд нь тоож ч авч хэлэлцэхгүй байдаг. Тэглээ гээд би шантраад болихгүй. Энэ чинь тэмцэл биз дээ. Тийм учраас дараагийн замыг сонгосон. Ингээд Ц.Нямдорж гэж хүнийг огцруулах хангалттай үндэслэл бүхий нотлох баримтууд дэлгэгдээд ирэхийн цагт Ц.Нямдорж сайд сандраад өөрийнхөө утсан хүүхэлдэй Цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг дуудаж үүрэг өгсөн юм билээ. 570-ын хэргийг дэлгэнгүүт “Тэр Т.Энхсайханыг ямар ч хамаагүй аргаар дуугүй болго. Нөхрөөр нь дамжуулж дарамтал. Бүр болохгүй бол наад хүүхэн дээрээ хэрэг үүсгэж шалгаж дарамтал, хүн л болсон хойно юм олдоно” гэж үүрэг өгсөн гэсэн мэдээлэл надад ирсэн. Ингээд Ц.Нямдорж сайд Цагдаагийн нэр бүхий удирдлагуудыг нөхөр рүү маань турхираад “Эхнэрээ болиулахгүй бол хэрэг тохогдоод шалгагдаад ирэхээр өөрт нь л муу юм болно шүү” гэж надад хэлүүлсэн. Манай нөхөр хариуд нь “Энхсайхан бол миний хүүхдүүдийн маань эх, олон жил ханилсан эхнэр минь. Би тэр хүний үзэл бодлыг хүндэтгэж үзэх ёстой. Хэдийгээр тэр хүний тэмцэл надад хамаагүй боловч би Энхсайханыг боль гэж хэлж чадахгүй” гэж хариулсан юм билээ. Ингээд нөхрийн маань хариуцдаг албан дээр гурав хоногийн гэнэтийн иж бүрэн шалгалт оруулж баахан шалгаж шалгаж факт илрүүлж чадаагүй. Ингээд нөхөрт маань зориулж ЦЕГ-ын 17 удирдах ажилтнаас хууль тогтоомжийн шалгалт авч нөхөр маань дээрээсээ гуравдугаар байранд орж А үнэлгээ авсан юм байна лээ. Магтаж байгаа юм биш шүү. Миний нөхөр хурандаа Д.Очгэрэл бол эрдэм мэдлэг, боловсрол туршлагаараа Монголын Цагдаад ховорхон, төр түмнийхээ төлөө ариун үйлсэд амь биеэ зориулж яваа шижигнэсэн хурандаа нарын нэг л дээ. Ч.Ойдов шиг хулгайч биш л байхгүй юу.Мөн над дээр Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст хаанаасаа ч юм нэг хэрэг гаргаж нээгээд шалгаж байгаа нэрийдлээр миний таньдаг мэддэг, дуртай, дүргүй янзан бүрийн хүмүүсийг дуудаж аваачиж миний эсрэг мэдүүлэг авч эхэлсэн дээ. Монголын Цагдаа шууд миний эсрэг ажиллаж эхэлсэн. Ингээд олж цуглуулсан мэдээллээ дээшээ Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ц.Нямдоржийн хамаатан С.Баатаржав руу мэдээлэл дамжуулдаг. Баатаржав нь цаашаа Нямдорждоо мэдээллэдэг. Ийм байдлаар эд нар нэг хэсэг ажиллаад намайг муучлах юм гаргаж ирж чадаагүй юм.

-Цагдаагийн албан хаагч, тэр тусмаа Ц.Нямдорж сайдын хүргэнтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор танай гэр бүлийн хүнийг шалгаж дарамталж байна гэж ойлгож болох уу. Мөн Ц.Нямдорж сайдын хүргэн Ч.Ойдов хэр хэмжээний хээл хахуулийн хэрэгт орсон юм бол?

-Өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж 30 сая төгрөгийн хахуулийг Ц.Нямдоржийн зараалаар авах гэж яваад газар дээрээ АТГ-д баригдсан гэх хүргэн хүү Цагдаагийн ахмад Ч.Ойдов, Ц.Нямдоржийн дүү Мөнхшүр нарын талаар мэдээлэл хийчихсэн л дээ. Ч.Ойдов АТГ-т нийт 500,000 сая төгрөгийн хэргээр Эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа мөртлөө Цагдаагаас одоо болтол халагдаагүй ажлаа хийж байгаа. Сайд нь, Цагдаагийн Газрын дарга нь хоёулаа түүний хамаатан юм чинь. Ч.Ойдовын талаар мэдээлэл цацагдсанаас хойш хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 19-ний өглөө үүрээр гэнэт Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийнхэн манай компанийн нягтлан бодогчийг гэрээс нь баривчилж байцаасан асуудал гарсан. Мөн тэр өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга гэнэт хуралдаад миний нөхөр Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн. Малын хулгайг 85 хувь өсгөсөн гэдэг үндэслэлээр гэнээ. Миний нөхөр хурандаа Д.Очгэрэл Монголын Цагдаад малын хулгайг бүртгэдэггүй байхад нь харин бүртгэлжүүлсэн. Мэдээж бүртгэдэггүй замбараагүй байсан юмыг бүртгээд ирэхээр хоосон байсан юм мэдээж өссөн харагдана биз дээ. Ингэж миний нөхрийн Монголын Цагдаад байгуулсан том гавьяаг нь өөрийнх нь эсрэг ашиглаж ажлаас нь чөлөөлөх үндэслэл болгож тавьсан байгаа юм. Миний нөхөр бол олон жилийн турш хүн амины гэмт хэрэг дээр ажилласан Монголын Цагдаагийн байгууллагад энэ чиглэлээр мэргэшсэн “Онц Хүндийн Очгэрэл” гэдэг алдартай Эрүүгийн Цагдаагийн хурандаа хүн л дээ. Ц.Нямдорж сайд, өөрийн хамаатны дүү ЦЕГ-ын дарга С.Баатаржавтайгаа бүлэглэн үнэнч шударгаар төр түмнийхээ төлөө зүтгэсэн миний нөхөр шиг Цагдаагийн албан хаагчдийг зайлуулж, өөрийн хүргэн Ч.Ойдов мэтийн авлигын сүлжээний хулгайчдаар Монголын Цагдаагийн Удирдах албыг дүүргэж байгаа нь хэдийгээр Ц.Нямдоржид ашигтай ч Монголын ард түмэнд хохиролтой байхгүй юу. Нөхөр маань ямартаа ч үлдсэн ээлжийн амралтын хоногуудаа нөхөж аваад одоо гэртээ ажилгүй сууж байна. Шоокноосоо арай гараагүй л байгаа болов уу. Надаас болоод гэх үү, эсвэл эхнэр нь энэ харгис бурангуй нийгмийн эсрэг тэмцсэнээс болоод гэх үү. Нөхөр маань нас залуу, цус шингэн, эрдэм боловсролтой, харьцангуй ажлын туршлагатай хүний хувьд мэдээж дотроо шаралхаж байгаа.

-Одоо байдал хэр байна?

-Ер нь бол байдал аль хэдийнэ хурцадсан. Ядаж байхад хоолой өвдөөд 10 гаруй хонолоо. Бүр таг болтлоо сөөчихсөн. Халуураад антибиотек эмчилгээ хийлгээд өчигдрөөс харин бага зэрэг юм ярихтайгаа болж байна. Хоолой гэснээс би танд нэг сонин юм ярих уу. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд бид хоёрын байдал хурцдаж Цагдаагийнхан миний эсрэг шууд ажиллагаа явуулж эхэллээ шүү дээ. Нөхрийг маань хууль бусаар албан тушаалаасаа буулгаж байхад хоолой маань сөөгөөд таг болчихсон байсан учраас юу ч ярьж чадахгүй бүлтийтлээ хараад суух шиг эмгэнэлтэй юм гэж байдаггүй юм байна лээ. Фэйсбүүк хаягийг маань хүртэл хакердчихаж байгаа байхгүй юу. Би бол Цагдаагаас энэ ажиллагааг зохион байгуулсан гэж хардаж байгаа. Пост тавьж нийтэлж болохгүй, шэйр, коммент бичиж болохгүй болгочихсон. Ц.Нямдоржид муу муухай хорон юмыг нь хийдэг бэлэн зэлэн Цагдаагийн байгууллага байна ш дээ. Монголын Цагдаагийн байгууллага хүний эрхэд улайм цайм халдаж болохгүй. Тэгээд би ядаж хэвлэлийн бага хурал ч зарлаж чадахгүй, хоолой таг болчихсон. Эрүүгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаасан юм. Бие муу, хоолой яг сөөж эхэлж байсан үе. Бие муу байгааг харсаар байж дөрвөн цагийн турш мэдүүлэг авч байна гээд яс суулгачихсан. Ямар удаан тамладаг этгээд вэ л гэж бодсон. Сүүлдээ бүр хоолой гарахгүй таг болж байгаа юм. Анх орж ирэхэд та үүдэнд цүнхээ, гар утсаа шкафанд хийж түгжээд ороод ир гээд байсан юм. Би бага зэрэг гайхаад өнгөрсөн л дөө. Гэтэл удаан суулгаад байсан учир нь аахар шаахар юм асуугаад суулгаж байх хоорондуур өөрсдөд нь байдаг илүү түлхүүрээрээ нөгөө шкафыг онгойлгоод гар утсыг маань аваад тагнаж чагнадаг аппликэйшн суулгачихсан байсан. Яаж мэдсэн бэ гэхээр кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг байсан нэг хуурай дүү маань үзчихээд надад хэлсэн. Үнэхээр энэ үнэн бол Монголын цагдаа иргэнийхээ эсрэг хууль бусаар тагнах чагнах ажиллагаа нууцаар явуулдаг болсон байна.

-Эрүүгийн цагдаагийн газраас таны хувийн бизнестэй холбоотойгоор шалгаж байгаа гэсэн үү?

-Манай компанийн 10 жилийн туршид бүх санхүүгийн тайланд шалгалт оруулж байгаа. Яасан гэхээр энэ Т.Энхсайхан 10 жилийн турш бизнес эрхлэхдээ аливаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан эсэхийг Монголын Цагдаа Ц.Нямдоржийнхоо зараалаар шалгаж байгаа юм гэнээ. Манай компани дээр нэг хөрөнгийн маргаан явж байгаад Иргэний Хэргийн Шүүхээр миний талд шийдэгдсэн нэг хэрэг байдаг юм. Манай нэг Япон бид хоёр байнга хөрөнгөө булаацалдаж муудалцаж байдаг. Компани л болсон хойно эд хөрөнгийн, бизнесийн маргаан аль ч компанид байдаг л зүйл. Гэтэл аль дээр Иргэний Шүүхээр шийдэгдсэн манай компанийн хөрөнгийн маргааныг барьж аваад Эрүүгийн хэрэг мэт болгож намайг яллах гээд байгаа юм байх аа. Би Эрүүгийн хэрэг үйлдээгүй, үйлдэх ч гүй. Тэр тусмаа Ц.Нямдорж шиг Монголын ард түмний хөрөнгийг, төрийн мөнгийг ах дүү, хамаатан саднаараа нийлж хулгай хийж идэж уугаагүй л дээ

-Цагдаагаас мөрдөн байцаалтын шатанд Төрийн байгууллагаас албан бичгээр авсан мэдээлэл хүртэл ФБ-ээр явж байна лээ. Энэ бүгдийг ил гаргаад олон нийтийн сүлжээгээр тараагаад байгаа нь өөрөө хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Цагдаагийн Албаны Тухай Хуулийн 68.5-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно”. 69.1.3-Т “бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх”-ийг хориглоно. 69.1.4-т “төр, байгууллага, хувь хүний нууцыг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл Монголын Цагдаа яаж байна. Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж туршаад миний бизнесийг булаах сонирхол бүхий этгээдүүдийг хайж олоод, хэнээр нь ч юм гүжирдэж гүтгүүлээд Цагдаад өргөдөл өгүүлээд, миний таньдаг мэддэг хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч байгаа нэрийдлээр миний эсрэг мэдээлэл цуглуулж Ц.Нямдорж руугаа өгөөд байна шүү дээ. Одоо манай компанийн нууцтай холбоотой хамаг юм мэдээллийн хэрэгслээр явж байна цаана чинь. Цагдаа ингэж л ажиллаж байна. Энэ завшааныг ашиглаад Монголын Цагдаад үүрлэсэн Нямдоржийн бууны нохдуудад хандаж хэлэх үг байна. Та нар хуульч хүнтэй үзэлцэж байгаа гэдгээ хатуу санаж яваарай. Монголын Хууль зүйн салбарт Ц.Нямдоржийн чинь хоногийн тоо дуусах үед Хууль зүйн салбарын шинэчлэлийг явуулж, их цэвэрлэгээг бидний үеийнхэн эхлүүлэх болно. Тэр цагт та бүхэнд хамгийн түрүүнд хуулийн хариуцлага тооцуулна гэдгээ албан ёсоор хэлчихье. Эдгээр Цагдаагийн ажилтнуудын нэр ус, баримт нотолгоог би байдал улам хурцдах үед ил гаргаж тавина гэж бодож байгаа.

-Тэмцэл улам бүр л олны анхаарлыг татсан. Зарим нэг талаараа төрийн томчуудын хууль бус үйлдэл нь ил болж, сандарч эхэлж байна. Ер энэ бүгд эцэстээ яаж төгсөх бол?

-Цагдаа хүчний байгууллагад ажилладаг болон ажиллаж байсан хүмүүсийн зүгээс надад ингэж анхааруулж байна. Наад Ц.Нямдорж чинь хэнийг ч хилс хэрэгт гүтгэж шоронд хийж чадна. Цагдаа, шорон хоёр Ц.Нямдоржийн гарт байгаа. Эдгээр байгууллагууд бол мафийн далд бүтэц, зохион байгуулалтаар ажилладаг. Муу юм их хийдэг хүмүүс. Ц.Нямдоржийн шоронг хариуцдаг бүлэглэл нь шоронгийн хоригдлуудыг сэм гаргаж явуулаад гэмт хэрэг үйлдүүлээд буцааж оруулаад байдаг. Эцэстээ хэрэг нь илэрдэггүй. Яагаад гэвэл хэрэг гарах өдөр тухайн хоригдол шорондоо байсан гэдэг тодорхойлолт гаргаад өгчихдөг. Эд нар чамайг нухъя гэвэл маш амархан. Худлаа хэрэг үүсгэж шалгаж байгаа нэрийдлээр оргон зайлж болзошгүй гээд аваачаад хорьчихно. Тэгээд шорон дотор элдэв юм уулгаж идүүлээд л хороочихно. Яг тэр шүүгч эмэгтэйг алсан шиг амиа хорлосон болгочихно шүү. Одоо байдал хурцадсан учир маш болгоомжтой байх хэрэгтэй гэж зөвлөж байна. Т.Энхсайхан миний эрх, эрх чөлөө, амь насанд аюул заналхийлж байгаа гэж үзэж өнөөдрөөс эхлээд Олон Улсын хүний эрхийн байгууллагууд болон Хүний Эрхийн Үндэсний Комисс, мөн Ардчилсан Намд хандаж намайг хамгаалалтдаа авахыг хүсч албан ёсоор хүсэлт хүргүүлж байна.

-Ц.Нямдорж сайдаас гадна түүний хүү, бэр, хүргэнтэй холбоотой олон асуудал ил болж байна. Албан тушаалын наймаа, өнөөх хар тамхи, Lexus 570-ын хэрэг гээд л?

-Ц.Нямдорж хэрхэн өөрийн хүү, бэрээ албан тушаалд аваачид нөгөө хэд нь хууль бус томилгоо, наймааг хэрхэн хийдгийг олон хүн ил болгоод ярьж эхэлж байна. Хөх хотын Консуль асан Мөнх-Эрдэнэ гэдэг залуу маш тодорхой ярьсан. Бэрээ хүртэл Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Хүний Нөөцийн Албаны даргаар томилоод амжсан байна. Нөгөө танихгүй мэдэхгүй гээд байдаг Германд хар тамхиар хоригдож байгаа Т.Мөнхбатын найз гэдэг нь ч ил боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Lexus 570-ыг оруулж ирээд Германд хар тамхиний хэргээр саатуулагдаж, шүүх хурал нь саяхан болсон Т.Мөнхбат нь мэдүүлэгтээ Н.Анхбаярын сайн найз, дипломат эрх яамба авсан энэ тэр гээд мэдүүлгээ өгсөн байна лээ. Энэ мэтчилэнгээр Ц.Нямдорж гэдэг хүний бузар булхай, төрийн албыг төрлийн алба болгосон ургийн мод нь өдөр ирэх тусам тод томруунаар ил гарч ирсээр байхад сэлмээрээ толгойг нь тасалдаг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэм хуйндаа байсаар байгааг л гайхаж байна. Ц.Нямдоржийн толгойг эсвэл цавчиж чадахгүй мохой сэлэмтэй, шүдгүй арслан болсон юм уу У.Хүрэлсайд аа гэж асуумаар байна.


Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын аврагчид хамтарсан дадлага сургууль хийлээ

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөрбайгалийн хязгаарын Удирдах газартай гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Кыренскийн районы Онцгой байдлын албатай хамтран “Хилийн бүсийн болон хил дамнан гарсан ой, хээрийн түймрийн үед улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтрэх” сэдэвт дадлага сургуулийг Баяндун суманд зохион байгууллаа.Дадлага сургуульд ОХУ-ын Онцгой байдал болон хилийн алба, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, хилийн болоод байгаль орчны албаны нийт 20 алба хаагч оролцсон юм.

Энэ үеэр хоёр улсын хил орчимд болон хил дамнан гарч буй ой, хээрийн гал түймрийн мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтэрч харилцан дэмжлэгтэйгээр түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах талаар харилцан санал солилцсон байна.

Мөн хоёр орны ой, хээрийн гал түймэрт ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, машин техниктэй танилцаж, Орос, Монголын аврагчид гал унтраах хамтарсан сургуулийг хийлээ гэж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлав

Гадаадын иргэн, харьяатын газраас хөдөө, орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна.

Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн “Найруулга” ХХК-нд “Бодонч анар констракшн” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт” ХХК-нд “Энх Эрдэнэ Мөнх” ХХК, “Бажуалун” ХХК, “Эйч Кэ Би” ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад томилогдон ирж буй НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад өнгөрсөн сард томилогдон ирсэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2003 оноос хойш НҮБ-д ажиллаж, сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азид ажиллаж байсан буюу бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн манай улсад томилогдон ирсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс загвар улс болох, олон салбарт манлайлах боломжтой гэж үзэж буйгаа хэлж, энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Ноён Тапан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улс тогтвортой хөгжлийн асуудлаарх 2030 он хүртэлх үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан нь маш сайн болсон гээд зарим асуудлыг нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн баримт бичигт тусгах асуудлаар санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар талууд мөн агаарын бохирдол, мансууруулах бодис зэрэг тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд ярилцсан сэдвийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж тодорхой ахиц, үр дүнд хүрэхээр зорьж ажиллана гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэв.

Энэ үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамгийн бодитой, ойрын хугацаанд үр дүн гаргаж болох салбар нь хөдөө, аж ахуй, тэр дундаа махны экспорт хэмээн ярилцсан юм.

Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймгуудаас 2000-иад км алслагдсан Улаанбаатар хот руу мах нийлүүлэх нь өртөг, үнийг нэмэгдүүлж, малчдын ашгийг багасгаж байгаа тул дээрх бүс нутгаас Казахстан улс руу мах экспортлох боломжтой хэмээн тооцоолж буй юм. Ингэснээр махыг халал аргаар бэлтгэн боловсруулж, исламын шашинтай улс орнуудын зах зээлд хүргэх нь харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч тодотголоо. Энэ нь хөдөө, аж ахуйн тал дээр Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Казахстан улсын хувьд ч өгөөжтэй тул ажил хэрэг болгох асуудлаар тууштай ажиллахаа Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар-Нур-Султан чиглэлд долоо хоногт хоёр удаа тогтмол нислэг үйлдэх гэж байгаа нь манай хоёр улсын харилцааны чухал нотолгоо гээд, чиглэлийг Шинэ Дели хүртэл сунгах асуудалд нухацтай хандаж, Казахстаны талын дэмжлэгт хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд соёл, шашин болоод ард түмний хоорондын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм. Үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.